Маргаашийг хайсан нь(Бразил)
Огноо 2009-08-04 at 15:30 UnknownУрьд нэгэн хүн холын аянд гараад явж байтал нар жаргаж харуй бүрий болов. Цааш явтал замын ойролцоо нэг бяцхан сууцнаас галын гэрэл гарч байхаар нь очиж танайд хоноод явъя гэжээ. Гэрийн эзэд зөвшөөрсөн төдийгүй, хоол цай өгч зочилжээ. Гэтэл оройн хоол идмэгцээ тэднийх гэр бүлээрээ ямар нэгэн юманд явахаар яарч сандран бэлдэв гэнэ. Ирсэн зочин:
- Таминь, энэ орой болсон хойно хаачихна вэ? гэсэнд тэд хариулсан нь:
- Бид маргааш өдрийг олохоор явна гэв. Юу хэлж байгаагын учрыг эс олсон зочин ихэд гайхан, гэрийн эзэн рүү ширтэнэ. Гэрийнхэн явахад бэлэн болмогцоо дор бүрдээ хоосон шуудай авцгааж гэрээс гарч явахдаа хамгийн түрүүнд аав нь дараа нь ээж нь, хойноос нь хүүхдүүд нь түүний араас өвөг эцэг, эмэг ээж нь цувран явжээ. Ийнхүү агшин зуур тэдний гэр хов хоосон болмогц нөгөө зочин бодож суусанаа тэдний араас гарч одов.
Тэд явсаар.... хав харанхуй шөнө болов. Ингэж явтал үүр цаймагц тэд гэрэл гэгээг хоосон шуудайдаа хийж амыг нь боогоод буцацгаажээ. Тэднийг гэртээ эргэж ирэхэд бүр өдөр болсон байв. Зочин ч тэдэнтэй хамт гэрт нь ирж бүх учрыг мэдэж аян замдаа гарав. Тэгээд хэд хоногийн хойно аянаас буцах замдаа тэднийд ирэхдээ нэг азарган тахиа бэлэглээд хэлсэн нь:
- Та нарыг дандаа маргаашийг эрж олохоор явж байхгүйн тулд би тахиа авчирлаа. Энэ тахиа бол танайд маргаашийг ирүүлж байх болно. Тахиагаа шөнө өндөр газар байрлуулж байгаарай. Тахиа үүр шөнөөр анх дуугарах нь өдөр болох болоогүй гэсэн дохио, хоёр дахь дуугаралт нь өдөр болж буйн дохио, гурав дахь дуугаралт нь бүр өдөр болчихсоны дохио юм шүү гэв.
Тэр гэрийнхэн тахиаг сонирхон ажиглацгаана. Тахиа үе үе Го-го-го гэж дуугарахад нь тэд бишүүрхэн айж дөлсхийнэ. Харин гэрийн эзэн ийм том бэлэг авсандаа сэтгэл хангалуун эхнэртээ хэлсэн нь:
Эхнэрээ бид одоо маргаашийгаа шуудайд хийж ирэх гэж тэр хол тэнэж явах хэрэггүй боллоо гэв.
Ирсэн зочин ч гэрийхэнтэй салах ёс гүйцэтгээд ирсэн замаараа буцжээ. Зочныг яваад нилээд удсан хойно тэр айлын авгай нөхрөө дуудан:
Хүүе, бид нэг юм мартжээ. Энэ тахиа юу идэж уудгийг асуусангүй байна шүү? Гэхэд нөхөр нь тэр даруй нөгөө зочны хойноос хурдлав. Арайхийж гүйцэж очоод: Зогсоорой зогсоорой найзаа тэр тахиа юу идэж уудаг амьтан бэ? хэлээд өгөөч гэхэд нөгөө зочин:
Тэр чинь юм бүхнийг иддэг юм гэхээс өөр юу ч дугарсангүй цааш яаран одов. Гэрийн эзэн үүнийг сонсоод дотрооо залбирч эргэж гэртээ хурдан ирээд гайхсан, айсан сандруу дуугаар:
Ээ авгай минь бидэнд ямар гай тохиолдох нь энэ вэ? Бурхан биднийг өршөөг энэ тахиа юм бүхнийг идчихдэг юм гэнэ. Тэгэхлээр одоо яах вэ? Бид бүгдийг идэх нь! Гэхэд эхнэр нь бүр цөхрөнгөө баран айж:
- За нөхөр минь амьд мэнд дээрээ бушуухан цааш нь харуулая гэв. Тэгээд гэр бүлийн бүх хүмүүс гарт дайралдсан бүхнээр хөөрхий муу тахиаг зодож нүдэн хөөв.
Тэр цагаас хойш замын хажуугийн тэр гэрийнхэн шөнө болмогц маргаашийгаа олж ирэхээр шуудай барин урьдын адил явцгаадаг болжээ.
Харин тахиа алс холын нэгэн тосгонд очиж, тэр газартаа маргаашийг дуудан ирүүлж амар сайхан жаргах болсон гэдэг.
Цааш нь...
Илжиг дуулж чадахаа больсон нь(Итали)
Огноо at 15:27 UnknownЭрт урьд цагт илжиг эрэмгий баргил хоолоотой сайн дуучин гэж бүх ан амьтанд гайхагдаж байжээ. Нэг удаа ертөнцийн ан амьтан хуран цугларч, арслан хаан даргалан хуралдуулжээ.
Арслан асуусан нь:
- Та нарын хэн нь гоё ганган бэ?
Илжиг тэндээс яаран босож би байна гэж орилжээ.
- Илжиг чи хамгийн гоё ганган нь юм биз дээ. Сайн байна. За тэгвэл та нарын хэн нь хамгийн хүчтэй вэ? гэж арслан асуусанд, бусад ан араатныг амаа ч ангайхын завдалгүй илжиг тэндээс:
- Би байна гэж бахирчээ. Арслан
- За тийм байж та нарын хэн нь хамгийн тэнэг бэ? гэж асууж дуусаагүй шахам байтал, илжиг санд мэнд яаран босож:
- Би байна гэж бахирсанд бүх амьтад элгээ хөштөл инээж илжигийг шоолжээ. Илжиг сая учрыг ухаарч ичсэндээ баргил бүдүүн хоолой нь өнгө алдан сөөнгтөж би ий-ий гэхээс цааш дуугарч чадсангүй.
Тэр цагаас хойш илжиг сайн дуучин гэгдэхээ болиод царгиа муухай дуугаар би... ий.... ий....би....ий....ий гэж орилох болсон гэнэ.
Цааш нь...
Хаанаас цэцэн боол(Нигер)
Огноо at 15:14 UnknownНэгэн хаанд гурван боол байжээ. Тэр гурав тус бүр хүү төрүүлж Үл мэдэгч, Хурц хараат, Цэцэн ухаант гэсэн нэр өгчээ. Тэдр өсөж том болоод хаанд зарцлагдах болов. Нэгэн өдөр хаан Үл мэдэгч, Хурц хараат хоёрт тарих будаа өгч, Цэцэн ухаантанд сүрэл өгөөд зарлиг буулгасан нь:
Та нар дараа жил надад тус бүр 300 боодол тариа авч ир гэжээ. Хойтон жил нь ургац хурааж Үл мэдэгч, Хурц хараат хоёр тус бүр гурван зуун боодол тариа авч ирэв. Харин Цэцэн ухаант сагс дүүрэн хивэг авчирчээ. Тэд хаанд бараалхаж Үл мэдэгч, Хурц хараат хоёр нь:
- Бид хоёр тус тус гурван зуун боодол тариа авч ирлээ гэв.
Цэцэн ухаант:
- Энэ миний ургац гэж хэлсэнд хаан:
- Яагаад чи надад гурван зуун боодол будаа авчирсангүй вэ? гэсэнд
- Та надад өгсөн сүрэлийг би суулгасан. Тэгээд ургасаныг нь авчирлаа гэжээ.
Хаан хоёр үнээ, нэг бух авч ирүүлээд хойтон жил тус бүр хоёр тугал авчирч өг гээд Үл мэдэгч, Хурц хараат хоёрт хоёр үнээ өгч, цэцэн ухаантанд бух өгчээ.
Дараа жил хаанд Үл мэдэгч хоёр тугал, Хурц хараат мөн хоёр тугал авч ирэв. Цэцэн ухаант том сүх мөрлөж ирээд хааны ордны дэргэдэх өндөр модыг цавчиж эхлэв.
Хаан хэлсэн нь:
- Үл мэдэгч, Хурц хараат тус бүр хоёр тугал авчирлаа. Цэцэн ухаант яав? Гэсэнд зарц нар нь:
- Тэр чинь таны өргөөний дэргэдэх модыг цавчиж байна гэв. Хаан:
- Хүүе чи мод тайраад яаж байгаа чинь энэ вэ? гэсэнд Цэцэн ухаант хариуд нь:
- Аав маань төрөөд, түүнд түлээ бэлдэж байна гэв.
- Чи юу яариад байна даа эрэгтэй хүн хүүхэд төрүүллээ гэж үү гэж хаан гайхсанд Цэцэн ухаант:
- Та эрэгэй хүн хүүхэд төрүүлдэггүйг мэддэг юм байна. Гэтэл надад бух өгөөд түүнээс хоёр тугал ав гэсэн билээ гэжээ. Хаан ихэд уурлан:
- Энэ хар хүүг яая даа гэж асуусанд ордны зөвлөгч нар нь:
- Түүнийг ал. Түүнд тансаг сайхан хувцас хатгамалтай алчуур өмсүүлээд сайн морь өг. Өөрийнхөө хүүд хуучин муу хувцас, алчуур өмсгөөд доголон морь унуул. Тэгээд тэднийг ойд зугаалуулахаар явуулаад, баян тансаг хувцастайг нь алуулахаар дээрэмчдийг тийш нь гаргатугай. Энэ бол Цэцэн ухаантыг устгах ганц мэргэн арга биш үү гэж зөвлөжээ. Хаан зөвшөөрч энэ ёсоор хийв. Цэцэн ухаант арваад лонх дарс, арваад лонх ус авахуулаад урьдчилан ой руу хүн явуулж араас нь хааны хүүтэй хамт гарчээ. Тэгээд түрүүн гаргасан хүнээ гүйцэж очоод:
- За амны цангаа гаргацгаая гээд хаан хүү дарснаас Цэцэн ухаант уснаас ууж мордов. Хэсэг зуур явсан аа дахин дарс, уснаас урьдын адил ууцгааж хаан хүү талимааран согтож тэнхээ чадалгүй болжээ. Цэцэн хүү хэлсэн нь:
- Ээ хаан хүү, чиний бие чинь муу байна. Чамайг би ийм муухай байдалтай байлгаж зүрхэлэхгүй байна. Энэ миний өмссөн гоё сайхан хувцас, хатгамалтай алчуур, морийг ав. Надад өөрийнхөө муу хувцас доголон морийг өгөхтүн гэжээ. Тэд хувцас морио сольж цааш явав. Тэгтэл дээрэмчин гэнэт дайрч хаан хүү алагджээ. Цэцэн хүү ордон руу давхиж ирээд, хаанын амар мэндийг асуун хэлсэн нь:
- Надтай зүйрлэх хэн байна гэхэд
- Би байна гэж хаан хариулав. Дараа нь хаан бүх учрыг мэдэж цэцэн хүүг барьж авахаар ухас хийтэл тэр мэлхий болж хувирав. Хаан могой болчихоод мэлхийг залгих гэтэл цэцэн хүү хулгана болчихов. Хаан муур болж хувираад хулганыг идэх гэтэл хулгана шувуу болж хувираад нисээд явчихжээ тэгэхлээр нь хаан харцага болоод шувууг шүүрч идэхээр элджээ. Харцагат хөөгдсөн шувуу нэгэн настай эмэгтэйн нүдэнд орж нүдний цөцгий болж шингэжээ. Харцага нь хөмсөг нь болж тогтсон ажээ.
Тэр цагаас хойш цөцгий нүднээс гардаггүй, яагаад гэвэл хөмсөг түүний гарч ирэхийг хүлээн харуулдаж байдаг. Хүмүүс Цэцэн хүүг хаанаас цэцэн гэж нэрлэдэг болсон гэдэг.
Цааш нь...