Сар яагаад нүцгэн бэ?(Серби)
Огноо 2009-06-22 at 11:05 UnknownСар нэг өдөр ээждээ очиж:
-Хайрт ээж минь, хорвоо дэлхийн амьтан бүхэн хувцастай байхад ганцхан би л нүцгэн байх юм. Надад өмсөх хувцас хийж өгөөч гэжээ. Ээж нь:
-За яахав хувцас хийлгэ! Харин чи оёдолчинд очиж хэмжээгээ өгөөд хувцас захиал гэж хэлэв. Сар оёдолчинд очиж хэмжээгээ өгсөнд оёдолчин 5 хоноод ир гэжээ. Сар тав хоноод очсонд оёдолчин оёсон хувцасаа өмсүүлж үзсэн нь богинодож, бас нарийдаж, ер таарсангүй. Оёдолчин:
-Би эндүүрсэн юм байхдаа гэж бодоод дахиж хэмжээ аваад,
-За сар минь тав хоноод ирээрэй гэв. Сар тав хоноод дахин ирж хувцасаа өмсөх гэтэл ер багтахгүй бас л нарийдаж, богиндоод ер таарсангүй. Оёдолчин:
-Би бас л эндүүрсэн юм байхдаа гэж бодоод, дахин дахин хэмжиж гайгүй сайн тэмдэглээд:
-За сар чи тав хоноод ир гэж хэлжээ. Оёдолчин хянуур нямбай дахин нэг хувцас оёчихоод сар ирэхийг хүлээж байлаа. Тэгээд тэнгэр өөд харсан чинь урьд ирж хэмжээ өгсөн сар биш, түүнээс хавьгүй том бүтэн дугуй сар аялж явахыг оёдолчин хараад, энэ оёсон хувцас маань дахиад өмсөж үзэлтгүй таарахгүй нь байна гэж мэджээ. Тэгээд оёдолчин сар өөд хараад хэлсэн нь:
-За Сар минь би чамд хувцас оёж өгч чадахгүй юм байна. Яагаад гэвэл нэг харахад бүтэн дугуй байх юм. Дахиад харахад хагас дугуй болчихсон байх юм. Бас дахиад харахад дөрөв хуваасны нэг шиг жижигхэн байх юм. Ингэж нэг ирэхдээ жижиг, дахиад ирэхдээ том болчихоод байхад хичнээн дахин хэмжээ авсан ч чамд таарах хувцас хэзээ ч олдохгүй гэж хэлжээ. Сар нүцгэн байдгийн учир ийм юм гэнэ.
Баярлалаа, маш хэрэгтэй сэдэв нээжээ
баярлалаа энэ их сонирхолтой юм тэгээд ч бас их хэрэгтэй үлгэр байна