Ном хаялцсан нь
Огноо 2010-02-01 at 10:02 UnknownБаадай нэг өдөр хийдийн их гэвш ламынд орсонд тэр лам “Чи миний бурханаас адис ав хөө!” гэж захиран хэлсэнд Баадай
“Би шавар бурханаас байтугай шаброн(*) ламаас адис аваагүй толгой!” гэж гэнэ. Тэгэхлээр нь нөгөө гэвш лам нь
“За тэгвэл хоёулаа ном хэлэлцье” гэсэнд Баадай
“Би гэцэл лам байтугай гэгээн ламтай ном хаялцаж явсан толгой” гэсэнд нөгөө гэвш ламын эгдүү нь буцлан ...
“За чи тийм сүрхий юм бол бурханы орон хаа байдгийг хэлээд орхи” гэсэнд Баадай ийн хэлжээ:
“Сүмийн хонгил
Сүүдэртэй гүнгэрваа
Хадны агуй
Хагархай хүрдэнд бурхан орогнодог юм” гэсэнд лам ихэд уурлан
“Ер нь чи бурхан гэдгийг юу гэж бодож байна?” гэсэнд Баадай
“Будгаар ялгасан будмал
Шавраар шавсан шавмал
Гуулиар цутгасан гулдмай
Гурилаар наасан шалдмай
Мах иддэггүй Майдарын дүр
Мал мэддэггүй Чойжингийн зураг
Худалч ламын шүтээн
Хуурмаг хүний сахиусыг
Бурхан гэдэг юмаа” гэсэнд гэвш лам “Бурхан сахиусыг доромжлов” хэмээн байж ядан уурлахдаа
“Пөөх чи чинь бүр чаралба болчихсон хүн юмаа, хойт насандаа арван гурван тамд унах болтугай! Бурхан минь! Намайг өршөө!” гэж наминчилсанд Баадай тэр ламд хэлсэн нь
“Пөөх гэвш минь, тэгвэл та амьдаараа бурхан болчихсон болохоор шилэн гүнгэрвааны цаана гучин жил ширгэж суух болсон толгой юм байна даа” гэж хэлсэн гэнээ.
* Шаброн гэдэг үгийн утгыг би өөрөө ч олж чадсангүй. Үлгэрийн эх дээрээ л ийм байх юм. Мэддэг хүн байвал Comment үлдээнэ үү?
Шаброн гэж төвдөөр хувилгаан гэсэн үг юм.