Гутал шүтээн болсон нь
Огноо 2009-12-28 at 16:34 UnknownЗуны халуун цаг байсан тул Баадай халууцан ядарсан ажээ. Гэтэл түүний замд нэгэн жижиг мөргөлийн дацан байсанд мөргөх далимаар орж сэрүүцэхээр шийдээд Баадай тэр дуганд орвол тахилч лам нь түр гадагш гарсан учир эзгүй байж гэнэ. Тэгэхэд нь Баадай “Намайг хулгайч орж ирэв хэмээн эндүүрэх магадгүй” гэж болгоомжлон буцаад гарах гэтэл гаднаас тахилч лам ирж яваа бололтой хөлийн чимээ гарсанд Баадай сандрахдаа том бурханы нь араар орж нуугдав гэнэ. Тахилч лам бурхандаа зул өргөж эхлэх энэ үед Баадай найтаах аюул тохиолдсонд арга буюу найтаасанд тахилч лам “Бурхан минь амь оров” хэмээн эндүүрч
“Бурхан минь өршөө!” гэж залбиран хашгирсанд Баадай
“Будаатай цай” гэж дуугарав. Тахилч лам гүйн гарч будаатай цай авчран ширээн дээр тавиад
“Амилсан бурхан минь юу зооглохсон бол” гэсэнд Баадай “Мах” гэж дуугарав. Тахилч лам гонир лам хоёр нь уралдан харайсаар хонины ууц авчран бурханы өмнө тавьж бас хөнөг дүүрэн айраг өргөн бариад “Амилсан бурхан минь өршөө” хэмээн мөргөхөд нь Баадай “За боллоо явцгаа!” гэж гэнэ. Өнөө хоёр нь залбирсаар гарч явсан хойгуур Баадай дацангийн үүдийг дотроос нь түгжээд цай, мах, айраг зэргийг цадтал идээд тэндээ тавтай унтаж амрав гэнэ. Маргааш өглөө нь эрт дацангаас гарч явахдаа мань Баадай гутлаа мартаад явчихжээ.
Удсангүй гонир, тахилч лам хоёр нь ирээд “Амилсан бурхан минь гутлаа орхиод явжээ” гэж үзээд Баадайн гутлыг шүтээний голд тавин хүндэт шүтээн болгов гэнээ.