Нутаг санагдана
Огноо 2010-03-04 at 12:31 UnknownЭрт урьд баруун газраас ирсэн түвд панзач нэг айлд хонох болжээ. Тэр айл томоохон хийсэн банш хоноцдоо чанаж өгсөнд урьд өмнө нь ийм банш идэж үзээгүй панзач нэг баншийг бүхлээр нь үмхсэн чинь ам нь халж гаргаяа гаргаж чадахгүй, залгияа залгиж чадахгүй дэмий л сандран нүднээсээ нулимс асгаруулан байжээ.
Ингэхлээр нь гэрийн эзэн “Хүүе, та яаж байна. Та яаж байна?” гэсэнд панзчин:
“Зүгээр зүгээр, банш идэхлээр баруун газрын нутаг санагдаж нулимс гарах юм даа” гээд санаа алдан нулимсаа хээв нэг арчиж суухад нь “Ээ хөөрхий! Танай нутаг халуун ч байх даа” гэж гэрийн эзний хэлсэнд панзач “Тийм ээ, заримдаа пүү гэмээр халуун ч байна” гээд үлээхэд гэрийн доторхи хүмүүс цөм жиг жуг инээлдэж гэнэ.