Хошуу ноёноо мэхлэсэн нь
Огноо 2010-04-08 at 11:48 UnknownБаадай нэгэнт нутгаасаа оргон гарч яваа болохоор хошуу ноён нь замд тохиолдвол тун базаахгүй хэрэг болох нь илт байв. Гэтэл Баадайн явах замын өмнөөс хошууны ноён заларч айсуй гэнэ. Тэгэхэд нь Баадай эрүүндээ ямаан сахал хийж, уутан малгай өмсөн зүсээ буруулсаар:
“Олныг хэсч олгой дүүргэдэг
Түмнийг хэсч түнхэлзгээ дүүргэдэг
Баруун зуугийн бадарчин
Барга цахрын тэнүүлчин байна би!...
Толгойн чинээ тос ч яахав
Малгайн чинээ мах ч яахав
Алд дэлэм хос ч яахав
Ам байр даавуу ч яахав
Буянтан минь юм хайрлаарай!” хэмээн бархирсаар замын хажуугаар гарч явтал түүнийг ноён нь хараад таньсангүй. Харин “Хөөрхий энэ муу гуйлгачинд юм өгч тус болъё” гэж бодоод ноёнтон нь өврөө уудлан
“За чи намайг явсан газар бүхэндээ сайн хэлж яваарай!” гээд таван лангийн ембүү гарган өгч гэнэ. Тэгэхэд нь Баадай ийн хэлэв.
“Ноёныхоо нэрийг ном болтол уншаад
Нохойн толгойг ноос болтол саваад
Саарийн замыг тоос гартал жирийлгээд
Сармай дээлийг самбай болтол хэснэ дээ!” гэсэнд ноёнтон ихэд сайшаан талархах сэтгэл төрөн “Уухай хөө сайн байна. Миний нэрийг ном болтол уншаад газрын мухар хүртэл яваарай” гэсэнд Баадай ембүүг авч адислан мөргөөд цааш замаар орон явахдаа
“Ембүү өгсөн ноёнтон минь
Тампуу болтол таргалаг
Мөнгө өгсөн ноёнтон минь
Мөгөөрс болтлоо наслаг” гэж ерөөвөөс хошууны ноён нь “Энэ бадарчин намайг сайхнаар магтаж байна” хэмээн баярлаж цааш явж гэнэ.