Бадарчин авгай хоёр
Огноо 2009-12-28 at 16:24 UnknownУрьд нэг бадарчин цөл газар явж, айл амьтан ч дайралдахгүй их л өлсөж гэнэ. Ингээд гайхаш тасран гэлдэрч явтал тээр тэнд ганц гэр харагджээ.
Бадарчин мацалхийлэн явсаар хүрч очоод гэрт ортол нэг хижээлхэн өндөр авгай байхад нь түүнтэй мэнд мэдэлцжээ. Том гэрийн дотор байгаа хогшлыг харвал баян айл бололтой байна гэнэ.
“Малаа хужирлахаар явуулсан айл шиг байна” гэж бадарчин шинжиж суухдаа авч өгсөн зэлгээн цайг залгилж “Цааш нь идэх юу өгөх бол?” гэж горьдоно. Гэтэл цамц эмжиж суугаа өндөр авгай юм өгөхийн шинжгүй суужээ.
Бадарчин дэмий л ийш тийшээ ажиж суужээ. Тэгтэл авдрын араар тарган хонины бөгс өлгөсөн нь цухуйж байв. Бадарчин үүнийг харж хорхойтовч авгай цамцаа эмжээд чөлөө завгүй.
Бадарчинг “Бушуухан юм идэж аваад яв” гэх шиг намрын салхи сэр сэр хийнэ. Бадарчин зүүн чих өөд гилжийж “За юу гэнээ? Яаж болох юм бэ?” гэж ямар нэг хий юмтай ярьж эхлэв.
Нөгөө авгай гэнэт цочиж гайхан чагнаж хоёр нүдээ орой дээрээ гаргах шахна. Бадарчин ажиг ч үгүйгээр “Яаж болох вэ? Дэмий юм битгий яриад бай” гэж уцаарлана.
Авгай “Лам аа! Та чинь юутайгаа яриад байгаа юм бэ?” гэв.
Бадарчин “Зүгээр, авгай минь! Надтай хамт нэг хий юм явдаг юм аа. Энэ гайхал тийрэн “Танай авдрын ард хонины тарган бөгс байна. Авъя гэж байхгүй юу! Би тэгээд хорьж байгаа нь энэ ээ” гэжээ.
Тэгтэл авгай босон харайж бушуухан нөгөө махаа бүгдийг авч өгөөд “Лам минь! Та тэр хий юмаа хамт дагуулаад явж хайрла! Гэвээ. Бадарчин ч “За тэгье. Та нэгэнт шунасан зүйлий нь өгсөн хойно энэ маань сэтгэл хоргодохгүй надтайгаа хамт явна” гэж хонины бөгсийг харамч авгайгаас сүжиг бишрэлээр нь далимдуулан залилж аваад явж гэнээ.