Буга, бар хоёрын үлгэр(Бразил)
Огноо 2009-05-28 at 10:00 UnknownНэг өдөр Буга :
Би их ядарч байна. Өөртөө сууц барих тохиромжтой газар эрж явна гээд голын эргийн ширэнгэд очиж нэгэн аятайхан газар олж байр барих боллоо.
Дараа өдөр нь Бар би мөн л ядарч байна. Нэг аятайхан сууцтай больё гэв. Бар сууц барих тохиромжтой газар эрж явсаар голын эргийн ширэнгэнд нэг газар олж дараа ирж байр барихаар болжээ. Чухам нэг газар нь Буга, Бар хоёрын хэн хэн нь байр сууц барих гэж сонгож авсан газар гэдгийг аль алин нь яахан мэдэх билээ.
Нэгэн өдөр байр барих гэсэн газартаа Буга ирж өвс бутыг эврээрээ хадарч зулгааж газрыг нь цэвэрлээд явчихав. Дараа өдөр нь Бар нөгөө газраа ирээд:
Аянга цахилгаан, тэнгэр бурхан намайг ивээж байна. Газрыг минь цэвэрлэж өгчээ! гээд газар ухаж яс мод босгон байр барьж эхэлжээ.
Гурав дахь өдөр нь буга хүрч ирж, байр барьж эхэлсэнийг үзээд
Тэнгэр бурхан надад тусламж дэмжлэг үзүүлжээ гэж баярлан, дал модны навчис, өвс цуглуулан дээвэр тавьж ганц том тасалгаан дундуур хана босгож нэгийг нь өөртөө нөгөөг нь бурхандаа зориулан барьжээ.
Түүний дараа өдөр нь Бар ирээд үзвэл байр нь аль хэдийнээ бэлэн болсонд баярлан нэг өрөөнд нь орон таг унтжээ.
Дараа өдөр нь Буга ирж нөгөө өрөөг нь эзлэн амрав.
Өглөө босож гадаа гартал Буга, Бар хоёр тааралдаж танилцан учрыг мэдэлцэж Бар хэлсэн нь:
За тэгвэл хоёулаа хамт амьдрах уу гэсэнд Буга:
Тэгье тэгье гэж зөвшөөрөв.
Маргааш нь Бар:
Би анд явлаа. Чи хожуул цуглуулж хагалж бэлд! Ус ав! Би их өлсөж ирэх байх гэв!
Бар анд явж нэг том буга алж иржээ. Түүнийг гэртээ оруулан за, найз минь нэрэлхэлгүй идээд бай, идээд бай гэв.
Буга нэрэлхсэнгүй. Гэвч нэг нөхрийг нь алж ирснийг хараад гуньж гутран ер идсэнгүй. Тэр ч байтугай шөнө намайг барьж идэх байх гэж айгаад унтаж чадсангүй.
Маргааш нь буга анд явах болов. Буга ой дотор нэг бар явахыг үзээд цааш явтал Тамандуа хэмээх тэр нутгийн аварга том амьтантай тааралдав. Энэ том амьтан хазах шүдгүй боловч маш хурц хумастай учир ямар ч амьтныг барьж хурц хумсаараа базаж алдаг. Түүнээс амьтан бүхэн айдаг ажээ. Буга Тамандуад очиж:
Би саяхан нэг бартай уулзлаа. Тэр Бар таныг мөн ч их хараан зүхэж байна билээ! гэсэнд Тамандуа ихэд уурлаж барын мөрийг мөшгин хөөж барьж аваад урт хурц хумсаараа базан алав. Тамандуа хазах шүдгүй болхоор яахав, Барыг алчихаад яваад өгчээ. Буга тэр үхсэн барыг авч гэртээ ирээд нөгөө өрөөнөөс Барыг дуудаж:
За найз минь ангын мах амттай! Идээд бай! Идээд бай нэрэлхэхгүй ид гэв.
Бар юунд нэрэлхэх билээ. Нэг нөхрийг нь алсан байхыг хараад харамсахаас гадна энэ буга намайг хэзээ барьж идэх бол хэмээн айж байлаа.
Тэр шөнө Буга, Бараас айж, Бар Бугаас айж хоёулаа огт унтсангүй. Шөнө дундын хэрд Буга зүүрмэглэж толгойгоо хөдөлгөтөл хана туурганд урт эвэр нь тулж тар түр хийжээ. Энэ чимээг нөгөө өрөөнд байсан Бар сонсож Буга надруу дайрах гэж байна гэж санаад түргэн босож хол харайсаар гарч зугатан оджээ. Барын харайх хүнд хөлийн чимээг буга сонсож Бар идэхээр зэхэж байна гэж бодоод бушуухан гарч зугатжээ. Ингээд Буга, Бар хоёр бие биенээсээ айж орон байраа орхиод ор сураггүй алга болсон гэнэ. Түүнээс хойш Буга, Бар хоёр бие биеэ үзэж чадахаа байжээ. Хайран сайхан нөхөрлөлийг хар санаа холдуулжээ.