Тогоруу яагаад өрөөсөн хөл дээрээ зогсдог вэ?(Бирм)
Огноо 2009-05-29 at 10:02 UnknownЭрт урьд цагт шувууны махыг хэн ч идэж үзээгүй байсан болохоор шувууг ер алдаггүй байв. Тийм учраас шувуу хүнээс ер айдаггүй, харин ч хүний гараас тариа будаа авч иддэг байжээ.
Гэтэл нэг хол газрын худалдаачин ой тайгад олон хоног төөрч өлсөж үхэхийн даваан дээр зэрлэг тахиа алж идсэн гэнэ. Тэгээд тэр худалдаачин ядарч будилж явсаар явах замаа олоод дайралдсан хүн бүрд өлсөж ядарснаа ярьж “энэ дэлхий дээр хамгийн амттай мах бол шувууны мах юм” гэж хэлсэн гэнэ. Түүнээс хойш шувууг хүн агнадаг болжээ.
Энэ тухай тогоруу мэдчихээд хүнийг залилахаар шийдэж хүн харагдмагц өрөөсөн хөлөө далавчин дороо нуудаг болжээ. Хүн түүнийг хараад ер нь ямар ч шувуу хоёр хөлтэй байдагсан, энэ яагаад ганц хөлтэй байдаг билээ гэж гайхаж байгаад энэ бол шувуу лав биш, ямар нэг таньж мэдэхгүй амьтан байна гэж бодоод тогорууг зөнд нь орхижээ.
Тэгтэл нэг тогоруу шалбааг дотор мэлхий агнаж яваад дэргэд нь хүн ирсэнийг мэдсэнгүй. Тогоруу хоёр хөл дээрээ дэгдэн харайж мэлхий шүүрч байхыг хүн хармагцаа тогорууг бариад авчээ.
Анчин барьсан тогоруугаа гайхан харж арьс үсийг нь барилж үзсэнд тогоруу хамаг тэнхээгээрээ чарлан:
Урт хөлт тогоруу би
Өрөөсөн хөлтэй билээ
Намайг барьсан хэн ч
Насан эцэс болно л гэж дуулахад нь анчин ихэд айн магадгүй надад л хоёр хөлтэй юм шиг харагдсан байж болно. Үүнийг суллаж тавьсан нь дээр байх гээд тогорууг тавьчихжээ. Торноос мултарсан тогоруу хоёр хөл дээрээ дэгдэн харайж агаарт хөөрөн нисэж одохдоо анчны зүг хөгжилтэйеэ харж:
Тогоруу би хоёр хөлтэй
Тарган чиг, зальтай чиг
Хороож намайг идсэн хүн
Хоёр хоног цатгалан явна гэж дуулан дуулсаар анчны дээгүүр эргэн нисээд агаарын гүн рүү шумбан оджээ. Тэр цагаас хойш тогоруу хүнийг хармагц бүжиглэн дэгдэж эхэлдэг болсон гэнэ. Энэ бол урьд эртний үед тогоруу анчныг мэхэлсэндээ баярлаж тохуурхаж байгаа хэрэг ажээ.