Түшмэлийг сургасан нь
Огноо 2010-02-17 at 10:21 UnknownНэгэн бадарчинг голын хөвөөн дээр очтол голын ус үерлээд горьгүй байж гэнэ. Тэгэхлээр нь голын ус татрахыг хүлээн цайгаа чанаж суутал нэг түшмэл гуай хүрч ирээд
“За хөө ус ямар байна?” гэсэнд бадарчин
“Миний нүдээр бол хар ус халгиж л байна, таныхаар бол ямар байна?” гэсэнд нөгөө түшмэл
“Тэнэг минь ээ! Чамаас би ус их байна уу? Бага байна уу?” гэж асууж байна” гэсэнд ...
“Би муу хув хар тогоогоороо нэг дүүрэн хутгаад авлаа, цаана нь ийм л байна. Танд чухам хэдий хэр ус хэрэгтэй юм бэ?” гэсэнд түшмэл их л зэвүүцэн
“Чамаас усны их багыг асуугаагүй байна хөө! Усны гарам нь хаа байна гэж асууж байна” гэсэнд бадарчин
“Мэдэхгүй дээ, түшмэл минь! Би “Урсч байгаа усанд гарам байдаггүй, ухаан санаанд гүүр байдаггүй” гэж дуулсан юм байна” гэхэд түшмэл гуай уурлан хэдэрлэж
“Ухаанд нь ухна үхсэн золиг минь! Чи өдий болтол усны гарам мэддэггүй новш уу?” гэсэнд бадарчин
“Та чинь бүр толгой дээр нь шарилж ургаж баймаар тэнэг хүн юм байна. Усны гарам гэвэл урсаад явчихдаг юм. Голын гарам гэвэл энэ байна” гэж заагаад “Түшмэл гуай та үүнээс хойш үгээ мэдэж байж хүнд цэцэрхэж баймаар түшмэл байна” гэсэнд түшмэл юу ч хэлж чадсангүй морио гуядан зайлж гэнэ.