Амбе, Рамбе гэдэг ах дүү хоёр хулгана(Энэтхэг)
Огноо 2009-10-23 at 16:28 UnknownНэгэн том байшинд нэг муур амьдардаг байв. Энэ байшинд олон хулгана байдаг. Муур тэдгээр хулганаас барьж идэж ихэд цатгалан амьдарна. Цаг үе өнгөрч муур ихэд хөгшрөн хулгана барьж идэх чадал тэнхээгүй болжээ. Хэрхэн яаж хоол олж идэх тухай болдож бодож эцэст нь хулгануудыг дуудаж хэлсэн нь:
- Хөөрхөн хулгануудаа та нарыг дуудсан учир бол, би та нарын өмнө их нүгэл хийсэн их буруутан гэдгээ хүлээх гэсэн юм. Энэ тухай хэлэхэд үнэхээр ичмээр боловч яая гэхэв. Үүнээс хойш та нарт ямар ч гэм хийхгүй ээ. Та нар надаас айлгүй дураараа зугаалж байгтун. Харин та нараас гуйх нэг зүйл байна. Юу гэвэл хөөрхөн хулгана та нарыг би өдөр бүр харж байхгүй бол надад нэн уйтгартай байдаг юм. Тиймээс хулганууд та нар өдөр бүр миний дэргэдүүр цувран өнгөрч намайг саатуулж байвал би их баярлахсан. Надаас ер айх явдалгүй гэжээ.
Муурын энэ үгийг сонсоод хулганууд, муур гуай ямар нэг аюул учруулахгүй боллоо. Үүнээс хойш энх сайхан амьдрах болно гэж баярлан муурын саналыг зөвшөөрчээ. Муур байшингийн нэг буланд сууж хулганууд дэргэдүүр нь цувран өнгөрөхдөө Муур гуайн амрыг айлтгая! Хэмээн бөхийн ёсолж цувран одно. Тэгэхэд нь муу санаат муур хамгийн сүүлийн хулганыг барьж иддэг байж. Ийнхүү хэдэн өдөр хоолтой байж гэнэ. Анхны үед муурын энэ залийг хулганууд ер мэдэхгүй байв. Гэтэл энэ хулгануудын дотор Амбе, Рамбе гэдэг нэртэй найз хоёр хулгана бидний тоо яагаад цөөрөөд байна вэ? гэж гайхан хоорондоо зөвлөлдөж үүний учрыг олохоор арга зохиож муурын дэргэдүүр явахдаа хамгийн түрүүнд Рамбе хамгийн сүүлд Амбе явахаар шийдэж бие биеэсээ дуудаж байхаар болжээ. Рамбе муурын дэргэд ирж амар мэндийг нь эрж цааш явахдаа АмбеД
- Найзаа чи хаана явна? гэж дуудахад, Рамбе:
- Найзаа би энд байна шүү хэмээн хамгийн сүүлээс хашгиран Рамбе Амбег хүлээж зогсон хамт цааш явав. Муур Амбег барьж идэж чадсангүйдээ хорсож ихэд уурлан өлөн хоосон хонов.
Маргааш энэ мэтээр Рамбе, Амбе хоёр түрүү сүүл хоёрт явав. Муур бас л хулгана барьж чадсангүй хонов. Ингээд хэдэн өдөр өл хоолгүй өлсгөлөн муур тэссэнгүй нэг өдөр хамгийн сүүлийн хулгана Амбе руу ухасхийхэд урьдаас болгоомжтой явсан Амбе болон бусад хулганууд тал бүрт зугатан нүх сүв рүү орж явчихав. Зальт муурын хууран мэхлэх санааг мэдсэн хулганууд дахин гарч ирсэнгүй. Муу санаат муур ч идэх хоолгүй өлсөж өлбөн турж үхжээ. Түүнийг үхсэнээс хойш тэр байшинд хулганууд амар жимэр аж төрөх болсон ажээ.