Санамсаргүй тохиолдсон ан
Огноо 2010-04-23 at 14:45 UnknownМанайх уржнан жил удаан Шандын говьд байхдаа нэг өдөр зусланд гарч буув. Тэр өдөр халуун байсныг яана гээ. Хаяагаа шуугаад гэртээ хэвтэж байтал тэртээ дэнж дээгүүр хэдэн тарган ооно гараад ирж явааг харав. Би хэзээний цуутай анчин хойно доо яаж түүнийг зүгээр өнгөрөөх вэ. Тэр даруй буугаа шүүрч аваад цэнэглэх гэтэл гол төмөр нь цан хүүрэг болоод таг битүү болчихсон байхаар нь арай хийж галд ээж арилгаад хот цэнэгээ аваад үзтэл нэг ч ширхэг тугалган сум байсангүй учир ... сандрахдаа тэмээний хөлдүү хорголоор буугаа цэнэглээд хөл нүцгэлэн ногоон зүлгэн дээгүүр мярааж гарав. Өнөөх оонууд маань гүвээний цаана цасны барааныг дагаад ногоон таанын толгой шүүрээд зогсож байх нь тэр дээ. Надтай ингэж тохиолдсон хойно тэр муу ооно яаж амьд гарах аж даа. Би тэр дор нь л буудаад унагаж орхив. Тэгээд би нэг гаанс тамхи татаад амсхийсний дараа өнөөх ооноо төхөөрөхөөр очсон чинь харин тэс хөлдчихсөн байлаа. Арай чамай арьс мах хоёры нь салгаж аваад ирсэн чинь хаврын өдрийн уртыг хэлэх үү, тарган ооны хуршсан махыг хэлэх үү! Манайхан ч тогоо тогоогоор нь чанаж эхлэв.
Мөн ч сайхан байж билээ” гэхэд Дархан ноёнтон бурхандаа мөргөн залбираад “Далан худалч минь ээ! Ийм анчин байвал ч сүйд болно доо, хөлдүү хорголоор халуун зун ооно ална гэнээ! Чи бид хоёр ч таарч дээ” гэв.
“Ноётон минь ээ! Та юу гэж бодноо, хашир анчин гэдэг чинь зун нь бэлтгээд намар нь агнаад өвөл нь хөлдөөгөөд хавар нь ангийнхаа үүцийг ханзлаж идэхэд хаан гуай ч хүртэл хамар амаа олохгүй иднэ шүү дээ” гэхэд Дархан хаан ийн өгүүлрүүн:
“Ээ дээ Далан худалч минь хэлээд яахав. Ганц тарган оонын мах жамирах сан даа!” гэж амаа бариад “Цааш нь ярь” гэв.