Харамч авгай бадарчин хоёр

Урьд нэг бадарчин нэг айлд хавар очжээ. Гэтэл тэр айлын авгай гал дээрээ тогоо тавиад түүн дотроо нэлээд их сүүг жаалхан устай хольж, ганцхан тагш будаа хийчихээд гарав.
Бадарчин их өлсөж явсан болохоороо түүнийг нь чамлаад “Энэ ер нь бүтэхгүй хэрэг болов” гэж бодмогц босон харайж нөгөө хүүдийтэй будаанаас хоёр тагш овоолон хутгаж мөнөө сүүнд нэмж хийчихээд жишим ч үгүй галд нь ганц хоёр аргал хаялсаар суув гэнэ.
Авгай оройн малаа янзалж гүйцээд орж иртэл, гэрийн бусад хүмүүс ч ирцгээжээ. Ингэж байтал будааг ч гаргах цаг болов гэнэ.
Будаа аягалах үеэр бадарчин өөрийнхөө том аягаа өгч дүүргэсэнд нь баярлан аваад инээмсэглэн хэлсэн нь “Авгай аа! Та ялихгүй будаа хийх шиг болсон, гэтэл ийм их өсчээ. Та ер нь яасан их арвин сайхан гартай юм бэ?” гэсэнд нөгөө авгай их л тааламжтай маасганан инээж “Ер нь миний гарыг болдоггүй гэдэг юм. Би гараа татах хэрээрээ л татдаг юм. Гэтэл тун болдоггүй ихдэж орхиод байдаг юм” гээд давгүй суухад нь бадарчин “Уа хөөрхий! Зарим нэг ийм арвин сайхан гартай буянтай авгай байх юм даа” гэж егөөдөөд цадталаа идэж авч гэнэ.


Цааш нь...

Төөхөн хүү мангас эмгэн хоёр

Төөхөн хүү төө халзан шартай байжээ. Төө халзан шараа алж идэж. Богино хавиргыг нь босон суун барахгүй, өндөр хавиргыг нь өндийж хонож эс баржээ. Төөхөн хүү гүйж явтал нэг хэрээ тааралдаж. “Хэрээ гуай, хэрээ гуай, төө халзан шарны махнаас идэлцэж өгөөч!᠌" гэхэд “Хэрээ идэхгүй” гэж. Цааш гүйгээд явж. Нэг мангас эмгэнийд очиж. “Төө халзан шараа алсан нь, босон суун богино хавиргыг нь барсангүй, өндийн суун өндөр хавиргыг нь барсангүй” гэхэд Мангас эмгэн “Идье дээ!" гэж. Мангас төө халзан шарынх нь махыг төөхөн хүүг өөрийг нь идэх гэж. Тоононоос дүүжилчихэж. Мангас юманд явчихаж. Мангас долоон шар хүүхэдтэй юмсанж. Төөхөн хүү мангасын долоон шар хүүг алчихаж, махы нь татаад эхэд нь тавьчихаж. Төөхөн хүү дээвэр цаваг хоёрын завсарт орчихож. Мангас хүрээд ирж. “Долоон шар хүүхэд минь Төөхөн хүүгийн махыг татаад тавьж” гэж хэлж. Тэгээд махы нь идэж. “Долоон шар хүүхэд минь яасан их унтаа вэ?” гээд дээлийг нь татаж. Долоон шар толгой нь өнхрөөд ойчиж. “Төөхөн хүү, чи хаана байна?” гэж. “Гэрт байна” гэж дуугарч. Гэртээ ороод “Төөхөн хүү хаа байна” гэж. “Гадаа байна” гэж. Төөхөн хүүг эрээд гэрээ буулгаж. Төөхөн хүү хүүхдийнх нь цусыг олгойд нь хийгээд авч зугтжээ. Мангасаас зугтааж, мангас гүйцэж ойртож. Мөсөн дээгүүр гүйж яваад цусы нь асгажээ. “Төөхөн хүүгийн цус гоожжээ” гэж мангас долоожээ, хэл нь мөсөнд наалдаж. Мангас “Төөхөн хүү, төөхөн хүү!”гэж дуудаж “Төөхөн хүү, хэл мөс хоёрын завсраар цавцаад аль!гэж. Төөхөн хүү: “Толгой хүзүү хоёрын завсраар цавцаад аль гэж хэлэв үү?” гээд толгой хүзүү хоёрын нь завсраар цавчаад алчихжээ. Ингээд амар сайхан жаргажээ.


Цааш нь...

Ууль яагаад шөнө дуугардаг болов?(Хятад)

Нэгэн өдөр ойн эрээн тагтаа зөрөг замаар зугаалан явж байтал өөвгөр ууль том боодол юм үүрсэн явж тааралдав.

- За хаачих нь вэ эгчээ? гэж тагтаа асуусанд Ууль:
- Би нутаг сэлгэхээр шийдлээ. Би баруунтайд тун том, сайхан хонгилд байсан. Тэнд хулгана, мэлхий хичнээн л иднэ, дураараа байлаа. Харин тэр дорно зүг ойн захад ямар байдгийг би мэдэхгүй юм. Муу байх вий гэж айж байна гэв.



- Тэгвэл юунд нутаг сэлгэх гээ вэ? гэхэд:
- Яая гэхэв дээ, миний дуу хоолой хүмүүсийн уур хүргээд байх юмаа. Дуугий минь сонсмогц тэд дахиад л чарлаж, хяхтнаж гарлаа. Ямар зэвүүн муухай дуу вэ,чихээ таглахаас горьгүй нь гээд дор бүрдээ хараах юм.Хүүхдүүдийг нь яана, нэг удаа золтой л хөлийг минь бяц цохичоогүй шүү! Тэгээд л өтөлсөн хойноо өссөн төрсөн нутгаа хаяж, дуулж сурсан дуу хоолойгоосоо салахгүйн тулд ингэж яваа нь энэ шүү дээ гэж ууль их л гомдонгуй үглэнэ.

- Эгч гуай үнэхээр таны дуу хоолой тийм зэвүүн юм гэж үү? гэж тагтаа асуухад:
- Яалаа гэж дээ миний хоолой бол сайхан, эрмэг хоолой юм шүү гэж Ууль хэлээд, чи сонс л доо гэнгүүт амаа том ангайн дөжиртөл У-гу- у, Ух-у-ух хэмээн бахирав. Тагтаа цочиж огло үсрэв.

- Аяа, таны дууч нээрээ сүртэй чанга юм байна. Харин эгч минь таньд л гэж зөвлөхөд, дэмий нутаг сэлгэх гэж явна. Таны дуу хоолой чинь баруунтайгаас зүүнтээ очоод илүү таашаагдахгүй. Тэгэхээр өөр янзаар дуулж сурвал дээр биз дээ гэж тагтааг хэлэхэд Ууль бодож бодож хэлсэн нь:

- Чиний хэлдэг үнэн байх дуугаа л өөрчлөхийг хичээе гээд Ууль хуучин нутагтаа очиж хонгилдоо оржээ. Түүнд дуу хоолойгоо өөрчлөх нь үнэхээр хэцүү ажээ. Ууль дуугаа чанга сул, урт богино, нарийн бүдүүн янз янзаар өөрчлөн оролдож дуулавч тэр бүгд нь нэг л хэвтэй байв. Түүний дуу хоолой өөртөө л таалагдаж, бусдад ер таалагдсангүй гэнэ. Тэгээд Ууль хамаг амьтан шөнө дуг нойрондоо байхад нь дуугардаг болсон гэдэг! Үүнээс өөр арга алга даа.


Цааш нь...

Нар, сар хоёр(Дагомей)

Эрт урьд цагт нар сар хоёр садан төрөл учир саахалт холбоо аж төрөн амьдардаг байж гэнэ. Сар нэг өдөр Нарандаа хэлсэн:

- Хоёулаа хүүхдүүдээ дэлхийд буулгая. Газар үзэж нүд тайлаг гэж хэлжээ. Нар түүнийг зөвшөөрч гэнэ. Сар хүүхдээ нуучихаад уут дүүрэн чулуу түүж аваад болзсон өдөртөө Наранд очжээ. Сарны санаа муутайг Нар мэдсэнгүй. Нар хүүхдүүдээ хүүдийд хийж дэлхий рүү хаяхад бэлтгэв. Эхлээд сар ууттай чулуугаа дэлхийн нэг том мөрөн рүү хаяж, араас нь Нар хүүдийтэй хүүхдүүдээ шиджээ. Ингээд Нар Сар хоёр гэр гэртээ харихаар явцгаажээ.

Өдөр өнгөрч орой болмогч Нар амрахаар хэвтэх гэж байтал Сар хүүхдүүдээ дагуулаад тэнгэрт гараад ирэхийг нар харжээ. Нарны уур хүрч, Сарыг барьж аваад яагаад хууран мэхэлж хүүхдүүдийг минь дэлхийд хаяуулсаныг асуужээ. Сар хариуд нь:

- Чи бол хэн бүхнээс хэтрүү их чадалтай байна. Хэрэв хүүхдүүд чинь өсөж том болоходп хүч чадал чинь бүр ч гаарна. Тэгэхлээр чиний хүүхдүүд дэлхийн усанд очиж загас болог, хүмүүс загас барьж хооллож байг гэж хэлсэн гэнэ.

Түүнээс хойш сар нар хоёр садагнахаа больж саахалт хоршоо амьдрахаа зогсоод, хол хол замаар хувь хувьдаа аж төрөх болсон агаад Нар бол үнэнч шудрага байдагтаа өөрийн элч эрдэм чадал хэвээр үлдэж, бусдыг хар буруу санаагаар хууран мэхэлж залилсан Сар эрдэм чадал мөхөс дутуу болсон гэнэ.


Цааш нь...

Амбе, Рамбе гэдэг ах дүү хоёр хулгана(Энэтхэг)

Нэгэн том байшинд нэг муур амьдардаг байв. Энэ байшинд олон хулгана байдаг. Муур тэдгээр хулганаас барьж идэж ихэд цатгалан амьдарна. Цаг үе өнгөрч муур ихэд хөгшрөн хулгана барьж идэх чадал тэнхээгүй болжээ. Хэрхэн яаж хоол олж идэх тухай болдож бодож эцэст нь хулгануудыг дуудаж хэлсэн нь:

- Хөөрхөн хулгануудаа та нарыг дуудсан учир бол, би та нарын өмнө их нүгэл хийсэн их буруутан гэдгээ хүлээх гэсэн юм. Энэ тухай хэлэхэд үнэхээр ичмээр боловч яая гэхэв. Үүнээс хойш та нарт ямар ч гэм хийхгүй ээ. Та нар надаас айлгүй дураараа зугаалж байгтун. Харин та нараас гуйх нэг зүйл байна. Юу гэвэл хөөрхөн хулгана та нарыг би өдөр бүр харж байхгүй бол надад нэн уйтгартай байдаг юм. Тиймээс хулганууд та нар өдөр бүр миний дэргэдүүр цувран өнгөрч намайг саатуулж байвал би их баярлахсан. Надаас ер айх явдалгүй гэжээ.

Муурын энэ үгийг сонсоод хулганууд, муур гуай ямар нэг аюул учруулахгүй боллоо. Үүнээс хойш энх сайхан амьдрах болно гэж баярлан муурын саналыг зөвшөөрчээ. Муур байшингийн нэг буланд сууж хулганууд дэргэдүүр нь цувран өнгөрөхдөө Муур гуайн амрыг айлтгая! Хэмээн бөхийн ёсолж цувран одно. Тэгэхэд нь муу санаат муур хамгийн сүүлийн хулганыг барьж иддэг байж. Ийнхүү хэдэн өдөр хоолтой байж гэнэ. Анхны үед муурын энэ залийг хулганууд ер мэдэхгүй байв. Гэтэл энэ хулгануудын дотор Амбе, Рамбе гэдэг нэртэй найз хоёр хулгана бидний тоо яагаад цөөрөөд байна вэ? гэж гайхан хоорондоо зөвлөлдөж үүний учрыг олохоор арга зохиож муурын дэргэдүүр явахдаа хамгийн түрүүнд Рамбе хамгийн сүүлд Амбе явахаар шийдэж бие биеэсээ дуудаж байхаар болжээ. Рамбе муурын дэргэд ирж амар мэндийг нь эрж цааш явахдаа АмбеД

- Найзаа чи хаана явна? гэж дуудахад, Рамбе:
- Найзаа би энд байна шүү хэмээн хамгийн сүүлээс хашгиран Рамбе Амбег хүлээж зогсон хамт цааш явав. Муур Амбег барьж идэж чадсангүйдээ хорсож ихэд уурлан өлөн хоосон хонов.

Маргааш энэ мэтээр Рамбе, Амбе хоёр түрүү сүүл хоёрт явав. Муур бас л хулгана барьж чадсангүй хонов. Ингээд хэдэн өдөр өл хоолгүй өлсгөлөн муур тэссэнгүй нэг өдөр хамгийн сүүлийн хулгана Амбе руу ухасхийхэд урьдаас болгоомжтой явсан Амбе болон бусад хулганууд тал бүрт зугатан нүх сүв рүү орж явчихав. Зальт муурын хууран мэхлэх санааг мэдсэн хулганууд дахин гарч ирсэнгүй. Муу санаат муур ч идэх хоолгүй өлсөж өлбөн турж үхжээ. Түүнийг үхсэнээс хойш тэр байшинд хулганууд амар жимэр аж төрөх болсон ажээ.


Цааш нь...

Бүргэд яагаад халзан болсон бэ?(Бирм)

Эрт урьд цагт бүргэд ихэд номхон шувуу байв. Тэр үед бүргэдийн өд сөд нь хатуу бөгөөд өтгөн шигүү, харин толгой нь ширхэг ч үсгүй халзан байжээ. Бүргэд нэг өдөр нуурын тунгалаг усанд өөрийнхөө дүрсийг хараад ихэд уурлан хилэгнэж өдөр бүр бурханд очиж намайг яагаад халзан болгочихсон юм бэ гэж гомдол мэдүүлдэг болжээ.

Бүргэд гомдсон тэр уурандаа идэж уухаа больж цаг мөч бүр улам турсаар байв. Энэ үед бусад бүх шувууд бүргэдийг хайрлаж шувууд өөрийнхөө өднөөс нэг нэгийг бүргэдэд бэлэглэжээ. Тэр янз бүрийн өдийг бүргэд аваад толгой, хөл бүх биеэрээ алаглуулж шувуудын дотроос хамгийн сайхан шувуу болсон гэнэ. Тэгээд нэгэн өдөр бүргэд нөгөө тунгалаг уст нуурандаа очиж дүрсээ хараад ихэд баярлан бардам дээрэнгүй болов.

Бүргэд нэг ойгоос нөгөөд уул ус дамжин нисэж өөрийгөө хамгийн гоё сайхан шувуу гэх сайрхан бардамнаж бусад шувуудыг “чи ямар муухай юм бэ?” “чамд ямар цөөхөн өд байдаг юм бэ?” “чамайг харахад эрэмдэг юм шиг бузар муухай харагдаж байна” гэх мэтээр доромжилдог болжээ. Бүргэд өдөр ирэх тутам эрхэмсэг бардам омог дээрэнгүй болсоор байв. Сүүлдээ бүргэд өөрийгөө жигүүртний хаан гэж нэгэн өглөө зарлаад:
- Энэ мөчөөс эхлэн бүх шувууд надад захирагдаж, миний юу хүссэнийг үг дуугүй биелүүлж байх болно! гэж гэнэ. Бүх жигүүртнүүд бүргэдийн үгийг сонсоод зэвүүрхэн хилэгнэж ухасхийн дайраад өөрсдийн урьд бэлэглэсэн өднүүдээ буцааж авав. Далимд нь бүргэдийн өд ч олон олноороо сугаран хаягджээ. Тэгсэн чинь бүргэд урьдхаасаа бүр муухай, нэвсгэр юм болсон ажээ. Тэгээд зөвхөн бүргэдийн толгойд нь төдийгүй хүзүүнд нь ч үс үлдсэнгүй аж.

Тэр цагаас хойш бүргэд халзан болсон гэдэг. Бүргэдийн нүдэнд ямар нэгэн шувуу л харагдвал өшөө авахын тулд түүн рүү довтолдог болсон гэнэ. Бусдын тусыг усаар хариулж ихэмсэг дээрэнгүй болно гэдэг мөн ч хортойяа.


Цааш нь...

Маргаашийг хайсан нь(Бразил)

Урьд нэгэн хүн холын аянд гараад явж байтал нар жаргаж харуй бүрий болов. Цааш явтал замын ойролцоо нэг бяцхан сууцнаас галын гэрэл гарч байхаар нь очиж танайд хоноод явъя гэжээ. Гэрийн эзэд зөвшөөрсөн төдийгүй, хоол цай өгч зочилжээ. Гэтэл оройн хоол идмэгцээ тэднийх гэр бүлээрээ ямар нэгэн юманд явахаар яарч сандран бэлдэв гэнэ. Ирсэн зочин:
- Таминь, энэ орой болсон хойно хаачихна вэ? гэсэнд тэд хариулсан нь:
- Бид маргааш өдрийг олохоор явна гэв. Юу хэлж байгаагын учрыг эс олсон зочин ихэд гайхан, гэрийн эзэн рүү ширтэнэ. Гэрийнхэн явахад бэлэн болмогцоо дор бүрдээ хоосон шуудай авцгааж гэрээс гарч явахдаа хамгийн түрүүнд аав нь дараа нь ээж нь, хойноос нь хүүхдүүд нь түүний араас өвөг эцэг, эмэг ээж нь цувран явжээ. Ийнхүү агшин зуур тэдний гэр хов хоосон болмогц нөгөө зочин бодож суусанаа тэдний араас гарч одов.
Тэд явсаар.... хав харанхуй шөнө болов. Ингэж явтал үүр цаймагц тэд гэрэл гэгээг хоосон шуудайдаа хийж амыг нь боогоод буцацгаажээ. Тэднийг гэртээ эргэж ирэхэд бүр өдөр болсон байв. Зочин ч тэдэнтэй хамт гэрт нь ирж бүх учрыг мэдэж аян замдаа гарав. Тэгээд хэд хоногийн хойно аянаас буцах замдаа тэднийд ирэхдээ нэг азарган тахиа бэлэглээд хэлсэн нь:
- Та нарыг дандаа маргаашийг эрж олохоор явж байхгүйн тулд би тахиа авчирлаа. Энэ тахиа бол танайд маргаашийг ирүүлж байх болно. Тахиагаа шөнө өндөр газар байрлуулж байгаарай. Тахиа үүр шөнөөр анх дуугарах нь өдөр болох болоогүй гэсэн дохио, хоёр дахь дуугаралт нь өдөр болж буйн дохио, гурав дахь дуугаралт нь бүр өдөр болчихсоны дохио юм шүү гэв.
Тэр гэрийнхэн тахиаг сонирхон ажиглацгаана. Тахиа үе үе Го-го-го гэж дуугарахад нь тэд бишүүрхэн айж дөлсхийнэ. Харин гэрийн эзэн ийм том бэлэг авсандаа сэтгэл хангалуун эхнэртээ хэлсэн нь:
Эхнэрээ бид одоо маргаашийгаа шуудайд хийж ирэх гэж тэр хол тэнэж явах хэрэггүй боллоо гэв.
Ирсэн зочин ч гэрийхэнтэй салах ёс гүйцэтгээд ирсэн замаараа буцжээ. Зочныг яваад нилээд удсан хойно тэр айлын авгай нөхрөө дуудан:
Хүүе, бид нэг юм мартжээ. Энэ тахиа юу идэж уудгийг асуусангүй байна шүү? Гэхэд нөхөр нь тэр даруй нөгөө зочны хойноос хурдлав. Арайхийж гүйцэж очоод: Зогсоорой зогсоорой найзаа тэр тахиа юу идэж уудаг амьтан бэ? хэлээд өгөөч гэхэд нөгөө зочин:
Тэр чинь юм бүхнийг иддэг юм гэхээс өөр юу ч дугарсангүй цааш яаран одов. Гэрийн эзэн үүнийг сонсоод дотрооо залбирч эргэж гэртээ хурдан ирээд гайхсан, айсан сандруу дуугаар:
Ээ авгай минь бидэнд ямар гай тохиолдох нь энэ вэ? Бурхан биднийг өршөөг энэ тахиа юм бүхнийг идчихдэг юм гэнэ. Тэгэхлээр одоо яах вэ? Бид бүгдийг идэх нь! Гэхэд эхнэр нь бүр цөхрөнгөө баран айж:
- За нөхөр минь амьд мэнд дээрээ бушуухан цааш нь харуулая гэв. Тэгээд гэр бүлийн бүх хүмүүс гарт дайралдсан бүхнээр хөөрхий муу тахиаг зодож нүдэн хөөв.
Тэр цагаас хойш замын хажуугийн тэр гэрийнхэн шөнө болмогц маргаашийгаа олж ирэхээр шуудай барин урьдын адил явцгаадаг болжээ.
Харин тахиа алс холын нэгэн тосгонд очиж, тэр газартаа маргаашийг дуудан ирүүлж амар сайхан жаргах болсон гэдэг.


Цааш нь...

Илжиг дуулж чадахаа больсон нь(Итали)

Эрт урьд цагт илжиг эрэмгий баргил хоолоотой сайн дуучин гэж бүх ан амьтанд гайхагдаж байжээ. Нэг удаа ертөнцийн ан амьтан хуран цугларч, арслан хаан даргалан хуралдуулжээ.
Арслан асуусан нь:
- Та нарын хэн нь гоё ганган бэ?
Илжиг тэндээс яаран босож би байна гэж орилжээ.
- Илжиг чи хамгийн гоё ганган нь юм биз дээ. Сайн байна. За тэгвэл та нарын хэн нь хамгийн хүчтэй вэ? гэж арслан асуусанд, бусад ан араатныг амаа ч ангайхын завдалгүй илжиг тэндээс:
- Би байна гэж бахирчээ. Арслан
- За тийм байж та нарын хэн нь хамгийн тэнэг бэ? гэж асууж дуусаагүй шахам байтал, илжиг санд мэнд яаран босож:
- Би байна гэж бахирсанд бүх амьтад элгээ хөштөл инээж илжигийг шоолжээ. Илжиг сая учрыг ухаарч ичсэндээ баргил бүдүүн хоолой нь өнгө алдан сөөнгтөж би ий-ий гэхээс цааш дуугарч чадсангүй.
Тэр цагаас хойш илжиг сайн дуучин гэгдэхээ болиод царгиа муухай дуугаар би... ий.... ий....би....ий....ий гэж орилох болсон гэнэ.


Цааш нь...

Хаанаас цэцэн боол(Нигер)

Нэгэн хаанд гурван боол байжээ. Тэр гурав тус бүр хүү төрүүлж Үл мэдэгч, Хурц хараат, Цэцэн ухаант гэсэн нэр өгчээ. Тэдр өсөж том болоод хаанд зарцлагдах болов. Нэгэн өдөр хаан Үл мэдэгч, Хурц хараат хоёрт тарих будаа өгч, Цэцэн ухаантанд сүрэл өгөөд зарлиг буулгасан нь:
Та нар дараа жил надад тус бүр 300 боодол тариа авч ир гэжээ. Хойтон жил нь ургац хурааж Үл мэдэгч, Хурц хараат хоёр тус бүр гурван зуун боодол тариа авч ирэв. Харин Цэцэн ухаант сагс дүүрэн хивэг авчирчээ. Тэд хаанд бараалхаж Үл мэдэгч, Хурц хараат хоёр нь:
- Бид хоёр тус тус гурван зуун боодол тариа авч ирлээ гэв.
Цэцэн ухаант:
- Энэ миний ургац гэж хэлсэнд хаан:
- Яагаад чи надад гурван зуун боодол будаа авчирсангүй вэ? гэсэнд
- Та надад өгсөн сүрэлийг би суулгасан. Тэгээд ургасаныг нь авчирлаа гэжээ.
Хаан хоёр үнээ, нэг бух авч ирүүлээд хойтон жил тус бүр хоёр тугал авчирч өг гээд Үл мэдэгч, Хурц хараат хоёрт хоёр үнээ өгч, цэцэн ухаантанд бух өгчээ.
Дараа жил хаанд Үл мэдэгч хоёр тугал, Хурц хараат мөн хоёр тугал авч ирэв. Цэцэн ухаант том сүх мөрлөж ирээд хааны ордны дэргэдэх өндөр модыг цавчиж эхлэв.
Хаан хэлсэн нь:
- Үл мэдэгч, Хурц хараат тус бүр хоёр тугал авчирлаа. Цэцэн ухаант яав? Гэсэнд зарц нар нь:
- Тэр чинь таны өргөөний дэргэдэх модыг цавчиж байна гэв. Хаан:
- Хүүе чи мод тайраад яаж байгаа чинь энэ вэ? гэсэнд Цэцэн ухаант хариуд нь:
- Аав маань төрөөд, түүнд түлээ бэлдэж байна гэв.
- Чи юу яариад байна даа эрэгтэй хүн хүүхэд төрүүллээ гэж үү гэж хаан гайхсанд Цэцэн ухаант:
- Та эрэгэй хүн хүүхэд төрүүлдэггүйг мэддэг юм байна. Гэтэл надад бух өгөөд түүнээс хоёр тугал ав гэсэн билээ гэжээ. Хаан ихэд уурлан:
- Энэ хар хүүг яая даа гэж асуусанд ордны зөвлөгч нар нь:
- Түүнийг ал. Түүнд тансаг сайхан хувцас хатгамалтай алчуур өмсүүлээд сайн морь өг. Өөрийнхөө хүүд хуучин муу хувцас, алчуур өмсгөөд доголон морь унуул. Тэгээд тэднийг ойд зугаалуулахаар явуулаад, баян тансаг хувцастайг нь алуулахаар дээрэмчдийг тийш нь гаргатугай. Энэ бол Цэцэн ухаантыг устгах ганц мэргэн арга биш үү гэж зөвлөжээ. Хаан зөвшөөрч энэ ёсоор хийв. Цэцэн ухаант арваад лонх дарс, арваад лонх ус авахуулаад урьдчилан ой руу хүн явуулж араас нь хааны хүүтэй хамт гарчээ. Тэгээд түрүүн гаргасан хүнээ гүйцэж очоод:
- За амны цангаа гаргацгаая гээд хаан хүү дарснаас Цэцэн ухаант уснаас ууж мордов. Хэсэг зуур явсан аа дахин дарс, уснаас урьдын адил ууцгааж хаан хүү талимааран согтож тэнхээ чадалгүй болжээ. Цэцэн хүү хэлсэн нь:
- Ээ хаан хүү, чиний бие чинь муу байна. Чамайг би ийм муухай байдалтай байлгаж зүрхэлэхгүй байна. Энэ миний өмссөн гоё сайхан хувцас, хатгамалтай алчуур, морийг ав. Надад өөрийнхөө муу хувцас доголон морийг өгөхтүн гэжээ. Тэд хувцас морио сольж цааш явав. Тэгтэл дээрэмчин гэнэт дайрч хаан хүү алагджээ. Цэцэн хүү ордон руу давхиж ирээд, хаанын амар мэндийг асуун хэлсэн нь:
- Надтай зүйрлэх хэн байна гэхэд
- Би байна гэж хаан хариулав. Дараа нь хаан бүх учрыг мэдэж цэцэн хүүг барьж авахаар ухас хийтэл тэр мэлхий болж хувирав. Хаан могой болчихоод мэлхийг залгих гэтэл цэцэн хүү хулгана болчихов. Хаан муур болж хувираад хулганыг идэх гэтэл хулгана шувуу болж хувираад нисээд явчихжээ тэгэхлээр нь хаан харцага болоод шувууг шүүрч идэхээр элджээ. Харцагат хөөгдсөн шувуу нэгэн настай эмэгтэйн нүдэнд орж нүдний цөцгий болж шингэжээ. Харцага нь хөмсөг нь болж тогтсон ажээ.
Тэр цагаас хойш цөцгий нүднээс гардаггүй, яагаад гэвэл хөмсөг түүний гарч ирэхийг хүлээн харуулдаж байдаг. Хүмүүс Цэцэн хүүг хаанаас цэцэн гэж нэрлэдэг болсон гэдэг.


Цааш нь...

Чоно яагаад арьсаа хуулуулав?(Солонгос)

Араатны хаан Бар айхавтар өвдөж нүхэндээ ёолохыг нь хөвч тайгын захад хэвтсэн хөөрхөн бор туулай сонсож тэсэж ядаад дэлдэн хоёр чихээ дэлгэн, дэгдэн дэгдэн түгшүүр заралжээ. Бар хааныгаа балагт өвчинөөс салгах гэж бусад ар араатан дор дороо эм эрсэн боловч олсонгүй.
Өвчин улам улам даамжиран өдөр цагаа хүлээсэн мэт дорджээ. Нэгэнт ингэж туйлдсан учир эзэн хаантайгаа эцсийн салах ёс гүйцэтгэхийг Бар хааны нэгдүгээр орлогч чоно гуай ой тайга, уул талын хамаг ан араатанд хандаж зарлиг буулгажээ. Өдөржин шөнөжин Бар хааны ордонд багтаж ядан чихэлдэж салах ёс хийн түүнд түргэн эдгэрэх бэлэг дэмбэрэлт ёрөөл үлдээнэ. Гэтэл улбар шар үнэг л ирсэнгүй. Чоно үнэгэнд урьдын хадгалсан өш хонзонтой юм байж. Зальт үнэг чоныг олон удаа мэхэлж "Орог саарал орлогч сайд гуай олиггүй муу нохойтой адилхан чи" гэж доромжилсоноос хойш зальт муу үнэгийг заавал би нэг чадна даа гэж боддог болжээ. Тэгтэл энэ удаа завшаан бол Бар хаанд хэлсэн нь:
- Хүчирхэг их эзэн минь таны лагшин чилээрхүү байгааг бүх ан араатан цөм мэдэж хүрэлцэн ирцгээж танд аз жаргал, түргэн эдгэрэх ёрөөл тавиад буцлаа. Гэтэл гагцхүү үнэг л ирсэнгүй. Энэ бол хүчит их эзэн таныг хүндлэхгүй, доромжилж ихэрхсэн өөдгүй амьтан гэж ховложээ.
Бар сонсоод ихэд уурлан "зальт үнэгийг дууд" гэжээ. Чоно:
- Шударга журамт эзэн минь зальт үнэгийг зарлигаар цаазлах нь зүйтэй шүү гэсэнд Бар:
- Одоохон дууд! Хэдэр муу үнэгийг хэдэн хэсэг тасдаад хаячихъя гэж занажээ.
Чоно баярлан, үнэгийг олж ирэхээр ойд оджээ. Харин Бар хааны өргөөны дэргэд бут сондуул дотор үнэг хэвтэж чонын яриаг чагнадаг байсан учир саяхан тэдний ярилцсаныг бас л сонсож байжээ. Чоно яаран сандран балар их ой тайга руу бараагүй одсон хойно үнэг босож, бар хааны ордонд орж ирээд амар мэндийг нь асуун ам хамрыг нь долоох шахам долигножээ.
- Өдий хүртэл миний мэнд амрыг асууж сайн сайхан ерөөл тавихгүй яасан их зантай үнэг вэ чи? Хэн чамайг авчирсан бэ гэж зандран асууж гэнэ.
- Гэгээн их хаантан минь өршөө! Бүх ан араатан танд хүрэлцэн ирсэн боловч өвчний тань эдгээх өчүүхэн ч эм авчирсан нь үгүй билээ. Таны дуулгавартай зарц би эзэн хаан таныгаа аюулт өвчнөөс салгахсан гэж хорвоо дэлхийг хэрэн тэнэж хоног сарыг элээсээр яваад ингэж удлаа гэв.
Үнэгний ярьсныг Бар сонсоод үнэхээр баярлан:
- За яахав хэзээ эдгэрэх нь вэ? хэлээд аль хэрэв чи хэлснээрээ эмчлээд эдгэрвэл би чамайг нэгдүгээр орлогчоо болгоно гэж хэлжээ.
- Эзэнтэн минь, би энэ дэлхийн олон олон эмч нартай уулзлаа. Энэтхэг газрын нэр цуутай нэгэн эмч надад хэлсэнээр бол саяхан алсан чоны арьсыг дэвсэж арван шөнө унтахад л аюулт өвчин арилаад аварга хүчит эзэн та энх мэнд болох юм байна гэжээ. Ингэж хэлээд зальт үнэг нялганан нахилзаж Барын өрөөнөөс гарчээ. Бар зарлиг буулгаж бачит чоныг алаад арьсыг дэвсэж арав байтугай хоносон боловч эдгэрсэнгүй. Энэ завсар үнэг ой тайгаас нүүж өөр газар очсон гэнэ.
Араатны хаан Бар аргат шар үнэгэнд залилуулснаа мэдэж, занаж зүхсэн боловч нэгэнт хожимджээ. Ингээд бачит саарал чоно баларсан түүхтэй гэнэ. Түүнээс хойш хэн бусдыг гүтгэн хилсдүүлбэл өөрөө арьсаа хуулуулдаг болсон гэдэг.


Цааш нь...