Амралт
Огноо 2010-06-22 at 12:58 UnknownЭрхэм уншигчид аа,
Зуны амралт эхэлсэн тул 8 дугаар сарын сүүлч хүртэл бичлэг нэмэх боломжгүй болж байгаадаа хүлцэл өчье.
Цааш нь...
Тарваганы ичээнд өвөлжив.
Огноо 2010-06-07 at 11:34 UnknownБи тэр жилийн нэгэн намар Тэргэл, Хорголын нуруунд гарч тэх, янгир, тэмээн гөрөөс хүртэл агнаад “Тарвага ичээнд орохоос өмнө бас нэг хэдийг агная” гээд ууланд гарч ирээд өдий төдий тарвага агнаад буцах болж байлаа. Унаж, ачиж явсан морь тэмээндээ олсон ангаа ачаад гэрийн зүг явахаар чөдөртэй морио эрээд гарлаа. Тэгтэл морь маань олдсонгүй.
Би эзгүй хээр хоол унд ч үгүй бүтэн хоног яваад хөл чилж ядарсан учраас цаашаа явах аргагүй болоод байтал гүвээний цаана гүп гап, гүп гап гэх чимээ гарав. “Аз болоход айлын бараа харах нь байна. ... Баян айл эсгийгээ хийхээр ноосоо саваадаж байхад нь буучих нь байна. Очиж аяга цай олж ууя” гээд гүвээгээр давж очтол юуны нь баян айл байхав. Харин олон тарвага ноохойгоо саваадаж байхад нь таарчихав. Тэд нар намайг хармагцаа
“Ээ ашгүй Сэнгээ гуай ирлээ” гээд л баярлацгааж надад уурга шиг урт цагаан саваа бариулаад орхив. Би угаасаа ноос саваадахдаа гарамгай хойно доо хэдхэн цохиод л хөвсийлгөж орхив.
Тарваганууд надад домбо домбо цай, гүзээ гүзээ тос авчирч барив. Би ядарч явсныг хэлэх үү, цай ууж хөлс гоожоод ядаргаа гарахын хамт л хангинатал эвшээгээд нойр хүрч эхлэв. Тэгээд ядарсандаа болоод би тэндээ нам унтчихсан юм байжээ. Тарваганууд намайг ичээндээ оруулаад хучиж орхисон байв. Би ч дулаахан хучлаган дотор унтаад л байлаа, унтаад л байлаа. Нэг мэдэхэд тарваганууд намайг зүг зүгээс чангаан
“Сэнгээ гуай! Сэнгээ гуай, босох боллоо! Босох боллоо!” гээд дуудах шиг болов. “Юу билээ?” гээд босоод гарсан чинь хавар болж ногоо соёолж байхыг харав. “Яагаад энэ билээ?” гээд бодтол би тарваганы ичээнд өвөлжөөд хавар болоход сая босч байснаа мэдэв. Харин ч нэг сайхан унтаж өвөлжсөн билээ” гэхэд Дархан хаан эвшээлгэн “Тарвага та хоёрын унтахыг бодохоос нойр хүрч байна хөө, Далан худалч минь хагасыг нь маргааш ярь” гээд орондоо орж нойрсов. Би ч амар сайхандаа жаргаж хонов.
Цааш нь...
Тогоо яаж жалавчийг төрүүлсэн бэ?
Огноо at 11:33 UnknownБэлэн Сэнгэ нэг харамч баян айлаас том тогоог нь гуйж аваад махаа чанаж дуусаагүй байтал харамч баян тогоогоо авчруулахаар зарцаа явуулжээ.
Бэлэн Сэнгэ “Баяны хонин тогоо манайд ирээд жалавч төрүүлж гаргалаа” гэж хэлээд тогоогий нь өөрийнхөө жалавчтай өгч явуулжээ. Шунаг харамч баян жалавчийг дуугүй л авчээ.
Дараа нь бас нэг өдөр Бэлэн Сэнгэ харамч баянаас том тогоогий нь гуйж аваад эргүүлж өгөлгүй нүүгээд явжээ. Гэтэл харамч баян хойноос нь хөөж ирээд тогоогоо нэхэхэд нь ...
“Танай тогоо манайд ирээд нас барсан” гэж Бэлэн Сэнгэ хэлжээ. Тэгэхлээр нь харамч баян уурлаж “Тогоо нас барна гэдэг юу гэсэн үг вэ?” гэхэд
“Төрсөн тогоо үхэж болно шүү дээ” гэж Бэлэн Сэнгэ хэлээд харамч баяныг хэлэх үгүй болгожээ.
Цааш нь...
Тарган ооно алав.
Огноо 2010-06-03 at 16:38 UnknownБи урьд нэг намар говь нутагт ан гөрөө хийж явлаа. Тэгээд талд явж байсан чинь олон тарган ооно таарлаа шүү. Хөөрхий би ч яахав дээ! Сэмээрхэн гэгч нь мярайж очоод буудаад л тавьчихлаа. Ооно ч унаж л харагдана. Би ер нь буудчихаад нэг их яарч гүйж энэ тэр гэдэггүй юм л даа. Тэгээд аажуухан алхаад очтол өнөө ооно чинь гэнэт босоод л давхих нь тэр, яахав дэмий нэг шийрдэж аваад л алдлаа. Гайхаад унасан газрыг нь харсан нэг бөөн хар юм хэвтэнэ шүү. “Юу байдаг билээ?” гээд үзтэл өнөөх чинь гэдсээ хаячихаад давхиад явчихсан байхгүй юу, тэгээд л яахав дээ нэг сайхан тарган гэдэстэй болоод гэртээ харилаа. ...
Хойт жил нь өнөөх газраараа бас гөрөөлж явсан хөөрхий олон зээрний дунд нэг зэгзгэр сайхан шаргал ооно явж байна шүү. Баярласан ч гэж яриад яахав, буун харайгаад л бушуухан гээч нь салхий нь дэрлэж очоод буудаад л тавьчихлаа. Ооно ч үсрээд л явчихлаа. Алхаж очоод өнөөхийгөө үзсэн чинь тарган гэдэг нь жигтэйхэн. Тэгээд хэвлийгий нь яраад орхисон чинь гэдэсгүй юм. “Яасан хачин хэрэг билээ?” гээд үзсэн чинь улаан хоолой хошного хоёр нь зөрөөд эдгэсэн байхгүй юу.
“Яагаад энэ билээ?” гээд бодсон чинь өнөө миний ноднингийн буудсан ооно яг мөөн. Тэгж би нэг тарган ооно унагаж пологтох шахаж билээ.
“Гэдэсгүй ооно чинь гэдэстэйгээсээ илүү таргалдаг юм байдаг шүү” гээд ярьж суутал эхнэр нь гаднаас орж иржээ. Тэр хүний эхнэр нөхрөө “Худал хэлдэг” гэж зэмлэх тул эхнэрээсээ эмээдэг байжээ. Тэгээд эхнэрээ ороод ирэхээр цааш худал ярих аргагүй болохдоо хүний араар орчихоод “Сарьсан хамар дээрээ гурван хуруу өөхтэй байсан шүү” гээд мөрөн дээгүүр нь гурван хуруугаа гозойлгож байсан гэнэ.
Цааш нь...
Өлссөн чонотой тохиолдсон нь
Огноо at 16:37 UnknownБи өнгөрсөн намар хонь хариулж явахдаа хонь чоно хоёрыг хоёуланг айхтар сайн хариулдаг байлаа. Намайг угаасаа хашир хоньчин гэдгийг чоно гуай мэдээд “Яасан ч үүний хониноос авч чадахгүй, хоосон горьдсонд орвол Далан худалчаас үнэнээ хэлээд гуйя” гэж шийдсэн бололтой.
Тэр нэг гуриатсан чоно над дээр шулуухан хүрч ирээд ийн өгүүлрүүн:
“Далан худалч гуай минь ээ! Би гэдэг амьтан тун тэсэхээ байлаа. Та над өршөөж нэг хонь хайрлаач ээ!” гэж гуйлаа. ...
Би буугүй явсандаа ширүүлж чадсангүй арга ядахдаа ийн өгүүлэв:
“Хэрэв чи надад зуун удаа ташуурдуулбал нэг хонь өгч болно” гэлээ. Тэгтэл өнөөх чоно маань “Хонь л олдвол зуу ташуурдуулах ч яахав” гэж ам гарав. Тэгэхлээр нь тэр чоныг модноос хүлж байгаад сүүлнээс нь бариад л ташуурдаж гарлаа. Би хорсохдоо түүнийг тоогүй олон ташуурдсан байлгүй яахав, нэг мэдэхэд өнөөх чононы маань нүцгэн бие нь арьснаасаа мулт үсрээд л гаслан гангинасаар жилийж одов.
Би завшаанд нь сайхан арьстай болж үлдлээ. Удсангүй өнөөх арьсгүй чоно маань дахин хүрч ирээд л
“Далан худалч дархан Сэнгээ минь ээ! Өчүүхэн намайг өршөөж хайрла! Би чинь сүйд боллоо, надад арьсыг минь өгч үз” гэж гуйв.
“За тэгвэл чи надад махнаас бүрмөсөн гарна гэж андгайл! Тэгвэл нэг хонь өгье” гэж хэлэхэд өнөөх чоно “Махнаас гарч үхсэнээс арьсгүй явж үхсэн нь дээр гэсэн юм даа” гэхэд Дархан хаан
“Хөөрхий буян болог! Тэр муу чоныг тэгж зовоогоод яахав, арьсыг нь өгчих байж дээ!” гэв.
“Тэгвэл ноёнтон та над хэргэм тушаалаа өгчих л дөө! Танд буян болог!” гэв.
“Юу гэнээ хөө! Тэнгэрийн зарлигаар заяасан төрийн хэргэмийг чамд бас өгөх үү? Задарсан муу нохой даварч байна шүү” гэж зандрав.
“Тэгвэл тэр чоно арьстай ч тэр, арьсгүй ч тэр заяасан юм гээд л хонийг минь идсээр байх болно шүү дээ!” гэхэд Дархан хаан
“Заяа заяагаараа болог, цааш нь ярь” гэв.
Цааш нь...
Ташуур аянга болов.
Огноо 2010-05-27 at 17:17 UnknownБи урьд залуу байхдаа
Хүй мандал, хүрээ босгын хооронд
Өртөө хийж улаа залгуулж
Өглөө үзэш өөд уруугүй давхиж явахдаа
Тээгэн чинээ даага унаж
Тэвхэн чинээ шүдлэн зайдлаж
Гүйхээр нь тавьж
Гүзээгээр нь ороолгож
Харайхаар нь тавьж
Хавиргаар нь давирч
Буухиа даган бүрхийлгэж ...
Элч даган эрэвхийлгэж
Элдвийн юмыг үзэж явлаа.
Нэгэн өдөр манай өртөөнд
Ууртай гэдэг нь могой шиг
Уухилаа гэдэг нь бух шиг
Ширүүн гэдэг нь шуурга шиг
Сүрхий нэг ноёнтон гуай хүрч ирээд
“За би тэнгэр угсаат ноён хүн болохоор
Зааны махнаас өөрийг иддэггүй
Жороо моринооос өөрийг унадаггүй хүн” гэж залж гарлаа.
За тэгээд далан худалч нь заавал ганц морио түүнд унуулах боллоо.
Би ч улаа нэхэж гарлаа
Жороо борыг минь уначихаад ноёнтон гуай
Жолоо хумхилгүй жийж гарлаа
Зуузай холбоод л би ч давирч гарлаа
Тэгтэл ноёнтон гуай маань
Тэс хөндлөн зөрж зогсоод
“Тэнгэр язгуурт, ариун угсаат хүнтэй
Тэнэг муу зарц зэрэгцэж явах ёс байна уу хөө!
Хойноос дагаад яв” гэж хэлээд
Намайг тас хийтэл ороолгоод авлаа.
“Яасан догшин эд вэ энэ чинь
Далан худалч чамаас хариугаа авдаггүй бол
Юуны хүү болох бол доо!” гэж бодоод хойноос нь дагаад явж байтал гэнэт тэнгэр бүрхээд цахилгаан цахилаад сүйд болж эхлэв. Би ч бэлэн болчихоод л ноёны араас дагаад байлаа. Тэгтэл тэнгэр тасхийгээд ойрхон шиг цахилгаан манасхийв. Би ч ноёны далан дээгүүр ташуураар тас хийлээд авлаа.
Ноёнтон гуай ойччихлоо! Би ч бас тэнд нь буулаа. Тэнгэр цэлмэж бороо арилахад ноёнтон гуай сэхээ орж босоод ийн өгүүлрүүн:
“Тэнгэр язгуурт хүн гэсэндээ би золтой л ниргүүлсэнгүй өнгөрлөө. Тэнэг муу харц чи ч үхээ биз?” гэж асуухад нь
“Эзэн ноёнтон минь, энэ тэнгэр чинь эрээн барааныг ялгадаггүй тэнгэр байна даа! Тасхийхэд нь тархин дундуур гал манас хийх шиг болсон шүү” гэхэд
“Хэлээд яахав. Чойжин сахиус минь!” гэв.
“Ташуур ч хүртэл аянга болж мэдэх нь байна, ноёнтон минь” гэхэд
“Ташуур аянганы дэргэд юу ч биш” гэж хэллээ. Ийнхүү ташуураар аянга буулгаад морио амрааж амьсгаа дарснаас хойш омогтой ноёны омог дарагдаж олгойдсон хөлс нь сая нэг хатсан юмаа.
Цааш нь...
Өвлийн хөхөө
Огноо at 17:16 UnknownНоднин зун би хотынхоо цасыг арилгаад зогсож байтал хашааны орой дээр нэг хөхөө ирж суугаад хүнгэнэтэл донгодож эхэлдэг байна шүү хөө! Тэгэхлээр нь өнөөхийг чинь үхрийн хөлдүү баасаар цохиод орхисон чинь хашааны ёроолд ургасан халгай дунд ойччихвоо” гэхэд Дархан хаан “Далан худалч минь ээ! Наадах чинь өвөл зун хоёр нь хутгалдаад өөдөө уруугаа нь мэдэгдэхээ байлаа” гэв. ...
“Дархан хаан ноёнтон минь ээ! Би таныг төрийн түшмэл гэж боддог байсан юм. Гэтэл лам дээл өмсөөд маанийн эрих зүүснийг үзвэл гэвш лам ч баймаар, отго жинсээ зүүсний нь харвал ноёнтон ч баймаар болоод шашин төр хоёр хутгалдаж үнэн худал хоёр холилдсон болохоор өвөл зун хоёр хутгалдах нь энүүхэнд шүү дээ” гэж хэлэхэд
“Уухай хөө! Чи яасан цэцэн юм бэ хөө! Цааш нь ярь” гэж тушаав.
Цааш нь...
Нэг сумаар хоёр туулай агнав.
Огноо at 17:15 UnknownБи тэндээсээ буцаад л явж байтал замын хажуугаас хоёр бор халзан туулай гараад л нэг нь баруун тийшээ, нөгөө нь зүүн тийшээ бүрхийв. Буугаа шүүрэн аваад үзтэл цорын гац сум үлдсэн байлаа. Тэгэхлээр нь гайхахдаа ганц сумаараа тэг дундуур нь буудаад орхисон чинь хоёр туулай хоёулаа дороо нам унав. “Энэ хоёр туулай яагаад хоёулаа ганц суманд оногдов?” гэдгийг очиж шинжлэн үзтэл тэр хоёр туулай суманд оногдсон биш харин миний буун дуунаас айхдаа хоёулаа зүрх нь хагарч үхсэн байлаа” гэхэд Дархан хаан ...
“Гийгүүлж дээ, чиний тэнэг сум л тэг дундуур нь буудахад л хоёр туулай намнана байх даа” гэв.
“Дархан ноёнтон минь ээ! Нэг сумаар хоёрыг буудах зөндөө шүү дээ! Та ч хүртэл тавгийн идээ байгаа дээр нь гээд л далан насныхаа ойг, даллагатайгаа хамтруулаад нэг төхөөргөөр хоёуланг буудсан байхад над шиг анчин хүн нэг сумаар хоёрыг буудах ч зөндөө шүү дээ” гэв.
“За, за! Тийм ч байг , үгүй ч байг, цааш нь ярь” гэв.
Цааш нь...
Нэг сумаар долоон зээр нэг үнэг
Огноо 2010-05-26 at 14:15 UnknownБи Шувуутын хийдээс гараад дөмөн цоохор мориороо дөргүүлэн хатируулаад Шумуултын даваагаар даваад Шургатын хөндийд ортол доохон талаас минь долоон зээр босоод давхив. Би хэзээний мэргэн бууч гэж гайхагдсан хүн хойно доо гунан буугаа гучин цэнгийн дариар цэнэглээд овоо хараагаа онилтол оонын хүзүү ч ороод ирлээ, оготор гохыг нь дараад орхив. Хамгийн сүүлд явсан хар сүүлтийн ооно ч унаад орхив. Харин тэгсэн чинь миний сум цаашаа цойлоод л жун пад, жун пад гээд л долоо дахин дуугарав. ...
“Одоо юу болж вэ?” гээд харсан чинь бас л болоогүй бололтой цаашаа жун пад гээд л гүвээн дээгүүр давж одоод гүвээний цаана гүп гээд л буух нь сонсдов. Баярласаар л гүйгээд очсон чинь миний сум долоон зээрний тус бүрийн бөгсөөр нь ороод хоолойгоор нь гарч цөмийг унагаад гүвээний цаана хэвтэж байсан хөвсгөр улаан үнэгний хавиргаар нь хаваад хартиар нь ороод сарьсан борвийг нь сэт цохиод сайран хоншоорыг нь салам цохиод алчихсан байлаа.
“Миний сум яагаад энэ үнэгийг ийм олон газраар нь шархтуулав?” гээд ажиглатал өнөөх үнэг маань хошуугаа цавиндаа хийгээд цагираг болон хэвтэж байсан учир ийм болж гэдгийг мэдээд “Үүнээс хойш хэвтэж байгаа үнэгийг буудах хэрэггүй юм байна” гэж нотлов.
Би нэг сумаар долоон зээр байтугай долоон чоно гурван гур агнаж байсан удаа ч олон болохоор юугий нь гайхах вэ дээ. Намайг ангаа аваад гэртээ ирэхэд манай айлын мангар Цэдэн, хойт айлын хоолой Сүндэв, саахалтын айлын Самбалхүндэв, мээрэн Дондог, Мижид бээс хүртэл хувааж идээд худал үнэнийг нотлож байсан удаатай.
Цааш нь...
Лусын хааны найр дээр өнгөрүүлсэн нэг өдөр
Огноо at 14:14 UnknownБи нэг сайхан өдөр намар цаст Хэнтийн нуруунд гарч хэрэм, булга агнахаар хэдэн нөхдийн хамт хэрэглэл төхөөрөмж бүрэнтэй, хөсөг тэмээ хангалттай базааж гарлаа. Явах замдаа Хэрлэн голын захад бууж хэд хоног айлчлан айраг ууж зугаацахаар шийдэв. Хээтэй, гуутай Хэрлэн гол хэзээний миний нутгийг хэлэх үү, Хэнтийн нурууны шугуй суунаглаж харагдахыг хэлэх үү, үнэхээр ч сэтгэл булаам сайхан байлаа. ...
Бид морь, тэмээгээ амраан идүүлээд айл хэсч, айраг гүзээлж архи сөгнөж явсаар байтал нэг мэдэхэд хоёр гурван хоног болсон байлаа. “Ингэж хэт наргих аян замд саадтай болдог” гэж ярилцаад удалгүй явахаар боллоо. Би хэл мэддэг хилэн хар морио хэд хоногийн өмнө чөдөрлөөд тавьчихсан юмсан. Тэгээд түүнийгээ эрээд гарсан чинь олсонгүй.
Маргааш нь мөрдөж явсаар байгаад онгон Хэнтийд хүрэв. Бас л олдсонгүй. “Одоо яадаг билээ. Явгарах аюулд орж мэднэ” гэж айхдаа морио улам шуналтай эрж гарлаа. Арайхийж нэг морины мөр олоод мөрдөж явтал бороо ороод дараа нь таг харанхуй будан татаад би мөрөө үзэхээ байж бүр сүүлд нь зүг чигээ аодаж эхлэв. Яах ийхээ мэдэхгүй явж хадан цохио руу хальтарч унаад харанхуй хавцал руу гулгаж эхлэв. Яадаг билээ, үхдэгийн даваан дээр нэг зөөлөн юман дээр уначихав. “Юу билээ?” гээд хартал өндгөө дараад хэвтэж байсан тас шувууны дээр буучихсан байв.
Сая нэг ухаан ороод босох гэтэл өнөөх тас маань намайг аваад дээшээ нисч гарлаа. Миний айсан, сандарсан хоёрыг юу гэж бодно та нар. “Одоо л муу Далан худалч амьдаараа шувууны хоол болж сэг, сэвсгүй алга болох нь” гэж бодохоос ухаан балартав. Тэгтэл хүний хувь заяа их юм болохоор гэнэт сэхээ орж бүсэндээ байсан хазаар ногтоо аваад тасны биетэй өөрийгөө хамт хүлж эхлэв. Тас маань улам л дээшээ хөөрөөд байдаг. Тэр намайг хад руу унагах юм уу, хагалж идэх юм уу, халил дунд шидэх юм уу гэтэл харин тэгэх шинж үгүй бололтой шүү. Тэгэхлээр нь хазаарынхаа жолоогоор тасны толгойг ногтлоод толгойгий нь дуртай зүг рүү чиглүүлдэг болж эхэллээ. Тэгээд сэтгэл уужраад ийш тийшээ хартал тэнгэрийн үүл тэр доор маналзаад түүний цаана газар байгаа эсэх нь бараг мэдэгдэхгүй болж гайхалтай дээр хөөрсөн болохыг би мэдэв.
Дахиад сайн хартал сансрын үүлний дээр диваажингийн орны хаалга харагдаж байхыг үзэв. “Юун төлөө тэнгэрийн оронд хүрч ирлээ дээ, амьд мэнд дээрээ диваажингийн хааныд очиж үзье” гээд тэр зүг тасан хөлгөө чиглүүлэв. Удсангүй хаалган дээр нь очоод “Нохой зуух уу?” гэсэн чинь хаалгач нь хатсан нуухаа арчсаар гарч ирэв. Би шууд явж хааны нь өргөөнд орсон чинь хаантан гуай нь хатгалга тусаад хатан нь болохоор шүд нь өвдөөд зарц нар нь тэнгэрийн хааныхтай хонь хургаа нийлүүлчихээд түүнийхээ хойноос яваад таг чиг болсон учир ус ч үгүй унд ч үгүй байцгаав.
“Өө хөөрхий! Диваажингийн орон гэдэг чинь жаргалын орон гэж ярьдаг маань шал худал юм байна. Харин бүр заваан газар байна даа” гэж хаалгачид нь хэлтэл
“Харин тийм ээ! Манайхан чинь мангасын хаантай мал хөрөнгө, газар нутаг булаацалдаж долоон жил дайн хийгээд хамаг байдгаа дуусгаж хаан, хатан, хаалгач бид гурваас өөр бараг юм үлдсэнгүй. Тэгээд хүний оронд очиж хоол хүнс, эр цэрэг залгуулахаар зуурдын сансрын зургаан жианжин аль хэдийн нь яваад одоо болтол алга байна” гэж хаалгач нь яриад “Чи тус болж манайд нэг ус ойртуулж өгөөд яваач” гэж гуйв.
“Больё доо! Диваажингийн хааныд байтугай ээждээ ус авч өгч үзээгүй” гэж хэлээд “Аягүй бол эд нар зарцаа хийгээд авч мэднэ” гэж бодоод өнөө муу тасаа унаад л явж өгөв.
Огторгуйд гараад доошоо хартал тэр доор нэг баян айл найр хийж байгаа харагдлаа. “Арайхийж нутгийн бараа харах нь” гээд тэр рүү явж очтол газар бүр ч бараа сураг алга. Харин үүлэн ертөнц дээр байдаг лусын хааных тэнгэрийн дагинатай хүүгээ гэрлүүлэх их хурим хийж байхад нь буучихав аа! Намайг орохын хамт л “ Хан гарьдын хөлөгтэй, харь газрын зочин, хаан Сэнгээ та дээшээ морил, дээшээ морил!” гэцгээж дээжтэй цай дээдсийн гүнцэг бариад дараа нь “Хаан хүү, хатан дагина хоёрт минь ерөөл дэвшүүлэн хайрлана уу” гээд л лусын хаан бөхөлзөн нахилзан байж хадаг хундага хоёрыг Далан худалч надад барив.
Тэгэхлээр нь би гэгээн ордноос нь аваад гэрэлт цамхаг хүртэл, гэзэг чимэгнээс нь аваад гүзээ хүртэл нь, гал голомтоос нь аваад гар домбо, галын хайч хүртэл нь ерөөгөөд хар нүдэн хундагы нь нэг мөсөн тогтоож орхиод “Эр бор харцага минуу” гээд л аяыг барьж гарлаа. Тэгээд найр жигдэрч арз гэдгийг ч аяга аягаар, айраг гэдгийг ч хул хулаар нь хөөсрүүлж гарлаа. Найр ч сунжирч эхлэв. Найман түшмэд нь ч найгуулж гарав, найрын даамал ч жингэнүүлж гарлаа. Далайн цаанаас авчирсан дарс гаргаад сөгнөж эхлэв:
Хорин жил хадгалсан хорзны шүүс ч гаргаж ирлээ. Хаан хатан, дээд доодгүй согтож эхэллээ. Тэгтэл гадаа нь хэрэг биш болж тас няс, пид пад болоод л зодоон цохион, хашгираан шуугиан гарч сүйд майд болоод явчихав.
“Юу болов? Юу болов?” гээд гартал тэнгэрийн хааны охиныг хүргэж ирсэн есөн эрдэнэт догшин цагаан лууны нь чандмань эрдэнийн эврийг лусын хааныханы нэг нь хулгай хийж авснаас болоод цагаан луу нь догширч сүйд майд болж эхлэв. Бүр сүүлдээ лусын хааны орд харшийг будаа болтол нурааж гал манан хадуулж гарлаа. “Одоо ч биш болох нь байна. Амьд мэнд байгаа дээрээ явья” гээд үзтэл тас маань сандрахдаа уяагаа тас татаад явчихсан байв.
“Одоо яадаг билээ, очиж очиж лусын хааны гадаа нус ч үгүй нулмис ч үгүй үхэх нь болжээ” гэж цэл хөхөрч мэл гайхаж байснаа “Ямар ч байсан дүүрсэн хэрэг” гээд тэнгэрийн хааны догшин цагаан луун дээр нь мордож орхилоо. Өнөөх маань тонгочиж байгаад лусын хааныхыг зомгол болтол хэмхэлж хаяад л тэнгэр өөдөө гарч өглөө. Арайхийж сэхээ ороод хартал тэнгэрийн хааны дагина төрхөмдөө буцаж очихоор миний хойгуур сундалдан суугаад явж байв.
Миний хойноос лусын хааныхан муна хэдрэг, нум сум юу байдгаа бариад элдэн явах нь харагдав. Тэдний хашгирахыг сонсвол
“Харь газрын Далан худалч ирээд хааны охиныг оргуулж аваад явчихлаа, та минь яваарай, яваарай! Тархий нь бяц цохиод бариад ав!” гэлцэж баахан өхөөгөөд гүйцсэнүй хоцорлоо бололтой.
Би тэндээсээ явж тэнгэрийн хааныд очиж охины нь хүргэж өгөөд ядарсныг ч хэлэх үү, согтсоныг ч хэлэх үү нам унтаж өгчээ. Нэг сэрсэн чинь би Хэрлэн голын захад хилэн харынхаа дэргэд унтаж байлаа. “Юу билээ? Энэ маань зүүд үү?” гэж бодтол зүүдлэсэн хэрэг огт биш байв. Харин лусын хааны охин намайг өөрийнхөө ид шидээр газар буулгаж өгөөд буцахыг завдан байхыг би олж харав.
“Далан худалч гуай, аян замдаа сайн яваарай! Би “үхэвч лусын хааны хүүтэй суухгүй” гэсэн юм. Та надад тус болж тэндээс салгаж өглөө. Санасан бүхэн чинь бүтэх болтугай!” гэж ерөөгөөд тэнгэр өөдөө солонго татуулан гарч явахыг би үзэв. Тэгээд би морио авч унаад Хэрлэн голыг өгсөж явахдаа “Тэнгэрийн хаан, диваажингийн орон, лусын хаа цөмийг үзсэн боловч миний төрсөн нутаг Хэрлэн голын хаана нь ч хүрэхгүй болоод хавьтаж ойртохын хэрэггүй хараалын хар орон юм байна” гэж бат итгэсэн юмаа.
Цааш нь...