Харамч айлд орсон нь
Огноо 2009-12-28 at 16:23 UnknownБаадай бадарч нутгаасаа гарч харь хошууны нутагт ороод явж байтал морь нь эцэж ихэд ядарч гэнээ. Аз болоход зам нэг айл харагдсанд цай уухаар чиглэв. Гэтэл тэр айл “Бадарч ирж явна” гэж мэдээд үүдэндээ нохойгоо уяад гэртээ орчихож гэнэ.
Баадай гадаа нь очоод
“Нохойгоо хорь оо! Гэсэнд бадарчийг орж ирэхээс өмнө байгаа цайгаа ууж дуусгахаар зэрэг зэрэг оочиж байсан болохоор тун завгүй байж гэнэ. Үүдэн дээр нь том халтар нохой архиран хэвтэх нь Баадайд зэвүүн санагдсанд
“Нохой зуух уу?” гэж хашгирсанд
“Манай нохой зуудаг нохой шүү! Та тэгээд яана өөрөө мэд!” гэж гэр дотроос нэг хүн хэлж гэнэ. Баадай шуудхан гэрийн нь ард очоод өрхний нь оосрыг тайчин туурганы нь зөрүүлгийг ярж эхэлсэн гэрийн доторхи хүмүүс сандран “Хүүе, та яаж байна!” гэсэнд “Өө би нохойгүй талаас нь орох гэж байна” гэж Баадай хариулжээ. Тэгтэл гэрийнхэн гарч ирээд “Танд нохойгоо хорьж өгье” гэж зэрэг зэрэг гуйжээ. Та манай хаалгаар морилон орогтун!” гэж бас гуйсанд Баадай ийн хэлжээ.
“Танайх цайгаа ууж дууссан бол би орсон болох уу даа!” гэсэнд тэр айлынхан ихэд ичиж
“Та хаашаа явж байгаа бадарч вэ?” гэж гэрийн эзэн асуусанд Баадай хэлсэн нь:
“Би хаяанаас хаалга хүртэл яваа бадарч аа! Халтар нохойноос болоод хана руу тэмтэрсэн бадарч аа! Халуун цайнаас болоод хар хөлс минь цувсан бадарч аа!”гэсэнд тэр айлынхан их л санаа зовцгоож Баадайд дахин цай чанаж зочилсон гэнэ.