Бадарчин авгай хоёр
Огноо 2009-12-28 at 16:24 UnknownУрьд нэг бадарчин цөл газар явж, айл амьтан ч дайралдахгүй их л өлсөж гэнэ. Ингээд гайхаш тасран гэлдэрч явтал тээр тэнд ганц гэр харагджээ.
Бадарчин мацалхийлэн явсаар хүрч очоод гэрт ортол нэг хижээлхэн өндөр авгай байхад нь түүнтэй мэнд мэдэлцжээ. Том гэрийн дотор байгаа хогшлыг харвал баян айл бололтой байна гэнэ.
“Малаа хужирлахаар явуулсан айл шиг байна” гэж бадарчин шинжиж суухдаа авч өгсөн зэлгээн цайг залгилж “Цааш нь идэх юу өгөх бол?” гэж горьдоно. Гэтэл цамц эмжиж суугаа өндөр авгай юм өгөхийн шинжгүй суужээ.
Бадарчин дэмий л ийш тийшээ ажиж суужээ. Тэгтэл авдрын араар тарган хонины бөгс өлгөсөн нь цухуйж байв. Бадарчин үүнийг харж хорхойтовч авгай цамцаа эмжээд чөлөө завгүй.
Бадарчинг “Бушуухан юм идэж аваад яв” гэх шиг намрын салхи сэр сэр хийнэ. Бадарчин зүүн чих өөд гилжийж “За юу гэнээ? Яаж болох юм бэ?” гэж ямар нэг хий юмтай ярьж эхлэв.
Нөгөө авгай гэнэт цочиж гайхан чагнаж хоёр нүдээ орой дээрээ гаргах шахна. Бадарчин ажиг ч үгүйгээр “Яаж болох вэ? Дэмий юм битгий яриад бай” гэж уцаарлана.
Авгай “Лам аа! Та чинь юутайгаа яриад байгаа юм бэ?” гэв.
Бадарчин “Зүгээр, авгай минь! Надтай хамт нэг хий юм явдаг юм аа. Энэ гайхал тийрэн “Танай авдрын ард хонины тарган бөгс байна. Авъя гэж байхгүй юу! Би тэгээд хорьж байгаа нь энэ ээ” гэжээ.
Тэгтэл авгай босон харайж бушуухан нөгөө махаа бүгдийг авч өгөөд “Лам минь! Та тэр хий юмаа хамт дагуулаад явж хайрла! Гэвээ. Бадарчин ч “За тэгье. Та нэгэнт шунасан зүйлий нь өгсөн хойно энэ маань сэтгэл хоргодохгүй надтайгаа хамт явна” гэж хонины бөгсийг харамч авгайгаас сүжиг бишрэлээр нь далимдуулан залилж аваад явж гэнээ.
Цааш нь...
Тал дугуй
Огноо at 16:24 UnknownЭрт урьд цагт ганцхан шавьтай нэг багш лам байж гэнэ. Багш нь шавьдаа ном заахаас гадна элдэвт сургаж, зарцлахыг их боддог байсан юмсанжээ. Үүн дээрээс болж багш шавь хоёрын хооронд өөг төөг яриа бишгүй л гардаг болсон юм гэнэ.
Багш нь нэг өглөөгүүр хуралд явахдаа гавжийн нэг бүтэн дугуй авч өгөөд “Чи үүнийг гадаа байшинд хийж орхи, харин битгий идчихээрэй” гээд гарчээ. Багш хуралд хурж ядраад оройхон хэрд харьж ирэв. Гэтэл ашгүй багшийн манж халуун байхад нь баясч “За хүү минь нөгөө дугуйгаа аваад ир” гэжээ. Хүү удалгүй тал дугуй барьсаар орж ирэв гэнэ.
Багш “Хүүе тал нь яав аа?” “Багш аа? Тал нь энэ байнаа” гэж шавь хүү уриалгахан хэлээд, барьж байв.
Багш “Үгүй ээ? Нөгөө хагас нь хаана байна вэ?” гэв.
Шавь улам сайхан эелдгээр “Багш минь ээ? Нөгөө л хагас нь энэ л байна даа!” гээд барьж байсан дугуйг эргүүлэн бариад зогсч байлаа.
Багш “Хөөе гэм! Хагас нь хаана байнааа?” гэсэнд шавь “Аяа багш минь ээ! Толилон соёрхож хайрлана уу? Хагас нь энэ л байж байна даа. Осолгүй хагас нь энэ мөөн.
Мөнөөр барахгүй мөн чанарын мөөн” гэжээ.
Багш ихэд бухимдаж “Үгүй ээ, ердөө нөгөө хагас нь яасан бэ гэж би асууж байна шүү! гэв.
Шавь “Ээ багш минь! Та яагаад болгоож хардаггүй юм бэ? Яахын аргагүй л нөгөө хагас нь энэ мөн дөө” гээд эргүүлж бариад зогстол багш босон харайж “Чи яасан юм ойлгодоггүй тархи вэ?” гээд шавь хүүг гэр тойруулан хөөсөөр явав.
Тэгтэл шавь хүү зугтааж явах зуураа хэлсэн нь: “Багш минь ээ! Хүн харвал аягүй юм биш үү? Бид хоёрын хэн нь хэнийгээ хөөж явааг хэн олж мэдэх билээ! Нэг харахад багш нь шавиа, нэг харахад шавь нь багшаа хөөж яваа юм шиг үзэгдэх юм аа” гэж хэлээд л инээж явж гэнэ.
Багш нь энэ үгийг сонсоод “Еэ дээ, чи зовлонтой шавь юм даа” гэж инээд алдаад больжээ. Багш “За чи битгий ингэж бай! Ихийн шийр барьж явсан нь дээр шүү дээ! Үүнээс хойш томоотой байгаарай, мэдэв үү! Баахан ихийн шийр барьж бай!” гэв.
Маргааш нь багш хуралдаа явж шавь гэртээ үлдэв. Багш гэртээ орой иртэл гэр нь хав харанхуй байсанд гайхаж “Хүүе, чи хаана байна аа?” гэж хашгиртал “Багш аа! Би энд л байна даа” гэж шавь хүү гэр дотроо дуугарав. Багш шалавхан гэрэл асаагаад хартал шавь хүү гэрийн хойморт хоёр гартаа тэмээний шийр бариад маш томоотой янзтай сууж байв.
Багш “Чи чинь яаж суугаа нь энэ вэ?” гэхэд шавь хүү “Би багшийн зарлиг ёсоор ихийн шийр барих гэсэн чинь тэмээний шийрээс томхон юм надад олдсонгүй” гэлээ.
Багш “Еэ дээ чи дээ! Чамайг үхсэн хойно би чиний толгой дээр ерөөл уншиж өгнө гэж бүү сана даа” гэв. Хойтон зун нь багшийн хөдөөлөх цаг болсон тул морь тэмээн хөсөгтэй хөдөөгийн нэг хүн иржээ.
Багш шавь хоёр баясч хөдөө гарах боллоо. Ачаатай хоёр тэмээг хөдөөнөөс ирсэн хүн хөтлөж багш шавь хоёр тус тусдаа морьтой дагаж гарлаа. Тэд хийдээс нэгэнт холож хөдөөгийн дардан замыг дагаж алхуулахад нөгөө шавь ачааны өмнө хойно гарч давхих зэргээр энэ тэрийг сонирхон явна.
Багш лам ачаа дагаж уншлагаа базаана. Ингэж баахан явсаар нэг хамар дээгүүр гараад очтол замын хажууд нэг хүнийг тун саяхан нутаглуулсан бололтой нүүр нь хадгаар бүтээлгээтэй хэвтэж байх дайралдав гэнэ.
Багш мориноос бууж үхсэн хүний толгойн дэргэд суугаад ерөөл уншин ламын ёсыг гүйцэтгэжээ. Тэгээд босч мориндоо мордоод явах гэтэл морь нь үргэв. Нөгөө үхсэн хүн нь босоод “За багшаараа амьддаа ерөөл уншуулж авлаа” гээд шавь нь инээж байхыг багш лам хараад зэвүүцсэн сэтгэл нь онгойж юу ч хэлсэнгүй цаашаа гэлдэрч явтал удалгүй шавь гүйцэж ирсэн гэнээ.
Цааш нь...
Сонсгоодой эмгэн
Огноо at 16:23 UnknownЭрт урьд цагт Сонсгоодой эмгэн гэгч байжээ. Сохор саарал ухнатай, шатууланхан нум сумтай. Хорхой сааж хорин гүзээ тос авдаг, аалз сааж арван гүзээ тос авдаг юмсанжээ. Тарвага сааж тавин гүзээ тос авдаг, зурам сааж зуун гүзээ тос авдаг юмсанжээ.
Хааны адууны хүн ирж, тосноосоо өгч гэнэ. Идэх гээд эрхийгээ тас хазаж, долоох гээд долоовороо тас хазжээ. “Эмгэний тосноос аваад ир” гэж хаан зарлиг болжээ. Эмгэн тосноосоо өгч, “Бас аваад ир” гэж , бас л өгч, хаан “Бүгдийг аваад ир” гэж. Эмгэн “Өгөхгүй ээ” гэж. “Эс өгвөл, маргааш улаан нарнаар Болзоотын бор толгой дээр оч” гэв. Сонсгоодой эмгэн сохор саарал ухнаа унаад, шатуулан нум сумаа агсаад, Болзоотын бор толгой дээр очиж гэнэ. Хаан түмэн цэргээ дагуулаад хүрээд ирж, Сонсгоодой эмгэн хэлжээ:
“Халдаж байгаагаараа та харвах уу,
Хахигдаж байгаагаараа би харвах уу?”
“За, чи харва” гэж эмгэнийг хэлжээ.
“Түмэн цэргийн түрүү тас харваад,
Түнтгэр уулын ёроолыг ховх харваад,
Тоодог ноёны толгойг тас харваад,
Тотгор буурын туурай сэт харвах уу?” гэж асууж.
“Тоодог ноёны толгой юунд харвах вэ,
Тотгор буурын туурай юунд харвах вэ,
Түмэн цэргийн түрүү юунд харвах вэ,
Түнтгэр уулын хормойг л харва даа” гэж.
Сонсгоодой эмгэн өглөөний улаан нарнаар чиглүүлээд, үдшийн улаан нарнаар Тоодог ноёны толгойг тас харваад тотгор буурын туурай сэт харваад түмэн цэргийн түрүү тас харвааад, түнтгэр уулын ёроолыг ховх харвачихжээ.
Сонсгоодой эмгэн ингэж хааныхныг дийлчихээд харьж явахдаа “Би эртэй эмгэн чухам мөн юм даа” гэж бодоод ухнаа ороолгоод давхиж явжээ. Тэгтэл зам дээр нэг гишүү байна гэнэ. “Энэний чинь аваачиж түлээд хорхойн сүүгээрээ өрөм байлгаж иддэг хэрэг” гээд дүүрээд давхиж явжээ. Сохор саарал ухна нь таварцаглаад ойчжээ. Сонсгоодой эмгэний цавиар нь гишүү хатгаад алчихжээ. Ингээд амар сайхан жаргажээ.
Цааш нь...
Харамч айлд орсон нь
Огноо at 16:23 UnknownБаадай бадарч нутгаасаа гарч харь хошууны нутагт ороод явж байтал морь нь эцэж ихэд ядарч гэнээ. Аз болоход зам нэг айл харагдсанд цай уухаар чиглэв. Гэтэл тэр айл “Бадарч ирж явна” гэж мэдээд үүдэндээ нохойгоо уяад гэртээ орчихож гэнэ.
Баадай гадаа нь очоод
“Нохойгоо хорь оо! Гэсэнд бадарчийг орж ирэхээс өмнө байгаа цайгаа ууж дуусгахаар зэрэг зэрэг оочиж байсан болохоор тун завгүй байж гэнэ. Үүдэн дээр нь том халтар нохой архиран хэвтэх нь Баадайд зэвүүн санагдсанд
“Нохой зуух уу?” гэж хашгирсанд
“Манай нохой зуудаг нохой шүү! Та тэгээд яана өөрөө мэд!” гэж гэр дотроос нэг хүн хэлж гэнэ. Баадай шуудхан гэрийн нь ард очоод өрхний нь оосрыг тайчин туурганы нь зөрүүлгийг ярж эхэлсэн гэрийн доторхи хүмүүс сандран “Хүүе, та яаж байна!” гэсэнд “Өө би нохойгүй талаас нь орох гэж байна” гэж Баадай хариулжээ. Тэгтэл гэрийнхэн гарч ирээд “Танд нохойгоо хорьж өгье” гэж зэрэг зэрэг гуйжээ. Та манай хаалгаар морилон орогтун!” гэж бас гуйсанд Баадай ийн хэлжээ.
“Танайх цайгаа ууж дууссан бол би орсон болох уу даа!” гэсэнд тэр айлынхан ихэд ичиж
“Та хаашаа явж байгаа бадарч вэ?” гэж гэрийн эзэн асуусанд Баадай хэлсэн нь:
“Би хаяанаас хаалга хүртэл яваа бадарч аа! Халтар нохойноос болоод хана руу тэмтэрсэн бадарч аа! Халуун цайнаас болоод хар хөлс минь цувсан бадарч аа!”гэсэнд тэр айлынхан их л санаа зовцгоож Баадайд дахин цай чанаж зочилсон гэнэ.
Цааш нь...
Харамч авгай бадарчин хоёр
Огноо at 16:22 UnknownУрьд нэг бадарчин нэг айлд хавар очжээ. Гэтэл тэр айлын авгай гал дээрээ тогоо тавиад түүн дотроо нэлээд их сүүг жаалхан устай хольж, ганцхан тагш будаа хийчихээд гарав.
Бадарчин их өлсөж явсан болохоороо түүнийг нь чамлаад “Энэ ер нь бүтэхгүй хэрэг болов” гэж бодмогц босон харайж нөгөө хүүдийтэй будаанаас хоёр тагш овоолон хутгаж мөнөө сүүнд нэмж хийчихээд жишим ч үгүй галд нь ганц хоёр аргал хаялсаар суув гэнэ.
Авгай оройн малаа янзалж гүйцээд орж иртэл, гэрийн бусад хүмүүс ч ирцгээжээ. Ингэж байтал будааг ч гаргах цаг болов гэнэ.
Будаа аягалах үеэр бадарчин өөрийнхөө том аягаа өгч дүүргэсэнд нь баярлан аваад инээмсэглэн хэлсэн нь “Авгай аа! Та ялихгүй будаа хийх шиг болсон, гэтэл ийм их өсчээ. Та ер нь яасан их арвин сайхан гартай юм бэ?” гэсэнд нөгөө авгай их л тааламжтай маасганан инээж “Ер нь миний гарыг болдоггүй гэдэг юм. Би гараа татах хэрээрээ л татдаг юм. Гэтэл тун болдоггүй ихдэж орхиод байдаг юм” гээд давгүй суухад нь бадарчин “Уа хөөрхий! Зарим нэг ийм арвин сайхан гартай буянтай авгай байх юм даа” гэж егөөдөөд цадталаа идэж авч гэнэ.
Цааш нь...
Төөхөн хүү мангас эмгэн хоёр
Огноо at 16:21 UnknownТөөхөн хүү төө халзан шартай байжээ. Төө халзан шараа алж идэж. Богино хавиргыг нь босон суун барахгүй, өндөр хавиргыг нь өндийж хонож эс баржээ. Төөхөн хүү гүйж явтал нэг хэрээ тааралдаж. “Хэрээ гуай, хэрээ гуай, төө халзан шарны махнаас идэлцэж өгөөч!᠌" гэхэд “Хэрээ идэхгүй” гэж. Цааш гүйгээд явж. Нэг мангас эмгэнийд очиж. “Төө халзан шараа алсан нь, босон суун богино хавиргыг нь барсангүй, өндийн суун өндөр хавиргыг нь барсангүй” гэхэд Мангас эмгэн “Идье дээ!" гэж. Мангас төө халзан шарынх нь махыг төөхөн хүүг өөрийг нь идэх гэж. Тоононоос дүүжилчихэж. Мангас юманд явчихаж. Мангас долоон шар хүүхэдтэй юмсанж. Төөхөн хүү мангасын долоон шар хүүг алчихаж, махы нь татаад эхэд нь тавьчихаж. Төөхөн хүү дээвэр цаваг хоёрын завсарт орчихож. Мангас хүрээд ирж. “Долоон шар хүүхэд минь Төөхөн хүүгийн махыг татаад тавьж” гэж хэлж. Тэгээд махы нь идэж. “Долоон шар хүүхэд минь яасан их унтаа вэ?” гээд дээлийг нь татаж. Долоон шар толгой нь өнхрөөд ойчиж. “Төөхөн хүү, чи хаана байна?” гэж. “Гэрт байна” гэж дуугарч. Гэртээ ороод “Төөхөн хүү хаа байна” гэж. “Гадаа байна” гэж. Төөхөн хүүг эрээд гэрээ буулгаж. Төөхөн хүү хүүхдийнх нь цусыг олгойд нь хийгээд авч зугтжээ. Мангасаас зугтааж, мангас гүйцэж ойртож. Мөсөн дээгүүр гүйж яваад цусы нь асгажээ. “Төөхөн хүүгийн цус гоожжээ” гэж мангас долоожээ, хэл нь мөсөнд наалдаж. Мангас “Төөхөн хүү, төөхөн хүү!”гэж дуудаж “Төөхөн хүү, хэл мөс хоёрын завсраар цавцаад аль!гэж. Төөхөн хүү: “Толгой хүзүү хоёрын завсраар цавцаад аль гэж хэлэв үү?” гээд толгой хүзүү хоёрын нь завсраар цавчаад алчихжээ. Ингээд амар сайхан жаргажээ.
Цааш нь...
Ууль яагаад шөнө дуугардаг болов?(Хятад)
Огноо 2009-10-23 at 16:36 UnknownНэгэн өдөр ойн эрээн тагтаа зөрөг замаар зугаалан явж байтал өөвгөр ууль том боодол юм үүрсэн явж тааралдав.
- За хаачих нь вэ эгчээ? гэж тагтаа асуусанд Ууль:
- Би нутаг сэлгэхээр шийдлээ. Би баруунтайд тун том, сайхан хонгилд байсан. Тэнд хулгана, мэлхий хичнээн л иднэ, дураараа байлаа. Харин тэр дорно зүг ойн захад ямар байдгийг би мэдэхгүй юм. Муу байх вий гэж айж байна гэв.
- Тэгвэл юунд нутаг сэлгэх гээ вэ? гэхэд:
- Яая гэхэв дээ, миний дуу хоолой хүмүүсийн уур хүргээд байх юмаа. Дуугий минь сонсмогц тэд дахиад л чарлаж, хяхтнаж гарлаа. Ямар зэвүүн муухай дуу вэ,чихээ таглахаас горьгүй нь гээд дор бүрдээ хараах юм.Хүүхдүүдийг нь яана, нэг удаа золтой л хөлийг минь бяц цохичоогүй шүү! Тэгээд л өтөлсөн хойноо өссөн төрсөн нутгаа хаяж, дуулж сурсан дуу хоолойгоосоо салахгүйн тулд ингэж яваа нь энэ шүү дээ гэж ууль их л гомдонгуй үглэнэ.
- Эгч гуай үнэхээр таны дуу хоолой тийм зэвүүн юм гэж үү? гэж тагтаа асуухад:
- Яалаа гэж дээ миний хоолой бол сайхан, эрмэг хоолой юм шүү гэж Ууль хэлээд, чи сонс л доо гэнгүүт амаа том ангайн дөжиртөл У-гу- у, Ух-у-ух хэмээн бахирав. Тагтаа цочиж огло үсрэв.
- Аяа, таны дууч нээрээ сүртэй чанга юм байна. Харин эгч минь таньд л гэж зөвлөхөд, дэмий нутаг сэлгэх гэж явна. Таны дуу хоолой чинь баруунтайгаас зүүнтээ очоод илүү таашаагдахгүй. Тэгэхээр өөр янзаар дуулж сурвал дээр биз дээ гэж тагтааг хэлэхэд Ууль бодож бодож хэлсэн нь:
- Чиний хэлдэг үнэн байх дуугаа л өөрчлөхийг хичээе гээд Ууль хуучин нутагтаа очиж хонгилдоо оржээ. Түүнд дуу хоолойгоо өөрчлөх нь үнэхээр хэцүү ажээ. Ууль дуугаа чанга сул, урт богино, нарийн бүдүүн янз янзаар өөрчлөн оролдож дуулавч тэр бүгд нь нэг л хэвтэй байв. Түүний дуу хоолой өөртөө л таалагдаж, бусдад ер таалагдсангүй гэнэ. Тэгээд Ууль хамаг амьтан шөнө дуг нойрондоо байхад нь дуугардаг болсон гэдэг! Үүнээс өөр арга алга даа.
Цааш нь...
Нар, сар хоёр(Дагомей)
Огноо at 16:33 UnknownЭрт урьд цагт нар сар хоёр садан төрөл учир саахалт холбоо аж төрөн амьдардаг байж гэнэ. Сар нэг өдөр Нарандаа хэлсэн:
- Хоёулаа хүүхдүүдээ дэлхийд буулгая. Газар үзэж нүд тайлаг гэж хэлжээ. Нар түүнийг зөвшөөрч гэнэ. Сар хүүхдээ нуучихаад уут дүүрэн чулуу түүж аваад болзсон өдөртөө Наранд очжээ. Сарны санаа муутайг Нар мэдсэнгүй. Нар хүүхдүүдээ хүүдийд хийж дэлхий рүү хаяхад бэлтгэв. Эхлээд сар ууттай чулуугаа дэлхийн нэг том мөрөн рүү хаяж, араас нь Нар хүүдийтэй хүүхдүүдээ шиджээ. Ингээд Нар Сар хоёр гэр гэртээ харихаар явцгаажээ.
Өдөр өнгөрч орой болмогч Нар амрахаар хэвтэх гэж байтал Сар хүүхдүүдээ дагуулаад тэнгэрт гараад ирэхийг нар харжээ. Нарны уур хүрч, Сарыг барьж аваад яагаад хууран мэхэлж хүүхдүүдийг минь дэлхийд хаяуулсаныг асуужээ. Сар хариуд нь:
- Чи бол хэн бүхнээс хэтрүү их чадалтай байна. Хэрэв хүүхдүүд чинь өсөж том болоходп хүч чадал чинь бүр ч гаарна. Тэгэхлээр чиний хүүхдүүд дэлхийн усанд очиж загас болог, хүмүүс загас барьж хооллож байг гэж хэлсэн гэнэ.
Түүнээс хойш сар нар хоёр садагнахаа больж саахалт хоршоо амьдрахаа зогсоод, хол хол замаар хувь хувьдаа аж төрөх болсон агаад Нар бол үнэнч шудрага байдагтаа өөрийн элч эрдэм чадал хэвээр үлдэж, бусдыг хар буруу санаагаар хууран мэхэлж залилсан Сар эрдэм чадал мөхөс дутуу болсон гэнэ.
Цааш нь...
Амбе, Рамбе гэдэг ах дүү хоёр хулгана(Энэтхэг)
Огноо at 16:28 UnknownНэгэн том байшинд нэг муур амьдардаг байв. Энэ байшинд олон хулгана байдаг. Муур тэдгээр хулганаас барьж идэж ихэд цатгалан амьдарна. Цаг үе өнгөрч муур ихэд хөгшрөн хулгана барьж идэх чадал тэнхээгүй болжээ. Хэрхэн яаж хоол олж идэх тухай болдож бодож эцэст нь хулгануудыг дуудаж хэлсэн нь:
- Хөөрхөн хулгануудаа та нарыг дуудсан учир бол, би та нарын өмнө их нүгэл хийсэн их буруутан гэдгээ хүлээх гэсэн юм. Энэ тухай хэлэхэд үнэхээр ичмээр боловч яая гэхэв. Үүнээс хойш та нарт ямар ч гэм хийхгүй ээ. Та нар надаас айлгүй дураараа зугаалж байгтун. Харин та нараас гуйх нэг зүйл байна. Юу гэвэл хөөрхөн хулгана та нарыг би өдөр бүр харж байхгүй бол надад нэн уйтгартай байдаг юм. Тиймээс хулганууд та нар өдөр бүр миний дэргэдүүр цувран өнгөрч намайг саатуулж байвал би их баярлахсан. Надаас ер айх явдалгүй гэжээ.
Муурын энэ үгийг сонсоод хулганууд, муур гуай ямар нэг аюул учруулахгүй боллоо. Үүнээс хойш энх сайхан амьдрах болно гэж баярлан муурын саналыг зөвшөөрчээ. Муур байшингийн нэг буланд сууж хулганууд дэргэдүүр нь цувран өнгөрөхдөө Муур гуайн амрыг айлтгая! Хэмээн бөхийн ёсолж цувран одно. Тэгэхэд нь муу санаат муур хамгийн сүүлийн хулганыг барьж иддэг байж. Ийнхүү хэдэн өдөр хоолтой байж гэнэ. Анхны үед муурын энэ залийг хулганууд ер мэдэхгүй байв. Гэтэл энэ хулгануудын дотор Амбе, Рамбе гэдэг нэртэй найз хоёр хулгана бидний тоо яагаад цөөрөөд байна вэ? гэж гайхан хоорондоо зөвлөлдөж үүний учрыг олохоор арга зохиож муурын дэргэдүүр явахдаа хамгийн түрүүнд Рамбе хамгийн сүүлд Амбе явахаар шийдэж бие биеэсээ дуудаж байхаар болжээ. Рамбе муурын дэргэд ирж амар мэндийг нь эрж цааш явахдаа АмбеД
- Найзаа чи хаана явна? гэж дуудахад, Рамбе:
- Найзаа би энд байна шүү хэмээн хамгийн сүүлээс хашгиран Рамбе Амбег хүлээж зогсон хамт цааш явав. Муур Амбег барьж идэж чадсангүйдээ хорсож ихэд уурлан өлөн хоосон хонов.
Маргааш энэ мэтээр Рамбе, Амбе хоёр түрүү сүүл хоёрт явав. Муур бас л хулгана барьж чадсангүй хонов. Ингээд хэдэн өдөр өл хоолгүй өлсгөлөн муур тэссэнгүй нэг өдөр хамгийн сүүлийн хулгана Амбе руу ухасхийхэд урьдаас болгоомжтой явсан Амбе болон бусад хулганууд тал бүрт зугатан нүх сүв рүү орж явчихав. Зальт муурын хууран мэхлэх санааг мэдсэн хулганууд дахин гарч ирсэнгүй. Муу санаат муур ч идэх хоолгүй өлсөж өлбөн турж үхжээ. Түүнийг үхсэнээс хойш тэр байшинд хулганууд амар жимэр аж төрөх болсон ажээ.
Цааш нь...
Бүргэд яагаад халзан болсон бэ?(Бирм)
Огноо at 16:18 UnknownЭрт урьд цагт бүргэд ихэд номхон шувуу байв. Тэр үед бүргэдийн өд сөд нь хатуу бөгөөд өтгөн шигүү, харин толгой нь ширхэг ч үсгүй халзан байжээ. Бүргэд нэг өдөр нуурын тунгалаг усанд өөрийнхөө дүрсийг хараад ихэд уурлан хилэгнэж өдөр бүр бурханд очиж намайг яагаад халзан болгочихсон юм бэ гэж гомдол мэдүүлдэг болжээ.
Бүргэд гомдсон тэр уурандаа идэж уухаа больж цаг мөч бүр улам турсаар байв. Энэ үед бусад бүх шувууд бүргэдийг хайрлаж шувууд өөрийнхөө өднөөс нэг нэгийг бүргэдэд бэлэглэжээ. Тэр янз бүрийн өдийг бүргэд аваад толгой, хөл бүх биеэрээ алаглуулж шувуудын дотроос хамгийн сайхан шувуу болсон гэнэ. Тэгээд нэгэн өдөр бүргэд нөгөө тунгалаг уст нуурандаа очиж дүрсээ хараад ихэд баярлан бардам дээрэнгүй болов.
Бүргэд нэг ойгоос нөгөөд уул ус дамжин нисэж өөрийгөө хамгийн гоё сайхан шувуу гэх сайрхан бардамнаж бусад шувуудыг “чи ямар муухай юм бэ?” “чамд ямар цөөхөн өд байдаг юм бэ?” “чамайг харахад эрэмдэг юм шиг бузар муухай харагдаж байна” гэх мэтээр доромжилдог болжээ. Бүргэд өдөр ирэх тутам эрхэмсэг бардам омог дээрэнгүй болсоор байв. Сүүлдээ бүргэд өөрийгөө жигүүртний хаан гэж нэгэн өглөө зарлаад:
- Энэ мөчөөс эхлэн бүх шувууд надад захирагдаж, миний юу хүссэнийг үг дуугүй биелүүлж байх болно! гэж гэнэ. Бүх жигүүртнүүд бүргэдийн үгийг сонсоод зэвүүрхэн хилэгнэж ухасхийн дайраад өөрсдийн урьд бэлэглэсэн өднүүдээ буцааж авав. Далимд нь бүргэдийн өд ч олон олноороо сугаран хаягджээ. Тэгсэн чинь бүргэд урьдхаасаа бүр муухай, нэвсгэр юм болсон ажээ. Тэгээд зөвхөн бүргэдийн толгойд нь төдийгүй хүзүүнд нь ч үс үлдсэнгүй аж.
Тэр цагаас хойш бүргэд халзан болсон гэдэг. Бүргэдийн нүдэнд ямар нэгэн шувуу л харагдвал өшөө авахын тулд түүн рүү довтолдог болсон гэнэ. Бусдын тусыг усаар хариулж ихэмсэг дээрэнгүй болно гэдэг мөн ч хортойяа.
Цааш нь...