Сарны тухай

Урьд нэг эмэгтэй хүүхэддээ хөнөг* бариулаад голоос ус аваад ир гээд явуулжээ. Тэгсэн чинь тэр хүүхдийг сар аваад явчихаж гэнэ. Хөнөг барьсан хүүхдийн дүрс саран дээр байдаг нь ийм учиртай гэнэ. Тийм учраас монголчууд сартай шөнө хүүхдийг усанд явуулах дургүй байдаг аж.
Усанд явсан хүүхдийг хурдан буцаж ир гэж дуудахдаа ... «Нохой хахлаа, усаа хурдан авч ир!» гэж дууддаг байна. Нохой барагтай бол хахдаггүй, хахлаа ч гэсэн үхнэ гэж ер байдаггүй гэнэ. Тийм учраас нохой хахахад хүмүүс баяжна гэж бэлэгшээдэг болжээ. Усанд яваад удсан хүүхдийг ийнхүү баяжихыг бэлэгшээж «Нохой хахлаа!» гэж дууддаг байна.

*Хөнөг - Шингэн зүйл агуулах сав


Цааш нь...

Нохой хүнд нөхөрлөх болсоны учир

Уг нь нохой хань нөхөргүй гав ганцаар амьдардаг байв. Тэгээд ижил хань эрж явсаар чонотой тааралдаж гэнэ.
- Чоно гуай хоёул хамт амьдарвал ямар вэ? гэсэнд чоно,
- Болно, болно гээд нэг дор байх болов. Нохой нэгэн шөнө алсын анир чимээ аваад шөнөжин хуцаад чоныг унтуулахгүй байв.Чоно, ...
— Нохой чи битгий хуцаад бай! Чиний дуугаар баавгай хүрээд ирж мэднэ гэв. Нохой өглөө эртлэн босоод чоныг унтаагаар нь орхиод баавгайтай нөхөрлөхөөр яваад өгчээ. Чоно түүнээс айж байхыг бодвол их хүчтэй амьтан байгаа байх гэж бодоод, ой модон дотор баавгайг эрж явсаар арай чуу гэж олж уулзав. Нохой,
- Баавгай тантай би нөхөрлөхөөр ирэв гэсэнд баавгай хамт байхыг зөвшөөрөв. Мөн нэг шөнө нохой анир чимээ авсан юмуу хуцаад амар заяа үзүүлсэнгүй гэнэ. Баавгай,
— Чи дуугаа тат! Арслан чиний дуугаар бидэн дээр хүрээд ирж мэднэ гэв. Нохой, арслан гэж баавгайнаас хүчтэй амьтан байх нь Түүнтэй л очиж нөхөрлөе гэж санаад баавгайнаас салж явав. Арсланг олж уулзаад,
— Би тантай хамт амьдрахаар ирлээ гэвэл арслан мөн зөвшөөрчээ. Нохой бас л сурсан зангаараа шөнө хуцаж арслангийн тавыг алдуулав. Арслан,
— Чи бүү чимээ гарга! Хүн хөх төмрөө барьж ирээд биднийг алчихна гэв. Нохой маргааш өглөө нь арсланг айлгадаг тэр хүн гэдэг амьтантай нөхөрлөе гэж бодоод явав. Нэгэн хүнтэй уулзаад,
— Би тантай хамт амьдрахаар ирлээ гэсэнд хүн дуртай зөвшөөрч хамт суух болов. Нэг шөнө нохой хуцаж гарсанд хүн босож ирээд,
— Туу! туу! гэв. Тэгээд нохой энэ хүнээс илүү хүчтэй амьтан байдаггүй юм байна гэж бодоод хүнтэй нөхөрлөж одоо болтол хамт амьдарч байдаг гэнэ.


Цааш нь...

Эмзэгхэн гүнжийн үлгэр

Эрт урьд цагт энхжин тогтносон нэгэн улсад угсаа залгамжлах цорын ганц хүүтэй сайхан сэтгэлт хаан, хатан хоёр аж төрөн суудаг байжээ. Эрх дураараа өссөн ханхүү нас биед хүрч нэгэн өдөр хаан аав, хатан ээждээ бараалхан ийнхүү хэлж гэнэ. “Хамгаас хайрт аав, ээж хоёр минь ээ. Би ганцаараа байхаас уйдаж залхлаа. Одоо гэрлэх хүсэлтэй байна. Би жинхэнэ гүнжийн шинж бүрдсэн, угсаа язгуур сайтай хааны охиныг хайж олох болно” гэжээ. ...

Ингээд өглөөний нар мандахад үүлэн цагаан морио унаад гүнжийн эрэлд гарч хөрш зэргэлээх хаант улсуудаар хэрэн хэсэж явав гэнэ. Яваад л байж, яваад л байж. Ханхүү олон гүнжтэй уулзсан боловч тэдний аль нь ч түүний мөрөөдлийн гүнж биш байлаа. Нүд нь онигор, нүүр нь сэвхтэй, хамар нь том, хацар нь цулцгар, эцэнхий туранхай, эмсгий шүдтэй, махлаг бүдүүн, майга хөлтэй гээд гүнж бүхэнд ханхүүгийн сэтгэлд нийцэхгүй ямар нэгэн өө байжээ. Ингээд л түүний эрэл мухардаж нутаг буцахаас өөр аргагүй болж гэнэ. Явж явж ядарч туйлдан, горьдлого тасарсан ханхүү их л уруу царайтай гэртээ иржээ. Тэгээд шууд л өрөөндөө орж тааз ширтээд гиюүрэн хэвтлээ.

Гэнэт бараан үүл хуралдан бүүдийгээд тэнгэр дуугаран, цахилгаан цахиж, ширүүн аадар орлоо. Энэ нь ханхүүд хурмаст тэнгэр түүнтэй уйтгар гунигийг нь хуваалцан уйлж байгаа юм шиг санагджээ. Хаан, хатан хоёр хүүгийнхээ ийнхүү шаналж байхыг хараад сэтгэл нь их зовних ажээ. Гэтэл шөнө дөлөөд хэн нэгэн ордны хаалгыг цохиж гэнэ. Хаалгач “Энэ усан борооноор хэн ирдэг байна аа” гэж бодоод дэнлүү барьсаар очиж, шагайвчаар харвал бороонд шалба цохиулсан залуухан бүсгүй зогсож байв гэнэ. Тэр “Намайг оруулаач” гэж царайчлан гуйжээ. Хаалгаа нээвэл түүний үс гэзэг, хувцас хунарыг нь дагаад борооны ус шоржигнотол гоожиж байлаа.

Хүмүүс ярилцах чимээнд сэрсэн хаан, хатан хоёр ордны хаалга руу дөхөж ирэхэд өнөөх бүсгүй,
- Би харь гүрний хааны гүнж билээ. Ойд зугаалан эрвээхий хөөж байгаад бараа бологчдоосоо төөрчихсөн юм. Гэтэл түнэр харанхуй болж, ширүүн аадар бороо ороод шалба цохиулчихлаа. Азаар алсаас харагдах гэрлийг чиглэн явсаар энд ирлээ гэж учирлажээ.

Тэд охиныг ордондоо оруулан хуурай хувцас өмсгөж бүлээн сүү уулгав. Хатан “Суугаад дулаацаж бай охин минь, одоохон чамд ор засаж өгье, сайхан унтаж амар” гэж хэлэх зуур түүний санаанд нэг юм зурсхийн орж ирлээ. Хатан шивэгчнээрээ ор засуулахдаа “Нэг ширхэг вандуйн дээр хорин зөөлөн гудас, хорин хөвсгөр хөнжил тавиарай” гэж шивнэжээ. Тэгээд “Үнэхээр гүнж мөн эсэхийг чинь шалгаж мэдэхэд амархан, жинхэнэ гүнж л энэ вандуйны үрийг мэдэрч чадах эмзэг танхил биетэй байж таарна” гэж боджээ.

Ядарч туйлдсан өнөөх бүсгүй ямар ор засаж өгснийг анзаарах ч сөхөөгүй дэрэн дээр толгой тавиад л зүүрмэглэж эхлэв. Маргааш өглөө нь хатан өнөөх бүсгүйгээс яажшуухан унтаж амарсныг нь асуувал,
- Намайг хонуулсанд тань туйлын их баярлалаа. Тус болсон хүмүүст гомдол мэдүүлэлтэй биш дээ. Гэхдээ үнэнийг хэлэхэд би бүхэл шөнийн турш багагүй зүдэрч хоносон шүү. Доороос нэг хатуу юм нухаад, бие минь сүрхий буларчихлаа гэж хариулжээ. Хатан үүнийг сонсоод түүнийг жинхэнэ гүнж болохыг нь мэдэж дуу алдан баярлав гэнэ. Хаан, хатан руугаа гайхан харав. Тэгтэл хатан нь түүнд бүх учрыг тайлбарлан ярьжээ. Тэгээд хатан энэ баярт мэдээгээ хүүдээ дуулгахаар яаран гүйж одлоо.

Энэ үеэр охиныг усанд оруулж, гоёмсог сайхан даашинз өмсүүлэхэд үнэхээр л жинхэнэ гүнж ийм байдаг болов уу гэмээр үзэсгэлэн төгс харагдаж байлаа. Гүнжийг харсан ханхүү ч мөнөөх охины гоо сайхныг шагшин гайхаж ухаангүй дурлаж гэнэ. Гүнжид ч гэсэн ханхүү ихэд таалагдсан тул тэд удалгүй гэрлэн аз жаргалтай амьдарч, амар сайхан жаргажээ. Жинхэнэ гүнжээ олж авахад нь тусалсан өнөөх ганц ширхэг вандуйны үрийг ханхүү эрдэнэсийн хайрцагтаа нандигнан хадгалсан гэдэг.


Цааш нь...

Хүн урт наслах болсон нь

Эрт урьд цагт хүн их богино насалдаг байж гэнэ. Тэгээд хүн урт насалж, удаан жаргахын төлөө дээд тэнгэрээс насан хутаг гуйхаар нохой, илжиг, сармагчин гурвын хамт Бурханд бараалхаж гэнэ. Бурхан,
- За, та дөрөв ямар учиртай ирэв гэж асуусанд. Тэд,
- Бид урт насалж, удаан жаргахын тулд багш танаас насан хутаг гуйхаар ирлээ гэв. Бурхан,
- Өө, тийм үү? Болно, болно гээд тэр дөрвийг суулгаж, тус бүр гучин нас өгөөд,
- Та нар гучин жил амьдарцгаа, болно биз дээ гэж асуув. ...

Хүн энэ үгийг сонсоод “Би тийм их холоос ирчихээд, гучхан жилийн нас авна гэдэг чинь...” гэж чамлав. Илжиг Бурханы хэлснийг сонсоод “Бид чинь хүнд зарагддаг амьтан шүү. Энэ хар толгойт хүний зарц болж, тэднээр гучин жил унуулж, тээрэм татаж, усыг нь ачиж зүдрэхийн оронд арван таван жил амьд явбал болно” гэж бодоод,
- Би таны хайрласан гучин насыг хүлээж дийлэхгүй юм байна. Энэ насныхаа хагасыг хайрлавал ямар вэ? гэж гуйв. Бурхан багш сонсоод,
- Болно, болно гэж зөвшөөрөв. Хүн үүнийг сонсоод, бурханд,
- Бурхан багш аа, та тэр илжигний үлдээсэн арван таван насыг надад нэмээд хайрлаж болох уу? гэж гуйв. Бурхан багш,
- За, за бололгүй яахав гэж зөвшөөрөв. Хүн илжигний аваагүй арван таван насыг авчихаад “Одоо дөчин таван настай боллоо, бас л бага байна” гэж дотроо бодож суув. Нохой бурханы өгсөн насыг сонсоод “Бид бас хүний зарц шүү. Гучин жил хар толгойт хүний гэрийг сахиж, тогооны угаадас долоож өнгөрөөхийн оронд арван таван жил амьд явсан нь дээр” гэж бодоод, Бурхан багшид,
- Бурхан багш аа, би таны хайрласан гучин жилийн насыг хүлээж чадахгүй. Та тэр насны хагасыг хайрлаж болох уу? гэж гуйв. Бурхан багш,
- Болно, болно гэж зөвшөөрөв. Хүн хажуугаас нь,
- Хүүе, бурхан багш аа, та тэр нохойны үлдээсэн арван таван насыг надад нэмээд хайрлачих, болох уу? гэхэд бас л дуртай зөвшөөрөв. Хүн нийт жаран насыг олоод авчихлаа. Тэгээд дотроо “Жаран нас болох нь болно. Гэхдээ л бага юм шиг байна” гэж бодож суув. Хамгийн сүүлд сармагчин “Надад тийм сайн мэдэх эрдэм ном гэж үгүй. Өдөртөө уул, модонд мацаж, зэрлэг үр жимс олж гэдсээ тэжээнэ. Заримдаа идэх юм ч сайн олдохгүй өлсөж явах удаа цөөнгүй. Ингэж гучин жил зовж явахын оронд арван таван жил амьд явбал болох биш үү?” гэж бодоод,
- Бурхан багш аа, таны хайрласан насны хагасыг нь хүлээж чадвал ямар вэ? гэж гуйв. Бурхан багш,
- За, за бололгүй яахав гэлээ. Хүн бас л баярлаж,
- Бурхан багш аа, та сармагчны үлдээсэн арван таван насыг нэмээд хайрлачих гэж хэлэхэд бас л дуртай зөвшөөрөв. Ингээд хүн бурханаас далан таван нас гуйж аваад баяртай харьж ирсэн гэнэ.

Хүн хэдийгээр далан таван жил амьд явах насыг олсон ч энэ далан таван жилийг адилгүй өнгөрөөдөг юм байна. Түрүүчийн гучин жилийн нас бол бурхан багшаас хүнд өгсөн жинхэнэ нас болохоор тэр насанд хүн хамгийн чадал тэнхээтэй, гоё ганган, өвчин эмгэгүй, өөрийхөөрөө эрх дураараа өнгөрөөдөг гэнэ. Гучин наснаас дөчин тав хүрэх насыг хүн илжигнээс авсан тул энэ насандаа гэр бүлтэй болж, үр хүүхдээ өсгөж, өдөр шөнөгүй ажиллаж тээрмийн илжиг шиг зүтгэдэг ба дөчин таван наснаас жар хүрэх нас нь нохойноос авсан тул хүн энэ насандаа хүүдээ эхнэр авч өгч, охинооо мордуулж, хойч үеэ хардаг тул нохой шиг гэрээ сахиж суудаг нь тийм учиртай гэнэ. Харин жаран наснаас далан таван насыг хүн сармагчинаас авсан тул энэ насандаа ач, гучаа айл гэр болгож, үлдсэн жаахан хөрөнгөө үр хүүхэддээ өмчилж өгдөг тул гэрт нь дорвитой эд юмгүй, амьдрал нь сармагчинийх мэт шиг хүчир* болдог нь тийм учиртай гэнэ.

хүчир* - Бэрх, хэцүү


Цааш нь...

Гахай маллагч

Эрт дээр цагт нэгэн ханхүү байж гэнэ. Хэдийгээр тэр өчүүхэн бага орныг захиран суудаг боловч өв хөрөнгө нь гүнжийн инжинд бол элбэг хүрэлцэхээр юмсанжээ. Ингээд ханхүү нэгэн үзэсгэлэнт гүнжид гэрлэх саналаа хэлэхээр шийджээ. Үнэндээ бол, нэр хүндтэй, сайхан сэтгэлтэй эрхэм ханхүүгээс гэрлэх санал ирээсэй гэж олон гүнж хүлээж байсан юмсанж. Харин мөнөөх гүнж нь ханхүүд ямар хариу өгсөн бол. ... Үлгэрээ үрэлжлүүлж сонсоцгооё.

Тэр ханхүүгийн цэцэрлэгт таван жилд ганцхан удаа цэцэглэдэг нэгэн сарнайн бут байдаг байлаа. Ингэж цэцэглэхэд нь ганцхан сарнай л дэлгэрнэ. Гэвч тэр сарнай нь зуун сарнайтай тэнцэхүйц анхилуун сайхан үнэртэй. Түүнийг үнэртсэн хүний уйтгар гуниг дорхноо л хийсэн арилдаг байж гэнэ. Бас түүнд нэгэн алтан гургалдай бий. Алтан гургалдай нь энэ ертөнцийн хамгийн гайхамшигт эгшиг аялгууг дуурсгаж, хоёгүй яруухан жиргэнэ. Ханхүү сарнай, алтан гургалдай хоёроо нэг нэг мөнгөн хайрцагт хийгээд сэтгэлт гүнждээ илгээжээ. Охиноо ханхүүтэй гэрлээсэй хэмээн хүсэж байсан хаантан, илгээмжийг баяртай хүлээн авч ордны их танхимд оруулж тавихыг тушааж гэнэ.
Гүнжийг танхимд орж ирэхэд ордны хатагтай нар “Зочин ирлээ” гэдэг хөгжмийг тоглон алга ташин дуулж бүжиглэсээр угтжээ. Мөнгөн хайрцгуудыг гүнж хараад,
- Энэ дотор чинь бяцхан муужгай байгаа юм биш биз гэжээ. Хайрцгийг задлахад дэлгэрэн дэлбээлсэн сарнайн бут гарч иржээ. Ордны хатагтай нар “Ямар сайхан үнэртэй, юутай сайхан сарнай вэ” гэж дуу алдахад хаан,
- Сайхан гэж хэлэхэд ч багадана. Энэ бол хосгүй гайхамшигт сарнай байна гэж догдлон хэлж гэнэ. Гүнж сарнай цэцгийг барьж үзсэнээ,
- Пөөх, аав аа энэ сарнай чинь хиймэл биш жинхэнэ юм байна шүү дээ гэж уйлагнаж гэнэ. Ордны хатагтай нар,
- Жинхэнэ сарнай л хамгийн сайхан шүү дээ гэж шивнэлджээ. Хаантан,
- Уурлаж урваганахын оронд нөгөө хайрцагт нь юу байгааг үзээч гэж охиндоо хэлжээ. Гүнж хайрцгийг нээтэл дотроос нь алтан гургалдай гарч ирээд хуран цугласан олны сэтгэл санааг ариустал гайхалтай яруухнаар жиргэж гэнэ. Гэтэл нэгэн өвгөн түшмэл,
- Энэ шувуухайн жиргээ чинь өөд болсон хатны эгшигт хайрцгийн аялгууг санагдуулчихлаа гэжээ. Хаан,
- Тиймээ. Яг адилхан сонсогдож байна гээд хатнаа дурсаж, хүүхэд шиг уйлав гэнэ. Алтан гургалдай элчийн гар дээр суухад гүнж ойртож очоод,
- Наад шувуу чинь бас жинхэнэ юм уу? гэж асуужээ. Элч,
- Тэгэлгүй яах вэ? Энэ чинь жинхэнэ алтан гургалдай шүү дээ гэхэд гүнж уурлан хөмсөг зангидаж,
- Тэгвэл наадахаа цонхоор гаргаад нисгэж орхи. Би тэр ханхүүтэй чинь гэрлэхийг хүсэхгүй байна гэжээ.

Ханхүү элчийнхээ амнаас болсон явдлыг сонсоод гүнжийн зан аашийг их л гайхжээ. Тэгээд гүнж чухам юунд дуртайг мэдье гэж шийдээд хааны ордонг зорьж гэнэ. Тэр нүүрээ хар бараан өнгөөр будаж, ноорхой цоорхой хувцас өмсөөд хаанд бараалхаж гэнэ. Ханхүү,
- Танай ордонд хийчихмээр ажил байна уу гэхэд хаан,
- Ордонд чамд хийчихмээр ажил одоохондоо алга даа. Харин чи хүсвэл гахай маллаж болох юм шүү гэв. Ханхүү ч дуртай зөвшөөрч хааны гахайчин болжээ. Тэр гахайн байрныхаа хажууд бяцхан амбаарт амьдардаг байлаа. Гахайчны дүрд хувилсан ханхүү маань хоромхон ч зүгээр суудаггүй бөгөөд элдэв сонин зүйл урлах дуртай гэнэ. Ханхүү төдөлгүй нэгэн хосгүй эрдэмтэй тогоо урлажээ. Тэр тогоо нь амсраа тойрсон олон хонхтой бөгөөд хоол хиймэгц хонхнууд нь жингэнэн дуугарч,
Аяа миний хонгорхон Августин, Августин
Аз жаргал минь нисэн оджээ.
Августин, августин гэх нэгэн эртний дууг эгшиглүүлнэ. Тогооноос гарч байгаа ууран дээр гараа барихад хэнийх ямар хоол хийж байгааг хэлж өгч чадна. Ийм л ид шидтэй тогоо гэнэ.

Нэгэн өдөр гүнж ордны авхай нарын хамт зугаалж явснаа зогтусан,
- Хүүе ээ, “Хонгорхон Августин” байна шүү дээ. Би энэ дууг хөгжимдөж чадна. Манай гахайчин чинь ийм эртний дууг сонсож байдаг сүрхий эр юм аа. Алив чи очоод хөгжим нь ямар үнэтэйг асуугаад ир гэж авхай нарынхаа нэгийг явуулжээ. Гүнж үнэхээр энэ дууг ганц хуруугаараа дон дон хийлгэн хөгжимдөж чаддаг юмсанж. Гахайчин дээр очоод ирсэн авхай,
- Тэр чинь хөгжим биш шидэт тогоо байна. Тогоо нь дэндүү үнэтэй юм гэжээ.
– Хэд гэж байна? гэж гүнжийг лавлахад авхай,
- Хэлэхэд ч аймаар юм. Гахайчин “Гүнж намайг арав үнсвэл тогоогоо өгнө” гэж байна.
– Ёстой л нэг даварчихсан гахайчин байна даа гэж хэлээд гүнж цаашаа явах гэхэд ахиад л “Аяа миний хонгорхон Августин” гээд л сэтгэл татам дуу эгшиглэсээр байж гэнэ. Гүнж тэр тогоог авахыг бүр ч их хүсэж гэнэ. Тэгээд,
- Алив буцаад оч. Ордны авхай нарын хэн нэгний арван үнсэлтээр өг гэж хэл гэжээ. Гахайчин хариуд нь,
- Гүнж намайг арав үнсэхгүй юм бол тогоо маань наддаа л байж байг гэж хэлүүлжээ. Гүнж,
- Юутай тэнэг явдал вэ? Гэвч зөвшөөрөхөөс өөр арга алга. Тэр тогоо заавал минийх болох ёстой. Та нар биднийг хэнд ч харагдахааргүй хүрээлээд зогс гэж хэлээд гахайчинг арван удаа үнсэж тогоог нь авч гэнэ. Гүнж ордондоо саатаж тогооныхоо хонхыг жингэнүүлэн өөрийн ганц дуртай дуугаа сонсож, бас хэнийх ямар хоол хийж байгааг мэдсэнийхээ төлөө учиргүй их баясан хөөрч байв. Айл айлын хийж байгаа хоолыг алган дээрээ тавьсан мэт харах нь гүнж болоод авхай нарын хамгийн зугаатай ажил байлаа. Тэд тогооноос гарах аялгууг сонсон бүжиглэж дуулж байв. Гүнж,
- За, та нар амаа хамхиж яваарай. Би хааны гүнж шүү. Сая болсон явдлыг хэнд ч ярьж болохгүй гэхэд хатагтай нар “Тиймээ тийм. Тэгэлгүй яахав” гэцгээжээ. Гахайчин ханхүү маань ч ингээд гүнжийг элдэв дуу чимээ гаргадаг тоглоом наадгайд учиргүй дуртай болохыг нь мэдээд авчээ. Дараа өдөр нь ханхүү нэгэн эгшигт хайрцаг урлаж гэнэ. Эгшигт хайрцаг нь хажуудаа бяцхан товчлууртай бөгөөд товчлуурыг дарахаар янз бүрийн хөг аялгуу дуурсдаг ажээ. Тэр өдөр гүнж ордны авхай нарынхаа хамт мөн л түүгээр зугаалж байгаад эгшигт хайрцгаас уянгалах бүжгийн аялгууг сонсов гэнэ. Гүнж,
- Энэ чинь юутай яруухан аялгуу вэ? Лав их ховор хөгжмийн зэмсэг бололтой. Алив очоод ямар үнэтэйг нь мэдээд ир. Би харин түүнийг үнсэхгүй шүү гэжээ. Ордны авхай удалгүй эргэж ирээд, - Та зөв таажээ. Тэр нэг гайхалтай эгшигт хайрцагтай юм байна. Гэхдээ гахайчин галзуурснаас зайлахгүй. Гүнжийн зуун үнсэлтээр өгнө гэнэ шүү гэжээ. Гүнж,
- Тэгжээ. Тэр ёстой л солиорсон байна гээд явах гэснээ,
- Энэ эгшигт хайрцаг бол жинхэнэ урлагийн бүтээл мөн. Би чинь гүнж шүү дээ. Тийм болохоор урлагийг биширч хүндлэх ёстой. Түүнийг би арван удаа үнсье. Үлдсэнийг нь та нар үнсэнэ шүү. Гахайчинд миний үгийг очиж хэл гэжээ. Ордны авхай нар,
- Би гахайчинг үнсэх гэж үү? хэмээн дургүйцэхэд гүнж,
- Битгий донгос. Би түүнийг үнсэж болж байхад та нар яагаад болдоггүй юм. Тэгээд ч би та нарыг тэжээж тэтгэж, хооллож ундалдаг шүү дээ гээд уурлаж гэнэ. Гүнжийн хэлснийг нэг нь очиж гахайчинд хэлжээ. Гэтэл гахай маллагч ханхүү,
- Үгүй ээ, гүнж өөрөө л намайг зуун удаа үнсэх ёстой. Хүсэхгүй бол эгшигт хайрцаг маань намайг л баясгаж байг гэж хэлүүлжээ. Гүнж эгшигт хайрцгийг авахсан гэж тэсгэлгүй их хүсч байсан болохоор сүүлдээ арга буюу зөвшөөрч гэнэ. Ингээд ордны авхай нар даашинзныхаа хормойг дэрвийлгэн бариад гахайчин гүнж хоёрыг хүрээлэн зогсожээ. Гүнж гахайчинг дургуй ч гэсэн үнсэж гарч дээ. Гахайчинг үнсэхгүй болсондоо баяссан ордны авхай нар бүр ч хөгжилдөж гүнжийн үнсэлтийг дуу шуу болон тоолж байлаа. Яг энэ үед хаан салхилахаар тагтан дээрээ гарч гэнэ. Гэтэл гахайн байрны зүгээс авхай нарын шуугилдах чимээ сонсогджээ. Ер нь тэнд юу болоод байгаа юм бол очиж үзье гээд хаан ордноосоо гарч гэнэ. Үнсэлтийн тоог алдахгүйг хичээж байсан болохоор авхай нараас хэн нь ч хааныг дэргэдээ ирснийг мэдсэнгүй. Хаан тойрон зогссон авхай нарын дээгүүр өлмийгөө өргөн өндийж харвал охин нь гахайчинг шов шов, шув шув хийтэл үнсэж байх юм гэнэ. Наян зургаа дахь үнсэлтэн дээр нь хаан охиныхоо толгой руу шаахайгаараа дэлсэн авч, гахайчны хамт хаант улсаасаа хөөн явуулжээ. Орох орон, оочих аягагүй болсон хөөрхий гүнж гахайчинг дагаад л,
- Би ямар азгүй юм бэ? тэр ханхүүтэй л гэрлэдэг байсан юм гээд уйлж явав гэнэ. Гэтэл бороо орж тэд өтгөн саглагар модны дор саатжээ. Энэ чөлөөнд гахайчин өөр нэг модны ард орон хувцсаа сольж дэргэдэх булгийн усанд нүүрээ угаачихаад хүрээд ирж гэнэ. Ханхүү ямар ч үзэсгэлэнт гүнж мэхийн ёсолмоор сайхан залуу болон хувирсан байлаа. Гүнж алмайран гайхаж,
- Чи чинь гахайчин биш жинхэнэ ханхүү байна шүү дээ хэмээн уулга алдан өмнө нь сөхөрч гэнэ. Ханхүү,
- Тиймээ. Би жинхэнэ ханхүү байна. Чи жинхэнэ сарнай, жинхэнэ алтан гургалдайг огтхон ч тоогоогүй. Харин нэг муу инээдтэй жингэнэсэн тоглоом, эгшигт хайрцаг төдийхөнд сэтгэл зүрхээ өгч тэднийг авахын төлөө гахайчинг үнссэн. Тийм болохоор чи жинхэнэ ханхүүгийн хайрыг татаж чадахгүй гээд ордон руугаа яваад орчихжээ. Харин гүнж усан бороонд уйлан мэлмэрч зогсоход алсаас хэн нэг нь,
Аяа миний хонгорхон Августин
Августин, Августин
Аз жаргал минь нисэн оджээ.
Августин, Августин.... хэмээн дуулах нь сонсогдсоор л байв гэнэ.


Цааш нь...

Эрэлхэг тугалган цэрэг

Эрт урьд цагт хорин таван тугалган цэрэг байж гэнэ. Тэднийг цөмийг нь нэг халбаганы тугалгаар цутгаж хийсэн тул ёстой л амь нэгтэй ахан дүүс байсан юмсанж. Улаан хөх өнгийн дүрэмт хувцас өмссөн тэдгээр тугалган цэргүүд буугаа мөрөвчлөөд цэх шулуун зогсоцгоох нь үнэхээр цог жавхлантай. Цоглог дайчин тугалган цэргүүдийг нэгэн жаалхүүд аав нь төрсөн өдрөөр нь бэлэглэжээ. Жаалхүү хайрцгийг яаран нээж үзээд “Ура энэ чинь тугалган цэргүүд байна шүү дээ” гэж баярлан дуу алджээ. Тэгж л тугалган цэргүүд анх удаа хүүхдийн баяр хөөртэй, цовоо цолгин дууг сонссон юмсанж. ...
Хүү тэднийг шалавхан хайрцагнаас нь гаргаад ширээн дээрээ өрж гэнэ. Андуурмаар адилхан тугалган цэргүүдээс харин нэг нь өрөөсөн хөлтэй байх юм гэнэ. Түүнийг хамгийн сүүд цутгасан болохоор тугалга нь хүрээгүй юмсанж. Гэвч тэр үүндээ огтхон ч гутарсан шинжгүй бусдын адилаар, мөрлөсөн буугаа чанга атгаад бат суурьтай зогсож байлаа. Ганц хөл дээрээ ийнхүү зогсож байгаа нь харин ч түүний эрэлхэг зоригтойг илтгэж байв.

Ширээн дээрх олон тоглоомоос хатуу цаасаар урласан нэгэн гоё шилтгээн мөнөөх тугалган цэрэгт нэн содон харагджээ. Үзэмжит тэр ордны бяцхан цонхоор өрөө тасалгаанууд нь ив илхэн үзэгдэх юм гэнэ. Ордны яг өмнө нэг бяцхан толь хэвтэж байх нь цэнгэг сайхан нуурыг санагдуулна. Тэрхүү нуурын мандалд лааны тосоор хийсэн цав цагаан хунгууд өөрсдийгөө тольдон сэлж, хөвөөгөөр нь нов ногоон модод эгнэжээ. Энэ бүхэн эрэлхэг тугалган цэргийн харааг булаавч түүний зүрх сэтгэлийг шилтгээний нээлттэй хаалганы өмнө зогсох үзэсгэлэнт охин туйлаас догдлуулан баясгажээ.
Охиныг мөн л хатуу цаасаар хайчлан урлаж, од мичид шигтгэсэн нимгэн даавуун даашинз өмсгөжээ. Тэрээр турьхан хонгор мөрөн дээрээ хөх тууз тохсон байх бөгөөд, туузанд нь цэцгэн хэлбэртэй гоёмсог зүүлт хатгажээ. Охин хоёр гараа урагш сунган, өрөөсөн хөл дээрээ дэгэнцэн зоссон нь бүжиглэж буй бололтой. Дээш өргөсөн хөл нь даашинзных нь хормойд далдлагдаад тугалган цэрэгт харагдсангүй. Үүнийг тугалган цэрэг анзаараад, “Энэ охин бас над шиг өрөөсөн хөлтэй юм байна. Бид гэрлэвэл ямар их аз жаргалтай байх бол доо. Дэндүү их үзэсгэлэнтэй ч юмуу. Энэ охин ийм тансаг сайхан орд харшид амьдарч байгаа юм чинь сурвалжит дээд гаралтай байх. Гэтэл би жирийн нэгэн цаасан хайрцагт ах дүү хорин тавуулаа шахцалдан амьдардаг. Мэдээж энэ бүсгүйд миний муу цаасан хайрцаг гэр болж чадахгүй л дээ. Гэвч би түүнтэй танилцах л болно” гэж боджээ.
Тэр ингэж бодоод зогссонгүй тэп хийтэл үсрээд мөнөөх шилтгээний ойролцоо байсан хамрын тамхины хайрцагны ард очоод нуугдан зогсож гэнэ. Эндээс л бүжиглэж буй үзэсгэлэнт охиныг харахад хамгийн ойрхон байжээ. Үдэш болоход ах нар нь өнөөх тугалган цэргийг хайсан боловч олсонгүй гэнэ. Тэгээд цаасан хайрцагтаа орцгоолоо. Хүмүүс ч унтахаар хэвтэцгээж гэнэ.

Харин эрэлхэг тугалган цэрэг маань нэг хөл дээрээ тэвчээртэй зогсон цонхоор тусах сарны гэрэлд үзэсгэлэнт бүсгүйгээ харсаар л байжээ. Үдшийн нам гүм болмогц ширээн дээрх тоглоомууд бие биенийхээрээ зочлон дараа нь байлдаж, бас багт наадам зохиож тоглоцгоов. Тугалган цэргүүд тоглохсон гэж хүсэвч хайрцагныхаа тагийг нээж дийлсэнгүй. Хушга хаглагч хөөрч догдолсондоо годройтож унаад канар бялзуухайг сэрээчихлээ. Нөгөөдөх нь сэрээд шүлэглэн ярьж гарав. Харин тугалган цэрэг, бүжигчин охин хоёр л байрнаасаа огт хөдөлсөнгүй. Буугаа мөрөвчлөн, цэх шулуун зогссон цэрэг эр охиныг ширтсээр л байв.

Гэтэл яг шөнийн арван хоёр цаг болоход хамрын тамхины хайрцаг пүдхийн онгойж дотроос нь бүлтийсэн нүдтэй, чөрийсөн биетэй бяцхан чөтгөр гарч иржээ. Бяцхан чөтгөр хайрцагнаасаа үсрэн бууж ирээд,
- Хөөе, өрөөсөн хөлтэй тугалган цэрэг чи юунд тэр бүжигчин охиныг ширтээв? Наад охин чинь чамайг юу гэж тоох билээ? гэж хашхирахад тугалган цэрэг юу ч сонсоогүй дүр үзүүлжээ. Чөтгөр,
- За гайгүй ээ, өглөө болог гэж нэг л заналтай хэлж гэнэ. Өглөө болж жаалхүү сэрээд өнөөх тугалган цэргийг цонхны тавцан дээр аваачиж тавьжээ.

Тэгтэл гэнэт салхи хөдөлж цонх дэлгэгдэж гэнэ. Салхинд цохигдов уу, бяцхан чөтгөр түлхчихэв үү? Тугалган цэрэг гурван давхрын цонхны тавцан дээрээс годройтон унахдаа цардмал зам дээр бууныхаа жадаар зоогдож орхижээ. Жаалхүү эгчтэйгээ түүнийг хайхаар гарч гэнэ. Тэд тугалган цэргийг бараг л гишгэчих шахан хайсан боловч олсонгүй. Хэрвээ тугалган цэрэг “Би энд байна” гэж хэлсэн бол тэд дор нь олчих байлаа. Гэвч “Дүрэмт хувцас өмссөн цэргийн хүн байж гудамжинд хашхираад байх нь эвгүй юм” гэж бодоод таг дуугүй байж гэнэ.
Тэгтэл бороо орж, удалгүй бүр хувингаар цутгах мэт асгарчээ. Харин түр зуурын ширүүн бороо арилсаны дараа түүгээр тоглож явсан хоёр хүүхэд зам дээр жадаараа зоогдчихсон тугалган цэргийг олж харжээ.
– Хараач, тугалган цэрэг байна гэж нэг нь хэлэхэд, нөгөө нь,
- Өө, үүнийг чинь завинд суулгаад шуудууны усаар хөвүүлчихье. Сайхан аялал болно доо гэж гэнэ. Ингээд тэд сонин нугалж завь хийгээд тугалган цэргийг суулгаад явуулчихжээ. Тэр хоёр жаал ч завиа даган гүйсээр байж гэнэ. Суваг шуудуугаар урсах борооны ус давалгаалан үе үе завийг далбилзуулан хөмөрчих шахан байв. Гэхдээ л тугалган цэрэг буугаа чанга атган хараа дээгүүр, нуруу цэх, зоригтой явсаар байж гэнэ.
Тэгтэл гэнэт харанхуй нөмрөн нөгөө хатуу цаасан хайрцагтаа эргээд орчих шиг болжээ. Тугалган цэрэг “Би ер нь хаашаа яваад, юунд орчихов доо. Тэр муу чөтгөрөөс л болж байгаа юм. Үзэсгэлэнт охин дэргэд минь явсан бол үүнээс харанхуй байсан ч би айхгүй дээ” гэж бодож гэнэ. Үнэндээ, завь гүүрэн доогуур яваад орчихсон юмсанж.
Гэтэл хажуухнаас нь үлэмж том биетэй усны харх үсрэн гарч ирээд,
- Хөөе, цэрэг эр хүлээ. Үнэмлэх бичгээ үзүүл гэж хашхирчээ. Харин тугалган цэрэг хариу хэлэлгүй буугаа чанга атгасаар яваад өнгөрч гэнэ. Мөнөөх харх түүний хойноос ус үсчүүлэн, шүдээ хавирсаар нэхэн хөөж,
- Хөөе, зомгол сүрэлнүүд ээ наадахаа бариад ав. Наадах чинь бичиг баримтгүй яваа юм шүү гэж хашхирч байжээ. Хархны хашхирахыг сонссон юм шиг усны урсгал бүр ч ширүүсэж, завь ч улам хурдалсаар гүүрэн дороос гарч ирэхэд эрэлхэг тугалган цэргийг гэрэл гэгээ угтжээ.

Одоо л нэг сайхан аялах нь дээ гэж бодтол ямар ч зоригтой дайчин эр айн сүрдмээр их чимээ гарч гэнэ. Ингээд тугалган цэрэг завьтайгаа борооны усны шуудуунаас жинхэнэ урсгал ус руу хөвөөд орчихов. Ийм их усанд жинхэнэ завиар явахад ч аюултай шүү дээ. Гэвч завийг зогсоох ямар ч арга байсангүй. Завь их ус руу хөвөн орж хүрхрээ рүү шидэгдэн дороо хэдэн удаа эргэлдсэнээ живж эхэлжээ. Ус эхлээд тугалган цэргийн бүсэлхийгээр, дараа нь хоолойгоор нь татаж удалгүй бүр толгой дээгүүр мэлтэлзээд ирж гэнэ шүү. Хөөрхий тугалган цэрэг эцсийн мөчид үзэсгэлэнт бүжигчин бүсгүйгээ дурсан “Түүнийг дахин хэзээ ч харахгүй нь дээ” гэж бодтол:
“Яваад бай, яваад бай, байлдагч минь
Ямагт бид зоригтой байвал
Ялалт амжилтанд хүрнэ шүү” гэсэн үгтэй нэгэн дуу санаанд нь оржээ. Дуундаа зоригжин усны эргүүлгээс гарах гэж зүтгэж байтал араа шүд нь арзайсан аварга загас дайран хүрч ирээд залгиж орхижээ.
Аварга загасны гэдсэн дотор аймшигтай харанхуй, цухалдмаар бүгчим ажээ. Гэвч тугалган цэрэг буугаа чанга атгасан, зоригтой золбоотой хэвээрээ байж гэнэ. Тэгтэл нөгөө загас хэд хүчтэй муриганан цовхочсоноо огт хөдөлгөөнгүй болчихжээ. Тугалган цэрэг ч энэ завшаанд жаахан унтаж хажуулаад авчээ. Гэнэт нүд гялбам гэрэл гарч, цахилгаан цахих шиг болоход тугалган цэрэг сэржээ. Тэгтэл тугалган цэргийг залгисан аварга загасыг загасчин барьж аваад зах дээр зарж орхисон юмсанж.
Загасыг худалдаж авсан эзэгтэй гал тогоондоо авчран хутга сэрээ гялалзуулан ходоод гэдсийг нь цэвэрлэжээ. Ингэж цэвэрлэж байхдаа тугалган цэргийг олж гэнэ.
– Хүүе ээ, энэ чинь тугалган цэрэг байна шүү дээ гэж дуу алдсанаа эзэгтэй түүнийг хоёр хуруугаараа чимхэн бариад зочдын өрөөнд орж ирэхэд гайхалтай тэрхүү аялагчийг гэр бүлээрээ үзэж сонирхоцгоов.

Харин тугалган цэргийг ширээн дээр тавихад, тэр бүр ч гайхалтай зүйлсийг олж харж гэнэ. Саяхан сууж байсан өрөө, танил хүүхэд, тоглоомууд, хатуу цаасаар хийсэн нөгөө гайхамшигт ордон, үүдэнд нь зогсох бүжигчин бүсгүй бүгд харагджээ. Тэр бүжигчин мөн л урьдын адил нэг хөлөө өргөн, өрөөсөн хөл дээрээ зогсож байх юм гэнэ. Сэтгэл нь догдолсон тугалган цэрэг баярласандаа золтой л тугалган нулимс унагачихсангүй. Цэргийн хүн уйлж болохгүй гэсэндээ тэсэн өнгөрөөжээ. Бүжигчин охиныг хайрын харцаар ширтэхэд, охин ч бас түүн рүү инээмсэглэн харсаар байж гэнэ. Гэтэл уяралтай энэ агшинд хаалга сэвхийн онгойгоод, тасалгаа нэвт үлээх салхинд бүжигчин охин хийсэн агаарт бүжиглэх мэт эргэлдсэнээ онгорхой байсан пийшингийн амаар орчихож гэнэ. Тугалган цэрэг араас нь үсрэн пийшин рүү орсон боловч хожимджээ. Дүрэлзэн асах галын дөл бүжигчин охиныг хоромхон зуур үнс болгон хувиргасан байлаа. Хайр дурлалдаа шаналсных ч юм уу, хамаг бие нь халуу шатсан тугалган цэргийн өнгө будаг нь хууран хайлж эхэлжээ. Маргааш нь тэр айлын охин пийшингээс үнс гаргахдаа зүрхэн хэлбэртэй хэсэгхэн цагаан тугалга бас түлэгдэж харласан цэцгэн зүүлт олжээ. Эрэлхэг тугалган цэрэг, үзэсгэлэнт бүжигчин охин хоёроос үлдсэн юм ердөө л тэр боловч тоглоомын гайхамшигт ертөнцийн үнэнч хайрын түүх байсан юм даа.


Цааш нь...

Илжигний чихний учир

Урьд цагт бурхан амьтанд чих тараажээ. Илжиг тэрийг сонсоод хамгийн түрүүнд хүрч очоод хамгийн томыг нь аваад явжээ. Тэмээ их зантай, бас олонд биеэ гайхуулах дуртай амьтан юм болохоор "Бурхан миний бие томыг андах биш. Лавдуу хамгийн том, сайн юм үлдээх ёстой.... Тэгээд бусад амьтад миний сайхан чихийг гайхан харж байг" гэж зориуд яаралгүй алхсаар хүрч очсонд амьтан цугаараа санаа санаандаа таарсныг авч гүйцээд уг нь илжгэнд л байвал таарах нэг өөдгүй юм үлдээд байж. Тэмээ тэрнийг үзээд голж,
- Даанч дээ бурхан минь, надад ийм юм үлдээж амьтны шившиг болгох гэж дээ гээд ярвайж эргэтэл бурхан,
- Авбал ав, байвал бай гээд чулуудаад орхисон тэмээний хойноос буруу хараад наалдчихжээ. Тэгээд тэмээний чих тийм этгээд, амьтан амьтныхаас ондоо болсон юм гэнэ ээ.


Цааш нь...

Бөгтрөгтэй морьхон (Орос) - төгсгөл хэсэг

Иван цурхиртал уйлан
Итгэлт морьхоноосоо гуйв.
«Ослыг минь уучилна уу?
Одоо дахин унтахгүй!»
«Бурхан чамайг өршөөг!
Бурууг залруулж болно....
Унтахгүй байж чадвал
Уул хэрэг чинь бүтнэ.
Нойроо хүрвэл Иван
Нозоорч хөшсөн биеэ
Нухаж хатгая гэж
Нурж хэмхэрсэн онгоцноос
Хуучин хадаас түүж
Хурц чулуу цуглуулав.
Маргааш нь өглөө эрт
Мандахын шар нарнаар
Дагина охин бас
Далайгаар хөвж ирээд
Амттан балыг уухаар
Ашлан сууж орхив.
Хаан-охин ятгадаж
Хангинатал сайхан дуулав.
Мань Иван бас л
Мансуурч унтах дөхөв
«Байз муу шулам минь!
Бас, намайг мэхлэх нь үү!
Ахиж гараас гарахгүй дээ
Автаж баригдах чинъ энэ дээ!»
Асартаа Иван орж
Авхайн гэзэгнээс шүүрч:
«Итгэлт морьхон минь!
Ивандаа тус болоорой!»
гэж хашхирав.
Хаан эзэн биеэрээ
Хаан-охиныг тосож
Цагаан гараас нь хөтөлж
Цайз ордондоо оруулж
Зах торгон хөшигтэй
Зандан ширээнд суулгав
Эрх танхилаар ширтэж
Элэгсэг найртайгаар ярив.
«Харилцах ижилгүй дагина минь
Хатан минь болохыг соёрх!
Хүүхэн чамайг хармагц
Хүсэл дур минь оргилов!»
Хаан охин дагина
Хариу үгээ хэлэлгүй
Эзэн хааныг харалгуй
Эргэж буруу харав.
Хаан:
«Урьхан үгээ хэлээч!
Уйтгарладаг учир юу вэ?
Янаг дур минь ихдэв үү?
Ямар заяагүй билээ!»
Дагина:
«Эхнэрээ хийе гэвэл
Энэ гурван хоногт
Гадаад их далайгаас
Ганц бэлзгийг минь олуул!»
Хаан:
«Иваныг одоохон дууд!» гэж
Их хаан яаран тушаав.
Хаан тэгээд Иванд
Хариу үг хэлүүлэлгүй
«Дагинын эрдэнэт бэлзэг нь
Далайд бий гэнэ.
Түүнийг тэндээс олж
Түргэн надад авчирвал
Хамаг байдаг юмаараа
Хайрлалгүй шан хүртээнэ!» гэв
Иван:
«Түрүүчийн аян явдлаас
Түйтэж ядаж ирэхэд
Ахиад гадаад далайд
Аял гэнэ шүү!»
Хаан:
«Эргүү чи харахгүй юу?
Эхнэр авах гэж байна!
Бүү надтай маргалд!
Бушуу үтэр яв!» гэж тушаав.
Явахаар Иван босов
Яаран дагина захив
«Манайхаар замдаа дайраад
Маргад ордонд минь ороорой.
Алга хавсран мөргөж
Ачит эхэд минь хэлээрэй .
Гуа гэрэлт царайгаа
Гурван өдөр, шөнө
Надаас юунд нуусан
Нарийн учрыг мэдье?
Сайхан ах минь яагаад
Самуун бүрхэгт хаагдав?
Алсын будант өндрөөс
Алтан гэрлээ хайрлахгүй юу гээрэй.
«Алман сар эх минь билээ
Алтан нар ах минь билээ».
Иваныг хааныхаас ирэхэд
Итгэлт морьхон нь хэлэв:
«Эрхэм тэргүүнээ гудайж
Эзэн минь юунд, уйтгарлав? »
«Хайрт морьхон минь тусал!
Хаан, тэр дагинаар
Эхнэрээ хийх гэнэ
Энэтээ гадаад далайгаас
Гуа дагинын бэлзгийг
Гурван хоногт авчрах
Зарлиг буулгаж байна.
Залуу дагина тушаав:
Хаана ч байдаг юм бэ?
Хаш ордонд нь очиж,
Нар, сартай уулзаж
Намайг мөргө гэв.»
Итгэлт одой морь нь
Ивандаа зөвлөж хэлэв:
«Энэ юу ч биш
Энэнээс цааш бас бий!»
Маргааш нь өглөө эрт
Мань Иван босож
Алс холын замд
Аялан мордож гэнэ.
Одой жаал морь нь
Огторгуйн салхи мэт довтолж
Гарсан өдрийн үдэш
Галгиулан хүрэх үедээ
«Ганц мөчийн дараа
Гадаад далайн өмнөх
Өргөн тал дээр
Өөрийн биеэр хүрнэ
Гайхалт аварга халим загас
Гадаад далайг хөндлөн хэвтэнэ.
Аварга энэ халим
Арван жил зовов.
Тэр аварга халим
Тэнгэрийн нарны энэрлийг
Тэтгэн авчир гэх бий
Тэгье! гэж амлаарай!.»
Өргөн их талд
Өөрсдийн биеэр хүрэв.
Гадаад далайг хөндлөн
Гайхалт халим хэвтэж
Хамаг цогцос нь шархтай
Хавирганд нь шор шаагаастай
Сүүл бөгсөн дээр нь
Сүрлэг ой шуугина
Нуруу биен дээр нь
Нутгийн гацаа байна.
Айлын тариачин иргэд
Аманд нь тариа тариад
Хоёр нүдний дунд нь
Хотын багачуул тоглоно.
Ооч сахлы нь ёроолоос
Охид мөөг түүнэ.
Тэнэг Иваны морьхон нь
Тэр халиман дээгүүр
Хатиран довтлон явж
Хамаг ясы нь тачигнуулав.
Аварга халим гашуудаж
Амаа цэлгэр нээж
Арай ядан амьсгалж
Аянчин Иванд хэлэв:
«Аян замын ноёнтон
Аль газраас явна?»
Иван:
«Хаан дагинын элчээр
Хааны нийслэлээс гарав
Агаарын нарыг чиглэж
Алтан ордонд нь бараалхахаар
Дорно зүгийг зүглэж
Довтолж яваа нь энэ!»
Халим:
«Төрсөн эцэг та соёрхож
Төгрөг нарнаас асууна уу?
Ямар нүгэл хийснзэс
Ядрал зовлон хүлээв би?
Зовох зүдэх цаг минь
Зогсох цаг болоо болов уу?»
Иван:
«Асууя! асууя би!
Аварга халим загас минь!»
Халим:
«Өршөөлт эцгийн энэрэлээр
Өрөвдөж үз миний зовлонг
Арван жил хэвтэв
Ачилбал тусална!»
Иваны жаал морь нь
Их далайн эрэгт
Харайн дүүлэн гарч
Хар эрчээр давхихад
Хурдан хөлий нь дор
Хуй шороо бужигнана.
Газар тэнгэр хоёрын
Гацан нийлсэн заагт
Иван морьхон хоёр
Эрчээрээ давхисаар ирлээ.
Иван:
«Хайрт морьхон минь чи
Хараач зүүн тийш!
Цайж байгаа үүр шиг
Цагаан туяа татагч
Тэнгүй их өндөр юм
Тэр тэнгэрийн нийслэл юм уу?»
Морьхон:
«Энэ дагина хааны маань
Эрдэнийн тэрмэн өргөөнд
Нар шөнө бүр нойрсдог
Сар өдөр дунд амардаг
Болор эрдэнэ баганатай
Босгоны нь дэргэд хүрэхээр
Асар том багануудыг
Алтан могой ороосон
Орой оргил дээгүүр нь
Одон мичид гялалзсан
Эрдэнэт ордыг нь тойрон
Элдэв цэцэрлэг жигдрээд
Мөнгөн сайхан гишүү
Мөчир салаа дээгүүр нь
Алтадсан үүрийн дотроос
Ариун орны шувууд
Хаан эзний дууллыг
Хангинуулан эгшиглэж байдаг юм.»
Жаал морьхон нь явж
Жавхлант хашаанд ороход
Иван мориноосоо бууж
Итгэлт морьхоноо уялаа.
Сарны ордонд Иван бараалхаж
Сайныг асуун хэллээ.
Иван:
«Сарны хүү Сар та
Сайн морилж байна уу?
Нэр минь Иван Петрович
Нэн холын орноос
Мэнд хүргэж яваагаа
Мэдэгдэхээр ирсэн билээ!»
Сар:
«Иван Петрович та суу!
Ирсэн учраа ярь»
Иван:
«Хаан-охины захиасаар
Хаан эзний зарлигаар
Гэгээн ордонд мөргөхөөр
Гэрээс гарч аялсаар
Гадаад далайг гаталж
Газрын мухарт ирэв
Гурван өдөр, шөнө
Гуа гэрэлт царайгаа
Надаас юунд нуусан
Нарийн учрыг мэдье?
Сайхан саруул ах минь
Самуун бүрхэгт хаагдав уу?
Алсын будант өндрөөс
Алтан гэрлээ өгөөч
Гэж тэр дагина
Гэртээ хэлүүлсэн юм.
Захисан бүгдийг санахгүй нь
Зах сэжүүр нь энэ дээ!»
Сар:
«Ямар дагина гэнээ?»
Иван:
«Яагаа вэ танай охин!»
Сар:
«Манай охин гэнээ?
Магад чи аваачсан биз?»
Иван:
«Тийм ээ, би аваачсан
Тэндэх хааны хөлөгчин нь.
Хаан намайг дуудаж
Хатуу зарлиг буулгаж
Гурван долоо хоногт
Гуа охиныг ол!
Шударга явахгүй бол
Шууд шорлоно гэж
Зарлиг бошгоор айлгаж
Занаж зүхэн явуулсан юм.»
Саяын хариу үгийг
Сар сонсоод баярлав.
Их баярласандаа уйлж
Иваныг тэврэн үнсэж:
«Иван чиний авчирсан
Ийм мэдээний хариуд
Юу гэж хариулахаа
Ердөө олохгүй байна .
Хаан-охиноо алдаад
Харахгүй боллоо! гэж
Уй гашуу болж
Уйлж унжсаар байж
Гурван өдөр шөнөд
Гуа гэрлээ өгөөгүй
Хар үүлэнд хаагдаж
Хатуу гашуудалд дарагдаж
Гурав хоног унтаагүй
Гурилын үртэс ч амсаагүй .
Тэр явдлаас болж
Тэнгэрт байдаг хүү минь
Самуун бүрхэгт хаагдаж
Сайхан гэрлээ унтраагаад
Хангай дэлхийг гийгүүлээгүй
Хав харанхуй болгоод
Хайрт дүүгээ дурсаж
Харамсан гашуудаж суув.
Охин минь мэнд үү?
Осолдож өвдөөгүй биз?
Уйдаж гашуудаагүй биз?
Учры нь сайхан хэлээч!»
Иван:
«Үзэсгэлэн төгс лагшин нь
Үл мэдэг турсан даг...
Хадамд гарсаны дараа харин
Халбагар тарган болно доо
Хаан эзэнтэн маань
Хатан болгох гэнэ билээ! »
Сар:
«Дарладаг харгис хаан вэ?
Далан настай байж
Ариун залуу охиныг
Авч гэрлэх гэнээ!»
Иван:
«Аварга их халим
Аврал өршөөл гуйлгасан
Хамаг бие нь шархтай
Хавирган бие нь хадаастай.
Золгүй тэр загас
Зовлонгийн хэмжээ хэзээ вэ?
Яаж өршөөл хүртэх вэ?
Яагаад зовно вэ! гэж
Алман сар чамаас
Асууж байна билээ!»
Сар:
«Тэр аварга загас
Тэнгэр бурхны соёрхолгүй
Гадаад далайд явсан
Гучин онгоцыг залгиад
Зовлон эдэлж хэвтэх
Золгүй үйлд учирчээ!
Тэр онгоцыг тавивал
Тэнгэр бурхан өршөөгөөд
Нүд ирмэхийн зуур
Нүхчүүлсэн шарх нь эдгээд
Урт насыг насалж
Удаан жаргах болно!» гэв
Тэнэг Иван буцахаар
Тэр даруй босов
Гэгээн туяат сар
Гэрээсээ гаргаж үдээд
Охинд мэнд хүргэж
Оюун сэтгэлий нь засаарай!
Уйлж унжих хэрэггүй
Уйтгар нь мөд дуусна!
Сахалтай өвгөнтэй биш
Сайхан залуутай гэрлэнэ!» гэж
Төрсөн охинд минь
Төлөөлөн хэлээрэй чи!
Иван мэддэгээрээ ёсолж
Итгэлт морьхондоо мордов.
Буцах замдаа орж
Бужигнатал давхин одов.
Тэгээд маргааш өдөр нь
Тэнэг Иван маань
Гадаад их далайн
Гарам дээр ирж
Иваны жаал морь нь
Их загасны дээгүүр
Хатиран хурдлан явж
Хамаг ясы нь тачигнуулав
Аварга их загас
Арайхан ядан амьсгалж,
«Тэнгэрээс гуйсныг гүйцэтгэв үү?
Тэтгэх өршөөл авчрав уу?»
«Аварга халим минь
Азнаж түр хүлээ» гэж
Иваны жаал морь нь
Их загасанд хашгираад
Айлын гацаанд очиж
Хар дэлээ сэгсэрч
Хашгиран янцгааж хэлэв.
«Үнэн шашинтан та нар
Үй олон түмээн!
Усанд автахгүй гэвэл
Удахгүй түргэн зайл!
Энд хачин юм болж
Энэ далай цалгиж
Аварга загас хөрвөөж
Аюул болгох нь байна!
Үнэн шашинтны
Үй олон тариачин
Гэм болох нь гэж
Гэр гэртээ харьж
Хөсөг тэргээ төхөөрч
Хөрөнгө хогшлоо ачиж
Загасны нуруун дээрээс
Зайлж бууж нүув.
Иваны жаал морь нь
Их загасанд ирж
Сүүл дээр нь гарч
Сүрхий чангаар хэлэв:
«Аварга загас чи
Ариун бурхны соёрхолгүй
Гадаад далайд явсан
Гучин онгоцыг залгиснаас
Зовлон эдэлж хэвтэх
Золгүй үйл учирчээ!
Тэр онгоцыг тавивал
Тэнгэр бурхан өршөөгөөд
Нүд ирмэхийн зуур
Нүхчүүлсэн шарх чинь эдгээд
Урт насыг насалж
Удаан жаргах болно!» .
Иваны жаал морь
Илтгэх үгээ дуусгаж
Хазаарын болд амгайгаа
Хангис хийлгэн химлэж
Нүд ирмэхийн зуур
Нөгөө эргэд гарав.
Том загас хөрвөөхөд
Толгод хөдлөх шиг болов.
Далайн ус цалгилж
Давлан долгилж эхлэв
Аварга их загас
Амаа ангайн зогсож
Гучин их онгоцыг
Гулгин бөөлжиж гаргав.
Унтсан далайн хаан
Усны шуугианд сэрж
Уншлага залбирал хоёроо
Уянгалан эгшиглэн уншаад
Сэргэлэн зугаатай сэлүүрчид
Сэтгэл хөдлөн дуулцгаав
Бүрээ бишгүүрээ үлээж
Бүх далбаагаа босгов.
Аварга том загас
Амаа өргөн нээж
Далайн долгио хагалан
Даамай чанга хашгирав:
«Яаж чамд туслах вэ?
Ямар юмаар шагнах вэ?
Ариун дун хэрэгтэй юу?
Алтан загас авна уу?
Том сувд хэрэгтэй юу?
Тоогоор бэлэн байна!».
Иван:
«Бидэнд шан хэрэггүй!
Бэлзэг олох хэрэгтэй байна
Хатан болох гэж байгаа
Хаан охины бэлзэг!».
Аварга том загас
Агуу далайдаа буцан орж
Албат хилэм загаснуудыг
Авчирч байгаад тушаав
«Дагинын эрдэнэт бэлзэг
Далайн ёроолд бий гэнэ.
Маргааш өглөө гэхэд
Магад олж ирэгтүн! »
Олон хилэм загас
Олохоор ёслон явав
Хэдэн цаг өнгөрмөгц
Хэсэг хилэм ирж
Аварга их загасанд
Айлтгаж хэлсэн нь
«Хаан бүү хилэгнэ!
Харц бид явж
Бүх далайг шүүрдэв
Бөгжийг өрдөө олсонгүй.
Баймаар газрыг малтав
Бас ердөө олсонгүй
Хаан эзний зарлигийг
Хадран загас л гүйцэтгэнэ.
Тэр хадран загас
Тэнгэс далайг хэсдэг
Хаан-охины бэлзгийг
Хаана байхыг мэднэ.
Тэр хадран хясахад
Тэнээд алга болчихож»
Түүнийг одоохон олж
Түргэн ирүүл гэж
Саяхи аварга загас
Сахлаа хөдөлгөн зандрав.
Хоёр цагаан хилэм
Хошууны тамганд очиж
Зогсоогоор өгсөн зарлигий нь
Зоодой загас сийрүүлэв.
Цулбуурт загасан (зөвлөгч)
Цуг үсгээ зурав.
Хаан загасны зарлигийг
Хар хавч тамгалав.
Далайн гахайдыг дуудаж
Даалгавар тушаалыг өгч
Хаан загасны өмнөөс
Хамаг далайг хэсэж
Хэрүүлч хэдэр зантай
Хэсүүлч хадран загасыг
Хаа дайралдсан газраас нь
Хаан загасанд хүргэ гэв.
Зарлиг хүлээсэн загасад
Захирагчид ёслоод гарав.
Хэдэр хадранг эрэхээр
Хэдэн анги мордов.
Хамаг далайгаар эрж
Хавийн голоор бэдрэв.
Бүх нуураар хайж
Булан тохойгоор нэгжив.
Хэсүүлч хадран загасыг
Хэн нь ч олж чадалгүй
Гэмшин уйлах шахаад
Гэдрэг буцан явтал.
Тэнд нэг бүрдэнд
Танихгүй дуу сонсдов.
Далайн гахайд яаран
Даруй шумбан орж
Хайж харан явтал нь
Хар зэгсний доогуур
Хэрүүлч хадран загас
Хэлтэг загастай нүдэлдэж байна
Чөтгөр авмарууд минь
Чөлөөгүй хэрэлдэнэ үү
Байлдагч цэргүүд шиг
Балбалдахаа одоо боль!
Хэрүүлч хадран загас
Хэгжүүн зан гаргаж:
«Ямар хамаатай вэ, та нарт
Яншиж хошигнох дургүй
Хамаагүй юманд чалчвал
Хадарч сүлбэнэ, хохь чинь шүү!»
Дайрсан үгийг сонсоод
Далайн гахай хэлэв
«Хэзээ ямагт тэнэгч
Хэдэр хадран чи
Үргэлж тэнэхээ мэдэх
Үзсэнтэйгээ зодолдож явах
Орон гэртээ ч байхгүй
Олиггүй хар новш!
Арцалдах цаг биш...
Аварга хааны зарлиг:
«Одоо даруй явж
Очиж хаанд бараалх!»
Төдий далайн гахайд
Төрхгүй хадран загасыг
Арзгар сэрвээнээс нь базаад
Аваад бушуухан явлаа.
Аварга халиман хаан
Асар их хилэгнэн:
«Хар золиг хадран!
Хаагуур тэнэж явав?»
Хэрүүлч хадран загас
Хэрэг өдүүлснээ мэдэрч
Өвдөг дээрээ сөхөрч
Өршөөл гуйн мөргөв
«Бурхан чамайг өршөөг!
Буруут ялыг уучилъя!
Өршөөсөн ачийг хариулж
Өгсөн зарлигийг биелүүл»
Өнөөх хадран загас
Өвдөг нугалан ёсолж:
«Аварга их халимаа
Албанд чинь хичээнгүйлье
«Хаан-охины бэлзэг
Хаана байж байгааг
Бүх далайгаар хэсдэг чи
Бүрэн мэднэ биз»
«Яаж мэдэхгүй байх вэ!
Яваад олж ирье»!
«Одоо бушуухан явж
Олоод ирвэл зохино»
Хэсүүлч хадран загас
Хэд ёслоод явахдаа
Хааны хиа нартай
Хараалцан хэрэлдээд гарав.
Улаан нүдэн загастай
Уулзан зодолдоод енгерев
Зургаан май загасханыг
Зуд намалдаглаад явав.
Ийм хэрэг бүтээгээд
Их омогтой явж
Гүн цээлийн усанд
Гүйн шумбан ороод
Усан далайн ёроолоос
Уул хайрцгийг олов.
Энэ хайрцгийн жин нь
Эгээ хөнгөн биш
Зуун пүү дөхөхийг
Зуйгар хадран мэдээд:
«Магад даахгүй» гэж
Май загасуудыг дуудав.
Далайн май загасууд
Даруй сандран цуглаж
Бэлзэгтэй хайрцгийг өргөхөөр
Бие тулан оролдовч
Чу! чу! гэж орилолдовч
Цунгийн чинээ ч хөдөлгөсөнгүй .
Балмад хадран загас
Байдаг чадлаараа хашгирав
«Балгуулахын оронд ташуурдмаар
Бааштай муусайн майнууд!» гээд
Бүх хилэм загасыг
Бүртгэн цуглуулахаар одов.
Хилэм загасууд ирээд
Хэл үг гаргалгүй
Бөхөөр элсэнд шигдсэн
Бөгжтэй хайрцгийг өргөв.
Хэрүүлч хадран загасын
Хэлж тушаасан үг нь:
«Хайрцаг өргөсөн загасад
Хааных өөд очоорой!
Нүд минь өөрөө анилдаад
Нойрондоо дийлдэж байна
Би доошоо шумбан
Биеэ жаал амраая!»
«Өнөөх бэлзгий минь
Өглөө авчирна гэж
Ам алдсан билээ
Алтан нар шингэв!»
Далайн шуламыг хуухай
Дарж алаасай чамайг... гэтэл
Өргөн далай цалгиад,
Өнөөх халим гараад ирэв.
«Ачий чинь хариулж,
Амласнаа гуйцэтгэв» гэж
Хаан охины бэлзэгтэй
Хайрцаг нэгийг гаргаж
Элсэн дээр хаяхад нь
Эрэг баахан чичрэв.
Бөгтрөгтэй морьхон нь сэрж
Босон харайж шилгээв
Хөлөгч Иванаа харж
Хөхин баясан дэвхцэв.
«Эзэн Иван минь хувцасла!
Эргэх замдаа морд!
Болзсон гурван өдөр нь
Болоод өнгөрөх дөхөв .
Маргаашийн өдөр гэдэг
Маш бачуу өдөр!
Өвгөн болсон хаан
Өнхөрчих гэж байгаа даа!»
«Баярлаад өргөх гэсэн
Бяр минь хүрэхгүй байна
Ямар цул хайрцаг вэ?
Яасан хүнд юм бэ?
Таван зуун чөтгөрөө
Танхай загас хийчихэв үү?
Би гурвантаа өргөвч
Бэрхдэж туйлдаад даасангүй»
Иваны үгийг сонсоод
Итгэлт морьхон нь дуугаралгүй
Өнөөх хайрцагтай юмыг
Өвс зэгс шиг хөнгөнөөр
Өөрийн хүзүүн дээрээ
Өргөн гарган тохоод
«Бушуу морд Иван!
Буцах зам хол!
Манай болзоот өдөр
Маргааш өглөө болно» .
Дөрөвдүгээр өдрийн үүрээр
Дөнгөж Иван ирэв
Хаан угтан гарав:
«Хаан-охины бэлзэг үү?»
«Хайрцагтай бэлзгэнэ!
Харьяат цэргээ дууд!
Харах бараа нь бага ч
Хар шулмын хүнд юм»
Хаан тэрхэн агшинд
Хамгаалагч цэргээ дуудаж
Хайрцаг оруулахыг тушаагаад
Дагина охинд очоод
Даруухан зөөлөн дуугаар
«Амраг чиний бэлзгийг
Аваад ирсэн байна
Маргааш өглөө эртлэн
Мандахын шар нарнаар
Холбох ёсоо гүйцэтгэж
Хоёулаа нийлж жаргая.
Зүрхнээсээ дурлана би!
Зориглон хэлсний минь соёрх
Эхнэр болгохсон гэж
Энгүй их дурлав би!»
«Арван тавт намайг үзээч
Азай буурал үсээ хараач
Яаж ийм хоёр хүн
Явдпаа нэгтгэж гэрлэх вэ
Цэвдэг хөлдүү өвөл
Цэцэг ургадаггүй юм шүү
Зүйргүй сайхан надтай
Дүймээр юм чинь юу вэ?»
«Би хөгширсөн ч цогтой
Биеийн чалх сайтай
Бага жаахан янзалбал
Бахтай залуу шиг харагдана».
«Амандаа ганц шүдгүй
Азай буурал болсон
Эргүү тэнэг өвгөнд
Эхнэр болж суухыг
Хэзээ ч би хүсэхгүйд
Хэрэг нь байгаа юм
Харин чи урьдынх шигээ
Хавтай залуу болбол
Харгацаж хэлэх үггүй
Хатан чинь болно!» .
«Дагина чи бодооч
Дахин төрж болдоггүй
Ганцхан бурхан тэнгэр л
Гайхамшгийг бүтээж чадна.»
«Алд биеэ хайрлахгүй бол
Ахиад залуу болж болно.
Үй олон зарцаараа
Өргөн хашаан дотроо
Гурван том тогоог
Гудамлан зоож галлуул!
Нэгдүгээр их тогоонд нь
Нэн хүйтэн ус,
Хоёрдугаар их тогоонд нь
Хорчийлгож шалзлам ус,
Сүүлийн том тогоонд нь
Сүү хийж буцалга!
Бүх хувцсаа тайлаад
Бүлээн сүүнд орж
Бүлээн сүүнээс гарч
Бүр халуун усанд орж
Хага ташим хүйтэнд усанд
Хамгийн сүүлд орвол
Эрхэм залуу болохыг
Эцэг чамд хэлье!» .
Хаан үг дуугарсангүй
Харин Иваныг дуудав.
Хаан:
«Иван хөлөгч чи!
Их тогоонд байгаа
Буцлангуй халуун сүү
Бусад хоёр усанд
Орж турших ажлыг
Оролдон хийж тэнс!»
Иван:
«Торой, хяруул хоёрыг
Тогоонд зумладаг байх...
Би, тахиа торой биш
Биеэ зумлах хэрэггүй
Харин хүйтэн усанд нь
Харайгаад орсон ч болно!
Буцалгаж туршина гэж
Бүү намайг мэхлээрэй!
Хаан:
«Харц чамтай мэтгэлцэхгүй!
Хэрэв чи үүрээр
Хэлснийг гүйцэтгэхгүй бол
Чамайг хэсэглэн хэрчиж
Чанга зовоон эрүүднэ.
Эргүү хар нохой!
Эндээс бушуу зайл!» гэв.
Итгэлт морьхны байранд
Иван уйлсаар очив
Иваны уйлахыг хараад
Итгэлт морьхон нь асуув:
«Иван чи юунд
Ийм гунигтай болов?»
Иван:
«Хайрт морьхон минь!
Хар аюулд уналаа
Хаан намайг тонилгохоор
Харгис бодол өвөрлөж
Халуун сүүтэй тогоонд
Харайж ор гэв.
Хүйтэн устай тогоонд
Хөвж үз гэв
Буцлангуй устай тогоонд
Булхаж турш гэв.»
Морьхон:
«Галт шувууны өдний
Гай гэдгийг хэлүүштэй
Хээрээс авсан өд чинь
Хичнээн гай удав даа!
Тэгтлээ уйлаад яахав
Тэнгэр чамайг өршөө!
Эзэн Иванаа орхисноос
Энэ бие үхсэн нь дээр
Өглөөний гэгээн хяраагаар
Өргөн хашааны дотор
Дээлээ тайлахдаа чи!
Дээд хаанд айлтгаарай
Их хаантаан! би
Итгэлт морьтойгоо уулзаж
Эцсийн хагацал хийхийг
Энэрэн хайрлах болов уу?.. гээ
Энэ гуйлтыг чинь
Эзэн соёрхоно байх
Би хүрч очоод
Биеэр тогоонд тулж
Сүүлээ нэг шарваж
Сүүнд хошуугаа дүрж
Чамайг хоёр шүршиж
Чанга гэгч исгэрнэ.
Тэгэхэд чи хурдхан
Тэр сүүнд нь шумбан
Халуун устай тогоонд
Харайж орон хөвөөд
Хүйтэн устай тогоонд нь
Хөхүүн гэгч нь булхаарай»
Маргааш өглөө нь болоход
Маш эрт байхад
Итгэлт жаал морь нь
Иванаа дуудаж сэрээв:
«Эзэн нойр чинь ханасан
Эрхэм албаа гүйцэтгэгтүн»
Нойрмог Иван эвшээж
Нозоорон суниасаар босож
Залбиран загалмайлан мөргөж
Заасан газар нь очив
Тэнд тогоонууд буцлан
Тэдгээрийн эргэн тойрон
Хааны тогоочин хуралдаж
Харшийн албатан цуглаж
Галын түлээг нэмж
Газар газар бөөгнөлдөж
Иваны тухай шивнэлдэж
Инээлдэн шуугиж байв.
Харшийн үүд цэлийж
Хаан дагина хоёр
Идэрхэг Иваныг харахаар
Индэр асарт сууцгаав.
«Иван минь хувцсаа тайлж
Их тогоонд шумбаж үз!»
Иван үг хэлэлгүй
Их хааны зарлигаар
Малгай бүсээ тайлав
Маахай гутлаа сугалав.
Залуу цогт дагина
Займран бултаж байгаад
Нүцгэн Иванаас ичээд
Нүүрээ таглаж орхив.
Иван тогоонд ойртож
Ийшээ тийшээ харав.
Хаан түүнийг хялайж
Хашгиран зандарч тушаав.
«Иван юунд зогсов
Их тушаалыг гүйцэтгэ!»
Их эзэн хаантанд
Иван мэхэсхийн хэлэв:
«Их хаантан! - Би
Итгэлт морьтойгоо уулзаж
Эцсийн хагацал хийхийг
Энэрэл хайрлах болов уу?
Эзэн бодож үзээд
Энэ гуйлтыг соёрхов.
Хаан зарлиг буулгаж
Хайрт морийг нь авчруулав.
Тогоонд морьхон ойртож
Тогдгор сүүлээ шарваж
Хуйлран буцалсан усанд
Хошуугаа нэг дүрж
Иваныг хоёр шүршиж
Их дуугаар исгэрэв.
Иван морьхноо харж
Их тогоонд шумбаж
Сүүнээс усанд шилжиж
Сүүлчийн тогооноос гарахдаа
Үлгэрт хэлж болшгүй
Үзэмжит сайхан болов
Үзгээр бичиж чадашгүй
Үнэн цэвэрхэн болов!
Хааны албат нар
Харсаар гайхаж хашгиран
Ийм сайхан болдог
Ид шид байдаг аа!
Залуу сайхан болох гэж
Загалмайлж хоёр залбираад
Хаан хувцсаа тайчуулж
Халуун тогоотойд ороод
Халцарч түлэгдэж үхэв ээ.
Тойрон байсан албатан
Тоймгүй баясан хэлэв.
«Таныг хатан болгоё!
Тамд унасан ч дагая!
Хас их жаргалын чинь төлөө
Хаан эзнээр Иваныг өргөе!»
Иван хатнаа хөтөлж
Их сүмд очиж
Төр ёсоо гүйцэтгэж
Төв суудалд суув.
Хааны ордны хурим той нь
Хад уул мэт сүндэрлэж,
Өнгийн амттан архи дарс нь
Өргөн гол шиг урсаж байв.


Цааш нь...

Бөгтрөгтэй морьхон (Орос) - 2-р хэсэг

Ягшин нууж байв?
Жинхэнэ хаан мөн үү би?
Жигүүрийн нэг сайд уу би?
Иван:
«Өөрийн үгээ өчье!
Өд надад байхгүй .
Хачин тэр өдийг...
Хаанаас би олох вэ?»
Хаан орноосоо босоод
Хайрцаг саваа уудлаад
Галт шувууны өдийг
Гаргаж ирээд хэлэв.
Хаан:
Эзэн хааныг мэхэлнэ гэнэ ээ?
Энэ чинь юу вэ хөө?
Адгийн муу чамд
Арай л хууртагдахгүй хөө!
Идтэй өдөө алдсанаа
Иван сая л мэдээд
Салхинд хийссэн навч шиг
Салганан чичрэв.
Хаан:
Хааны зарлиг гарвал
Харш ордонд минь
Галт шувуу авчрахаар
Гайхуулдаг хүн гэнэ чи
Овлож мэхлэх хэрэггүй
Олж ирэхийг хичээ!»
Гурван долоо хоногт
Галт шувууг авчрахгүй бол
Шорын үзүүрт өлгөөд
Шоронгийн мухар сахиулахыг
Хаан эзэн миний бие
Хар живрээрээ баталъя!
Иван уйлж хайлан
Их ордноос гараад
Жижиг морины пинд
Жигтэйхэн гундуу оров.
Бөгтрөгтэй морьхон:
«Ямар учраас урвайв
Яагаад ингэж гуниглав.
Бүү надаас нуугаарай!
Бүрэн шууд хэлээрэй!
Чиний энэ хэрэгт
Чин үнэнээр тусална.
Архаг өвчин тусав уу?
Ад тотгор дайрав уу?»
Иван:
«Гайтай юм боллоо
Галт шувуу авчир гэж
Хаан эзэн тушаав
Хайчна билээ, би чинь!»
Морь:
Үгийг минь дуулаагүйгээс
Үйлс чинь ийм болов
Галт шувууны өдийг
Гардаж авсны чинь гай!
Одоо хаанд очиж
Онцолж ингэж хэл:
«Хоёр модон тэвш
Хондон шаргал будаа
Холын орны дарс
Хождуулалгүй олгож хайрла!
Маргааш үүрийн хяраагаар
Маш эртлэн мордьё»
Маргааш өглөө нь Иваныг
Маш эрт сэрээгээд
Унтах нойр чинь ханав
Уул аяндаа мордоё гэжээ.
Иван орноосоо босож
Их замд төхөөрч
Холын орны дарстай
Хоёр тэвштэй будаагаа авч
Галт шувууг олохоор
Газрын холыг зорив.
Бүтэн долоо хоног
Бие амсхийлгүй давхиж
Найм дахь хоногийн биенд
Нарсан ойд хүрлээ.
Морь:
«Энэ ойн цоорхойг
Эргэцүүлж сайн хар!
Цул мөнгөн уул тэнд
Цухуйж байгааг харав уу?
Үүгээр галт шувуу
Үүр цайхын өмнө
Аршаан булгийн усыг
Амтлан уухаар ирдэг юм .
Булгийн ус уухаар
Бууж ирэхэд нь барья
Одоо мөдхөн шөнө болно.
Отож үзэхээс дээ Иван минь!
Арвай будаагаа хийгээд
Архитайгаа сайн хутга!
Иван чи өөрөө
Илүү тэвшиндээ нуугд!
Үнэгэн харанхуйн хойхно
Үүр цайхын урдхан
Галт шувуу ирээд
Гангар гунгар дуугараад
Архи будаа хоёроос
Ам мэдэн иднэ.
Ойр байсан нэгий нь
Осолгүй барьж ав!
Иван:
«Галт-шувуу барих гээд
Гараа түлбэл яана?»
Морьхон:
«Галт шувуу баривал
Газар сайгүй хашхир?
Би тэрхэн агшинд
Биеэрээ давхин ирнэ»
Тэнэг Иван уухилсаар
Тэвшин дотроо орж
Үхсэн юм шиг хөдлөлгүй
Үүрийг хүлээн хэвтэв.
Шөнө дөлийн цагт
Шовх уулын дээгүүр
Өдөр мэт гэрэл цацруулсаар
Өдөт шувууд ирэв.
Будаа архи хоёрыг
Бувар бувар идэв .
Иваны ийн бодов:
«Хачин гайхалтай юм.
Хаашаа олон амьтан вэ?
Ярих ч юм алга
Яасан сайхан шувууд вэ?
Архитай тэвшиндээ Иван
Аяархан мярааж ойртоод
Нэг галт шувууны
Нэвсгэр суүлээс нь шүүрч
«Бөгтрөгтэй морьхон чи!
Бушуухан ир! найзаа!
Галт шувууг барьж
Гартаа оруулав байна!»
Тэнэг Иваныг
Тэгж хашгиран хэлэхэд
Жижиг морь нь давхисаар
Жингэнэн янцгааж ирэв .
Морьхон:
«Ззэн минь хичээгээрэй
Энэ шувуугаа тулмандаа хийгээрэй .
Амсрыг нь сайн боож
Ардаа үүрээд буцъя!»
Сүрэг олон шувуу
Сүр хийтэл нисэлдэж
Очит гэрэл цацруулан
Огторгуйн үүлнээ далд оров.
Иван морьхон хоер
Ирсэн замаараа буцаж
Хааны их нийслэлд
Харьж ирэв гэнэ.
Хаан:
«Олов уу? галт шувууг!»
Иван:
«Олохгүй яах вэ!»
Хаан:
«Хаана байна шувуу чинь!»
Иван:
«Байз! Шадрууддаа тушааж
Байшингийн цонхыг хаалга!
Хаалга цонхоо битүүлж
Харанхуй болгох чухал! »
Олон хиа гүйлдэн,
Ордны цонхыг хаав
Иван тэнэг, тулмаа
Исэр ширээн дээр тавьж
«Гар! эмэгчин!» гэж
Галт шувууг дуудав
Гэнэт гэрэл цацарч
Гэр дэх хүмүүс гялбав .
Хаан:
«Аюулт түймэр! бурхан минь!
Ард амьтныг цуглуул!
Ус шороо авчирч
Унтраа! сөнөө! бушуул!»
Иван агтчины дарга
Инээдэндээ хахан цацаж:
«Гайт түймэр биш
Галт шувууны гэрэл!...
Хаан энэ шувууг
Харж зугаацах болов уу!»
Хаан:
Энэ баярын урманд чинь
Эзэн хааны хөлөгчин болгоё чамайг!
Хааны хуучин агтач
Хар доторт манаач
Энэ байдлыг үзэхдээ
Эгдүү нь ихэд хүрч
Азнаж хүлээ дүү минь
Ах нь чамайг дөнгөнө
Хэрэв аюулд унагахгүй бол
Хэний хүү болох бол?» гэж бодов.
Хорин нэгэн хоногийн
Хойд нэгэн үдэш
Зарлигт хааны гал тогоонд
Зарц, тогоочгүй цуглаж
Зэс домботой архийг
Зээрд болтлоо ууж
«Даамай холын оронд
Далай байдаг гэнэ
Үйлт тэр далайд
Үнэн шашинтны газраас
Хааны тайж ч хавьтаагүй
Харц олон ч очоогүй!
Хааны сайхан охины тухай
Харийн гийчид ам булаалдан
Энэ үзэмжит дагина нь
Энгийн охин биш
Алман сарны охин
Алтан нарны дүү гэнэ гэж дуулалдав.
Иваныг занасан манаач
Ийм үлгэрийг сонсоод
Хааны ордон тийш
Харайн гүйж оров.
Духаараа шал мөргөж
Дуулан байж айлтгав.
«Эзний зоогийн газар
Энэ өдөр бид цуглав .
Таны өлмийн төлөө
Тансаг дарсыг хүртэв.
Үүдний нэгэн зарц
Үлгэр хэлж цэнгүүлэв
Үзэсгэлэн төгөлдөр дагина
Үлгэрийн дотор гарав.
Хаан таны хөлөгчин
Харц Иван сонсоод
Ариун цогт дагиныг
Ангаахай гэж нэрлээд
Охиныг үзье гэвэл
Олж ирнэ! гэж
Таны живрээр батлан
Тангараг тавилаа!» гэв.
«Агтчиныг дууд!» гэж хаан
Аман зарлиг буулгав.
Хааны хиа нар
Харайн гүйн явж
Даамай унтсан Иваныг
Дан цамцтай нь авчрав.
«Иван чиний тухай
Илтгэл мэдээ ирсэн нь:
Ондоо шувуу болох
Охиныг авчирна гээд
Биеэ сайрхана гэж
Бишүүд чинь ярив!» .
«Хаашаа юм хэлэв!
Хаан хурмаст өршөө!
Унтаа нойрмогтоо би
Утгагүй чалчсан байлгүй,
Зальтан мэхлэхийг оролдовч,
Завсардуулж ер чадахгүй!»
Хаан, сахлаа шувтран,
Хашгиран зандран, хэлэв:
«Харц чамтай, би,
Хайнцан мэлзэж чадахгүй!
Хорин нэгэн хоногт,
Холын орны дагиныг
Ордонд минь авчрахгүй бол,
Онц чангаар шийтгэхийг
Хааны живрээр баталж.
Хаана ч гэсэн хамаагүй
Шовх гадсанд өлгөж,
Шоронгийн мухар сахиулна! гэв.
Иван уйлсаар явж
Итгэлт морьхондоо очив.
«Иван минь, чи юунд
Ийм гунигтай болж,
Тархи түрүүгээ унжуулж
Таг дуугай уйлав»
«Амраг жаалхан морь минь
Аюулт юм боллоо!
Харийн дагина охиныг
Хаан, авчир!» гэв.
«Их аюултай байгаа нь
Илэрхий үнэн байна.
Аюул зовлонгоос салахад чинь
Асарч тусалж би чадна.
Эзэн хаанд бараалхаж
Ингэж, одоохон хэл
Далайн цаанах жимсэн чанамал
Давуу амттай сэрүүн идээ
Хоол ундны хэрэгсэл
Хос торгон алчуур
Алтан хээ угалзтай
Асар, цацар хэрэгтэй!».
Наран гаригт мордоод
Найм дахь өдрийн биенд
Балар ойд хүрмэгц
Балтгар морь нь хэлэв:
Морь:
«Онц үзэмжит дагинын
Он дуусан суудаг
Далай тийш очих
Дардан харгуй энэ
Уран гоо дагина
Улирах нэгэн онд
Далайгаас хоёр удаа
Дайт газарт гарч
Өдрийн уртыг өнгөрүүлдэг.
Өглөө охиныг үзнэ
Асар цацраа босгож
Алчуур юугаа дэвсээд
Амттан идээ, сэрүүн ундаа.
Аягалж сөгнөж зэхээд
Арга ухаанаар харуулд!
Асарт дагина орог!
Амттан жимсийг зооглог!
Ятга чавхдаж эхлэхээр
Яг барих цаг нь болно!
Даруй асартаа орж
Дагина охиныг барьж
Тэнхээгээрээ тэвэрч аваад»
Тэгээд, намайг дуудаарай
Чи сэргэг байж
Чилэлгүй сайн хар!
Омтгойдож унтвал орхивол
Осол аюулаас хагацахгүй!»
Морьхон нь далд оров.
Мань Иван нуугдав
Авхайг харъя гэж
Асраа цоолов гэнэ.
Үүлгүй цэлмэг өдөр
Үд дундын хэрд
Дагина охин ирж
Аялгуут ятгаа барьж
Асрын дотор орж
Амттан жимсийг зооглохоор
Ашлан суув гэнэ.
Харц хөлөгчин Иван
Хаан-охиныг үзэж
«Энэ хаан охиныг
Элдэв үлгэрт хэлэлцдэг
Тэгж юунд хэлэлцэнэ!
Тийм ч үзэмжтэй биш юм гэж бодов
Хаан охин ятгаа дарж
Хангинатал сайхан дуулав.
Намуухан эгшгийг сонссоор
Нам унтаж хоцров
Иван Ухаант морьхон нь ирж
Унтаж хоцорсон Иваныг
Урд хөлөөрөө цавчиж
Ууртай дуугаар янцгааж:
«Хайрт нөхөр минь чи!
Хамаг одод түгтэл
Хар аюулд унатал
Ханагар унтах чинь юу вэ?


Цааш нь...

Бөгтрөгтэй морьхон (Орос) - 1-р хэсэг

Өөрийн гурван хүүтэйгээ амьдардаг
Өвгөн тариачны будааг
Танихгүй нэг амьтан
Тамтаг болтол нь гишгэдэг болов
Танхай хулгайчийг барихаар
Тариагаа шөнөдөө манах болж
Эргүүл харуул гаргахаар
Эцэст нь ухаан олов...
Гурван хүүгээ харуулд гаргаж
Гудиггүй хулгайчийг барих болов.
Эхний шөнө том хүү нь
Эргүүл манаанд гарчээ.
Өглөө болоход Данило
Өвсөн хоргоноосоо гараад
Хувингаар ус асгаж
Хувцас хунараа норгоод
Нойрын хүүдий та нар
Норсон ахаа оруул даа
Хүйтэн бороонд нэвтэрч
Хөл толгойгүй норов гэв.
Айхавтар эр Данило чи
Аавдаа үнэнчээр зүтгэлээ
Аюул түйтгэрт алзсангүй гээд
Аав нь түүнийг магтав.
Дахиад шөнө болоход
Дараах хүү нь харуулд гарсан
Айлын хашаанд хоргодон
Амь зулбан хоночихоод
Хэмгүй нойртой та нар
Хэрхэн ингэж унтана вэ
Шинжгүй хүйтэн хонолоо
Шил татах дөхлөө гэв.
Бүтэн шөнөдөө чичирсэн ч
Бүрэн тайван хонов
“Гаврило чи эр хүн” гэж
Гайхаж аав нь магтав.
Ах нар нь тэнэг дүүгээ
Аргадан аашлан загнавч
Тэнэг дүү нь дуулсан хэвээр
Тэндээ суусаар байв
Будааны манаандаа гараач!
Буурцаг шош өгнө шүү
Ингэж эцгийгээ хэлэхэд
Иван ханзнаасаа бууж явлаа
Яг шөнө дундын үед
Янцгаасан адууны чимээнд
Сахиулчин Иваны харахад нь
Сайхан гүү явав
Өвлийн цас шиг зүстэй
Өвдгөө өнгөрсөн дэл нь
Газар шүүрэм алдаад
Гархин алт шиг мушгирна
Иван:
«Өнөөх хулгайч энэ л бий
Өвгөн чинь шоглоом мэддэггүй
Хай! чамайг унана даа
Хачин царцаахай байна даа!»
Цагий нь олж, Иван хүү
Цагаагч гүүнд дөтлөөд
Мушгиран эрчилсэн сүүлээс нь
Мугуйдан шүүрч аваад
Булиа сайхан зоонд нь
Буруу хараад мордов.
Ганган цагаачны нүд нь
Галзуу юм шиг гялалзан
Талыг тойрон тойрон
Тангаран тангаран булгиж
Овлон хүчлэн, Иваныг
Ойлгож унагаахыг хичээвч
Сүрхий гайхал Иван маань
Сүүлдэн бариад тогтов оо
Гүү:
«Тогтож чадсан чи минь
Тохирсон эзэн минь бол
Амрах газры минь өг
Аль санаснаараа арчил
Гурав хоногийн эцэст
Гуниг санаанд нь ороогүй
Алтан дэлхийд гишгээгүй
Аргамаг хоёр төрнө.
Дээр нь бас би чинь
Дэлэм урт чихтэй
Өчүүхэн хоёр бөгтрөгтэй
Өндөр нь гурван цун
Балтга жаалхан морийг
Бас унагалж өгнө.
Хоёр том аргамгаа
Хонжоод худалдахад болно.
Арвайхан жаал морио харин
Алтан бүс, сувдан малгай
Аргамгийн тоног чимгээс ч
Арилжиж бүү худалд,
Иван минь гэв.
Өнгөрсөн шөнийн туж
Өчүүхэн төдий унтсангүй
Сар сайхан гийгүүлээд
Санаанд ороогүй байтал
Ооч сахал нь арзайсан
Ороолон шулам ирэв.
Шоглоом мэддэггүй би чинь
Шууд хүзүүдэн мордов.
Бахь шиг чанга хавчиж
Бахардалгүй тогтлоо би
Унагаж, намайг ядаад
Учирлаж гуйхад хүрэв.
“Утсан чинээ амий минь
Уучилж тавихыг гуйя! гэхэд нь
Чөтгөрийн үгийг итгээд
Чөлөө өгөөд тавилаа” гэжээ.
Ах нар нь цухалдавч
Аанай тэнэгийг элэглэж
Ташаагаа тулан байж
Тачигнатал шоолж гэнэ.
Мансуурч согтсон Данило
Маргааш нь ч юм уу хэзээ ч юм
Малчны балгаанд ороод
Аргамаг хоёрыг үзэв.
«Санаа сэтгэлд ороогүй
Сайхан юмыг хараач!
Алтан дэлт морьдыг
Аанай тэнэг олжээ»
Гаврило дүү минь сонс!
Гарах долоо хоногт
Энэ хоёр морийг
Эзний хотноо оруулж
Бояр сайдад худалдаад
Бооц, мөнгөө хуваая!
Ухаан муут Иван дүү
Учры нь олж мэдэх бишээ
Агт морьдоо эрнэ биз
Авсан бидэнд падгүй...
Алтан дэлт морь нь
Алга болон арилаад
Ганц жаахан морь нь
Газар цавчихыг үзсэн Иван
«Азай буурал морьд минь
Алтан дэлт хөлгүүд минь
Ямар чөтгөр шулам нь
Яагаад алга хийчив
Гүүр нь нурж цөмрөөд
Гүн усанд живээсэй!
Тамын оронд ороод
Тарчилж хэвтээсэй чамайг» гэвэл
Битгий зов чи минь
Би тусалж чадна.
Албин чөтгөр аваагүй
Ах нар чинь авсан!
Одоо намайг унаарай
Ойчилгүй явахаа мэдээрэй гэж
Жижигхэн морь нь янцгааж
Жингэнэн дуугарч хэлэв.
Тэр морьхон нь навтайв
Тэнэг Иван мордов.
Хөх тоос дэгдэж
Хөлийн дор нь хуйлрав.
Харвасан сум шиг хурдалж
Харсан нүд ирмэхэд
Хулгайч нарыг гүйцэв
Хулчийж тэд нар айв
«Иваны морьдыг хулуух нь
Ичгэвтэр дээ, ах нараа!
Надаас та нар ухаалагч
Наад, Иван чинь шударга аа
Данило:
«Янаг дүү Иван минь
Яалаа гэж мэлзэх вэ бид
Муухай хэрэг боллоо
Мунхаг биднийг өршөө
Морьдыг чинь бид худалдаад
Мянган төгрөгтэй болж
Бага жаалхан чамдаа
Баяр хүргэх далиманд
Хонхот улаан малгай
Хором бухар гутал
Шинэ хувцас авч өгөхөөр
Шийдээд ингэж явна.
Аавын бие муудан
Ажил хийхээ больсон
Идэх юм хэрэгтэйг
Иван дүү минь санаач!
Иван:
«Ажил тань тийм бол
Алтан дэлт морьдоо
Аваачиж худалдах нь зөв.
Ах нар минь Иваныгаа
Хамт авч яв» гэж
Хариу үгээ хэллээ.
Ах нар нь дургүй байвч
Аргагүй болоод дагуулав.
Хөх огторгуй харайхуйлж
Хүйтэн жавар эхлэв.
Тэд төөрнө гэлцэн
Тэндээ унтахаар болов.
Модны мөчир гишүүнээс
Морьдоо уян сойгоод
Замын хүнснээсээ идэж
Зайгуул ходоодоо аргадав
Гэтэл тээр тэнд
Гэрэл гарахыг Данило харав.
Байз! тэр юу вэ?
Баагиж байгаа утаа юу?
Тамхи нэрж байгаа бол
Таатай л хэрэг байна
Гараад гүйчих Иван минь
Гал гуйгаад ир гэсэн ч
«Далд ороосой билээ энэ» гэж
Данило дотроо боджээ.
«Аянчин жинчин тэд
Алаасай үүнийг тэнд нь» гэж хараав.
Эргүү тэнэг Иван
Энэ байдлыг анзаарсангүй
Бяцхан мориндоо мордов
Бөгтрөгтэй морьхон нь хурдлав
Өргөн их дайд
Өдөр шиг гэгээн байна
Иван:
«Улалзаж байгаа дөлөнд нь
Утаа, илч ч байхгүй
Хаашаа чөтгөрийн юм бэ?
Хачин гал байна даа»
Бөгтрөгтэй морьхон:
«Гайхах юу байх вэ
Галт-шувууны өд байна
Энхжин сууя гэвэл
Энэ өдийг бүү ав!
«Болдоггүй яана аж даа» гэж
Бодоод, Иван тонгойж
Галт шувууны өдийг
Гарын алчууртаа ороож
Малгай дотроо нууж
Мань Иван буцав.
Нийслэлийн зээл нээгдэж
Нийт наймаачин хашгиралдав.
Эд бараа авагчид
Энгүй олон ирцгээв.
Арилжаа хийсэн хүмүүс
Алт мөнгөө тоололдоод
Харуулын цагдаа нартай
Хааяа нүдээ ирмэнэ.
Нийслэл хотын дарга
Нэгэн зуун цэрэгтэйгээ явахад
Цугласан олон зайлж
Цугаар малгайгаа авав.
Уяа дүүрэн морьд
Урьд нь харагдаж байна
Олон морины дундаас
Онцгой морь хоёр байна.
Нийслэлийн дарга:
«Алтан дэлхийд хачин юм
Аль овоо байх юм даа!»
«Энэ морьдыг бүү худалд!
Энд битгий шуугилд!
Хаан эзэнтэнд бараалхаж
Харснаа айлтгана» гэж
Хагас цэргээ үлдээж
Хаанд бараалхахаар явав.
Дарга:
«Хаан эцэг өршөөтүгэй!
Хэлэх үгийг минь сонсогтун!
Үхэх ял бүү оноогтун!
Үнэн үгийг таалагтун!
Хаан:
«Сониноо тавтай хэлэхийг
Соёрхож байна би
Дарга:
«Өнөөдөр цэргээ дагуулж
Өөрийн хотыг эргэж
Малын захаар очиход
Маш олон хүнтэй байна
Зайгүй олон үймэн
Засаг цаазгүй загнахад
Хааны хуулийг сахиулж
Харц олныг зохицуулав
Уяа дүүрэн морьд
Урд минь харагдаж байлаа
Гайхам алтан дэл нь
Гархи болон мушгирсан
Шижир эрдэнэ сүүл нь
Ширхэг нийлэн гялалзсан
Алмаз чулуун туурай нь
Алтан сувд бүрээстэй
Онцгой морь хоёр
Олноос ялгарч байхыг үзэв»
Хаан:
«Хачин морьдыг үзье!
Хангал морьдыг харья!
Гайхалтай тэднийг олж
Гартаа оруулж авья».
Хааныг морилж ирэхэд
Хамаг олон мөргөж
«Уухай» түрэн хашгирахад
Улсын эзэн дохисхийв.
Эзэн хаан түхийсээр
Эрдэнийн жуузнаасаа бууж,
Аргамаг сайхан морьдоос
Алаг нүдээ салгалгүй
Хүдэр зоогий нь алгадаж
Хүзүү хоолойгий нь маажиж
Шижир алтан дэлийг нь
Ширхэг дагуу нь илбэн
«Энэ хэний унаа вэ?
Эзэн нь хаана байна?
Морьды чинь худалдаж авъя
Мөнгө төгрөг нь хэд вэ?»
Иван:
«Энэ морьд минийх
Эзэн нь би байна
Хос таван малгай мөн
Хоёр тавын арав» гэхэд
Эзэн хаан тэр дороо
Эрдэнэ мөнгөө тоолон
Иванд тушааж өгөхдөө
Илүү таван төгрөг өгчээ.
Хаан:
«Энэ хоёр аргамгийг
Эдлэн газар аваачин
Хааны агтны газар
Хашиж адуулж бай»
Сайхан хоёр аргамаг
Сангийн газар хүрэлгүй
Агтчин хэдэн өвгөдийг
Авч хаяж унагачихаад
Тэнэг эзэн Ивандаа
Тэр дороо очжээ.
Их хаан буцаж Иванд оч иж хэлжээ .
«Аргамаг хоёр морьдыг
Адуулж ер чадахгүй нь
Иван чи өөрөө
Их санд очоод
Апба хааж амьдар
Алтан дотор шумба!
Хамаг агтчиныг минь
Харж захирч суу!
Сайн эр Иван маань
Сайхан ордонд суугаад
Хаан төрд зүтгээд
Хамаг агтчинг захираад
Амттан идээгээр дутахгүй
Амрах нойроо хасахгүй
Элбэг дэлбэг байгааг харсан
Их агтчины атаа жөтөө хөдлөв.
Энэ агтчины хорсох нь
Эгээ дэмий хэрэг биш гэнэ.
Их сурвалжит энэ хүн
Иваныг ирэхийн өмнө
Бүх агтчинг захирч
Бүрэн эрхтэй байсан юмсанжээ.
Иван морьдоо самнахгүй
Идэш тэжээлийг нь өгөхгүй
Сойж уях нь үзэгдэхгүй
Сонжиж явах нь харагдахгүй ч
Өнөө хоёр морь нь
Өл алдсан янзгүй
Самнаж арчин цэвэрлэсэн юм шиг
Сайхан жавхлан бүрдэж
Усаар зулга угаасан юм шиг
Улам үзэсгэлэнтэй гялалзана гэнэ.
Агтчин:
«Албин чөтгөр тусална уу
Апдалгүй Иваныг мөрдөе!
Нүгэлт тэнэг Иваныг
Нүд цавчилгүй харъя!
Өөдгүй муу агтчин
Өвс овьёосон дунд нуугдаад
Шөнө дунд болоход
Шүлт тамир нь барагдлаа
Хаалга аяархан хахинаж
Хангал морьд цовхчив .
Хааны агтчин Иван орж ирээд
Хамаг хаалгаа түгжив.
Галт шувууны өдөө
Гарган гэнэт ирэхэд
Саравч дүүрэн гэрэл цацрахад
Сандарсан агтчин арай л дуу алдсангүй.
Оч дэнлүү мэт өдөө
Овъёосны авдар дээр тавиад
Агт сайхан морьдоо
Арчин цэвэрлэж эхэлжээ.
Урт дэлий нь самнахдаа
Уянгалаг сайхан дуулна.
Галт шувууны өдөө
Гарын алчууртаа цуглаж
Ажил явдлаа дуусаад
Агтны хажууд хэвтээд
Өдтэй малгайгаа дэрлэж
Өөрийн эрхгүй Иван зүүрмэглэв
Иваны хурхирахыг сонсоод
Их агтчин сэмхэн гэтсээр
Галт шувууны өдийг
Сугалж аваад алга болов.
Агтчин:
«Үхэх ялаас уучилж,
Үг хэлэхийг соёрхоно уу?»
Харин Иван л мэдсэнээ
Хаан эзнээс нуудаг байна
Гэвч алт мөнгө биш
Гэрэлт галт шувууны өд!»
Хаан:
«Галт-шувуу гэв үү?
Газрын хаанаас олоо вэ?
Агтчин:
«Ганц өд ч биш
Галт шувууг тэр мэднэ
Хааны зарлиг гарвал
Харш ордонд чинь
Галт шувуу авчрахаар
Гайхуулдаг хүн шүү тэр!»
Галт шувууны өд
Гартаа дээш өргөөд
Хаан хачирхан гайхаж
Харах тусам инээснээ
«Агтчин тэнэг Иваныг
Авчирч бараалхуул» гэж загнав.
Албаны хэдэн хиа нар
Агтны пинд орж
Иваныг татлан чангааж
Их дуугаар дуудаж
Хагас цаг ноцолдсон ч
Хараахан сэрээж чадсангүй.
Шороо хамдаг хүн л
Шүүрийн үзүүрээр ёворч
Үхсэн мэт унтсан Иваныг
Үйлт нойроос сэрээв.
Иван:
«Ямар нь миний нойрыг хасав
Яагаад, намайг дутуу сэрээв? »
Албат:
«Хаан зарлиг болж
Харин чамайг дуудсан»
Гоё дээлээ Иван өмсөж
Горхитой бүсээ бүслэн
Нүүр гараа угааж
Нүд амаа арчиж
Ташуураа хажуудаа зүүгээд
Тавлан тухлан очив.
Хаан:
«Чи муу хөө, яагаад
Чин үнэнийг нуув!
Ган төрийн баялаг
Галт шувууны өдийг
Ямар учир санаатай

Үргэлжлэл бий...


Цааш нь...

Хоёр Иван (Орос)

Ах дүү хоёр Иван байжээ. Нэг нь ядуу, нөгөө нь баян гэнэ. Баян Иваны гэрт элдэв зүйлийн эд баялаг элбэг дэлбэг гэнэ. Агуулах сав нь арвай будаагаар дүүрэн гэнэ. Нуга хөндийгөөр үхэр мал нь бэлчинэ, нуур голын захаар хонь хурга нь налайна гэнэ.
Халуун зууханд нь хөвсгөр талх бөмбийнө гэнэ. Харин Иван эхнэртэйгээ хоёулхнаа гэнэ. Баян Иван том бага үр хүүхэд байхгүй гэнэ. ...
Ядуу Иванд намгийн мэлхий, мааждаг муураас өөр амьтан байхгүй гэнэ. Харин долоон хүүхэдтэй, долоон хүүхэд нь булан буланд шигдэн суугаад будаатай хоол нэхнэ.
Ядуу Иваны гэрт атга чимх гурил ч байхгүй, арвай будааны үр нэг ширхэг ч байхгүй гэнэ. Аргаа барсан ядуу Иван баян ахынх руугаа явжээ.
- Ах минь сайн байна уу?
- Аа, ядуу Иван, сайн байна уу? Яагаад гэртээ тогтохгүй байна, ямар хэргээр ирэв?
- Ах минь, жаахан гурил зээлдүүлээч, дараа нь би ажил хийж төлж өгнөө.
- За тэг, тэг. Гадар гурил ав, харин дараа нь шуудай гурил өгөөрэй.
- Ах минь, юу гэсэн үг вэ? Гадар гурил өгчихөөд шуудайг авах гэж үү? Арай их юм биш үү?
- Их гээд байгаа бол эндээс зайл. Өөр газар очиж өр зээл тавь.
Аргаа барсан Иван гашуудан уйлав, тэгээд гадар гурил аваад гэрийн зүг явжээ. Тэгсэн дөнгөж үүдэн дээрээ ирээд байтал салхи дэгдэн гадар дотор байсан гурилыг нь юу л үлдээлгүй үлээн хийсгэв. Гадарт нь юу ч үлдсэнгүй. Ядуу Иван уурлан,
- Ээх зүггүй салхи, чи олон хүүхдийг минь гомдоож өлөн хоосон үлдээлээ. Хойт зүгийн дүрсгүй салхи чамайг би олж дэггүйтсэний чинь хариуг заавал төлүүлнэ дээ.
Ингээд Ядуу Иван салхины араас явав. Салхи замаар орвол Иван замаар орон дагав. Салхи ой руу чиглэхэд Иван ч араас нь давхив.
Салхи асар том нэг царс модны хонгил руу салхи орчихов. Иван ч бас л дагаад орчихлоо.
Салхи Иваныг үзээд,
- Хэрэг зориг юунд вэ? гэж асуув.
- Би өлөн зөлөн хэдэн хүүхэддээ атга гурил авч явсан чинь чи нисэн ирээд хийсгэчихлээ. Одоо би гэртээ яаж гар хоосон харих вэ?
- Өө иймхэн юмны төлөө бүү гунихар. Энэ шидэт бүтээлгийг ав. Хүссэн бүхэн чинь энэ бүтээлэг дээр бий болно гэж салхи хэлэв. Иван баярлан салхинд доор гэгчийн мэхийн талархаад гэр лүүгээ гүйжээ.
Гэртээ ирээд шидэт бүтээлгээ ширээн дээрээ дэлгээд,
- Шидэт бүтээлэг минь шидээ үзүүлээч, ууж идэх юмаар ундаалан дайлаач гэв.
Энэ үгийг дөнгөж хэлтэл бүтээлэг дээр хайрсан боов, хөөсөн талх, байцаатай шөл, гахайн өөх гээд л өнгө өнгийн амттан өрөгдөн бий болов гэнэ. Ядуу Иван хүүхдүүдийнхээ хамт цадталаа идэж ууж аваад унтжээ. Өглөө босоод шидэт бүтээлгээ дэлгээд ундлах гэж байтал Баян Иван иржээ.
Баян Иван ширээ дүүрэн амттаныг хараад атаархсандаа нүүр нь улайн нүд нь бүлтийн
- Дүү минь чи чинь баян болоо юу? гэж асуув.
- Баян ч болоогүй ээ, гэхдээ гэдэс цатгалан байх болно. Таныг ч гэсэн дайлж чадна. Би танд шуудай гурилын өртэй байхаа? Одоохон өгье. Шидэт бүтээлэг минь шуудай гурил өгөөч гэв.
Ядуу Иваныг ингэж хэлмэгц ширээн дээр шуудай гурил бий болов. Баян Иван гурилаа аваад юу ч хэлэлгүй гарч оджээ. Орой болохын үед баян Иван дүүгийндээ гүйн ирж,
— Газар дээрх ганц дүү минь, туслаач! Эрхэм баян зочид энд тэндээс хүрээд ирлээ. Манайх гэтэл халуун галгүй, бүлээн талхгүй яадаг билээ! Нэг, хоёрхон цаг шидэт бүтээлгээ өгөөч! гэж гэнэ.Ядуу Иван шидэт бүтээлгээ өгчээ.
Баян Иван эрхэм зочдоо хооллочхоод элэгсэг дотноор үдчихээд ядуу дүүдээ шидэт бүтээлгийнх нь оронд ив ижилхэн гэхдээ энгийн нэгэн бүтээлэг аваачиж өгчээ.
Ядуу Иван хүүхдүүдтэйгээ оройн хоол идэхээр суугаад бүтээлгээ дэлгэн,
— Шидэт бүтээлэг минь, шидээ үзүүлээч, унд хоолоор ундлан дайлаач! гэж гэнэ.
Цагаан бүтээлэг цайран цэмцийж ямар ч хоол унд өгсөнгүй. Ядуу Иван ахындаа гүйж очин асуув.
— Та миний бүтээлгийг яасан бэ?
— Хэн мэдэх вэ, хэвээрээ л байгаа. Ямрыг авсан тиймийг л буцааж өгсөн.
Ядуу Иван гэртээ уйлан гаслан буцаж ирлээ. Нэг өдөр, хоёр өдөр өнгөрлөө, хүүхдүүд нь идэх юм нэхэн уйлна. Иваны гэрт атга чимх гурил ч үгүй, арвай будааны үр нэг ширхэг ч байхгүй аж. Аргаа барсан Иван баян ахынх руугаа очжээ.
— Ах минь, сайн байна уу?
— Аа, ядуу Иван сайн байна уу? Яагаад гэртээ тогтохгүй байна? Ямар хэргээр ирэв?
— Хүүхдүүд минь идэх уух юм нэхэн уйлаад байна. Ах минь, жаахан гурил эсвэл будаа, талх өгөөч.
— Чамд өгөх гурил, будаа, талх аль аль нь алга. Зооринд торхон дээр жижиг тавагтай жимсний зутан байгаа. Тэрийг авбал ав.

Ядуу Иван тавагтай зутан аваад гэрийн зүг явжээ. Нар хурцаар ээн тавагтай зутанг нь хайлуулсаар зутан нь тавагнаасаа халин газар асгарчээ. Иван уурлан,
— Аах аальгүй нар. Чиний тоглоом миний хүүхдүүдэд шоглоом боллоо. Нар чамайг би олж дэггүйтсэний чинь хариуг заавал төлүүлнэ дээ!
Ингээд Иван нарны эрэлд гарчээ. Ядуу Иван яваад л байж яваад л байж өмнөхөн нь улаан нар улалзаад л байж. Зөвхөн оройдоо нар уулын цаагуур орлоо гэнэ. Иван нарыг тэндээс олжээ.
Нар Иваныг үзээд асуув.
— Хэрэг зориг юу вэ?
— Жижиг балчир хүүхдүүддээ жимсний зутан авч явсан чинь чи хурцаар ээн хутгаж хайлуулаад асгачихлаа. Одоо би гэртээ яаж гар хоосон харих вэ?
— Өө зүгээр зүгээр, би чамайг гомдоосон, би чамайг баярлуулна. Өөрийнхөө сүргээс нэг ямаа өгнө. Бөндгөр боргоцойгоор тэжээгээрэй, бөөн бөөн алт сааж аваарай.
Иван баярлан наранд доор гэгч бөхийн талархаад ямаагаа туун гэртээ иржээ. Тэгээд бөндгөр боргоцойгоор тэжээчихээд бөөн бөөн алт сааж авах болжээ. Ядуу Иван ингэж үр хүүхдээ өлсгөлгүй сайн сайхан амьдрах болов гэнэ.
Ямааных нь тухай баян Иван сонсоод дүүгийндээ гүйн иржээ.
— Сайн байна уу, дүү минь!
— Баян Иван, сайн байна уу!
— Газар дээрх ганц дүү минь, туслаач! Ганцхан цаг ямаагаа надад өгөөч. Өр ширээ дарах гэсэн өгөх мөнгө байдаггүй!
— За ав, харин хуурч болохгүй шүү.
Баян Иван алт сааж аваад ямааг нуугаад дүүдээ жирийн нэг адилхан ямаа туун аваачиж өгчээ.
— Дүү минь, гялайлаа, чи надад их тус боллоо! Ядуу Иван нөгөө ямааг нь боргоцойгоор тэжээгээд саасан чинь сүү гарч гэнэ. Сүү гараад л алт байдаггүй гэнэ.
Ядуу Иван ахындаа гүйн очвол ах нь,
— Хэн мэдэх вэ, хэвээрээ л байгаа, ямрыг авсан тиймийг л буцааж өгсөн! гэв.
Ядуу Иван уйлсаар гэртээ буцав. Өглөө орой ээлжилсээр өдөр хоног өнгөрсөөр. Хүүхдүүд нь идэх юм уйлан нэхнэ. Хахир хүйтэн өвөл болов. Харин Иваныд атга чимх гурил ч үгүй, арвай будааны үр нэг ч ширхэг байхгүй гэнэ. Аргаа барсан Иван ахындаа очлоо.
— Хүүхдүүд идэх юм нэхээд уйлаад байна. Ах минь, атга гурил өгөөч!
— Чамд өгөх гурил, будаа, талх алга. Өчигдөр чанасан байцаатай шөл үүдний тавиур дээр байгаа түүнийг авбал ав.
Ядуу Иван түмпэнтэй шөл аваад гэрийн зүг явлаа. Салхи шуурга исгэрэн хүйтэн жавар тасхийж түмпэнтэй шөлийг нь тас хөлдөөжээ.
Ядуу Иван уурлан,
— Аах, жартгар улаан жавар! Чиний тоглоом миний хүүхдүүдэд шоглоом боллоо. Чамайг би олж дэггүйтсэний чинь хариуг заавал төлүүлнэ дээ! гэв.

Тэгээд ядуу Иван жаврын эрэлд явав. Аглаг хөндийгөөр жавар давхив, араас нь Иван дагав. Ойн гүн рүү орчхов, огт алдахгүй мөрдөв. Жавар хүнхэр том хунгарын доогуур ороод хэвтэхэд Иван ч дагаад орлоо. Жавар гайхан,
— Хэрэг зориг юу вэ? гэж асуув.
— Түмпэнтэй шөл аваад явж байтал түүнийг минь чи хөлдөөчихлөө. Одоо би гэртээ яаж гар хоосон харих вэ? Шидэт бүтээлэг, алтан сүүт ямааг минь ах минь хуураад авчихсан, чи миний шөлийг хөлдөөчихлөө.
— Өө, ердөө л энэ үү! Энэ туст уутыг ав. «Хоёулаа уутнаас гар!» гэхээр л хоёр хүн гараад ирнэ. «Хоёулаа уутандаа ор!» гэхлээр л эргээд орчихно гэж гэнэ.
Иван доор гэгч бөхийн талархаад гэр лүүгээ явжээ. Гэртээ ирээд уутаа гарган,
— Хоёулаа уутнаас гар! гэжээ.
Энэ үгийг хэлмэгц уутнаас хоёр нарсан бороохой үсрэн гарч ирээд Иваныг нүдэн,
— Баян хүнд бүү итгэ! Баян ахдаа бүү итгэ! Бодолтой ухаантай бай! гээд л байх юм гэнэ.
Иван арайхийн «Хоёулаа уутанд ор!» гэж амжиж хашгирав.
Хоёр бороохой уутанд орон чимээгүй боллоо. Орой болмогц баян ах нь гүйн ирж,
— Хаагуур яваад ирэв, юу олж ирэв? гэж гэнэ.
— Жаварынд очоод ирлээ. Туст уут бэлэглэж байна. «Хоёулаа уутнаас гар!» гэхээр л уутнаас хоёр хүн гарч ирээд юу хүссэнийг чинь хийж өгнө! гэж ядуу Иван хэлэв.
— Хөөрхий ганц дүү минь, тэр уутаа надад нэг өдөр өгөөч! Байшингийн минь дээвэр нурж хэмхэрсэн, засаж залах хүн олдохгүй байна.
— Баян Иван ах минь, аваа ав!
Баян Иван туст уутыг гэртээ авчраад үүдээ дотроосоо түгжиж байгаад,
— Хоёулаа уутнаас гар! гэж хэлжээ.
Тэгтэл уутнаас хоёр нарсан бороохой үсрэн гарч баян Иваныг балбаж нүдэн,
— Баян Иван, чи ядуу хүнийг бүү гомдоо, бүү хуур! Ядуу Иваны шидэт бүтээлэг, алтан сүүт ямааг одоохон аваачиж өг! өг! өг! гээд л зогсоо чөлөөгүй балбаж гэнэ.
Баян Иван ядуу дүү рүүгээ гүйхэд хоёр бороохой ч араас нь хөөн нүднэ.
— Дүү минь, авраач, амь насыг минь өршөөгөөч! Шидэт бүтээлэг, алтан сүүт ямааг чинь одоохон өгье гэв.
— Хоёулаа уутанд ор! гэж дүү Иван хашгирлаа. Хоёр бороохой уутандаа орон нуугдав. Үхэхээ шахсан баян Иван ядуу дүүдээ шидэт бүтээлэг, алтан сүүт ямааг нь авчирч өгчээ.
Ядуу Иван тэр цагаас хойш үр хүүхдүүдийнхээ хамт энх амар сууж эсэн мэнд жаргажээ. Долоон хүүхэд нь долоон буландаа суугаад тостой амтлаг будаагаа хээтэй өнгөтэй халбагаар тавтай тухтай иддэг гэнэ лээ.


Цааш нь...