Багш шавь хоёр
Огноо 2011-10-04 at 10:13 UnknownБагш шавь хоёр нэгэн уулын агуйд ном бясалган сууж гэнэ. Тэр уулын бэлд цөөн хэдэн хоньтой өвгөн эмгэн хоёр байдаг байжээ. Өвгөн өдөрт хэдэн хонио хариулсаар багш шавь хоёр дээр ирдэг юм гэнэ.
Нэг өдөр шавь нь хойд уулнаасаа гишүү түүж орхимжоороо ороон үүрч ирээд агуйнхаа гадаа тавьж гэнэ. Өвгөн ч хэдэн хонио хариулаад ирж. Шавь нь нэг гараад харсан, орхимжных нь үзүүрийг нэг хонь зажилж байжээ. ... Тэгэхээр нь гишүүгээр цохичихсон чинь өнөө хонь үхчихэж гэнэ. Шавь хонийг нуучихжээ. Өвгөнийг орой хонио туугаад явчихаар шавь нь багшдаа хэлжээ. Багш нь:
- Хоёулаа учрыг нь олж идэхээс гэжээ.
Өвгөн орой очоод хонио бүртгэсэн нэг хонь дутжээ. “Тэр хоёр л авчихлаа. Очиж үзье” гээд агуйн гадаа очоод сэм чагнаж суужээ.
Шавь нь хонийг өвчөөд багшдаа хэлж байна гэнэ:
- Баринтагийг нь тайлчихлаа. Одоо яах билээ? гэсэнд багш нь:
- Доод ботийг нь доош нь залчих. Дээд ботийг нь дээш нь залчих. Дунд ботийг нь өнөө шөнө айлдаж хоноё доо гэжээ. Тэгэхээр өвгөн “Энэ хоёр чинь ном бясалгаж байгаа улс байна” гэж бодоод харьжээ.
Маргааш нь өвгөн тэр хоёр дээр ирж “Нэг хонио алдчихлаа. Аврал буулгаж өгөөч” гэжээ.
Тэр хоёр хонийг нь идчихсэн ч гэсэн аврал буулгаж, ном уншихаар өвгөнийд очжээ. Багш шавь хоёр өвгөнийд очиж баахан ном уншчихаад багш нь шавьдаа “Чи түрүүлээд яв” гэжээ.
Шавийг ирэхэд тэдний доод агуйд байдаг алаг хав агуйд нь ороод хонины бөгсийг идээд цээжний нь талыг идчихсэн байжээ. Алаг хавыг гишүүгээр цохиод авсан, агуйны нь үүдэнд атга хирийн хар чацга алчихаад гүйгээд явчихжээ.
Багшийг нь харихаар өвгөн “Одоо л хоолоо хийж байгаа байх" гэж бодоод агуйн гадаа очоод чагнажээ.
- Доод агуйн алаг бурхан ирээд доод ботийг нь айлдчихаад, дээд ботий нь тэн хагаслаад байж байна гэж шавийгаа хэлэхэд багш нь
- Чи тэгээд яав? Гэсэнд
- Алд хирийн зандан барьсан чинь, атга хирийн гүгэл хайрлачихаад агуйны амаар маань мэгзэм дагнаад л заларлаа гэж ярилцахыг өвгөн сонсоод “Бас энэ доод агуйд нь нэг алаг бурхан байдаг юм байна. Ном бясалгаж байгаа улсад муу санаж нүгэл хураалаа” гэж өөртөө бүх бурууг өгөөд буцжээ.