Бар хүү Тугал хүү хоёр

Урьд нэг баян айл байжээ. Тэр айлын нэг үнээ нь гурван жил сувайрчээ. Эзэн хүмүүс нь за үнээ маань гурван жил сувайрлаа. Одоо энэ үнээгээ өвөлдөө алж идье гэж ярилцав.
Тэгтэл үнээ нь гаднаа хэвтэж байгаа эзнийхээ үгийг дуулаад "Аа эд намайг энэ өвөл алж идэхнээ. Эдэнд идүүлэхгүй байх арга юу байна. Би гүйгээд явчихъя" гэж бодоод явчихжээ. Тэгээд гүйсээр яваад гурван жилийн газар нэг өндөр ууланд очжээ. Тэр ууланд явж байтал нь нэг бар дайралдаад:
- Би чамайг иднэ гэж хэлжээ. ...
- Гурван жил сувайрахад минь намайг эзэн маань иднэ гэхэд нь би идүүлээгүй юмсан. Одоо чамд идүүлэх цаг болж дээ гэв. Тэгэхээр нь бар:
- Ээ тэгвэл бид хоёр цуг амьдаръя, би бас охин бар юм гэж хэлэв. Тэгээд бар үнээ хоёр ижилсэж, нэг бууцан дээр хонож байдаг болжээ. Гэтэл гэв гэнэтхэн хоёулаа гэдсэндээ үртэй болж барын бамбар, үнээний тугал хоёр нэг өдөр гарчээ. Түүнээс хойш удалгүй хоёр ээж нь хүүхдүүдээ орхиод хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Барын бамбар тугал 2 бие биеэндээ хань болж хамтран амьдрах болов гэнэ.
Нэг өдөр бамбар нь нэг хонх олоод тугалдаа зүүлгэчихээд
- Чи энэ жалгандаа бэлчиж бай. Хэрвээ чамд зовлон бэрхшээл тохиолдвол хонхоо дуугаргаж байгаарай. Би явж чандага туулай барьж идье. Ай оройдоо хоёулаа бууцан дээр очиж хонож байя гэж хэлээд нилээн удаан гөрөөлж явжээ.
Тэгтэл тугалын хонх дуугарч бар хүү "За юу болов" гээд яаран очсонд тугал:
- Аа энд нэг сүрхий шар эрээн амьтан явна гэжээ. Бамбар очиж харсанд нэг үхэр хэдгэнэ явжээ.
- Өө энэ чинь айлгах амьтан огт биш! гэж хэлээд бамбар явжээ. Мөн маргааш нь бас л хонх нь дуугарч, барын хүү гүйсээр очсонд тугал:
- Аа, энд нэг их сүрхий хоёр урт чихтэй амьтан гүйж явна гэхэд нь барын хүүг эргэж хартал нэг туулай гүйж явжээ. Өө энэ чинь амьтныг хорлох амьтан биш гэж хэлээд барын хүү явжээ.
Тэгээд маргааш нь мөн хонх дуугарч барын хүү "За юу болов л гэж дээ. Бас нэг хэрэггүй амьтан үзээ биз гэж бодоод очсонгүй. Тэгтэл хонх хэсэг дуугарч байгаад чимээгүй болжээ. Орой нь бамбар бууцан дээрээ иртэл иртэл тугал найзыг ньг чоно идэж орхисон байжээ. Барын хүү тугалаа үхчихсэн хойно би амьд яваад яахав гээд тугалынхаа арьснаас авч түүгээрээ боогоод үхжээ.
Гэтэл тэр дүүжилсэн модноос хоёулаа жигтэйхэн сайхан хүү болоод төржээ. Тэгээд биенээ Бар хүү, Тугал хүү гэж нэрлэжээ. Бар хүү жигтэйхэн ч чадалтай илэв жилэвтэй юм байжээ.
Тэгээд тэр үед нэг их гүрний хаан тогтохоо байчихаад мэргэдээр мэргэлүүлжээ. Энэ хааныг одоо хаанаас суулгавал тогтох бол гэж асуужээ. Мэргэчүүл мэргэлээд:
-Энэ уулын өвөр талын модон дотор хоёр хүүхэд байна. Тэр хоёрын нэгээр хаан ширээ эзлүүлбэл тэр хаан тогтоно гэжээ. Түүнийг нь Бар хүү мэдчихээд Тугал хүүдээ:
-За чи бид хоёрын нэгээр энэ уулын өвөрт хаан ширээнд суулгах гэж байна. Би чинь хүнд харагдахгүй болчихъё. Чи ганцаараа байж бай. Маргааш тэднээс улс ирж, чамайг залж аваад явна. Хэрэв нэг чинь хаа очсон гэвэл юманд явсан гэж хэлээрэй. Би хажууд чинь суугаад явна гэв. Тэгээд маргааш нь нээрээ нэг жууз дүүрэн улсууд ирж хүүхдийг залж аваад явжээ. Хааныд авч ирээд хаан ширээнд суулгаад, түрүүчийн хаадын хатанг түүний хатан болгожээ. Тэр өдрөө найр наадам хийсээр орой болгож Хаан унтах болж. Хатантай цуг унтжээ. Бар хүү нь орны нь хөлд суудаад л байжээ. Тэгээд Тугал хүүгийн унтаад орхихтой зэрэг өнөөх хүүхэн өврөөс нь босч гадагшаа гарчээ. Бар хүү хойноос нь дагаж гараад харж байсан чинь тэр хүүхэн үнсэн дээр очиж хөрвөөгөөд хөх чоно болоод гэр лүү гүйжээ. Тэгэхээр нь бар хүү хажуунаас бар болж, тэр шулмасыг дайран бариад хаячихжээ.
Өглөө болсон шулмас ч дарагдсан хаан ч зүгээр хоносон байжээ. Тэгээд Бар хүү хуучин хэлбэртээ орж хүнд харагдах болж, хааны баруун гарын түшмэл болоод, Тугал хүүтэйгээ амар сайхан жаргажээ.

Шошго: |

2 Сэтгэгдэл:

  1. Anonymous Says:

    Я порекомендую всем, кто ищет бизнес-ссуду, мистеру Бенджамину, который помог мне с ссудой в четыре миллиона долларов, чтобы начать свой бизнес, и это было быстро. Когда они получали ссуду, было удивительно, насколько легко с ними было работать. Процесс был быстрым и безопасным. это был определенно положительный опыт. избегайте мошенников здесь и связались с мистером Бенджамином. 247officedept@gmail.com. whatsapp ... + 19893943740. если вы ищете бизнес-кредит.

  2. Anonymous Says:

    Адуу