Сонсгоодой эмгэн
Огноо 2009-12-28 at 16:23 UnknownЭрт урьд цагт Сонсгоодой эмгэн гэгч байжээ. Сохор саарал ухнатай, шатууланхан нум сумтай. Хорхой сааж хорин гүзээ тос авдаг, аалз сааж арван гүзээ тос авдаг юмсанжээ. Тарвага сааж тавин гүзээ тос авдаг, зурам сааж зуун гүзээ тос авдаг юмсанжээ.
Хааны адууны хүн ирж, тосноосоо өгч гэнэ. Идэх гээд эрхийгээ тас хазаж, долоох гээд долоовороо тас хазжээ. “Эмгэний тосноос аваад ир” гэж хаан зарлиг болжээ. Эмгэн тосноосоо өгч, “Бас аваад ир” гэж , бас л өгч, хаан “Бүгдийг аваад ир” гэж. Эмгэн “Өгөхгүй ээ” гэж. “Эс өгвөл, маргааш улаан нарнаар Болзоотын бор толгой дээр оч” гэв. Сонсгоодой эмгэн сохор саарал ухнаа унаад, шатуулан нум сумаа агсаад, Болзоотын бор толгой дээр очиж гэнэ. Хаан түмэн цэргээ дагуулаад хүрээд ирж, Сонсгоодой эмгэн хэлжээ:
“Халдаж байгаагаараа та харвах уу,
Хахигдаж байгаагаараа би харвах уу?”
“За, чи харва” гэж эмгэнийг хэлжээ.
“Түмэн цэргийн түрүү тас харваад,
Түнтгэр уулын ёроолыг ховх харваад,
Тоодог ноёны толгойг тас харваад,
Тотгор буурын туурай сэт харвах уу?” гэж асууж.
“Тоодог ноёны толгой юунд харвах вэ,
Тотгор буурын туурай юунд харвах вэ,
Түмэн цэргийн түрүү юунд харвах вэ,
Түнтгэр уулын хормойг л харва даа” гэж.
Сонсгоодой эмгэн өглөөний улаан нарнаар чиглүүлээд, үдшийн улаан нарнаар Тоодог ноёны толгойг тас харваад тотгор буурын туурай сэт харваад түмэн цэргийн түрүү тас харвааад, түнтгэр уулын ёроолыг ховх харвачихжээ.
Сонсгоодой эмгэн ингэж хааныхныг дийлчихээд харьж явахдаа “Би эртэй эмгэн чухам мөн юм даа” гэж бодоод ухнаа ороолгоод давхиж явжээ. Тэгтэл зам дээр нэг гишүү байна гэнэ. “Энэний чинь аваачиж түлээд хорхойн сүүгээрээ өрөм байлгаж иддэг хэрэг” гээд дүүрээд давхиж явжээ. Сохор саарал ухна нь таварцаглаад ойчжээ. Сонсгоодой эмгэний цавиар нь гишүү хатгаад алчихжээ. Ингээд амар сайхан жаргажээ.
манай эмээ арай өөр хувилбараар ярьж өгч байсан юм. Шонхоодой эмгэн хорхой сааж 20, аалз сааж 10 гүзээ тосоо хийгээд сууж бхад нь хааны элч ирэхэд нь аяганд хийгээд өгтөл аягаа цоо долоочиж, алганд нь хийгээд өгтөл алгаа цоо долоочиж.. шонхоодой эмгэн уурлаад, хааны хиа байж яасан долгомцог юм гээд шанагаараа цохисон чинь үхчихэж гээд.. тэгээд хаантай байлдах болдог..