Асуулга

Эрхэм уншигч та зүүн хэсэгт байгаа асуулгад хариулж миний ажилд туслана уу?


Цааш нь...

Шар шувуу хэрээ хоёр

Эрт урьд цагт шувуудын хаан Хангарьд өв залгамжлах хүүгүй байж гэнэ. Тэгээд тэр Шар шувууг,
Нүдэндээ цогтой
Нүүрэндээ галтай хүү юм гэж өргөж авчээ. Гэвч Шар шувуу, Хангарьдын хүү болсноосоо хойш эцгийнхээ олсон долсныг идэж уучихаад юу ч хийлгүй налайж, тосон дотор умбаж, торгон дотор ...хөлбөрч байдаг болжээ. Тэгтэл өвөл болж цаг агаар ихэд хүйтрэхэд Хангарьд,
- Ямар ч их хүйтэрч байна даа. Би насандаа ч ингэж хүйтрэхийг үзээгүй юм гэж ярихад Шар шувуу юм их үзэж, нүд тайлсан амьтан болж магтуулах санаатай,
- Аа, аав минь, энэ юу ч биш. Намайг бага байхад хоёр хөлт Хойвондойн нулимахад шүлс нь газар хүрэлгүй хөлдөж байсан юм. Би бас гунан үхрийн эвэр хуга хөлдөж байхыг ч үзсэн. Тэгэхэд би гэдэг чинь өндөр модны орой дээр сууж, цасанд булагдалгүй, цантаж дааралгүй дажгүй л гарч байсан юм даа гэж урдах хойтохоо бодолгүй сайрхаж орхижээ. Тэгтэл Хангарьд уурлаж,
- Чи чинь тэгвэл надаас хөгшин байж таарах нээ. Даанч өсөж том болохгүй байсан юм. Өтөлсөн хар гайхал байж л дээ гээд гэрээсээ хөөчихөж гэнэ. Үүнээс хойш шар шувуу орох орохгүй, оочих аягагүй модны хонгил бараадан хоноглож явтал Хангарьд үхэж олон шувууд хэнийг хаан болгох вэ гэж ярилцжээ. Зарим шувуу,
- Хангарьдынхаас хөөгдсөн ч гэсэн өргөмөл хүүг нь хаан болгоё. Олны дунд сүртэй, шөнө нүд хурцтай болохоор бусдыг захирч лав чадна гэсэнд хэрээ,
- Та нар ямар дэмий юм ярина вэ? Шар шувууны хөл нь муухай майргар, өнгө зүс нь зэвүүн, шар халтар, урьд мах хулгай хийж идээд болохгүй байхаар нь хойт эх нь барьж аваад нүд рүү нь тостой шөл цацсанаас, муухай шар ногоон нүдтэй болсон юм. Бас дуу нь “ Хүүе, хүүе” гэж дуугардаг болохоор ертөнцийн хамаг амьтад муу ёрд боддог юм. Шувуу шиг толгойтой байтлаа үхэр шиг эвэртэй, ийм этгээд амьтнаар хаан болгоод дэмий гээд хаан ширээнд суулгасангүй гэнээ. Энэ үеэс эхлэн Шар шувуу, шөнөдөө Хэрээний амар заяаг, өдөртөө Хэрээ, Шар шувууны амар заяаг үзүүлэхээ больсон юм гэдэг.


Цааш нь...

Эрх хатан

Урьд нэг баян худалдаачин эрх танхи хатантай юм байжээ. Тэгээд тэр баян худалдаачин алс хол газар гурван жилийн аянд явах болж гэнэ дээ. Аянд явахдаа сайн сайхныг ерөөж, ихийг бүтээхийн бэлэг дэмбэрэл тавьцгаан, хатныгаа их юм хийж, их зүйл сураад байгаарай гэж захиад явжээ. Баян худалдаачин гурван жил болоод буцаж ирж гэнэ. Тэгээд аянд явсан энэ гурван жил хэн юу хийснийг дуудаж асуухад адуучин нь,
- Би азарга азаргаар адуу өсгөсөн гэжээ. Хоньчноо дуудаж асуухад, ...
- Би хот дүүрэн хотгор бор ирэг нэмсэн гэж гэнэ. Дараа нь үхэрчнээсээ асуухад,
- Би уулаар дүүрэн улаан үхэр өсгөсөн гэж гэнэ. Хамгийн сүүлд нь хатнаасаа,
- Чи юу хийж бүтээв гэж асуухад хатан нь ийн өгүүлрүүн,
- Гунжин үнээний махыг гурав хоног идэж үзлээ. Гуншаа дамшиг нэрийг авав. Дөнжин үнээний махыг дөрөв хоног идэж үзлээ. Дөмөг нэрэлхүү нэрийг авлаа. Дотуур цамцаа долоо хоног оёж үзлээ. Уран цэмцгэр нэрийг авлаа. Гутлаа гурван сар уллаж үзлээ. Гув шав нэрийг авлаа гэж хэлэв гэнэ. Тэр баян худалдаачин гэрийнхээ дотор байдлыг хартал гэр нь тоосонд дарагдаж үзэмжгүй болсныг ажиглаад манайх чинь ширдэгтэй байл уу? гэж асуухад,
- Таныг явахад ширээн доогуур ширмэл ширдэг, бурхны дор булган хивс, орны өмнүүр одтой ширдэг осолгүй л байсан гэжээ.
- За тэгвэл царил зээтүү аваад ир! гэж тушаагаад баян эзэн царил зээтүүгээр малтаж үзэхэд төө зузаан шорооны цаана төгөл цагаан ширдэг байж гэнэ. Яагаад энэ вэ? гэж хатнаас асуухад хатан ийн өгүүлрүүн,
- Харин би хичнээн их цэвэрлэж байсан учраас зөвхөн ширдэг нь дарагдаад бусад нь байгаа нь их хэрэг гэжээ.


Цааш нь...

Тэмээ үнсэнд хөрвөөх болсон учир

Урьд цагт Бурхан арван хоёр жилд адгуусан амьтдын нэр өгч байхдаа арван нэгэн амьтны нэрийг шулуухан тохоогоод хамгийн эхний жилд ямар амьтны нэр өгөх вэ гэтэл тэмээ, хулгана хоёр нэрээ оруулж арван хоёр жилд багтахаар булаалджээ. Бурхан аль алиныг нь гомдоохгүй тулд өөрснөө шийд гэж айлджээ. Тэр хоёр маргааш өглөөний мандах нарны туяаг хэн түрүүлж үзсэн нь арван хоёр жилийн түрүүчид тохоогдохоор болж мөрийцөн тохирсон ажээ. ...
Болзоот өглөө тэмээ наран ургах зүүн зүг харж гарахыг нь хүлээн зогсов. Хулгана тэмээний бөхөн дээр гарч баруун уулын орой ширтэн байв. Тэгж байтал нар гарах цаг болж ургах нарны анхны туяа баруун уулын оройд туссанд хулгана нарны гэрлийг түрүүлж хараад нар гарлаа гэж хашгирчээ. Тэмээ мөрийгөө алдсандаа уурлан хулганыг дэвсэж алах гэж ухасхийтэл хулгана асгасан үнсэн доогуур гүйн орж амь хоргодож гэнэ. Тэр цагаас хойш тэмээ үнс асгасан газар харагдах бүрд өнөөх өстөн дайсан хулганыг бяц дарах санаатай үнсийг дэвсэлж хөрвөөдөг болсон гэнэ. Ингээд хулгана арван хоёр жилд багтаж, тэмээ хасагдах болсон гэнэ. Тэмээ арван хоёр жилд багтаагүй боловч арван хоёр жилд багтсан бүх амьтны шинжийг цөмийг биедээ агуулсан байдаг гэнэ. Уг шинж нь:

-Хулгана чихтэй
-Үхэр гэдэстэй
-Бар тавагтай
-Туулай хамартай
-Луу биетэй
-Могой нүдтэй
-Морин дэлтэй
-Хонин ноостой
-Мичин бөхтэй
-Тахиа өрвөлөгтэй
-Нохой гуятай
-Гахай сүүлтэй гэнэ.


Цааш нь...

Тахиа үүрээр донгоддог болсон нь

Эрт урьд цагт тахиа, морьтой хүн бууж, явган хүн сууж хармаар урт сайхан сүүлтэй байсан юмсанжээ. Тогос шувуу тэрэнд нь их атаархдаг юм байж. Тогос, тахианы сүүлийг мэхэлж авах арга бодож олж гэнэ.
- За, тахиа найз минь үдшийн хуриманд очиж, сүүлээр чинь гоёод өглөө эрт амьтан босохоос өмнө авч ирж өгье гээд гуйгаад байхаар нь тахиа сүүлээ өгөөд явуулчихжээ. ... Тэгээд тэр цагаас тахиа тогосыг сүүл авч ирж өг гэж өглөө болгон үүрээр хашгирдаг болсон юм байна.


Цааш нь...

Хөгшин ямаа, арслан хоёр

Эрт урьд цагт эзгүй уулын энгэрт нэгэн сүрэг ямаа бэлчээрлэж нар шингэж бүрий болмогц хэвтшиндээ ирж хэвтдэг юм гэнэ. Нэгэн үдэш ямаа бүхэн хэвтшиндээ ирсэн байтал гагцхүү нэг хөгшин ямаа үгүй байжээ. Хөгшин ямаа ядрахын туйлд хүрч хотондоо харьж дийлэхгүй болоод ойр хавийн нэгэн уулын агуйд амрах гээд хүрч очсонд агуй...дотор харин нэгэн том арслан хэвтэж байсан ажээ. Хөгшин ямаа,
“Хоолойд үгүй мах шүдэнд
Хойморт үгүй заяа үүдэнд гэгчээр арсланд асар сайхан идэш хүргээд ирж, одоо үхэх нь тэр яадаг билээ? Эргэж хандаад дутаах уу? Болохгүй, ингэж чингэж аргацаах уу? Эртний үгэнд “Зоригловол зочны аманд хуруу хийнэ” гэдэгчлэн нэгэнт иймд тулчихсан юм чинь зориглохоос өөр ямар арга байх буй” гэж дотроо бодлоо. Ингээд тэрээр нэгэн ихэмсэг дүр гаргаж омогтойгоор арслангийн өөдөөс очлоо. Үүнийг үзсэн арслан дотроо “Энэ муу хөгшин ямаа ямар их зоригтой юм бэ? Энгийн ямаа надыг үзвэл ийш тийшээ зугтаадаг. Энэ юу болчихоов! Ер нь урьдаар учрыг нь мэдсэн нь дээр” гээд их л эелдгээр,
- Өвгөн гуай, та чинь хаанаас ирж, юу хийхээр явж байна вэ? гэсэнд хөгшин ямаа,
- Би бол дээд тэнгэрийн зарлигаар энэ дэлхийд бууж, дагина сахиусны хуралдаанд дээжийн идээ бэлтгэхээр арван арслан, зуун барсыг алахаар явж байгаа нь энэ билээ. Авгай та энд байсан чинь асар сайн боллоо гэлээ. Арслан үүнийг сонсоод ихэд айж "Одоо баларлаа! Зугатаахгүй бол болохгүй боллоо" гэж бодоод хөгшин ямааны өөдөөс,
- Би горхины хөвөөнд нүүрээ угаагаад буцаж ирье, та хүлээж байгаарай! гэжээ. Арслан агуйнаасаа гармагц амь тэмцэн зугатлаа. Гүйж явтал зам зуур нэгэн өлөн чонотой тааралдав. Чоно арсланы амь тэмцэн гүйж явахыг үзээд,
- Ван ноён та юунд ингэтлээ сандарч мэгдэн гүйж байх буй? гэсэнд арслан саяхан тохиолдсон учраа эхнээс адаг хүртэл тоочин хэлэв. Өлөн чоно үүнийг сонсоод инээд нь хүрч,
- Ван ноёнтоон! Та битгий айгаарай, надад арга ухаан байх. Бид хоёулаа дахин агуйдаа буцаж амттайхан нэг хоол зооглоё! гэлээ. Ингээд чоно арсланг дагуулан агуйдаа буцаж ирлээ. Хөгшин ямаа үүнийг үзээд ховдог чонын ховч арга мэхийг мэдээд,
- Чоно гуай! Би чамайг гурван арслан авчир гэж тушаасан байтал юунд ганцхан арслан авчирсан буй? гэв. Арслан үүнийг сонсоод айхын зэргээр уур нь бадарч,
- Хэлэн дээрээ чихэр наасан хэнхдэг цээжиндээ хутга нуусан муу өөдгүй амьтан чоно чи! Тэнгэрийн элчтэй харьцаа авч хаан эзнээ хөнөөх гэнэ үү? гэж хүрчигнэн уурлаж хүдэр савраараа хүчтэй нэг базсанд өлөн чоно эвхрэн унав. Ийнхүү арслан, чоно хоёрыг ноцолдож байх завсарт арга ихтэй хөгшин ямаа сэмээр агуйгаас зугадан гарч ямаан сүрэгтээ нийлэн золгож амар сайхнаар амьдарч гэнэ.


Цааш нь...