Хоёр морь

Эрт урьд цагт хол газар худалдагдсан хоёр морь эх нутгаа санаж харихаар гүйж явтал хөгшин нэг нь харьж чадахгүй замдаа хоцрох болжээ. Тэгээд залуу мориндоо:
"За, залуу дүү минь
Замдаа сайн яваад хариарай!
Хөгшин ах чинь одоо үхэх боллоо.
Дүү минь
Болзоогүй замаар бүү яваарай!...
Бөртөлзсөн юман дээр битгий очоорой!
Боолттой юмыг бүү задлаарай!” гэж захиад хоцорч гэнэ. Залуу морь нь нэг залхай замаар орж явжээ. Гэтэл нэг бөртөлзсөн бор юмны бараа харагдаж гэнэ. “Түүнийг очиж үзэх юмсан” гэж бодоод тэсч чадсангүй, гүйж очтол уутанд хийсэн юмны ам нь боодолтой бөгөөд дотор нь амьтан байгаа бололтой хөдлөж байжээ. “Түүний дотроос юу гарах бол, үзэс юмсан” гэж тэсч ядаад сонирхон амыг задлатал дотроос нь нэг том, өлссөн чоно гарч ирээд,
- Чи юун морь ингэж миний боодлыг задлав? Би нэг баян айлын малаас барьж идсээр байтал тэр айлын эзэн намайг чиний адил хурдан мориороо хөөн гүйцэж барьж аваад энэхүү уутанд хийж орхисон билээ. Иймд одоо би чамайг иднэ гээд барихаар завдтал нэг туулай явж байгаад тэр хоёрыг үзмэгц,
- Та хоёр юу хийж байгаан бэ? гэж асуув. Тэд үнэн байдал учраа тоочсонд тэр туулай морины аминд орох арга бодож ийн өгүүлрүүн,
- Үгүй, чоно гуай та ийм сайхан том эр байтал уутанд хийлгэж ам нь боолттой хэвтэж байна гэдэг чинь худал буй заа. Хэрэв үнэн бол би харин энэ морин дээр өөрийн биеийг шагналд нь өгч идүүлье гэв. Тэгэхэд чоно
- Үнэн, би энэ уутанд байсан гэж хэлжээ. Туулай,
- Эрхэм чоно та энэ уутанд яаж багтах билээ? Би нүдээр үзээгүйдээ үнэмшихгүй гэхэд чоно морь, туулай хоёуланг идэхээр бодож нөгөө уутандаа дахин ороод толгойгоо хараахан далд оруулаагүй байхад туулай,
- За тэр, толгой чинь багтахгүй байна гэж хашгирмагц чоно толгойгоо даруй далд оруулав. Туулай тэр даруй уутны амыг хуучин хэвээр нь боож орхив. Ингээд өчүүхэн биетэй боловч арга онолтой туулайн гавьяагаар амь гарсан залуу морь нутагтаа очоод сайн эрийн итгэлт хүлэг болоод амар сайхандаа жаргасан гэдэг.


Цааш нь...

Цэцэн туулай

Урьд эрт цагт туулайн эхийг арслан хөнөөжээ. Үүнээс хойш туулай арслангаас хариу авах гээд бодож явдаг байж. Нэг өдөр тэр арслан явдаг зам дээр өндөр бүдүүн модноос аргамж уяад гогцоо гарган орхиод өөрөө нэг жижиг модноос аргамжаар дүүжин хийн тоглож байв. Арслан ирээд
- Ай хөөрхий чамайг иднээ хөө гэхэд цэцэн туулай,
- Тэгэлгүй яахав, Арслан гуай гэлээ. Арслан, ...
- Чи яаж байгаа юм бэ? гэхэд нь,
- Та бид хоёр шиг туранхай амьтан ингэж дүүжлэгдэн савбал таргалдаг юм гэхэд арслан,
- Алив туулай буу. Би нэг сайн саваад үзэх үү? Таргалж ч магад гэхэд туулай,
- Би урьдаар таргална гээд улам савлаа. Арслан харж харж,
- Би энэ сайхан урхин дүүжинд ороод наадаж таргалах уу? гэхэд туулай,
- За байз, яадаг юм билээ? Баавгай ирж наадан таргална гэсэн юмсан, та жаал хүлээ гэхэд арслан уурлан,
- Баавгай таргалж би турж байх учиртай юмуу? гээд том аргамжин гогцоонд хоолойгоороо ороод дүүжлэгдэхийг харсан туулай өөрийн дүүжингээс бууж,
- Арслан гуай та үүрд мөнх дүүжлэгдэн таргалж наадаарай! Дараа ирж танд туулайгаар зоог баримз! гээд дэгдэн дэгдэн ойд орлоо гэнээ.


Цааш нь...

Баавгай чоно нохой гурав

Эрт цагт баавгай, чоно, нохой гурав адилхан амьдран суудаг байжээ. Тэр гурав шөнөдөө нэг урцанд хоноод өдөр нь хоол хайн явдаг, орой бүгд урцандаа ирж өдрийн болсноо хүүрнэн ярилцаж инээдэм ханиадам болдог байв. Баавгай нэг өдөр алга боллоо. Хоёр ч хоног урцандаа ирсэнгүй.
Нохой сэтгэл зовнин чононд “Хөөрхий муу баавгай алга. Хойноос нь явахаас” гэхэд чоно “За яахав, тэр тэнэг хаа холдох вэ? Нэг юм олоод чи бид хоёроос л нууж хааж идэж яваа” гэхэд нохой “Хөөрхий муу баавгай тийм сэтгэлтэй ч биш шүү. Чи арай хэтрүүллээ” гэжээ. Чоно нохой хоёр тар тур хийгээд эрэлд гарлаа. ...
Чоно хэлсэн нь:
-Чи зүүн тийш яв. Би баруун тийш явна. Миний хойноос бүү яваарай гээд чоно баруун тийш шогшлоо. Гэтэл нохой нь “Яагаад энэ чоно “миний хойноос бүү яваарай” гэдэг билээ?” гээд чонын хойноос сэм шогшин явлаа. Хөөрхий муу баавгай анчны занганд ороод амь тавих шахаж буй харагдав. Чоно баавгайн дэргэд очоод улам хуцаад хонгоноос нь нэг хазаад багалзуураас нь хазахаар дайрахад баавгай хэлсэн нь:
-Чи бид олон жил нэг урцанд амьдарлаа. Чи намайг зовлонгоос салгахгүй зооглох гэж байна уу? гэхэд чоно,
- Нэг урцанд амьдрах хамаагүй. Чадалтай нь чадалгүйгээ зооглож яв! Гэсэн бурхан багшийн зарлиг яалаа даа. Хоол олдохгүй гуриатаж үхсэнээс чамайг идээд үхсэн нь дээр гээд чоно ч ухасхийлээ, нохой ч зэрэг дайрлаа. Нохой чоныг баавгайд хүргэлгүй багалзуурдав. Чоно нохой хоёр хүч мэдэн өрсөлдлөө. Гэтэл буун дуу тас хийхэд санаа муут чоно сунан уналаа. Нохой баавгайн дэргэд очиж хуцав.
Анчин эр буугаа хаяад алд илүү илд бариад ханцуй шамлан баавгай руу дайрахад сайн санаат нохой анчин эрийн өөдөөс ухасхийв. Аинчин хутгаа хаяад зугтлаа.
Сайн сэтгэлт нохой занганаас баавгайг арай гэж салган авч шархыг долоон эдээж урцандаа очиж амар сайхан жаргасан гэнээ. Санаа муут чоныг сахисан хэрээнүүд шавж гэнэ.


Цааш нь...

Хоёр найз

Хөдөө айлын сэргэлэн хүү байжээ. Хүү дөнгөж таван настай мөртлөө маш ухаалаг. Нэг өдөр үеийн нөхөртэйгээ наадаж явсаар хот айлаас зүүн тийш орших их хадны дэргэд хүрчээ. Хоёр найз наадан байтал нар нэгэнт хэлбийх дөхжээ. Ээж аав, ах эгч нар нь хөвгүүдээ эрэн зүг зүгт сандран гүйлдэв. Бяцхан хоёр хүү сая тоглохоо больж харихыг завдав. Гэнэт хадны араас нэг том чоно өнгийсөөр гарч ирээд амаа ангалзуулан бяцхан хөвгүүдийг үзмэгцээ тэдний зүг гэтэж гэнэ. ... Гэтэл томхон нэг нь түүнийг үзээд их л айн сандарч бахиран уйлж зугтан одов.
Харин балчир бага нь ганцаар хоцорч зугтах аргагүй болов. Зугтаж болохгүйг мэдэж ийш тийш самбаачлан харвал хажууд нь нэгэн бургас хэвтэнэ гэнэ. Балчир хүү түүнийг шүүрэн авмагц өмссөн цамцаа тайлж үзүүрт нь өлгөөд, зүүн гартаа атгаж дээш өргөж, баруун гарын бяцхан нударгаа зангидан хоёр хөлөө бэхлэн зогсож, амаа ангайлгаж шүдээ ярзайлгаад сүр бадруулан зогсов.
Тэрхүү чоно энэ байдлыг үзээд шууд ирж барихыг баахан сэжиглэж ангайсан амаа хамхиж хоёр нүдээ бүлтийлгэн харж, гайхсан мэт болж ширтэж байв. Тийнхүү хэн хэндээ халдаж ядсан байдал гаргаж байх чөлөө завсар нөгөө хүүгийн уйлах чимээгээр эцэг эх нь хүүгээ олж аваад тэндээс бэдрэн явсаар эрэлхэг бяцхан хүүг олжээ. Араатны аманд тулгарсан хүүгээ аав ээж нь аварч харцуул чоныг хөөж авлажээ.


Цааш нь...

Хүний ертөнц галтай болсон тухай

Урьд манай энэ тивийн хүмүүс галгүй байж гэнэ. Тэгэхэд орой бүх огторгуй өөд харахад дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн гал гялалзаж байдаг байжээ. Дээд тивийнхний галаас хулгай хийж олж авах юм сан. Яаж, хэнийгээ явуулъя даа гэж хэлэлцэж гэнэ. Хүн далавчгүй болохоор дээд тивийнхэнд хүрэхийн аргагүй. Тас бүргэдийг явуулбал бие нь том, баригдчихна гээд хараацайг хурдан шаламгай хөдөлгөөнтэй, бие жижиг яг л таарах юм санж гэж хараацайг дээд тивээс гал олж ирээч гэжээ. Хараацай тэгье гэж нисээд дээд тивд хүрэхэд нь айл амьтан оройныхоо хоол хийж байсан цаг байж гэнэ. Нэг айлын өрхөөр нь нисэж ороод галын цогтойгоос нь хошуугаараа чимхэн шүүрээд дээшээ дэгттэл галаа асааж хайчаа барьж байсан авгай: ...
-Галын хулгайч! гэж хашхиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад автал хараацай ухасхийгээд сүүлний өд нь хайчинд хавчаастай хоцорч, хараацай гал зуусаар өрхөөр нь нисэн гарч явсаар манай тивийнхэнд гал олж өгсөн гэдэг. Тэгээд одоо хүртэл хараацайн сүүл ац шиг байдаг нь дээд тивийн айлд сүүлнийхээ өдийг тас татуулсны тэмдэг нь ажээ.
Манай дэлхийн доор бас доод тивийнхэн гэж байдаг. Орой дээшээ харахад нь манай тивийнхэн галтай болчихсонд сурагласаар байгаад дээд тив тэнгэрээс гал хулгайлж олсныг мэдээд манайхаас гал хулгайлах гэж жижигхэн жигүүртэн явуулна гэлцэж, удган эрвээхий гэдэг шөнө нисдэг эрвээхий явуулж гэнэ. Тэр нь галын хөх дөлний үзүүрээс чимхэн хулгайлж, хүнд мэдэгдэлгүй доод тивийнхэнд аваачиж өгсөн нь цоггүй хөх дөл байсан учраас доод тивийнхний гал нь илчгүй хөх болжээ. Тэгээд одоо хүртэл удган эрвээхий шөнө гал хармагцаа галын цогтойгоос нь аваачих гэж галд орж үхдэг юм гэнэ.


Цааш нь...

Багваахай цэцэг

Багваахай цэцгийг бардам зантай гэж бүгдээр мэдэх билээ. Тйим учир бусад цэцэг түүнтэй үерхэж нөхөрлөхийг хүсдэггүй ажээ. Нэг удаа үдшийн цагт гэрэлт цох хорхой огторгуйд хурц од гялалзаж явахыг үзээд,
-Энэ чинь хиймэл дагуул байна. Би хол нисдэг бол үүнтэй адил гэрэлтэх байсан даа гэж санаа алдлаа. Тэгэхэд багваахай цэцэг,
-Чи ч гайгүй ээ. Би хиймэл дагуул болж чадна. Над сар шиг дугаргий, эвхэж, хумхиж дэлгэж нээдэг арван илтсээр бүрдсэн шүхэр бий. Та нар харж байгаарай. Би эдэнтэйгээ тэнгэрийн мандал өөд одоо нислээ! гэжээ. ...
Энэхүү бардам зантын үгийг сонсоод бүгдээрээ шуугилдав.
Гэнэт бөөн хар үүл гарч ирэнгүүт их салхин исгэрэв. Бүгд чимээгүй болж их салхи, ширүүн бороог өнгөрүүлэхээр сандрав. Багваахай цэцэг хичээн дэрсэн хөл дээрээ тогтож ядан дэнжигнэж байлаа. Хэдэн мөчийн дараа багваахай цэцэг байрандаа байсангүй зөвхөн иш нь үлджээ. Бутны цаанаас туулай босоод ишийг нь идэж орхив.
-Чи яагаад түүнийг идчихэв. Наадах чинь нүцгэнээр их бардам зогсож байсан шүү! Гэж Нил цэцгийг хэлэхэд,
-Өө тийм үү? Мэдсэнгүй, тун харамсалтай юм болж дээ гэж туулай хариулж гэнэ.


Цааш нь...

Хоёр бамбарууш


Нарс модны сүүдэрт хоёр бамбарууш сууж байлаа. Дүү бамбарууш “юм идэх юмсан” гэхэд,
-Би ч бас юм идмээр байна. Жимс олж идье гэж ах бамбарууш нь хэлэв.
-Эрж олох юм уу? Тэр модны мөчир дээр байгаа зөгийний үүрнээс бал авъя гэж дүү нь зөржээ. Тэгээд ,
-Зөгийд хатгуулснаас жимс түүвэл дээргүй юу? гэж ахыгаа хэлэхэд,
-Үгүй ээ, явахгүй гэж зүтгэв. ...
-Байх л үгүй юм гээд ах бамбарууш нь ойн жимээр орлоо.
-Бидний хэн нь их юм олж идэх бол доо. Харж л байгаарай гээд дүү бамбарууш зөгийний үүр өөд зүглэв.
-Чи биднээс юу авах гээв? гэж зөгийнүүд бужигналдан үймэв.
-Би мэдэж байна гэж дүү бамбарууш хариулаад модны хөндийд савраа шургуулав.
-Чи чинь ийм нөхөр байсан юм уу. Одоо бид чамайг хашраана. Ирж туслалцаарай гэж зөгийнүүд уурлан хүнгэнэлдлээ.
Бамбаруушийг балнаас амсаж амжаагүй байтал бөөн бөөн зөгийнүүд тал талаас нь нисэн ирж сэхээ авах завдалгүй хатгаж гарав. Бамбарууш ойгоор нэг хашгирсаар амь тавих шахан зугтлаа.
-Май, чи балаа ав! гэж зөгийнүүд жингэнэлдэн хойноос нь хөөж хатгана. Аз болоход бамбарууш намагт шигдэн орж хоргодов. Өвсний дундаас түүний хоншоор нь харагдахтай харагдахгүйтэй үзэгдэнэ. Зөгийнүүд намаг дээгүүр эргэлдэж байгаад буцав. Ойд нам гүм гагцхүү модны навчис сэржигнэнэ. Бамбарууш тайвширлаа.
Ойд ганцаараа байх ямар аймшигтай юм бэ? Ахыгаа эрж ольё гэж бамбарууш бодоод ярвайн гэлдрэв.
Ах бамбарууш ойн цоорхойд наранд биеэ ээж сууна. Тэрбээр нүд хамар хаана байгаа нь мэдэгдэхгүй хавдсан хоншоортой, толгойноосоо өлмийгөө хүртэл шавар болчихсон “хачин муухай амьтан” ирж буйг гэнэт харангуут дэвхрэн босоод хүрхрэв.
-Би дүү чинь байна гэж дүү бамбарууш өрөвдөлтэйхэн гаслав.
-Дүү чинь гэнээ! Зөгийнүүд чамайг сайхан дайлж дээ. Таних аргагүй болгож шүү! гэж ах нь гайхав.
-Тийм ээ! Арай чамай зугтаж гарлаа гэж дүү бамбарууш уйлагнаад юу тохиолдсоноо бүгдийг ярив.
-Сайхан амттай том улаалзгана, цадатлаа идлээ. Чи надаар улаалзганатай тэр газрыг заалгахгүй юу? гэж ах бамбарууш асуув.
-Тэгье гэж дүү нь зөвшөөрлөө. Ах дүү хоёр бамбарууш ойн гүн уруу одов.


Цааш нь...

Саргай цэцэг болжмор хоёр

Алсын уулнаас хотын цэцэрлэгт нэгэн болжмор нисэж ирээд,
-Танай энд сайхан байна. Жийв жийв! Саргай цэцэг бутаараа цэцэглэжээ. Жийв жийв! Өтгөн сагсгар саргай цэцэг минь чамтай найзалъя гэж гуйж гэнэ.
-Чиний магтаал над хэрэггүй. Чамтай нөхөрлөөд ч ашиггүй. Бүхэл шөнөдөө тэнгэрийн од намайг ширтэж байдаг. Сар над уруу гэрлээ тусгаж, өглөө бүр алтан гургалдай уран хоолойгоор миний дэргэд дуугаа дуулдаг. ... Тэгэхэд болжмор чи өөрийгөө юу гэж бодно вэ? Өд сөд чинь сагсайгаад ямар үзэмжгүй юм бэ? Чамаас муухай үнэр ханхалж байна. Хушуунд чинь шавхай шавар наалджээ. Фу! Фа! Цаашаа тонил! гэж саргай цэцэг болжморыг хөөв. Болжмор дахин юу ч хэлсэнгүй нисэж одов.
Саргай цэцэгтэй хамт амьдрахыг эртнээс хүссэн өөр нэг амьтан байдаг ажээ. Тэр нь бор ногоон өнгөтэй төөлүүр хорхой юм. Төөлүүр хорхойд цэцгийн дэлбээ идэхэд амтлаг, дээр нь хэвтэхэд зөөлөн байдаг гэнэ.
Саргай цэцгэн дээр төөлүүр хорхойг ирж сууснаас хойш түүний дэлбээ бараг үгүй болжээ. Нэг өдөр нөгөө болжмор цэцгийн дээгүүр нисэн өнгөрөхдөө үүнийг ажиглаж мэдээд,
-Ах дүү нар аа, нааш ирээрэй! Энэ саргай цэцгэн дээр суусан төөлүүр хорхойг устгая! Жийв, жийв! гэж жиргэн дуудав. Болжморууд дорхноо цугларч төөлүүр хорхойг нүд ирмэх зуур устгав.
-Та нарт баярлалаа. Сайн санаатнууд зовлонгоос ангижруулж ач тус болдог юм байна гээд саргай цэцэг болжморт талархал илэрхийлээд дахин ургаж эхэлжээ.


Цааш нь...

Чихэн чинээ хүү

Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр байжээ. Тэр хоёрт долоон хар ямаа, нэг бухнаас өөр мал хөрөнгө гэх юм үгүй байжээ. Нэг өдөр өвгөн нь долоон хар ямааныхаа нэгийг муулаад чихэнд нь шороо хийж гадаа тавиад эмгэндээ хэлсэн нь:
-За эмгээн! Хоол болоход чихэн чинээ хүү “Ааваа хувь өгөөч! Ээжээ хувь өгөөч! гээд орж ирнэ дээ. Тэр чи бид хоёрын хүү болох юм гэжээ.
Хоол болоход нээрээ чихэн чинээ хүү,
- Ааваа хувь өгөөч! Ээжээ хувь өгөөч! гэсээр орж ирж гэнэ дээ. ... Тэгээд эмгэн өвгөн хоёр тийм өчүүхэн чихэн чинээ хүүтэй болжээ. Эмгэн өвгөн хоёр өдөр болоход зургаан хар ямаа ганц бухаа хариулахаар явна. Чихэн чинээ хүү гэртээ хоцордог байжээ. Нэгэн өдөр эмгэн өвгөн хоёрыг гэртээ ирэхэд Чихэн чинээ хүү алга болсон байжээ. Эрээд эрээд олсонгүй гэнээ. Зургаан хар ямаагаа алаад гэдэс гүзээнд нь үзэж гэнэ. Бас л байсангүй гэнэ. Тэгэхээр нь аргаа бараад ганц бухаа алаад дотор нь үзсэн мөн л алга гэнэ. Тэгээд сэвстэй гүзээгий нь хөдөө бутан дээр аваачаад тавьчихаад явж гэнэ. Тэр гүзээгий нь чоно ирж идэхэд Чихэн чинээ хүү чонын гэдсэнд оржээ. Тэгээд чоно өлсөж айлын хотонд гэтсээр ойртож очиход чонын гэдсэн дотроос “Хотонд чинь чоно ирлээ!” гэж Чихэн чинээ хүү хашгирдаг, тэгэхэд нь чоно ухаангүй зугтаадаг болжээ. Ингээд чоно олон хоног юм идэж чадалгүй үхэхийн даваан дээр нэг ламд очиж хэлсэн нь:
- Лам гуай! Би өлсөөд л айлын хотонд гэтээд очиход гэдсэн дотроос “Хотонд чинь чоно ирлээ” гээд л хүн хашгирдаг болчихлоо. Тэгэхээр буцаж зугтаасаар байгаад одоо би турж үхэх нь гэв. Лам чононд нэг тун эм өгөөд “Салхидаад давхиад байгаарай” гэжээ. Тэр ёсоор нь чоно салхи өөдөө давхиад байсан чинь чацга алдаж чацганы нь хамт Чихэн чинээ хүү гарч ирээд чацгаа арилгаж суужээ.
Гэтэл хэдэн морьтой залуу хажуугаар нь давхин өнгөрөхөд Чихэн чинээ хүү
- Хөөе, та нар хаашаа явж байна? Хамт явъя! гэжээ. Тэднийг эргэж ирэхэд Чихэн чинээ хүү
- Та нар чинь хүн хардаггүй яачихсан улс вэ? гэхэд цаадуул нь,
- Чамайг чинь ямар хүн гэх вэ дээ? гэж тоглоом тохуу хийцгээжээ. Чихэн чинээ хүү учиргүй уурлаж, - Та нар өөрсдөө хэн болоод юу хийж чаддаг болоод хүнийг басаж байгаа юм? Тэгвэл та нартай эр чадлаа үзэж юу хийж чаддагаа үзүүлье! гэжээ. “За тэг! Чи бидэнд юу хийж үзүүлэх вэ?” гэхэд нь, - - Та нар юу хийх гэж яваа улс вэ? Түүнийг чинь би ганцаараа хийе гэжээ.
- Бид хааныхаас шар хулгайлж идэх гэж явна гэжээ.
- Та нар тэгвэл буугаад майхнаа шаагаад хүлээцгээж бай! Би яваад шар хулгайлаад ирье! гэж гэнэ. Нөгөөдүүл ч яадгийг нь үзэхээр бууж майхнаа шааж Чихан чинээ хүү шар хулгайлахаар явжээ. Орой болоход үнэхээр хааны хамгийн том шарыг хөтлөөд ирж гэнэ. Залуучууд ч шарыг дор нь төхөөрч янзалж авчээ. Өглөө нь хаан тэдний майханд иржь
- Та нар яагаад хүний шарыг хулгайлав? гэж загнахад Чихэн чинээ хүү,
- Гуталдаа ултайсан болоод малгайдаа оройтойсон бол ч хүнийг шар хулгайлсан хэрэгт шийтгэж баймаар л хаантан байна даа гэжээ. Тэгсэн чинь хааны малгайн орой, гутлын ул хоёр алга байж гэнэ. Учир нь Чихэн чинээ хүү хааныхаас шарыг нь хулгайлахдаа гутлын ул, малгайны орой хоёрыг ханзалж аваад ирснийг хаан өөрөө мэдээгүй учир маш их ичиж гэнээ. Тэгээд хаан хэлсэн нь,
- Чихэн чинээ хүү чи тийм овтой хулгайч юм бол өнөө шөнө миний чандмань эрдэнийг хулгай хийгээрэй! Хэрвээ хулгай хийж чадвал чамд хаан ширээгээ өгнө. Эс чадвал чамайг цаазаар авна гэжээ. Хаан гэртээ ирээд орой болоход чандмань эрдэнээ яаж нууж хамгаалахаа бодож олжээ.
Хаан гэрийнхээ үүдэнд Асар Басар хоёр нохойгоо уяжээ. Гаднаа уурга барьсан морьтой хүн манаанд гаргаж гэнэ. Гэрийнхээ хойморт нэг лам суулгаад толгой дээр нь хадаг тавиад гарт нь эрих бариулан суулгаж гэнэ. Олон хатныхаа хоёрыг үүдэнд, хоёрыг баруун талаараа, хоёрыг зүүн талаараа унтуулаад өөрөө нэг хатнаа өвөртлөөд чандмань эрдэнээ амандаа хийгээд амар тайван унтаад өгч гэнээ. Шөнө дунд өнгөрөөгөөд Чихэн чинээ хүү иржээ. Хотонд нь ороод нэг хээлтэй хонь төхөөрч янзлаж гэнэ. Тэгээд махыг нь их бага хоёр хуваагаад Асар Басар хоёр нохойд нь хаяж өгчээ. Гадна харуулд гарсан хүн нь унтчихсан байсныг араг унуулаад савар бариулж гэнэ. Хоймор суусан лам бас унтчихсан байхад нь толгой дээрх хадгийг нь аваад оронд нь сэмж тавиад гарт нь өлөн гэдэс зангидаад бариулчихаж гэнэ. Үүдэнд нь хонины арьсыг дэлгээд дээр нь хоёр нүцгэн бөөрийг нь тавьж гэнэ. Баруун талаар унтсан хоёр хатны өвөрт олгойны нь шингэн баасыг хийж гэнэ. Зүүн талаар унтсан хоёр хатны өвөрт хээлийг нь аваачиж хийж гэнэ. Тэгээд цөсийг нь хааны аманд аваачиж хийхэд хаан нойрондоо гашуун оргиход чандмань эрдэнээ тургиж орхижээ. Чихэн чинээ хүү Чандмань эрдэнийг нь аваад яваад өгчээ.
Удсан ч үгүй бага мах оногдсон нохой хувиа идчихээд нөгөөгийнхөө махнаас идэх гээд уралцаж ноцолдоход хүмүүс сэрцгээж гэнэ. Уурга барьсан морьтой харуул маань ухас хийх гэсэн чинь араг унаад савар барьчихсан байж гэнэ. Толгой дээрээ хадаг тавиад эрих барьж суусан лам босоод харайх гэсэн чинь толгой дээр нь сэмж нөмөргөөд өлөн гэдэс бариулчихсан байсанд алмайрч орхиод хөдлөж чадсангүй гэнэ. Үүдэн унтсан хоёр хатан босоод ухас хийсэн чинь нойтон арьсан дээр тавьсан бөөрөн дээр гишгэж хальтарч уначихаад “Ёо ёо, чиний бөөр уначихав уу? Миний бөөр уначихав уу?” гээд орилоод байж гэнэ. Баруун талаар унтсан хоёр хатан нь “Чи чацга алдав уу? Би чацга алдав уу?” гээд хэрэлдээд боссонгүй гэнэ. Зүүн талаар унтсан хоёр хатан нь “Чи төрчихөв үү? Би төрчихөв үү?” гэж хэрэлэдээд бас боссонгүй гэнэ. Хаан өөрөө “Цаана чинь Чихэн чинээ хүү ирлээ” гээд босоод харайсан чинь аман дахь чандмань эрдэнэ нь алга болчихсон байжээ. Өглөө болоход Чихэн чинээ хүү нөхдөө дагуулан ирж хаанд бараалхан “Хаан ширээгээ авахаар ирлээ” гэжээ. Ингээд хаан арга буюу мэлзэх аргагүй олон гэрчтэй болохоор яаж ч чадсангүй хаан ширээгээ өгч гэнэ. Ингэж Чихэн чинээ хүү хаан болж нөхөд нь шадар түшмэд болоод хөгшин аав ээж хоёроо авчраад амар сайхандаа жаргаж гэнэ.


Цааш нь...

Үлгэр хаанаас үүссэн тухай

Өгүүлэх нь: Олон жилийн өмнө монголчуудын дунд аймшигт хар цэцэг тахал дэлгэрээд хүн амьтан хэдэн зуу мянгаараа хиаран үхэж байв. Эрүүл үлдсэн нь өвчилснөө зол заяа нь мэдэг гэж амь зулбан дүрвэн зугатааж байжээ.
Арван таван настай залуу эр Тарваа гэгч бас тийнхүү ганцаар хаягдаж ухаан алдсанд сүнс нь биеэсээ зайлан одож тамын газар эрлэг хаанд очжээ. Эрлэг номун хаан сүнсийг нь үзээд ихэд гайхаж, “Амь нь гараагүй бие орхиод юунд ирэв?” гэж асуужээ. Тэр сүнс: ... “Биеийг минь нэгэнт үхсэнд тооцоод хаясан учир би гүйцэд үхэхийг нь хүлээсэнгүй ирлээ” гэжээ. Тэрхүү сүнсний ийм дуулгавартай хүлцэнгүй нь эрлэг хаанд таалагдсан учир эрлэг хаан өгүүлрүүн:
“Цаг чинь хараахан болоогүй буй. Эзэндээ буцаж очиж орогтун. Харин явахаасаа өмнө надаас юу хүссэнээ ав!” гээд тамын орноор дагуулан явжээ. Тэнд баялаг, тансаг, зол заяа, жаргал цэнгэл, баяр баясгалан, зовлон шаналал, нулимс, зугаа хөгжөөн, инээдэм наадам, дуу хөгжим, үлэг домог бүжиг дэвсэл тэргүүтэн хүний амьдралд дайралдаж болох бүхэн цөм бүрэн байжээ. Тарваагийн сүнс энэ бүхнийг үзээд үлгэрийг шилж авчээ. Эрлэг хаан түүнийг нь өгөөд газарт нь буцаажээ.
Сүнс нь амьгүй болсон биендээ эрэгж ирвэл хэрээ нүдийг нь ухсан байв. Төрсөн бие ийм болсныг үзэхэд их л харамсалтай байсан боловч эрлэг хааны үгийг аймшиггүй зөрчиж чадсангүй. Арга буюу биендээ оршжээ. Сохор Тарваа үүнээс хойш удтал амьд явсан бөгөөд улс зон бүхний үлгэр мэргэ төлгийг андахгүй болжээ. Сохор мөртөө хожмын юмыг урьдаас мэддэг байв. Тэр хүн Монгол орноор хэрэн явж, үлгэр ярьж, түүгээр ард амьтныг сургамжилдаг байв. Монголчуудын дунд үүнээс хойш үлгэр ярьдаг болж гэнэ.


Цааш нь...