Манай нутагт арслан яагаад амьдардаггүй вэ?
Огноо 2011-10-01 at 18:25 UnknownЭрт цагт араатны хаан ам ихт Арслан, жигүүртний хаан эр ихт эрэлхэг Начин шувуу гэж байж гэнэ. Араатны хаан ам ихт Арслан жигүүртний хаан эр ихт эрэлхэг Начинтай таараад:
-Чи юунаас айдаг вэ? Гэж асуужээ.
-Би хоёр хөлт Хоовондойгоос л айдаг. Өөр юунаас ч айдаггүй. Харин чин юунаас айдаг вэ? Гэж эр ихт эрэлхэг Начин эргүүлж асуужээ. Ам ихт Арслан: ...
-Би юунаас ч айдаггүй. Тэр хоёр хөлт Хоовондойгоо надад зааж өг! Эр ихт эрэлхэг Начинг айлгадаг ямар сүрхий амьтан байдаг байна? гээд түүнийг дагуулан эрэхээр явжээ. Тэгтэл хонь хариулж явсан хүүхэд таарч гэнэ. Ам ихт Арслан:
-Хоёр хөлт Хоовондой гэдэг чинь энэ үү? Гэж асуухад эр ихт эрэлхэг Начин:
-Хоёр хөлт Хоохондой болж арай гүйцээгүй юм байна, гээд цааш дагуулж явжээ. Тэгтэл үхэр хариулж яваа таяг тулсан өвгөн тааралджээ. Ам ихт Арслан:
-Хоёр хөлт Хоовондой чинь энэ мөн үү? гэж асуухад эр ихт эрэлхэг Начин:
-Хоёр хөлтэй Хоовондой явсан юм байна. Одоо даанч гурван хөлтэй болжээ, гээд цааш явжээ. Тэгтэл нэг анчин ирж яваа харагдав гэнэ. Эр ихт эрэлхэг Начин:
-Жинхэнэ Хоовондой чинь тэр ирж явна! гэж хэлчихээд дээшээ хөөрөн нисчихжээ. Ам ихт Арслан, тэр Хоовондойтой хүчээ үзэхээр өмнөөс нь амдаж ойртов гэнэ. Тэгтэл анчин өөдөөс нь бууджээ. Өрөөсөн нүд нь тэсрээд л явчих шиг болсонд эргээд ум хумгүй зугтааж гарчээ. Тэгтэл араас нь тас буудаж, зоо нурууных нь арьс зумраад унах шиг л болж. Арсланг ухаангүй шахам харайж явтал эр ихт эрэлхэг Начин нисч ирээд:
-За яав, юу болов? гэж асууж.
-Яасан аймшигтай юм бэ? Өмнөөс нулимахад өрөөсөн нүд минь тэсэрчихлээ. Араас тургихад ар зооны арьс цоорчихлоо. Араатны хаан тулдаа л энэ зэрэгтэй үлдлээ. Харин чи байсан бол амь биеэ алдах байсан юм. Би энэ нутагт амьдрах аргагүй, аймшигтай юм байна, гэжээ.
Энэ цагаас хойш араатны хаан, ам ихт Арслан манай нутгаас зугтаж өмнө зүгийн халуун оронд амьдрах болсон юмсанжээ.