Харамч авгай бадарчин хоёр
Огноо 2009-12-28 at 16:22 UnknownУрьд нэг бадарчин нэг айлд хавар очжээ. Гэтэл тэр айлын авгай гал дээрээ тогоо тавиад түүн дотроо нэлээд их сүүг жаалхан устай хольж, ганцхан тагш будаа хийчихээд гарав.
Бадарчин их өлсөж явсан болохоороо түүнийг нь чамлаад “Энэ ер нь бүтэхгүй хэрэг болов” гэж бодмогц босон харайж нөгөө хүүдийтэй будаанаас хоёр тагш овоолон хутгаж мөнөө сүүнд нэмж хийчихээд жишим ч үгүй галд нь ганц хоёр аргал хаялсаар суув гэнэ.
Авгай оройн малаа янзалж гүйцээд орж иртэл, гэрийн бусад хүмүүс ч ирцгээжээ. Ингэж байтал будааг ч гаргах цаг болов гэнэ.
Будаа аягалах үеэр бадарчин өөрийнхөө том аягаа өгч дүүргэсэнд нь баярлан аваад инээмсэглэн хэлсэн нь “Авгай аа! Та ялихгүй будаа хийх шиг болсон, гэтэл ийм их өсчээ. Та ер нь яасан их арвин сайхан гартай юм бэ?” гэсэнд нөгөө авгай их л тааламжтай маасганан инээж “Ер нь миний гарыг болдоггүй гэдэг юм. Би гараа татах хэрээрээ л татдаг юм. Гэтэл тун болдоггүй ихдэж орхиод байдаг юм” гээд давгүй суухад нь бадарчин “Уа хөөрхий! Зарим нэг ийм арвин сайхан гартай буянтай авгай байх юм даа” гэж егөөдөөд цадталаа идэж авч гэнэ.