Ухна гуай
Огноо 2009-07-06 at 14:32 UnknownУрьд нэг айлд омог бардам ухна байжээ. Ухна гуай өөрийн сүргийн төлөө ер санаа үл тавин, ганцхан биеийн жаргалыг эрхэмлэдэг байжээ. Нэгэн өвлийн янгинам хүйтэн шөнө тэнгэр зузаан үүлсээр бүрхэгдэж сүрхий хүчтэй цасан шуурга болоход өнөө эвэр ихт ухна бусад хонь ямааг айлган хурц үзүүртэй эврээр мөргөлөн хөөж босгосоор хамгийн аятай дулаан байх гэсэн газраа эрж явлаа.
Тэгж явсаар хуц гуайн дэргэд очиж гэнэ. “Ухна миний ихэмсэг зангаас хуц айж аятай тухтай байраа найр тавин өгч өөр газар очих биз” гэж боджээ.
Гэтэл харин өнөө хуц гуай ер ажиглан анхаарсан шинжгүй тухлаг аятай хэвтэртээ таатай хивж зүүрмэглэн байхаар нь ямаан сүргийн тэргүүн ухна гуайн омог уур ихэд хүрч дээш цоройн сүрийг бадруулан “Хуцыг мөргөе” гээд цоройх гэтэл хашаатай олон хонь ямаа тал талаас шахаж байгаа учир үл айгч хуцыг мөргөж чадсангүй. Хий л уур омог нь хүрч цухалдан “Хуцанд дараа нэг чадал хүчээ үзүүлье” гэж бодсоор өөр аятай байр олохоор хавь ойрын бусад хонь ямааг айлгаж тав тухы нь алдуулан хашаан дотуур цааш явжээ.
Тэр хашааны нэгэн буланд хонин сүргийн дунд хамгийн их настай хөгшин ирэг хэвтэж байжээ. Ухна гуай уурандаа хөгшин иргийг босгон хөөж айлгаад дулаан айхан бууцан дээр тавтайхан унтаж цасан шуургын аюулыг мэдсэнгүй. Гэтэл шөнийн тэр их шуурганаар хоол эрж явсан өлөн чоно хотонд сэмхэн орж ирээд хашааны завсраар нэгэн ямааны сүвээнээс үмх мах тасдан авсан нь дээрэнгүй зант ухна тохиолдож золтой л амь алдсангүй гэнээ.
Маргааш өглөө бэлчээрт гарахад ухнын шарх ихэд өвдөж хэвтэн босон, байж ядан зовуурлан шаналахад ижил олон сүргээс нэг нь ч хөөрхий зовлонд учирсан ухныг өрөвдөн хайрлахгүйгээр үл барам анхааран хандах ч үгүй харин өнөө хуцаа бараадан өвсний шимтэйг амтлан идэж тааламжтай аятай байгааг харахаас ухнын уур омог хүрч цухалдан “Энэ муу хуцтай тулалдаж олон сүргийн өмнө хүч чадлаа үзүүлээд өгье!” гэж сэлэм мэт сүрлэг эврээ сэрийлгэн бүдүүн чанга дуугаар майлан шууд хуцыг чиглэн очжээ.
Харин тавтай идээшилж явсан хуц сүр бадруулан ирж яваа ухнаас айж сүрдсэн шинжгүй, амтат өвсөө хивсээр ажиггүй харж зогсов. Ухна гуайн уур омог ихэд хөдлөн өндөр гэгч цоройн буухын хооронд гэдэс нь хачин өвдөж тэртээ уул онхолдон нурах шиг болоод явчихжээ.
Гэнэт ухаан ортол газар хэвтэж байна. Ухасхийж бостол толгой нь их л хөнгөн болчихсон байна гэнэ. Өнөө хуц гуай харин юу ч болоогүй мэт хээв нэг идээшлэн ажиггүй явж байв. Ухна гуай хуцын араас ухасхийн давхих гэтэл хөлд нь нэг юм тээглэхэд харвал харин өөрийнх нь сүр жавхаа болж явсан эвэр нь хугарчихсан хэвтэж байжээ. Түүнээс хойш мухар болсон ухнаас нэг ч хонь ямаа айхаа больсон гэнээ.