Манай ноён толгойтой юу?
Огноо 2010-04-12 at 11:28 UnknownЭрт урьд цагт ууртай догшноороо олон түмэнд гайхагдсан нэг ноён байжээ. Тэр ноёнтон гуай гартаа дандаа ташуур барьж ойртсон бүхнийг шавхуурдаж харсан бүхнээ загнадаг учраас түүний өмнөөс нь эгц хардаг хүн нэг ч байдаггүй юм байжээ. Нэг өдөр их ноёнтон ав гөрөөнд явахаар болж буу зэвсэг нум сум, занга саадаг, хавх хөвч бүгдийг төхөөрүүлээд хоёр зарцаа дагуулаад сүртэй гэгч нь гарч өгчээ. Хоёр зарц нь ноёноо жуузанд суулгаад их л хүндлэн авч явахдаа “Ноёнд ямар нэг эвгүй зүйл хийж тархиа хага цохиулчихгүй юмсан” гэж их л айж явж гэнэ. ...
Тэгтэл ноёнтон гуай нь,
- Намайг бушуу газар буулга хөө, ам цангаад хатаж үхэх нь. Би цай ууж амарна гээд л зандарч гэнэ. Хоёр зарц нь сандарсаар ноёноо газар буулгаад гацуур модны ёроолд ширдэг дэвсээд домботой цайгаа гарган аягалж эхэлтэл,
- Би ноён хүн болохоор та нартай адилхан газар сууж үзээгүй юм хөө! Намайг бушуухан өндөр юман дээр суулга! гээд л зандарч гэнэ. Хоёр зарц нь сандрахдаа яах учраа олохгүй гайхаж байтал өнөөх нь,
- Бушуул! Бушуул! Модны ёроолд би халууцаад байна. Дээр сууж сэрүүцье гээд л ташуураа далайж гэнэ. Тэгэхээр нь хоёр зарц нь ийн өгүүлрүүн,
- Эрхэм ноёнтон гуай та энэ гацуур модны орой дээр суувал болохсон болов уу? гэж асуухад,
- Тэг! Тэг! Бушуу! Бушуу! гээд л бас ташуураа далайж гэнэ. Тэгэхлээр нь хоёр зарц нь гацуур модны үзүүрийг олсоор бугуйлдан бөхийлгөж авчраад ноёныхоо хүзүүгээр оосорлон уяад буцааж тавьтал ноён нь тэртээ цаана нь пидхийтэл газар уначихаж гэнэ.
- Ноён маань бас яагаад буугаад ирэв дээ? Бас л нэг юм нь таарсангүй байж дээ гэж бодоод хоёр зарц нь айсаар дэргэд нь очоод,
- Ноёнтон гуай, цайгаа зооглох уу? гэсэн чинь өнөөх нь таг дуугуй байж гэнэ. “Ноёнтон маань яагаад ийм номхон болчихвоо?” гээд царай руу нь харах гэтэл ноёны толгой аль хэдий нь алга болсон байж гэнэ. “Манай ноёны толгой хайчдаг юм бэ?” гээд хоёр зарц нь гайхаж ядаад нэг нь нөгөөгөөсөө,
- Манай ноён ер нь толгойтой байлуу? гэхэд нөгөөх нь,
- Ууц таллаад л умар умар гэж байхад нь би нэг удаа өмнөөс нь харсан юм. Тэгэхэд улаан нүүр малис гэж байсан даг. Чухам ямаршуу толгойтой байсныг нь бүү мэд! гэж гэнэ. Нөгөөх зарц нь болохоор,
- Харин бүү мэдээ! Би бас санахгүй байна. Будаа идээд л бувар бувар гэж байхад буурал сахал нь бавас бавас гэж байхыг нэг удаа харсан юм. Чухам ямар янзын толгойтой байсныг огт мэдэхгүй юм. дархан хиагаас нь асууя гэж шийдээд хиа дээр нь очиж,
- Манай ноёны толгой алга болчихжээ. Эрээд эрээд олдохгүй юм, чухам ямаршуу толгойтой байлаа? гэж асуухад хиа нар нь хэлэхдээ,
- Банздаад бай! Банздаад бай! гээд л бавтнаж байхдаа л барвайсан хар юм нь онгойж байсан шиг санах юм. Урдаас нь эгц харж байгаагүй болохоор бас сайн мэдэхгүй юм. Харин хатнаас нь асуувал мэдэх байх гэж гэнэ. Хатнаас нь очиж асуусанд хатан нь,
- Харин юу билээ дээ, “Үнсье хөө” гээд үстэй хошуу цорвойж байсан шиг санах юм. Чухам ямар шүү толгойтой байсныг мэдэхгүй юм гэж гэнэ.
Тэгээд цөмөөрөө ярилцаад “Ноён маань эрхбиш толгойтой байх ёстой” гэж шийдээд нөгөө хоёр зарц нь тэр газраа очоод ноёныхоо толгойг эртэл хажуудах модны нь ёроолд халиун буурал толгой нь хэвтэж байж гэнэ. Харин тэгээд ноёны толгой алга болсноос хойш айх сандрах юмгүй болж арайхийж нэг ухаан орцгоосон гэнэ билээ.