Бар яагаад сармагчинг идэх болов?(Индонез)
Огноо 2009-06-19 at 09:44 UnknownЭрт урьд цагт Бар мах иддэггүй, хорхой шавьжаар хооллодог байжээ. Тэр үед нэгэн удаа маш аймшигтай ган болж ой мод, өвс ургамал шатаж, модод хатаж, гол горхи ширгэж, ой тайгын зэрлэг амьтад ихээр үхжээ. Үүнд Одос үхэр хамгийн олноор өртөж ихэд сүйржээ. Одос бол аварга хүчтэй, их иддэг амьтан болохоор өглөөнөөс орой болтол ногоон өвс эрж нуга хөндийгөөр тэнэвч юу ч үл олдоно. Тиймээс Одос өдөр ирэх тутам сульдаж туйлдсаар байв.
Нэгэн өдөр хоол эрж явтал үл мэдэх нэгэн голын хөндийд бяцхан ногоон нуга тааралдаж тэнд олон буга идээшилж харагдав. Буганууд аварга том Одосыг хараад анхандаа айсан боловч, ихэд ядарч доройтсон байхаар нь айхаа болиж харин ч түүнийг "Эндээс зайл! Тонил!" гэж хөөв гэнэ.
Тэгэхэд нь хөөрхий муу ядарсан Одос эцсийнхээ хүчийг шавхан байж ой тайгын их эзэн Бар дээр очив. Модны сүүдэрт хэвтэж царцааг ховдоглон идэж байсан Бард хэлсэн нь:
- Тайгын их эзэн минь ээ! Намайг өлсгөлөнгөөс авраач Голын ногоон нугад намайг оруул гэж Бугануудад тушаагаач тэгвэл би таны үүрдын үнэнч нөхөр болж, миний бүх амьдрал таны эрх мэдэлд байх болно гэжээ.
Бар үүнийг сонсоод Одосыг өрөвдөн өгүүлсэн нь:
- За надтай хамт яв миний дэргэд чамруу хэн ч довтлохгүй гэв. Бар, Одос хоёр гол руу явж иртэл хүчирхэг их эзнийг буганууд хармагц зүг зүг тийш таран зугатаж, ганц Одос л тэр нугыг эзэгнэн үлджээ.
Энэ өдрөөс хойш Бар Одос хоёр найз нөхөд болж, Барыг ойр орчим байсан цагт Одос юунаас ч айхгүй болов. Мөн Одос өвс ногоонд хөрвөөх үед царцаа дэвхрэг дарагддаг болохоор Бард элбэг хоол олддог ажээ. Ингээд хэд хоногийн дараа Одос таргалж, чадал тэнхээтэй болов.
Нэгэн өдөр Бар ус уухаар явж байтал замд нь годгор сармагчин тааралдаад хэлсэн нь:
- Их эзэн гуай та царцаа дэвхрэгээр хооллож байхдаа ичдэггүй юм уу? Ан амьтны мах бол түүнээс чинь мянга дахин амттай гэдгийг чи ер нь мэддэггүй байх аа! Би чамд нэг нууц хэлэхэд энэ ертөнцөд хамгийн амттай нь бол одосын мах юм шүү дээ. Чи түүнийг амталж үзээд л миний хэлсэн үнэн худлыг мэднэ гэв.
Сармагчны хэлсэнийг бар сонсоод дуугаралгүй хэсэг зуур бодсоноо:
Ган гачиг болоод байсан тэр нэгэн өдөр Одос “миний амьдрал таны мэдэлд!” гэж хэлсэнсэн. Тэгэхлээр би өнөөдөр түүнийг иддэг хэрэг ээ! гэж шийдэв. Бар нугын тийш яаран очиход Одос ямар ч ажиг сэжиггүй идээшилж байв. Бар ирээд хэлсэн нь:
- Одос чамайг өлсгөлөнгийн үхлээс аварвал, чи амь нас, амьдарлаа надад даатган өгнө гэсэн билээ. Ингэхлээр тэр амлалтаа биелүүлэх цаг болжээ. Одоо би чамайг иднэ гэв. Барын үгийг Одос сонсмогц маш их хилэгнэн, нүд нь улаанаар эргэлдэж хамаг махбодь нь хөвчрөн зангирч, сүртэй сэлмэн эврээ сэжлэн Бар луу ухасхийн дайрав.
Бар агшин зуур гэдрэг үсрэн хүрхрэн зогсоно. Одос хэлсэн нь:
- Өлсөж үхэж байсан ч тулаан тэмцэлгүйгээр мах ясаа өгөхгүй байсансан. Харин одоо бол би урьдын адил хүч тэнхээтэй, хэнээс ч юунаас ч айхгүй болсон шүү. Би ямар хүч чадалтайг харж байлдаа гээд Одос үхэр ганц үсрэн өөрийн сэргэр сэлмэн эврээ агшин зуур эргүүлж хажуудаа байсан өвгөрсөн дал модны үндэсийг нэвт шувт хатган огло татаж хаяв. Дараа нь ойролцоо байгаа толгой руу тоос манарган хурдлан хүрч, хад чулууг нураан бутлах ажээ.
Бар зэвүүрхэн өгүүлсэн нь:
- Худалч минь ээ чи өөрийнхөө амь насыг надад даатгаагүй гэж үү? Би чамайг өлсөж үхэх аюулаас авраагүй гэж үү? гэхэд Одос:
- Миний амалсан үг бол чамд хэзээ ямагт үнэнч байж, чамайг ямар нэгэн дайнаас амь нас хайрлахгүй хамгаалж байна гэсэн үг юм шүү гэхэд Бар аймшигтайяа хүрхрэн хэлсэн нь:
- Худалч минь! Харин энэ мөчөөс эхлэн би ичгэвтэрийн хорхой шавьж идэхгүй, махаар хооллож байх болно. Тэгэхлээр хэзээ нэгэн цагт чиний махны амтыг заавал үзнэ гэдгийг мэдэж ав! гэж хэлээд сүүлээрээ газар шавхуурдан ой ширэнгэ рүү далд оров.
- Одос ганцаар ихэд уйтгарлан үлдэв. Хамгийн сайн нөхөр Бар нь аминд аюултай дайсан болж хувирсан хойно аргагүй бизээ. Бар ч гэсэн бас гунигтай байв. Учир нь өөрийн найзыгаа гомдоосон юм чинь. Харин ховч сармагчин энэ хооронд ой тайгаар харайлгаж Бар Одосыг иднэ гэж тангаргалсан гээд л бүхэнд зарлаж амжжээ. Бар ам тангаргаа няцахгүйн тулд Одссыг барьж идэх гэж хөөцөлддөг болжээ. Гэвч Одссыг гэндүүлэн дайрахад хялбар биш юм.
Ингээд бар Одосын араас нь дайрахаар шийдэв. Гэсэн ч Одос байнга сэрэмжилж Барын довтлох бүрд агшин зуур эргэж аймшигт эврээ бэлэн болгоно. Одосын махнаас амсах найдлагагүй болмогц Бар, Сармагчинд очив. Сармагчин Барыг хараад сэтгэл хөдлөн асуусан нь:
- За Бараа, сайн зөвлөлгөө өгсөн надад баяр талархал хүргэхээр ирээ биз дээ? Одосын мах ямар байна даа? гэхэд Бар хариуд нь:
- Одос гэдэг чинь өөрийгөө идүүлэхээр тэнэг амьман биш юм байна. Ер нь мах ямар амттай байдгийг одоо л үзэх минь гээд сармагчинг тэр дор нь барьж идэв. Сармагчингийн мах Бард таалагджээ.
Тэр цагаас хойш Бар царцаа дэвхрэгээр хооллохоо больж зэрлэг амьтнаар хооллох болсон гэнэ. Тэгэхдээ сармагчингийн маханд нэн илүү дуртай болсон гэдэг.
Одос ч тэр цагаас Бар тааралдах бий гэж болгоомжлон ой тайгад ажиглаж, араасаа дайрах вий гэж байн байн эргэж хардаг ажээ.