Чоно яагаад арьсаа хуулуулав?(Солонгос)
Огноо 2009-07-06 at 14:45 UnknownАраатны хаан Бар айхавтар өвдөж нүхэндээ ёолохыг нь хөвч тайгын захад хэвтсэн хөөрхөн бор туулай сонсож тэсэж ядаад дэлдэн хоёр чихээ дэлгэн, дэгдэн дэгдэн түгшүүр заралжээ. Бар хааныгаа балагт өвчинөөс салгах гэж бусад ар араатан дор дороо эм эрсэн боловч олсонгүй.
Өвчин улам улам даамжиран өдөр цагаа хүлээсэн мэт дорджээ. Нэгэнт ингэж туйлдсан учир эзэн хаантайгаа эцсийн салах ёс гүйцэтгэхийг Бар хааны нэгдүгээр орлогч чоно гуай ой тайга, уул талын хамаг ан араатанд хандаж зарлиг буулгажээ. Өдөржин шөнөжин Бар хааны ордонд багтаж ядан чихэлдэж салах ёс хийн түүнд түргэн эдгэрэх бэлэг дэмбэрэлт ёрөөл үлдээнэ. Гэтэл улбар шар үнэг л ирсэнгүй. Чоно үнэгэнд урьдын хадгалсан өш хонзонтой юм байж. Зальт үнэг чоныг олон удаа мэхэлж "Орог саарал орлогч сайд гуай олиггүй муу нохойтой адилхан чи" гэж доромжилсоноос хойш зальт муу үнэгийг заавал би нэг чадна даа гэж боддог болжээ. Тэгтэл энэ удаа завшаан бол Бар хаанд хэлсэн нь:
- Хүчирхэг их эзэн минь таны лагшин чилээрхүү байгааг бүх ан араатан цөм мэдэж хүрэлцэн ирцгээж танд аз жаргал, түргэн эдгэрэх ёрөөл тавиад буцлаа. Гэтэл гагцхүү үнэг л ирсэнгүй. Энэ бол хүчит их эзэн таныг хүндлэхгүй, доромжилж ихэрхсэн өөдгүй амьтан гэж ховложээ.
Бар сонсоод ихэд уурлан "зальт үнэгийг дууд" гэжээ. Чоно:
- Шударга журамт эзэн минь зальт үнэгийг зарлигаар цаазлах нь зүйтэй шүү гэсэнд Бар:
- Одоохон дууд! Хэдэр муу үнэгийг хэдэн хэсэг тасдаад хаячихъя гэж занажээ.
Чоно баярлан, үнэгийг олж ирэхээр ойд оджээ. Харин Бар хааны өргөөны дэргэд бут сондуул дотор үнэг хэвтэж чонын яриаг чагнадаг байсан учир саяхан тэдний ярилцсаныг бас л сонсож байжээ. Чоно яаран сандран балар их ой тайга руу бараагүй одсон хойно үнэг босож, бар хааны ордонд орж ирээд амар мэндийг нь асуун ам хамрыг нь долоох шахам долигножээ.
- Өдий хүртэл миний мэнд амрыг асууж сайн сайхан ерөөл тавихгүй яасан их зантай үнэг вэ чи? Хэн чамайг авчирсан бэ гэж зандран асууж гэнэ.
- Гэгээн их хаантан минь өршөө! Бүх ан араатан танд хүрэлцэн ирсэн боловч өвчний тань эдгээх өчүүхэн ч эм авчирсан нь үгүй билээ. Таны дуулгавартай зарц би эзэн хаан таныгаа аюулт өвчнөөс салгахсан гэж хорвоо дэлхийг хэрэн тэнэж хоног сарыг элээсээр яваад ингэж удлаа гэв.
Үнэгний ярьсныг Бар сонсоод үнэхээр баярлан:
- За яахав хэзээ эдгэрэх нь вэ? хэлээд аль хэрэв чи хэлснээрээ эмчлээд эдгэрвэл би чамайг нэгдүгээр орлогчоо болгоно гэж хэлжээ.
- Эзэнтэн минь, би энэ дэлхийн олон олон эмч нартай уулзлаа. Энэтхэг газрын нэр цуутай нэгэн эмч надад хэлсэнээр бол саяхан алсан чоны арьсыг дэвсэж арван шөнө унтахад л аюулт өвчин арилаад аварга хүчит эзэн та энх мэнд болох юм байна гэжээ. Ингэж хэлээд зальт үнэг нялганан нахилзаж Барын өрөөнөөс гарчээ. Бар зарлиг буулгаж бачит чоныг алаад арьсыг дэвсэж арав байтугай хоносон боловч эдгэрсэнгүй. Энэ завсар үнэг ой тайгаас нүүж өөр газар очсон гэнэ.
Араатны хаан Бар аргат шар үнэгэнд залилуулснаа мэдэж, занаж зүхсэн боловч нэгэнт хожимджээ. Ингээд бачит саарал чоно баларсан түүхтэй гэнэ. Түүнээс хойш хэн бусдыг гүтгэн хилсдүүлбэл өөрөө арьсаа хуулуулдаг болсон гэдэг.
Солонос лусын дагина, ханхүүтэй үлгэр олоод өгөөч. төгсгөл нь их гунигтай гэсэн. лусын дагина сайхан ханхүүг хайртай бүсгүйтэйгээ зогсож байгааг хараад хөөс болон замхарчихдаг гэсэн