Тэнэг чоно
Огноо 2009-06-29 at 10:49 UnknownЭрт урьд цагт нэг айл нүүж явжээ. Нүүсэн замаар нь нэг чоно ороод явж. Гэтэл зам дээр нь нэгэн зайдас хэвтэж байж гэнэ. Түүнийг чоно үзээд идэх гэтэл зайдас,
- Чоно та намайг битгий ид. Энэ урьд нэгэн байдсан гүү шаварт ойчоод хэвтэж байдаг билээ. Түүнийг очиж иднэ үү! гэж гуйхад чоно тэр зайдасны үгэнд орж хэлсэн ёсоор “Тэнд бий” гэсэн газарт нь очиж үзвэл үнэхээр нэг тарган байдас шаварт унаад хэвтэж байна гэнэ.
Түүнийг очоод идэх гэтэл гүү бас хэлж гэнэ,
- Чоно гуай та намайг идэх гэж байгаа бол шавраас минь татаж гаргаж орхиод ид! гэжээ. Түүний хэлсэн ёсоор шавраас нь гаргаж орхиод идэх гэтэл бас,
- Та одоо намайг шавартай хэвээр нь идэх гэж байхын оронд цэвэрлэж байгаад идээч дээ! гэж гэнэ. Бас хэлсэн ёсоор нь шаврыг нь хэлээрээ долоож арилгаж орхиод идэх гэтэл,
- Миний хойд хөлийн туурайнд нэг бичиг бичээстэй бий. Та түүний минь үзээд иднэ үү гэж хэлж гэнэ. Чоно түүний туурайн дахь бичгийг үзэх гээд очтол тэр гүү дух руу нь өшиглөж орхиод босоод давхиад явчихаж гэнэ. Чоно ухаангүй ойчжээ. Ухаан ороод харсан гүү тээр тэнд давхиж байна. Тэгэхлээр нь босоод,
Бут шиншлэж
Бултан бултан
Дов шиншлэж
Дайван дайван шогшиж явтал азаар нэг хамар дээр нэг бяруу байжээ.
Бярууг очоод идэх гэж.
- Та намайг хамар дээр идэх гээд яах нь вэ? Хүн харна. Жалганд оруулаад ид! Чоно гуай та эцэж зүдэрсэн бололтой, намайг унаад яв! гэж бяруу хэлжээ. Унаад явж. Бяруу,
- Жалга руу ороход толгой чинь эргэж магад, нүдээ аниад яв! гэж. Чоно нүдээ аниад явж байж. Айлын гадаа аваад орчихож. Улс амьтан “Уухай туухай” гэж үймэлдэн чоныг хөөж гарчээ. Чоно зугтахдаа,
Замаар явсан
Занхгар толгой
Зайдсанд хууртсан
Эргүү толгой
Шавраас нь татаж гаргах
Ямар эзэн нь билээ?
Шавры нь долоож арилгах
Ямар ээж нь билээ?
Туурайнд нь бичиг үзэх гэдэг
Ямар бичиг мэдэх билээ,
Хөлгүй гэж унав уу
Нүдгүй гэж анив уу
Хойд уулын холыг яана
Хоёр хөлт хохимойн ойрыг яана? гэж гаслан гаслан явсан гэнэ лээ.
Sain baina yy? Tanai blog toi say l taniltslaa mash ih taalagdlaa, tsaashdaa ulam ulam goy ulgeruud zunduug oruulj baigaarai
Good luck ^^