Хулганын хаан
Огноо 2009-05-20 at 09:47 UnknownЭрт урьд цагт эмгэн өвгөн хоёр байж гэнэ. Тэр хоёр нэг тэнэг хүүтэй юмсанжээ. Тэр айлын хөрөнгө хогшил гэвэл таван лан алттай юм гэнэ. Эмгэн өвгөн хоёр нас өндөр болсон тул нэгэн өдөр хоорондоо ийнхүү ярилцав:
- Бид хоёрыг үхэхээр ганц тэнэг хүү минь хэцүү байна. Иймд наймаа худалдааны ажилд сайн болгоё, гэж хүүдээ нэг лан алт өгөөд:
- Үүнийг аваад яв. Зах дээр аваачиж таван лангийн үнэтэй юмнаас өгөөд ир, гэжээ.
Хүү түүнийг аваад явж байтал зам дээр нь нэг хөөрхөн эрээн юм тэвэрсэн хүн явж байв гэнэ.
- Таны энэ юу вэ? Би авъя, гэхэд,
- Миний энэ муур гэгч амьтан, Авбал ав, гэжээ.
- Тэгвэл би авъя. Үнэнд нь нэг лан алт өгвөл ямар вэ? гэхэд,
- Тэг тэг! Гэхээр нь муураа гэртээ аваад иржээ.
- Чи үүгээр яах нь вэ? гэж эцэг, эх хоёр нь загнав.
Маргааш нь бас нэг лан алт өгөөд:
- Үүнийг чи таван лан алт хүрэх юмнаас өгөөрэй. Хэрэггүй юм авч болохгүй шүү!гэжээ.
- Би ямар боловч сайн юмнаас өгнө. Хэрхэвч муур авахгүй! гээд явж гэнэ. Гэтэл зах дээр нэг хар юм хөтөлсөн хүн явахаар нь:
- Энэ чинь юу гэдэг юм бэ? үүний чинь авъя! гэхэд,
- Миний энэ нохой гэдэг юм. Авбал ав! Гэжээ.
- За тэгье! Гээд нэг лан алтаа өгчээ.
Тэгээд нохойгоо аваад харихад нь эцэг эх хоёр нь өмнөхөөсөө илүү зэмлэжээ. Маргааш нь бас нэг лан алтаа өгөөд:
- Чи үүнийг муур нохой хоёр шиг юмнаас битгий өгөөрэй! гэж захиад явуулж гэнэ.
- - Би ямар ч байсан муур нохой хоёр шиг юмнаас өгөхгүй гээд зах дээр очтол нэг гоё хайрцагтай юм барьсан хүнтэй дайралджээ.
- Таны энэ юу вэ? Би авъя! гэхэд нь,
- Миний энэ могой гэдэг юм. Авбал авдаа гэжээ.
Тэгээд нэг лан алтаа өгөөд түүнийг гэртээ аваад ирсэн чинь эцэг эх нь үзээд:
- Чи муу ёрын юм авчирсан байна гээд нохой, муур, могойнх нь хамт хүүгээ хөөгөөд явуулж гэнэ.
Хүү явсаар байгаад нэг далайн захад очжээ. Муур нохой хоёр нь ус долоогоод их сайхан амарч гэнэ. Хүү бас усанд оржээ. Гэтэл могойгоо ус долоолгохыг мартаж гэж бодоод хоёр могойгоо хайрцагнаас нь гаргаад ус руу тавивал орчихож гэнэ. Тэгэхээр нь хүү уйлаад:
- Ус чи миний хоёр могойг гаргаж аль! Би үүнийг үнэ өртөг хайрлаагүй авсан юм гэж далайн усыг учир зүггүй шавчихаж гэнэ.
Гэтэл ард нь “ Хүүе!” гэх чимээ гарахад эргэж харвал нэг буга унасан хүн зогсож байжээ.
- Чи яагаад Лусын хааныхыг нүдээд байгаа юм бэ? гэхэд,
- Энэ далай чинь миний хоёр могойг авчихаад өгөхгүй юм, авч аль! гэжээ. Тэгэхэд нь:
- Хүүе, хүүе, тэгж болохгүй! Харин Лусын хаан чамайг дагуулаад ир гэсэн. Бодвол чамайг шагнах юм байх гээд сундлан далай руу орохдоо хүүг” нүдээ ань” гэжээ. Тэгээд “хар”гэхэд нь нүдээ нээвэл нэгэн алтан байшингийн хар торгон дээлтэй, шар торгон дээлтэй хоёр хүн гарч ирээд тэр хүүд:
- Та манай аав ээж хоёрыг дайсны гарт баригдаад явж байхад нь аварсан тул бид бүгдээрээ баярлаж байна. Ингээд байшинд орохоор орны хөлын авдрын өмнө хар эрээн могой цагираглаж байгаа тэр бол манай ээж, дэрны авдрын өмнө шар эрээн могой байгаа, тэр бол манай аав байгаа юм. Оронгуутаа аав, ээж хоёрын өмнө нэг нэг сөгдөөд мэдлээрэй! Тэгэхээр чинь аав ээж хоёр босож ирээд чамайг шагнана гэх байх. “ За чи юу авах вэ?” гэвэл “ Бурхан дээр хоёр алтан хайрцагтай юм буй. Түүний нэгийг авъя!” гэж хэлээрэй гэжээ.
Хүү байшинд орвол аав, ээж хоёр нь хүүхний хэлсэн ёсоор байв гэнэ. Хүү тэдний өмнө нэг сөгдөөд мэдэлвэл хаан хатантайгаа босож ирээд:
- За хүү, чи бид хёрыг дайсны гарт орсон байхад үнэ өртөг үл хайрлан амий минь аварсан тул чамайг шагнана. Юу авах вэ? гэжээ.
- Би юу авах вэ? Тэр хоёр алтан хайрцгийн аль нэгийг авъя, гэжээ.
Гэтэл хаан хатан хоёр зөв харж инээгээд, буруу харж уйлаад нэг хайрцагтай юмаа өгчээ. Үүнийг аваад гарч ирэхэд нь нөгөө хоёр хүүхэн уралдан ирж:
- Чинийх үү, минийх үү? гэж үзсэн нь шар торгон дээлтэй хүүхний хайрцаг байжээ. Шар торгон дээлтэй хүүхэн хүүд:
-Чи үүнийг аваад далайн захаас цааш явахад чинь нэгэн уул дайралдах буй. Түүний ар ёроолд очиж хоноорой, гэжээ.
Хүү тэр ёсоор нь явж уулын ард хоноод өглөө сэрвэл булган хөнжилд хэвтэж байгаа ч юм шиг байв гэнэ. Бас “Хаан дээшлэх болоогүй юм байгаа даа?” гэх олон хүн малын шуугиж байх чимээ сонсдож байжээ. Гэтэл хүү “Би зүүдэлж байна” гэж санаад өөртөө итгэхгүй, хажуудаа зогсож байгаа сайхан торгон дээлтэй хүүхнээс:
- Миний муу дээл хаана байна? гэж асуухад тэр хүүхэн:
- Таны хувцас цөм солигдсон. Харин та одоо дээшлэх болоогүй юу? гэхэд босоод гадаа гарвал газрын хөрс хөдлөм олон мал бүрхсэн байв гэнэ. Гэрт орж ирвэл:
- Алтан домбонд байгаа усаар гар нүүрээ угаа гэж нөгөө хүүхэн хэлэв.
Тэгээд цайгаа уугаад гэр бүл болох найраа хийжээ. Энэ үед мангасын хаан анд явж байгаад нэгэн туулай бууджээ. Гэтэл түүний нэгэн дусал цус хадан дээр дуссан байхыг үзээд нөгөө хаан зурхайчдаа:
- Би өдий хүртэл ан гөрөө хийхдээ туулай зэргийг ер алдаж үзээгүй билээ. Гэтэл энэ л туулай ганц дусал цус үлдээгээд явсан байх юм. Энэ ямар учиртай байна? чи үүнийг зурж мэд! Гэхэд нь зурхайч зурвал:
- Энэ тив дээр байхгүй хамгийн гоё хүүхэн баруун хойт зүгт тэнэг хаантай суугаад жаргаж байна, гэхэд мангасын хаан:
- Тэр хүүхнийг авах ямар арга байна? Дахин сайн зурж үз! Гэж зурхайчдаа хэлж гэнэ. Зурхайч үзээд:
- Тэр хүүхнийг авахын тулд хааныд байгаа нэг алтан хайрцагтай юмыг авах хэрэгтэй. Түүнийг наян настай Алийдаа гэдэг шулмас чавганцаас өөр хэн ч авж чадахгүй юм байна. Тэгэхдээ түүнийг гуйлгачин болгож явуулбал авч чадна гэжээ.
Мангасын хаан өргөөндөө ирж наян настай шулмасан чавганцыг дуудаж:
- Баруун хойт зүгт тэнэг хаантай суусан хорвоогийн хамгийн гоё хүүхэн байгаа. Түүний гэрт алтан хайрцагтай юм буй. Чи үүнийг аваад ир! гэж тушаажээ.
- Ная хүрсэн би явж чадахгүй гэхэд нь Мангасын хаан:
- Хэрэв явахгүй бол толгойгий чинь авна! гэхэд шулмасан чавганц аргагүй явах болжээ.
Нэгэн өдөр нөгөө хаан хүүгийнд нэг гуйлгачин чавганц иржээ. Хааны хатан:
- Танайх хаана байдаг вэ? Ямар тухай явж байна? гэж асуухад,
- Би орох оронгүй, оочих аягагүй, олноор тэнэж гэдэс тэжээн, орчлонгоор гэр хийж явдаг хоосон ядуу гэхэд нь хаан хатан хоёр:
- Манайд хэд хонодоо гэжээ.
Гэтэл нэг шөнө нөгөө чавганц гэнэт алга болсон байв гэнэ. Өглөө үзвэл алтан хайрцагтай юм нь үгүй болсон байжээ. Тэгэхээр нь хатан нь ингэж хэлжээ:
- За миний алтан хайрцагтай юм алга болсон байна. Би бас түүнтэйгээ хамт алга болох болно. Чи бид хоёрын амьдрал ингээд дуусна гэж хэлэхэд хүү учиргүй уйлжээ.
Тэгэхээр хүүхэн:
- Чи битгий уйл! Бид хоёр нэгэнт заяагаараа нийлсэн тул учрах цаг байна байх. Харин чи нэг ч нүд анихгүй байвал би байж л байна. Хэрэв нэг л нүд аних юм бол би алга болсон байна гээд хоёулаа уйлжээ.
Тэгж байсаар нэг мэдэхэд хүү унтсан байв гэнэ. Сэрэхэд нь нөгөө анх ирсэн уулынхаа ард нохой, муур хоёртойгоо хэвтэж байв гэнэ. Хүүг учиргүй уйлахад нь муур нь:
- Битгий уйл! Явж өндөр уулын орой дээр гаръя! гээд хүү нохой хоёроо дагуулан явжээ. Нэг уулын оройд гараад муур тал тал тийшээ харж байснаа:
- Хүүш! Улаан шороо манараад байна. Тэнд Мангасын хааных найр хийж байх шиг байна. Манай хүүхэн тэнд буй. Тийшээ явъя! гэхэд хүү уйлсаар л байв.
Тэгээд цөм тэр зүгт явцгаажээ. Гэтэл зам дээр нь айлын бууцан дээр шар навтас, хөгнийн булдруу байсныг муур үзээд:
- Нохой чи энэ навтсыг зуугаад яв! Хүү чи энэ хөгнийн булдрууг аваад яв! Бидэнд ямар нэгэн хэрэг болж магадгүй гэхэд нөгөө хоёр түүнийг аваад явжээ.
Цаашаа явж байтал зам дээр нь нэг хар модны хөндий тайрдас хэвтэж байв гэнэ. Муур үзээд:
- Үүнийг хөгнийн булдруугаар оосорлож үүрээд яв!гэхэп хүү төвөгшөөн уйлсан боловч арга буюу үүрээд явжээ. Тэгээд шулмасын хаааны наана очвол урдуур нь урсдаг цусан гол үерлээд хөлтэй амьтан гарахын аргагүй байхад хүү учир зүггүй уйлж гэнэ. Гэтэл муур:
- Чи энэ модны хөндий дотор ор! гээд нохойд хэлж хоёр талын нүхийг шар навтсаар бөглүүлээд:
- Нохой чи усчаараа энэ модыг гол дундуур түлхээд яв. Би дээр нь суугаад явъя гэжээ.
Муур голын цаад талд гараад:
- Та хоёр газар ухаж, мод навтас хоёроо газар булах хэрэгтэй , - гэхэд даруй гүйцэтгэжээ. Тэндээсээ явж мангасын хааны байдаг хотын захад очиж хүү нохой хоёроо багтах нүх ухаж, тэднийг байрлуулан, муур явж хэсэг тостой яс олж ирээд нохойдоо:
- Чи энэ яснаас хүүд жижиглэн өгч байгаарай. Би мангасын хааны хотоор явж хүүхнээ эрье,- гээд явсаар нэгэн байшингийн цонхон дээр буутал түүн дотроос нөгөө хүүхэн гүйн гарч ирээд:
- За чи сайн ирэв үү? Цаадуул чинь хаана байна? – гэхэд муур:
- Бид сайн ирсэн. Хотын захад хүү нохой хоёрыг үлдээгээд би чамайг олохоор явж байна гэхэд хүүхэн:
- За, би ч яахав мангасын хааны гарт ороод зовж байна. Миний алтан хайрцагтай юмыг гурван түмэн цэргээр бүслүүлсэн, гурван давхар төмөр байшингийн доторхи шилэн байшинд шулмас чавганц амандаа зуугаад, өдөр шөнөгүй нүд үл цавчин манаж байгаа. Би өдөр бүр зах руу хоолны үлдэгдэл аваачиж хаяж байя.Та нар түүнийг идэж амьдарч бай. Эндээс гарах цаг ирэх бол уу? – гээд хүүхнийг уйлахад муур:
- Битгий уйл. Чамтай уулзсан хойно арга нь олдоно байх – гээд буцаад явжээ. Нөгөө хоёр дээрээ ирээд:
- Хүүхэн сайн байна. Арга нь олдоно байх, би зах дээгүүр очиж нэг хоол олж идье,- гээд гүйж явтал нэг том хулгана хэвтэж байв гэнэ.
Сэмхэн мяраасаар түүнийг барьж аваад идэх гэтэл хулгана:
-Би Хулганын хаан байна. Намайг битгий ид! Хайрт амины минь оронд хүссэн бүхний чинь өгье,- гэхэд муур:
-Надад идэх хоол өг! Тэгвэл тавья,- гэтэл Хулганын хаан:
- Боролзуу, Моролзуу!- гэж дуудахад хоёр жижиг хулгана ирж гэнэ. Үүнийг ид!- гэхэд нөгөө хоёрыг идвэл Хулганын хаан:
-Одоо намайг тавь!- гэхэд,
-Чамайг тавьж болно. Гэхдээ нэг үүрэг гүйцэтгэж чадвал тавина,- гэв. Хулганын хаан:
- Гүйцэтгэе, ямар үүрэг вэ?- гэхэд:
- За, тэр гурван түмэн цэргээр бүсэлсэн гурван давхар төмөр байшингийн доторхи шилэн байшинд шулмасан чавганц алтан хайрцагтай юм амандаа зуугаад өдөр шөнөгүй нүд үл цавчин манаж байдаг. Гэвч амьд амьтан бүхэн үүрийн харанхуйгаар заавал нүд цавчдаг ёстой. Тэр үеэр миний алтан хайрцагтай юмыг авч аль! Тэгвэл чамайг тавина,- гэжээ.
Тэгтэл Хулганын хаан Өртөө занги гэдэг хулганаа дуудаж:
-Бүх хулгануудыг түргэн цуглуулаад ир!- гэж тушаахад нь нөгөө хулгана даруй явж бүх хулганыг дуудан ирүүлэхэд нь Хулганын хаан Өртөө зангид дахин зарлиг болгож:
-Ган хушуут, Өрмөн сүүлт, Хулгайч лууль гурвыг дуудаад ир! гэхэд нь нөгөө гурван хулгана тушаалын ёсоор ирсэнд хаан:
-Ган хушуут чи тэр гурван түмэн цэргээр бүслүүлсэн гурван давхар төмөр байшингийн доторх шилэн байшинд шулмасын чавганц байгаа. Түүний хажуугаар нь мэдэгдэлгүй газар доогуур нүхлэн цоолж ор! Хойноос нь Өрмөн сүүлт, Хулгайч лууль хоёр яв. Наад талд хулганын өртөө байгуулна. Тэгээд үүрийн харанхуйгаар тэр шулмасан чавганцыг нүд цавчих үед Өрмөн сүүлт чи сүүлээ хамрынх нь нүхэнд хий. Тэгэхээр тэр чавганц найтаалгаж амандаа зуусан алтан хайрцгийг алдана. Түүнийг Хулгайч лууль чи аваад хулганын өртөөгөөр хурдан дамжуул! гэж тушаав гэнэ.
Тэгээд удалгүй нөгөө алтан хайрцаг хулганын өртөөгөөр дамжин иржээ. Түүнийг муур аваад Хулганын хаанд баяр илэрхийлж, хүү нохой хоёр дээрээ хүрэлцэн ирж, гурвуул голын захад ирээд нөгөө мод навтас хоёроо гаргаж аваад урьд ирсний адил голоо гаталж, уулынхаа ард ирж хоножээ.
Хүү өглөө сэрвэл хивс олбог болсон өргөөнд булган хөнжил нөмрөн унтаж, шар торгон дээлтэй хүүхэн цай чанаж байв гэнэ.
Хүү босож дахин найр цэнгэл хийж байтал Мангасын хаан нөгөө хайрцагтай юмны хойноос бүх цэргээ дагуулан ирж явахыг муур үзээд энэ тухай хэлбэл хүү учиргүй уйлж гэнэ.
Тэгэхэд нь шар торгон дээлтэй хүүхэн:
- Түргэн явж хаан аавынд очоод “Цэргээ өгөөч!” гэж гуйхад нэг хайрцагтай юм өгнө. Түүнийг түргэн аваад ир! гэв.
Хүүг яваад ирэхэд хүүхэн ийн хэлэв гэнэ:
- Ямар нэгэн дайн байлдаан урдаар заавал цаг тогтоож байлдахаа эхэлдэг юм. Ингээд Мангасын хааны элчийг ирэхэд манайх цэрэг байхгүй учир “Та нартай байлдахгүй. Харин энэ хүүхнийг авах гэж яваа бол хаан дагалтнуудынхаа хамт ирж найр хуримаа хийгээд аваад яв!” гэж хэлээрэй. Тэгээд найран дээрээ бууж байгаагаа хэлээд алтан хайрцагтай цэргээ нөгөө миний хайрцаг болгоод өгөх хэрэгтэй.
Тэгээд хааны элчийг байлдах зар хүргэж ирэхэд нь:
- Манайх байлдах цэрэг байхгүй. Иймд хаанаа дагалдантайгаа хамт ирж найр хуримаа хийж хүүхнээ ав! гэж хэлээд явуулж гэнэ.
Мангасын хаан дагалдан цэргүүдийн хамтаар ирж найр хийгээд хүү хаан цөм ихэд согтсон тул хүү нөгөө алтан хайрцагтай цэргээ аваад өгөх гэсэн нь хүүхнийхээ хайрцгийг өгчихөж гэнэ.
Тэгэхээр нь хүүхэн:
- Миний бэлгийг аваарай! гээд нөгөө хайрцагтай цэргээ авч өгөхөд согтсон Мангасын хаан:
- Хүүхнийхээ бэлгийг авна,- гээд нөгөө хайрцгийг нь буцааж тавиад, хүүхний өгсөн хайрцгийг аваад гарч бүх цэргийнхээ дэргэд очтол, хайрцаг нь гэнэт онгойж “Хаана байна, хаана байна?” гэж зэвсэгтэй цэргүүд гарч ирэхэд “Тэр байна, тэр байна” гэж Мангасын хаан сандрахдаа цэргүүдээ зааж өгсөн тул бүх цэргийг нь хядаж гэнэ.Тэгээд тэнэг хүү айх аюулгүй амраг хатантайгаа суугаад амар сайхан жаргажээ.
Алиа юмаа ккк дүүдээ яриж өгий дөө лол :)