Аавтай сайн хүү
Огноо 2011-09-30 at 12:25 UnknownЭрт урьд цагт хятадын эзэн хаан монголд хулгар чихтэй хулгана шиг сүүлтэй, хүрэн халтар зүстэй, шүдлэн үхрийн дайны том амьтан бэлэглэжээ. Түүнийг ямар амьтан болохыг хаад ноёд үзээд үзээд таньсангүй боловч бэлгийн хариуд алт мөнгө, мал сүргээсээ ихийг өгч гэнэ. Тэр амьтныг шөнийн нэг хүн манаж хонодог. Манааны хүнийг тэр амьтан идчихдэг байжээ.
Тэр үед өвгөд хөгшиддөө үе сүүл залгиулж, шаант чөмгөөр гударч хороодог балар бүдүүлэг цаг байжээ. ... Нэг хүү хөгшин болсон эцгийгээ хайрлаад гударч хороолгүй хүн амьтнаас нуугаад байдаг байжээ. Хүү тэр амьтныг манаж хонох болжээ. Хүү энэ учраа аавдаа хэлэхэд аав нь:
-Тэжээж таргалуулахад хулгана л их том болдог юм гэнэ билээ. Тэр амьтан хулгана байж магадгүй. Чи түүнийг өөр рүүгээ дөхөж ирэхээр нь муур мэт дуугараад байгаарай гэжээ. Хүү эцгийнхээ хэлснээр нөгөө амьтныг дөхөж ирэхээр муур шиг дуугарсанд буцаад явжээ. Хааныхан өглөө ирж хүүг амьд байхыг үзээд, хаандаа “Урьд шөнө манааны хүн амьд хонож” гэж хэлжээ. Хаан хүүг дуудуулж авчраад:
-За тэр амьтан ямар амьтан болоод ганцхан чамайг идсэнгүй вэ? Энэ учраа хэл гэхэд хүү:
-Аав минь арга зааж өгсөн билээ гэжээ. Хаан:
-Чи аавыгаа өдий болтол яагаад тэжээж байгаа юм бэ? Гэж их уурлаж хүүд “аавыгаа дуудаад ир” гэжээ.
Хаан өвгөнөөс:
-Хүүдээ ямар арга зааж өгсөн бэ? гэхэд өвгөн:
-Тэжээж таргалуулахд хулгана л их том болдог юм гэнэ билээ гэж би сонссон юм. Тэгээд хүүдээ “Тэр амьтан хулгана байж магадгүй. Дөхөж ирэхээр нь муур шиг дуугараад байгаарай” гэсэн юм. Хаан минь, та хулганан бэлэг аваад, алт мөнгө мал сүргээрээ хариу бэлэг өгдөг муу байна даа. Хятадын эзэн хаан Монголыг баран идэх гэхдээ хулгана шиг мэрэн идэхээр шийджээ гэв.
Хаан энэ үгийг сонсоод өвгөнийг гэрт нь буцаажээ. Түүнээс хойш хаан, өтгөс өвгөдийгөө хороодог нь юмны учир мэдэх настай хүнгүй болчихдог, буруу юм байна. Настныг хороохоо зогсооё гэсэн зарлиг гаргаж, аавыгаа хайрлан тэжээж байсан хүүг, “Аавтай сайн хүү” гэж хаан суулгажээ. Аавтай сайн хүү, Аавтай сайн хаан болжээ. Аавтай сайн хаан гэдэг үг хожим Автай сайн хаан болсон гэдэг.
mash saiha uleger baina.
tom hulgana geed tusuulhuur amid baraas ch aimshigtai sanagdaj bna shuu. aichlaa