Муур багш

Урьд цагт нэг лам бясалгал хийж суудаг байж. Тэрээр нэг муур тэжээдэг байжээ. Тэр муур нэг өдөр ламын хөөргийг нь хулгайлжээ. Лам хөөж явж хөөргөө олж авав. Бас нэг өдөр эрихийг нь хулгай хийж аваад нүхэнд орчихож. Сүүлнээс нь чангаагаад сүүлийг нь тас татжээ. Тэгээд муураа гэрээсээ хөөчихөж гэнэ. ...
Муур яваад олон оготно хулгана байдаг газар очиж. Нэг оромж барьж ламын эрхийг хүзүүндээ өлгөж суужээ. Нэг өдөр олон оготно ирж, эс халдаж. Тойрон байж. Тэгэхлээр муур хэлжээ,
- Та нар надаас бүү ай, би Муур багш байна! Амьтны амийг тэвчсэнийхээ төлөө та нарт ариун ном зааж өгье! Ирцгээ! Ирцгээ! гэжээ. Тэгэхлээр оготнууд ойртоцгоож ном заалгах болж гэнэ. Нэлээд хэдэн хоног болсон хойно тэр оготнуудын хаан Хүчин туст хэлжээ,
- Аа, энэ манай багш биднээс иддэг бололтой. Бие махбод нь машид их таргалж. Баас нь болбоос яс үс холилдон гарсан байна. Та нар айлын нутаг дээрээс нэг хонх олж ир!” гэж хэлээд хэдэн оготно явуулж. Тэд ч айлын нутаг дээрээс хонх олж ирээд “Багшид чимэг өргөе!” гээд хүзүүнд нь зүүчихжээ. Тэгээд Хүчин туст хулганууддаа хэлж,
- Энэ өдөр номоо заалгаж цөм цувж гарцгаа, хэрвээ хонх дуугарвал цөм эргэж орцгооно шүү! гэж. Ном заалгаж дуусаад цөм цувж гарч. Хонх дуугарчээ. Яаран эргэж орцгоосонд муур багш нэг оготно бариад идэж байжээ. Тэгэхлээр Хүчин туст оготно хэлж,
- Хуурамч сэтгэлт чоно мэт багшийн худал үгэнд итгэж хайран хулганууд минь цөөрч бид хохирлоо.Одоо эндээс өөр газар нүүе гэж хэлээд ондоо нутагт нүүцгээжээ. Харин муур “Би баасаа нуусан бол ийм хэрэг юунд болох вэ?" гэж ихэд гэмшин бодсоноос хойш муур баасаа үргэлж булж нуудаг болсон гэдэг.


Цааш нь...

Үнэг чоно хоёр

Үнэг чоно хоёр хамт явж байгаад нүүж яваа айлын мөр дээрээс гүзээ шар тос олжээ. Энэ тосыг хоёулаа тэгш хувааж идэхийг завдаж байтал үнэг,
- Энэ тосыг энд идэхэд зохисгүй, хүн явна. Харин өндөр уулын орой дээр гарч идье гэж. Чоно,
- За тэгье, яаж авч явах вэ? гэв. Үнэг,
- Авч явах ч юухан байх вэ? Үүрээд л явчихна. Харин аахилах гэж л нэг айхавтар ажил бий дээ гэхэд чоно, ...
- За би үүрэхийг нь үүрье. Чи аахилж үз гээд тос үүрээд явахад үнэг,
- За тэгэхээс дээ гээд амаа ангайгаад араас нь дагаж явжээ. Ингээд хоёулаа өндөр уулын оройд гарав. Гэтэл үнэг,
- Энэ тосыг хувааж идсэний хэрэггүй, нэг нь л идвэл зохино гэлээ. Чоно,
- Хэн маань идэх вэ? гэхэд үнэг,
- Хэн ах настай маань идвэл таарна. Чи хэдэн настай вэ гэж асуулаа. Чоно үнэгийг мэхлэж өнөөх тосыг идэхийн тулд,
- Намайг бага байхад
Сүмбэр уул дов шиг,
Сүн далай шалбааг шиг байсан билээ гэхэд үнэг учир зүггүй уйллаа. Чоно дотроо “Шар гайхал чамайг ч нэг мэхлэлээ дээ. Одоо уйлсан ч уйлаагүй ч тос минийх болсон доо” гэж бодоод “Чи юунд уйлаа вэ?” гэхэд үнэг,
- Би гурван гавартай байсан юм аа. Хамгийн бага нь чамтай чацуу юм байна. Тэгээд сэтгэл уярлаа гэхэд чоно түүнийг сонсож ихэд ичээд өлөн хоосон хонхолзсоор хонгилдоо буцахад үнэг өнөөх тосыг ганцаараа цадталаа иджээ.


Цааш нь...

Үнэг, зараа, чоно гурав

Урьд цагт чоно, үнэг, зараа гурав амьдарч байжээ. Гэтэл нэг өдөр ганц чавга олж түүнийгээ хэн нь идэхийг хэлэлцжээ. Чоно,
- Архинд хэн амархан согтдог маань идье гэв. Энэ саналыг бүгдээрээ зөвшөөрөв. Тэгээд чоно:
- Би амсаад согтдог гэв. Үнэг,
- Би үнэрлээд согтдог гэв. Зараа,...
- Би сонсохоороо согтдог” гээд гуйвж байж гэнэ. Ингээд зараа идэхээр болж гэнэ. Гэтэл үнэг,
- Уралдаад хэн түрүүлсэн маань идье гэжээ. Бусад нь нэг зэрэг зөвшөөрөөд уралдаж гэнэ. Зараа үнэгний сүүлэнд нь зүүгдэн явж гэнэ. Үнэг хар эрчээрээ давхиж ирээд өөрийгөө түрүүлсэн гэж бодоод эргэж хартал зараа ард нь зогсоод,
- Чи чинь одоо л дөнгөж ирж байгаа нь энэ үү?” гэж хэлжээ. Ингээд зараа түрүүлсэн болж идэж гэнэ.


Цааш нь...

Үнэг арслан хоёр

Урьд цагт үнэг арслан хоёр хамтарч ан гөрөө барьж иддэг байлаа. Барьсан олзоо ямагт арслан үүрдэг байжээ. Гэтэл нэг өдөр нэг буга бариад үнэгийг “Чи үүр!” гэж арслангийн хэлэхэд “Би үүрэхэд ч үүрье. Харин янцаглах гэж нэг хэцүү ажил бий шүү. Түүнийг чи чадах уу?” гэж үнэг хэлэв. Тэгэхэд нь арслан “Би араатны хаан байтлаа энэ муу үнэгний хойноос дагаад янцаглаж явах гэдэг ичгэвтэр... хэрэг” гэж бодоод “Хүүе, би янцаглаж чадахгүй, үүрэхий нь би үүрье. Янцаглахы нь чи янцагла!” гээд бугаа зоон дээгүүрээ тавьж хөлөөс нь зуугаад их зантай алхаллаа. Үнэг хойноос нь янцаглаад дагав. Дагасаар уг газартаа хүрч нөгөө махнаас нь дажгүй идэлцэж гэнэ.


Цааш нь...

Ховдог чоно

Төөтгөөхөн хүү төө халзан бяруугаа унаад түлээ түүхээр балт сүхээ бүсэндээ хавчуулаад
Айлын гадуур агдайлгаж
Хүний гадуур хүгдийлгэж
Татаж таахайлгаж
Тавьж бөөхийлгэж явсаар
Ойн захад хүрч очжээ. Гэтэл гай газар дороос,... гахай модон дотроос гэгчээр ойгоос өлөн чоно гарч ирээд замы нь боон хөндөлсөөд,
“Ходоод гэдэс минь
Хоосон болохоор
Хоёр бөөр минь
Хонхос хонхос хийж байна.
Төөтгөөхөн хүү чамайг иднэ” гэжээ.
“Ачит буурал чоно гуай минь,
Амий минь авар!
Төөтгөөхөн хүү би чинь
Төө халзан бяруугаа өгье” гээд бяруугаа төхөөрөөд цусы нь олгойд нь хийж чонын нүдийг харуулдаж байгаад сэмхэн өвөртлөжээ. Бярууны махыг чоно нүд ирмэхийн зуур залгиж орхиод,
- Төөхөн бярууны мах юухан болох вэ дээ. Шүдний чимхлүүр ч болсонгүй. Одоо чамайг идэж ов шуналаа дарна гээд ухасхийжээ. Төөтгөөхөн хүү айн сүрдэж горхины мөсөн дээгүүр гүйнгүүтээ хальтарсан болоод олгойтой цусаа хагалаад гоожуулжээ. Тэгээд чононд,
- Чоно гуай! Долоогойроо, долоогойроо, цус минь гоожлоо гэхэд ховдог чоно долоох гээд хэлээ мөсөнд наалдуулчихжээ. Чоно сандрахдаа,
- Төөтгөөхөн хүү минь! Балт сүхээрээ хэл, мөс хоёрын дундууд цавчаарай! гэхэд,
- Аман хүзүү, хатан хүзүү хоёрын дундуур цавч гэв үү? гээд чонын аман хүзүү, хатан хүзүү хоёрын дундуур нь цавчаад ховдог чонын толгойг таслажээ. Ингэж Төөтгөөхөн хүү аюулт чонын амнаас амь мэнд гарч амар сайхан жаргажээ.


Цааш нь...

Хулан хэрээ чоно гурав

Эрт урьд цагт хулан , хэрээ, чоно гурав гэмгүй сайхан нөхөрлөж гэдэс тэжээн амьдарч байжээ. Гэтэл нэгэн өдөр шинэ нутаг сэлгэхээр ярилцаж хэрээ нутаг үзэж ирээд ингэж хэлэв гэнэ.
- Бид гуравт элбэг сайхан хоолтой газар холгүй байна. Харин тэр нутагт хавх, буутай нэг сүрхий анчин байна. Түүний хавх л бидэнд аюултай юм гэж хэлэхэд нь чоно дотроо “Хэрэв тэр хавханд хулан орчих юм бол олгой гэдэс нь надад олдох юуны магад” хэмээн бодоод,
- Тийм сайхан нутагт түргэн очиж амьдаръя. ... Тэр муу анчнаас айх юу байх вэ?” гэж хэлжээ. Тэгээд гурвуулаа тэр нутагт нүүдэллэн очиж, аятай тавтай амьдран сууж байтал нэгэн өдөр хулан анзааргагүй явж байгаад анчны хавханд орчихжээ. Үүнийг мэдмэгц чоно хэрээнээс урьтаж очоод,
- Чи яагаад энэ хавханд орчихов? гэсэнд хулан,
- Яах юу байхав, явж л байсан нь ийм аюулд орчих юм. Яавал үүнээс түргэн ангижирч болох вэ? гэж чоноос асуувал,
- Чи түргэн сайн үсчээд бай. Тэгвэл үүнээс салж магадгүй гээд явжээ. Чоно “хуланг үхэхээр иднэ” гэж бодоод ойрхон отоод хэвтэж байж гэнэ. Гэтэл хэрээ нисэн ирж хуланг хармагц,
- Хулан чи яагаад үсчиж цовхчоод байгаа юм бэ? гэхэд
- Яах юу байхав? Нөгөө анчны хавханд орчихоод байхад чоно ирээд “Сайн үсчээд бай. Тэгвэл түргэн гарна” гэсэн юм. Тэгээд л би үсчиж цовхчисоор байгаад хамаг чадлаа барчих нь энэ. Хөл ч үнэхээр их өвдөж байна гэжээ. Хэрээ,
- Чи ингэж үсчиж цовхчиж болохгүй. Хэрэв ингэх юм бол хөл мөчөө хугалаад одоохон үхэх аюулд учирна. Харин чи ер хөдлөхгүй үхсэн мэт хэвтэж бай! Тэгвэл анчин чамайг үхсэн гэж санаад хавхаа салгаж авах болно. Тэгэхээр нь түргэн босоод зугтах хэрэгтэй гэж зөвлөн хэлээд өөрөө анчны гэрийн тоонон дээгүүр эргэлдэн нисэж түүнд мэдээ өгөхөөр учиргүй чанга гуаглан орилжээ. Хашир анчин “Хавханд ямар нэг юм орсон нь магадтай буй заа” хэмээн санаж тэр дороо буугаа үүрэн гарав гэнэ. Энэ үед чоно “балагт хэрээ ирж хулангийн нүдийг ухчих вий” хэмээн өндийн хартал анчин ирж яваа харагдав гэнэ. Чоно үүнийг хараад “Одоо л олгой ходоод олдох цаг болов” гэж санаад дороо хяран хэвтжээ.
Анчин хавханд хулан орсныг үзээд маш их баярлан иртэл тэр үхсэн бололтой байв гэнэ. Тэгээд хавхаа салгаж аваад тамхи татаж суутал гэнэт хулан босон харайж чонын хэвтэж байсан зүг зугтсан тул анчин сандрахдаа түүний хойноос хэд дахин бууджээ. Гэтэл “Муу санаа эзнээ отно” гэгчээр тэнэсэн сум нь хуланг бус харин хулангийн гэдэс дотроос ч бол хувь хүртэнэ гэж горьдож хэвтсэн чонын тархийг нь хага буудаж гэнэ.


Цааш нь...

Ухна ишиг чоныг айлгасан нь

Урьд нэг баян айлын хуучин өвөлжөөн дээр цагийн гачаал бэрхэд туйлдаж цасан доор дарагдаж үлдсэн нэг ухна ишиг бухан бяруу хоёр байжээ. Гэтэл удалгүй хаврын урин улирал ирж хамаг бодис шинэтэн дулаан бүлээн болоход хоёулаа цасан доороос арай чүү амьтай голтой гарч бага зэрэг тэнхэл ороод хамт явж байтал зам дээрээс нэгэн чонын арьс олжээ. Түүнийг аваад цаашаа явтал талд нэгэн цагаан гэр үзэгдлээ. ... Тэр зүг чиглэж гадна нь очоод арьсаа үүдэнд нь тавиад орж үзвэл долоон том чоно найрлан сууцгааж байна.
Эхний чоно, дээр суусан бухан бяруунаас,
- Чиний нэр хэн бэ? гэсэнд бяруу,
- Гүзээ ихт гүрний жанжин гэв. Чоно дахин ухна ишигнээс,
- Чиний нэр хэн бэ? гэсэнд ухна ишиг,
- Миний нэр сэлэм эвэрт Сэнгэ баатар гэдэг гэсэнд олон чоно баахан гайхаж бас дахин асуусан нь,
- Эрхэм та нар тухайлан ямар хэргээр явж байна? гэсэнд ухна ишиг хэлсэн нь,
- Хаан хурмастад далан сайн чонын арьсаар дах хийж өргөх албанд оногдоод явж байтал баруун жалганаас нэг муу чоно аллаа. Тэгээд наашаа иртэл харин энд долоо байна” гэсэнд эхний чоно,
- Би гарч шээгээд ирье гэж гарч одоод гаднах чонын арьсыг үзэж ихэд аюун зугтав. Дараах чононууд түрүүчийн хашир чоно эргэж ирсэнгүйд бүгд гайхаж нэг нэгээрээ шээх гэж гарч явсаар хамгийн сүүлд нэг чоно үлдсэнд ухна ишиг хамт гарвал тэр чоно гадаа байгаа арьсыг үзмэгц нэг амьсгалаар дөрөв тав харайн ухаан зулаггүй зугтав. Ухна ишиг хойноос нь амь тэмцэн хөөв.
Хөөж явтал нэг бага мөрний ус хөлдсөн мөсөн дээгүүр чоно зугтан гарахад ухна ишиг хойноос нь хөөн гартал хальтран салтаагаа хагалав. Ухна ишиг салтаагаа хагарсныг чононд мэдэгдэхгүйн тулд түүний хойноос өндөр дуугаар хашгиран,
- За чамайг би өмдний тэлээ тасраагүй бол! хэмээн их л идэрхэг эрэлхэгээр хараан сүрдүүлж заналхийлээд эргэн гэрт очиж амар сайхандаа жаргажээ.


Цааш нь...

Заан, оготно хоёр

Урьд цагт нэгэн бяцхан хотын захад нэг заан амьдардаг байжээ. Заан өдөр бүр голд очиж ус ууна. Тэр голын эрэг дээр бас нэгэн оготно амьдарч байжээ. Заан ус ууж ханаад оготны нүхийг усаар шүршиж усанд авахуулдаг байжээ. Ингээд оготныг тэсэхийн аргагүй зовлон зүдүүрт унагахаар нь оготно,
- Миний өчүүхэн орон байрыг битгий сүйтгээч гэж олон удаа гуйжээ. Гэвч заан оготны үгийг тоомсорлохгүй урьдын адил сүйтгэж хөнөөсөөр байжээ. ...
Нэгэн өдөр зааныг ирэхэд оготно,
- Миний орон байрыг сүйтгэхээ зогсохгүй бол танд дайн зарлана гэжээ. Заан энэ үгийг сонсоод үл тоомсорлон хөх инээд нь хүрч гэнэ. Оготно тэр хавийн ардуудад,
- Би заантай байлдана. Ийм учраас маргаашийн дотор та нар эндээс нүүж холдохгүй бол дайны хөлд үрэгдэнэ шүү гэж зарлажээ.
Гэтэл баячууд оготны үгийг бас л тоохгүй "Энэ өчүүхэн муу оготно заантай яаж байлдах юм бэ? Тэгээд бас улс амьтныг сүйтгэх нь ч гайгүй л биз" гээд нүүсэнгүй. Харин ядуу ардууд оготны үгийг сонсоод "Бидэнд аюул учирч магадгүй" гээд нүүцгээжээ.
Маргааш нь зааныг усанд ирэхэд оготно хамрын нь нүхээр орж улаан хоолой уушги зүрхийг нь урж гарчээ. Заан амь нь тэмцэж чарлан цовхчин туйлж хавь ойрын айл амьтныг дайран сүйтгэж нүүгээгүй үлдсэн айлуудыг үнсэн товрог болгожээ. Заан галзуурч галзуурч үхсэнд оготно зааны хамрын нүхээр буцаж гараад голын эрэгтээ очиж амар сайхан жаргаж гэнэ.


Цааш нь...

Түргэн гар

Манай айлд таван настай Баадай гэдэг хүү бий. Баадай хүүгийн гар нь жигтэйхэн түргэн хөдөлгөөнтэй. Бусдаас боов чихэр, тоглоом авахдаа тун ч шалмаг хурдан билээ.
Аав нь нэг өдөр хоёр хөөрхөн эрээн бөмбаг авчирч гэнэ. Тэр бөмбөгийг үзэнгүүтээ Баадайн хоёр гар яах ийхийн зуургүй ухасхийж дүүгээсээ өрсөн хоёулангий нь шүүрэн авсан гэнэ. Бас нэг өдөр ээж нь ... цаасан уутаар дүүрэн алим авчраад гурван настай охин дүүд нь нэг ширхэгийг өгөхийн хооронд Баадайн түргэн гар нүд ирмэх зуур тав зургаан алим шүүрчихээд хагасыг нь шалан дээр өнхрүүлэн байжээ.
Оройн хоол болмогц л Баадайн хоёр гар аль хэдийн аяга халбагаа зэхчихсэн байдаг аж. Нэг орой хоолны дараа ээж нь Баадайг дуудаж,
-Миний хүү аяга, халбагаа угааж цэвэрлэ гэхэд дуугарсангүй гэнэ. Гэтэл дүү нь,
-Ээж ээ ахын хоёр гар нь алга болжээ гэв. Ээж нь ирээд үзвэл Баадай дээлээ нөмрөөд хоёр гараа өмднийхөө халаасанд хийчихээд хэнэггүй зогсож байжээ. Тэгэхэд нь дүү нь ээждээ гараа үзүүлээд,
-Надад гар байна. Би цэвэрлэе! гэжээ.
-Миний охин сайн байна. Идэж уухдаа гартай байгаад ажил хийхдээ нуудаггүй юм гээд ээж нь охиноо үнсчээ.


Цааш нь...

Ухна ишиг

Урьд нэг баян айл байж. Намар хүйтэн болж өвөлжөөндөө гарахдаа тэнхээ муутай нэгэн ухна ишгийг буурин дээрээ үлдээжээ. Ухныг ганцаар хороондоо байж байтал нэг бар хүрч ирээд идэхээр завдав. Ухна айснаа мэдэгдэлгүй өөдөөс нь босоод зогсож гэнэ. Бар асууж:
- Дээдэх чинь юу вэ? гэхэд нь ухна хэлэх юм гэнэ,
- Бар алах жад сэлэм хоёр. Бар,
- Энэ доотох чинь юу вэ? гэхэд ухна,
- Барын мах амталж идэх чинжүү давс гэв. Бар,...
- Энэ эрүүн дэх чинь юу вэ? гэхэд ухна,
- Барын мах идээд тогоо арчдаг алчуур гэжээ. Тэгээд ухна бархираад барыг мөргөхөөр ухас хийтэл.
бар айгаад зугтаж. Зугтааж явсаар нэг чонотой тааралдаж. Чоно,
- Бар гуай, та ямар юмнаас ингэтлээ айн зугтаагаа вэ? гэж.
- Энд явж байсан, нэг айхтар амьтан байна, тэрнээс зугтаж явна гэж бар хариулав.
- Аа, тэр мууг чинь ухна гэдэг юм. Тэрний чинь хоёулаа очиж идье! гэж чоно хэлж гэнэ шүү. Тэгсэн бар,
- Би айж байна, очихгүй гэтэл чоно,
- Айлтгүй, хүзүүгээрээ холбоотой очьё! гээд модны үндсээр өөрийгөө бартай холбоод ухныг идэхээр очиж.
Тэгсэн ухна урдаас нь,
- Гөлийсөн хөх нохой! Долоон барын өртэй чи ганцхан бар олж ирээ юу? гээд ухас хийж. Бар ч үхтэлээ айн эргэн зугтаав. Чоно ч чирэгдсээр ярзайн үхжээ. Түүнийг харсан бар “Чамд инээд, надад ханиад. Хүн айж явахад инээлээ” гээд улам хурдлан зугтаажээ. Ингэж ухаант ухна ишиг авхаалж самбаа гаргасны хүчинд айх аюулгүй амар сайхан өвлийг давж хавартай золгожээ.


Цааш нь...