Аалз ирвэсийг ой руу хөөсөн нь(Баул)

Эрт урьд цагт ан араатан хорхой шавьж цөм хүн шиг тосгонд нөхөрсөг амьдарч байсан цаг байжээ. Гэтэл тэдний хооронд аалзнаас болоод их маргаан гарчээ. Нэгэн өдөр Аалз:
“Би ирэвсийг барьж чадна” гэж хэлсэнд бусад амьтанд түүнд ер үнэмшсэнгүй маргажээ. Учир нь ирвэс бол бусад ан амьтдын дотроос хамгийн хүчтэй зоригтой догшин амьтан байв.
Гэтэл муу Аалз түүнийг барьж авна гэдэг нь санашгүй хэрэг ажээ. Гэвч аалз өөрийнхөө хэлсэнд бат зогсож байв. Тэрээр том сагс сав сүлжиж ирвэс байгаа газар тийш очив.
Аалз:
- Ирвэс ээ тосгон даяар надтай маргаад болдоггүй! гэв. Ирвэс:
- Яагаад тэр билээ гэсэнд аалз:
- Би чамайг бүх ан амьтан дотроос хамгийн ухаантай , тэр ч байтугай тун ч жижигхэн сагсанд багтаад орчихдог гэсэн чинь ер үнэмшихгүй, тэр ирвэс шиг тэнтгэр тарган, болхи мунгинуу амьтан яавч сагсанд багтаж орохгүй гэнэ. Тэгээд би үнэн худлыг нь тэдэнд үзүүлэхээр сагс авч ирлээ гэв. Ирвэс:
- Аан, тийм бий! Би тэдэнд үзүүлээд өгөмз гээд сагсанд шурган оржээ.
Аалз:
- За чи хүлээж бай! Хэрвээ амыг нь боочихвол чамайг бүрэн багтлаа гэж тэд мадаггүй үнэмших болно гээд олсоор амыг нь чанга боож үүрээд тосгондоо хүрч ирэхэд бүх амьтад хуран цугларав.
- Би юу хэлсэн билээ? Та нар энэ ирвэсийг харцгаа! Гэж аалз гайхуулан өгүүлжээ.
Аалз том хүчтэнийг ялсан баяраа хийж түүндээ бүх ан араатаныг урьж дал модны навчаар нэрсэн дарс, бялуугаар дайлав. Бүх зочид цугларч найр наадам ид дундаа ормогц Аалз:
- За нөхөд өө! Ирвэсээ хувааж авцгаая даа миний хутгыг аваад ир гэж хүүд минь хэлээч гэв. Аалзны хүү аавынхаа хутгыг ачираад сагстай юмаа задлах юм байх гэж бодоод амыг нь боосон олсыг тас огтлов. Ирвэс ухасхийн босож аалз руу үсрэв. Аалз хүүгийнхээ хамт нэг лонхонд амжиж оржээ. Ирвэс хаалга хатавч хана туургаар аалзыг эрээд эрээд олсонгүй.
Сагсанд тарчилж зовсон ирвэс сая нэг ухаан орж, дарсны шавхруу ч гэсэн байгаа болов уу хэмээн нэг лонхыг шагайвал түүнд дарс биш, харин хар чинжүү байжээ. Энэ лонхонд байсан аалз амаараа дүүрэн чинжүү үмхэж байгаад Ирвэсийг шагайхад нь нүд рүү нь тургиж орхижээ. Нүд нь тэсэлгүй хорсож байсан ирвэс:
Эндхийн юм бүхэн илбэ жатгатай юм байна. Үүнээс хойш энэ тосгонд хэзээ ч ирэхгүй байя! Хэмээн ёолж гаслан ой руу зугтан оджээ. Тэр ирвэс одоог хүртэл ойдоо амьдарсаар байгаа ажээ.

0 Сэтгэгдэл: