Бүргэд яагаад халзан болсон бэ?(Бирм)
Огноо 2009-10-23 at 16:18 UnknownЭрт урьд цагт бүргэд ихэд номхон шувуу байв. Тэр үед бүргэдийн өд сөд нь хатуу бөгөөд өтгөн шигүү, харин толгой нь ширхэг ч үсгүй халзан байжээ. Бүргэд нэг өдөр нуурын тунгалаг усанд өөрийнхөө дүрсийг хараад ихэд уурлан хилэгнэж өдөр бүр бурханд очиж намайг яагаад халзан болгочихсон юм бэ гэж гомдол мэдүүлдэг болжээ.
Бүргэд гомдсон тэр уурандаа идэж уухаа больж цаг мөч бүр улам турсаар байв. Энэ үед бусад бүх шувууд бүргэдийг хайрлаж шувууд өөрийнхөө өднөөс нэг нэгийг бүргэдэд бэлэглэжээ. Тэр янз бүрийн өдийг бүргэд аваад толгой, хөл бүх биеэрээ алаглуулж шувуудын дотроос хамгийн сайхан шувуу болсон гэнэ. Тэгээд нэгэн өдөр бүргэд нөгөө тунгалаг уст нуурандаа очиж дүрсээ хараад ихэд баярлан бардам дээрэнгүй болов.
Бүргэд нэг ойгоос нөгөөд уул ус дамжин нисэж өөрийгөө хамгийн гоё сайхан шувуу гэх сайрхан бардамнаж бусад шувуудыг “чи ямар муухай юм бэ?” “чамд ямар цөөхөн өд байдаг юм бэ?” “чамайг харахад эрэмдэг юм шиг бузар муухай харагдаж байна” гэх мэтээр доромжилдог болжээ. Бүргэд өдөр ирэх тутам эрхэмсэг бардам омог дээрэнгүй болсоор байв. Сүүлдээ бүргэд өөрийгөө жигүүртний хаан гэж нэгэн өглөө зарлаад:
- Энэ мөчөөс эхлэн бүх шувууд надад захирагдаж, миний юу хүссэнийг үг дуугүй биелүүлж байх болно! гэж гэнэ. Бүх жигүүртнүүд бүргэдийн үгийг сонсоод зэвүүрхэн хилэгнэж ухасхийн дайраад өөрсдийн урьд бэлэглэсэн өднүүдээ буцааж авав. Далимд нь бүргэдийн өд ч олон олноороо сугаран хаягджээ. Тэгсэн чинь бүргэд урьдхаасаа бүр муухай, нэвсгэр юм болсон ажээ. Тэгээд зөвхөн бүргэдийн толгойд нь төдийгүй хүзүүнд нь ч үс үлдсэнгүй аж.
Тэр цагаас хойш бүргэд халзан болсон гэдэг. Бүргэдийн нүдэнд ямар нэгэн шувуу л харагдвал өшөө авахын тулд түүн рүү довтолдог болсон гэнэ. Бусдын тусыг усаар хариулж ихэмсэг дээрэнгүй болно гэдэг мөн ч хортойяа.