Долоон бурхан
Огноо 2009-05-20 at 09:53 UnknownЭрт цагт нэгэн цагт нэг хааны хоёр түшмэлийн нэг нь хааныгаа шударга бус гэж зэмлэсэн хэрэгт буруудаад цөлөгдөх болжээ. Тэгээд цөлөгдөхөд нь хоёулаа нэг хааны хоёр албанд байсан учраас өлсөж цангавал хэрэглээрэй гэж нэгнийгээ явахад нэг аяга бор гурил, нэг аяга устай өгч явуулжээ.
Тэгээд нөгөө нь цөлөгдсөн хойноо говь цөл нутагт явж байгаад цааш явж чадахгүй тамир нь тасарсанд “гурилаа идсэн ч үхнэ, идэхгүй ч үхэх юм чинь идээд яахав” гээд идэхгүй яваад байж.
Нэг идьюу гэж санаад хормой дээрээ гурилаа асгаад аяга усаар гурилаа зуураад идэх санаатай тавьснаа бас л идэх зориг нь хүрсэнгүй гурилаа атгаад л тавиад л байж.
Тэгээд нэг харсан чинь долоо атгаад тавьчихсан байжээ. Нэг харсан нөгөө долоон гурил цаашаа хөдлөөд явж. Тэгсэн хойноос нь босоод явж чадмаар юм шиг болохоор нь дагаад явсан чинь долоон гурил яваад байж. Нөгөө хүн босоод яваад байсан чинь усгүй цөл газар явж байгаад нэг их нуурын захад ирж. Тэгэхээр нь нуурын усаар ундалж, нуурын замагнаас идэж амарч тэнхэрчээ.
Харсан чинь долоон гурил далай дотор товолзож байж. Тэгэхээр нь: “Энэ долоон гурилыг дагаж явж байгаад л усанд залгаснаас хойш сэхсэн ч, үхсэн ч энэ ур уруу л орчихъё, яадаг юм” гээд орсон чинь живсэнгүй. Тэгээд нуурыг гатлаад цаашаагаа гарсанд гурил нь ч яваад л байж.
Гурилын хойноос яваад л байсан чинь нэг ой модтой уулын энгэр дээр нэг цагаан гэр тааралджээ. Цагаан гэрт орсон чинь хэсэг улсууд байж.
Тэд өгүүлрүүн:
-Хаан энд уулан дотор нэгэн сайхан хүүхнийг авах учиртай. Тэр хүүхнийг авчруулах гэж биднийг явуулсан чинь авч болдоггүй. Энд хоёр хадан хуц мөргөлдөж, хүн орохлоор л хүн тас мөргөж хөөчихөөд л байх юм. Ингээд өчнөөн хүнээ алдлаа, одоо ер нь нутаг тийш буцах юм байгаа гэж тэр улсууд хөдлөхийг завдаж байжээ.
Нөгөө цөлөгдсөн түшмэл:
-Би тийш очиж авчиръя! Тэгэхдээ надад хоёр хүн өг. Тэгээд хамт явъя! гэжээ.
Хоёр хүн дагуулж өгөөд:
-Ямар хөсөг унаа хэрэглэх вэ? гэжээ.
-Хөсөг унаа хэрэглэхгүй гэж гэнэ.
Долоон гурилаа тэндээс хөдлөөд явахаар нь хойноос нь явсан чинь нөгөө хадан хуцны дэргэд иржээ. Хоёр хадан хуц тэднийг ирэхтэй зэрэг хойшоо ухарч. “Ухраад тас мөргөөд алчихдаг юм гэсэн, мөргөх байх даа” гэсэн чинь мөргөсөнгүй. Тэгэхээр нь яваад орсон чинь их жимстэй, ой мод ургасан сайхан газарт тааралдаж. Түүнийг уруудаж явсанд оосор, бүчгүй орог цагаан гэр дайралджээ. Түүнд орсон чинь нэгэн сайхан хүүхэн эрхи бариад сууж байж гэнэ.
Хоёр эр хүн ороод, нэг нь хойно нь байгаа алтан бумбатай рашаанд нь, нэг нь эрхиний нь толгойд шингэчихжээ. Тэгээд хүүхнийг дуугарвал ч авч болно, дуугарахгүй бол авч болохгүй гэж урьдчилан тохирсон байжээ.
Хүүхэнтэй хэрэг зоригоо ярилцаж байсан чинь нөгөө бумбанд байгаа хүн бас нэг үг хэлж, эрхиний толгойд шингэсэн хүн бас нэг үг хэлжээ.
Тэгэхээр хүүхэн:
-Юу гэнэв? Гээд өндөсхийхтэй нь зэрэг босоод алтан бумбатай рашааны урдуур оронгуутаа хүүхнийг хөтлөөд гарчээ.
Тэгээд түрүүнийхээ явсан замаар гарч ирээд өнөөх хуцны тэнд ирсэн чинь гэнэт нөгөө хадан хуц хойшоо ухарчээ.
Мөргөхөөс нь урьд түргэн гарахыг завдтал “тас” гээд нэг их чимээ гараад яасныг бүү мэд болж.
Тэгээд нэг ухаан орсон чинь дэргэд нь нэг танил хүү дуугарах болжээ.
Чагнавал:
-Хүүе, сэргэж байна! Сэхэх нь шив! гэж хүн шивнэж байх сонсогджээ.
Тэгсэн чинь цөлөгдөхөөс нь өмнө нэг албатад зарагдаж байсан түрүүний танил түшмэл нь байжээ.
Тэгсэн чинь хуц тас хиймэгцээ нөгөө хүнийг орон нутагт нь авчирсан юм байж.
Нөгөө дагуулж явсан хүүхэн нь хааны авах гэсэн хүсэлт хатан нь байсанд хаан баярлаж, хаан хайр хишиг хүртээн орон гэр төхөөрч өгчээ.
Тэгээд түшмэлдээ:
-Хүссэнийг чинь өгье гэсэнд,
-Хаан суудлаа өг! гэжээ.
Хаан арга буюу суудлаа өгч шударга түшмэл хэрэг шийдэн амар сайхан жаргаж гэнэ.
Түүнд тус болсон долоон гурил нь явсаар тэнгэрт гарч долоон од болж тогтсонд “Долоон бурхан” гэж нэр өгсөн гэнэ.