Саргай цэцэг болжмор хоёр
Огноо 2011-10-28 at 11:01 Unknown-Танай энд сайхан байна. Жийв жийв! Саргай цэцэг бутаараа цэцэглэжээ. Жийв жийв! Өтгөн сагсгар саргай цэцэг минь чамтай найзалъя гэж гуйж гэнэ.
-Чиний магтаал над хэрэггүй. Чамтай нөхөрлөөд ч ашиггүй. Бүхэл шөнөдөө тэнгэрийн од намайг ширтэж байдаг. Сар над уруу гэрлээ тусгаж, өглөө бүр алтан гургалдай уран хоолойгоор миний дэргэд дуугаа дуулдаг. ... Тэгэхэд болжмор чи өөрийгөө юу гэж бодно вэ? Өд сөд чинь сагсайгаад ямар үзэмжгүй юм бэ? Чамаас муухай үнэр ханхалж байна. Хушуунд чинь шавхай шавар наалджээ. Фу! Фа! Цаашаа тонил! гэж саргай цэцэг болжморыг хөөв. Болжмор дахин юу ч хэлсэнгүй нисэж одов.
Саргай цэцэгтэй хамт амьдрахыг эртнээс хүссэн өөр нэг амьтан байдаг ажээ. Тэр нь бор ногоон өнгөтэй төөлүүр хорхой юм. Төөлүүр хорхойд цэцгийн дэлбээ идэхэд амтлаг, дээр нь хэвтэхэд зөөлөн байдаг гэнэ.
Саргай цэцгэн дээр төөлүүр хорхойг ирж сууснаас хойш түүний дэлбээ бараг үгүй болжээ. Нэг өдөр нөгөө болжмор цэцгийн дээгүүр нисэн өнгөрөхдөө үүнийг ажиглаж мэдээд,
-Ах дүү нар аа, нааш ирээрэй! Энэ саргай цэцгэн дээр суусан төөлүүр хорхойг устгая! Жийв, жийв! гэж жиргэн дуудав. Болжморууд дорхноо цугларч төөлүүр хорхойг нүд ирмэх зуур устгав.
-Та нарт баярлалаа. Сайн санаатнууд зовлонгоос ангижруулж ач тус болдог юм байна гээд саргай цэцэг болжморт талархал илэрхийлээд дахин ургаж эхэлжээ.
Цааш нь...
Чихэн чинээ хүү
Огноо at 10:59 Unknown-За эмгээн! Хоол болоход чихэн чинээ хүү “Ааваа хувь өгөөч! Ээжээ хувь өгөөч! гээд орж ирнэ дээ. Тэр чи бид хоёрын хүү болох юм гэжээ.
Хоол болоход нээрээ чихэн чинээ хүү,
- Ааваа хувь өгөөч! Ээжээ хувь өгөөч! гэсээр орж ирж гэнэ дээ. ... Тэгээд эмгэн өвгөн хоёр тийм өчүүхэн чихэн чинээ хүүтэй болжээ. Эмгэн өвгөн хоёр өдөр болоход зургаан хар ямаа ганц бухаа хариулахаар явна. Чихэн чинээ хүү гэртээ хоцордог байжээ. Нэгэн өдөр эмгэн өвгөн хоёрыг гэртээ ирэхэд Чихэн чинээ хүү алга болсон байжээ. Эрээд эрээд олсонгүй гэнээ. Зургаан хар ямаагаа алаад гэдэс гүзээнд нь үзэж гэнэ. Бас л байсангүй гэнэ. Тэгэхээр нь аргаа бараад ганц бухаа алаад дотор нь үзсэн мөн л алга гэнэ. Тэгээд сэвстэй гүзээгий нь хөдөө бутан дээр аваачаад тавьчихаад явж гэнэ. Тэр гүзээгий нь чоно ирж идэхэд Чихэн чинээ хүү чонын гэдсэнд оржээ. Тэгээд чоно өлсөж айлын хотонд гэтсээр ойртож очиход чонын гэдсэн дотроос “Хотонд чинь чоно ирлээ!” гэж Чихэн чинээ хүү хашгирдаг, тэгэхэд нь чоно ухаангүй зугтаадаг болжээ. Ингээд чоно олон хоног юм идэж чадалгүй үхэхийн даваан дээр нэг ламд очиж хэлсэн нь:
- Лам гуай! Би өлсөөд л айлын хотонд гэтээд очиход гэдсэн дотроос “Хотонд чинь чоно ирлээ” гээд л хүн хашгирдаг болчихлоо. Тэгэхээр буцаж зугтаасаар байгаад одоо би турж үхэх нь гэв. Лам чононд нэг тун эм өгөөд “Салхидаад давхиад байгаарай” гэжээ. Тэр ёсоор нь чоно салхи өөдөө давхиад байсан чинь чацга алдаж чацганы нь хамт Чихэн чинээ хүү гарч ирээд чацгаа арилгаж суужээ.
Гэтэл хэдэн морьтой залуу хажуугаар нь давхин өнгөрөхөд Чихэн чинээ хүү
- Хөөе, та нар хаашаа явж байна? Хамт явъя! гэжээ. Тэднийг эргэж ирэхэд Чихэн чинээ хүү
- Та нар чинь хүн хардаггүй яачихсан улс вэ? гэхэд цаадуул нь,
- Чамайг чинь ямар хүн гэх вэ дээ? гэж тоглоом тохуу хийцгээжээ. Чихэн чинээ хүү учиргүй уурлаж, - Та нар өөрсдөө хэн болоод юу хийж чаддаг болоод хүнийг басаж байгаа юм? Тэгвэл та нартай эр чадлаа үзэж юу хийж чаддагаа үзүүлье! гэжээ. “За тэг! Чи бидэнд юу хийж үзүүлэх вэ?” гэхэд нь, - - Та нар юу хийх гэж яваа улс вэ? Түүнийг чинь би ганцаараа хийе гэжээ.
- Бид хааныхаас шар хулгайлж идэх гэж явна гэжээ.
- Та нар тэгвэл буугаад майхнаа шаагаад хүлээцгээж бай! Би яваад шар хулгайлаад ирье! гэж гэнэ. Нөгөөдүүл ч яадгийг нь үзэхээр бууж майхнаа шааж Чихан чинээ хүү шар хулгайлахаар явжээ. Орой болоход үнэхээр хааны хамгийн том шарыг хөтлөөд ирж гэнэ. Залуучууд ч шарыг дор нь төхөөрч янзалж авчээ. Өглөө нь хаан тэдний майханд иржь
- Та нар яагаад хүний шарыг хулгайлав? гэж загнахад Чихэн чинээ хүү,
- Гуталдаа ултайсан болоод малгайдаа оройтойсон бол ч хүнийг шар хулгайлсан хэрэгт шийтгэж баймаар л хаантан байна даа гэжээ. Тэгсэн чинь хааны малгайн орой, гутлын ул хоёр алга байж гэнэ. Учир нь Чихэн чинээ хүү хааныхаас шарыг нь хулгайлахдаа гутлын ул, малгайны орой хоёрыг ханзалж аваад ирснийг хаан өөрөө мэдээгүй учир маш их ичиж гэнээ. Тэгээд хаан хэлсэн нь,
- Чихэн чинээ хүү чи тийм овтой хулгайч юм бол өнөө шөнө миний чандмань эрдэнийг хулгай хийгээрэй! Хэрвээ хулгай хийж чадвал чамд хаан ширээгээ өгнө. Эс чадвал чамайг цаазаар авна гэжээ. Хаан гэртээ ирээд орой болоход чандмань эрдэнээ яаж нууж хамгаалахаа бодож олжээ.
Хаан гэрийнхээ үүдэнд Асар Басар хоёр нохойгоо уяжээ. Гаднаа уурга барьсан морьтой хүн манаанд гаргаж гэнэ. Гэрийнхээ хойморт нэг лам суулгаад толгой дээр нь хадаг тавиад гарт нь эрих бариулан суулгаж гэнэ. Олон хатныхаа хоёрыг үүдэнд, хоёрыг баруун талаараа, хоёрыг зүүн талаараа унтуулаад өөрөө нэг хатнаа өвөртлөөд чандмань эрдэнээ амандаа хийгээд амар тайван унтаад өгч гэнээ. Шөнө дунд өнгөрөөгөөд Чихэн чинээ хүү иржээ. Хотонд нь ороод нэг хээлтэй хонь төхөөрч янзлаж гэнэ. Тэгээд махыг нь их бага хоёр хуваагаад Асар Басар хоёр нохойд нь хаяж өгчээ. Гадна харуулд гарсан хүн нь унтчихсан байсныг араг унуулаад савар бариулж гэнэ. Хоймор суусан лам бас унтчихсан байхад нь толгой дээрх хадгийг нь аваад оронд нь сэмж тавиад гарт нь өлөн гэдэс зангидаад бариулчихаж гэнэ. Үүдэнд нь хонины арьсыг дэлгээд дээр нь хоёр нүцгэн бөөрийг нь тавьж гэнэ. Баруун талаар унтсан хоёр хатны өвөрт олгойны нь шингэн баасыг хийж гэнэ. Зүүн талаар унтсан хоёр хатны өвөрт хээлийг нь аваачиж хийж гэнэ. Тэгээд цөсийг нь хааны аманд аваачиж хийхэд хаан нойрондоо гашуун оргиход чандмань эрдэнээ тургиж орхижээ. Чихэн чинээ хүү Чандмань эрдэнийг нь аваад яваад өгчээ.
Удсан ч үгүй бага мах оногдсон нохой хувиа идчихээд нөгөөгийнхөө махнаас идэх гээд уралцаж ноцолдоход хүмүүс сэрцгээж гэнэ. Уурга барьсан морьтой харуул маань ухас хийх гэсэн чинь араг унаад савар барьчихсан байж гэнэ. Толгой дээрээ хадаг тавиад эрих барьж суусан лам босоод харайх гэсэн чинь толгой дээр нь сэмж нөмөргөөд өлөн гэдэс бариулчихсан байсанд алмайрч орхиод хөдлөж чадсангүй гэнэ. Үүдэн унтсан хоёр хатан босоод ухас хийсэн чинь нойтон арьсан дээр тавьсан бөөрөн дээр гишгэж хальтарч уначихаад “Ёо ёо, чиний бөөр уначихав уу? Миний бөөр уначихав уу?” гээд орилоод байж гэнэ. Баруун талаар унтсан хоёр хатан нь “Чи чацга алдав уу? Би чацга алдав уу?” гээд хэрэлдээд боссонгүй гэнэ. Зүүн талаар унтсан хоёр хатан нь “Чи төрчихөв үү? Би төрчихөв үү?” гэж хэрэлэдээд бас боссонгүй гэнэ. Хаан өөрөө “Цаана чинь Чихэн чинээ хүү ирлээ” гээд босоод харайсан чинь аман дахь чандмань эрдэнэ нь алга болчихсон байжээ. Өглөө болоход Чихэн чинээ хүү нөхдөө дагуулан ирж хаанд бараалхан “Хаан ширээгээ авахаар ирлээ” гэжээ. Ингээд хаан арга буюу мэлзэх аргагүй олон гэрчтэй болохоор яаж ч чадсангүй хаан ширээгээ өгч гэнэ. Ингэж Чихэн чинээ хүү хаан болж нөхөд нь шадар түшмэд болоод хөгшин аав ээж хоёроо авчраад амар сайхандаа жаргаж гэнэ.
Цааш нь...
Үлгэр хаанаас үүссэн тухай
Огноо 2011-10-21 at 12:19 UnknownӨгүүлэх нь: Олон жилийн өмнө монголчуудын дунд аймшигт хар цэцэг тахал дэлгэрээд хүн амьтан хэдэн зуу мянгаараа хиаран үхэж байв. Эрүүл үлдсэн нь өвчилснөө зол заяа нь мэдэг гэж амь зулбан дүрвэн зугатааж байжээ.
Арван таван настай залуу эр Тарваа гэгч бас тийнхүү ганцаар хаягдаж ухаан алдсанд сүнс нь биеэсээ зайлан одож тамын газар эрлэг хаанд очжээ. Эрлэг номун хаан сүнсийг нь үзээд ихэд гайхаж, “Амь нь гараагүй бие орхиод юунд ирэв?” гэж асуужээ. Тэр сүнс: ... “Биеийг минь нэгэнт үхсэнд тооцоод хаясан учир би гүйцэд үхэхийг нь хүлээсэнгүй ирлээ” гэжээ. Тэрхүү сүнсний ийм дуулгавартай хүлцэнгүй нь эрлэг хаанд таалагдсан учир эрлэг хаан өгүүлрүүн:
“Цаг чинь хараахан болоогүй буй. Эзэндээ буцаж очиж орогтун. Харин явахаасаа өмнө надаас юу хүссэнээ ав!” гээд тамын орноор дагуулан явжээ. Тэнд баялаг, тансаг, зол заяа, жаргал цэнгэл, баяр баясгалан, зовлон шаналал, нулимс, зугаа хөгжөөн, инээдэм наадам, дуу хөгжим, үлэг домог бүжиг дэвсэл тэргүүтэн хүний амьдралд дайралдаж болох бүхэн цөм бүрэн байжээ. Тарваагийн сүнс энэ бүхнийг үзээд үлгэрийг шилж авчээ. Эрлэг хаан түүнийг нь өгөөд газарт нь буцаажээ.
Сүнс нь амьгүй болсон биендээ эрэгж ирвэл хэрээ нүдийг нь ухсан байв. Төрсөн бие ийм болсныг үзэхэд их л харамсалтай байсан боловч эрлэг хааны үгийг аймшиггүй зөрчиж чадсангүй. Арга буюу биендээ оршжээ. Сохор Тарваа үүнээс хойш удтал амьд явсан бөгөөд улс зон бүхний үлгэр мэргэ төлгийг андахгүй болжээ. Сохор мөртөө хожмын юмыг урьдаас мэддэг байв. Тэр хүн Монгол орноор хэрэн явж, үлгэр ярьж, түүгээр ард амьтныг сургамжилдаг байв. Монголчуудын дунд үүнээс хойш үлгэр ярьдаг болж гэнэ.
Цааш нь...
Гацуур мод мөнх ногоон болсон тухай
Огноо at 12:17 Unknown...
Цааш нь...
Нарс, хуш, зээргэнэ мөнх ногоон болсон учир
Огноо 2011-10-20 at 11:12 UnknownЭрт цагт нэгэн сайн санаат хараацай хүнд үхэлгүй мөнхийн рашаан ус уулгах гэж хэдэн дуслыг амандаа балгаад нисэж явж гэнэ. Гэтэл хорт муу санаатай үхэр хэдгэнэ үүнийг мэдээд хараацайг нисэн явах зуурт хажуу талаас нь хатгаж орхижээ.
Хараацай шувуу өвдөхийн эрхээр дуу алдан ёолсонд аман дахь мөнхийн усаа асгаж гэнэ. ...
Асгарсан тэр рашаан нь нарс, хуш, зээргэнэ гурав дээр дуссан учир энэ гурван ургамал мөнх ногоон шилмүүс навчтай болсон ажээ.
Хамаг хэргээ талаар болгосон хараацай шувуу харамсан цхалдахдаа хэдгэний хэлийг суга татсан учир тэр цагаас хойш хэдгэнэ уянгатай сайхан донгодож чадахаа байгаад дэмий л дүнгэнэдэг болов гэнэ.
Цааш нь...
Хүн хэлтэй болсон нь
Огноо at 11:09 UnknownЭрт цагт бурхны бүтээсэн хамаг амьтны дотроос хүчин мөхөс дорой нь хүн байжээ. Амьтан амьтны адагт орж ихэд зовж зүдрэхийн эрхээр хүн уртын урт зам туулан туулсаар бурханд бараалхаж сүр хүч хайрла гэж гуйсан гэдэг. Тэгэхэд бурхан чи мухар хар хүчээр юу хийх вэ, чамд оюуны хүч хайрлая гээд хүнийг оюун ухаантай болгожээ. Хүн оюунтай боловч айх зовлон, аливаа гачаалаас бас л бүрэн салж чадсангүй гэнэ. ...
Тэгээд дахин бурханд бараалхаж хэл хайрла гэж гуйгаад хэлтэй болжээ. Ингээд хүн гэдэг амьтан бие, оюуны хүч чадал үлэмж болж юу дуртайгаа хийж бүтээж чаддаг, дээрээ ахгүй, дэргэдээ ижилгүй, дээрэлхүү нь аргагүй амьтан болж гэнэ. Тэгэхээр нь бурхан энэ хүний сүр хүчийг дундлахгүй бол болохгүй нь яая даа гэж бодон номын хүрдийг бясалгаж сууснаа нэг мэргэн арга олоод хүний хэлийг ангилан хувааж, өөр өөр хэлтэй болгосноор хүмүүс бие биеийн хэлийг авсаар ойлгохоо байж хүч чадал нь сарнисан учир одоогийн хүний омог дээрэлхүү бус ачийг бодож ёсыг дагаж усгал зөөлөн зан ааль буй болсон гэдэг. Харин чогчиго хүний сүр хүчин нь хэлтэйдээ байна гэдгийг мэдээд атаархахын эрхээр бурханд байн байн дахин очиж хэл гуйж авсаар байгаад далан хэлтэй болсон боловч оюун хомс тул хүнтэй адил хүч чадалтай болж чадаагүй юм гэдэг.
Цааш нь...
Бангаа хүү
Огноо 2011-10-12 at 10:47 UnknownУрьд нэг Бангаа хүү гэж байжээ. Тэр хүү ээжтэйгээ хоёулхнаа суудаг байв. Бангаа хүү ганц сүхтэй юмсанжээ. Тэр сүхээрээ унагасан модоо айлд зарж амьдардаг юм байжээ.
Нэг өдөр Бангаа хүү ууланд гарч мод огтолж байтал хонх дуугарав. Бангаа хүү энэ юун хонх дуугарав гэж бодож, хонхны дуугаар очсонд хаданд нэг лам сууж байжээ. Тэр лам за хүү чи ирэв үү? Би чамд нэг юм захих гэсэн юм. Одоо гурав хоноод нэг их ус бууна. Харин чи мод овоол. Тэгээд ус орж ирэхээр ээжтэйгээ түүн дээрээ суугаад байгаарай. ... Тэгтэл чинь усан дотор нэг чавганц, нэг могой хэдэн оготно урсаж явна. Оготно могой хоёрыг нь аваарай. Чавганцыг нь битгий аваарай гэж хэлэв.
Бангаа хүү ийм үгийг дуулж, мод унагааж овоолоод тэр модон дээрээ ээжийгээ аваад гарчээ. Тэгтэл гурав хоногийн дараа нээрээ нэг их ус бууж үер болжээ. Хүү ээжтэйгээ модон дээрээ хөвөөд л явжээ. Тэгтэл нь могой урсаж явав. Хүү түүнийг шүүрдээд авчээ. Дараа нь хэдэн оготно урсаж яваа харагджээ. Хүү мөн тэднийг гаргаж авчээ. Тэгээд л явж байтал нэг чавганц амь авраарай үхлээ гэж орилоод урсаж явжээ. Тэгэхээр Бангаа хүү зайлуул даа эхтэй минь ялгаа юу байх вэ гэж бодоод чавганцыг авчээ.
Тэгээд ч нэг их удсангүй, ус татарч алга болжээ. Тэгэхээр нь тэр амьтад бүгдээрээ явж нүднээс далд оржээ. Хүү гэрээ үүрчихсэн ууланд явж байжээ. Урдаас нь бөөн хуй босож байв. Түүнийг ширтэн харсанд нүдэнд нь нэг сүрхий арзайсан амьтан харагдах шиг болжээ. Тэгэхээр нь хүү хуйг хажуугаараа өнгөрөхөөр нь сүхээ шидээд орхижээ. Хуй ч яваад өгчээ. Хүү сүхээ авахаар очсонд сүх нь их цустай хэвтжээ. Хүү сүхээ аваад, цусыг мөрдөөд явсанд нэг их нүхэн дотор орж орхисон байжээ. Хүү нүхэн дотор нь орж хойноос нь явсанд нүх нь явсаар байгаад уулыг нь хойш нь нэвт гарсан байв гэнэ. Хүү нүхнээс гараад харсанд уулын ар хөндийд олон гэр харагдав. Тэр рүү яваад нэг гэрт орсонд зэс хушуутай, зээрэн шилбэтэй хоёр амьтан сууж байжээ. Тэр хоёр хүү рүү муухай муухай харж байв. Хүү дуугарсангүй гараад явж байтал хоёр чулуун гэр тааралдав. Гэтэл тэр хоёр гэр төмөр цоожтой байжээ. Нэг гэрт нь хүн уйлж байгаа дуулдав. Хүү тэр гэрийн хаалгыг сүхээрээ хэмх цохиод орсонд олон хүн байжээ. Бидний хаалгыг ирж онгойлгож өгдөг та юун хүн бэ? Энэ тэр гэж шуугиан муугиан болж юу ч ойлгохын аргагүй байжээ. Тэгэхээр нь хүү энэ чинь ямар газар вэ? Та нар юунд энд ингэж байгаа юм гэж асууж гэнэ.
Тэр хүмүүс энэ чинь шулмасын орон юм. Биднийг шулмасууд авчраад цусы минь сортлоо хорьж байгаа юм гэв. Бангаа хүү энэ шулмасууд чинь тэгээд хаагуур байдаг юм бэ гэсэнд:
-Тэд гадуур гэрүүдэд байдаг юм. Өчигдөр шулмасын хаан гадуур явж байгаад бэртээд ирсэн юм байх аа. Түүнийг эмчилж л байгаа юм гэсэн. Энэ гадаа байгаа хүрэл хэнгэрэг цохихоор шулмууд цуглардаг юм гэж хэлэв.
Хүү гарч тэр хүрэл хэнгэрэгийг цохисонд олон муухай амьтнууд цуглажээ.
Хүү та нар цуглаж гүйцэв үү? Гэж асуусанд тэд:
-Гүйцлээ. Ганцхан хаан дутуу байна даа гэв.
Хаан чинь яасан юм, юунд ирдэггүй юм бэ гэсэнд:
Манай хаан одоо хариугуй муу байгаа гэхээр нь хүү гараад хаалгыг нь гаднаас нь түгжиж орхиод тэр гэрийг тал талаас нь мод овоолоод шатааж орхижээ. Тэгээд нөгөө олон хүнээ аваад шулмасын хааныд оржээ.
Хаан тэднийг хараад одоо би яадаг билээ гээд орноосоо босон харайгаад унажээ. Хүү сүхээрээ хааныг цавчиж алаад орхижээ.
Тэгээд тэр шулмасын хааныхаас морины толгойн чинээ молор эрдэнэ, есөн янзын шижир алтыг цутган сийлсэн алтан бугуйвч, бас бус алт мөнгө, эрдэнийн зүйл зөндөө авч ирээд, нөгөө олон хүнийг гэр гэрт нь явуулаад, хүү гэртээ ирж ээжтэйгээ хоёулаа алт мөнгөө эдлээд дураараа болжээ.
Гэтэл уснаас гаргасан чавганц нь шатаагдсан шулмасуудын ээж юм байжээ. Гэтэл урьд Бангаа хүүгийн хааных морин толгойн чинээ молор эрдэнээ алдчихсан юм байжээ. Тэгээд чавганц хааныд очиж танай морин толгойн чинээ молор эрдэнийг Бангаа хүү хулгай хийж авсан байна гэж худлаа ховложээ.
Тэгэхээр нь хаан Бангаа хүүг барьж авчруулаад эрдэнийн юмнуудыг нь хурааж аваад хүүг маргааш нь шоронд хийжээ. Хүүг тэндээ өлсөж турж үхэх гэж байхад нь өнөө уснаас гаргасан оготнууд нь жимс, хоол, унд зөөж дэмжиж байжээ. Энэ завсар өнөөх уснаас гаргасан могой очиж, хааны хүзүүгээр нь ороож орхижээ. Хаан үхэх дээрээ хүрч яах аргагүй болохдоо хадны даяач ламыг авчирч мэргэлүүлсэн нь та нар худал үгэнд орж гэмгүй хүнийг шоронд хорьжээ. Энэ учраас таны хүзүүгээр могой ороосон байна. Хэрэв тэр хүнийг гаргавал огт зүгээр гэж лам хэлэв.
-Нээрээ одоо тэр хүү үхсэн байлгүй дээ! Гэвч үзье дээ гээд очсонд хүү үхэх байтугай, харин таргалчихсан суужээ.
-Хааныхан баярлаж хүүг гаргаж, эрдэнийн нь юмнуудыг эргүүлж өгөөд, мөн дээр нь нэмж юм өгчээ. Тэгэхээр нь могой, хааны хүзүүг тавьж хүү гэртээ ирж ээжтэйгээ хоёулаа өнөөх юмаараа баяжиж амар сайхан жаргажээ.
Цааш нь...
Бар хүү Тугал хүү хоёр
Огноо 2011-10-09 at 13:02 UnknownУрьд нэг баян айл байжээ. Тэр айлын нэг үнээ нь гурван жил сувайрчээ. Эзэн хүмүүс нь за үнээ маань гурван жил сувайрлаа. Одоо энэ үнээгээ өвөлдөө алж идье гэж ярилцав.
Тэгтэл үнээ нь гаднаа хэвтэж байгаа эзнийхээ үгийг дуулаад "Аа эд намайг энэ өвөл алж идэхнээ. Эдэнд идүүлэхгүй байх арга юу байна. Би гүйгээд явчихъя" гэж бодоод явчихжээ. Тэгээд гүйсээр яваад гурван жилийн газар нэг өндөр ууланд очжээ. Тэр ууланд явж байтал нь нэг бар дайралдаад:
- Би чамайг иднэ гэж хэлжээ. ...
- Гурван жил сувайрахад минь намайг эзэн маань иднэ гэхэд нь би идүүлээгүй юмсан. Одоо чамд идүүлэх цаг болж дээ гэв. Тэгэхээр нь бар:
- Ээ тэгвэл бид хоёр цуг амьдаръя, би бас охин бар юм гэж хэлэв. Тэгээд бар үнээ хоёр ижилсэж, нэг бууцан дээр хонож байдаг болжээ. Гэтэл гэв гэнэтхэн хоёулаа гэдсэндээ үртэй болж барын бамбар, үнээний тугал хоёр нэг өдөр гарчээ. Түүнээс хойш удалгүй хоёр ээж нь хүүхдүүдээ орхиод хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Барын бамбар тугал 2 бие биеэндээ хань болж хамтран амьдрах болов гэнэ.
Нэг өдөр бамбар нь нэг хонх олоод тугалдаа зүүлгэчихээд
- Чи энэ жалгандаа бэлчиж бай. Хэрвээ чамд зовлон бэрхшээл тохиолдвол хонхоо дуугаргаж байгаарай. Би явж чандага туулай барьж идье. Ай оройдоо хоёулаа бууцан дээр очиж хонож байя гэж хэлээд нилээн удаан гөрөөлж явжээ.
Тэгтэл тугалын хонх дуугарч бар хүү "За юу болов" гээд яаран очсонд тугал:
- Аа энд нэг сүрхий шар эрээн амьтан явна гэжээ. Бамбар очиж харсанд нэг үхэр хэдгэнэ явжээ.
- Өө энэ чинь айлгах амьтан огт биш! гэж хэлээд бамбар явжээ. Мөн маргааш нь бас л хонх нь дуугарч, барын хүү гүйсээр очсонд тугал:
- Аа, энд нэг их сүрхий хоёр урт чихтэй амьтан гүйж явна гэхэд нь барын хүүг эргэж хартал нэг туулай гүйж явжээ. Өө энэ чинь амьтныг хорлох амьтан биш гэж хэлээд барын хүү явжээ.
Тэгээд маргааш нь мөн хонх дуугарч барын хүү "За юу болов л гэж дээ. Бас нэг хэрэггүй амьтан үзээ биз гэж бодоод очсонгүй. Тэгтэл хонх хэсэг дуугарч байгаад чимээгүй болжээ. Орой нь бамбар бууцан дээрээ иртэл иртэл тугал найзыг ньг чоно идэж орхисон байжээ. Барын хүү тугалаа үхчихсэн хойно би амьд яваад яахав гээд тугалынхаа арьснаас авч түүгээрээ боогоод үхжээ.
Гэтэл тэр дүүжилсэн модноос хоёулаа жигтэйхэн сайхан хүү болоод төржээ. Тэгээд биенээ Бар хүү, Тугал хүү гэж нэрлэжээ. Бар хүү жигтэйхэн ч чадалтай илэв жилэвтэй юм байжээ.
Тэгээд тэр үед нэг их гүрний хаан тогтохоо байчихаад мэргэдээр мэргэлүүлжээ. Энэ хааныг одоо хаанаас суулгавал тогтох бол гэж асуужээ. Мэргэчүүл мэргэлээд:
-Энэ уулын өвөр талын модон дотор хоёр хүүхэд байна. Тэр хоёрын нэгээр хаан ширээ эзлүүлбэл тэр хаан тогтоно гэжээ. Түүнийг нь Бар хүү мэдчихээд Тугал хүүдээ:
-За чи бид хоёрын нэгээр энэ уулын өвөрт хаан ширээнд суулгах гэж байна. Би чинь хүнд харагдахгүй болчихъё. Чи ганцаараа байж бай. Маргааш тэднээс улс ирж, чамайг залж аваад явна. Хэрэв нэг чинь хаа очсон гэвэл юманд явсан гэж хэлээрэй. Би хажууд чинь суугаад явна гэв. Тэгээд маргааш нь нээрээ нэг жууз дүүрэн улсууд ирж хүүхдийг залж аваад явжээ. Хааныд авч ирээд хаан ширээнд суулгаад, түрүүчийн хаадын хатанг түүний хатан болгожээ. Тэр өдрөө найр наадам хийсээр орой болгож Хаан унтах болж. Хатантай цуг унтжээ. Бар хүү нь орны нь хөлд суудаад л байжээ. Тэгээд Тугал хүүгийн унтаад орхихтой зэрэг өнөөх хүүхэн өврөөс нь босч гадагшаа гарчээ. Бар хүү хойноос нь дагаж гараад харж байсан чинь тэр хүүхэн үнсэн дээр очиж хөрвөөгөөд хөх чоно болоод гэр лүү гүйжээ. Тэгэхээр нь бар хүү хажуунаас бар болж, тэр шулмасыг дайран бариад хаячихжээ.
Өглөө болсон шулмас ч дарагдсан хаан ч зүгээр хоносон байжээ. Тэгээд Бар хүү хуучин хэлбэртээ орж хүнд харагдах болж, хааны баруун гарын түшмэл болоод, Тугал хүүтэйгээ амар сайхан жаргажээ.
Цааш нь...
Гээгдсэн цаг үеийн тухай үлгэр (Төгсгөл хэсэг)
Огноо 2011-10-06 at 13:54 UnknownПетя Зубов хулгана мэт чив чимээгүй болов. Керосин дэн бүдэг гэрэлтэж байсан тул хорон санаат илбэч Петяг харсангүй. Сергей үлдсэн илбэч нараа дуудаад намдууханаар:
- Харамсалтай нь, хүмүүс ямар ч зовлонгоос ангижирч болохоор бүтээгджээ. Хэрвээ бид нарын хувиргасан хүүхдүүд бие биенээ олоод, энд яг шөнийн 12 цагт ирж, цагийн зүүг 77 удаа буруу тийшээ эргүүлвэл буцаад хүүхдүүд хэвээрээ болж, бид харин үхнэ гэв.
Илбэч нар хэсэг дуугүй суув....
Тэгээд Ольга Капитоновна:
- Тэд хаанаас энэ бүхнийг мэдэх юм гэв.
Харин Пантелей Захарович:
- Тэд энд яг арван хоёр цагт ирэхгүй ээ, ядаж нэг минутаар хоцроно гэж яншлаа.
Марфа Васильевна:
- За хаанаас даа. Хаанаас тэд мэдэх юм. Энэ залхуучууд 77 хүртэл тоолж чадахгүй ээ, шууд л алдана гэж гүнгэнэв.
- Энэ нэг иймэрхүү гэж Сергей Владимирович хариулав.
- Та нар харин сэрэмжтэй байгаараа. Хэрвээ хүүхдүүд цагны дэргэд ирж, цагийн зүүг оролдвол бид хөдөлж чадахгүй болно. Харин одоо цаг алдалгүй ажилдаа гарцгаая гэж Сергей Владимирович хэллээ.
Тэгээд илбэч сампингаа ширээн доор нуугаад хүүхдүүд шиг гүйлдэж гарахдаа яг л настай хүн шиг аахилж, амьсгаадан, ёолцгоох аж.
Петя Зубов хөлний чимээ намдах хүртэл хүлээгээд байшингаас гарав. Тэгээд цаг алдалгүй мод бутны араар нуугдан хот руу хөгшин-хүүхдүүдийг хайхаар гүйв. Хотод хүмүүс сэрээгүй л байлаа. Цонхнууд харанхуй, гудамж хүнгүй байв. Зөвхөн цагдаа нар л ажлаа эхэлсэн харагдана. Удалгүй гудамж гэрэлтэж, эхний трамвай явах дуулдав. Петя нэг том сагс барин аажуухан алхаж яваа эмгэнийг хараад гүйн очиж:
- Уучлаарай, та сурагч уу гэхэд, эмгэн хөлөөрөө Петяг цохиод сагсаараа далайлаа. Петя арай гэж бултав. Амьсгаагаа дараад цааш явлаа. Хотын хөл хөдөлгөөн ихсэж, ачаагаа дэлгүүрт эсвэл үйлдвэрт хүргэж өгөх гэсэн галт тэрэгнүүд хурдлан нижигнэж байлаа. Хашаа цэвэрлэгч нар хотын хөл хөдөлгөөнтэй уралдан явган хүмүүсийг хальтрахаас сэргийлж цасыг шуурхай цэвэрлэн элс асгаж байв. Петя энэ бүхнийг хараад л яагаад хүмүүс ингэж их хоцрохоос, амжихгүй байхаас айдгийг ойлгов.
Петя хөгшин-хүүхдүүдийг хайсан ч олсонгүй. Гудамжаар хөгшчүүд алхаж байвч 3-р ангийх биш, жинхэнэ хөгшчүүд гэдэг нь илт харагдана.
Энд нэг цүнхтэй өвгөн явсаныг “Багш л биз” гэж Петя бодов. Тэнд нэг өвгөн будагтай хувин барьж явна. Тэр бол будагчин. Нэг галны машин давхив. Дотор нь өвгөн сууж байлаа. Энэ өвгөн бол хотын галын аюулгүй байдлийн дарга юм. ”Эд нар бүгдээрээ амьдралдаа цагаа дэмий алдаж байгаагүй байх нээ” гэж Петя Зубов бодов.
Петя тэнэсээр л байлаа, гэвч залуу-хөгшчүүд, хөгшин-хүүхдүүдийг олохгүй байв. Амьдрал тэр чигээрээ оргилж байлаа. Ганцхан хоцорч амжаагүй Петяг хэн ч үл тооно.
Яг үд дунд Петя нэгэн жижигхэн цэцэрлэгт ороод тууш сандал дээр амрахаар суув. Тэр холгүй нэг сандал дээр суугаад уйлж байгаа эмгэнийг хараад огло харайлаа. Очмоор санагдсан ч, зориг нь хүрсэнгүй. ”Хүлээж байя” гэж Петя өөрөө өөртөө хэлэв. ”жаахан ажиглая” гэв. Гэнэт эмгэн уйлахаа болиод хөлөө савлан тоглов. Дараа нь нэг халааснаасаа сонин, нөгөөгөөсөө жаахан үзэм гаргаж ирээд сонингоо эргүүлтэл, Петя баяртайгаар “Пионерийн үнэн байна!” гэж хэлэв. Эмгэн сонингоо уншингаа үзэмнээсээ идэж эхлэв. Тэр үзмээ ухан гарган идэж байв.
Эмгэн сонингоо уншиж дуусаад, далд хийтэл, гэнэт цасанд ямар нэгэн юм байхийг олж харав. Тэр доошоо тонгойгоод бөмбөг оллоо. Ямар нэгэн хүүхэд энэ жижиг цэцэрлэгт тоглож байгаад цасанд хаячихсан юм байлгүй.
Эмгэн бөмбөгийг эргүүлэн харж байснаа алчуураар сайн арчаад, мод руу яаралгүй явж тоглож эхлэв.
Петя эмгэн лүү цас бутны дундуур гүйв. Гүйнгээ:
- Эмээ,та сургуулийн сурагч байна тийм үү гэж хашхирлаа. Эмгэн Петягийн гараас барин баяртайгаар:
- Тимйээ тийм, би 3-р ангийн Маруся Поспелова байна. Та харин хэн бэ? гэв. Петя эмгэнд өөрийгөө хэн гэдгийг хэлээд бусад найзуудыгаа хайхаар гар гараасаа хөтлөлцөөд явав. Нэг цаг хайсны эцэст нь тэр хоёр нэг том байрны 2-р орцны гадаа ирэв. Тэгээд түлээний саравчны цаана үсэрч тоглож буй эмгэнийг харлаа. Цардмал зам дээр шохойгоор дөрвөлжингүүд зуран, нэг хөл дээрээ үсрэн чулууг даган тоглоно. Петя Маруся хоёр эмгэн рүү очоод:
- Эмээ та сурагч уу? гэж асуулаа.
- Сурагч, 3-р ангийн сурагч Наденька Соколова байна. Харин та нар хэн бэ? гэж эмгэн хэлэв. Петя Маруся хоёр өөрсдийгөө хэн гэдгийг хэлэв. Тэгээд гурвуулаа гар гараасаа хөтлөлцөөд сүүлчийн нэг нөхрөө хөйхаар явлаа.
Тэд гадаа, цэцэрлэг, хүүхэлдэйн театр, хүүхдийн кино театрт үзсэн ч хэнийг ч олсонгүй.
Цаг явсаар харанхуй болж эхлэв. Байшингуудын доод давхруудын гэрэл нь аль хэдийн асчээ. Юу хийх вэ? Бүх юм өнгөрлөө гэж үү?
- Хараарай, хараарай гэж Маруся гэнэт хашгирав. Тэд 9-н номерийн трамвай олж харав. Харин түүнйи арын бариулаас нэг өвгөн зүүгдэн явна. Малгайгаа далий тавьж шүгэлдэн явах өвгөний сахал нь салхинд хийснэ. Найзууд нь түүнийг хайж байхад өвгөн хотоор хэсэн давхиж байсан ажээ.
Хүүхдүүд трамвайны араас гүйв. Азаар уулзвар дээр улаан гэрэл асч трамвай зогсов. Хүүхдүүд зүүгдэгчийг барьж аван бариулаас зуурсан гарыг салган буулгаад.
- Чи сурагч уу? гэж асуусанд:
- Тэгээд өөр хэн байх билээ, би 2-р ангийн сурагч Зайцев Вася байна. Та нар яах гээв гэхэд хүүхдүүд өөрсдийгөө хэн гэдгийг хэлээд, цаг алдахгүйн тулд дөрвүүлээ трамвайнд сууж ой руу явав.
Трамвайнд сууж явсан хэдэн сурагч манай хөгшчүүдэд суудал тавьж өгөв.
- Өвөө, эмээ суу гэтэл хөгшчүүд эмээж ичин татгалзав. Харин сурагч нар эелдэг хүмүүжилтэйгээр суухыг ятгав:
- Сууцгаа л даа, та нар амьдралыхаа туршид зовж, ядарсан. Харин одоо сууж амарцгаа гэв. Тэр үед трамвай ойд ирж хөгшчүүд ой руу үсрэн гүйцгээв. Тэнд тэднийг шинэ бэрхшээл хүлээж байлаа. Тэд төөрчээ. Харанхуйлж шөнө боллоо. Хөгшин хүүхдүүд ойгоор замаа олохгүй явсаар байв.
- Пээ, цаг цаг гэж Петя хэлэв. Тэр гүйгээд л гүйгээд л байлаа.
- Би өчигдөр тэр байшин руу явах замыг анзаарсангүй гэв.
Харин одоо л ямар нэгэн юмаа аврахын тулд түүндээ бага зэрэг цаг зарцуулах ёстойг ойлгов.
Тэд маш их ядарч сульдав. Азаар салхи шуурч, тэнгэр цэлмэж, тэнгэрт бүтэн сар гарлаа.
Петя Зубов хус модон дээр гарж нэгэн байшингийн хана гацуурнуудын дунд цайрч, цонх нь гэрэлтэж байгааг олж харав. Петя доошоо буугаад бусдадаа шивнэн:
- Чимээгүй битгий дуугараарай, миний араас гэлээ.
Тэд цасан дундуур байшин руу мөлхөв. Цонхоор Болгоомжтой хартал цагийн зүү арван хоёр цаг болоход таван минут дутуу байлаа. Илбэч нар өвсөн дээр унтацгааж байв.
- Тэд унтаж байна гэж Маруся хэллээ. Петя ”Дуугүй бай” гэв. Хүүхдүүд чимээгүйхэн хаалгаа онгойлгоод годилт цагны хажууд ирцгээлээ. Арван хоёр цаг болохын өмнө тэд цагны дэргэд зогсож байлаа. Шөнө дундад Петя цагийн зүүг - Нэг,хоёр,гурав.... гэж тоолон баруунаас зүүн лүү буруу эргүүлэв.
Дуу чимээнээр илбэч нар сэрсэн ч байрнаасаа хөдөлж чадахгүй байлаа. Зогсоод л өсөөд байв. Ингээд тэд том хүмүүс болон хувирж, хацар нь үрчлээсээр дүүрлээ.
- Намайг өргөөрөй, би жижигхэн болж байна, цагийн зүүнд хүрэхгүй нь байна, гучин нэг гучин хоёр,гучин гурав...!! гэж Петя хашгирлаа.
Найзууд нь тэрнийг гар дээрээ өргөцгөөв. Дөч дахь эргэлтэн дээр илбэч нар өтөлсөн, бөгтөр хөгшчүүд болон хувирлаа. Хүүхдүүд улам жижгэрч байлаа. Ийнхүү 77 дахь эргэлт буюу хамгийн сүүлчиин эргэлтэн дээр илбэч нар хашгиралдан алга болцгоолоо.
Хүүхдүүд бие бие руугаа харцгааж баяртайгаар инээлдэв. Тэд эргээд хүүхдүүд болцгоожээ. Дэмий өнгөрөөөн цаг хугацаагаа эргүүлэн олж авцгаажээ.
Тэд ингэж аврагдсан боловч, хүүхдүүд та нар дэм цагаа дэмий өнгөрөөсөн хүмүүс өөрийгөө хэрхэн хөгширч байгааг анзаардаггүйг байнга санаж яваарай.
Цааш нь...
Аргат, Уурт хоёр
Огноо 2011-10-05 at 10:36 UnknownЭрт урьд цагт Аргат, Уурт гэдэг ах дүү хоёр байжээ. Аргат дүү нь Уурт ах нь юмсанжээ. Уурт үргэлж уурлаж байдаг, их тэнэг ууртай, уурлахаараа юу ч хийж байж мэдэх хүн гэнэ. Харин Аргат дүү нь огт уурлахыг мэддэггүй, юм бүхэнд аргатай ухаалаг эр байж гэнэ. Аргатыг таньдаггүй хүн байдаггүй. Хүн бүхэн л хааны Аргат гэж дууддаг байжээ. Нэг өдөр Аргат айл хэсэж яваад шөнө болсон учир нилээж хэдэн малтай эмгэн өвгөн хоёрынд ирж хонож гэнэ. Эмгэн өвгөн хоёр нэг зарц хүүхэнтэй юм байжээ. Бүх ажлыг нь тэр шивэгчин хийдэг юмсанж. Аргатыг очиход эмгэн өвгөн хоёр их харамч хүмүүс тул, тун жаахан туранхай мах чанаж өгөөд өөрсдөө хоосон хоножээ. Тэгээд Аргатаас:
- За хааны Аргат та ямар янзаар ор засуулж унтдаг вэ? гэж асууж гэнэ. Тэгэхээр нь Аргат:
- Өө би нэг их ор дэр хэрэглээд байдаггүй. Зөвхөн олон давхар ширдэг дэвсүүлж урдуураа хөшиг татуулж унтдаг заншилтай билээ гэжээ. Эмгэн хөгшин хоёр хэд хэдэн давхар гудас ширдэг дэвсэж өгөөд урдуур нь нэг хөшиг шиг юм татаж өгчээ. Аргат хөшигний хойно ороод л хувцасаа тайлж байгаа хүн болж богцоо дэрлээд бүхлээр хэвтжээ. Удалгүй унтаж байгаа хүн болж худлаа хурхираад өгчээ. Эмгэн өвгөн хоёр сэрүүн байсан тул өндийж шивэгчнээ босгоод олигтойхон мах чана гэж гэнэ. Шивэгчин босч нэг хонины тарган ууц оруулж ирж чанажээ. Гал түлж махаа буцалгахдаа хажууд нь сууж хөдсөн өмдөө тайлж, бөөсөө түүж, үүргэлсээр байгаад унтаад өгчээ. Аргат сэрүүн хэвтсээр л байж, мах ямарч гэсэн болсон байх гэх үеэр Аргат сэмхэн гарч эмгэн өвгөн хоёрын тушаа очоод хаяаг нь шөргөөсөн чинь “хаа хөж, шивэгчин үхэр хөө” гэсэнд шивэгчин гараад зүүн тийш эргэх хооронд, баруун талаар нь орж ирээд тогоон дээр буцалж байсан махыг шүүрч аван хөшигний араар хаячихаад шивэгчний хөдсөн өмдийг тогоо руу нь хийчихжээ. Шивэгчин орж ирээд ойрд үхэр малгүй л байх юм өмдөө эрээд эрээд олсонгүй гэнэ. Энэ үед Аргат худлаа нойрмоглосон хүн болж бүдэг бадаг үг хэлээд хурхирч гарчээ. Эмгэн хөгшин хоёр босч ирээд наадах махаа гарга гэж гэнэ. Шивэгчин өмдөө хайчаар чимхэж ядаж байж гаргаж тэвшин дотор хийв.
Эмгэн хөгшин хоёр түлхэлдэн шахцалдан шивнэсээр хөгшин махнаас нэг огтолж идээд хөдөс зажлагдахад:
- Энэ чинь яасан их үс ноостой юм бэ? Гүзээ наалдчихаа юу гээд хоёрдох удаад нь тэлээтэй захаас нь нэг огтолж зажлаад, үгүй энд чинь бас чив наалдчихжээ. Яасан хатуу юм бээ гэснээ махны уур цан багадахад эргүүлж тойруулж үзээд л өмд байна гэж таньжээ.
Тэгээд шивэгчнээ загнаж аашлаад, тогоогоо угааж дахин мах чана гэж хэлээд унтаад өгч гэнэ. Шивэгчин тогоондооо дахин мах оруулж хийгээд өөрөө бас нойртоо дарагдан галын хажууд унтжээ. Энэ хугацаанд Аргатын мах нь хөрсөн тул богцондоо хийж аваад эмээл хазаараа барьсаар гараад яваад өгчээ.
Аргат маргааш нь гэртээ ирсэн чинь хааны нэг эрх дагина Аргатын гэрт ирээд шоглоод байхаар нь Уурт уурлаад түүнийг цохиод алчихсан байжээ. Аргат ахаа жаахан загнаж байгаад тэр дагины хувцсыг тайлж өөрөө өмсөөд шөнө орой болсон хойно хааныд очиж ордонд нь ороод зүүн талаар эргэж юм хум дуугаргахаар нь ээж нь сэрж чи хэн бэ гэхэд Аргат:
- Ээжээ уух хүйтэн юм хаана байнаа? гэж эмэгтэй хүний дуугаар дуугарахад ээж нь юуны чинь хүйтэн юм. Энэ харанхуй шөнө болтол хаана тэнэж явдаг амьтан бэ? Дуугүй унт гэж загнажээ. Тэгэхээр нь Аргат:
- Өө тэгвэл би боож үхсэн ч яадаг юм бэ гэж хэлчихээд гараад явжээ. Аргат гэртээ ирээд хааны дагиныг хувцаслаж янзлаад авч явж модны зах руу оруулж нэг модны бүдүүн мөчрөөс дүүжилчихээд буцаад сэмхэн харьж унтжээ. Маргааш өглөө нь сэрсэн чинь түмэн амьтан түжигнэж, буман амьтан бужингаж хааны дагина боогоод үхчихэж гээд сүйд майд болж байж гэнэ. Тэгэхлээр нь эвий халаг! Яав, ийв гэсээр л Аргат хааныд яваад очсон чинь хаан хатан бүгд хайлж уйлсан бөөн юм болж байснаа дагины шарилыг авчруулан ухмал зандан хайрцагт хийж торгоор ороож оршуулж гэнэ. Тэгээд энэ их гай юунаас болсныг мэргэлүүлэхээр болж “Долоон хожгорын” ээж алдар цуутай бөө удган самганыг залж иржээ. Энэ бөө бол ямарч юмыг ил цагаанаар нь айлдаж чаддаг болохоор одоо Ууртын хийсэн хэргийг тоочин хэлэх нь магад гэж бодоод Аргат Ууртад хэлж гэнэ:
- За бөө ирээд бөөлж байснаа хамаг юмыг тоочихын даваан дээр гадаа байгаа зэл дээрх бүх морьдын сүүлэнд хуурай өвс уясан байж байгаад гал тавьдаг юм шүү, тэгээд хааны хотонд түймэр гарлаа гээд хашгираад байгаарай гэж зааж өгч гэнэ. Тэгээд Уурт энэ бүгдийг бэлдээд байтал, харанхуй болох алдад л удган бөө хааны дагина хамаагүй тоглож гүйсээр хотын зүүн тийш яваад гэхийн үед Аргат үүдэн дээр чагнаж байснаа дохио өгөөд орхисон чинь Уурт ч морь бүрийн сүүлнээс уясан өвсөнд гал тавиад хааны хотонд түймэр гарч байна гэж хашгиртал бүх хүн бөөгийн дуудлага сонсож байснаа морь малаа бодоод гарцгаахад сандарсан хаан хатан хоёр ч гадаалсан байж. Аргат араар нь орж ирсэн чинь, бөө ганцаархнаа, Аргатын гэрт дагина тулга тойрон гүйж явтал Уурт уурлаж галын хайчаар тогойруу нь цохиж алж гэх мэтээр тоочиж үсэрч байсныг аргат барьж аваад хөхүүртэй айраг уруу толгойгоор нь доош харуулан хатгачихаад гараад явчихжээ.
Гал түймэр татарч, амьтан хүн морь малаа барьж уяцгаагаад орж ирж. Гэтэл хаан галын доод талд огт юм мэдээгүй юм шиг гэмгүй царайлан сууж байсан Аргатыг гэнэт хараад
- Аль Аргат над нэг айраг хийгээд ир гэсэнд Аргат доошоо харж шаагдсан удганы өрөөсөн хөлөөс нэг сэгсэрч үзээд өрөөсөн гутлыг нь суга татаж гаргаснаа:
- Ээ хаантан минь танай хөхүүр чинь хүн бүлүүртэй юмуу гэхэд хаан:
- Чи юу хэлэв ээ гээд гэнэт Бөө санаанд нь орж:
- Пээ! Нөгөө бөөж байсан бөө яалаа ийлээ гэлцэн бөөн шуугиан болж, ээ харлаа! Бид цөм сандраад гарахын хойгуур онгод нь орсон бөө өөрөө үсэрч байгаад хөхүүртэй айраг луу орчихсон байна шүү дээ гэж аргатыг хэлэхэд хаан хатан цөмөөрөө:
- Тэгсэн байна! Тэгсэн байна! Өөрөөр яаж хөхүүртэй айраг руу орох билээ гэцгээжээ. Одоо ч бүр сүйд боллоо. Манай муу охин ч яахав дүүрчээ. Ядаж байхад энэ бөө үхдэг тун сүрхий юм боллоо. Одоо тэр долоон хожгорыг яаж аргална даа! Тэр л тун хүнд байна. Тэд чинь юмны учир ойлгодоггүй тун хэцүү хүмүүс. Биднээс эхийнхээ амь насыг нэхэхдээ юу ч гэж байж мэднэ. Бас дургүй нь хүрвэл биднийг яаж ч мэдэх биш үү гэж хаан их болгоомжилж байжээ. Тэгээд хаан:
- За чи Аргат гэж нэрлэгдсэний хэрэг юу билээ. Тэднийг нэг аргалж үз гэж гэнэ. Аргат тэгвэл одоо энэ хүнийг гаргаж хувцас хунарыг нь сольж сайхан хувцас өмсгөөд хадгалж хоноод маргааш надад өгөгтүн! Чанаж болгосон долоон хонины толгой нэг олгойтой түүхий цус, нэг шинэ сургаж байгаа бага тайлаг тэмээ тохож өгөхөөр бэлтгэ. За тэгээд би нэг яваад ирье. Маргааш үд өнгөрүүлээд явна гэжээ. Маргааш нь хааныхан Аргатын хэлсэн бүхнийг өгчээ. Аргатад хангал шахам тэмээн дээр нэг уутанд долоон толгой хийж өгөөд, нэг дундуурхан архитай ширэн хөхүүр, нэг олгой цус өгч явуулжээ.
Аргат эдгээрийг аваад Долоон хожгорынх руу очиж явжээ. Аргат бүх зүйлээ тэмээн дээр тэгнэж Бөө удганыг урд талдаа суулгаж дүүрээд Долоон хожгорынд очтол Долоон хожгорын хүүхэд нь ээж хааныд очиж бөөлөөд ирж яваа болохоор тун их юмтай ирж яваа, одоо ч нэг цадацгаана гэж холоос шуугилдан тосоод л гүйлдээд иржээ. Тэгтэл Аргат тэднийг бүр ойртоод ирэхийн хамт:
- Ай хүүхдүүд хол байцгаа хүн согтуу, тэмээ хангал гэж хэлэнгээ хангал шахам тэмээнийхээ гэдэс рүү гуталдаа зоосон шөвгөөр хатгаад орхисон чинь тэмээ нь туйлахад:
- Хүүхдүүдээ! Би юу гэж хэллээ гээд долоон толгой шидээд, нөгөө хажуугаар нь долоон хожгорын ээжийг унагаагаад өөрөө эсрэг талаар унахдаа сугандаа авч явсан олгойтой цусаа хага хавчаад унаад өгчээ. Долоон хожгор ууттай долоон толгойг нэг нэг аваад цааш нь эргэж ээж дээрээ гүйж очсоноо:
- Ээ харла! Хайран ээж, хайран ээж гэж орилолдоод хажууд нь хэвтсэн ширэн хөхүүртэй архийг үзсэнээ:
- Ээж энэ архийг ихэнхийг уусан байна шүү согтолгүй яахав, тэгээд энэ хангал тэмээн дээрээс унахаар яаж тэсэх билээ гэцгээн үлдсэн архийг нь хувааж ууцгаагаад дотор нь халахад сэтгэл нь жаал онгойв бололтой эргэж харснаа.
- Ээ энэ Аргат яасан бол гээд дэргэд нь очсон чинь бүтэн улаан цусан дотор хэвтэж гэнэ. Долоон хожгор.
- Ээ одоо яанаа! Манай муу ээж ч яахав өнгөрчээ. Одоо энэ хааны Аргатыг яадаг билээ. Бид хамаагүй гүйлдэж ирснээс болоод тэмээ туйлж ийм болов. Биднийг ирж явахад хүн согтуу, тэмээ хангал гэж хэлсэн биш үү гэж айцгаагаад, одоо ч хаан бидний толгой дараалан хядна даа! Яанаа! uэцгээж байжээ. Тэгтэл Аргат нэг гараа жаахан хөдөлгөж гэнэ. Тэгэхээр нь Долоон хожгор:
- Хүү үхээгүй байна! Хөдөлж байна гэлцэн Аргатыг өргөж цуснаас нь холдуулаад цээжийг нь өндийлгөхөд Аргат их урт амьсгаа аваад нүдээ нээжээ. Долоон хожгор Аргат амьд байна гэж баярлалдан архины шавхруу авч ирж цутгахад нь хоёр нэг балгаад бүр сэргэж:
- Ёо ёо. Би хаана байнаа. Та нар хэн бэ? Манай хаан намайг яаралтай ир гэсэн гэж хэлэхэд Долоон хожгор
- Ай их хааны Аргат аа! Та бидний Долоон хожгорын дунд байна шүү дээ! гэхэд Аргат:
- Өө тийм байна. Би нээрээ танай ээжийг согтуу дүүрч ирсэн биш үү. Ээж чинь хаана байна? Миний тэмээ яав? Та нарыг би битгий ойрт, хүн согтуу, тэмээ хангал гэсэн шүү дээ гэхэд хүүхдүүд:
- За ээж ч яахав дүүрчээ. Таны бие ямар байна, явж чадах уу? гэхэд аргат миний тэмээ байвал ч амьд харьж болох байх гэж хэлж гэнэ. Хүүхдүүд баярлаад л:
- Та амьд бол бусад нь яахав, тэмээ тэнд л идэж байсан гээд цөм гүйлдэж очоод тал бүрээс нь ээрч байгаад бариад иржээ. Аргат:
- Ээ харла гэж! Энэ муу ээж чинь одоо яадаг билээ? гэхэд хүүхдүүд:
- Өө ээж яахав өнгөрсөн байна. Бид аргалж оршуулна. Та л амьд харьж үз. Биднийг хаанд битгий хэлээрэй гээд тэмээг хэвтүүлж Аргатыг мордуулаад босгож хөтөлж яваад бурантагийг өгч Аргатыг явуулжээ. Аргат ёолж, ёхолсоор хүнд бэртсэн хүн болж яваад Долоон хожгороос нүд далд ормогц, тэмээндээ ташуур өгч тэшүүлсээр гэртээ харьжээ. Маргааш нь хааныханд очиж болсон явдлаа цөмийг хэлээд хаан хатан хоёроос их шан хишиг хүртэж буцжээ. Хэд хоног өнгөрсний дараа хаан Аргатыг дуудуулж ирээд:
- За Аргат минь, чи юуны хэрэгтэй Аргат билээ? Чи бүхнийг аргалж чаддаг их ухаантай биш үү? Би ганц дагинатай байгаад алдлаа. Одоо нарт хорвоод энэ бид хоёрт жаргалгүй болжээ. Чи миний охиныг амьдруулах арга ол. Чамд би хаан ширээгээ өгсөн ч болно гэхэд Аргат:
- За хаантан минь, би туршаад үзье. Та нар шинэ элдсэн ямааны арьсан дах, дулаан гутал, нэхий өмд үнэгэн малгай өг. Бас шар тосны боов нилээд хэдийг өгөгтүн. Тэгээд би хол яваад ирье. Дараа нь учрыг олно гэж хэлжээ. Хаан ч тэр даруй бүх зүйлийг бэлэн болгож өгчээ. Аргат нилээд хол яваад харанхуй бүрэнхийгээр аглаг зэлүүд газар гурван замын бэлчээр дээр ирээд тас гэдрэг хараад хэвтэж байж гэнэ. Удалгүй гурван замаар чөтгөр гүйлдэж ирээд Аргатыг нааш цааш нь эргүүлж тойруулж үзэж байгаад:
- Энэ чинь ямар хаашаа хүн бэ? Даараад үхжээ гэхэд дахтай, дулаан гутал малгайтай байдаг. Өлсөөд үхэжээ гэхэд өврөөр нь дүүрэн шар тостой боовтой байдаг. Ер нь л их бааштай эр юм даа? За хэрэв манай талын хүн бол гурвуулаа дээгүүр нь нэг, нэг харайхад босоод ирнэ биз гээд тэр гурав үсэрчээ. Тэгтэл ч Аргат босоод ирж гэнэ. Тэд:
- Өө манай талын хүн байна. За чи чинь яагаад энд хэвтэж байдаг билээ? гэхэд Аргат:
- Жаахан унтчихжээ. Үгүй би нэг юм мартчихаад байна. Үхсэн хүн яаж амьдруулдаг билээ гэж асууж гэнэ. Чөтгөрүүд:
- Тийм амархан юм мартах гэж байх уу. Хүн амьтангүй эзгүй газар оосор бүчгүй ордон цагаан өргөө бариад дотор нь ор дэр засаж үхсэн хүнээ оруулж гурван хоног гал үзүүлэлгүй хэвтүүлээд дараа нь их гал түлж гэрэл гэгээ гаргахаар л босоод ирнэ шүү дээ гэж гэнэ. Аргат түүнийг мэдэж аваад цааш явж байгаад:
- Та нарт ер нь айх юм байдаг уу гэж асуужээ. Чөтгөрүүд :
- Байлгүй яахав бид өргөстэй улаан харганаас айдаг. Чи юунаас айдаг вэ? гэж асууж гэнэ. Аргат
- Би бол хөл мах, домбо цайнаас айдаг. Багвар багвар гурилаас айдаг гэж гэнэ. Тэгээд цааш явж байсан чинь нэг их өргөстэй улаан харгана байхаар Аргат тэр лүү гүйгээд орчихжээ. Гурван чөтгөр гайхаж зогссоноо.
- За энэ нохой чинь биднийг яах гэж байгаа юм бол. Тэгэхээр нь өөрийн нь их айдаг зүйлүүд олж ирээд тал бүрээс нь шидээд байя. Тэгвэл тэр гарч ирэлгүй яахав гээд хөл хөлөөр мах авч ирээд шидэхээр нь идээд, домбо домбоор цай авч ирээд шидэхээр нь уучихаад, багвар багвараар гурил ирэхээр нь нухаж идээд л хэвтээд байжээ. Гурав хоносны дараа тэд ирж дуудаад ч гарч ирэхгүй болохоор нь:
- За чи чинь бидний нөхөр биш нөгөө хааны зальт Аргат байна шүү дээ. За гайгүй чамайг эндээс явсан цагт чинь хойноос чинь очиж хүзүү толгойг чинь салгая гэж занаад яваад өгчээ. Аргат араар нь сэмхэн босож гүйгээд хааныд ирж:
- Бушуухан хүн амьтангүй газар оосор бүчгүй ордон цагаан гэр барьж хуурай мод гурван гүзээ шар тос, нэг хурц сүх, нэг сур аргамж, таван тэмээ өргөст улаан харгана ачиж буулгаад дотор нь маш сайхан ор дэр зас гэж гэнэ. Хааныхан тэр дор нь л засч төхөөрч өгчээ. Аргат:
- За одоо өнөөдрөөс хойш гурав хоноод намайг эргэж ирээрэй. Би үхсэн ч байж магадгүй, одоо нэг ч хүн үлдэж болохгүй, цөм явцгаа гэж явуулаад таван тэмээ харганаар гэрээ битүү эргүүлж тавиад тулгын чулуун дор гурван гүзээ шар тос булаад өөрөө хоймрын авдар доогуур нүх ухаж сүх сур аргамж хоёроо бариад хэвтэж байжээ. Тэгсэн чинь тэр шөнө гурван чөтгөр хүрч ирээд:
- Аа чи бас биднийг айлгах санаатай харгана тавьсан уу гээд дээгүүр нь үсрээд үсрээд ороод иржээ. Энэ үед түлсэн их гал унтарсан байж гэнэ. Тэгээд гурван чөтгөр:
- За хаана нуугдсан бол? Хойт авдар доогуур уу? гэснээ үгүй зүүн авдар доогуур орсон байх гэж нэг нь хэлтэл гурав дахь нь үгүй, Аргат зальтай хүн, биднийг галд ойртуулахгүй гэж бодоод тулгын дэр чулуун доор л орсон байх гэж хэлээд гурвуулаа тулгын гурван дэр чулууг ухжээ. Тэгтэл халуун нурман дор буцалж байсан гурван гүзээ шар тос хага үсрээд гурван чөтгөрийн нүдийг сохолж нүүр гарыг нь түлжээ.
Аргат хойт авдар дороос гарч ирээд гурван чөтгөрийг барьж авч аргамжаараа хүлж хаяад толгой дээр нь сүхээ тавьж одоо та нарын толгойг тас цавчина гэхэд чөтгөрүүд цөм амь гуйж:
- Үүнээс хойш бид танд бараа сургаа үзүүлэхгүй. Бид сохор болохоор хаашаа ч явж чадахгүй зөвхөн булшиндаа очъё. Биднийг амь хэлтрүүлж өг гэж гуйжээ. Аргат:
- Би маргааш үхсэн хүн амьдруулна. Та нарын хэлснээр амьдарвал амьд явуулна. Тиймгүй бол цөмийг чинь цавчина гэсэнд чөтгөрүүд:
- Ай их хааны аргат минь бид худал хэлээгүй. Танай энэ орд өргөө байсан газар яг тохирно. Мөн энэ гэрт одоо оруулж ирсэн ч амьдарна гэж гэнэ. Тэгэхээр нь гурван чөтгөрийг чирч гарган тавьж дахин танайхаас аль нэг нь үзэгдвэл би цөмийг чинь хүйс тэмтэрнэ шүү гэж айлгаад хөөжээ. Чөтгөрүүд түлхэлдсээр алга болж өгч гэнэ. Тэгээд Аргат шөнө явж хааны дагины цогцсыг авч ирж тэр гэрт оруулан жирийн хүн унтаж байгаа маягаар ор засаж хэвтүүлээд явчихжээ. Маргааш нь эрт гүйж ирэхэд дагина босчихсон:
- Би хаана байгаа юм бэ? Аргат ах минь намайг хүргэж өгөөч гэж байна гэнэ. Аргат хамаг учир явдлыг ярьж хэлээд хоёулаа хөтлөлцсөөр хааныд хүрч ирсэн чинь хаан, хатан хоёр ухаан алдталаа баярлаад төрийн их хурим хийж тэр хоёрыг суулгажээ.
Аргат хааны хүргэн хүү бөгөөд баруун гарын нь түшмэл болж дөрвөн зүсний малгай, дөрвөлжин цагаан өргөөтэй баяны буурь дээр бууж, баатрын суурь дээр сууж амар амгалан жаргаж гэнэ.
Цааш нь...
Багш шавь хоёр
Огноо 2011-10-04 at 10:13 UnknownБагш шавь хоёр нэгэн уулын агуйд ном бясалган сууж гэнэ. Тэр уулын бэлд цөөн хэдэн хоньтой өвгөн эмгэн хоёр байдаг байжээ. Өвгөн өдөрт хэдэн хонио хариулсаар багш шавь хоёр дээр ирдэг юм гэнэ.
Нэг өдөр шавь нь хойд уулнаасаа гишүү түүж орхимжоороо ороон үүрч ирээд агуйнхаа гадаа тавьж гэнэ. Өвгөн ч хэдэн хонио хариулаад ирж. Шавь нь нэг гараад харсан, орхимжных нь үзүүрийг нэг хонь зажилж байжээ. ... Тэгэхээр нь гишүүгээр цохичихсон чинь өнөө хонь үхчихэж гэнэ. Шавь хонийг нуучихжээ. Өвгөнийг орой хонио туугаад явчихаар шавь нь багшдаа хэлжээ. Багш нь:
- Хоёулаа учрыг нь олж идэхээс гэжээ.
Өвгөн орой очоод хонио бүртгэсэн нэг хонь дутжээ. “Тэр хоёр л авчихлаа. Очиж үзье” гээд агуйн гадаа очоод сэм чагнаж суужээ.
Шавь нь хонийг өвчөөд багшдаа хэлж байна гэнэ:
- Баринтагийг нь тайлчихлаа. Одоо яах билээ? гэсэнд багш нь:
- Доод ботийг нь доош нь залчих. Дээд ботийг нь дээш нь залчих. Дунд ботийг нь өнөө шөнө айлдаж хоноё доо гэжээ. Тэгэхээр өвгөн “Энэ хоёр чинь ном бясалгаж байгаа улс байна” гэж бодоод харьжээ.
Маргааш нь өвгөн тэр хоёр дээр ирж “Нэг хонио алдчихлаа. Аврал буулгаж өгөөч” гэжээ.
Тэр хоёр хонийг нь идчихсэн ч гэсэн аврал буулгаж, ном уншихаар өвгөнийд очжээ. Багш шавь хоёр өвгөнийд очиж баахан ном уншчихаад багш нь шавьдаа “Чи түрүүлээд яв” гэжээ.
Шавийг ирэхэд тэдний доод агуйд байдаг алаг хав агуйд нь ороод хонины бөгсийг идээд цээжний нь талыг идчихсэн байжээ. Алаг хавыг гишүүгээр цохиод авсан, агуйны нь үүдэнд атга хирийн хар чацга алчихаад гүйгээд явчихжээ.
Багшийг нь харихаар өвгөн “Одоо л хоолоо хийж байгаа байх" гэж бодоод агуйн гадаа очоод чагнажээ.
- Доод агуйн алаг бурхан ирээд доод ботийг нь айлдчихаад, дээд ботий нь тэн хагаслаад байж байна гэж шавийгаа хэлэхэд багш нь
- Чи тэгээд яав? Гэсэнд
- Алд хирийн зандан барьсан чинь, атга хирийн гүгэл хайрлачихаад агуйны амаар маань мэгзэм дагнаад л заларлаа гэж ярилцахыг өвгөн сонсоод “Бас энэ доод агуйд нь нэг алаг бурхан байдаг юм байна. Ном бясалгаж байгаа улсад муу санаж нүгэл хураалаа” гэж өөртөө бүх бурууг өгөөд буцжээ.
Цааш нь...
Гээгдсэн цаг үеийн тухай үлгэр (I хэсэг)
Огноо 2011-10-02 at 17:44 UnknownЕвгений Шварцын өгүүллэгийг миний охин Энхсаруул орос хэлнээс орчуулсан болно.
Петя Зубов гэдэг нэгэн хүү байжээ. Тэр 14-р сургуулийн 3-р ангид сурдаг ба орос хэл, математик, тэр байтугай хөгжмийн хичээлдээ хүртэл тааруухан суралцдаг байв.
- Амжина! гэж тэр 1-р улирлын сүүлээр хэлэв. 2-р улиралд та нарыг бүгдийг чинь гүйцнэ дээ гэв.
2-р улирал боллоо. Петя 3-р улиралд л хичээлээ хийсэн шиг хийе дээ гэж бодов. Ийнхүү тэр хоцорсоор хоцорсоор. Түүндээ ерөөсөө ч санаа зовохгүй, амжина даа амжина гэсээр байв. ...
Нэгэн удаа Петя сургуульдаа урьдын адил хоцорч ирээд хувцас сольдог өрөө рүү гүйв. Цүнхээрээ өлгүүрийн тавцанг цохиод:
- Наташа эгчээ! Миний пальтог аваарай! гэж хашгирав. Наташа эгч өлгүүрүүдийн цаанаас:
- Хэн бэ? гэсэнд:
- Петя Зубов байна аа гэж хүү хариулав. Наташа эгч:
- Хоолой чинь өнөөдөр яагаад сөөчихөө вэ? гэж асуув. Петя:
- Мэдэхгүй ээ. Өөрөө ч гайхаж байна аа гэв. Наташа эгч өлгүүрийн цаанаас гарч ирэн Петя руу харснаа:
- Ой хэмээн цочин хашгирав. Петя Зубов ч цочоод:
- Юу болвоо? гэж асуув.
- Юун юу гэж? Та хэлэхдээ өөрийгөө Петя Зубов гэсэн, гэтэл үнэндээ та тэрний өвөө нь байж таарна гэв.
- Юуных нь өвөө гэж? Би чинь 3-р ангийн Петя л байна шүү дээ хэмээн Петя хариулав.
- Та толинд хардаа гэж Наташа эгч хэллээ. Хүү өөрийгөө толинд хараад эгээтэй л уначихсангүй. Петя өндөр, туранхай, буурал өвгөн болон хувирсан байлаа. Нүүрээр нь дүүрэн үрчлээнүүд байлаа. Өөрийгөө хараад буурал сахал нь чичрэв. Хүү аргил хоолойгоор:
- Ээжээ гэж хашгираад сургуулиасаа гарч гүйлээ. Гүйж байхдаа “Ээж маань намайг танихгүй бол ч бүх юм өнгөрнө дөө” гэж бодов.
Петя гэртээ гүйж ирээд хаалгаа гурван удаа тогшив. Ээж нь хаалгаа тайлаад Петя руу харан дуугуй зогсоод л байв. Петя ч үг хэлсэнгүй. Эцэст нь ээж нь:
- Хэнтэй уулзах вэ өвөө? гэж асуув. Петя харин:
- Та намайг танихгүй байна уу? гэсэн чинь ээж нь:
- Үгүй ээ, уучлаарай гэв. Хүү харсан зүг рүүгээ буцан алхав. Тэрээр алхангаа “Би ямар азгүй ганц бие өвгөн бэ? Ээжгүй, хүүхэдгүй, ачгүй, найзуудгүй... Хамгийн гол нь юу ч сурж амжсангүй. Жинхэнэ хөгшчүүд чинь докторууд, зарим нь мастерууд, эсвэл академич, эсвэл багш байдаг. Харин би 3-р ангийн сурагч, хэнд хэрэгтэй гэж?...3 жил ажилласан ч тэтгэвэр өгөхгүй юм. Ажилласан ч гэж дээ муу, дунд л ажилласан. Надад юу тохиолдох бол доо? Би ч өрөвдөлтэй өвгөн юм даа!! Азгүй хөвгүүн юм даа! Энэ бүхэн юугаар төгсөх бол?” гэж бодов.
Йинхүү Петя бодол болон алхсаар хотоос хэрхэн гарч ой мод руу орсноо санахгүй байв. Харанхүй болоогүй тул тэр алхсаар байв.
- Сайхан амрах юмсан гэж Петя бодтол, гэнэт гацуурнуудын цаана нэгэн жижиг байшин цайрч харагдав. Петя байшинд ортол эзэн нь байхгүй байлаа. Өрөөний голд ширээ, түүний чанх дээр керосин дэн дүүжлээстэй байлаа. Ширээний эргэн тойронд дөрвөн мухар сандал харагдана. Ханан дээр годил цаг чаг чаг хийнэ. Харин буланд нь овоолсон өвс байа аж.
Петя өвсөн дотор гүн шурган орж чимээгүйхэн уйлан сахлаараа нулимсаа арчаад дулаацсандаа унтчихжээ. Сэртэл керосин дэн асаатай, өрөө гэрэлтэй байлаа. Нөгөө ширээг тойроод хоёр хүү, хоёр охин сууж байна. Зэсээр бүрсэн том тоонууд тэдний өмнө байв. Хүүхдүүд:
- Хоёр жил, дахиад таван жил, дахиад долоон жил, дахиад гурван.......Энийг танд Сергей Владимирович, харин энэ таных Ольга Капитоновна, энийг танд Марфа Васильевна, харин энэ таных Пантелей Захарович гээд тоолоод л бүвтнэлдээд байлаа.
Ямар сонин хүүхдүүд вэ? Яагаад эд нар баргар царайтай байгаа юм бол, яагаад тэд жинхэнэ хөгшчүүд шиг аахилаад, ёхлоод бас амьсгаадаад байгаа юм бол, яагаад бие биенийгээ овог нэрээр нь дуудаад байгаа юм бол доо, яах гэж ойн ганц жижиг байшинд ийм харанхуй шөнө цугларч байгаа юм бол.
Петя Зубов таг чиг, амьсгалахаа ч болиод үг бүрийг сонсож байв. Тэгээд сонссон бүхнээсээ айж эхлэв.
Ширээний ард сууж байсан хүүхдүүд хорон санаат илбэч нар ажээ. Хорвоо дэлхий дээр цагаа дэмий өнгөрөөдөг хүмүүс яаж хөгширч байгаагаа мэддэггүй аж. Үүнийг мэддэг хорон санаат илбэч нар тийм хүүхдүүдийг олзлон авдаг юм байж. Ингэж л тэд Петя Зубовыг бас нэг хүү, 2 охиний хамт барьж аваад хөгшин болгон хувиргажээ. Хөөрхий хүүхдүүд дэмий цагаа алдан хэрхэн хөгширч байгаагаа ч мэдэхгүй ажээ. Харин хорон санаат илбэч нар хүүхдүүдийн алдсан цагийг өөрсдөө авдаг байв. Тэгээд илбэч нар хүүхдүүд болоод, харин хүүхдүүд хөгшин болжээ.
Яаж ийм юм байж болох вэ?
Одоо юу хийх вэ?
Илбэч нар авсан цагаа тоолоод ширээн доор сампингаа хийх гэсэнд тэдний ахлагч болох Сергей Владимирович зөвшөөрсөнгүй. Тэр сампингаа аваад годилт цагны дэргэд ирэв. Тэр цагийн зүүг эргүүлж туухайг оролдоод, цагийн дүүжинг сонсоод дахиад сампингаа тас няс хийлгэв. Сергей цагийн зүү шөнө дундыг заах хүртэл тоолоод л, тоолоод л, бувтнаад л байлаа. Тэгэхэд Сергей Влапимирович сампингийн эрихнүүдийг холиод дахин өөрт нь хэдэн нас оногсоныг шалгаж үзнэ.
Дараа нь тэр илбэч нарыг дуудаад:
- Чөтгөр гэж, бид нарын хувиргасан хүүхдүүд эргээд залуу болж болох юм шүү дээ гэлээ.
- Яаж? гэж илбэч нар хашгиралдав.
- Одоо хэлж өгье гэж Сергей Владимирович өлмий дээрээ явж гараад байшинг тойрч ирээд хаалгаа дэгээгээр түгжиж модоор өвсийг эргүүлэв...
Үргэлжлэл бий...
Цааш нь...
Манай нутагт арслан яагаад амьдардаггүй вэ?
Огноо 2011-10-01 at 18:25 UnknownЭрт цагт араатны хаан ам ихт Арслан, жигүүртний хаан эр ихт эрэлхэг Начин шувуу гэж байж гэнэ. Араатны хаан ам ихт Арслан жигүүртний хаан эр ихт эрэлхэг Начинтай таараад:
-Чи юунаас айдаг вэ? Гэж асуужээ.
-Би хоёр хөлт Хоовондойгоос л айдаг. Өөр юунаас ч айдаггүй. Харин чин юунаас айдаг вэ? Гэж эр ихт эрэлхэг Начин эргүүлж асуужээ. Ам ихт Арслан: ...
-Би юунаас ч айдаггүй. Тэр хоёр хөлт Хоовондойгоо надад зааж өг! Эр ихт эрэлхэг Начинг айлгадаг ямар сүрхий амьтан байдаг байна? гээд түүнийг дагуулан эрэхээр явжээ. Тэгтэл хонь хариулж явсан хүүхэд таарч гэнэ. Ам ихт Арслан:
-Хоёр хөлт Хоовондой гэдэг чинь энэ үү? Гэж асуухад эр ихт эрэлхэг Начин:
-Хоёр хөлт Хоохондой болж арай гүйцээгүй юм байна, гээд цааш дагуулж явжээ. Тэгтэл үхэр хариулж яваа таяг тулсан өвгөн тааралджээ. Ам ихт Арслан:
-Хоёр хөлт Хоовондой чинь энэ мөн үү? гэж асуухад эр ихт эрэлхэг Начин:
-Хоёр хөлтэй Хоовондой явсан юм байна. Одоо даанч гурван хөлтэй болжээ, гээд цааш явжээ. Тэгтэл нэг анчин ирж яваа харагдав гэнэ. Эр ихт эрэлхэг Начин:
-Жинхэнэ Хоовондой чинь тэр ирж явна! гэж хэлчихээд дээшээ хөөрөн нисчихжээ. Ам ихт Арслан, тэр Хоовондойтой хүчээ үзэхээр өмнөөс нь амдаж ойртов гэнэ. Тэгтэл анчин өөдөөс нь бууджээ. Өрөөсөн нүд нь тэсрээд л явчих шиг болсонд эргээд ум хумгүй зугтааж гарчээ. Тэгтэл араас нь тас буудаж, зоо нурууных нь арьс зумраад унах шиг л болж. Арсланг ухаангүй шахам харайж явтал эр ихт эрэлхэг Начин нисч ирээд:
-За яав, юу болов? гэж асууж.
-Яасан аймшигтай юм бэ? Өмнөөс нулимахад өрөөсөн нүд минь тэсэрчихлээ. Араас тургихад ар зооны арьс цоорчихлоо. Араатны хаан тулдаа л энэ зэрэгтэй үлдлээ. Харин чи байсан бол амь биеэ алдах байсан юм. Би энэ нутагт амьдрах аргагүй, аймшигтай юм байна, гэжээ.
Энэ цагаас хойш араатны хаан, ам ихт Арслан манай нутгаас зугтаж өмнө зүгийн халуун оронд амьдрах болсон юмсанжээ.
Цааш нь...