Түшмэлийг сургасан нь

Нэгэн бадарчинг голын хөвөөн дээр очтол голын ус үерлээд горьгүй байж гэнэ. Тэгэхлээр нь голын ус татрахыг хүлээн цайгаа чанаж суутал нэг түшмэл гуай хүрч ирээд
“За хөө ус ямар байна?” гэсэнд бадарчин
“Миний нүдээр бол хар ус халгиж л байна, таныхаар бол ямар байна?” гэсэнд нөгөө түшмэл
“Тэнэг минь ээ! Чамаас би ус их байна уу? Бага байна уу?” гэж асууж байна” гэсэнд ...
“Би муу хув хар тогоогоороо нэг дүүрэн хутгаад авлаа, цаана нь ийм л байна. Танд чухам хэдий хэр ус хэрэгтэй юм бэ?” гэсэнд түшмэл их л зэвүүцэн
“Чамаас усны их багыг асуугаагүй байна хөө! Усны гарам нь хаа байна гэж асууж байна” гэсэнд бадарчин
“Мэдэхгүй дээ, түшмэл минь! Би “Урсч байгаа усанд гарам байдаггүй, ухаан санаанд гүүр байдаггүй” гэж дуулсан юм байна” гэхэд түшмэл гуай уурлан хэдэрлэж
“Ухаанд нь ухна үхсэн золиг минь! Чи өдий болтол усны гарам мэддэггүй новш уу?” гэсэнд бадарчин
“Та чинь бүр толгой дээр нь шарилж ургаж баймаар тэнэг хүн юм байна. Усны гарам гэвэл урсаад явчихдаг юм. Голын гарам гэвэл энэ байна” гэж заагаад “Түшмэл гуай та үүнээс хойш үгээ мэдэж байж хүнд цэцэрхэж баймаар түшмэл байна” гэсэнд түшмэл юу ч хэлж чадсангүй морио гуядан зайлж гэнэ.


Цааш нь...

Манж хятадын хааны сорилтыг няцаасан нь

Хоёр улсын хил дээр манжийн хаан, монголын ноёд хэрэг нийлэхээр уулзаж гэнэ. Гэтэл манж хятадын хаан толгойныхоо үсийг өөд нь илж оочны сахлаа доош нь шувтарч гэнэ. Харин монголын нэг түшмэл толгойн үсээ урагш илж оочоо сөргөн имэрч уулзжээ. Тэгэхэд манж хятадын хааны царай нь хувис гэж дуугүй болж гэнэ. Үүний учир нь манж хятадын хаан “Манай дайчин гүрэн ийм өнөр өтгөн өөдрөг” гэж ёгтоор толгойн үсээ дээш илж “Танай монгол ийм цөөхөн” гэж оочоо шувтарч дээрэлхсэнийг мэргэн түшмэл хариулж... “Танай гүрэн өнөр өтгөн боловч толгойн үс шиг нэг хутганд хусагдахад манай монгол хэдий цөөн ч оочин сахал мэт үлдэнэ” гэж манж хятадын хааныг давсан гэдэг. Хоол өгөхөд эхлээд бин авчирч өгөхөд зарим ноёд идэх гэхэд нөгөө түшмэл “Гар нүүрийн алчуур авчирлаа” гэж уул бингээр гараа цэвэрлэж буцаажээ. Дараа нь ёроол нь бөөрөнхий аяганд цай хийж өгөхөд нөгөө түшмэл эрихээ цагираглан ёроол гарган аягаа тавиад цай уужээ. Дараа нь гурилаа хийсэн эмээлтэй хазаартай морь авчран “Хоол ид” гэхэд “Эмээлий нь авья” гэж хэлээд нуруун дахь гурилыг авч амы нь олж уул хоолыг иджээ. Ийм сүрхий давагдашгүй мэргэн түшмэл гарсан тул манж хятадын хаан аргадаж “Хүргэнээ болгоно” гэжээ. Тэгэхэд нөгөө түшмэл
“Одоохондоо танай тансаг гүнжийг аваачих орд өргөөгүй тул шаварчин хятадаа өгнө үү? Юу ч гэсэн байшин савтай болъё, дараа нь гүнжийг авъя” гэжээ.
Манж хятадын хаан барилгачин хятадууд явуулж барилга бариулж гэнэ. Тэгэхэд түшмэл манж хятадын хаанд захиа бичиж
“Хоёр нүд сохорсон, гараасаа хөтлүүлж шээсээ зөөлгөх хүн хэрэгтэй байна. Гүнжээ одоо өгнө үү? Гэжээ. Манж хятадын хаан уул захидлыг уншин маш их сэжиглэн гүнжээ өгөхөө больсон гэдэг. Харин нөгөөх түшмэл орон барилгатай болж тохижжээ.


Цааш нь...

Тунгаар уусан чи байтугай

Эрт урьд цагт нэг бадарчин лам хөдөө хээгүүр хэсүүчлэн яваад нэгэн айлын хуучин бууцан дээрээс эмч хүний бололтой нэгэн сав эм олжээ.
Үүнийг олсондоо их л олзуурхан баярлаж үүргэндээ авч хийгээд их үдийн хэр булаг усны дэргэд очоод жодгороо шааж хоол чанаж байхад тэртээ айлын нэгэн хүн морь унаж довтлон ирээд өврөөсөө хадаг гаргаж яаран “Ай ламтан минь, манай эхнэр халуун өвчин хүрч хүнд зовуурилан байгаа тул анагаах туслах зүйл юу байна? Ажиглавал ламтан та оточ биз ээ. ...Эрхбиш нигүүлсэн айлдаж эл үхэл зовлонгоос гэтэлгэн соёрх!” гэж өгүүлж хадгаа өргөн барьсанд бадарчин лам хэзээний эмч мэт төв ихэмсэг дүр үзүүлж “За” гэж хадгийг хүлээн аваад бага дөрвөлжин цаасан дээр эмийн их тунгаар өнөөх эмнээсээ нэгэн тунг тог хийтэл тавьж дунд үлдсэн өчүүхэн бага үлдцийг долоогоод “Энэ эмийг халуун бүлээн усаар даруулан лам гурван эрдэнэд сүжигтэйхэн хүртэж орхи, үүнийг уугаад даруй сайн болно!” гэж хэлж явуулмагц бадарчин ламын бүх бие гэнэт бэрх болоход хувцсаа тайлаад хэвтэж бүхийд түрүүчийн ирдэг хүн эмээл хазаартай нэгэн сайн морийг хөтлөж их л яаралтайгаар довтолгон ирээд сандран
“Ай ламтан, манай эхнэр таны хайрласан нэгэн тун эмийг хүртмэгц ухаан мэдрэл алдан дэмийрч галзууран тун бэрхтэй болж үхэхэд ойртов. Ламтан манай гэрт морилон очих буюу хэрхвэл зохих арга тусгай зүйлийг заан хайрла” гэж дахин давтан гуйсанд бадарчин лам дорой дуугаар гунганан
“Тунгаар уусан тэр байтугай тунгий нь долоосон би үхэх гэж байна!” гэсэнд өнөөх хүн нэгэнт итгэмжилсэн сэтгэл иймд хүрсэн тул нүцгэн толгойгоор хад мөргөсөн мэт болж ямар ч арга авралгүйгээс хойш гэртээ гунихран буцжээ.


Цааш нь...

Торгууль авсан бадарчин

Урьд нэг бадарчин зам дээр амраад сууж байтал нэг хиа давхиж ирээд
“Гүн ноёнтон үүгээр үзэгдэв үү?” гэж бадарчингаас асуужээ. Бадарчин “Аа бүү мэд! Нэг луйварчин л явж байгаа харагдана билээ” гэв. Хиа “Аа тийм үү?” гээд явчихжээ. Удалгүй нөгөө хиа хэдэн хуягтай хамт ирээд “Гүн ноёныг дайран доромжлов” гээд бадарчинг шууд дарж байгаад банздчихаад явцгаав.
Бадарчин босолгүй ёолж элдэв зовлон тоочсон үг хэлээд бархиран гасласаар хэвтэв.
“Ямар ч хүн байж болно” гээд гүн ноён өөрөө ирж үзвэл бадарчин бархирсаар л хэвтжээ. ...
Гүн ноён түүнийг үзээд өрөвдөж “Чамд би нэг унах гүү өгье. Чи түүнийг унаад явж бай даа” гэлээ.
Бадарчин гүүг аваад ашгүй явжээ. Гүн ноён нөгөө бадарчинг юу ярьж явааг нь мэдэхээр хүн явуулсан гэнэ. Гэтэл бадарчин “Гүн ноён гүүгээр торгуулаад гүйдэг бадарчин бөгсөөр торгуулаад явж л байна даа” гэж ярьсаар явахыг үзээд гүн ноёндоо хэлэхэд нь ноён нь юу ч дуугарсангүй гэнэ эээ.


Цааш нь...

Тонгоргож ярьсан нь

Баадай нэг танил айлаасаа нэг муу даага гуйж унаад анд гарч гэнэ. Гэтэл ойд орохын хамт өмнөөс нь баавгай гараад ирсэнд Баадай ухаан жолоогүй айж сандарсаар гол уруудан давхисанд замд нь айл тааралдаж гэнэ. Гадаа нь очоод буух гэтэл аргалын цаанаас нохой ухасхийсэнд морь нь үргээд Баадай айлын хаяанд ойччихож гэнэ.
Баадай босоод нохойноос нь сандран тэвдсээр гэрт нь гүйн орвол нэг ноён морилж харагдсанд бүр тэвдэж гэнэ. Тэгээд арайхийж үг хэлэх гээд
“Нохой! Нохой! Амар байна уу! Ноёнтон!” гэсэнд нөгөө ноён нь “ Энэ золигийн хуцаж байгааг харав уу?” гэж гэнэ. ...
“Ямар сайндаа, ан хийж явтал нэг том баавгай дотроос баахан ой гараад ирэхээр нь ухаан алдахдаа ойчих шахаад би үргээд даага ташуурдаад танай гадаа иртэл гүзээн дээр байсан өргөө хийсээд даага унжаад хэт булгиад нохойн цаанаас аргал бурхийгээд зүрх хагараад ноён хагарчих шахлаа” гэсэнд аз болоход нөгөө ноён нь уурлахдаа бас тонгоруулж ярьдаг хүн байж гэнэ.
Тэгээд Баадайг хараад
“Энэ золигийн нурам руу улаан нүүр шидэх сэн” гэсэнд Баадай сая сэхээ орж
“Миний улаан царай юу, ноёнтоон!” гэж хөлсөө арчин асуусанд цаадах нь
“Чиний улаан царайгаар барах уу? Шээсэн дотроо өмд тавьчих шахсан” гэхэд Баадай
“Ёх! Ноёноос айхдаа нохойд нь ёс алдах шахлаа” гэсэнд ноёнтон нь
“Чи чинь нохой гэж хэлэх гээд бас л намайг ноён гэж чалчаад байна шүү дээ!” гэж гэнэ. Тэгэхэд нь Баадай
“Тэгнээ тэгнэ, үүнээс хойш хүн ирэхэд ноёноо л сайн хорьж баймаар юм” гэж ярьсанд ноён бүр ядаад
“Тонгоргох бас хэцүү юм, тонгор, тонгор!” гэж хэлсэн гэнэ.


Цааш нь...

Тамхи татсан бадарчин

Урьд нэг бадарчин жалгын хурал дээр очиж хуралд хуралцжээ. Ажиглавал тэр хурлын цорж лам хамрын шар тамхиа хааяа хааяа бургитал татаж суух үзэгдэв гэнэ.
Бадарчин туу мод толгойгоо түрийнээсээ гаргаж тамхи нэрээд хэт цохиж тамхи татжээ.
Тэгтэл бэрээ барьсан гэсгүй ирж зандран хэлсэн нь “Чи ямар задарсан бадарчин бэ? Хурал дотор тамхи татаад” гэж бэрээдэхийг завдахад нь бадарчин тэр гэсгүйн бэрээнээс барьж аваад “Чи зүгээр бай! Чи цорж ламынхаа хамрыг цэвэрлэсний сүүлд миний мод толгойд халдаарай” гээд хурлаас нь гараад явчихав гэнэ.


Цааш нь...

Могжоохон даагатай жогжоохон хүү

Эрт урьд цагт манжийн хааны үед нэг хаан нутгийн ардыг хэл амаараа даван дарлаж байж гэнэ. Тэр нутагт Могжоохон даагатай Жогжоохон хүү байж гэнэ. Нэгэн өдөр Жогжоохон хүү Могжоохон даагаа унаад дарданхан замаар шавхранхан гуядаад давхиж явтал шулуухан нүх рүү шулданхан зурам гулданхан гээд орчихож гэнэ. Түүний нүхийг утанхан уханхан сууж байтал хар азарга унасан хар дахтай хааны адуучин хүн ирээд “Чи юу хийж байгаа эцгийеэ түрүү вэ?” гэж асууж гэнэ. Хүү ...
“Шулуухан нүх рүү
Шулданхан зурам
Гулданхан гээд орчихоор нь
Уханхан утанхан сууж байна” гэж хариулсанд адуучин “Яасан цэцэн үгтэй гайхал вэ? Тэнгэр ниргэг чамайг” гэв. Хүү
“Дахтайгаар нь таныг ниргэг,
Далантайгаар нь азаргыг тань ниргэг.
Уртаар нь уургыг тань ниргэг
Өнөрөөр нь хааныг тань ниргэг,
Өнчнөөр нь намайг өршөө!” гэв. Гэтэл адуучин уурлаж хаандаа очиж мэдүүлэх гэтэл хаан эзгүй байв. Тэгээд хааны хатанд мэдүүлжээ. Хатан нь хүүг дуудуулж авчраад байцаах гэтэл хүү
“Ямаан толгой ямбанд ордоггүй,
Янтгар хатан хуулинд ордоггүй,
Тэмээн толгой тэвшинд ордоггүй,
Тэнтгэр хатан зарга шүүдэггүй,
Хонины толгой хоймроо домбойдог,
Хотгор сайхан ноёноо ирэхэд шийтгүүлнэ” гэв. Тэгэхэд нь хүүг нүцгэлж морины уяан дээрээс уячихав. Хүү чичрэн зогсож байтал хааны оточ лам хараад “Чи юугаа хийж байгаа хүүхэд вэ?” гэж. Хүү “Эмч хүний эрхий хуруу, домч хүний долоовор хуруу, хувраг хүний хувхай толгой мөлжиж сууна” гэв. Гэтэл хаан ирээд хэрхэн юуны учир уяулсныг асуужээ. Хүү хатан, адуучин хоёртой хэрэлдсэнээ бүрэн хэлбэл хаан “Хүү чиний зөв” гээд шагнал хүртээж явуулав.


Цааш нь...

Өдөр унасан мах авдаггүй

Баадай нэг удаа ноёны хөтчөөр явах болж гэнэ. Тэр ноён өртөөн дээр очоод чанаж өгсөн махыг нь идээд баралгүй үлдсэн хэсгийг нь замдаа идэхээр ганзагалж явдаг заншилтай хүн гэнэ. Тэгээд нэг өртөөн дээрээс нэг гуя мах болгож аваад ачааныхаа араас зүүгээд явж гэнэ.
Хэсэг явтал өнөөх мах нь уяагаараа тасраад газар уначихсанд Баадай ухасхийн бууж авах гэтэл тэр ноён нь
“Байг, өдөр унасан мах авдаггүй юм” гэж хориглоод “За чи үүнээс хойш өдөр унасан мах авч болдоггүй юм шүү” гэж Баадайд сургаж гэнэ. ...
Маргааш нь өөр нэг өртөөн дээр очтол ноёнд бусгадаг морь барьж өгсөнд Баадай түүний нь хөтлөн явж байтал ноёны морь гэнэт бусгасан учир ноён газар ойччихож гэнэ. Баадай жишим ч үгүй цааш хатируулсанд өнөөх ноён хойноос нь
“Хүүе, чи намайг аваач!” гэж хашгирсанд Баадай
“Өдөр унасан мах авдаггүй юм” гээд цаашаа улам түргэлэн давхисаар нэг жалганд ороод ноёныхоо авч явсан жаал зугаа юмыг идэж суутал өнөөх ноён нь арайхийн гүйцэж ирээд уурлан Баадайг ороолгох гэсэнд Баадай “Та өдөр унасан мах авдаггүй юм. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм” гэж сургасан болохоор энэ миний буруу бишээ” гэж гэнээ.


Цааш нь...

Ном хаялцсан нь

Баадай нэг өдөр хийдийн их гэвш ламынд орсонд тэр лам “Чи миний бурханаас адис ав хөө!” гэж захиран хэлсэнд Баадай
“Би шавар бурханаас байтугай шаброн(*) ламаас адис аваагүй толгой!” гэж гэнэ. Тэгэхлээр нь нөгөө гэвш лам нь
“За тэгвэл хоёулаа ном хэлэлцье” гэсэнд Баадай
“Би гэцэл лам байтугай гэгээн ламтай ном хаялцаж явсан толгой” гэсэнд нөгөө гэвш ламын эгдүү нь буцлан ...
“За чи тийм сүрхий юм бол бурханы орон хаа байдгийг хэлээд орхи” гэсэнд Баадай ийн хэлжээ:
“Сүмийн хонгил
Сүүдэртэй гүнгэрваа
Хадны агуй
Хагархай хүрдэнд бурхан орогнодог юм” гэсэнд лам ихэд уурлан
“Ер нь чи бурхан гэдгийг юу гэж бодож байна?” гэсэнд Баадай
“Будгаар ялгасан будмал
Шавраар шавсан шавмал
Гуулиар цутгасан гулдмай
Гурилаар наасан шалдмай
Мах иддэггүй Майдарын дүр
Мал мэддэггүй Чойжингийн зураг
Худалч ламын шүтээн
Хуурмаг хүний сахиусыг
Бурхан гэдэг юмаа” гэсэнд гэвш лам “Бурхан сахиусыг доромжлов” хэмээн байж ядан уурлахдаа
“Пөөх чи чинь бүр чаралба болчихсон хүн юмаа, хойт насандаа арван гурван тамд унах болтугай! Бурхан минь! Намайг өршөө!” гэж наминчилсанд Баадай тэр ламд хэлсэн нь
“Пөөх гэвш минь, тэгвэл та амьдаараа бурхан болчихсон болохоор шилэн гүнгэрвааны цаана гучин жил ширгэж суух болсон толгой юм байна даа” гэж хэлсэн гэнээ.

* Шаброн гэдэг үгийн утгыг би өөрөө ч олж чадсангүй. Үлгэрийн эх дээрээ л ийм байх юм. Мэддэг хүн байвал Comment үлдээнэ үү?


Цааш нь...

Аян замд гарсан нь

Хошуу ноёны хүү, ирээдүйд ноёны ширээ залгах Жамбаа гэгч нэг хүн байжээ. Тэрээр багадаа дэндүү эрх танхи өссөн болохоор эцэг ноёнтон нь хүүгээ “Хашир сууж томоожиг” гэж “Хошууны сул түшмэл” болгосон нь талаар хэрэг биш юм. Эцэг нь түүнд “Алдар нэрийн төлөө алт ч битгий хайрла” гэж олон дахин сургасан юмсанжээ. Түүнээс хойш Түшмэл Жамбаа ямагт л “Алдар нэр, алдар нэр” гэж уншсаар яваад бүр сүүлдээ уулгамч зан сурч морь бусгах, нохой давхих, хазгай гишгэх зэрэгтээ үргэлж “Алдар минь, алдар минь!” гэж уулга алддаг болсноос “Алдар Жамбаа” нэр авчээ. ...
Гэхдээ Жамбаа бичиг мэддэг, бас үлгэр ярьж мэддэг болохоор ч тэр юмуу дөнгөс хийвэл “Тийм учиртай” гэх юмуу “Тийм ийм жамтай байдаг” гэж сургах дуртай боловч хар бор ажил хийж үзээгүй, тэр ч байтугай хоол яаж хийдэг, хувцсыг хэн яаж хийдгийг ч мэдэхгүйн дээр ер нь будаа тариаг яаж тарьж ургуулдгийг нүдээрээ үзээгүй хүн гэдгийг бүх хүмүүс мэддэг ажээ. Тэгээд энэ эрхэм хүн маань нэг өдөр “Да хүрээ орж Богдод мөргөөд учраа айлтган зэрэг хэргэм олж авдаг хэргээ” хэмээн амьдралаа ухаалгаар шийдсэнд нь нэг ч хүн татгалзсангүй. Эцэг ноёнтон нь ч гэсэн хүүгээ “Газар үзэж хүн таньдаг болог гэж бодоод явахы нь зөвшөөрч дээ.
Ингээд түшмэл Жамбаа Да хүрээ орох алсын аянд бэлтгээд намрын нэг сайхан өдөр ариг сариг хоёр тэмээгээ ачлага болгоод аазгай баазгай хоёр морио уналга болгоод аграй жогрой хоёр илжгээ аваад асар басар хоёр нохойгоо дагуулаад Альбидай Салбадай хоёр зарцтайгаа алсын замд гарчээ.


Цааш нь...