Ховдог санаа бие барна

Эрт урьд цагт гэнэ. Нэг хоньчин залуу унах морио хулгайд алдаад, хэдэн хонио бас чилээгээд “Энэ ертөнцөд ингэж амьдрахаар үхээд өгсү би” гэж заяандаа гомдон нэг ууланд тэнүүчлэн явтал нэг Хангарьд шувуу нисэж ирээд:
- Гоо залуу битгий гут. Та хамаагүй ингэж болохгүй ээ,
_____Залуу хүний замын хүзүү урт
_____Зандан модны залгаа үе олон гэдэг шүү дээ. Намайг унаад яв!... гээд далавчин дээрээ суулгаж аваад өдөржин, шөнөжин нисээд үүр цайхын алдад алтаар бүтсэн ууланд хүрч буужээ. Ядуу залуу өврөө дүүртэл алт түүж аваад дахин Хангарьд дээр суутал тэр нь харжигнан, хүржигнэн ниссээр нутагт нь ирж буулгачаад явж оджээ. Тэр залуу нутагтаа ирж алтаараа мал худалдан аваад баяжжээ. Түүнийг ийм түргэн баяжсанд тэр нутгийн нэгэн хомхой шуналтай баян үзээд сэжиг төрж, атаархаад нэг өдөр нөгөө залуугаас яаж баяжсаныг асуужээ. Хар бор санаагүй залуу хэрхэн баяжсанаа хэлж өгсөнд улам баяжих сэтгэлдээ хөтлөгдсөн нөгөө баян уранхай салбархай хуучин муу хувцас олж өмсөөд ядуу залуугийн зогсож байсан тэр ууланд хүрээд, худлаар гомдон уйлсан дүр гаргаад зогсож байтал Хангарьд ирээд түүнийг аван нисэж үүр цайх үеэр алтан ууланд хүргэдэг юм байж. Ховдог баян өөрийн өвөр, өмдөө дүүртэл алт түүж авсанаа, авч явсан даалиндаа хийж байтал Хангарьд,
- Одоо болно оо, удахгүй нар гарна. Түүнээс өмнө явахгүй бол шатаж үхнэ шүү! гэсэнд нөгөө баян огт чихгүй юм шиг алт түүгээд байж. Хангарьд явъя гэж гурван удаа хэлсэн боловч улам ховдоглоод алт түүгээд босохгүй болохоор нь Хангарьд аргагүй “үйлээрээ бол” гэчихээд нисээд явчихжээ. Хэзээ хойно нь баян даалингаа дүүргээд өргөөд явах гэтэл бараг даагдахгүй, өвөр, өмдөөрөө дүүртэл хийсэн болохоор өөрөө ч бас хөдөлж чадахгүй шахам болоод аргаа барахдаа улмаар мөлхөх аядаж байтал ургахын улаан нар улалзан мандаж, ухаан муут ховдог баян, умалзтал шатаж үхсэн гэнэ.


Цааш нь...

Тарнитай айл (Казак)

Энэ явдал их эрт болсон аж. Тосгонд Дурсан маахай гэдэг хочтой нэг эр амьдардаг байлаа. Тэр их ядуу. Түүнд сохор зоос ч байсангүй. Нэгэн удаа тэр ан хийхээр ой руу яваад төөрчихөж гэнэ. Өмнө нь түүнд ийм гай хэзээ ч тохиолдож байгаагүй аж. Тэр хаашаа ч явсан ойн зах харагдахгүй байв. Гурван хоног тэнүүчлэв. Түүний бүх хоол хүнс бас дарь нь ч гэсэн дууслаа. Харин тэр замаа олж чадахгүй л байв. Дөрөв дэх өдрийн орой тэр нэг ...ууланд хүрч ирлээ. Дурсан маахай их ядарсан тул уулын хажууд хэвтээд унтчихав. Тэр хир удаан унтсаныг бүү мэд, сэрээд нүдээ нухлан түүний өмнө харагдах ууланд өргөн хаалгатай агуй байх аж. Дурсан маахай “Энд хэн нэгэн амьд хүн байгаа ч юм билүү?” гэж бодлоо. Түүнийг агуйд ороод хартал тэнд бөөн торхнууд байна гэнэ.
Дурсан маахай торхнуудын хооронд алхлан эзнийг нь дуудлаа. Гэвч хэн ч хариу дуугарсангүй хэн ч байхгүй байлаа. Тэгээд тэр захын торхыг нээж үзээд байрандаа хөшчихөв. Учир нь торх алтаар дүүрэн байлаа. Өөр нэг торхон дээр очлоо. Тэнд ч бас алт байлаа. Тэр гурав дахь, дөрөв дэх торхон дээр очлоо. Хаа сайгүй алт байв! Дурсан маахай “Энэ алтнаас аваад явья. Өлсөж үхчихгүй нэг юм ойгоос гарна байх. Тэгээд мөнгөтэй болоод эргээд очих юм байна” гэж бодлоо.
Тэгээд тэр алтыг хүрмэндээ, өмдөндөө, шуудайндаа болон халааснууддаа чихэж гарчээ. Гэтэл түүний мөрнөөс хэн нэг нь барьж аваад зогс гэв.
- Хөгшөөн. Чи яах гэж ийм их алт авч байгаа юм бэ? гэхэд Дурсан маахай чичирлээ. Толгойгоо өргөөд хартал, түүний өмнө газар шүргэсэн цагаан сахалтай буурал өвгөн зогсож байв. Чи надаас битгий ай гэж өвгөн хэллээ. Би чамд ямар нэгэн муу зүйл хийхгүй.
- Чи тэгвэл хэн юм бэ? гэж Дурсан маахай гайхан асуув. Энэ торхнуудын харуул юм уу? Харин өвгөн хариуд нь ингэж хэлж гэнэ:
- Би Стенька Разин байнаа. Би энэ алтыг ядуус та нарын төлөө хадгалж байдаг юм. Чи өөртөө хэрэгтэйгээ хэмжээгээрээ л ав. Харин үлдсэнийг нь буцаагаад торхонд хийчих. Ганцхан чамд хэрэгтэй байдаг юм биш ээ! Дурсан маахай өөртөө зөвхөн хоёр атга алт аваад үлдсэнийг нь торхонд хийж дараа нь Стенькад мэхийн хэлэв,
- Чамд баярлалаа. Стенька. Гэхдээ намайг шагнасан юм чинь бас замыг минь заагаад өгөөч гэхэд "Чи тэр зүгт яв" гэж Стенька хэллээ.
- Шууд зам дээр гарах болно гээд өөрөө санаж яв, бусаддаа ч гэсэн хэл. Гай зовлон амсаагүй, ядуураагүй, хөнгөхөн алтанд санаархсан хэн нэгэнд ийшээ ирэх зам байхгүй гэхэд Дурсан маахай түүнд дахин мэхийгээд Стенькагийн заасан замаар явлаа.
Тэр хоёр хоног ойгоор явсаар танил газартаа хүрчээ. Удалгүй гэртээ ч харьж гэнэ. Тэгээд тэр үеэс хойш тэр хангалуун амьдрах болов. Харин баян эрчүүд гайхаж эхлэв. Дурсан маахай хаанаас ийм их алттай болдог байнаа? Гээд. Тэр энэ бүхэн яаж бий болсныг тэдэнд ярьжээ. Тэгэхэд эрчүүд түүнийг шоолон хэлж гэнэ.
– Чи ч тэнэг юм аа! Алт торх торхоор байхад чи зөвхөн хоёр атгыг авч байдаг. Нэг өвгөнөөс айгаад шүү!
Тэгээд хүмүүс тэр агуй руу явцгааж бүх алтыг нь авахаар шийджээ. Зоригтонууд цугларцгааж Стенькагийн алтны араас явлаа. Тэд явж явж харахад үнэхээр уул байна гэнэ. Харин ууланд өргөн хаалгатай агуй байна гэнэ. Тэгээд бүх юм Дурсан маахайн хэлж байснаар эргэн тойронд нь тоолохын аргагүй олон торхнууд байв. Тэд агуйд орцгоолоо. Харин агуйд харанхуй, аалзны өтгөн шүлс толгойноос хөл хүртэл нь битүү ороож явах ч боломж өгөхгүй байв. Зоригтнууд арай гэж нэг юм тав алхлаа. Эхний торхонд хүрмэгц, хаанаас ч юм бүү мэд эргэн тойрноос баахан могой гарч ирэн, исгэрч торхнуудыг ороов. Зоригтнууд айгаад хөдлөхгүй зогсов. Могойнууд хажуугаар нь явж өнгөрлөө. Дахиад чимээгүй боллоо. Дахиад л эрчүүд торхноос барьж авлаа. Тэднийг торхыг өргөж ч амжаагүй байхад цэргүүд эгнэн жагсаад ирж байв. Буунууд нь мод шиг гозойж байлаа. Эрчүүд торхнуудаас холдлоо. Нуугдаад юу болохыг хүлээв. Харин цэргүүд яваад л, яваад л байлаа, төгсгөл нь харагдахгүй байв.
Тэдний хажуугаар тоолж барамгүй олон хүн явж өнгөрлөө. Сонирхогчид хулгайн ажилдаа дахин орлоо. Тэднийг дөнгөж тагыг нь нээтэл аянга дахин дахин ниргэв. Газрыг хорин удаа аянгын чимээ доргиолоо. Энэ үед зоригтонууд эргэж ч харалгүй зугтаав. Тэд бүр тосгон хүртэл гүйцгээжээ. Тэр үеэс хойш энэ алтыг хэн ч харж байгаагүй аж. Стенька тэдгээрийг өөр газарт хүмүүсийн шуналт нүднээс холхон нуусан бололтой.


Цааш нь...

Туулай, арслан хоёр

Эрт урьд цагт нэг их мөрний эрэг дээр маш сайхан ургасан алимны мод, тэр модны дор сахлаг өвсөн дотор нэгэн туулай хэвтэж байжээ. Гэтэл тэр алимны үр боловсорч унах дөхөөд байтал ширүүн салхи гарч салхины хүчээр алим усанд унахад цал гэсэн дуу гарахад тэр дууг туулай сонсож айгаад ухаан жолоогүй ойн зүг зугтажээ. Зугтаж явахад ... нь ижил туулайнууд нь сандарч явахыг үнэг хараад асуужээ,
- Чи яагаав? гэхэд,
- Аймаар муухай амьтан дуугарч байна гэж гэнэ. Түүнийг сонсоод бүгд дүрвэж ойн гүн рүү зугтав. Ойн амьтад цөм хошууран зугтаж гүйлдэв. Араатны хаан хүчит арслантай тааралдав. Арслан учрыг асууж, очиж үзэхээр явлаа. Арсланг үзвэл юу ч үзэгдсэнгүй боловсруулсан жимс усанд унаж шал гэх чимээ гарав. Арслан туулайг дагуулж авчраад жимсийг үзүүлж унаад шал гэх чимээг нь сонсгож харуулаад туулайд сургамжлан:
- Алив юмны цаад учрыг нягтлан мэдэлгүй шал гэх жаахан чимээнээс их юм болгон дэвэргэж, айсны уршгаар ойн олон амьтныг айлгаж цочоож хэртхийлгэн айлгаж зугтааж дүрвүүлсэн шуугиан дэгдээсэн бурууг нь ойлгуулан хэлж өгөөд юмны цаад учрыг олж ул суурь буурьтай хандаж байхыг сургамжлан сануулжээ.


Цааш нь...

Уран бэрийн нүүдэл

Эртээ урьдын цагт урагшгүй хаантай нэгэн улс байжээ. Мөн тэр улсад шатар тоглохдоо хэнд ч хожигддоггүй нэгэн мангас байдаг байж. Тэр мангас хаантай сар бүр тус улсын нэг хүнтэй шатар тоглох тохироог хүчээр тулган хийсэн юм гэнэ. Тохироо ёсоор хожсон нь... хожигдсонийхоо толгойг авах учиртай юм байж. Олон жилийн турш ийнхүү тоглоход мангасыг хожих хүн гараагүй аж. Улсын хүн ам ч ихэд хорогдож. Ингэсээр нэгэн өдөр шатар тоглох ээлж Арилдий өвгөнд тохиожээ. Арилдий өвгөн ажилсаг, уран, цэцэн нь дэндсэн нэг бэртэй юм гэнэ.
Мангас ч ирж сэлмээ гарган хажуудаа тавин тоглож эхэлж гэнэ. Өвгөн цагаанаар тоглож гэнэ. Хэдэн нүүдлийн дараа Арилдий өвгөн мад болох буюу бүх юмаа алдах байдалд орж гэнэ. Үүнийг ажигласан бэр нь,
- Агаар тэнгэр муу, салхи шуурга болох гэж байхад аав та ажиг ч үгүй тоглож наадаад байвал би уяатай морийг чинь сул тавьж хөөгөөд, хасаг тэргийг чинь хэмхчиж түлээд, харагч ингэндээ хоёр хүүхдээ тэгнээд явчихна шүү гээд хаалга саван гарч одож.Энэ үгийг сонссон Арилдий өвгөн бэрийнхээ цэцэн ухаантайг мэдэх тул энэ лав нэг утга бий гэж бодож үзвэл мориороо бэрсийн хөлийг хааж сул өгөөд, дараа нь тэргээрээ сул шалж идүүлээд, тэмээний дугийг нээвэл түүний хэлсэн үгийн утгатай нийлж тэмээнд хоёр хүүхэд тэгнэсэнтэй адилхан маягтай мад болохоор байжээ. Өвгөн бэрийн хэлсэнээр нүүн мангасыг хожиж толгойг нь авч гэнэ. Ийнхүү ухаант бэрийн ачаар Арилдий өвгөн амь хэлтрээд зогсохгүй хаант улсын амьтан хүн айх аюулгүй амар тайван амьдрах болжээ.


Цааш нь...

Цэцэн бэрийн үлгэр

Урьд тэнэг хүүтэй нэг хаан байжээ. Мөн тэр улсад цэцэн охинтой нэгэн хөгшин байж. Тэр хүүхнийг мунхаг тайждаа авч өгье гэж хаан бодоод өвгөнийг дуудаж ирүүлэн,
- Өвгөн чи маргааш үнсэн чөдөр зангидаад өдөр ч биш, шөнө ч биш цагаар, замтай ч биш, замгүй ч биш газраар, хувцастай ч биш хувцасгүй ч биш явж ирээд, гэрт ч биш гадаа ч биш газраас над өгөөрэй. Осолдвол толгойг чинь авна шүү! гэж зарлиг буулгажээ....
Өвгөн хэрхэх учраа олохгүй их л айж, “Яана ийнэ” гэж гайхаш тасран харьсанд охин нь,
- Тэр юухан байх вэ?! Аав санаа зоволтгүй гээд арга зааж өгчээ.
Маргааш өглөө нь өвгөн охины заасан ёсоор хааныд очоод,
- Хаантан минь ээ, зарлиг ёсоор үнсэн чөдөр зангидаж авчрав. Авч соёрхоно уу? гэж хашгирсанд хаан,
- Чи хаана байна? гэж асуухад өвгөн,
- Би гэрт ч биш, гадаа ч биш, хана туурга хоёрын тань завсар байна гэв.
- Чи хэзээ ирэв? гэсэнд өвгөн,
- Өдөр ч биш, шөнө ч биш, үүрээр ирлээ гэж.
- Хаагуур явж ирэв? гэсэнд,
- Би замтай газраар ч биш, замгүй газраар ч биш, замын далангаар явж ирэв гэж.
- Юу амсөж ирэв? гэхэд,
- Хувцастай ч биш, хувцасгүй ч биш, торон нөмрөгтэй ирлээ гэв.
- Үнсэн чөдөр яаж зангидав гэсэнд! өвгөн,
- Өлөн өвсөөр чөдөр зангидаад хавтгай чулуун дээр тавьж гал оруулаад үнсэн чөдөр зангидахыг ч зангидлаа. Хаан гуай соёрхвол авч морио чөдөрлө дөө гэсэнд хаан,
- За хөгшин! Маргааш танайд очно. Чи надад эр үхрийн сүүгээр элгэн тараг бүрээд тавь. Осолдвол толгойгүй гэж мэд! гэжээ.
Өвгөн “Манай хаан болохоо байжээ. Одоо яана ийнэ билээ?” гэж цөхрөн, охиндоо очиж хааны зарлигийг хэлбэл охин нь,
- Тэр гайгүй. Аав та санаа бүү зов. Би аргалъя гэж гэнэ.
Маргааш охин аавыгаа араг түшүүлэн нөмгөн суулгаж, хаяа хатавчаа манаж бөглөөд байж байтал хаан ирж “Нохой хорь!” гэсэнд хүүхэн тооноороо багана гаргаад гарч ирэн,
- Манайд морилж болдоггүй! гэв.
- Танайх хүн орж болдоггүй яасан юм бэ? гэж хааныг асуухад,
- Манай аав нярайлсан гэжээ.
- Эр хүнээс хүүхэд гардаг юм уу? гэсэнд,
- Эр үхрээс сүү гардаг юм уу? гэж хүүхэн асуув. Хаан үг дуугүй эргээд явжээ. Хаан “Яасан цэцэн хүүхэн бэ? гэж мунхаг тайж хүүдээ авч өгөв.
Ингээд хаан хэдэн сарын дараа хүүгээ цэцэн хүүхэн аваад ухаан орж байгаа болов уу гэж бодоод дуудан хэлэв,
- За хүү минь хаан аавдаа хойно урдаа хоёр толгойтой морийг тохож өг гэжээ.
- За гэж гараад хойно урдаас нь хоёр морийг зөрүүлж баглаад олом, жирэм тасчиж бүр ядав.
- Манай аав намайг хойно урдаа хоёр толгойтой морь тохож өг гэв. Би тохоод ядчихав гэж авгайдаа хэлжээ.
- Та боос гүү тохоод уячих гэж хэлэв. Хэлсэн ёсоор уяжээ. Хаан үүнийг нь хараад таалан дахин хэлэв,
- Аавдаа модон хайсанд(тогоо) мах чанаж өг гэжээ. Хөвгүүн за гэж гараад хамаг хотгор модон сав бүгдийг түймэрдээд тун ядав.
- Намайг модон хайсанд мах чанаж өгөөч гэхэд ядчихав гэв. Тэгэхлээр авгай нь,
- Яргай шоронд мах шарж болгоод авч ороод барьж орхигтун! гэжээ. Тэр ёсоор үйлджээ. Эцэст нь хаан, мөсөн хүн хийлгэж тавьчихаад,
- За хөвгүүн тэр мөсөн хүнээс үг сураад ир гэжээ. Мунхаг тайж очиж суугаад дуу гаргаж ядав. Хэмх цохиж балбачихаад эхнэртээ хэлэв,
- Мөсөн хүнээс намайг үг сурч ир гэлээ. Сурч ядчихаад балбачихав гэж хэлэв. Эхнэр нь,
- Уул миний бие усан билээ. Мөн бие мөсөн билээ. Зудтай гурван сард байдаг билээ. Зуны зургаан сард харьдаг билээ гэж мэдүүлчих гэжээ. Тайж тэгж мэдүүлчихэв.
Хаан “Аа миний хөвгүүн цэцэн авгай аваад сайн ухаан оржээ. Миний хүү өдий чигтэй болсон тул хаан сууринд сууж, хамаг түмнийг захирч чадах болжээ.” гэж бодоод сэтгэл амар ан гөрөө хөөж яваад харь улсын нутагт мэдэлгүй ороод баригдаж гэнэ. Тэр улсын хаан манай хааны улсыг дагуулахаар хоёр элч илгээхээр шийджээ. Хаан хэлэв,
- Манай хошуу хартай, хэцүү хошуу юмаа. Хоёрхон хүнд намайг ийм байна гэж очтол дагаж өгөхгүй болох, би та нарт сайн байна гэж нэг бичиг хийж өгье. Тэгвэл болно гээд нэгэн бичиг хийж өгөв.
- "Би дээрээ хөх торгон дээвэртэй, доороо ногоон торгон олбогтой, ардаа арван хүн түшлэгтэй байна. Үргэлжийн хоёр хөхүүр сүүтэй өдрийн мянган түмэн хонин хүнстэй байна. Их жаргалыг эдэлж байна. Эвэртэй малаа өмнөө туугтүн, эвэргүй малаа ардаа туугаад ирэгтүн. Эргүү улаан бяруугаа нутагт нь хаяж орхигтун. Хар туулайгаа сахигтун! Цагаан туулайгаа эвхэгтүн. Манай нутгийн савдаг болох хоёр улиас бий. Нэгийг нь нутгийн голд цавчиж унагагтүн. Тэр хоёр улиасыг эс унагавал манай нутгийн савдаг нэхнэ. Миний байх нутаг хүртэл түүний нэгээр түлш хийж ирцгээ гэжээ. Миний хөвгүүний хөл доор нэг торгон хар хуурай бий. Түүнийг миний бэр мэднэ. Тэр торгон хар хуурайг авахуулаад хуурайдуулж, авдар савыг нь задалж үзэгтүн гэжээ."
Тэр хоёр элч хүрч очоод бичгийг хүн амьтанд үзүүлэв. Олон амьтан үзээд “Нүүнэ манай хаан сайхан жаргаж байна” гэжээ. Тэгэхэд бэр гадаа байж байгаад тэр бичгийг надад аваад өгөөч гэжээ. Аниргүй авахуулан үзээд,
- Та минь! хаан аав жаргалтай байна, нүүнэ гэж хэлэлцэнэ та. Над болбол хаан аав жаргалтай биш, зүдүүртэй байна. Дээрээ хөх торгон дээвэртэй гэсэн нь тэнгэрийг хэлжээ. Дороо ногоон торгон олбогтой гэсэн нь газрыг хэлж. Ардаа арван хүн түшлэгтэй гэсэн нь мутрыг нь ард нь хүлжээ. Үргэлжийн хоёр хөхүүр сүүтэй гэсэн нь хоёр мэлмийн нулимс байна. Өдрийн өдий төдий хонин шүүстэй гэсэн нь бөөсөндөө баригджээ.
Эвэртэй малаа урдаа туугтүн гэсэн нь жад сэлэмтэй нь өмнөө гарагтүн гэжээ. Эвэргүй малаа ардаа туугтүн гэсэн нь жад сэлэмгүй нь ард нь явагтүн гэжээ. Эргүү улаан бяруу бий түүнийг нугагтаа хаягтүн гэсэн нь энэ тайжийг хэлжээ. Хар туулайг сахигтүн гэсэн нь шөнө явагтун гэжээ. Цагаан туулайг эвхэгтүн гэсэн нь өдөр бүгэгтүн гэжээ.
Манай нутгийн савдаг хоёр улиас гэсэн нь энэ хоёр хүн болно. Нэгийг нь цавчиж унагаагаад нөгөөгөөр нь түлш хийж ирэгтүн гэсэн нь (нэгийг алаад) нэгээр нь газарчлуулж ирэгтүн гэжээ гэв.
Олон улс за гээд өнөө хоёрыг барьж нэгийг нь цавчиж алаад нэгээр нь газарч хийж яваад шөнө очиж, баригдаж байсан хаан ааваа хулгайлан тайлж аваад цаадах дайсан амьтныг хядаж орхиод аавыгаа гаргахын далимаар тэр гүрнийг эзлээд хаан суун жаргав.
Хойно нэгэн цагт цэцэн мэргэн хаан өвгөрч хаан ширээ төрийн хэргийг хүүдээ шилжүүлэх гэтэл хүү нь тэнэг тулд сэтгэл төвдөхгүй арга тасраад хэдий бүсгүй хүн төрийн эрх барих ёсгүй боловч үнэхээр цэцэн бол төрийн эрхийг бэрдээ шилжүүлж хүүгээ төр түшүүлэх санал төрж, бэрийнхээ үнэхээр цэцэн эсэхийг шалгахаар шийдэж гэнэ.
Тэгээд бэрээ дуудаж ирүүлээд "араг, савар, адуу, хомоол, хонь, хуц, чоно, гол, мод, идэх” гэсэн арван үг хэлэхийг цээрлүүлж эдгээр үгийг хэлбэл толгойг авна гэж зарлиг буулган араг үүрүүлж, савар бариулаад адууны хомоол түүлгэж, хонинд явуулсан юм байжээ. Тэгтэл хуцыг нь чоно барьж, гол гатлуулаад модны ёроолд идчихсэн байжээ.
Цэцэн бэр үүнийг хаандаа айлтгах гэтэл өнөөх цээртэй арван үгийг хэлж толгойгоо авахуулахад хүрэх тул арга олж айлтгасан нь,
- Би үдмэлийг үүрээд, матмалыг бариад, гүймлийн гээмлийг түүж явсан чинь майлдгийн ахлай данхлайг урсгалыг гатлуулаад, ургамлын дэргэд ульмар жамиж орхижээ гэсэнд хаан ихэд баясан бэрийн үнэхээр гайхалтай цэцнийг мэдэж хаан ширээндээ суулгаж амар сайхан жаргажээ.


Цааш нь...