Есгөлдэй өвгөний есөн хүү
Огноо 2009-06-23 at 09:45 UnknownЭрт урьд цагт есөн хүүтэй Есгөлдэй өвгөн гэж байжээ. Нэгэн шөнө хаан дунд хатнаа алдчихаад харъяа хошуу нутгаар нэгжин эрээд ер олсонгүй учир шадар олон ноёд түшмэдээ цуглуулан түүнийг заавал олох тухай зарлиг буулгав. Гэтэл нэгэн түшмэл хэлсэн нь:
“Ер нь Есгөлдэй өвгөнийхөөр ороогүй шүү дээ. Тэднийд есөн хүүхэд бий. Тэд авсан байж магадгүй. Есгөлдэй өвгөний есөн хүүгээр олуулъя” гэжээ.
Ингээд элч мордуулан Есгөлдэй өвгөнд “Дунд хатныг олж авчир! Хэрэв олохгүй бол есөн хүүгийн чинь толгойг авна” гэж айлтгуулжээ. Есгөлдэй өвгөн ихэд айн сандарч “Есөн хүү минь өглөө нарнаар гараад үдшийн харанхуйд ирдэг. Одоо чухам хаа явааг би мэдэхгүй. Би олж ирье” гээд нэгэн уулын толгой дээр гүйн гарч есөн хүүгээ харсан чинь ер сураг бараагүй болохоор уулын бэл рүү бууж явтал алт шиг өнгөтэй элс таарав. Түүнийг хормойлон авчирч зуураад алтан нум сумыг хийж тавиад сууж байтал есөн хүү нь цуглан иржээ.
Хамгийн бага хүү нь “Аав аа! Энэ сайхан алтан нум сумыг хэн өгөв? Үүнийг надад аль” гэсэнд “Та нарын хэн эрдэмтэйд нь өгөхөөр хийсэн юм. Та нар ямар эрдэмтэйгээ нэг нэгээр хэл” гэсэнд
Бага хүү нь “Би харанхуй шөнө хар батганы мөрийг ч алдахгүй мөрдөж хөөж чаддаг” гэв.
Дараах хүү нь “Далайг ганцхан балгадаг” гэв.
Гурав дахь хүү нь “Гурван давааг нэвт хардаг” гэжээ.
Дөрөв дэх нь “Хивж байгаа зээрийн хивлэг, хэлэлцэж байгаа хүний хэт хутга мэдэгдэлгүй хулгайлж чадна” гэв.
Тав дахь нь “Усгүй газраас унд, уулгүй газраас гал гаргах чадалтай” гэв.
Дараах хүү нь “ Хоолгүй газраас хонины мах, үүцгүй газраас үхрийн мах гаргаж чадна” гэв. Дараах нь “Далдын юмыг нэвт чагнах чадалтай” гэжээ.
Найм дахь нь “Нааш хараад цааш харахын хооронд гурван давхар ширмэн байшин барина” гэв.
Хамгийн их хүү нь “Сууснаараа ороод санаснаараа гарна” гэв.
“За яахав, та нарын эрдмийг чинь сонслоо. Та нарын хэнд нь ч өгөхгүй. Харин энэ өдөр хааны элч ирсэн. Хаан дунд хатнаа алдаад олохгүй байна гэнэ. Та нарыг олж ир! гэсэн. Олохгүй бол та есийн толгойг авна гэж зарлиг буулгасан байна. Одоо та нар минь тэр хатныг олохыг хичээ” гэжээ. Есөн хүү “Хатныг олж чадна” гэж амлаад гарчээ.
Бүгдээрээ ярилцаж байгаад их хүү нь хэлжээ. “За бага дүү чи аавын алтан нум сумыг авна гэж, “Харанхуй шөнө хар батганы мөрийг алдахгүй хөөдөг” гэсэн. Одоо мөрд” гэжээ. Бага хүү “Тэгье” гээд мөрийг хөөн явж явж “Нэг их далайд орсон байна” гэлээ. “За яахав?” гэхэд их ах нь “Далайг ганц балгадаг чи одоо балга” гэв. Ингээд балгасан чинь 15 толгойтой атгаалжин хар мангасын гэрт дунд хатан сууж байжээ. Одоо хивж байгаа зээрийн хивлэг хулгайлдаг нь хатныг хулгайлаад хааны руу явжээ. Явж явж гурван давааг нэвт хардаг нь харсан чинь мангасынхан ганцхан давааны ард ирж явжээ. “За яахав?” гэхэд наашаа хараад цаашаа харахын хооронд гурван давхар ширмэн байшин барьдаг нь байшин барилаа. Ингээд дотор нь суугаад ундгүй газраас унд гаргаж хоолгүй газраас хоол гаргадаг хоёр нь цай хоол бэлтгэн идэж уугаад амарч байгаад чагнадаг нь чагнасан чинь хоёр давхар ширмэн байшинг хайлуулаад гурав дахь нь байшинг хайлуулжээ. Хамгийн бага хүү нь “Их ах чи анх аавын хийсэн алтан нум сумыг авахаар, "Суусан газраараа ороод санасан газраараа гардаг" гэсэн шүү. Одоо тэр чинь хэрэгтэй боллоо” гэхэд суусан газраараа бүгд ороод хааны босгоор гарчээ. Тэгээд хаанд хатныг олж ирсэн тухай айлтгахад хаан баярлаж Есгөлдэй өвгөнийг дууджээ. “Лав миний есөн хүүхдийг алах гэж намайг дуудлаа” гэж их айн очсон чинь “Танай есөн хүү хатныг олж ирсэн. Одоо аль хүүдээ хатныг өгөх вэ? Гэхэд өвгөн учиргүй их баярлаж “Хамгийн бага хүүд өгөгтүн. Би ч бас нум сумаа өгнө” гэж. Ингээд хааныхаас өмч хөрөнгө таслан өгч дунд хатантайгаа суулгаад Есгөлдэй өвгөн есөн хүүгийн хамт наян хоногийн найр хийж жаран хоногийн жаргал хийж амар сайхан жаргажээ.