Илжиг ойгоос зугтсан нь(Нигер)
Огноо 2009-07-01 at 12:07 UnknownЭрт цагт илжиг ойд амьдарч байхдаа нэгэн өдөр цөөвөр чонотой тааралдаад ийн хэлжээ. "Би бол ойн бүх амьтдын дотроос хамгийн хүчтэй нь билээ. Ойн амьтдаас чухам хичнээнг би алсаныг тоолоод баршгүй" гэжээ. Цөөвөр чоно хариуд нь:
"Үгүй байлгүй дээ илжиг гуай энэ ойд хамгийн зоригтой, чадалтай нь би шүү дээ" гэв. Илжиг ихэд дургуйцэж:
"За тийм болог. Чоно чи маргааш өглөө ойд очиж ойн амьтад хаана цугларсан газрыг олоод надад ирж хэл. Би ямар хүч чадалтайгаа чамд үзүүлээд өгөмз" гэжээ. Дараа өдөр нь цөөвөр чоно ойд очиж заан, одос үхэр, марал буга зэрэг олон зэрлэг амьтдыг хөөж нэгэн талбайд цуглуулчихаад илжигт ирж хэлэв. Цөөвөр чоно, илжиг хоёр явсаар ойд бөөгнөрсөн амьтдад дөхөж ирмэгц илжиг хэлсэн нь:
"За чоно чи надаас холхон шиг хүлээж бай! “Мах идээрэй” гэж намайг дуудахаар хүрч ирээрэй" гэхэд цөөвөр чоно зөвшөөрөн модны цаана хоцров. Илжиг модны завсар зайгаар нуугдан явсаар ойн цоорхойд цугларсан амьтдын дэргэд нь хүрч очоод:
“И-хо-о И-хо-хо” гэж гэнэт орилмогц бөөн байсан ойн амьтад үргэн тал бүр тийш бутран зугатав. Аварга том заан хэд хэдэн одос үхэр, буга, гөрөөсийг дайрч унаган бяц гишгэн алж орхив. Ойн амьтад зугатан явсаны дараа илжиг үхсэн үхэр, буга, гөрөөс тэргүүтнийг хараад:
"Хүүе чоно оо! Мах идээрэй! Нааш ир! Бушуул" гэж орилов. Цөөвөр чоно хүрч ирээд ихэд гайхаж "Илжиг гуай та үнэхээр хүч чадалтай амьтан юм байна. Би таны зарц болъё" гэв.
Илжгээс ихэд айсан цөөвөр чоно түүнийн бараа бологч зарц нь болжээ. Цөөвөр чоно илжигний хоёр том урт чихийг ямар нэг хүч чадалтай мэт байх гэж санадаг байжээ. Нэгэн өдөр цөөвөр чоно "Илжиг гуай, таны толгой дээр байгааг би сонирхож болохсон болов уу?" гэхэд илжиг зөвшөөрч хоёр чихээ үзүүлэв. Чоно чихий нь барьж үзээд "Таны энэ хоёр гозгор чинь эвэр юм байх гэж бодсон чинь биш шив дээ" гэхэд Илжиг "Хаанаас даа чих байхгүй юу!" гэхэд "Аа тийм бий" гэж цөөвөр чоно дотроо занав. Дараа нь нэгэн орой илжиг бэлчээрлэж байтал цөөвөр чоно барьж идэхээр дайрчээ. Илжиг ч байдаг чадлаар хот руу зугатав. Хотын хүмүүс түүнийг аюулаас авран чононоос салгажээ.
Илжиг үүнээс хойш нэрэлхэж худал хэлэхээ больсны дээр амийг нь аварсан сайн санаат хүмүүстэй нөхөрлөн тэдэнд үйлчлэх болж, ойд дахин очсонгүй ажээ.