Үлгэр хаанаас үүссэн тухай

Өгүүлэх нь: Олон жилийн өмнө монголчуудын дунд аймшигт хар цэцэг тахал дэлгэрээд хүн амьтан хэдэн зуу мянгаараа хиаран үхэж байв. Эрүүл үлдсэн нь өвчилснөө зол заяа нь мэдэг гэж амь зулбан дүрвэн зугатааж байжээ.
Арван таван настай залуу эр Тарваа гэгч бас тийнхүү ганцаар хаягдаж ухаан алдсанд сүнс нь биеэсээ зайлан одож тамын газар эрлэг хаанд очжээ. Эрлэг номун хаан сүнсийг нь үзээд ихэд гайхаж, “Амь нь гараагүй бие орхиод юунд ирэв?” гэж асуужээ. ... Тэр сүнс: “Биеийг минь нэгэнт үхсэнд тооцоод хаясан учир би гүйцэд үхэхийг нь хүлээсэнгүй ирлээ” гэжээ. Тэрхүү сүнсний ийм дуулгавартай хүлцэнгүй нь эрлэг хаанд таалагдсан учир эрлэг хаан өгүүлрүүн:
“Цаг чинь хараахан болоогүй буй. Эзэндээ буцаж очиж орогтун. Харин явахаасаа өмнө надаас юу хүссэнээ ав!” гээд тамын орноор дагуулан явжээ. Тэнд баялаг, тансаг, зол заяа, жаргал цэнгэл, баяр баясгалан, зовлон шаналал, нулимс, зугаа хөгжөөн, инээдэм наадам, дуу хөгжим, үлэг домог бүжиг дэвсэл тэргүүтэн хүний амьдралд дайралдаж болох бүхэн цөм бүрэн байжээ. Сохор Тарваагийн сүнс энэ бүхнийг үзээд үлгэрийг шилж авчээ. Эрлэг хаан түүнийг нь өгөөд газарт нь буцаажээ.
Сүнс нь амьгүй болсон биендээ эргэн ирвэл хэрээ нүдийг нь ухсан байв. Төрсөн бие ийм болсныг үзэхэд их л харамсалтай байсан боловч эрлэг хааны үгийг аймшиггүй зөрчиж чадсангүй. Арга буюу биендээ оршжээ. Сохор Тарваа үүнээс хойш удтал амьд явсан бөгөөд улс зон бүхний үлгэр мэргэ төлгийг андахгүй болжээ. Сохор мөртөө хожмын юмыг урьдаас мэддэг байв. Тэр хүн Монгол орноор хэрэн явж, үлгэр ярьж, түүгээр ард амьтныг сургамжилдаг байв. Монголчуудын дунд үүнээс хойш үлгэр ярьдаг болж гэнэ.


Цааш нь...

Алтан ваар

Зарим нь үүнийг байсан, харин зарим нь байгаагүй гэж хэлэх байх, гэхдээ хорвоо дээр зальтай хэрцгий хаан амьдарч байсан гэдэг нь үнэн юм шүү. Тэр амьдралдаа хэнтэй ч сайнаар харьцаж байгаагүй аж. Түүнд өрөвдөж хайрласан хүн байсангүй, энхрийлэн хайрладаг нохой ч байгаагүй аж. Балчир хүүхдээс авахуулаад настан буурлууд хүртэл бүгд л хаанаас айдаг байлаа. Тэр өөрөө ганцхан зүйлээс л айдаг нь хөгшрөлт байв. Хаан бүтэн өдрөөр өрөөндөө суун өөрийгөө ... толинд хардаг байлаа. Үсээ бууралтасан байвал түүнийгээ будчихдаг байв. Үрчлээ олж харах юм бол гараараа тэнийлгэнэ. "Би хөгширч болохгүй" гэж хаан бодож байлаа.
Одоо бүгд надаас айж байгаа, миний өөдөөс хэн ч сөрж чадахгүй байна. Хэрвээ хөгшрөөд чадалгүй болчих юм бол ард түмэн шууд л миний үгэнд орохоо болино. Тэгэхээр би тэднийг яаж захирах билээ?
Тэгээд хаан хөгшрөлтийн тухай хэзээ ч санахгүй байхын тул бүх өвгөчүүлийг алахыг тушаажээ. Хүний толгой дөнгөж бууралтаж эхлэх л юм бол, тэр хүний төгсгөл ирдэг байлаа. Сэлэм, сүхээр зэвсэглэсэн хааны цэргүүд түүнийг барьж аваад, талбай дээр аваачиж толгойг нь тас цавчдаг байв.
Улсын өнцөг булан бүрээс эмэгтэйчүүд болон хүүхдүүд хаан дээр ирцгээн, түүнд баялаг бэлэг өргөн барьж, гашуун нулимс урсган байж эцгүүдээ болон нөхрүүдээ өршөөхийг хаанаас наминчлан гуйх болжээ. Хаан өдөр болгон тэдний гомдлыг сонсохоос залхсан байлаа. Тэр зараачдаа дуудан, бүх хот тосгодоор, бүх зам талбайгаар явж, хаан агуу өгөөмөр зан гаргаж байгааг зарла гэж тушаалаа. Зараачид мориндоо мордон ийш тийшээ явцгаалаа. Бүх зам гудамжуудаар, талбайгаар явцгааж бүрээгээ үлээн чангаар зарла:
- Бүгд сонсоцгоо! Хаан та нарт ивээлээ хайрлаж байна. Нуурын ёроолоос алтан ваар гарган авсан хүн эцгийнхээ амийг аварна, харин ваарыг шагнал болгон авах болно. Хааны ивээл ийм байна. Ваарыг авч чадахгүй нь эцгээ аварч чадахгүй бас өөрөө толгойгоо алдах болно. Зараачдыг улсын талыг ч туулж амжаагүй байхад зоригт залуус нууран дээр цугларч эхэлжээ.
Нуур эгц ганга эрэгтэй аж. Түүний өндөр эргээс цэвэр тунгалаг усанд маш нарийхан амтай, сийлбэр хээтэй, тахир бариултай алтан ваар тодхон харагдаж байлаа. Ингээд ерэн есөн өдөр өнгөрлөө. Ерэн есөн зоригтон өөрсдийн аз жаргалаар аз туршжээ. Хэрцгий хаан ерэн есөн толгойг цавчсан байлаа. Яагаад гэвэл нуурын ёроолоос ваарыг хэн ч авч чадахгүй байлаа.
Тэр яг л тарнидуулсан юм шиг байв. Дээрээс нь харахад ваар хүн болгонд харагдаж байлаа. Харин усанд орсон хойноо хэн ч түүнийг олж чадахгүй байсан юм. Тэр үед хаант улсад Аскер гэдэг залуу амьдардаг байлаа. Аскер эцэгтээ маш их хайртай, тиймээс эцэг нь хөгширч, нүүрэн дээр нь үрчлээ гарч, үс нь бууралтан саарал өнгөтэй болж байгааг хараад, эцгээ бөглүү хол уулын хавцал руу дагуулан явж, тэнд байшин барин нуужээ.
Өдөр болгон, уулсын цаагуур нар орсны дараа залуу нууцаар хавцал руу явж, эцэгтээ хоол аваачиж өгдөг байв. Тэр эцгийнхээ хажууд суугаад бодлогширов.
- Хүү минь чи юунд санаа зовоо вэ? гэж өвгөн асуулаа. Магадгүй өдөр болгон ийшээ ирэхээс залхаж байна уу?
- Үгүй ээ эцэг минь гэж залуу хариуллаа. Таны эсэн мэнд байгааг харахын тулд би өдөрт гурван удаа энэ уулсыг давахад ч бэлэн байна. Миний сэтгэлд өөр нэг бодол байна. Өдөр ч, шөнө ч, миний толгойноос хааны ваар гарахгүй юм. Хичнээн бодсон ч, эргээс тунгалаг усан дахь ваар маш тод харагддаг, бүр гараа сунгах л бол бариад авчихмаар харагддаг. Харин хэн нэгнийг усанд үсрэн ороход ус шууд булингартан, ваар ёроолд нь шигдэн, хэзээ ч байгаагүй юм шиг алга болдгийг ойлгохгүй юм гэхэд өвгөн хүүгээ дуугүй сонсон бодлогоширов. Эцэст нь өвгөн,
- Хүү минь, надад хэлээч нуурын эрэг дээр, ваар харагдаж байгаа тэр газарт ямар нэгэн мод байна уу?
- Тийм ээ аав аа гэж залуу хэллээ. Эрэг дээр мөчирхөг том мод ургасан байдаг гэхэд өвгөн дахин асуув,
- Тэгвэл чи сайтар сана даа. Тэр модны сүүдэрт тэр ваар харагддаг уу?
- Тиймээ аав аа гэж залуу хэллээ. Модны том сүүдэр усанд тусдаг, тэгээд тэр сүүдэрт нь л ваар байрладаг.
- Тийм бол хүү минь намайг сонс гээд өвгөн хэллээ,
- Тэр модон дээр авирч гар, тэгвэл чи түүний мөчир дундаас хааны ваарыг олох болно. Харин усанд харагдаж байгаа тэр ваар бол зүгээр л түүний ойсон дүрс. Залуу хаан руу сумнаас ч хурдан давхилаа.
- Би толгойгоороо дэнчин тавьж байна гэж тэр хашгирлаа. Өгөөмөр хаантаан би таны ваарыг авчирна аа! Хаан хөхөрлөө:
- Тэгш тоонд хүрэхийн тулд чиний л толгой надад дутаад байна. Би ерэн есөн толгой тасдсан, чинийх зуу дахь нь болох болно.
- Магадгүй тийм байж ч болох юм, үгүй ч байж болох юм гэж залуу хариулав. Гэхдээ энэ удаад таныг тоогоо тэгш болгож чадахгүй гэж би айж байна.
- За яахав азаа турш даа гэж хаан хэлээд зарц нартаа сүхээ улам хурцлахыг тушаажээ. Харин залуу эрэг дээр очоод юу ч бодолгүй шууд эрэг дээр ургаж буй модонд авирч эхэллээ. Эрэг дээр цугларсан хүмүүс гайхан дуу алдацгаав.
- Аллах түүнийг өршөөг! Айснаасаа болоод түүний ухаан самуурсан юм шиг байна! гэж зарим нь хэлж байлаа. Магадгүй тэр модноос ус рүү үсрэх гэж байгаа юм болов уу гэж зарим нь хэлнэ.
Харин залуу тэр үед модны орой дээр авиран гарч, мөчир дундаас нарийхан хоолойтой, сийлбэр хээтэй, тахир бариултай алтан ваарыг оллоо. Гэхдээ ваарыг модон дээр ёроолыг нь дээш харуулан өлгөсөн байв, тийм болохоор тэр ваар хүн болгонд усанд байх ёстойгоороо амсар нь дээшээ харан байгаа юм шиг санагддаг байжээ. Залуу ваарыг модон дээрээс аваад хаанд барьж ирэв.
Хаан гараа алдлан хэлсэн нь,
- Би чамаас ийм ухаан гарна гэж бодсонгүй. Ингэхэд чи өөрөө ваарыг олсон уу гэхэд,
- Үгүй ээ гэж залуу хариулав. Би өөрөө бодож олоогүй. Гэхдээ надад таны энэрэлт харцаас нуусан хөгшин эцэг бий, тэр л хаан таны ваар нуусан аргыг бодож олсон юм. Би зөвхөн түүний зөвлөснөөр хийсэн гэхэл хаан бодлогоширов.
-Хэрвээ нэг өвгөн ерэн есөн залуугийн олж чадаагүйг олж чадаж байгаа бол өвөгчүүл залуусаас илүү ухаантай юм шиг байна гэж тэр хэллээ.
Тэгээд тэр үеэс хойш тэр улсад хэн ч өвгөчүүлд хуруугаа ч хүргэж чадахаа больжээ. Бүгд л тэдний буурал толгой болон ухааныг хүндлэн, хэрвээ хөгшин хүнтэй тааралдах юм бол түүнд зам тавьж өгөн гүнээ мэхийдэг болжээ.


Цааш нь...

Үнэг ба хуц

Нэг удаа үнэг дээгүүр харан гүйж яваад ширгэхээ дөхсөн худагт уначихаж гэнэ. Үсрэн гарахаар олонтоо оролдсон ч чадсангүй. Яаж эндээс гарах вээ хэмээн аргаа баран бодон суув. Харин тэр үед хажуугаар нь нэгэн хуц явж байгаад худаг руу өнгийснөө... үнэг байхыг олж хараад,
- Үнэг ээ, чи наанаа юу хийж байгаа юм бэ? гэхэд үнэг:
- Амарч байна аа, хонгор минь гэж хариуллаа. Дээр халуун байна, харин энд сэрүүхэн сайхан байна шүү! Тэгээд бас хүссэнээрээ хүйтэн ус ууж болно!
Харин хуцны ам нь цангаж байлаа.
- Ус нь цэнгэг юм уу? гэж хуц асуув.
- Гайхалтай! гэж үнэг хариуллаа. Цэвэрхэн хүйтэн! Хэрвээ хүсэж байгаа бол ийшээ үсэр. Энд чамд ч надад ч зай байна гэхэд хуц худаг руу үсэрлээ, тэгтэл үнэг түүнд хэлж гэнэ:
- Өө чи чинь үсэрч чаддаггүй юм байна. Намайг тэр чигээр нь ус болгочихлоо гээд үнэг хуцны нуруун дээр үсрэн гараад, нуруунаас нь эвэр дээр нь дамжин худагнаас үсрэн гарлаа. Харин хуц худагт бараг л өлсөж үхэх шахсан юм. Түүнийг арай гэж олоод эвэрнээс нь татан худагнаас гаргажээ.


Цааш нь...

Буга тэмээ хоёр

Эрт цагт бурхан багш амьтдыг бүтээхдээ үхрийн бөөр, тэмээний засаа хоёрыг мартчихжээ. Үхрийг бөөрөө нэхэж ирэхэд нь үлдсэн бөөрний өөдөс эвлүүлж дэвлүүлж байгаад арай нэг юм бөөртэй болгож өгч гэнэ. Ингээд үхрийн бөөр үйж зүүсэн юм шиг эрээн алаг болсон юм байжээ.
Тэмээ засаагаа авах гэж ирэхэд нь мөн л үлдсэн жаахан засаагаа... өгсөн чинь,
- Би ийм том биетэй амьтан, наадах чинь даанч жижигхэн юм гээд голоод авсангүй гэнэ. Тэхлээр нь бурхан уурлаад ”Aвбал ав! Байвал бай!” гээд хойноос нь шидчихсэн чинь хоёр жижигхэн засаа ард нь очоод наалдчихаж гэнэ. Тэмээний засаа ардаа байдгийн учир энэ гэнэ.
Буга бурхан багшийг амьтанд юм хайрлаж байна гэж дуулаад эвэр гуйж очиж гэнэ. Бурхан бугад:
- Хамгийн сайхан эврийг тэмээнд өгсөн. Чи түүнээс авч чадвал аз гэж хэлээд явуулжээ. Буга тэмээтэй уулзаад,
- Эврээ ганцхан өдөр өгнө үү? Би амьтны хуриманд гоёод маргааш усан дээр уулзахдаа авч ирж өгье гээд гуйгаад байхаар нь тэмээ эврээ өгчээ.
Маргааш тэмээ усан дээр ирж эврээ авах гэж бугыг хичнээн хүлээвч тэр ирсэнгүй гэнэ. Үүнээс хойш тэмээ ус уух болгондоо буга эврийг минь өгөх болов уу гэж ийш тийшээ харж, алсын бараа харж зогсдог болсон гэнэ. Харин буга тэмээний эврийг мэхэлж авсан тул түүний эвэр нь жил болгон гуужин унадаг учиртай юм гэлцэнэ.


Цааш нь...

Хазаар өвс үндэсгүй болсны учир

Эрт урьд цагт нэг айхавтар хараалч эмгэн байж гэнэ. Тэр хараалч эмгэнийг хараал хэлэхийн завдалгүй харваж алах хүн хэрэгтэй байжээ. Чингис хаан Хасарыг энэ эмгэнийг хараал хэлүүлэлгүй харваж унага! гэж зарлиг болж гэнэ.
Хасар ч харваж, хараалч эм ч унаж гэнэ. Яагаад ч юм амь алдаж, харвасан учир тэр эм хазаар өвснөөс татаад өндийж босохыг оролдтол хазаар... өвсний үндэс нь тэрнийг даасангүй тасарчээ. Тэр эм амь тавихынхаа өмнө: “Хасарын удам мөхөг, Хазаар өвсний үндэс нь тасраг” гэсэн хараал амжиж хэлжээ. Тэрнээс болж хазаар өвс үндэсгүй болсон юм гэнэ. Хасарын удам угсаа ч бас тасарсан юм байх.


Цааш нь...

Ховдог өвгөн

Эрт урьд цагт нэг эмгэн, өвгөн хоёр амьдарч байжээ. Өвгөн нь маш хоолсог ховдог бөгөөд хэдэн малыг нь алж идсээр байгаад дуусгажээ. Эмгэн аргаа бараад ганц тугалтай үнээгээ харамлан хайрлаж, хамгаалж түүний сүүгээр амьдарч байв. Гэтэл нэг өдөр эмгэн аргал түлш түүж яваад эргэж ирсэн чинь өвгөн нь тугалыг нь алаад идчихсэн байжээ. Эмгэн уур хилэн, уй гашуу болж байж ганц үнээгээ сааж уусаар л байж гэнэ.... Нилээд хэд хоож байтал нэг шөнө хөгшин нь худлаа унтагч болж хэвтэж байгаад эмгэнийг унтмагц босч очоод ганц үнээг нь алаад идчихжээ. Эмгэн өглөө босоход зөвхөн дэлэн нь үлдсэн байж гэнэ. Тэгэхээр нь эмгэн дэлэнгий нь аваад ууланд гарч хаданд наачихаад сааж уугаад байжээ. Энэ дэлэн маш их сүү гардаг байсан болохоор, эмгэн ганцаараа ууж барахгүй бүр тараг айраг хийдэг болжээ.
Эмгэн ганцаараа баян тарган элбэг дэлбэг амьдарч гэнэ. Тэгээд нэг өдөр хөгшин маань яаж байдаг бол гэж бодоод нэг гүзээ айргийн тос, нэг тулам ааруул аваад өвгөнөө эргэхээр очжээ. Сэмхэн явсаар гэрийн нь гадаа очиж хатавчаар шагайн харвал өвгөн нь үүнийг өнөөдөр үүнийг маргааш иднэ гэсэн долоон хорголоо тоолж суужээ. Тэгэхээр нь өрхөөр нь ааруул тосоо шидэж оруулсан чинь өвгөн түүнийг авч үзээд, Ай хайрхан минь, Хаан аавын хишиг болов уу? Хатсан эмгэний хишиг болов уу? гэж хэлээд иджээ. Эмгэн сэмхэн буцаад явчихаж гэнэ.
Олон хоног өнгөрсний дараа намар болж хүйтэн сэрүүн орох үеэр эмгэн нь дахин нэг удаа хөгшнөө эргэж очжээ. Мөн л нэг гүзээ тос нэг тулам аарцтай очжээ. Гэтэл хөгшин нь хөдөлж чадахгүй болсон орон дээрээ хэвтжээ. Эмгэн мөн л өрхөөр нь тос ааруул хоёроо шидэж өгчээ. Гэтэл энэ удаад ааруул тос нь тулганы доод талд унаж гэнээ. Хөгшин ухасхийн өндийж ааруул тосны үнэр авангуут өрөвхөн залгихаар сорчихсон чинь замд нь байсан тулгаа давхар ховх сороод тулга нь хоолой дээр нь тээгэлдэж хахаж үхжээ.


Цааш нь...

Гурван алтан бэлзэг

Эрт урьд цагт нэг хаан байжээ. Тэр хаан айл зэргэлдээ олон гүрэнтэй дайтан, хамаг сан хөмрөгөө шавхаж гэнээ. Тэгээд сан хөмрөгөө аривтгахыг эрэлхийлж өдрийн бодол, шөнийн зүүдэнд дарагдан явах болжээ.
Нэг өдөр хаанд нэг бодол төржээ. Түүний албат ардын дотор алт эрдэнэ олж баяжсан нэгэн харц хүн бий бөлгөө. Тэр харц эд ...агуурсаа ядууст тарааж тэтгэдэг байжээ. Иймээс хаан тэр харцыг ялд унагаж эд агуурсы нь хураан авахаар шийдэж гэнэ. Дэлхийд лалын шашин, бурхны шашин, эрхүүдийн шашин буй бөлгөө. Энэ гурван шашны аль нь үнэн, аль нь худал буй хэмээн асууна. Хэрэв нэгийг нь үнэн, хоёрдохыг нь худал гэвэл чи тийм ариун шашныг худал гэв гээд ялд унагана. Одоо тэр миний гараас гарахгүй гэж бодоод хаантан нөгөө харцыг дуудаж:
- Орчлонд лал, эрхүүд, бурхны шашин буй бөлгөө. Энэ гурван шашны аль нь үнэн буй? Чи хэлж өгнө үү? гэсэнд харц язгуураас хэрсүү сэргэлэн, ухаан самбаатай болохоор хааны ямар урхи бэлдсэнийг тааварлаад,
- Ийм чухаг зүйлийг шүүхэд мунхаг миний ухаан яахин хүрэх билээ. Гэвч эртний нэгэн үлгэрийг жишээ татан хариулахыг бодъё, гээд өгүүлрүүн:
- "Эрт урьд цагт нэг их хаан байжээ. Тэр хааны удам судрыг сөхвөөс хаан залгамжлах хун тайждаа нэгэн алтан бэлзэг өгдөг байжээ. Алтан бэлзэг авсан хүү эцгийн орыг эзэлж өөрийн оронд суух хун тайждаа өгдөг тэр ёс улирсаар мянган үеийг өнгөрөөжээ. Гэтэл тэр хаан гурван хүүтэй тэдэндээ адилхан хайртай, тэгээд ийн боджээ. Алтан бэлзгийг ууган хүүдээ өгвөл хоёр бага нь гомдоно. Дунд хүүдээ өгвөл их, бага хоёр нь гомдоно. Отгон хүүдээ өгвөл хоёр ах нь гомдоно. Тэгээд нэг өдөр мэргэн ухаан олж, нэг дарханыг дуудан ирүүлээд нөгөө алтан бэлзгийг өгч чи үүнтэй адилхан хоёр алтан бэлзэг хий. Энэ нууцыг задалж хэрхэвч үл болно хэмээн хатуу тушаажээ. Дархан нөгөө бэлзэгтэй нь ав адилхан хоёр алтан бэлзэг хийгээд ирсэнд хаан ууган хүүгээ дуудаж нэгий нь өгөөд:
-Чи аавынхаа орыг эзлээрэй гэсэнд ууган хүү нь алтан бэлзгийг баярлан авч бусдаас нуун хадгалжээ. Хаан дараа өдөр нь дунд хүүгээ дуудан нэг алтан бэлзэг өгөөд:
-Чи аавынхаа их орыг эзлээрэй гэсэнд тэр алтан бэлзгийг баярлан авч олноос нуун хадгалжээ. Түүний дараа өдөр хаан, отгон хүүгээ дуудаж үлдсэн алтан бэлзийг өгөөд:
-Чи хаан аавынхаа их орыг эзлээрэй гэсэнд тэр мөн л алтан бэлзгийг баярлан авч түмнээс нуун хадгалжээ. Нэг сайн өдөр хаан насан өөд болжээ. Ууган хүү нуусан алтан бэлзгээ гаргаж:
-Би аавын их орыг эзлэнэ гэсэнд дунд хүү мөн л нуусан алтан бэлзгээ гаргаж.
-Би аавын их орыг эзлэн гэвэл отгон хүү нь бас л нэг бэлзэг гаргаж:
-Би бас эзлэнэ!- гэв. Албат ард цөмөөр тэр гурван бэлзгийг үзэж аль нь үнэн, аль нь хиймэл бэлзэг болохыг ялган салгаж ядааж эцэс сүүлд нь улс гүрнээ гурав хувааж, гурван хүүд адил хувь хүрээ гэсэн үг буюу хэмээн гурван хэсэг болгон гурван хүү алба барих болжээ". Таны асуусан лал, эрхүүл, бурхны шашин гурав дээрх гурван алтан бэлзэгний үлгэртэй адил буюу. Тиймээс би аль нь үнэн, аль хоёр нь худал болохыг хэрхэн ялган салгаж чадах аж дээ, гэсэнд хаан, харцын их ухаанд биширч ялд унагаж чадалгүй тавьж, харин их шан хүртээжээ. Ийнхүү харц, хартай хэрсүү хааныг давжээ.


Цааш нь...

Баадай амь зуух арга олсон нь

Баадай нутагтаа эргэн ирж хуучин авгайтайгаа нийлсэний дараа яаж амьдрах тухай төлөвлөн бодоод тун эвтэйхэн арга олж гэнэ. Энэ нь “Эхлээд харганы ноос түүж түүгээрээ эсгий хийх гэнэ. Эсгийгээ гүүнээс худалдана. Гүүнээс маань жороо унага гарна. Жороо унагаа морь болохоор нь гэрээр наймаална. Тэгээд л болох нь тэр” гэж шийдээд гадуур гартал нэг худалдаачин хүн “Илүү гэрээ худалдана”... гэхээр нь “Чамд жороо морь нэгийг өгье! Гэрээ надад өг!” гэсэнд тэр хүн зөвшөөрч гэнэ ээ.
Тэгээд Баадай гэрий нь аваад явах гэтэл өнөөх хүн “За Баадай минь, нөгөө жороо морио аваад ир!” гэсэнд Баадай
“За маргаашаас эхлээд харганы ноос түүнэ. Түүгээрээ эсгий хийн. Эсгийгээ гүүнээс өгнө. Гүүнээс минь жороо унага гарна. Унагаа сургаад морь болгоно. Морь болсон хойно нь чамд өгөх юм шүү дээ!” гэж гэнэ.



Цааш нь...

Соломбо хаан

Эрт урьд цагт Соломбо хаан гэж нэг хаан байжээ. Энэ хаан их баян боловч үр хүүхэдгүй юмсанжээ. Энэ хааны нэг ядуу зарц хүн олон хүүхэдтэй айжээ. Хамгийн бага хүү нь гурван настай сэгсгэр үстэй хүү гэнэ. Тэгсэн чинь нэг лам хааныд очоод
“Энэ ядуу айлын сэгсгэр үстэй хүү чиний өвийг хураах хүү байна даа” гэжээ.
“Энэ гуйлгачин айлын сэгсгэр хүүд өвөө идүүлэхгүй” гэж хаан бодоод нэг өдөр тэр ядуу айлд очиж өнөө хүүг гуйхад нь эх нь өгөх дургүй байв. Эцэг нь “Баян хаан хүн тул өгнө” гээд өгчээ. Хаан эцэг эх хоёрт нь их... алт өгөөд хүүгийн сэгсгэр үснээс атгаж аваад явжээ. Хаан хээр очиж тэр хүүг их хөр цасанд амьдаар нь булж орхив. Гэтэл нэг чавганц цас үүрэхээр явж хөр цасны дэргэд хүртэл хүүхэд уйлах чимээ гарсанд өнөө хөр цасыг ухаж хүүг гаргаад нэг баян айлд аваачиж өгөв. Тэр айл баярлан авч тэжээн өсгөж нэг баян айлын ганц охиныг тэр хүүдээ гуйж эхнэр болгон авч өгөв. Сэгсгэр хүүг сайхан эр болсныг Соломбо хаан сонсоод
“Яаж алах билээ!” гэж боддог болжээ. Нэг өдөр хүүг дуудуулан ирүүлээд
“Чи эрлэг номон хааныд очиж үхсэний өв, хатсаны хаг авч ир!” гэж тушаав. Хүү гэртээ буцаж ирээд хааны тушаасныг хэлсэнд эхнэр нь өгүүлрүүн
“Эрлэг номон хааынд биеэрээ очиж болно. Харин замдаа авч явах зүйлийг чинь би бэлтгэж өгнө!” гээд нэг шуудай нүд, нэг шуудай шөрмөс, нэг шуудай хужир өгч “Үүнийг аваад яв! Замд чинь “Нүдтийн орноос ирсэн хүн байна, нүдийг чинь иднэ” гэж хэрээ хэлнэ. Түүнд нэг шуудай нүдээ асгаж өгөөрэй. Түүнээс цааш нэг чавганц ирж “Шөрмөстийн орноос ирсэн хүн байна, шөрмөсий чинь шөрмөслөж авна” гэнэ. Түүнд шуудай шөрмөсөө асгаж өгөөрэй” гэв.
Явах замд нь эхнэрийн нь хэлсэн зүйлүүд бүгд тохиолджээ. Захисан ёсоор нь гүйцэтгээд явж байтал нэг эмэгтэй хүн үхрийн эвэрт өлгөгдсөн байв. Тэр эмэгтэй
“Хүү чи хаана очиж явна вэ?” гэв. Хүү:
“Эрлэг номон хааныд очиж явна” гэжээ.
“Яасан сайн юм бэ? Би мянган галав өнгөртөл энэ үхрийн эвэрт өлгөөтэй явж байна. Салж чадахгүй нь. Ямар учиртай болохыг эрлэг номон хаанаас асууж өгнө үү?” гэж захижээ. Тэндээс цаашаа нэг далайг гатлаад явж байтал олон хүн сүм дуган барих гэж ноцолдож ядан байв. Барьсан нь нурж эвдрээд ер тогтохгүй байна гэнэ. Тэгээд хүмүүс хүүгийн хаана очиж явааг асуув. Хүү тэдэнд яваа учраа хэлсэнд тэд
“Бид нарын барьсан сүм суварга ер тогтохгүй ямагт эвдрэн нураад байх юм. Та үүний шалтгааныг эрлэг номон хаанаас асууж өгнө үү?” гэж захив.
Тэндээс цаашаа явж байтал усны эрэг дээр нэг хүн онгоцондоо наалдаад салж чадахгүй суухыг үзлээ. Тэр хүн хүүгийн хаана очихоор явааг асууж мэдээд “Би энэ онгоцонд наалдсаар хэдэн галав өнгөрөв. Үүнээс салж чаддаггүйн учрыг эрлэг номон хаанаас асууж өгнө үү?” гэж гуйжээ. Мөн тэндээс цаашаа явж байтал нь алт, мөнгөн хоёр хүн “Чи үнэтэй юу? Би үнэтэй юу?” гэж бие биеэ ташуурдан байв. Хүү цаашаа явж эрлэг номон хааныд хүрээд очтол нь хаан эзгүй учир хатан гарч ирэв. Энэ хатан бол хүүгийн эгч байжээ. Урьд энэ хатныг Соломбо хааныд зарц байхад нь хангарьд шувуу шүүрч авчраад эрлэг номон хааны хатан болгож өгсөн байжээ. Эгч нь дүүгээ таниад
“Энэ газар амьд ирдэг хүн байдаггүй юм. Чамайг нуухаас өөр аргагаүй болов” гэж газар малтаж нүхэн дотор суулгаад дээрээс нь модоор таглаж шороогоор хучаад дээр нь гал түлж галлан байв. Дүү нь зам загуу захисан олон хүний үгийг эрлэг хаанаас асууж өгөхийг эгчдээ хэлэв.
Орой болж хаан гэртээ иртэл хааны унаж явсан хар морь нь хотондоо ойртохгүй, үнэртэж хамраа хорд хорд дуугарган үргэхэд хаан хатандаа хэлжээ.
“Мэргэн шар төлгийг минь авч ир, морь минь хотондоо ойртохгүй байдаг чинь ямар юм болоо вэ?” гэхэд хатан мэргэн шар төлгий нь дээгүүр гурван удаа алхаж, шар гичийн доогуур гурав дахин шургуулаад аваачиж өгсөнд хаан төлөг тавьж үзвэл “Үнсэн тэв, шороон тэв, модон тэв, энэ гурван тэвийн дор зэс хошуутай хүн байна” гэж төлөг нь буужээ. Тэгэхээр нь хаан уурлаж “Ийм юм хаана байх вэ? Энэ төлөг юм мэдэхгүй болжээ” гээд төлгөө усанд хаяжээ. Хаан гэртээ орж хүнгүй байхыг үзээд тайвширч хоолоо идээд унтах болжээ. Гэтэл хатан “Урьд гарьд шувуу намайг энд авчрах замд нэг эхнэр хүн үхрийн эвэрт өлгөгдсөн байсан тэр яасан хүн тийм байдаг юм бэ?” гэхэд
“Тэр бол урьд түүнээс нэг ядуу хүн хүүхдэдээ уулгах гэж сүү гуйхад нь эс өгсөн учраас тийм болжээ” гэв.
Хатан бас
“Мөн замд олон залуус сүм суварга барьж ядан байв. Барьсан нь нурж эвдрээд тогтохгүй байсан. Энэ ямар шалтгаантай юм бэ?” гэв. Хаан:
“Тэдгээр хүмүүс урьд, сүм суварга зэргийг эвдэж явснаас одоо өөрсдөө юм хийх гэхэд нь бүтэхгүй байгаа нь тэр” гэжээ.
Хатан
“Бас нэг хүн усны онгоцонд наалдаад салж чадахгүй байсан, энэ ямар учиртай юм бэ?” гэхэд
“Тэр урьд, амьтныг усаар гаргаж өгөхдөө туйлын их хонжиж мөлжиж байсан учраас тийнхүү наалдсан юм. Одоо салах ойртож байгаа” гэжээ.
Хатан бас асуув: “Алт, мөнгөн хоёр хүн зам дээр байсан. Түүний алт мөнгөнөөс авч болдог юм уу?” гэхэд
“Гуйгаад байгаагийн нь хэрээр авч болно” гэжээ. Маргааш өглөө нь эрлэг хаан замбуутивийг эргэхээр явав. Энэ завсар хатан дүүгээ нүхнээс гаргаж хоол идүүлж хааны хэлсэн бүгдийг хэлж өгөөд дүүгээ явуулжээ. Хүү буцахдаа мориныхүү даах хэрээр алт, мөнгө аваад захисан хүн бүгдийн хариуг хэлээд гэртээ ирж эхнэртээ
“Чиний бэлтгэж өгсөн зүйлүүдийн ачаар амьд мэнд явж ирэв. Өдий их алт, мөнгөтэй болов” гэж баярлан хэлэв.
“Энэ муу яваад өдий их алт мөнгө олоод ирсэн байхад хаан би явбал улам илүү их юм олж ирнэ” гэж бодоод аян замдаа яаравчлан мордов. Гэтэл замд нь өнөө хэрээ, чавганц, буур зэргийн дайсан учирч тэдэнд идэгдэж мөлжигдөж, туйлын их ядарч, арай гэж амьдын төдий явж, онгоцонд наалдсан хүний дэргэд очоод уурлаж
“Чи юунд энд суусан юм бэ?” гэж ховх татан хаяад өөрөө оронд нь суутал онгоцтой нь наалдчихжээ.
Харин өнөө хүү эхнэртэйгээ хамт тэр хааны өвийг эзэмшин амар сайхан жаргав гэнэ.


Цааш нь...

Адуу манасан нь

Баадай дээр нэг танил нь ирээд “Баадай минь энэ шөнө чи манайд адуу манаж өгөөч, хүн олдохгүй байна” гэж гуйсанд Баадай дуртайяа зөвшөөрч гэнэ. Тэгээд Баадай адуу манагч хүн гэгдэн өдөржин бэлдэж хоол цайг нь идэж ууж амраад оройхон болоход нөгөө адууны эзнээс,
- Адуу манах хэцүү юу хө? гэж асуусанд,
- Адуу ч манахад амархаан, ганцхан шөнийг өнгөрөөж үүр ...цайлгах л хэцүү дээ! гэж гэнэ. Баадай, адуугий нь туугаад гарч гэнэ. Маргааш өглөө нь Баадай нөгөө айлын гэрийн гадаа хоосон хүрч ирээд,
- Адуу ч яахав, үүр цайх нь цайлаа одоо яахав гэсэнд гэрийн эзэн,
- Баадай минь адуугаа яав аа? гэсэнд Баадай,
- Би адуугий чинь ч хараагүй шүү, харин хэцүүгээр нь шөнийг нь манаад арайхийж үүр цайлгалаа” гэж гэнэ.


Цааш нь...