Аргат, Уурт хоёр
Огноо 2011-10-05 at 10:36 UnknownЭрт урьд цагт Аргат, Уурт гэдэг ах дүү хоёр байжээ. Аргат дүү нь Уурт ах нь юмсанжээ. Уурт үргэлж уурлаж байдаг, их тэнэг ууртай, уурлахаараа юу ч хийж байж мэдэх хүн гэнэ. Харин Аргат дүү нь огт уурлахыг мэддэггүй, юм бүхэнд аргатай ухаалаг эр байж гэнэ. Аргатыг таньдаггүй хүн байдаггүй. Хүн бүхэн л хааны Аргат гэж дууддаг байжээ. Нэг өдөр Аргат айл хэсэж яваад шөнө болсон учир нилээж хэдэн малтай эмгэн өвгөн хоёрынд ирж хонож гэнэ. Эмгэн өвгөн хоёр нэг зарц хүүхэнтэй юм байжээ. Бүх ажлыг нь тэр шивэгчин хийдэг юмсанж. Аргатыг очиход эмгэн өвгөн хоёр их харамч хүмүүс тул, тун жаахан туранхай мах чанаж өгөөд өөрсдөө хоосон хоножээ. Тэгээд Аргатаас:
- За хааны Аргат та ямар янзаар ор засуулж унтдаг вэ? гэж асууж гэнэ. Тэгэхээр нь Аргат:
- Өө би нэг их ор дэр хэрэглээд байдаггүй. Зөвхөн олон давхар ширдэг дэвсүүлж урдуураа хөшиг татуулж унтдаг заншилтай билээ гэжээ. Эмгэн хөгшин хоёр хэд хэдэн давхар гудас ширдэг дэвсэж өгөөд урдуур нь нэг хөшиг шиг юм татаж өгчээ. Аргат хөшигний хойно ороод л хувцасаа тайлж байгаа хүн болж богцоо дэрлээд бүхлээр хэвтжээ. Удалгүй унтаж байгаа хүн болж худлаа хурхираад өгчээ. Эмгэн өвгөн хоёр сэрүүн байсан тул өндийж шивэгчнээ босгоод олигтойхон мах чана гэж гэнэ. Шивэгчин босч нэг хонины тарган ууц оруулж ирж чанажээ. Гал түлж махаа буцалгахдаа хажууд нь сууж хөдсөн өмдөө тайлж, бөөсөө түүж, үүргэлсээр байгаад унтаад өгчээ. Аргат сэрүүн хэвтсээр л байж, мах ямарч гэсэн болсон байх гэх үеэр Аргат сэмхэн гарч эмгэн өвгөн хоёрын тушаа очоод хаяаг нь шөргөөсөн чинь “хаа хөж, шивэгчин үхэр хөө” гэсэнд шивэгчин гараад зүүн тийш эргэх хооронд, баруун талаар нь орж ирээд тогоон дээр буцалж байсан махыг шүүрч аван хөшигний араар хаячихаад шивэгчний хөдсөн өмдийг тогоо руу нь хийчихжээ. Шивэгчин орж ирээд ойрд үхэр малгүй л байх юм өмдөө эрээд эрээд олсонгүй гэнэ. Энэ үед Аргат худлаа нойрмоглосон хүн болж бүдэг бадаг үг хэлээд хурхирч гарчээ. Эмгэн хөгшин хоёр босч ирээд наадах махаа гарга гэж гэнэ. Шивэгчин өмдөө хайчаар чимхэж ядаж байж гаргаж тэвшин дотор хийв.
Эмгэн хөгшин хоёр түлхэлдэн шахцалдан шивнэсээр хөгшин махнаас нэг огтолж идээд хөдөс зажлагдахад:
- Энэ чинь яасан их үс ноостой юм бэ? Гүзээ наалдчихаа юу гээд хоёрдох удаад нь тэлээтэй захаас нь нэг огтолж зажлаад, үгүй энд чинь бас чив наалдчихжээ. Яасан хатуу юм бээ гэснээ махны уур цан багадахад эргүүлж тойруулж үзээд л өмд байна гэж таньжээ.
Тэгээд шивэгчнээ загнаж аашлаад, тогоогоо угааж дахин мах чана гэж хэлээд унтаад өгч гэнэ. Шивэгчин тогоондооо дахин мах оруулж хийгээд өөрөө бас нойртоо дарагдан галын хажууд унтжээ. Энэ хугацаанд Аргатын мах нь хөрсөн тул богцондоо хийж аваад эмээл хазаараа барьсаар гараад яваад өгчээ.
Аргат маргааш нь гэртээ ирсэн чинь хааны нэг эрх дагина Аргатын гэрт ирээд шоглоод байхаар нь Уурт уурлаад түүнийг цохиод алчихсан байжээ. Аргат ахаа жаахан загнаж байгаад тэр дагины хувцсыг тайлж өөрөө өмсөөд шөнө орой болсон хойно хааныд очиж ордонд нь ороод зүүн талаар эргэж юм хум дуугаргахаар нь ээж нь сэрж чи хэн бэ гэхэд Аргат:
- Ээжээ уух хүйтэн юм хаана байнаа? гэж эмэгтэй хүний дуугаар дуугарахад ээж нь юуны чинь хүйтэн юм. Энэ харанхуй шөнө болтол хаана тэнэж явдаг амьтан бэ? Дуугүй унт гэж загнажээ. Тэгэхээр нь Аргат:
- Өө тэгвэл би боож үхсэн ч яадаг юм бэ гэж хэлчихээд гараад явжээ. Аргат гэртээ ирээд хааны дагиныг хувцаслаж янзлаад авч явж модны зах руу оруулж нэг модны бүдүүн мөчрөөс дүүжилчихээд буцаад сэмхэн харьж унтжээ. Маргааш өглөө нь сэрсэн чинь түмэн амьтан түжигнэж, буман амьтан бужингаж хааны дагина боогоод үхчихэж гээд сүйд майд болж байж гэнэ. Тэгэхлээр нь эвий халаг! Яав, ийв гэсээр л Аргат хааныд яваад очсон чинь хаан хатан бүгд хайлж уйлсан бөөн юм болж байснаа дагины шарилыг авчруулан ухмал зандан хайрцагт хийж торгоор ороож оршуулж гэнэ. Тэгээд энэ их гай юунаас болсныг мэргэлүүлэхээр болж “Долоон хожгорын” ээж алдар цуутай бөө удган самганыг залж иржээ. Энэ бөө бол ямарч юмыг ил цагаанаар нь айлдаж чаддаг болохоор одоо Ууртын хийсэн хэргийг тоочин хэлэх нь магад гэж бодоод Аргат Ууртад хэлж гэнэ:
- За бөө ирээд бөөлж байснаа хамаг юмыг тоочихын даваан дээр гадаа байгаа зэл дээрх бүх морьдын сүүлэнд хуурай өвс уясан байж байгаад гал тавьдаг юм шүү, тэгээд хааны хотонд түймэр гарлаа гээд хашгираад байгаарай гэж зааж өгч гэнэ. Тэгээд Уурт энэ бүгдийг бэлдээд байтал, харанхуй болох алдад л удган бөө хааны дагина хамаагүй тоглож гүйсээр хотын зүүн тийш яваад гэхийн үед Аргат үүдэн дээр чагнаж байснаа дохио өгөөд орхисон чинь Уурт ч морь бүрийн сүүлнээс уясан өвсөнд гал тавиад хааны хотонд түймэр гарч байна гэж хашгиртал бүх хүн бөөгийн дуудлага сонсож байснаа морь малаа бодоод гарцгаахад сандарсан хаан хатан хоёр ч гадаалсан байж. Аргат араар нь орж ирсэн чинь, бөө ганцаархнаа, Аргатын гэрт дагина тулга тойрон гүйж явтал Уурт уурлаж галын хайчаар тогойруу нь цохиж алж гэх мэтээр тоочиж үсэрч байсныг аргат барьж аваад хөхүүртэй айраг уруу толгойгоор нь доош харуулан хатгачихаад гараад явчихжээ.
Гал түймэр татарч, амьтан хүн морь малаа барьж уяцгаагаад орж ирж. Гэтэл хаан галын доод талд огт юм мэдээгүй юм шиг гэмгүй царайлан сууж байсан Аргатыг гэнэт хараад
- Аль Аргат над нэг айраг хийгээд ир гэсэнд Аргат доошоо харж шаагдсан удганы өрөөсөн хөлөөс нэг сэгсэрч үзээд өрөөсөн гутлыг нь суга татаж гаргаснаа:
- Ээ хаантан минь танай хөхүүр чинь хүн бүлүүртэй юмуу гэхэд хаан:
- Чи юу хэлэв ээ гээд гэнэт Бөө санаанд нь орж:
- Пээ! Нөгөө бөөж байсан бөө яалаа ийлээ гэлцэн бөөн шуугиан болж, ээ харлаа! Бид цөм сандраад гарахын хойгуур онгод нь орсон бөө өөрөө үсэрч байгаад хөхүүртэй айраг луу орчихсон байна шүү дээ гэж аргатыг хэлэхэд хаан хатан цөмөөрөө:
- Тэгсэн байна! Тэгсэн байна! Өөрөөр яаж хөхүүртэй айраг руу орох билээ гэцгээжээ. Одоо ч бүр сүйд боллоо. Манай муу охин ч яахав дүүрчээ. Ядаж байхад энэ бөө үхдэг тун сүрхий юм боллоо. Одоо тэр долоон хожгорыг яаж аргална даа! Тэр л тун хүнд байна. Тэд чинь юмны учир ойлгодоггүй тун хэцүү хүмүүс. Биднээс эхийнхээ амь насыг нэхэхдээ юу ч гэж байж мэднэ. Бас дургүй нь хүрвэл биднийг яаж ч мэдэх биш үү гэж хаан их болгоомжилж байжээ. Тэгээд хаан:
- За чи Аргат гэж нэрлэгдсэний хэрэг юу билээ. Тэднийг нэг аргалж үз гэж гэнэ. Аргат тэгвэл одоо энэ хүнийг гаргаж хувцас хунарыг нь сольж сайхан хувцас өмсгөөд хадгалж хоноод маргааш надад өгөгтүн! Чанаж болгосон долоон хонины толгой нэг олгойтой түүхий цус, нэг шинэ сургаж байгаа бага тайлаг тэмээ тохож өгөхөөр бэлтгэ. За тэгээд би нэг яваад ирье. Маргааш үд өнгөрүүлээд явна гэжээ. Маргааш нь хааныхан Аргатын хэлсэн бүхнийг өгчээ. Аргатад хангал шахам тэмээн дээр нэг уутанд долоон толгой хийж өгөөд, нэг дундуурхан архитай ширэн хөхүүр, нэг олгой цус өгч явуулжээ.
Аргат эдгээрийг аваад Долоон хожгорынх руу очиж явжээ. Аргат бүх зүйлээ тэмээн дээр тэгнэж Бөө удганыг урд талдаа суулгаж дүүрээд Долоон хожгорынд очтол Долоон хожгорын хүүхэд нь ээж хааныд очиж бөөлөөд ирж яваа болохоор тун их юмтай ирж яваа, одоо ч нэг цадацгаана гэж холоос шуугилдан тосоод л гүйлдээд иржээ. Тэгтэл Аргат тэднийг бүр ойртоод ирэхийн хамт:
- Ай хүүхдүүд хол байцгаа хүн согтуу, тэмээ хангал гэж хэлэнгээ хангал шахам тэмээнийхээ гэдэс рүү гуталдаа зоосон шөвгөөр хатгаад орхисон чинь тэмээ нь туйлахад:
- Хүүхдүүдээ! Би юу гэж хэллээ гээд долоон толгой шидээд, нөгөө хажуугаар нь долоон хожгорын ээжийг унагаагаад өөрөө эсрэг талаар унахдаа сугандаа авч явсан олгойтой цусаа хага хавчаад унаад өгчээ. Долоон хожгор ууттай долоон толгойг нэг нэг аваад цааш нь эргэж ээж дээрээ гүйж очсоноо:
- Ээ харла! Хайран ээж, хайран ээж гэж орилолдоод хажууд нь хэвтсэн ширэн хөхүүртэй архийг үзсэнээ:
- Ээж энэ архийг ихэнхийг уусан байна шүү согтолгүй яахав, тэгээд энэ хангал тэмээн дээрээс унахаар яаж тэсэх билээ гэцгээн үлдсэн архийг нь хувааж ууцгаагаад дотор нь халахад сэтгэл нь жаал онгойв бололтой эргэж харснаа.
- Ээ энэ Аргат яасан бол гээд дэргэд нь очсон чинь бүтэн улаан цусан дотор хэвтэж гэнэ. Долоон хожгор.
- Ээ одоо яанаа! Манай муу ээж ч яахав өнгөрчээ. Одоо энэ хааны Аргатыг яадаг билээ. Бид хамаагүй гүйлдэж ирснээс болоод тэмээ туйлж ийм болов. Биднийг ирж явахад хүн согтуу, тэмээ хангал гэж хэлсэн биш үү гэж айцгаагаад, одоо ч хаан бидний толгой дараалан хядна даа! Яанаа! uэцгээж байжээ. Тэгтэл Аргат нэг гараа жаахан хөдөлгөж гэнэ. Тэгэхээр нь Долоон хожгор:
- Хүү үхээгүй байна! Хөдөлж байна гэлцэн Аргатыг өргөж цуснаас нь холдуулаад цээжийг нь өндийлгөхөд Аргат их урт амьсгаа аваад нүдээ нээжээ. Долоон хожгор Аргат амьд байна гэж баярлалдан архины шавхруу авч ирж цутгахад нь хоёр нэг балгаад бүр сэргэж:
- Ёо ёо. Би хаана байнаа. Та нар хэн бэ? Манай хаан намайг яаралтай ир гэсэн гэж хэлэхэд Долоон хожгор
- Ай их хааны Аргат аа! Та бидний Долоон хожгорын дунд байна шүү дээ! гэхэд Аргат:
- Өө тийм байна. Би нээрээ танай ээжийг согтуу дүүрч ирсэн биш үү. Ээж чинь хаана байна? Миний тэмээ яав? Та нарыг би битгий ойрт, хүн согтуу, тэмээ хангал гэсэн шүү дээ гэхэд хүүхдүүд:
- За ээж ч яахав дүүрчээ. Таны бие ямар байна, явж чадах уу? гэхэд аргат миний тэмээ байвал ч амьд харьж болох байх гэж хэлж гэнэ. Хүүхдүүд баярлаад л:
- Та амьд бол бусад нь яахав, тэмээ тэнд л идэж байсан гээд цөм гүйлдэж очоод тал бүрээс нь ээрч байгаад бариад иржээ. Аргат:
- Ээ харла гэж! Энэ муу ээж чинь одоо яадаг билээ? гэхэд хүүхдүүд:
- Өө ээж яахав өнгөрсөн байна. Бид аргалж оршуулна. Та л амьд харьж үз. Биднийг хаанд битгий хэлээрэй гээд тэмээг хэвтүүлж Аргатыг мордуулаад босгож хөтөлж яваад бурантагийг өгч Аргатыг явуулжээ. Аргат ёолж, ёхолсоор хүнд бэртсэн хүн болж яваад Долоон хожгороос нүд далд ормогц, тэмээндээ ташуур өгч тэшүүлсээр гэртээ харьжээ. Маргааш нь хааныханд очиж болсон явдлаа цөмийг хэлээд хаан хатан хоёроос их шан хишиг хүртэж буцжээ. Хэд хоног өнгөрсний дараа хаан Аргатыг дуудуулж ирээд:
- За Аргат минь, чи юуны хэрэгтэй Аргат билээ? Чи бүхнийг аргалж чаддаг их ухаантай биш үү? Би ганц дагинатай байгаад алдлаа. Одоо нарт хорвоод энэ бид хоёрт жаргалгүй болжээ. Чи миний охиныг амьдруулах арга ол. Чамд би хаан ширээгээ өгсөн ч болно гэхэд Аргат:
- За хаантан минь, би туршаад үзье. Та нар шинэ элдсэн ямааны арьсан дах, дулаан гутал, нэхий өмд үнэгэн малгай өг. Бас шар тосны боов нилээд хэдийг өгөгтүн. Тэгээд би хол яваад ирье. Дараа нь учрыг олно гэж хэлжээ. Хаан ч тэр даруй бүх зүйлийг бэлэн болгож өгчээ. Аргат нилээд хол яваад харанхуй бүрэнхийгээр аглаг зэлүүд газар гурван замын бэлчээр дээр ирээд тас гэдрэг хараад хэвтэж байж гэнэ. Удалгүй гурван замаар чөтгөр гүйлдэж ирээд Аргатыг нааш цааш нь эргүүлж тойруулж үзэж байгаад:
- Энэ чинь ямар хаашаа хүн бэ? Даараад үхжээ гэхэд дахтай, дулаан гутал малгайтай байдаг. Өлсөөд үхэжээ гэхэд өврөөр нь дүүрэн шар тостой боовтой байдаг. Ер нь л их бааштай эр юм даа? За хэрэв манай талын хүн бол гурвуулаа дээгүүр нь нэг, нэг харайхад босоод ирнэ биз гээд тэр гурав үсэрчээ. Тэгтэл ч Аргат босоод ирж гэнэ. Тэд:
- Өө манай талын хүн байна. За чи чинь яагаад энд хэвтэж байдаг билээ? гэхэд Аргат:
- Жаахан унтчихжээ. Үгүй би нэг юм мартчихаад байна. Үхсэн хүн яаж амьдруулдаг билээ гэж асууж гэнэ. Чөтгөрүүд:
- Тийм амархан юм мартах гэж байх уу. Хүн амьтангүй эзгүй газар оосор бүчгүй ордон цагаан өргөө бариад дотор нь ор дэр засаж үхсэн хүнээ оруулж гурван хоног гал үзүүлэлгүй хэвтүүлээд дараа нь их гал түлж гэрэл гэгээ гаргахаар л босоод ирнэ шүү дээ гэж гэнэ. Аргат түүнийг мэдэж аваад цааш явж байгаад:
- Та нарт ер нь айх юм байдаг уу гэж асуужээ. Чөтгөрүүд :
- Байлгүй яахав бид өргөстэй улаан харганаас айдаг. Чи юунаас айдаг вэ? гэж асууж гэнэ. Аргат
- Би бол хөл мах, домбо цайнаас айдаг. Багвар багвар гурилаас айдаг гэж гэнэ. Тэгээд цааш явж байсан чинь нэг их өргөстэй улаан харгана байхаар Аргат тэр лүү гүйгээд орчихжээ. Гурван чөтгөр гайхаж зогссоноо.
- За энэ нохой чинь биднийг яах гэж байгаа юм бол. Тэгэхээр нь өөрийн нь их айдаг зүйлүүд олж ирээд тал бүрээс нь шидээд байя. Тэгвэл тэр гарч ирэлгүй яахав гээд хөл хөлөөр мах авч ирээд шидэхээр нь идээд, домбо домбоор цай авч ирээд шидэхээр нь уучихаад, багвар багвараар гурил ирэхээр нь нухаж идээд л хэвтээд байжээ. Гурав хоносны дараа тэд ирж дуудаад ч гарч ирэхгүй болохоор нь:
- За чи чинь бидний нөхөр биш нөгөө хааны зальт Аргат байна шүү дээ. За гайгүй чамайг эндээс явсан цагт чинь хойноос чинь очиж хүзүү толгойг чинь салгая гэж занаад яваад өгчээ. Аргат араар нь сэмхэн босож гүйгээд хааныд ирж:
- Бушуухан хүн амьтангүй газар оосор бүчгүй ордон цагаан гэр барьж хуурай мод гурван гүзээ шар тос, нэг хурц сүх, нэг сур аргамж, таван тэмээ өргөст улаан харгана ачиж буулгаад дотор нь маш сайхан ор дэр зас гэж гэнэ. Хааныхан тэр дор нь л засч төхөөрч өгчээ. Аргат:
- За одоо өнөөдрөөс хойш гурав хоноод намайг эргэж ирээрэй. Би үхсэн ч байж магадгүй, одоо нэг ч хүн үлдэж болохгүй, цөм явцгаа гэж явуулаад таван тэмээ харганаар гэрээ битүү эргүүлж тавиад тулгын чулуун дор гурван гүзээ шар тос булаад өөрөө хоймрын авдар доогуур нүх ухаж сүх сур аргамж хоёроо бариад хэвтэж байжээ. Тэгсэн чинь тэр шөнө гурван чөтгөр хүрч ирээд:
- Аа чи бас биднийг айлгах санаатай харгана тавьсан уу гээд дээгүүр нь үсрээд үсрээд ороод иржээ. Энэ үед түлсэн их гал унтарсан байж гэнэ. Тэгээд гурван чөтгөр:
- За хаана нуугдсан бол? Хойт авдар доогуур уу? гэснээ үгүй зүүн авдар доогуур орсон байх гэж нэг нь хэлтэл гурав дахь нь үгүй, Аргат зальтай хүн, биднийг галд ойртуулахгүй гэж бодоод тулгын дэр чулуун доор л орсон байх гэж хэлээд гурвуулаа тулгын гурван дэр чулууг ухжээ. Тэгтэл халуун нурман дор буцалж байсан гурван гүзээ шар тос хага үсрээд гурван чөтгөрийн нүдийг сохолж нүүр гарыг нь түлжээ.
Аргат хойт авдар дороос гарч ирээд гурван чөтгөрийг барьж авч аргамжаараа хүлж хаяад толгой дээр нь сүхээ тавьж одоо та нарын толгойг тас цавчина гэхэд чөтгөрүүд цөм амь гуйж:
- Үүнээс хойш бид танд бараа сургаа үзүүлэхгүй. Бид сохор болохоор хаашаа ч явж чадахгүй зөвхөн булшиндаа очъё. Биднийг амь хэлтрүүлж өг гэж гуйжээ. Аргат:
- Би маргааш үхсэн хүн амьдруулна. Та нарын хэлснээр амьдарвал амьд явуулна. Тиймгүй бол цөмийг чинь цавчина гэсэнд чөтгөрүүд:
- Ай их хааны аргат минь бид худал хэлээгүй. Танай энэ орд өргөө байсан газар яг тохирно. Мөн энэ гэрт одоо оруулж ирсэн ч амьдарна гэж гэнэ. Тэгэхээр нь гурван чөтгөрийг чирч гарган тавьж дахин танайхаас аль нэг нь үзэгдвэл би цөмийг чинь хүйс тэмтэрнэ шүү гэж айлгаад хөөжээ. Чөтгөрүүд түлхэлдсээр алга болж өгч гэнэ. Тэгээд Аргат шөнө явж хааны дагины цогцсыг авч ирж тэр гэрт оруулан жирийн хүн унтаж байгаа маягаар ор засаж хэвтүүлээд явчихжээ. Маргааш нь эрт гүйж ирэхэд дагина босчихсон:
- Би хаана байгаа юм бэ? Аргат ах минь намайг хүргэж өгөөч гэж байна гэнэ. Аргат хамаг учир явдлыг ярьж хэлээд хоёулаа хөтлөлцсөөр хааныд хүрч ирсэн чинь хаан, хатан хоёр ухаан алдталаа баярлаад төрийн их хурим хийж тэр хоёрыг суулгажээ.
Аргат хааны хүргэн хүү бөгөөд баруун гарын нь түшмэл болж дөрвөн зүсний малгай, дөрвөлжин цагаан өргөөтэй баяны буурь дээр бууж, баатрын суурь дээр сууж амар амгалан жаргаж гэнэ.
Энэ их криминал сэтгэлгээтэй үлгэр байнаа. Нэг булхай хийгээл тэрийгээ нуух гэж бас нэгийг хийгээл. Жаахан хүүхдэд бол ярилтгүй эд байнаа
Хэхэ. Харин сүүлийн үед хүмүүс монгол ардын үлгэрийг их шүүмжилдэг болжээ. Алтан мөнгөн шагайг бас аавыгаа цохиж аллаа арай ч дээ ийм үлгэр байж болохгүй гэцгээгээд л. Би лав багаасаа л энэ үлгэрүүдийг сонсож өссөн. Одоо шүүмжилцгээгээд бгаа хүмүүс бодвол энэ үлгэрүүдийг бага бхдаа сонсож бгаагүй бололтой. Тэгээд том хүний байр суурьнаас бодоод бх шиг бна. Харин би багадаа сонсож, уншиж бсан хүний хувьд хэлэхэд хүүхэд энэ үлгэрүүдийг сонсоод аан би ингэж ингэж болох юм бна. Аав маань дургүйг минь хүргэвэл толгойг нь хага цохиод алж болохнээ гсн бодол огт төрж бгаагүй. Харин аав ч бсан буруу зүйл хийсэн л бол шийтгэлээ хүлээх ёстой юм бнаа. Аав хүн үр хүүхдээ хайрлах байтал өөрийгөө хайрлаад хүүхдээ мангаст өгөөд явуулна гэдэг их муу, муухай аав юм бна шүү. Энэ Аргатын тухай үлгэрээс бол хүн ийм ууртай байж болохгүй юм бнаа. Ганц уурлаад хүн цохиод алснаас болж ийм үр дагавар гардаг юм бна. Хүн ийм аргатай бвал үхсэн хүнийг ч амьлуулж болдог юм бна зэрэг зүйлийг ойлгож авч блаа. Тэхээр хүмүүс пүү паа яасан муухай үлгэр вэ гэхээсээ өмнө хүүхэддээ энэ үлгэрийг ярьж өгөөд юу гэж бодож бгаа тухайгаа харилцан ярилцаад үзээрэй.
Miracle, tun zuv handlaga, bodoltoi hun bna aa uuruu... Byarlalaa