Холоос ирсэн бадарчин
Огноо 2010-04-29 at 09:40 UnknownУрьд нэг бадарчин нэг айлд ирээд хонох болжээ. Тэр айл орой бүхэл хоол хийж бадарчинд бухын туранхай хүзүү өгч гэрийн эзэнд хонины тарган дал, дөрвөн өндөр тавьжээ.
Энэ завсар гэрийн эзэн “Лам гуай, таны явсан газраар өвөл өнтэй байна уу?” гэв. Бадарчин “За даа, зарим газар таны өмнүүр шиг, зарим газар миний өмнүүр шиг байна даа” гэсэнд тэр хүн юм хэлсэнгүй. ...
Ингэж хоол идэж дууссаны дараа гэрийн авгай “Хүүе, лам гуайд тос арчих юм” гээд нэг даавуу алчуур авч өгөв. Харин бадарчин тэр алчуурыг авсангүй.
“За даа хэрэггүй шив дээ, бараг агшиж орхилоо” гэж хэлээд хоёр гараа имчин сууж гэнэ. Ингэж тэр авгайг бадарчин ичээсэн гэнэ.
Цааш нь...
Богд ламд бараалхсан нь
Огноо at 09:39 UnknownУрьд нэгэн цагт манай нутагт
Нэрд гарч зард тарсан
Гахай жилийн зуд болж
Ганц морьтой нь
Гар хоосон болж
Гаднаа хоньтой нь
Ганзага мэрэх юмгүй үлдэж
Хувин цайлгах сүүгүй
Хусуур дуугаргах хусамгүй
Хусран үнээд цайхгүй
Хурган сүүлэнд нь мөлжүүргүй болтол ...
Хаврын хавсарга үлээж
Хамаг олон нь өлсгөлөн болж
Хал үзэж халуун чулуу долоох үед
Хаан эзнээс өршөөл гуйж
Хайр тэтгэм горьдон залбирч
өргөх бичиг үйлдэн зохиож
Эрдэнэ далай вангийн хошуунаас
Элч зарлагаар намайг илгээж билээ
Далан худалч давиран цогиод
Даагатай гүүгээ даргиулан шогшоод
Даа хүрээнд хүрээд ирлээ
“Далай вангийн хошуунаас
Далан долоон зовлон тоочихоор
Далан худалч ирсэн гэнэ” гэж
Богд лам сонсоод
Бодол болж сууснаа
“Албат нараа цуглуулаад
Арга мэх зохиоё” гэж
Ам нийлж ярилцаад
Алга ташиж тохирч гэнэ.
Далан худалчийг бараалхаж ирэхэд
Нүдээ боож сохор болоод
Нүүрээ будаж эхнэр болоод байцгаая
Далан худалч ирээд
Богд лам нь аль болохыг
Бодож олох хэцүү
Тааж мэдэх бэрх болоод
Танилгүй мухардахад нь
“Богд ламаа болгоосонгүй
Буруу хүнд бараалхав” гэж
Буцааж явуулъя” гэж хэлэлцээд
Олбог тойрон оль сохор
Танхим тойрон таг сохор болоод сууцгааж гэнэ.
Далан худалч түүнд яаж хуурагдах аж даа.
Богдын ордонд ортол
Боодолтой сохор ч нэг хэсэг байлаа
Болохоо байсан сохор ч нэг байлаа
Болно гэж өөрөө дурласан сохор ч нэг байлаа
Богдыг дууриасан бодолгүй сохор ч бас байлаа
“Сохор бүхэн юмны адагт байдаг болохоор
Сохор, сохрын дотроос
Төрөлхийн сохор нь адагт нь байж таарна” гээд
“Арваад сохрын аль сохрыг тэр гэх вэ
Адгийн сохор амар байна уу” гээд
Хадгаа гаргаж бичиг өргөдлөө барив
Оль сохруудын дундаас
Оногдсон сохор нь Богд өөрөө байлаа
Боодолтой сохрууд нь босоод явахад
Богд сохор нь үлдээд хоцорлоо
Тэгэхлээр нь би ийн хэлрүүн:
“Хувь заяа минь дутаж
Хошуу нутаг минь хоосроход
Хутагт лам маань бас
Сохор байдаг байна шүү
Одоо яана даа!” гээд
Орь дуу тавьж гарлаа
Тэгтэл Богд лам ичсэндээ болоод
Энэрэл өршөөлийн зарлиг буулгаж
Энэ хошууг ёсөн жил дараалан
Албан гувчуур, авлага зэтгэрээс
Тайлсан тухай тамгатай бичиг өгч
Намайг адислан гаргалаа
Ингээд би нутаг хошуундаа
Баяртай, бараатай хүрч ирээд
Богд ламын боодолтой нүдийг далимдуулж
Бошгын албанаас чөлөөлөгдсөнөө ярихад
“Боллоо Далан худалч минь
Богдыг үүнээс илүү яаж чадах вэ” гэсэн юм.
Цааш нь...
Хэрсүү бадарчин
Огноо 2010-04-27 at 09:58 UnknownУрьд нэг бадарчин их л өлсөж ядарч явсаар айлд ирж хоолыг нь хүлээж ядан суув гэнэ. Гэтэл ашгүй тэр айл ч хоолоо хийж эхэлж. Гэрийн дотор галаас өөр гэрэл байсангүй, ажиглавал будаатай хоол хийж байгаа бололтой.
Намрын сэрүүн салхи сэвэлзэж мөн айлын авгай хүүхэн хоёр үнээгээ саах гэж гарч орсоор байв. Эх нь орж ирээд нэг атга давс шиг юм хоолондоо хийчихээд гарав.
Удсангүй хүүхэн нь орж ирээд нөгөөдөхөөс нь хоёр гурван атгыг хоолонд хийгээд гарсанд бадарчин урам нь хугарч “За даа энэ хоолыг ч хүн амьтан амсахын аргагүй юм боллоо. Би энэ шөнө лав л хоосон хонох болов” гэж санааширсаар суув. ...
Тэгтэл эх, хүүхэн хоёр үнээгээ сааж гүйцээд орж ирмэгц хоолоо гаргаад “Алив лам гуай аягаа. Хоол хийж өгье” гэж хэлэв.
Бадарчин аягаа дурамжхан өгч “За дундуур хийгээрэй” гэлээ.
“Давсыг яана даа” гэж бодсон бадарчин уг хоолонд хошуугаа хүргэж ядан амстал их чихэр хийсэн тун амттайхан сүүтэй цагаан будаа байв гэнэ.
“Үүнийг би хэрэггүй дундуур гэж хэлэв. Ахиад идэх юмсан”гээд бадарчин дэмий л аягаа долоох дүр үзүүлж байтал ашгүй “Алив лам гуай аягаа” гэж нөгөө авгай хэлэв.
Бадарчин “Дундуур дундуур” гэж бас хэлжээ. Бадарчин ингэж “дундуур дундуур” гэсээр долоон дундуур идсэн гэнэ.
Цааш нь...
Хатуу зөөлнийг шалгасан нь
Огноо at 09:55 UnknownБаадай нэг хийдийн цорж ламынд гэр зуурын ажил хийж өгөхөөр очсонд тэр лам Баадайгаар “Нэхий элдүүлээд хөлсөнд нь боов өгнө” гэж амлаж гэнээ. Баадай тэр нэхийгий нь хэд хоног чармайн сууж элдээд ламд тушаасанд лам Баадайн элдсэн нэхийг гадаа гарган дэлгээд дээрээс нь гадас шааж үзэж гэнэ. Тэгэхлээр нь Баадай “Энэ чинь яаж байгаа хэрэг вэ?” гэсэнд тэр лам “Манай энд нэхийний элдүүрийг ингэж шалгадаг юм” гэж гэнэ.
Гэвч Баадайн элдсэн нэхийн элдүүр ханасан тул гадсанд цоорсонгүй учир лам нэхийгээ аваад Баадайд боовоо өгөх болж авдраа уудлан уудласаар ганц ширхэг боов гаргаж ирээд ...
“За ганц ширхэг зөөлөн боов байсан юм, түүнийгээ чамдд өгье дөө!”гээд шүдлэн нохой даахын аргагүй хатуу боов нэгийг өгч гэнэ. Тэгэхлээр нь Баадай өнөөх боовоор нь ламын толгой дундуур байлгаад автал боов нь хуга үсэрч гэнээ. Тэр лам “Яаж байгаа чинь энэ вэ? Ёо! Ёо! Гэсэнд Баадай:
“Манай тэнд боовны зөөлөн хатууг ингэж шалгадаг юм. Харин миний нэхий тийм зөөлөн байсан бол чиний боов ийм хатуу юм байна” гэж хэлсэн гэнээ.
Цааш нь...
Улаач хүү
Огноо 2010-04-26 at 09:46 UnknownЭрт үед аагтай амбан улаагаар явав гэнэ. “Ай таминь амиа л мэдээрэй” гэлцэх шуугиан дэгдлээ. Ээлж таарсан улаач хүү аагтай амбантай тааралджээ.
Амбан зам дувт давхиад байхаар нь хүү түүнд хоёр атга самар өгчээ. Гэтэл амбан түүнийг цөмөөд огт явдаггүй харин ч морины баруун урд хөл бүдрэхэд хойт зүүн гуяыг бүдүүн ташуураар олонтаа гуяджээ. Хүү морио өрөвдөөд амбанаас асуусан нь
“Амбан гуай! Өвөг эцгийн хийсэн хэргийг ач гучид нь тохоож болох уу?” гэхэд амбан муухай хараад ...
“Уул нь болохгүй. Гэвч хэргийн байдал мэднэ” гэлээ. Улаач хүү
“Тийм байх аа, баруун хөл бүдрэхэд морины зүүн гуяыг тэнзэн ташуураар гуядсантай төстэй биз?” гэхэд аагтай амбан хүүг гурав ташуурдав.
Тэгээд цааш явж байтал гэнэт дуутай шуутай бороо орлоо. Хүү бодож явсан аргаа хэрэглэхээр шийдэж амбанд ойрхон явлаа. Тэнгэр ч тасхийж шар гэгээ татав. Хүү ч бүдүүн яргай ташуураар аагтай амбаны толгойд буулгаад өөрөө газарт унан ухаангүй мэт хэвтэв. Амбан ч газар сунан хэвтсэнээ босоод толгойгоо барилан хэд занхалзсанаа улаач хүүгийн дэргэд ирж хүүг харж харж
“Хай чи босов оо. Чи яасан амархан унав аа? Чамайг тэнгэр ганцхан ниргэхэд би зүгээр л байна” гээд улаач хүүг татан босгосон гэдэг.
Цааш нь...
Тэнэг хулгайч
Огноо at 09:45 UnknownУрьд эртний нэг хүү хааныхаа хашааны мөнгөн хонхыг хулгайлан авч худалдан баяжихаар гэнэт шийдээд тэр шөнөдөө гэтэн мөлхөж иржээ. Хааны хаалганы сахиул цэргүүд унтаж байжээ: Хүү хаалга өөд авиран хонхонд ойртлоо. Сахиул цэргүүд огт мэдсэнгүй. Улам ахиад авах гэтэл хонх дуугарав. Хүү бодол болон мэх гаргаад овжин ухаан олсондоо хөөрөөд өмсөж явсан цамцаа уран хоёр чих рүүгээ сайн чихээд “Одоо энэ хонх дуугарсан ч дуулдана гэж байшгүй дээ” гээд хонхыг мултлан аваад буутал хааны цэргүүд бариад авчээ. Тэнэг хулгайч амьтны доог болж гэнээ.
Цааш нь...
Хөл хориотой
Огноо 2010-04-23 at 14:47 UnknownЭрт урьд цагт ингэ ботголуулж байгаа нэг айлынхан бадарчин ирж явахыг хараад “Ингэ ботголж байна. Хөл хориотой” гэж хэлээд ир” гэж хүүхдээ тосон гүйлгэжээ.
Түүнийг нь бадарчин огтхон ч тоосонгүй явсаар ингээ ботголуулж байгаа эхнэрийн нь дэргэд хүрч очоод “Босоорой чи, ботгонд ойртоорой, ирээрэй чи, ингэнд хүрээрэй” гэж загначихаад гэрт нь орох гэтэл гэрийн нь эзэн “Хөл хориотой” гээд гэртээ оруулахгүй байв гэнэ.
Тэгэхээр нь бадарчин “Гайтай хөл нь гадаа, гайгүй цээж нь дотор” гэж хэлчихээд босгон дээгүүр нь ойчоод өгчээ. Ингээд тэр айл арга буюу бадарчинг гэртээ оруулж гэнэ.
Цааш нь...
Хэнгэрэг хэн хагалав?
Огноо at 14:47 UnknownУрьд нэг бадарчин дуганд маани хуралцах болж гэнэ. Бадарчин хэнгэрэгний ёроолд суун хэнгэрэг цохиж их л идэвхтэй оролцож байтал боов, цав, манж зэргийг хуврагийн ёсоор хүртэх болсонд хажууд байсан банди нь бадарчингийн боовыг булаагаад идчихэж гэнэ. Тэгэхлээр нь бадарчин тэр бандийн хэнгэргийг хага цохиж орхив. Банди бадарчингаас “Хэнгэрэг хагалагчийн нэр хэн билээ?” гэсэнд бадарчин “Миний нэрийг Би ноднин” гэж хэлээд хурлаа орхин гараад явж гэнэ. Хэнгэрэг дуугарахаа больсныг гэсгүй лам нь мэдээд өнөөх бандиас
“Хэнгэрэг хэн хагалав?” гэж асуусанд өнөөх банди
“Би ноднин хагалсан юм” гэсэнд “Саяхан дуугарч байсан хэнгэргийг хагалж орхиод бас ноднин хагалсан гэнээ хөө!” гээд гэсгүй лам өнөөх бандийг загнаж гэнэ.
Цааш нь...
Санамсаргүй тохиолдсон ан
Огноо at 14:45 UnknownМанайх уржнан жил удаан Шандын говьд байхдаа нэг өдөр зусланд гарч буув. Тэр өдөр халуун байсныг яана гээ. Хаяагаа шуугаад гэртээ хэвтэж байтал тэртээ дэнж дээгүүр хэдэн тарган ооно гараад ирж явааг харав. Би хэзээний цуутай анчин хойно доо яаж түүнийг зүгээр өнгөрөөх вэ. Тэр даруй буугаа шүүрч аваад цэнэглэх гэтэл гол төмөр нь цан хүүрэг болоод таг битүү болчихсон байхаар нь арай хийж галд ээж арилгаад хот цэнэгээ аваад үзтэл нэг ч ширхэг тугалган сум байсангүй учир ... сандрахдаа тэмээний хөлдүү хорголоор буугаа цэнэглээд хөл нүцгэлэн ногоон зүлгэн дээгүүр мярааж гарав. Өнөөх оонууд маань гүвээний цаана цасны барааныг дагаад ногоон таанын толгой шүүрээд зогсож байх нь тэр дээ. Надтай ингэж тохиолдсон хойно тэр муу ооно яаж амьд гарах аж даа. Би тэр дор нь л буудаад унагаж орхив. Тэгээд би нэг гаанс тамхи татаад амсхийсний дараа өнөөх ооноо төхөөрөхөөр очсон чинь харин тэс хөлдчихсөн байлаа. Арай чамай арьс мах хоёры нь салгаж аваад ирсэн чинь хаврын өдрийн уртыг хэлэх үү, тарган ооны хуршсан махыг хэлэх үү! Манайхан ч тогоо тогоогоор нь чанаж эхлэв.
Мөн ч сайхан байж билээ” гэхэд Дархан ноёнтон бурхандаа мөргөн залбираад “Далан худалч минь ээ! Ийм анчин байвал ч сүйд болно доо, хөлдүү хорголоор халуун зун ооно ална гэнээ! Чи бид хоёр ч таарч дээ” гэв.
“Ноётон минь ээ! Та юу гэж бодноо, хашир анчин гэдэг чинь зун нь бэлтгээд намар нь агнаад өвөл нь хөлдөөгөөд хавар нь ангийнхаа үүцийг ханзлаж идэхэд хаан гуай ч хүртэл хамар амаа олохгүй иднэ шүү дээ” гэхэд Дархан хаан ийн өгүүлрүүн:
“Ээ дээ Далан худалч минь хэлээд яахав. Ганц тарган оонын мах жамирах сан даа!” гэж амаа бариад “Цааш нь ярь” гэв.
Цааш нь...
Бэлэн сэнгэ хууртсан нь
Огноо 2010-04-20 at 14:55 UnknownБэлэн Сэнгэ явж байтал нэг эхнэр дайралдаад Бэлэн Сэнгэд ингэж хэлсэн байна:
“Энэ дээр нэг худагт би толгойн зүүлтээ унагачихлаа. Чи надад түүнийг гаргаад өгнө үү” гэж гуйжээ. Бэлэн Сэнгэ тэр эхнэрийг дагаад худаг дээр очжээ. Тэр эхнэр арга хийж худгийн дээр зүүлтээ бариад усанд гэрэлтүүлжээ. Тэгээд Бэлэн Сэнгэд хэлсэн нь: Чи үзэж байна уу? Зүүлт минь худгийн усан дотор харагдаж байна” гэжээ. Бэлэн Сэнгэ харвал үнэхээр усан дотор харагдаж байжээ. ...Бэлэн Сэнгэ хувцсаа тайчин худгийн аман дээр тавиад худагт оржээ. Орохдоо “Чиний нэр хэн гэдэг вэ?” гэж тэр эхнэрийн нэрийг асуужээ. Тэр эхнэр “Миний нэр Үүний гэдэг” гэжээ. Нэрий нь сонсоод худагт орж зүүлтийг эржээ. Энэ хооронд нь тэр эхнэр Бэлэн Сэнгийн хувцсыг аваад явчихжээ. Бэлэн Сэнгэ усан дотроос зүүлтийг олохыг болиод худгаас гараад ирвэл тэр эхнэр ч байдаггүй гэнэ. Хавь ойр эрээд эрээд олсонгүй, нүцгэн явж хүнээс “Үүнийг үзэв үү?” гэж асуухаар нь хүн бүр “Түүний чинь хэн үзээгүй юм бэ?” гэж Бэлэн Сэнгийг зодоод байжээ. Тэгээд Бэлэн Сэнгэ хүний дэргэд асуух аргагүй, тэр эхнэрийг олох аргагүй болж арга ядаад гэртээ харьжээ.
Цааш нь...
Гутлын зодоон
Огноо at 14:55 UnknownТэгээд би тэр өдөртөө ан хийж явсаар орой бүрэнхий болж од түгсэн хойно гэртээ ирээд өлссөнийг хэлэх үү, хотгор бор ирэгнийхээ хоёр далыг өвчүүтэй чанаж идээж унтлаа. Гэтэл шөнө дундын үед манай гэрт пэд пад, пас няс болоод зодоон гарч эхлэв шүү! “Согтуу хүн ирээд агсам тавьж байна уу, юу болов?” гээд босоод харсан чинь миний хоёр гутал зодолдож байв. “Яагаад энэ хоёр зодолддог билээ?” гэж ажиглавал...
“Чи бид хоёр адилхан л өдрийн турш шалбааг шавар гатчин газар алгадсаар явж ирэхэд цаадах чинь чамд яагаад тос түрхээд намайг яагаад тоостой нь орхидог юм бэ? Чи муу бялдууч,” гээд л тас няс бололцон нүдэлдэж байсан юмсанжээ. Нээрээ тэгээд бодтол би нэг гуталдаа гарынхаа тосыг түрхээд нөгөөг нь хоосон орхисон нь үнэн байв.
Тэгэхлээр нь би нөгөө гомдолтойд нь тос түрхээд хойш нь тавьсан чинь сая чимээ аниргүй болоод амар сайхан унтаж билээ” гэхэд Дархан хаан “Ха ха ха! Хачин юм болох нь ээ хөө! Чиний муу хөмөн гутал хөөрцөглөдөг болох нь ээ” гэв.
“Дархан ноёнтон минь ээ! “Яльгүй зусар баяжихад саад” гэдэг үг бий шүү дээ. Та ч хүртэл сая адуучин, хоньчин хоёроо орж ирэхэд адуучиндаа архи хийж өгөөд хоньчноо хоосон гаргасныг харвал миний муу хөмөн гутал тостой тосгүйдээ гомдолцох нь бага хэрэг. Харин тэр гомдсон хоньчин чинь хүний хүү болсон хойно таныг бялдууч гэлгүй дээ” гэхэд
“Уухай хөө! Би бялдууч болж байна уу? За цааш нь ярь” гэлээ.
Цааш нь...
Амбан ноёныг алгадсан нь
Огноо 2010-04-13 at 09:48 UnknownЭрт урьд нэгэн цагт юмсан
Хулгана жилийн намрын эхэн
Сарын шинийн гурваныг
Хутагт лам ширээнд суусан
Хувьтай сайн өдөр гэж
Хурсан буяны дээж гэж
Хураасан малын хишиг гэж ...
Хүрээний амбанд айлтгал гэж
Есөн цагаан бэлэг хүргэхээр
Дайчин бээсийн хошуунаас
Далан тэмээ ачаатай
Даа хүрээний амбаныд
Далан худалч би хүрч ирсэн юм
Ачаа хөсгөө буулгаж
Амбан ноёнд хишиг хүртээж
Агт морь, атан тэмээ
Ам цагаан хонь, алт мөнгө
Амттан идээ, архи дарс
Аль байдаг есөн цагаанаа бариад
Алба багасгаж элч цөөтгөхийг гуйж
Айлчин гийчний ёсоор бууж билээ
Амбан ноёнд хүн гэгдэж
Албан ёсонд зочин гэгдэж
Архи дарс амттан идээгээр дайлуулж
Аятайхан тав хонолоо
Бид ч явах боллоо
Амбан ч царайгаа хувилгав бололтой
“Бэлгийн хариуг дараа өгнө
Бичиг захиаг хошуу ноёнд чинь хүргэнэ” гэж хэлээд
Биднийг хоосон гаргалаа
“Бэлэг хүргээд хоосон буцах муу ёр” гэж
Манай нөхөд дургүйлхэв
“За тэгвэл есөн цагааныхаа хариуд
Амбан ноёныг нэг алгадвал яана!” гэж
Би тэдэнд хэллээ
“Хэрэв амбан ноёыг алгадвал
Чиний бөндгөр чинь амбан ноёны
Үүдэн дээр үүрд өлгөөстэй байх болно”
Гэж манайхан ам алдав
“За тэгвэл Далан худалч дийлэх нь үү
Даа лам хүрээний амбан дийлэх нь үү
Үзнэ дээ” гэж ам өчиг тавив
Маргааш өглөө нь би маш эрт босч
Амбан ноёны үүдэн дээр сахин
Сууж байтал амбан ч гараад ирлээ
Би ч тасхийлгээд авлаа
Амбан ноён ч газар үхэтхийн унав
Албат нар ч бужигналдаж эхлэв
Элээ яалаа! Халаг хоохой! Энэ тэр болцгоов
Амбан ноён арай хийж өндийлгөөд
“Ай чи яаж байна?” гэж асуув
Тэгэхлээр нь би ийн хэлрүүн:
“Өршөөгөөрэй эзэн тэнгэр минь
Би гэдэг хүн архаг өвчнөөр
Арван жил өвдөөд эм дом
Эмч сувилагч элдэв дээдээр
Аргалаад эдгэсэнгүй болохоор нь
Эрхэм мэргэдээс асуувал
Тэнгэр алгадвал чиний энэ өвчин
Эдгэнэ гэж хэлсэн юмаа
Гэтэл над шиг
Муу заяат, мухар толгойт
Усан нүдэт, цусан зүрхтэд
Тэнгэр яахан олдох билээ
Арга буюу таныг манжийн хаан
Эзэн тэнгэрийн хүү тэнгэрлэг
Язгуур их тэнгэр хэмээн
Алдаршсан болохоор таныг л
Алгадахаас өөр аргагүй боллоо
Уучилж хайрлана уу!” гэхэд
Манжийн амбан ийн хэлрүүн
“Чамдаа ч би тэнгэр нь тэнгэрээ
Өвчин чинь эдгэрэх болтугай
Өш хонзон байхгүй болохоор
Хамаагүй ээ! Явбаа!” гэж хэллээ
“Эзэн тэнгэр минь ингэж намайг
Баярлуулах гэж дээ, одоо та бид
Хоёр өглөг авлага, өш хонзон байхгүй
Болохоор та ч морилж үз
Би ч явъя даа” гээд гарч одлоо
Тэгээд намайг хүрээ амбанд хүргэсэн
Есөн цагаан бэлгийнхээ хариуд
Амбан ноёныг алгадсан тухай манай
Нутгийнхан сонсоод “Чиний алга
Есөн цагаанаас үнэтэй болжээ” гэж үнэлсэн юм.
Ингэж би амбан ноёнд алга буулгаж
Явсан толгой доо! Ха, ха, ха.
Цааш нь...
Манай ноён толгойтой юу?
Огноо 2010-04-12 at 11:28 UnknownЭрт урьд цагт ууртай догшноороо олон түмэнд гайхагдсан нэг ноён байжээ. Тэр ноёнтон гуай гартаа дандаа ташуур барьж ойртсон бүхнийг шавхуурдаж харсан бүхнээ загнадаг учраас түүний өмнөөс нь эгц хардаг хүн нэг ч байдаггүй юм байжээ. Нэг өдөр их ноёнтон ав гөрөөнд явахаар болж буу зэвсэг нум сум, занга саадаг, хавх хөвч бүгдийг төхөөрүүлээд хоёр зарцаа дагуулаад сүртэй гэгч нь гарч өгчээ. Хоёр зарц нь ноёноо жуузанд суулгаад их л хүндлэн авч явахдаа “Ноёнд ямар нэг эвгүй зүйл хийж тархиа хага цохиулчихгүй юмсан” гэж их л айж явж гэнэ. ...
Тэгтэл ноёнтон гуай нь,
- Намайг бушуу газар буулга хөө, ам цангаад хатаж үхэх нь. Би цай ууж амарна гээд л зандарч гэнэ. Хоёр зарц нь сандарсаар ноёноо газар буулгаад гацуур модны ёроолд ширдэг дэвсээд домботой цайгаа гарган аягалж эхэлтэл,
- Би ноён хүн болохоор та нартай адилхан газар сууж үзээгүй юм хөө! Намайг бушуухан өндөр юман дээр суулга! гээд л зандарч гэнэ. Хоёр зарц нь сандрахдаа яах учраа олохгүй гайхаж байтал өнөөх нь,
- Бушуул! Бушуул! Модны ёроолд би халууцаад байна. Дээр сууж сэрүүцье гээд л ташуураа далайж гэнэ. Тэгэхээр нь хоёр зарц нь ийн өгүүлрүүн,
- Эрхэм ноёнтон гуай та энэ гацуур модны орой дээр суувал болохсон болов уу? гэж асуухад,
- Тэг! Тэг! Бушуу! Бушуу! гээд л бас ташуураа далайж гэнэ. Тэгэхлээр нь хоёр зарц нь гацуур модны үзүүрийг олсоор бугуйлдан бөхийлгөж авчраад ноёныхоо хүзүүгээр оосорлон уяад буцааж тавьтал ноён нь тэртээ цаана нь пидхийтэл газар уначихаж гэнэ.
- Ноён маань бас яагаад буугаад ирэв дээ? Бас л нэг юм нь таарсангүй байж дээ гэж бодоод хоёр зарц нь айсаар дэргэд нь очоод,
- Ноёнтон гуай, цайгаа зооглох уу? гэсэн чинь өнөөх нь таг дуугуй байж гэнэ. “Ноёнтон маань яагаад ийм номхон болчихвоо?” гээд царай руу нь харах гэтэл ноёны толгой аль хэдий нь алга болсон байж гэнэ. “Манай ноёны толгой хайчдаг юм бэ?” гээд хоёр зарц нь гайхаж ядаад нэг нь нөгөөгөөсөө,
- Манай ноён ер нь толгойтой байлуу? гэхэд нөгөөх нь,
- Ууц таллаад л умар умар гэж байхад нь би нэг удаа өмнөөс нь харсан юм. Тэгэхэд улаан нүүр малис гэж байсан даг. Чухам ямаршуу толгойтой байсныг нь бүү мэд! гэж гэнэ. Нөгөөх зарц нь болохоор,
- Харин бүү мэдээ! Би бас санахгүй байна. Будаа идээд л бувар бувар гэж байхад буурал сахал нь бавас бавас гэж байхыг нэг удаа харсан юм. Чухам ямар янзын толгойтой байсныг огт мэдэхгүй юм. дархан хиагаас нь асууя гэж шийдээд хиа дээр нь очиж,
- Манай ноёны толгой алга болчихжээ. Эрээд эрээд олдохгүй юм, чухам ямаршуу толгойтой байлаа? гэж асуухад хиа нар нь хэлэхдээ,
- Банздаад бай! Банздаад бай! гээд л бавтнаж байхдаа л барвайсан хар юм нь онгойж байсан шиг санах юм. Урдаас нь эгц харж байгаагүй болохоор бас сайн мэдэхгүй юм. Харин хатнаас нь асуувал мэдэх байх гэж гэнэ. Хатнаас нь очиж асуусанд хатан нь,
- Харин юу билээ дээ, “Үнсье хөө” гээд үстэй хошуу цорвойж байсан шиг санах юм. Чухам ямар шүү толгойтой байсныг мэдэхгүй юм гэж гэнэ.
Тэгээд цөмөөрөө ярилцаад “Ноён маань эрхбиш толгойтой байх ёстой” гэж шийдээд нөгөө хоёр зарц нь тэр газраа очоод ноёныхоо толгойг эртэл хажуудах модны нь ёроолд халиун буурал толгой нь хэвтэж байж гэнэ. Харин тэгээд ноёны толгой алга болсноос хойш айх сандрах юмгүй болж арайхийж нэг ухаан орцгоосон гэнэ билээ.
Цааш нь...
Хошуу ноёноо мэхлэсэн нь
Огноо 2010-04-08 at 11:48 UnknownБаадай нэгэнт нутгаасаа оргон гарч яваа болохоор хошуу ноён нь замд тохиолдвол тун базаахгүй хэрэг болох нь илт байв. Гэтэл Баадайн явах замын өмнөөс хошууны ноён заларч айсуй гэнэ. Тэгэхэд нь Баадай эрүүндээ ямаан сахал хийж, уутан малгай өмсөн зүсээ буруулсаар:
“Олныг хэсч олгой дүүргэдэг
Түмнийг хэсч түнхэлзгээ дүүргэдэг
Баруун зуугийн бадарчин
Барга цахрын тэнүүлчин байна би!...
Толгойн чинээ тос ч яахав
Малгайн чинээ мах ч яахав
Алд дэлэм хос ч яахав
Ам байр даавуу ч яахав
Буянтан минь юм хайрлаарай!” хэмээн бархирсаар замын хажуугаар гарч явтал түүнийг ноён нь хараад таньсангүй. Харин “Хөөрхий энэ муу гуйлгачинд юм өгч тус болъё” гэж бодоод ноёнтон нь өврөө уудлан
“За чи намайг явсан газар бүхэндээ сайн хэлж яваарай!” гээд таван лангийн ембүү гарган өгч гэнэ. Тэгэхэд нь Баадай ийн хэлэв.
“Ноёныхоо нэрийг ном болтол уншаад
Нохойн толгойг ноос болтол саваад
Саарийн замыг тоос гартал жирийлгээд
Сармай дээлийг самбай болтол хэснэ дээ!” гэсэнд ноёнтон ихэд сайшаан талархах сэтгэл төрөн “Уухай хөө сайн байна. Миний нэрийг ном болтол уншаад газрын мухар хүртэл яваарай” гэсэнд Баадай ембүүг авч адислан мөргөөд цааш замаар орон явахдаа
“Ембүү өгсөн ноёнтон минь
Тампуу болтол таргалаг
Мөнгө өгсөн ноёнтон минь
Мөгөөрс болтлоо наслаг” гэж ерөөвөөс хошууны ноён нь “Энэ бадарчин намайг сайхнаар магтаж байна” хэмээн баярлаж цааш явж гэнэ.
Цааш нь...
Ууц хөндөх арга олсон нь
Огноо at 11:46 UnknownНэгэн бадарчин оройхон болсон хойно нэг айлд хүрч ирвэл тэр айл жасаагаа уншуулаад даллага авч их найр хийж байна гэнэ.
Бадарчин түүнийг үзээд “За даа! Хөгжилтэй сайхан найран дээр орж явчихдаг хэрэг” гээд үүргээ гадаа нь тавиад орох гэтэл:
“Замын муу бадарч байтугай залагдсанд нь зай алгаа” гэсэнд бадарчийн урам нь хугаран гэрийн хаяанд сууж “Найранд нь яаж орох вэ?” хэмээн бодож байтал нэг ямаа эврээрээ арагны оосор тээглүүлээд түүнээсээ болж туйлсанд тэр айлын хонь үргэн, зочдын морьд хулжин пижигнэсэнд бадарч сая аргыг нь олж гэрийн гаднаас:...
“Хүүе! Чоно! Чоно!” гэж хашгирсанд гэрийн дотор найрлаж байсан хүмүүс цөм сандран гарч хонь мал морь тэмээнийхээ хойноос гүйлдэж гэнэ.
Бадарч тэр хойгуур нь гэрт нь ороод хоймор нь сууж амжаад ламд тавьсан ууцы нь өмнөө тавиад идэж суутал хүмүүс орж ирээд “Бадарч гуай та хэзээ ирэв ээ? Гэсэнд:
“Чоно чөлөөнөөр, бадарч дүйвээнээр хоолоо олж иддэг хойно доо! Залагдсанд нь олддоггүй ууцыг замын бадарч хөндөж сууна” гэж гэнэ.
Цааш нь...