Мэргэн ноёны зарлигаар бяруу ч үгүй, ваар ч үгүй болов.
Огноо 2010-03-02 at 11:19 UnknownУуртай догшин ноёны толгой алга болсны дараа хоёр дахь ноён нь ширээнд сууж хамаг олон нь түүнийг “Ухаантай уужим сэтгэлтэй хүн” гэж урьд хожидгүй магтах болж гэнэ. Ингээд ноёноосоо юм бүхнийг асууж шийддэг болж гэнээ. Нэг өдөр ноёны мэргэн түшмэд ноёнд бараалхан ирээд ийн асуужээ:
“Манайх нэг эрх танхи хүүтэй юмсаан. Түүнийгээ ажил хийлгэж сургахаар нэг үхэрчнийг дагалдуулан явуулж ганц бяруугаа хариулгасан юмаа. Нөгөөх маань бяруугаа услахыг мартаад хичнээн ч хоносон юм бэ? Бүү мэд? ...
Бяруугаа услана гэхлээр нь би “Ваартай усаа тавиад өгчих” гэсэн юм. Тэгтэл цангасан бяруу ваартай усыг уухдаа толгойгоо дотор нь хийчихжээ. Тэгээд яаж бяруу ваар хоёроо амьд мэнд салгаж авахыг гайхаж цөхөрлөө ноёнтон минь? Нэгэн мэргэн арга айлдаж хайрлана уу” гэхэд ноёнтон нь ийн айлдруун:
“За тийм бол бяруу ваар хоёрын заагаар бялуу сүхээр цавчвал хоёулаа амьд мэнд гарна” гэж айлдаж гэнэ.
Түшмэл очоод бялуу сүхээр цавчаад орхисон чинь ваарны дотор бярууны толгой тор хийтэл унаад үлдчихэж гэнэ. Тэгэхэд нь бяруу ч нэгэнт өнгөрсөн болохоор одоо ваарнаасаа бярууны толгойг яаж гаргахаа олж ядаад мэргэн ноёноосоо дахин ирж асуусанд ноён нь бас ийм зарлиг буулгав.
“Ваараа балт сүхээрээ балбаж орхивол чинь аль аль нь амьд мэнд сална” гэж гэнэ. Мэргэн түшмэл нь тэр ёсоор ваараа балт сүхээр балбатал ваар нь хагараад дотроос нь бярууны бас бяцарчихсан гарч ирж гэнэ. Ингээд бяруу ч үгүй ваар ч үгүй болоод мэргэн ноёндоо очиж ийн өгүүлрүүн:
“Мэргэн ноёнтоон! Таны зарлигаар би ваар, бяруу хоёроо амьд мэнд салгаж авах ёстой байтал хоёулаа авах танаггүй болоод бяруу ч үгүй, ваар ч үгүй боллоо. Яагаад ингэснийг мэдэхээ байлаа” гэсэнд мэргэн ноён нь
“Би биеэрээ очиж үзье” гэж гэнэ.
Мэргэн ноёнтон морилон очиж үзээд “Та нар бяруу гэж надад хэлсэн, тэгтэл чинь үхэр байсан байна шүү дээ” гэж гэнээ. Тэгэхэд нь нөгөөдүүл нь:
“Аа! Тийм байсан байлгүй. Манай мэргэн ноён буруудах учиргүй” гэж ярилцаад уг хэрэг дуусч гэнэ.