Хөхөө

Хөхөө шувуу урьд цагт нэг их баян хүний Алтан Гургалдай гэдэг охин байсан юм санж. Охиноо хадамд очих болсонд тэр баян есөн өдрийн их найр хурим хийх болжээ. Харин хонь малаа нарийлаад нэг хариугүй муу туранхай төлөг гаргаж гэнэ. Алтан Гургалдай амьтан хүнээс ичсэндээ болоод голын ус руу гүйгээд орчихсон чинь хөхөө шувуу болоод хувирчихаж гэнэ. Гэр орныхон нь ...ганц охиноо алга болсонд уй гашуу болоод мал сүргээ зодож жанчиж бөөн дажин болсонд тэр баян мал сүрэг нь тарж бутарч давхиад адуу нь хулан болж, үхэр нь буга марал болж, тэмээ нь хавтгай болж, хонь нь аргаль болж, ямаа нь янгир болоод явчихсан юм гэнэ. Энэ манай говьд байдаг амьтад уг нь тэр баяны мал байж л дээ. Үүнээс хойш монголчууд морь малаа зодож жанчихийг цээрлэх болжээ.


Цааш нь...

Заг

Эрт урьд цагт сайн санаат хараацай шувуу аюулт өвчинд нэрвэгдсэн тарвагыг аврахаар ач тус болох хэрэгтэй зүйлийг эрж орчлонгоор хэрэн хэсэн явжээ. Тэгж явсаар үхэлгүй мөнхийн ус олж амандаа балгаад нисч явтал, хорон санаат хэдгэнэ үүнийг мэдээд гэнэт час хийтэл хатгасанд хараацай дуу алдахдаа аман дахь рашаанаа асгаж орхиж. Тэр ач тустай рашаан нь заг модон дээр дуссан юм байна. Үүнээс хойш загийг элдэв өвчин эмгэгт хэрэглэх болсон юм гэнэ. Загийн энэ анагаах увидас нь түүн дээр мөнхийн ус буюу рашаан дуссанаас болсон гэнэ. Тарвага заг модны учрыг мэдсэн ...тул тахал өвчин гарахад говь нутгаас заг мод зууж, зөөж аялдаг болжээ. Хараацай шувуу мөнхийн усаа асгуулсандаа харамсахдаа хэдгэний хатгасан хэлийг сугалж хаяжээ. Үүнээс хойш хэдгэнэ хэлээ сугалуулсан болохоор юм хэлж чадахгүй хий дүнгэнэдэг болсон гэнэ.


Цааш нь...

Отгон хүүхэн

Гурван хүүхэнтэй нэг эмгэн өвгөн хоёр байжээ. Энэ айл аймаг хошуундаа нилээд бийлэгжүү айл байжээ. Азаргаар адуутай, сүргээр үхэртэй, хотондоо хонь ямаатай байсан болохоор ууган хүүхэн нь адуу адуулж, хоёрдугаар хүүхэн нь үхрээ хариулж, отгон хүүхэн нь хонь ямаагаа хариулдаг байжээ. Нэгэн өдөр эмгэн өвгөн хоёр гурван хүүхнийхээ ухааныг шалгахаар хэлэлцэж тогтов. Ингээд ууган хүүхэн нь адуунаасаа харьж ирсэнд ...хүүхнээсээ,
- За хүүхэн минь ядарч зүдрэв үү? Өлсөж ундаасав уу? гэж асуухад хүүхэн нь,
- Ядарч зүдэрч өлсөж ундаассан ч үгүй чухам сайхан байна гэхэд ээж,
- Ингэж сайхан явах чинь хэний буян болчихов доо? гэхэд хүүхэн нь,
- Аав ээжийн буян шүү дээ гэв. Үүнээс өвгөн эмгэн хоёр ууган хүүхнээ ухаан сэргэлэн сайн хүүхэн байна хэмээн шагшин магтацгаажээ. Хоёрдугаар хүүхэн нь үхэртээ яваад харьж ирсэнд аав ээж нь мөн л ууган хүүхэнтэйгээ адил ёсоор цай аягалан суулгаад анхны маягтай асуужээ. Хоёрдугаар хүүхэн нь мөн эгчийнхээ хариулсантай эгээ адилаар,
- Аав ээжийн буянд сайхан амьдарч байна гэж хэлжээ. Аав ээж нь хоёрдугаар хүүхнээ бас цэцэн мэргэн хүүхэн байна даа гэж баярлаад адилхан аргаар отгон хүүхнээ бас шалгажээ. Отгон хүүхэн нь,
- За одоо ч бол аав ээжийн буянаар ашгүй сайхан л амьдарч байна. Хожим чухам ямар болохыг хэн мэдэх буй? гэж тэдний бодсоноос гадуур хариулсанд эмгэн өвгөн хоёр тун ихээр уурлаж,
- Энэ муу хүүхэн яах аргагүй тэнэг хүүхэн байна. Хоёр эгч чинь бас энэ тэрийг бодоогүй байтал чи харин одоо айлд явахыг бодож байдаг. Явах санаатай бол эртхэн тонил! гэж хараан зандарсаар хамгийн муу яндан морио зайдан унуулж, ганцхан аяга хуурсан амуу хийж өгөөд хөөж явуулжээ. За тэгээд хөөрхий хүүхэн аав ээжээсээ салж ядан, алаг нүднийхээ нулимсыг арчиж ядан байсаар арга буюу замаа эрэхээр алсыг зорин аялжээ. Хүүхэн зорилгогүй аян замдаа өлсвөл хуурсан амуунаасаа нэг атгыг үмхэж өлөө дарж явсаар айлд орохдоо үргэлж “Хэрэв энэ миний суух заяатай нутаг мөн бол морь минь намайг орхиж яваг, хэрвээ биш бол морь минь лавтай намайг хүлээж байх биз” гэж бодоод унасан морио айлын гадаа сул тавьдаг гэнэ. Гэтэл зам турш нилээд хэдэн айлаар буусан боловч яндан морь нь мөн угийн газартаа хөдлөлгүй зогсож хүүхнийг хүлээсээр байлаа. Гэнэт нэгэн үдшийн бүрий болох үед уулын энгэрээр явж байтал уулын хажууд нэг жаахан майжиг хар гэр харагдлаа гэнэ. Хүүхэн шууд тэр гэрт очоод унасан морио гадна нь ердийн ёсоор сул тавиад гэрт оржээ. Гэрийн хоймор нэгэн настай эмгэн хоёр нүдээ таг аньж орондоо хэвтэж байх бөгөөд гэр доторх өчүүхэн эд бараа нь эрүй хуруйгүй болж хог тоосонд дарагдаж байв. Хүүхэн үүд сөхөн ороход настай эмгэн,
- Ээ, хүүхэд минь өнөөдөр яагаад өдий оройтчихов? гэж санаа алдан, халуурч хатсан сөөнгө хоолойгоор чичрэн дуугарч өвдөж өлсөхийн туйлд тулсан байдалтай хоёр үгийг шивнэхийг сонсоод туйлаас өр өвдөн, ухасхийн гарч түлээ авчирч зууханд нь гал өрдөж ус буцалгаад настай эмгэнд аягалсанд харин,
- За өнөөдөр юу олж авч ирэв дээ? Аль нэг юм үмхье гол харлаад тэсэхгүй байна гэх юм. Хүүхэн аргаа барж нааш цааш хэд харсанд эрэгнэг дээр нь хоёр эмтэрхий аяга нөхөөс халгаастай хэдэн муу хоосон царнаас өөр юу ч үгүй байв. Сандарч өөрийн даалингаа тэмтэрсэнд эхийнх нь савлаж өгсөн хуурсан амуугаас хэдэн үмх тулмын ёроолд үлдсэн байв. Хүүхэн хуурсан амуугаа буцалсан усанд дэвтээж өлсөж харласан эмгэнийг өндийлгөн түшиж хэд оочуулсанд эмгэн,
- Ёох. Одоо нэг жаахан дотор онгойлоо гэж амандаа бувтнав. Шөнийн харанхуйд үүд нээгдэн нэгэн хүн орж ирэв. Настан хэн болчихов гэсэн шиг үүд рүү нүдээ нээвэл харин идэш эвлүүлэхээр явсан цорын ганц хүү нь байв. Үүнд настан их л гайхаж өөрийг нь түшиж байгаа хүнийг эргэж харвал дун цагаан шүдтэй, торомгор хар нүдтэй, алиман улаан хацартай гоо үзэсгэлэнтэй, үл таних нэгэн эелдэг хөөрхөн бүсгүй үзэгджээ. Энэ үед настай эмгэн ухаж мэдээд хөнхийж ширгэсэн хоёр нүднээсээ буурцагийн чинээ нулимс дусалган,
- Ай хөөрхий хаанаас ирсэн хэн гэгчийн ийм сайн хүүхэн буй? гэж уяран талархан хэлэхийн сацуу хүүдээ хүүхэн түүний хэрхэн харгалзсаныг ярьсанд хүү нь хэлэх үгээ олохгүй нулимс унагав. Энэ үдэш бүсгүй үлдсэн жаахан амуугаа бүгдийг нь гөвж гурвуулаа өл залган энэ тэрийг ярилцан хоножээ. Хүүхэн өглөө эрт гэгч босч яндан хээрээ үзсэнд хэдийн бараа сураггүй арилсан байв. За тэгээд хүүхэн заяасан газар минь энэ байна даа гээд учирсан энэ залуутайгаа ураг барилдан эв найртай амьдран эхийгээ асран, үгүйгээ олж, олсоноо арвижуулан дэмий хэдэн жил болоод талаар бэлчих таван хошуу малтай, идэж өмсөхөөр элбэг дэлбэг нэгэн хангалуун айл болжээ. Бас бондгор цагаан хүүтэй болжээ. Ингэж байсаар бэр нь нэг өдөр хадам эхдээ болон эр нөхөртөө хэлж, төрсөн эцэг эхээ эргэхээр явахаар завдаад тарган хонин шүүс, таатай сайхан хоргой торгыг өдий төдий ачаад эр эм хоёулаа морджээ. Хүүхэн бага үеийнхээ хуучин нутагт ирсэнд гэр тэрэг нь бараа сураггүй мөртөө хичнээн өдөр хүн малын ул мөргүй элий зэлий болж эзгүйрчээ. Ингээд ойр орчмын айл аймгаас асууж сурагласанд хүмүүс санаа алдан,
- Ай даа юу гэж хэлэх вэ дээ? Чамайг хөөж явуулснаас хойш аав ээж эгч нар чинь өдөр турш ажил явдал гэхгүй бэлнээ идэж бүтнээ өмсөж, наадан цэнгэсээр байгаад хоёр жил болоход хот нь хоосорч, өрх нь цооров. Тэгээд хоёр эгч чинь аав ээжийн буян баржээ гээд харьд мордоод хоёр настаныг эргэж тойрох хүн ч үгүй болж, аав ээж чинь насандаа дарагдаж, ажил явдал хийж дийлэхгүй тул хоосон таарцгаа үүрч хадуур модоо тулан бадарлаж явсан. Тэгээд сураг чимээ тасарсан гэж ярьцгааж байлаа. Үүнийг сонсоод хүүхэн хүргэн хоёр эрэх газраа ч олохгүй тул зам турш сураг тавин явсаар буцаж харьжээ. Гэнэт нэгэн өдөр аав ээж хоёр нь өлсгөлөн нүцгэнээр будаа гуйж явсаар отгон хүүхнийдээ хүрээд иржээ. Хүүхэн нь бадарлан ирсэн ээж аавдаа өвдөг нугалан мөргөж хүний ёсоор зочлон гурван өдөр найр хийжээ. Ингээд эр эм хоёр хоёулаа гурван настанаа алаглалгүй асран тэжээж ажтай сайхан амьдарч айл аймагтаа магтагдан амар сайхандаа жаргажээ.


Цааш нь...

Илбийн морь

Эрт урьд цагт нэг сүрхий хэрцгий ноён байж гэнэ. Тэр ноёны албат нэг илбэчин хүү байжээ. Ноён нэг өдөр илбэчин хүүг ордондоо дуудууд,
- Чи их илбэтэй шидтэй хүү гэнэ билээ. Надад илбэ үзүүл гэж зарлиг буулгаж гэнэ. Хүү,
- Би яаж таньд илбэ үзүүлж чадах вэ? Та харин миний морийг унаж үз гэжээ. Ноён ууж байсан цайгаа ширээн дээрээ тавьчихаад гараад харсан чинь уяан дээр нь нэг их сайхан хар морь дүүхэлзэж байжээ. Ноён, “Энэ муу гуйлагчин хүү ийм сайхан морь унаж явах” гэж бодоод мордоод явсан чинь усан тэлмэн жороо морины ам ердөө дийлдэхгүй авч давхисаар байгаад эзгүй газар ганцхан булгиж хаячихаад явчихжээ. ... Явгарч хоцорсон ноён ийшээ тийшээ бараа туруу харж гайхаш тасарч явсан чинь нэг муу хар гэр харагдаж гэнэ. Явсаар хүрч очвол хар гэрт нэг авгай байж гэнэ. Ноёнд суух газар ч олдсонгүй. Адсага, хөмний тасархай дээр цомцойн суужээ. Тэр шөнөдөө тэндээ сууж хонож гэнэ. Ноён буцах зам олох санаатай өглөө гардаг. Авгай хэдэн ямаагаа туугаад бас гардаг байжээ. Ноён хичнээн ч явсан нөгөө хар гэртээ эргэж ирээд байжээ. Хоёр гурван жил болоход ноён аргагүйн эрхэнд нөгөө ядуу авгайтай эр эм бололцоод нэг хүүхэдтэй болжээ. Нэг өдөр ноён хэдэн ямаагаа хариулж яваад хүүхэд нь худагт унаад хойноос нь эх нь авах гээд бас унаж үхсэн байжээ. Ноён үүнийг үзээд уйлан гашуудаж “Ноён байж хичнээн их жаргаж явлаа. Гайтай морь унаж хичнээн их зовлоо. Зовох цагт учирсан ханиа бас алдлаа одоо амьд яваад яах вэ? би ч гэсэн энэ худагт унаж үхье” гээд худаг руу ухасхийж гэнэ. Тэгтэл,
-Яаж байгаа нь энэ вэ? та гээд хатан гараас нь бариад авчээ. Тэгсэн нь ноён хатныхаа хормойг сөхчихсөн “Энэд унаж үхье” гээд зүтгэж байжээ. Ноён “ёох” намайг яасан удаан зовоов гээд тавьсан цайгаа аваад уусан нь халуун байжээ. Гэрт байсан хүмүүс ноёныг шоолон инээлдэж, ноён уурлаж, хатан ичэж гэнэ. Ноёныг уурлаж загнахад хүү,
-Таны албат иргэд бид чинь тэр авгай шиг л амьдардаг юм шүү дээ гэж гэнэ. Үүнээс хойш ноён албат иргэддээ ихэд энэрэнгүй ханддаг болсон гэнэ лээ.


Цааш нь...

Муу санаа эзнээ отно

Эрт урьд цагт хоёр шавьтай, их номтой нэгэн хүн байжээ. Бага шавь нь арван гуравтай, эгэл ядуу айлын хүүхэд гэнэ. Их шавь нь нэлээд баян айлын хүүхэд байжээ. Шавь дүүгээсээ хоёр ах юм гэнэ. Бага шавь нь бичиг номдоо их чармайлттай гэнэ. Багш нь хоёр шавиа адилхан хайрлан хүмүүжүүлдэг байжээ. Тэрээр нэгэн өдөр хүрээ хотод эрдэмтдийг шалгах тунхаг гарсныг сонсоод хоёр шавиа явуулахаар болжээ. Хоёр шавиа явуулахдаа багш нь хэлж,
- Их шавь өвтэй айлын хүүхэд тул морь уналгүй дээ. Бага шавь шавь ахынхаа араар сундлаад яв. ... Хэдийгээр нэг нь унаатай нэг нь унаагүй боловч та хоёулаа миний шавь тул сундлаад яв гэж дахин дахин сургаад өлзийт өдрийг сонгож алс замд мордуулжээ. Замд их шавь нь шавь дүүгээ морин дээрээ огт сундалсангүй мөртөө дотроо хар санаа тээж “Би ингэж зовж зүдэж хотод очоод шалгагдахгүй бол яах билээ. Энэ харин шалгагдаад миний нүүрийг барах мөртөө ноён суучихаж мэднэ. Ингэхийн оронд би үүнийг замд богшоож үхүүлье” гэж бодоод морио ташуурдан бага шавийг хурдан гүй! гэв. Бага шавь нь их шавийгаа ах гэж хүндэлдэг тул элдэв үг хэлэлгүй үгийг нь дагажээ. Ингэж явсаар хэдэн өдөр болсон ч бага шавьд ядарсан шинжгүй тул өөр мэх бодож олоод,
– Сайн санаа сайн уу? Муу санаа сайн уу? гэж шавь дүүгээсээ асуужээ. Шавь дүү нь,
- Сайн санаа байлгүй яахав гэж хариулав. Их шавь нь юу ч дуугарсангүй хоногийн газар хүрээд хэлжээ,
- Би урьдаар явж буудал ольё. Чи энд хүлээж бай гээд явжээ. Их шавь нь буудлын газар хүрч нэгэн хүнд нэг енбүү өгөөд хэлжээ,
– Би нэг хүнтэй сайн санаа, муу санааны аль нь сайн болохыг зам турш маргалдлаа. Удахгүй бид хоёр маргалдаад энд хүрч ирвэл та муу санаа сайн гэж хэлэх болов уу? гэж гуйжээ. Тэгээд их шавь нь дүүгийнхээ дэргэд ирээд,
- Сайн муу санааны чухам аль нь сайн болохыг хоёулаа хүнээр хэлүүлж мэдье гээд шавь дүүгээ дагуулаад сайхь дэргэд дэргэд хүрч асуужээ. Нэгэнтээ хүний мөнгийг авчихсан хүн тул бөхөс гэж очоод хэлжээ,
- Муу санаа ч бас сайн санаа болдог гэж хэлэхэд бага шавь нь маргалдаад тусгүйг мэдээд шавь ахынхаа аяыг дагаж цаашдын замаа хөөжээ. Тэд явсаар явсаар нэгэн гангын дэргэд хүрэв. Их шавь нь “одоо үүнийг үгүй хийх цаг боллоо” гэж бодоод ташуураараа шавь дүүгийнхээ хоёр нүдийг нь гуядаж сохлоод цааш явжээ. Бага шавь нь нүдээ сохлуулсан тул арга буюу тэмтчин мөлхөж явав. Мөлхсөөр байгаад гүн гангад орчихжээ. Тэгж байтал агаараар нисэх алтан гургалдайн эгшиглэх дуун сонсдов гэнэ. Чих тавин чагнавал нэг нь,
- Энэ ганганд нэгэн сохор хүн уначихсан юм байна. Үүний хөл доорхи модны навч нь хараа оруулах чадалтай шүү! гэхэд нөгөө нь залгаад хэлжээ,
– Энэ хүн лав баяжина. Тэр дэргэд нь байх модон дээр нэг уурхай мөнгө буй гэж хэлэлцэх нь сонсогджээ. Тэгээд бага шавь гургалдайн үгээр хөлийнхөө доороос модны навч авч нүдээ арчихад үнэхээр тэр дороо хардаг болов гэнэ. Дахиад өнөөх модны доогуур малтахад үнэхээр алт мөнгийн уурхай байж гэнэ. Тэгээд бага шавь нь овоо мөнгөтэй болж авгай авч айл гэрээ байгуулаад амар жаргаж суужээ.
Харин сайхи их шавь нь хотод ойртох үед нэг бүлэг дээрэмчинтэй тааралдаад бага сага юмаа бүгдийг тонуулаад шалгуулах ч аргагүй болж үмх будаа гуйж бадарчлан буцав. Яван явсаар шавь дүүгийндээ иржээ. Тэгээд хоёулаа золголдон их шавь нь асуужээ,
- Би чиний нүдийг сохолчихсон байтал чи яагаад нүдтэй болж ийм сайхан айл гэр болов? гэхэд худал хэлж чаддаггүй бага шавь нь тоочин хэлж өгчээ. Муу санаатай их шавь нь баяжиж айл гэр болох ховдог шунал нь хөдөлж нүдээ сохолж ганганд ороод хичнээн хүлээсэн боловч алтан гургалдайн дуу огт гарсангүй гэнэ. Модны навч аваад нүдээ зүлгэсэн боловч хараа орсонгүй гэнээ. Үүнээс хойш 'Муу санаа эзнээ отно' гэдэг үг гарчээ.


Цааш нь...

Хэрээ галуу хоёр

Хавар эрт байжээ. Хар хэрээ нуурын хөвөөний хөгшин уд модны дээр суугаад амарч байтал хэдэн галуу нисэн ирээд хайлмал мөсөн дээр бууцгаан хавтай наадаж байв. Хар хэрээ галууг хараад атаархах сэтгэл төрж хайлмал мөстэй санд умбах юмсан гэж боджээ. Тэгээд хэрээ баярлахдаа бархирчээ. Баярласан хэрээ бахирна гэдэг тэгж гарч. Хэрээн дуунаар хэдэн галуу үргээд нисч одов.... Хэрээ галууны умбаж наадсан газар хүрээд галууг дуурайн умбаж эхлэв. Хамаг бие нь жихүүсч даарч байвч зориглоод умбаж байснаа тэсэхүйеэ бэрхдэхэд гуаглан нисч арайхийж хөгшин уд модон дээрээ ирээд үзвэл, ээ хөөрхий хэрээний сарьсан хөл нь сарвайтал хөлдсөн байв гэнэ. Үүнээс болж галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөх гэдэг үг гарсан гэдэг.


Цааш нь...

Мэргэн далны домог

Эрт цагт нэг хүн эзэн хааны Алтан гүнжийг яаж авнав? гэж боджээ. Ингээд авах арга юү билээ гэхлээр Дөрвөдийн хошууны ойт мэргэн Тэвнэ гэж байдаг үүгээр авуулъя гэж шийдээд,
- Чи надад эзэн хааны Алтан гүнжийг авч өгч чадна уу? гэсэн “Чадна” гэжээ.
Эзэн хааны Алтан гүнжийг авахаар ойт мэргэн Тэвнэ одвоо. Эзэн хааны гүнжийг энд тэндхийн эрчүүл авах гэдэг боловч ив ижилхэн нов ногоон торгон дээлтэй наян бүсгүйчүүл байдаг, үүн дундаас ялгаж таньж чаддаггүй байжээ. Мэргэн Тэвнэ арга учрыг нь хайж эзний алтан гүнжийг асарч өсгөсөн самган эхийг нь олж учраад,
- Алтан гүнжийг таних тэмдгийг хэлж өгөөч гэсэнд тэр самган хэлвээ,...
- Эзний Алтан гүнжийг хэлж болохгүй. Энэнийг хэлсэн хүмүүн тэр дороо баригдана. Эзний шар бичиг татахад хэн хэлснийг хэлээд өгдөг чадалтай. Би хэлшгүй ээ гэв. Ингэхлээр мэргэн Тэвнэ хэлжээ,
- Энэний арга учрыг би олъё оо. Эзний шар бичигт хэн хэлсэн гэх тэмдэггүй төлөг буулгаж болно оо гээд газар нүх малтаж, самганыг оруулаад дээр нь гал түлж тогоо тавиад ус хийж, дотуур нь төмөр гуурс шургуулж, гуурсныхаа амыг хөвөнгөөр ороогоод түүгээрээ самганыг “Эзний Алтан гүнж ямар тэмдэгтэй юм? Хэл” гэжээ. Самган,
- Эзний Алтан гүнжийг инээлгэж чадаж гэмээ нь шүднээс нь алтан туяа гэрэлтдэг юм билээ гэж хэлжээ. Үүнийг хэлүүлж аваад эзний ордонд хүрч аргалж чаргалж байгаад бүсгүй нарын байранд орж алиалж наргиулж байгаад бүсгүйнх нь шүднээс үнэхээр алтан туяа сацарсанд түүнд сэмээр тэмдэг хийгээд явж одов.
Маргааш нь “Эзний Алтан гүнжийг авна” гэж хаанд бараалхасанд тун ижилхэн хувцас, зүс царайтай наян хүүхэн өмнүүр чинь алхуулна. Үүнээс таниад авч чадвал ав гэжээ. Мэргэн Тэвнэ тэмдэг тавьсан хүүхнээ гараас нь хөтөлж,
- Энэ эзний Алтан гүнж мөн гэв. Эзэн хааныхан ихэд гайхацгааж “Энэ яагаад ийм амархан олов? Хүн хэлж өгөв үү” гэлцээд эзний шар бичиг татуулсанд “Шороо бөгстэй, гал махбодтой, усан цээжтэй, төмөр голтой, хөвөн толгойтой хүн хэлсэн байна гэж буужээ. Хаан мэргэд, сайчуулаа цуглуулж, энэ юм гэсэн үг вэ? гэсэнд “Ийм хүн хаанаас байх вэ!” гэлцэн, хаан ч хилэгнэж “Энэ муу чинь юу ч мэдэхээ больж” гээд галд хийгээд шатаачихжээ. Шар бичгийн шатсан үнсийг нь хонь долоож, ингэснээрээ хонины дал их мэргэн болсон юм гэнэ билээ.


Цааш нь...