Лхаарамба гуай

Урьд Нямсүрэн лхаарамба гэгч “Туулж төгссөн нэрт эрдэмтэн” гэж алдаршсаар их хүрээнд орж ирээд нэг өдөр Батцагаан дуганд олон лам нарын хурал хурж байхыг шагайж хараад “Энэ олон үхэр юу гэж мөөрөлдөж байгаа юм бол доо!” гэв.
Гэтэл нэг бага хүүхэд “Ижил буруу үхэр хараад мөөрөлдөж байна шүү дээ” гэсэнд нөгөө лхаарамба цаашаа явлаа.
Удалгүй нэг ном хуйлж барьсан банди лхаарамбатай дайралдав. Лхаарамба гуай тэр бандид “Ном хуйлж болохгүй, хойт насандаа могой болж төрнө шүү” гэжээ.
Нөгөө банди “Аа тийм үү? Тэгвэл дүнчүүр маанийн хүрд бүтээсэн хүн бас л бүдүүн могой болж төрөх байгаа даа” гэв. ...
Лхаарамба юу ч хэлэлгүй цааш явжээ. Мөн лхаарамба хөдөө гарч явсаар нэг айлд ортол эмгэн нэг адсагыг “Ум аа хум” гэж сэгсрээд дэвсч өгсөнд лхаарамба “Таны энэ ум аа хум дээр би сууж чадахгүй” гэв.
Эмгэн “Хамсум хорвоо ум аа хум! Одоо ламтан хаа морилон суух бол” гэсэнд лхаарамба арга барагдан нөгөө адсага дээр суун давагдав гэнэ.



Цааш нь...

Нутаг санагдана

Эрт урьд баруун газраас ирсэн түвд панзач нэг айлд хонох болжээ. Тэр айл томоохон хийсэн банш хоноцдоо чанаж өгсөнд урьд өмнө нь ийм банш идэж үзээгүй панзач нэг баншийг бүхлээр нь үмхсэн чинь ам нь халж гаргаяа гаргаж чадахгүй, залгияа залгиж чадахгүй дэмий л сандран нүднээсээ нулимс асгаруулан байжээ.
Ингэхлээр нь гэрийн эзэн “Хүүе, та яаж байна. Та яаж байна?” гэсэнд панзчин:
“Зүгээр зүгээр, банш идэхлээр баруун газрын нутаг санагдаж нулимс гарах юм даа” гээд санаа алдан нулимсаа хээв нэг арчиж суухад нь “Ээ хөөрхий! Танай нутаг халуун ч байх даа” гэж гэрийн эзний хэлсэнд панзач “Тийм ээ, заримдаа пүү гэмээр халуун ч байна” гээд үлээхэд гэрийн доторхи хүмүүс цөм жиг жуг инээлдэж гэнэ.


Цааш нь...

Уран Гомбожав

Урьд уран Гомбожав нэгэн харамч баян айлд эсгий гэрийн нэг сайхан хаалга хийж өгөх болжээ. Тэр баян айл уран Гомбожавтай хаалга хийлгэхээр хэлэлцэхдээ “Үнэ хайргүй, харин сайхан хийсэн байх ёстой” гэжээ.
Гэтэл тэр баян айл уран Гомбожавт нэг шүдлэн хонь хүргүүлж “Манайх хэдэн хоногоос нүүж бууна. Энэ нүүдлээр хаалгаа барих гэж бодож байгаа тул уг хаалгыг өгч явуулна уу” гэсэн юмсанжээ.
Уран Гомбожав тэр хаалгыг нь хийж гүйцээд байсан боловч “Маргааш ав” гээд өгсөнгүй. Маргааш нь уран Гомбожав хаалгыг урьд бас захиж хийлгэсэн ёсоор хоёр домбын хамт баян айлд явуулжээ. ...
Баян айл шинэ нутаг дээр буухдаа хаалгаа бариад их л баясч байв гэнэ. Гэтэл нөгөө хаалгыг хаах онгойлгох бүр “Уран Гомбожавын хийсэн хаалга үнэ нь арай багадсан юм” гэж дуугараад байв гэнэ.
Цай чанаад хоёр домбонд уудлажээ. Домботой цайнаас аягалахад нь “Боль, боль” гэж дуугараад ер аяга дүүрч өгөхгүй харамчийг илтгэж байв гэнэ.


Цааш нь...

Өдөт суман утаа харважээ

Урьд нэг айл хүүхдийнхээ даахийг авч найр хийжээ. Тэр нутгийн нэг өвгөн их урт сахалтай хүн байсан юм байжээ. Сахалд нь цагаан будаа наалдчихаад байсан юм байжээ. Түүнийг мэдэлгүй сууж байхад нь нэг залуу ирээд сахлын нь будааг хараад
“Өдөт суманд
Утаа харважээ!” гэж хэлжээ. Өвгөн учрыг мэдээд сахлаа арчжээ.
Тэр найр дээр ноён нь байсан юм байжээ. Ноён “Энэ залуу яасан сүрхий үг хэлэв. Би ч бас хиагийнхаа цэцнийг үзүүлье байз” гэж сэтгэн цагаан будаа сахалдаа наагаад нүдээ ирмэсхийж хиадаа дохио өгсөнд хиа нь:
“Ятууны хошногонд
Чацга наалдчихлаа!” гээд ноёноо олны өмнө түлэх нь тэрээ!


Цааш нь...

Нэг төө өвгөн

Эрт урьд цагт нэг төө биетэй хоёр төө сахалтай нэг өвгөн байжээ. Тэр хүн хөрөнгө болох бөөсөн бяруутай, хуурсан нохойтой, дэрсэн тэрэгтэй юмсанжээ. Бөөсөн бяруугаа бөн бөн хийлгэж хуурсан нохойгоо хав хав хийлгэн дэрсэн тэргээ хар хар хийлгээд явж байжээ. Өвгөн явж байтал нэг гүвээн дээгүүр гартал нэг могой тохиолдон түүнийг эр хүнд олз гэж аваад дэрсэн тэргэн дээрээ хаячихаад цааш явтал нэг айлын нутаг тааралджээ. ...
Тэнд очсон чинь нэг шивээ, нэг муу тэвнэ, нэг шувууны долоон өндөг, нэг муу төмөр муна байсныг аваад цааш явж байтал мангасын өндөр хар овоохой дайралдаж гэнэ. Мангас нь эзгүй байна гэнэ. Төө өвгөн орж хоол унднаас нь идэж уучихаад мангасыг хорлох гэж тэвнээ орон дээр нь хатгаж, айраг руу нь могойгоо хийж нурман дотор нь өндгөө булж шивээгээ цаваг өөд нь хийж төмөр мунаа тотго дээр нь тавьж орхиод дэрсэн тэргээ нуужээ. Өөрөө бараан дотор нь ороод хэвтэж байжээ. Харанхуй шөнө мангас гэртээ хүрч ирээд цаваг өөдөө ташуураа хийх гэтэл шивээ хатгаж орон дээрээ суух хэмээтэл тэвнэ хатгаж, айрагнаасаа уух хэмээтэл могой хатгажээ. “Галаа ноцоож гэрэл гаргая, ер нь юу болж байна?” хэмээгээд нурмыг хутгатал өндөг хагарч нүдийг нь сохложээ. “Ингэж гэрт үхсэнээс гадаа гарч үхье” гээд ухасхийтэл төмөр муна унаж толгойг нь бяц цохиж алжээ. Түүнийг өнөө өвгөн үзээд “Тийм том мангасыг ийм жижигхэн хүн алчих гэж байх уу?” гэж онгирон хөхөрсөөр байгаад ээрч элэг нь хөшөөд үхчихжээ.


Цааш нь...

Мэргэн ноёны зарлигаар бяруу ч үгүй, ваар ч үгүй болов.

Ууртай догшин ноёны толгой алга болсны дараа хоёр дахь ноён нь ширээнд сууж хамаг олон нь түүнийг “Ухаантай уужим сэтгэлтэй хүн” гэж урьд хожидгүй магтах болж гэнэ. Ингээд ноёноосоо юм бүхнийг асууж шийддэг болж гэнээ. Нэг өдөр ноёны мэргэн түшмэд ноёнд бараалхан ирээд ийн асуужээ:
“Манайх нэг эрх танхи хүүтэй юмсаан. Түүнийгээ ажил хийлгэж сургахаар нэг үхэрчнийг дагалдуулан явуулж ганц бяруугаа хариулгасан юмаа. Нөгөөх маань бяруугаа услахыг мартаад хичнээн ч хоносон юм бэ? Бүү мэд? ...
Бяруугаа услана гэхлээр нь би “Ваартай усаа тавиад өгчих” гэсэн юм. Тэгтэл цангасан бяруу ваартай усыг уухдаа толгойгоо дотор нь хийчихжээ. Тэгээд яаж бяруу ваар хоёроо амьд мэнд салгаж авахыг гайхаж цөхөрлөө ноёнтон минь? Нэгэн мэргэн арга айлдаж хайрлана уу” гэхэд ноёнтон нь ийн айлдруун:
“За тийм бол бяруу ваар хоёрын заагаар бялуу сүхээр цавчвал хоёулаа амьд мэнд гарна” гэж айлдаж гэнэ.
Түшмэл очоод бялуу сүхээр цавчаад орхисон чинь ваарны дотор бярууны толгой тор хийтэл унаад үлдчихэж гэнэ. Тэгэхэд нь бяруу ч нэгэнт өнгөрсөн болохоор одоо ваарнаасаа бярууны толгойг яаж гаргахаа олж ядаад мэргэн ноёноосоо дахин ирж асуусанд ноён нь бас ийм зарлиг буулгав.
“Ваараа балт сүхээрээ балбаж орхивол чинь аль аль нь амьд мэнд сална” гэж гэнэ. Мэргэн түшмэл нь тэр ёсоор ваараа балт сүхээр балбатал ваар нь хагараад дотроос нь бярууны бас бяцарчихсан гарч ирж гэнэ. Ингээд бяруу ч үгүй ваар ч үгүй болоод мэргэн ноёндоо очиж ийн өгүүлрүүн:
“Мэргэн ноёнтоон! Таны зарлигаар би ваар, бяруу хоёроо амьд мэнд салгаж авах ёстой байтал хоёулаа авах танаггүй болоод бяруу ч үгүй, ваар ч үгүй боллоо. Яагаад ингэснийг мэдэхээ байлаа” гэсэнд мэргэн ноён нь
“Би биеэрээ очиж үзье” гэж гэнэ.
Мэргэн ноёнтон морилон очиж үзээд “Та нар бяруу гэж надад хэлсэн, тэгтэл чинь үхэр байсан байна шүү дээ” гэж гэнээ. Тэгэхэд нь нөгөөдүүл нь:
“Аа! Тийм байсан байлгүй. Манай мэргэн ноён буруудах учиргүй” гэж ярилцаад уг хэрэг дуусч гэнэ.


Цааш нь...

Эмтэрхий аяга

Урьд нэг бадарчинг айлд ороод сууж байтал хот айлынхан “Ноён маань ирлээ” гэж сүйд болцгоож гэнэ. Бадарчны орсон айл олон нялх хүүхэдтэй тул тун зовсон шинжгүй будаатай цай аягалан ууцгааж байлаа.
Ноён шууд ирээд бадарчны орсон айлд оржээ. Ноён оруут амар мэндээ мэдэлцэн хойморт суув. Бадарчин ч хувийнхаа мэндийг ноёны чихэнд дуулгаж. Гэрийн эмэгтэй ноёнд аяга арчиж өгөх гэсэн боловч дандаа эмтэрхий аяга байсанд аргагүй нэг эмтэрхий аяганд цай хийж өгвөл ноён аягатай цайг уулгүй бариад суугаад байв. Бадарчин зэвүү нь хүрч ...
“Ноёнтон гуай, та уу! Үртэй айлын аяга эмтэрхий, үрээтэй ноёны уурга хугархай байдаг юм” гэхэд Ноён
“Тийм ээ тэр үнэн” гээд эмтэрхий аягатай цайг анх удаа уусан гэлцдэг. Бадарчин тэр ноёны хүүхэдгүйг дайруулан ийнхүү чадсан гэдэг.


Цааш нь...

Үлгэр ярьсан нь

Нэг бадарчин замын гудас тохиолдсон айлд хоног тааруулан сайтар амарч унтахаар шийдээд нэг айлд очсонд тэр айл бадарчныг “Үлгэр ярьж өгвөл унтуулна, эс ярьвал хөөж явуулна” гэж болзол тогтоосонд бадарчин “Шөнийн турш сайхан үлгэр ярина” гэж амлаад тэр айлд хоол цай хийлгэж тухлан сууж гэнэ. Үдэш болсонд тэр айлын хүмүүс “За бадарчин гуай, та үлгэрээ эхлэхгүй юу” гэсэнд бадарчин “Орондоо ороод эхэлье” гэж гэнэ. Үлгэр сонсохын тулд бадарчинд сайхан ор засаж өгөөд өөрсдөө орондоо орцгоон хэвтэж гэнэ. Тэгээд “За одоо үлгэрээ эхлэгтүн!” гэж гуйсанд бадарчин ийн хэлрүүн:...
“Урьд би цагийн сайхан, зуны дэлгэрт зандан зуугийн замаар занхаг занхаг гээд л алхаж явлаа” гэхэд
“За тэгээд?” гэх сонсогдоход
“Замын хажуугаар зандан ч ургасан байх юм, замбага ч ургасан байх юм. Замбуутив гэдэг мөн ч сайхан даа!” гээд дуугүй болоход нь
“За цааш нь!” гэж шохоорхон асуусанд бадарчин
“Залуу байхад л мөн ч томоогүй байж л ээ! Замаар явахгүй заавал зандан модны төгөл дундуур явдаг байж билээ!” гээд бас л дуугүй болоход
“Тэгээд цааш нь” гэхэд
“Цаашаа яваад л байлаа.... яваад л байлаа” гэхэд нь
“За тэгээд юу болов оо!” гэхэд
“Тэгтэл замын хажууд нэг гозойсон шар юм гараад ирлээ шүү!” гээд таг дуугүй болж гэнэ.
“Тэр чинь тэгээд юу байв аа?” гэхэд Баадай
“За! За! Юу байхав, зурам л байхгүй юу! Тэгээд л нүх рүүгээ ороо л биз. “Зуны шөнө богино” гэдгийг эс мэдэх биш унтацгаа” гэж хэлээд хурхирч гарч гэнээ.


Цааш нь...

Харамч айлыг чадсан нь

Хоёр бадарчин явж байтал нэг айл тааралдсанд тэднийд орвол тэр айл саяхан хонь төхөөрсөн бололтой шинэхэн мах өлгөөтэй байсны дээр тогоон дээр өвчүү, гургалдай зэрэг амттай сайхан мах чанаж байжээ. Хоёр бадарчин тэднийхийг хоолоо гаргахыг нь хүлээж хичнээн суувч тэр айл хоолоо гаргасангүй, харин эрэгнэг доогуураа тогоотой нь тавиад хар хүн нь хэвтээд хурхираад өгч гэнэ. Тэгэхлээр нь хоёр бадарчин хоорондоо хэрэлдэж гарчээ.
“Нартай ирсэн нармигар тархи!” гэхэд
“Намайг дагасан нурнигар тархи!”гэвэл
“Хоосон хоносон хожгор золиг!”гэвэл...
“Хоёр тийшээ болсон чигъяа тархи!” гэх зэргээр хэрэлдсэнд айлын авгай “Аятайхан шалтаг гарлаа” гэж баярлаад “Хоёр бадарч минь манайхаас гарч хэрэлдээрэй!” гэж хөөсөнд тэр хоёр нь бүр чи би-дээ тулаад нэг нь “Авгай минь нохойгоо хорьж аль! Би явлаа” гээд гарсанд айлын авгай ч гарч гэнэ. Тэгээд гэрийн хаяанд үүргээ бөхлөх дүр үзүүлэн зогсоод гэрт гадаа хоёроос бас л хэрэлдэж гарч гэнэ. Гэр доторхи нь
“Хаа байгаа нь үл олдох тархи” гэсэнд нөгөө нь
“Хар тогооонд халив болсон чигъяа тархи” гэхэд
“Шизав татав чигъяа тархи” гэхэд гаднах бадарчин
“Хүйтэн усанд булхаж баймаар золиг” гэсэнд
“Энгэр газар хэвтсэн ч эс багтсан чигъяа тархи” гэхэд
“Эвдэн бусган хаямаар чигъяа тархи” гэх зэргээр хэрэлдэх энэ хооронд гэр доторхи бадарчин тогоотой хоолы нь янзлан боож өвөртлөж амжаад гэрээс гарч ирэхдээ
“Тархий чинь хага цохиод тарагны чинь савыг бяц дэлсэх сэн” гэсэнд айлын авгай
“Эрхэм хоёр бадарч минь, иймхэн юмнаас ингэж хэрэлдээд яах вэ? Эртхэн явж янзаа олж үз! Бид ч унтлаа” гэж гуйсанд мань хоёр бадарч хэрэлдсээр хоёр тийшээ явж хамрын цаагуур орсонд айлын авгай нохойгоо үүдэн дээрээ уяад гэртээ орж нөхрөө сэрээгээд
“Хоёр бадарч хойт, урд хамраар далд орлоо хөө, хоёулаа хоолоо идье!” гээд тогоотойгоо гаргатал өвчүүний нь оронд нөхрий нь арьсан өмдний гуя, гургалдайны нь оронд гурван төө дээс байсанд сая учрыг олж
“Ээ! Халаг минь! Хаа гэхээс харамлах уу?” гэж амаа барьж гэнэ. Энэ үед мань хоёр бадарчин хээр суугаад өвчүү, гургалдай хоёрыг нь идэж авчээ.


Цааш нь...

Хүн хонуулж болдоггүй айлд

Урьд хоёр бадарчингийн явах замд “Ер нэг ч хүн хонуулдаггүй айл бий” гэж хүмүүс хэлжээ. Гэтэл тэр хоёрын явах зүгт өөр айлгүй, яг хоног таарах болж гэнэ.
Хоёр бадарчин явсаар байтал оройхон хэрд нээрээ хоёр гэр харагдсанд нэг нь “Чи зүүн талыг гэрт оч. Би тэр баруун талын, хүн хонуулдаггүй гэрт оръё. Чи харин өглөө явахдаа намайг гаднаас дуудаарай” гэв.
Нөгөө нь “Чамайг тэр айлд хонуулалгүй хөөвөл яах вэ?” гэж асуусанд “Гайгүй дээ, нэг аргалж болох байх” гэжээ. ...
Тэгээд тэр хоёр бадарчин хэлэлцсэн ёсоор тус тусын гэрт оров гэнэ. Хүн хонуулдаггүй айлд орсон бадарчин таг дүлий болж хувирчээ. Мэнд мэдсэний дараа тэр айл мөн бадарчинд яаран цай чанаж, хоол хийж өгөөд “Лам аа! Эртхэн яв, манайд хүн хонож болдоггүй” гэхэд бадарчин ер ойлгосон шинжгүй байв гэнэ. Тэгэхэд нь тэр айлынхан “Гарч яв” гэсэн янзтай гараар үүд рүү заажээ.
Бадарчин “Аа, за” гээд уриалгахан нь аргагүй гараад үүргээ гаднаас чирч оруулж ирээд баруун хойт авдрын нь өмнө тавилаа. Бас л “Өргөөд аваад яв” гэсэн маягтай гараар дохисонд бадарчин босон хараймагц үүргээ авч авдар дээр нь тавиад “Арга ч үгүй л байх даа, дотроо номтой юмдаг” гэв.
Тэр айлынхан бас л “Гараад яв” гэсэн янзтай гараар зангавал бадарчин “Аваад явчих багачууд үгүй биз ээ. Би хоёр модоо гэрийн хошлонд хавчуулж орхисон” гэх зэргээр үргэлж буруу ярьсаар байгаад хоног өнгөрөөжээ.
Маргааш өглөө нь нөгөө бадарчин нь гаднаас “Явъя” гэж дуудахад нэгэнт хоног өнгөрөөсөн бадарчин даруй сонсоод гарч явах гэхэд айлынхан “Та чинь өчигдөр дүлий байсан, одоо яагаад зүгээр болов оо?” гэв.
Бадарчин “Аа! Өчигдөр баахан хийрхсэн байх аа” гэж хэлчихээд явчихав гэнэ.


Цааш нь...