Нар, сар хиртдэг болсон нь

Эрт балар цагт бурхан багш хүнийг бүтээхдээ цэцгээс гаргадаг байж гэнэ. Тэгээд түүний өсч бойжиж, идэх уух болон амьдралын бүх хэрэгцээ нь цэцгээс бүрддэг байжээ. Тийм учраас тэр үеийн хүн үхэхгүй мөнх, үгүйрэхгүй баян, өнө үүрд жаргалтай амьдардаг бөгөөд гэгээ гэрлээ ч биеэсээ гаргадаг байв. Хойно нь хүн буянаа даахгүйдээ хорон санаа нь ихдэж зарим нь хүн алж зарим нь хулгай хйиж элдэв бусын муу ажлыг хийсээр байгаад өөрийн бие дэх гэгээ гэрлээ барж харанхуй балар ертөнцөд орсон гэнэ.
Тэр үед орчлон ертөнцөд нар, сар гэдэг юм байсангүй. ... Хүн төрөлхтөн гэгээ гэрлээ алга болгосноос зарим нь ус мөрөнд унаж, зарим нь уул хад руу нисч үхээд амьдрах аргагүй болж гэнэ. Ингээд эцэс сүүлдээ хүн төрөлхтөн нэгэн элч томилж бурхан багшаас аврал гуйлгахаар явуулжээ.
Элч бурхан багшид учраа хэлж, яаж гэгээ гэрэл гаргах тухай асуусанд, бурхан багш,
- Хүн гэдэг амьтан бол цэцэгнээс төрсөн цэвэр ариун амьтан байлаа. Өөрсдийн буруу үйлээс болж, үнээ барж, өнгөө гээжээ. Үүнээс хойш цэцэг шиг цэвэрхэн, гэрэл шиг гэгээтэй амьдарч чадахгүй гэж хэлжээ. Элч үүнийг сонсоод,
- Тэгээд одоо яах билээ? Ингээд харанхуй орчлонд амьдарч болохгүй биз ээ? Гэхэд бурхан багш юм дуугарсангүй. Элч,
- Хүмүүс бид тун буруу зүйл хийжээ. Буруугаа хүлээе. Та заавал нэг гэгээ гэрэл гаргах арга хайрла, үгүй бол хүн бүр үхэж барагдах нь хэмээн бүхий л аргаар гуйж эхэллээ. Бурхан багш аргагүйдэж,
- За яахав. Та нар буруугаа мэдсэн бол болжээ. Би нэг арга гаргая гэж хэлээд, өнөө элчид нэг эрдэнийн бүлүүр өгч,
- За, чи энэ бүлүүрийг аваад яв. Гадаад далайн хөвөөнд хүрээд, далайг хоёр бүлчихээд ир, илүү бүлж огт болохгүй шүү гэж захижээ. Өнөө элч тэр бүлүүрийг аваад гадаад далайн хөвөөнд хүрээд нэг бүлсэнд сайхан гэгээтэй сар гарч ирж гэнэ. Бас нэг бүлсэнд улам сайхан гэгээтэй нар гарч ирж гэнэ. Хүний элч түүнийг үзээд улам баярлаж “Хүүе, энэ чинь яасан сайхан эд вэ? нэг бүлэхэд нэг нь нэгээсээ сайхан гэрэл гэгээтэй юм гарч ирдэг. Би одоо хүн төрөлтөнд гэгээ гэрэл авч ирсэн гавьяатан боллоо. Дахиад нэг бүлчихвэл улам сайхан гэрэлтэй юм гарчихаж магадгүй” гэж бодоод бурхан багшийн хэлснээс зөрөөд өнөө бүлүүрээрээ гадаад далайг бас нэг бүлсэнд, харин нар сарыг барьж иддэг Раах* гараад ирж гэнэ. Раах элчид,
- За, чи намайг гаргаж ирсэн чинь сайн боллоо. Бурхан багш намайг дараад их удлаа. Чи надад ямар алба өгөх гэж байна даа? гэж асуухад, айж сандарсан элч сая л ухаан орсон юм шиг,
- Өө, өгөх албагүй, өгөх албагүй гэж хэлэв. Раах үүнийг сонсоод ууртайгаар,
- Өгөх албагүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэгээд чи намайг яах гэж гаргаж ирсэн юм бэ? хэмээн зандран асуув. Элч улам сүрдэж,
- Би бурхан багшийн үгэнд орсонгүй, ийм юм боллоо гэж үнэнээ хэлсэнд Раах улам уурлаж,
- Хн, чи бас л муу ажил хийлээ дээ гэж хэлчихээд нар, сар хоёрыг нь хөөгөөд алга болов. Элч уруу царайлан бурхан багшид хүрч очиход бурхан багш,
- За юу болов? Нар, сар гарч дэлхий гэгээрэв үү? гэж асуусанд элч,
- Гарлаа, гарлаа гэж хэлээд урамгүйхэн толгойгоо унжуулж зогсов. Бурхан багш,
- За, болж болж. Чи одоо харь гэсэнд элч уруу царайлан зогссоор байв. Бурхан багш гайхаж,
- Үгүй, чи чинь яасан бэ? Хүн төрөлхтөнд нар, сар гаргаж гэрэл гэгээтэй болгосондоо баярлах ёстой шүү дээ гэхэд элч үг хэлж чадсангүй. Хэрэг муу болсныг бурхан багш мэджээ. Тэгтэл гэнэт тэнгэр харанхуйлж эхэллээ. Бурхан багш түүнийг үзээд элчээс,
- Чи бүлүүрийг илүү бүлсэн биз? Раах яасан? гэж асуухад элч үнэнээ хэллээ. Бурхан багш,
- Раах гэдэг амьтан бол туйлын хорчин амьтан юм. Түүнийг одоо дарахгүй бол нар, сарыг идэж, тэнгэр газар дахин харанхуйлна гэж хэлээд гарч явав. Бурхан багшийг явсны дараа Раах сэм гэрт нь орж ирээд ширээн дээр нь байсан эрдэнийн бумбыг авч мөнхийн рашааныг нь залгилчихаад, мөнх амь орж, эрдэнийн бумбанд шээж орхиод дутаав гэнэ.
Бурхан багш Раахыг хайж хайж олсонгүй буцаж ирэхэд ширээн дээр нь байсан эрдэнийн бумбыг амьтан хөдөлгөсөн янзтай байна гэнэ. “Үүнийг хэн хөдөлгөдөг билээ” хэмээн авч үзсэнд бумбатай мөнхийн рашаан нь үгүй болж, оронд нь үмхий шээс хийсэн байлаа. Бурхан багш маш ихээр уурлаж,
- Энэ муу Раах хэтэрч байна. Тэр миний эрдэнийн бумбатай мөнхийн рашааныг хулгайлж уугаад мөнх амьтай болсноор барахгүй, бурханыг бузарлаж эрдэнийн бумбанд минь шээсэн байна. Одоо энэ муу амьтныг хурдан барьж устгахгүй бол орчлонгийн амьтан тэсэхгүй гээд мөрөөр нь мөшгин хайлаа. Замдаа сартай таарч Раах хашаа явсныг заалган араас нь хөөсөн боловч Раах гүйцэгдсэнгүй хол явсан байлаа. Замдаа мөн нартай тааралдаж Раахын барааг нарын гэрэлд олж хараад барихаар хөөлөө. Раах мөнхийн рашаан ууж хурдан, хүчтэй болсон тул бурхан багш эс гүйцэв.
Бурхан багш гартаа барьж явсан очироо* Раахын араас шидэхэд очир Раахыг дундуур нь тас цохиж гэнэ. Тасарсан Раахын доод хагас бие нь гадаад далайд унаж алга болов. Дээд хагас бие нь цааш дутаасанд бурхан багш түүнийг үзээд “Бөгсгүй цээж ч хэдийхэн хэрэг гаргаж чадах аж” гэж бодоод дахиж Раахыг хөөсөнгүй, буцаж гэнэ. Бурхан багшийн буцсаны дараа Раах эрэмдэг болсноо мэдэхгүй нар, сар хоёроос хариугаа авах гэжээ. Явсаар сарны дэргэд ирээд,
- Чи муу гайхал намайг бурхан багшид зааж өгч, би ийм боллоо. Чамайг би гурван сард нэг барьж иднэ гэж сүрдүүлсэнд, сар түүнийг тоосонгүй, гурван сар болоход нэг удаа үүдээ хааж, Раах гаднаа хорьдог болсон гэнэ. Раах нарыг хөөж очоод,
- Чи муу гайхал намайг бурхан багшид зааж өгснөөс би ийм боллоо. Би чамайг гурван жилд нэг барьж иднэ гэж сүрдүүлсэнд сар түүнийг тоосонгүй гурван жилд нэг удаа үүдээ хааж, Раахыг гаднаа хорьдог болсон гэнэ. Түүнээс хойш нар гурван жилд нэг хиртдэг, сар гурван сард нэг хиртдэг болсон гэнэ. Нар, сар хиртдэг нь Раах хэлсэн цагтаа ирж, барьж идэх гэхлээр үүдээ хааж байгаа нь тэр гэнэ.


Цааш нь...

Чөтгөрөөс салсан нь

Эрт урьд цагт нэг бадарчин эзгүй говийг туулж явжээ. Орой болоход айл таарсангүй. "Хээр хонох болох нь" гэж бодож явтал нэлээд хол газар гэр шиг цагаан юм харагджээ. Бадарчин ихэд баярлаж айлд очиж хонохоор алхаагаа түргэтгэн явсаар очтол гэр биш өгөршсөн сүүжний яс байж гэнэ. Нэгэнт гэгээ тасарч байсан тул аргагүй тэндээ хонов. Шөнө нойрон дунд нь ганц нүдтэй чөтгөртэй зодолдоод болохоо байхаар нь бадарчин уурлаж "Энэ муу чөтгөр ямар хайшаа юм? хүнийг зүгээр байлгахгүй" гээд ... аманд нь атга хөмүүл чихсэн чинь,
- Яасан гашуун юм гэж хашгирч байна гэж шөнөжин зүүдлээд хоножээ. Маргааш өглөө нь бадарчин үүргээ үүрээд нэлээд хол яваад өчигдөр шөнийн чөтгөртэй ноцолдсон нь санаанд орж, дагаж яваагүй байгаа гэж бодоод,
- Одоо яаж байна? гэж асуусан чинь,
- Гашуун байна гэж чөтгөр хариулав. Энэ муу чөтгөр надаас салахгүй юм байна гэж бодоод амандаа ном уншиж баахан явж байгаад,
- Одоо яаж байна? гэж асуухад,
- Гашуун байна гэж. Бадарчин чөтгөрөөс хурдан салах гэж нэг живаа ном уншсан боловч чөтгөр туж дагаад салж өгсөнгүй. Мөн тэгж явсаар орой болоход нэг айлд хүрч ирэв. Бадарчин тэр айлд бууж, хоол унд идэж уугаад унтахаар хэвтэв. Тэгээд нөгөө чөтгөр одоо нэг салсан байлгүй гэж бодоод,
- Одоо яаж байна? гэж асуутал,
- Гашуун байна гэж орон дотор нь дуугарав. Бадарчин чөтгөрөөс яаж нэг салья даа гэж бодож байснаа гэнэт нэг арга олж,
- Чи унтаж бай. Би гарч шээчихээд ирье гэж хэлчихээд гарч явав. Бадарчин айлын гадна гараад, - Одоо яаж байна? гэж асуусанд юу ч дуугарсангүй. Бадарчин баярлаж тэр чигтээ цаашаа алхав. Өглөө нь айлын хүмүүс босч цай ундаа уугаад, бадарчинг босохгүй болохоор нь "Энэ бадарчны бие нь өвдсөн юм биш биз" гэж ярилцаад хөнжлийг нь сөхөөд хартал өгөршсөн сүүжний яс хэвтэж байжээ. Гэрийн эзэд цочин сандарч,
- Өчигдрийн ирсэн бадарчин чинь чөтгөр байсан байжээ гэж хэлэлцээд өгөршсөн сүүжний ясыг галд хийж түлсэн чинь,
- Гашуун байна. Гашуун байна гэж хашгирсаар түлэгдэж үнс болсон гэдэг. Үүнээс хойш монголчууд идсэн малынхаа сүүжний ясыг гэрт хонуулдаггүй нь ийм учиртай юм гэнэ.


Цааш нь...

Алт мөнгө бол чулуу, арвай буудай бол амьдрал

Эрт урьдын цагт алт мөнгө хоёроос өөр үнэтэй зүйл хорвоо дэлхийд байхгүй гэж боддог нэгэн хомхой хаан байж. Тэр хаан энэ дэлхийн алт мөнгөн эдлэл болгоныг гартаа оруулж авахсан гэж өдрийн бодол, шөнийн зүүд болдог юмсанж. Тиймээс бусдын хөлс хөдөлмөрөөрөө олж авсан үнэт зүйлсийг ямар ч аргаар тонон дээрэмдэхээс буцдаггүй байж. Хаан харьяат албат иргэдийнхээ хамаг алт мөнгийг хамж дуусчээ. Тэгээд өөрийн нэр төрөө мандуулах гэж гоёмсог орд харш босгохоор шийдэж гэнэ. ...
Тэрээр албат түшмэддээ,
- Мөнгөн дээвэртэй алтан туургатай эрдэнийн чулуун чимэгтэй, алсаас гялалзан харагдахаар орд харш барь гэж тушаажээ. Тэгтэл тэр нутагт ган гачиг болж газар тариалан хувхайрч өлсгөлөн тохиолдов гэнэ. Ийм гай гамшиг олонтоо тохиолддог учраас зовлон үзсэн ард олон өнөөдөр ганц аяга будаа олсон бол маргаашаа мартаж болохгүй хагасыг нь үлдээе хэмээн ярилцдаг байж.
Туранхай хонь, хивэгтэй атга будааны үнэ тэнгэрт хадаж түүнийг ард олон алт мөнгөн эдлэл, ээмэг бөгж хувцас хунарынхаа чимэг мөнгөн товч тэргүүтнээр солин авахад хүрч гэнэ. Тэгтэл нөгөө хомхой хаан баярлахын эрхээр баярлаж арвай буудай адуу малаа алт мөнгөөр арилжаад л арилжаад л байж. Нэг мэдсэн чинь атга будаа ч үгүй, алж идэх ганц төлөг ч үгүй бүгдийг нь солиод дууссан байжээ.
Эд юмандаа бах нь ханасан хаан өлсөхийн эрхэнд алт мөнгөнийхөө хагасыг идэх хоолоор солихоос доо гэж харамсан бодоод арвай буудай адуу малаар солих гэтэл харин үүнийг нь авах хүн олдсонгүй. Алтаа идэж, мөнгөө мэр гээд арвай буудай өгөх хүн гарсангүй. Өлбөрч үхтлээ туламтай алтан дээрээ сууж бай гэж хүмүүс хашгиралдав. Чамайг алтан хувалз сорж мөнгөн могой багалзуурдана гэж зүхэж гэнэ. Шунаг хаан ордондоо очоод алт мөнгөнийнхөө авдрыг нээж,
- Олон түмэн минь алтнаас авч ганц шуудай гурил өгөөч дээ гэж хашгирчээ. Нэг ч хүн хариулсангүй. Өглөө нь хаан дахиад л хаалгаа дэлгэж,
– Ардууд аа алт мөнгө, бүх эрдэнэсээ аяга гурилаар өгье, авах хүн байна уу гэж хашгирчээ. Бас л хариулсангүй. Дараа өдөр нь хаан,
- Бүх хөрөнгөө зүсэм талхнаас өгнө гэж хашгирсан ч хэн ч авсангүй. Ингэж тэр хомхой сэтгэлтэй тэнэг хаан алтан ордондоо өлбөрч үхжээ. Түүнийг үхсэний дараа ордных нь чулуун довжоон дээр "Алт мөнгө бол чулуу, арвай буудай бол амьдрал" хэмээн сийлсэн ажээ.


Цааш нь...