Ууль яагаад шөнө дуугардаг болов?(Хятад)

Нэгэн өдөр ойн эрээн тагтаа зөрөг замаар зугаалан явж байтал өөвгөр ууль том боодол юм үүрсэн явж тааралдав.

- За хаачих нь вэ эгчээ? гэж тагтаа асуусанд Ууль:
- Би нутаг сэлгэхээр шийдлээ. Би баруунтайд тун том, сайхан хонгилд байсан. Тэнд хулгана, мэлхий хичнээн л иднэ, дураараа байлаа. Харин тэр дорно зүг ойн захад ямар байдгийг би мэдэхгүй юм. Муу байх вий гэж айж байна гэв.



- Тэгвэл юунд нутаг сэлгэх гээ вэ? гэхэд:
- Яая гэхэв дээ, миний дуу хоолой хүмүүсийн уур хүргээд байх юмаа. Дуугий минь сонсмогц тэд дахиад л чарлаж, хяхтнаж гарлаа. Ямар зэвүүн муухай дуу вэ,чихээ таглахаас горьгүй нь гээд дор бүрдээ хараах юм.Хүүхдүүдийг нь яана, нэг удаа золтой л хөлийг минь бяц цохичоогүй шүү! Тэгээд л өтөлсөн хойноо өссөн төрсөн нутгаа хаяж, дуулж сурсан дуу хоолойгоосоо салахгүйн тулд ингэж яваа нь энэ шүү дээ гэж ууль их л гомдонгуй үглэнэ.

- Эгч гуай үнэхээр таны дуу хоолой тийм зэвүүн юм гэж үү? гэж тагтаа асуухад:
- Яалаа гэж дээ миний хоолой бол сайхан, эрмэг хоолой юм шүү гэж Ууль хэлээд, чи сонс л доо гэнгүүт амаа том ангайн дөжиртөл У-гу- у, Ух-у-ух хэмээн бахирав. Тагтаа цочиж огло үсрэв.

- Аяа, таны дууч нээрээ сүртэй чанга юм байна. Харин эгч минь таньд л гэж зөвлөхөд, дэмий нутаг сэлгэх гэж явна. Таны дуу хоолой чинь баруунтайгаас зүүнтээ очоод илүү таашаагдахгүй. Тэгэхээр өөр янзаар дуулж сурвал дээр биз дээ гэж тагтааг хэлэхэд Ууль бодож бодож хэлсэн нь:

- Чиний хэлдэг үнэн байх дуугаа л өөрчлөхийг хичээе гээд Ууль хуучин нутагтаа очиж хонгилдоо оржээ. Түүнд дуу хоолойгоо өөрчлөх нь үнэхээр хэцүү ажээ. Ууль дуугаа чанга сул, урт богино, нарийн бүдүүн янз янзаар өөрчлөн оролдож дуулавч тэр бүгд нь нэг л хэвтэй байв. Түүний дуу хоолой өөртөө л таалагдаж, бусдад ер таалагдсангүй гэнэ. Тэгээд Ууль хамаг амьтан шөнө дуг нойрондоо байхад нь дуугардаг болсон гэдэг! Үүнээс өөр арга алга даа.

0 Сэтгэгдэл: