Хүрэлдэй

Эрт урьд цагт нэг хархүү байлдаанаас буцаж явжээ. Түүний нэрийг Хүрэлдэй гэдэг аж. Хүрэлдэйг явж байтал замд нь тогоотой ус шиг мэлтэлзэх мөртөө гялгар юм дайралджээ. “Юу юм бол?” гэж бодон очтол үй түмэн хорхойн* цуглаан болж байжээ. “Могойн цуглаантай дайралдвал мориноос бууж гурав мөргөдөг юм билээ?” гэж Хүрэлдэй бууж тэр олон хорхойн өмнө мөргөжээ. ... Гэтэл тэр олон урт хорхойн дундаас ганц шүрэн эвэртэй хорхой гарч ирээд биеий нь гурав эргэж эврээ хормой дээр нь унагаачихаад буцжээ. Хүрэлдэй түүнийг хадагт нямбайлан боож цаашаа явж байтал нэг хорхой хойноос нь “Хүүе, хүүе” гэж дууджээ. Эргэж ирэхэд нь “Чи хормойгоо тос” гэжээ. Хүрэлдэй хормойгоо тосвол амнаасаа нэг цагаан юм гаргаад “Үүнийг ид” гэжээ. Түүнийг Хүрэлдэй бүхлээр нь залгичихаад цаашаа явжээ. Тэр цагаан юм нь эрдэнэ байжээ. Тэгэхдээ амьтан болгоны хэлийг мэдүүлдэг эрдэнэ байжээ. Хүрэлдэй амьтан бүгдийн хэлийг мэддэг болжээ. Тэгээд замдаа нэг айлд хонож тэр айл нь хонь гаргаж өгчээ. Тэгэхэд нь нохой хуцаад чоно улиад байжээ. Хүрэлдэй түүнийг чагнавал “Хоноцынхоо хоёр морийг над өгөөч” гэхэд нохой “Манайх хоноцдоо хонь гаргасан, ууцнаас нь над өгвөл би хоёр морийг нь өгөхгүй, ууцы нь өгөхгүй бол хоёр морий нь өгнө" гэж хуцаж байв гэнэ. Ингэж байтал мах болж ууцаа тэр айл Хүрэлдэйд тавьжээ. Гэтэл нохой шуугиад гэрт ороод ирж. Хүрэлдэй ууцаа огтлох гээд унагаатал нохой нь зуугаад явжээ. “За боллоо” гэж боджээ. Гэрийн эзэн “Яах билээ?” гэж дуу алдахад “Зүгээр зүгээр” гэжээ. Нохой гараад хуцахдаа “Хоноц маань хонины ууцнаас над өгсөн. Хоёр морий нь чамд өгөхгүй” гэж хуцахад чоно чимээгүй болжээ. Тэгээд шөнө тэр айлын хоттой хонинд чоно орж хонь үргэн алга болоход Хүрэлдэй босч шөнөжин явсаар хонийг олж өглөө ирэхдээ тэр олон хонины хамгийн сүүлд яваа цахлайтсан жижиг төлөг “Мянган хонины хишгийг даахгүй нь ээ” гэж майлж явжээ. Өглөө айлын хонийг авчирч өгтөл “Ямар сайн хүн бэ? Та юу авах вэ?” гэж асуужээ. “Мянган хонины хишгийг даахгүй нь ээ” гэж майлж явсан нөгөө төлгийг “Авья” гэсэнд нохой нь ирээд тэр төлөгний сүүлий нь тасдаад идчихжээ. Тэгээд Хүрэлдэй гэртээ ирээд хүүхэнтэйгээ сайн сайхан амьдарчээ. Нэг өдөр хүүхэнтэйгээ хэрэлдээд салахаар болж хүргэж өгөхөөр азаргаа барьж уяад гэртээ орох гэж явтал адууны хашааны шон дээр нэг шаазгай суучихаад “Хүрэлдэй хүү минь азаргаараа хүүхнээ хүргэж өгөх нь дээ. Энэ нь хоосрохийн дохио болох нь” гэжээ. Тэгэхлээр нь Хүрэлдэй азаргаа тавьчихаад гэртээ ороод хүүхэндээ “Чи явах юм бол би хүргэж өгч чадахгүй” гэж эвлэгхэн хэлжээ. Ингэж хүүхэн ч явсангүй. Хоёулаа эвлэж урьдын адил амар сайхан амьдарчээ.

*могойг зарим нутагт 'хорхой', 'урт хорхой' гэдэг.


Цааш нь...

Ухаантай хүү

Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр аж төрөн суудаг байж гэнэ. Долоон сайн хүүхэдтэй, зургаан улаан үнээтэй юмсанжээ. Өвгөн эмгэн хоёр насан өндөр болсон учир долоон хүүгээ “долоон тийшээ явж амь зуу” гэж хэлж гэнэ. Тэгээд зургаан хүүдээ зургаан улаан үнээгээ өгөөд хамгийн бага хүүдээ мод хагалдаг сүхээ өгөөд,
- Миний хүү ой модонд очиж амиа тэжээ гэж хэлж гэнэ. Тэгээд хүү ойд явж байтал хоёр талын зэрэгцээ модон дээр хоёр хон хэрээ суугаад нэг нь нөгөөгөөсөө ингэж асууж ... байна гэнэ. - Энэ хүүхэд юу хийж яваа юм бол? гэсэнд,
- Энэ хүү яван явсаар цагаан санаат ноёны хүү болох юм байна билээ? гэж нөгөө нь хэлжээ. Тэгээд тэр шувууны үгийг сайн дуулж аваад цааш явж байтал оосор бүчгүй орд цагаан өргөө байна гэнэ. Ороод очсон чинь өвгөн эмгэн хоёр сууж байжээ. Өвгөн хүүгээс,
- Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, зориг золбоотой жаахан эр хэт нутаг хаа вэ? Хэрэг зориг хэнд вэ?” гэж асуусанд,
- Хэт нутаг барууны баруун тивд, хэрэг зориг энд дээ. Бид ах дүү долуул байгаад аав ээж минь нас өндөр болсон учир бид амь зуулга эрж яваа гэж хэлж гэнэ.
- За тэгвэл хүү минь манай хүү болоорой гэжээ. Хүү ийнхүү цагаан санаат ноёны хүү болжээ. Гэтэл тэр нутагт их хар санаатай хаан байжээ. Хар санаат хаан арван сайн хүүтэй юм гэнэ. Цагаан санаат ноён арван сайхан охинтай юмсанжээ.
Хар санаат хаан нэг өдөр “Цагаан санаат ноён нэг сайн хүүтэй боллоо. Тэр хүүг үгүй хийхгүй бол эцэстээ хаан төр булаацалдах хүү” гэж боджээ. Тэгээд тэр хар санаат ноён нэг өдөр “Чи өнөө шөнө манай хатныг мана” гэж хүүд зарлиг буулгажээ. Гэтэл тэр хатныг манасан хүн шөнө болгон үхдэг юмсанжээ. Тэр хүү гэртээ ирж ноён аавдаа,
- Энэ хаан намайг өнөө шөнө хатнаа мана гэж зарлиг буулгав гэж хэлжээ. Ноён аав нь
- Ганц хүүгээсээ салах цаг болж гээд уйлж гаслаж гэнэ. Хүү шөнө хатны байдаг өргөөнд орж гэнэ. Тэр өргөөнд хоёр сандал байдаг байжээ. Орж ирсэн хүн заавал сандал дээр суух ёстой ажээ. Гэвч хүү хажууд нь суужээ. Хаалганы хоёр хатавчаар хүрэл зэс хоёр хошуу орж ирж гэнэ. Тэр хоёр хошуу хатны гэдэс рүү хатгаж орхисонд хатан орилж чарлаж гэнэ. Тэгээд сандал дээгүүр юм эрээд хүүгийн дэргэд ирвэл тэр хүү, тэр хүрэл зэс хоёр хошууг сүхээрээ цавчин унагааж гэнэ. Маргааш өглөө хүүг амьд байхыг эзэн хаан мэдээд “Чи өнөө шөнө таван өнгийн торго мана” гэж хэлжээ. Тэр торго манасан хүн гэртээ эргэж ирдэггүй юмсанжээ. Хүү гэртээ ирж ноён аавдаа хэлбээс аав нь мөн уйлж гаслаж гэнэ. “Би тэр торгыг нь манаад ирье” гээд хүү сүхээ аваад явжээ. Таван өнгийн солонго татдаг газрын цаад талд гараад хүү сууж гэнэ. Гэтэл хүзүүнээс нь таван өнгийн торго уясан хоёр нохой ноцолдоод ирж гэнэ. Хоёр нохойг сүхээрээ цавчиж унагаагаад өглөө нь эзэн хааны үүдэнд очиж,
- Та намайг таван өнгийн торго мана гэсэн биш тайган халтрын хоол болгох гэсэн байна гээд эзэн хааны босгонд хоёр нохойн толгойг хаяв гэнэ. Эзэн хаан “Энэ үхдэггүй яасан сүрхий хүүхэд вэ?” гэж хорсоод “Чи таван өнгийн торго олж ир” гэж дахин зарлиг болгов. Хүү ноён аавдаа хэлээд явжээ. Тэр хүү явсаар байгаад жиргэх шувууны чимээгүй газар очив. Гэтэл зам дээр нэгэн Хангарьд шувуу хавханд орсонтой тааралдав. Хавхнаас нь гаргаж тавьсанд “Би чамд нэг тус болно” гэж хэлээд явжээ. Цааш явж байтал оосор бүчгүй орд цагаан өргөө байж гэнэ. Хүрээд очсон чинь ногоон торгот хатан нохой хорьж өгч гэнэ. Цагаан торгот хатан юм оёод сууж байж гэнэ.
- Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой зориг золбоотой жаахан эр хэт нутаг хаа вэ, хэрэг зориг хэнд вэ? Хэний хүү хэн гэгч вэ? гэж тэд асуусанд
- Бид ах дүү долуулаа байгаад аав ээж хоёр минь нас өндөр болсон. Тэгээд би амь зуулга хайж явсаар цагаан санаат ноёны хүү болов. Гэтэл манай тэр нутгийн хар санаат хаан намайг таван өнгийн торго олж ир гэлээ. Түүнийг эрж явна гэсэнд тэр хоёр,
- Бид хоёр бол дээд доод хоёр тивийн хоёр шулмас байсан. Хүн хорлодог хүрэл зэс хоёр хошууг чи авсан, ийм болохоор бид хоёр чиний эхнэр болно гэж хэлэв. Хүү,
- За яахав, та хоёр тэгж байгаа бол тэгье гээд ногоон торгот хатнаар зүүн гарын дагина, цагаан торгот хатнаар баруун гарын дагина болгож аваад цагаан заанд ачаагаа ачаад эргэн ирж явахыг хар санаат хаан мэдээд “Энэ чинь үхдэггүй яасан сүрхий хүү вэ?” гэж бүр ч хорон санаж “Одоо чи араатны хаанаас есөн эрдэнийн зандан ширээ авч ир” гэжээ. Хүү ноён аавдаа хэлээд аян замд гарч явсаар араатны хааны ордонд ирээд чонын суудал дээр сууж байтал бар, арслан, баавгай, чоно гээд бүх араатан хааныд ирж,
- Энэ юун хүн бэ? гэсэнд хүү,
- Ах дүү долуул байгаад аав ээж нас өндөр болсон. Тэгээд би цагаан санаат ноёны хүү болсон юм. Гэтэл хар санаат хаан намайг есөн эрдэнийн зандан ширээ авч ир гэж зарлиг болгов. Түүнийг олохоор явж байна гэж хэлэв.
- За яахав тэгвэл тэр ширээг аваад яв гэж баавгай ширээг зааж өгч гэнэ. Тэгээд хүү “Яаж авч явья даа” гэж байтал хангарьд нисэн ирж,
- Чи миний нуруун дээр суугаад яв гэж хэлээд ширээг шүүрэн авч нуруун дээрээ гаргаад,
- Энэ ширээн дээр суу гэв. Тэгээд тэр хүү хангарьд хөлөглөн хар санаат хааны гадаа ирээд,
- Авчрахыг би авчирлаа. Өргөж оруулахыг өөрсдөө мэд гээд эзэн хааны гадна буулгасанд эзэн хааны арван мянган залуу өргөөд даасангүй гэнэ. Эзэн хаан дахин зарлиг буулгаж,
- Чи утааны хар морь унаад хурмастын хаанд захиа хүргээд ир гэсэнд хүү,
- За гэжээ. Тэгээд гэртээ ирж хоёр хатандаа,
- Би одоо яасан ч давахгүй нь гэж гэнэ. Гэтэл тэр хоёр хатан,
- Чи энэ алтан хайрцгийг аваад яв. Зуун тэмээ харгана дээр зуун дөрвөлж хоргол асгаад дээр нь чамайг гаргаад доороос чинь гал өгнө, тэгэхлээр нь чи би гэртээ харьсан байх болтугай гээд алтан хайрцагны тагийг нээгээрэй гэв.
Тэгээд тэр хүүд алтан хайрцгаа өгөөд явуулж гэнэ. Хар санаат хаан зуун тэмээн харгана дээр зуун дөрвөлж хоргол асгаад түүн дээрээ хүүг гаргаад доороос нь гал түлж гэнэ. Галын дөл бие өөд халуу оргиод ирэх үед “Би гэртээ харьсан байх болтугай” гээд алтан хайрцагны тагийг нээсэн чинь нэг мэдэхэд гэрийнхээ гадна хэвтэж байж гэнэ. Тэгээд тэр хүүд таван өнгийн торгоор хоёр хатан нь дээл оёж өгөөд,
- Эрхэм дээд хаан таныг хурмастын хаан урьж байна гэсэн урилгыг эзэн хаанд өгөөд явуулжээ. Эзэн хаан тэр урилгыг үзээд “Энэ муу хүү хүрээд ирсэн юм чинь би хүрэлгүй яахав” гээд өөрөө зуун тэмээ харгана дээр зуун дөрвөлж хоргол асгуулаад доороос нь гал түлүүлээд шатаж үхэж гэнэ. Энэ үеэс эхлэн “Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан дийлнэ” гэсэн ардын цэцэн үг үүсэн гарсан гэнэ.


Цааш нь...

Туулай яагаад сэтэрхий уруултай болсон бэ?

Эрт урьд цагт туулайнуудын хамгийн ахмад нь бүх туулайнуудаа цуглуулж,
- Энэ дэлхийн амьтан болгон аливаа амьтдыг айлгадаг эрдэмтэй, амиа хамгаалдаг арга ухаантай байх юм. Бидэн шиг өрөвдөлтэй амьтад энэ ертөнцөд алга. Модны навчис сэржигнэхэд хүртэл уушиг зүрх амаар гарчих шиг болж, ухаанаа алдтал айх юм. ... Бид амьтан болгоноос дорой төрөх гэж дээ. Адгийн муу хорхой шавьж хүртэл биднээс айдаггүй гэж үү? Ах дүүс минь ингэж айж зовж амьд явснаас худагт унаж үхэцгээсэн нь дээр гэж хэлээд бусдыгаа дагуулан гунигтай гэгчээр явжээ. Тэгтэл нэгэн шаазгай тааралдаж ихэд гайхан,
- Шаг шаг, туулайнууд минь, юу болоо вэ? гэж асуусанд юу ч дуугарсангүй гэнээ. Шаазгай дахиад л,
– Шаг шаг, та нар яагаад ийм гунигтай явна вэ? Надад яриач гэж шалгаажээ. Нөгөө ахмад туулай, энэ дэлхийд бид л амьтан болгоноос айж явна уу гэхээс биш, биднээс айдаг амьтан гэж нэг ч байхгүй юм. Ингэж амьд явснаас худагт унаж үхье гэж ярилцаад явцгааж байна гэж үнэнээ хэлжээ.
– Яасан тэнэг юм бодоцгоогоо вэ?
– Тэнэг юу байх вэ? Үнэн амьдрал маань ийм л байна гэхэд шаазгай,
– Тэгвэл одоо та нар дор дороо хяраад хэвтэцгээ. Хоньчин хонио услах гээд худаг руу туугаад ирж байна. Хонин сүргийг дэргэдүүрээ ирэхээр нь тал тал тийшээ босон харайгаад хараарай. Тэгэхэд л та нар үнэн худлаа үзэх болно гэж хэлээд шаазгай нисээд явчихжээ. Туулайнууд, шаазгайн хэлснээр бут бутны ёроолд хярж байгаад хонин сүргийг дэргэдээ ирмэгц босон харайж дээр дээр дэгдэн, эргэж харсанд хоньд хуйлран үргэж, хоньчин нь хонио тогтоох гэж шилбүүрээ далайн хашгиран гүйж явна гэнээ. Туулайнууд тэр дороо гайхан зогсосхийж,
- Энэ олон хонийг, эзэнтэй нь айлгалаа. Ийм сонин юм гэж бас байдгаа гээд хойд хоёр хөл дээрээ оцойн сууж, тачигнатал хөхөрөлджээ. Хөхрөлдөөд л байж, хөхрөлдөөд л байж. Бүр дээд уруулаа сэтэртэл хөхрөлдчихөж гэнэ. Ингээд туулай сэтэрхий уруултай болчихсон юмсанжээ.


Цааш нь...

Баадай яагаад уйлав?

Бадарчин Баадай Баруун зуу орж мөргөл хийхээр шийдээд жижиг хавчиг үүрэг, хоёр жижиг таяг мод бэлтгээд явахаар гэрээсэээ гарахад нь түүний ах дүү, эгч нар нь “За Баадай минь замдаа сайн яваарай!” гэж ерөөсөнд Баадай гэрийн босгонд сөхрөн хүүхэд шиг цурхиран уйлж гэнэ. Тэд,
- Чи юунд уйлав? Нэгэнт зориглон шийдсэн биш билүү? Чи ийм аянд олон удаа явсан шүү дээ! гэж зэрэг зэрэг асуусанд Баадай ...
- Та нар намайг үргэлж өөрсдөөсөө хол яваг гэж боддог юм байна. Юу гэвэл та нар намайг “Сайн яваарай” гэснээс биш “Буцаад ирээрэй” гэж хэлээгүйд чинь гомдов гэжээ. “Ингэж санасан хүн нэг ч үгүй байтал Баадай минь юунд ийн сэтгэв” гэж ах дүү нар нь зэмлэн босгоод,
- Баадай минь сайн яваад хурдан эргээд ирээрэй! гэж ерөөсөнд Баадай инээд алдан баярласаар гэрээсээ гарч алсыг зорьж гэнэ.


Цааш нь...

Аз жаргалд умбасан Ханс хүү

Эрт урьд цагт нэгэн сайхан сэтгэлт хүү ээжтэйгээ хоёул аж төрөн суудаг байжээ. Түүний нэрийг Ханс гэнэ. Хүү алс газар явж нэгэн айлд долоон жил үнэнчээр зарагдан амьдарчээ. Ханс хүү нэгэн өдөр гэрийн эзэнд хандан,
- Би долоон жил танай гэрт гадаах ажилд зүтгэлээ. Одоо би ээжийгээ санаж байгаа тул гэртээ харимаар байна. Та миний хөлсийг өгч гэртээ харихыг минь зөвшөөрнө үү? хэмээн гуйж гэнэ. Гэрийн эзэн хариу өгүүлрүүн,...
- Энэ хугацаанд чи манайд үнэнчээр зүтгэсэн. Хийсэн ажлын чинь хэрээр гомдоохгүй шан өгнө гэлээ. Тэгээд гэрийн эзэн Ханс хүүд хүний толгойн чинээ цул алт өгөв гэнэ. Ханс нэгэн алчуур гарган алтаа боон мөрөн дээрээ тавьж аваад гэрийн зүг замд гарав гэнэ. “Санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтсэн сайн заяатай хүн надаас өөр үгүй, аз нь шовойсон аавын хүү аргагүй би мөн дөө” хэмээн Ханс хүү амандаа дуу аялан алхаж гэнэ. Ханс хүүг хоёр хөлөө зөөж ядан, зөрүүлж гишгэн гэлдэрч байхад нэгэн цовоо сэргэлэн, хөөр баяртай морьтон өөдөөс нь хүрч ирэв гэнэ. Ханс түүнд хандан,
- Хөөе залуу минь, морьтой хүн гэдэг юутай сайхан бэ? Яг л сандал дээр байгаа юм шиг эмээл дээрээ тухалчихаад, чулуу өшигчиж ядрах ч үгүй, гутлаа урж элээх ч үгүй газар хорооно гэдэг мөн сайхнаа хэмээн чанга гэгчээр хэлэв гэнэ. Энэ үгийг сонссон морьтой эр саатан зогсож,
- Залуу минь чи юунд явган явж байгаа юм бэ?
– Би явган явахаас өөр аргагүй ээ. Энэ цул юмыг гэртээ аваачих болоод байнаа аа хөө. Хүнд юм мөрлөн явах гэдэг ямар төвөгтэй гэж санана аа. Бас мөр өвтгөнө гэж жигтэйхэн.
– За тэгвэл хоёулаа ингэдэг хэрэг ээ, би чамд морио өгье, чи наад хүнд ачаагаа надад өгчих ингээд л шууд сольж орхиё.
– Дуртайяа зөвшөөрөх байна. Харин чи үүнийг аваачих гэж их зүдэрнэ шүү дээ гэхэд нөгөө эр мориноосоо бууж, цул алтыг аваад, мориныхоо цулбуурыг Хансын гарт түргэхэн шиг атгуулж орхиод,

- За тэгээд цогиулмаар болбол, чангахан шиг “Чүү, чүү” гээд давирдаг юм шүү гэлээ. Ханс хүү морио унан, гэрийн зүг дураараа эрх чөлөөтэй хатируулж гарав гэнэ. Хэсэг зуур гэлдэрснээ ер нь цогиулдаг хэрэг ээ хэмээн бодоод амаа ангайн “Чүү, чүү” хэмээн сүртэй давирав гэнэ. Морь гэнэт ухасхийхэд Ханс хүү бөндгөс хийн унаж орхивоо. Нэг мэдсэн, тэр замын хажуу талын гуунд хэвтэж байв гэнэ. Энэ үед нэг үнээ туусан хүн өөдөөс нь ирж яваагүйсэн бол, бас тэр морийг нь барьж аваагүйсан бол Ханс аль хэдийн явгарах байлаа.
Ханс хүү арай чамай биеэ татан өндийжээ. Хөл гар нь хөндүүрлээд хэцүүхэн шиг босов гэнэ. Тэр үхэр туусан эрд хандан,
- Морь унах гэдэг амаргүй даваа байна. Тэгээд гэнэт ухасхийгээд унагаж орхидог ийм адсага бол хүзүү хугалж ч мэдэх юм байна. Би одоо дахиад хэзээ ч морины нуруун дээр гарахгүй. Харин үнээ бол шал өөр хэрэг. Үнээг туугаад сайхан тааваараа алхаж болно. Тэгээд бас өдөр болгон сүү, зөөхий, бяслагтай байх нь лавтай. Ийм нэг үнээтэй больё гэвэл юу өгч таарах бол? гэв. Өнөөх эр,
– Одоохон чамд энэ завшаан тохиох нь дээ. Би үнээгээ чиний мориор сольё. Тэгээд л хүсэл тань биелэх нь тэр. Ханс хүү энэ саналыг уухайн тас, баяр хоор болон хүлээн авав. Үхэрчин эр морин дээр үсэрч мордоод ум хумгүй явж одов гэнэ. Ханс хүү үнээгээ туун яаралгүй алхах зуураа ийм сайхан солио хийсэндээ бахархаж явлаа. Одоо надад нэг жаахан талх олдох юм бол мөн ч сайхан даа. Дээр нь хүссэн хэмжээгээрээ зөөхий юм уу, бяслаг тавиад идэхэд юу дутахсан билээ. Цангах юм бол үнээгээ саагаад л сүү уучихна. Ингэхэд би өөр юу хүсэхсэн билээ дээ, аз жаргалд умбах гэдэг чухам даа л энэ биз. Ханс хүү цааш явсаар нэгэн гуанзанд хүрч ирэв гэнэ. Тэнд тухлан суугаад авч явсан бүх зүйлээ гарган тавьж, нэг мөсөн баяр хөөртэйгээр идэж орхилоо. Хамаг бутархай мөнгөө хамж шимж байгаад аяга дундуур шар айраг хийлгэн уув гэнэ. Тэгээд төрөлх тосгоноо чиглэн үнээгээ тууж явлаа. Жин үд дөхөх тусам халуун шатаж, тэсвэрлэшгүй болж байлаа. Ханс хүү нэгэн уудам ногоон хөндийг туулан явав. Тэр хөндийгөөр нэг цаг орчим явахад Ханс хүү хатаж үхэх шахан, ам чийглэх шүлс ч гарахгүй болжээ. Ингэж ядарч явахаар үнээгээ саагаад сүү ханатлаа уудаг хэрэг хэмээн Ханс хүү шийдлээ. Тэгээд үнээгээ нэг нарийхан мөчрөөс уяж байгаад саах юм болжээ. Сав суулга байхгүй тул савхин малгайгаа дээш харуулж тавиад үнээнийхээ дэлэнг хичнээн хичээн шувтарсан боловч ганц ч дусал сүү гарсангүй гэнэ. Харин эв дүйгүй хөдөлсөн үү яасан үнээ хажиглан хойд хөлөөрөө түүний толгой руу ээрч мууртал нь тийрч орхив гэнэ. Ханс хүү мөргүүлж унаад хэсэг зуур ухаан балартан хэвтсэн байлаа. Аз болоход нэг шүдлэн гахай тууж

явсан яргачин эртэй тааралдлаа.
– Юу гэгчийн ширүүн таалав даа? гээд тэр эр сайхан сэтгэлт Хансыг дэмнэн босголоо. Ханс юу болсныг түүнд ярилаа. Яргачин түүнд дашмагаа өгч,
- Май, үүнээс уугаад амс хий. Энэ үнээнээс ч сүү гарч гялайлгахгүй дэгээ. Нэг муу хөгшин үнээ байна. Эдэлгээнд эсвэл нядалгаанд л арай илүү тохирох амьтан шиг байна. Ханс хүү толгойтой үсээ илээд,
- Үгүй ер, хэн үүнийг санахсан билээ. Гэртээ аваачаад эд бад хийгээд авбал ямар гэгчийн их махтай болох бол. Даанч би үхрийн маханд дургүй л дээ. Дэндүү хатуу байдаг юм. Харин ийм нэг сайхан шүдлэн гахайтай сан бол ч өөр хэрэг шүү. Амт нь ч шал өөр. Тэгээд бас хиам хийнэ гэлээ. Яргачин хэлж байна,
- Чамайг бодож би яахав сольё доо. Энэ гахайг үнээний чинь оронд чамд өгье.
– Таны сайхан сэтгэлийг тэнгэр бурхан ивээх болтугай гээд Ханс хүү түүнд үнээгээ өгч, шүдлэн гахайг тэргэнээс буулгуулж, хүзүүнээс нь уясан шидэмснээс нь барьж авав гэнэ. Ханс хүү цааш явах зуураа дотроо ийнхүү бодлоо. Бүх л зүйл сэтгэлчлэн бүтэж байна даа. Ямар нэг юм таагүйгээр эргэх бүр л түүнийг зохистой шийдвэрлэх боломж одох юм хэмээн бодож явтал нэгэн гоё цагаан галуу тэвэрсэн хүүтэй дайралдав гэнэ. Ханс хүү түүнд өөрт тохиолдсон азтай явдлын тухай ярилаа.

Тэгээд бас үргэлж л ашигтай арилжаа хийж байснаа ярив гэнэ. Нөгөөх хүү галуугаа нэгэн хүүхдийг загалмайлах ёслолын идээнд зориулан авч яваагаа ярилаа. Тэр хүү галууныхаа далавчнаас бариад,
- Өргөөд үз дээ. Ямар хүнд гэж санана. Бүр хоёр сарын турш хэрчсэн гурилаар шахан бордсон юм хойно, арга ч үгүй дээ. Энэ галууны шарсан махыг хүртэх хүн харин ч нэг азтай хүн байх болно доо гэлээ. Ханс хүү галүуг авч нэг гараараа өргөж үзсэнээ,
- Тийм ээ, өөртөө таарсан жинтэй юм байна. Миний гахай ч нас гүйцсэн мэгж биш л дээ гэлээ. Энэ үед нөгөө хүү эргэн тойрныг бодолхийлэн харж толгойгоо дохисноо ийнхүү хэллээ,
- За, чиний авч яваа энэ гахай ч нэг л бишээ. Манай тосгоны даргынх нэг гахайгаа саяхан алдчихсан юм. Чи тэр гахайг нь хөтөлж яваа юм шиг байна. Би чамд сэтгэл их зовниж байна. Тэднийх гахайгаа хайлгаж байгаа гэсэн. Чи энэ гахайгаа авч яваад баригдвал тун ч базаахгүй юм болно. Дор хаяж чамайг хар гэрт хорино шүү дээ гэв. Сайхан сэтгэлт Ханс хүү айж эхлэв гэнэ. Тэгээд,
- Ээ бурхан минь, чи л намайг хүнд байдлаас холдуулж хайрла. Чи эндхийн хүн болохоор яахыг сайн мэдэж байгээ. Тэгэхлээр миний энэ гахайг аваад наад галуугаа над өгчих хэмээн гуйв.
– Би ч бас өөртөө лай хурааж байгаа хэрэг. Гэхдээ би чамайг харсаар байж золгүй явдалд учруулсан гэмтэн болмооргүй байна хэмээн галууны эзэн хэллээ. Мань хүн гахайн хүзүүнээс уясан олсноос шүүрэн аваад, зам буруулан явж одлоо. Сайхан сэтгэлт Ханс хүү санаа зовох юмгүй болж тайвшраад галуугаа сугавчлан гэрийн зүг алхаж гэнэ.
– Сайн бодож үзэх юм бол энэ арилжаа надад бас л ашигтай боллоо. Төхөөрч орхивол үнэхээр сайхан шарсан махтай болно. Бас гурван сарын турш талханд түрхэн идэж хүрэхүйц тос гарна. Тэгээд бас зөндөө сайхан цагаан өдтэй болно. Түүгээр нь зөөлөн дэр хийнэ. Тэр дэрэн дотроо шигдсэн шигээ унтаж гарна. Ээж маань яасан их баярлах бол доо хэмээн өөртөө хэллээ. Ханс хүү гэрийнхээ наана байгаа нэгэн суурингаар орж явах зуураа тэрэг түрсэн нэг билүүчин эртэй дайралдав гэнэ. Тэр эр хутга билүүдэнгээ амандаа "Хаана хэрэг гарна би тийшээ явна, хайч хутгыг харин ч нэг ирлэж гарна” хэмээн аялж байв гэнэ. Ханс хүү зог тусан түүнийг харлаа. Тэгээд Ханс хүү тийш очин, яриа өдөн ингэж хэллээ,

- Та хутга ирлэхдээ ийм сайхан хөгжилтэй байхыг бодоход ажил тань их таалагддаг байхаа?
– Тэгэлгүй яахав, миний ажил ч орлогын хүүдий л гэсэн үг. Хутга, хайч ирлэдэг сайн билүүчин хүний халаас бол мөнгөөр тасрах гэж огт үгүй. Ингэхэд чи хаанаас ийм сайхан галуу аваа вэ? Хэмээн билүүчин эр түүнээс асуулаа.
– Үүнийг би худалдаж аваагүй юм, харин гахайгаараа арилжиж авсан юм.
– Юун гахай сан билээ?
- Түүнийг бол үнээгээрээ арилжиж авсан юм.
– Юун үнээ сэн билээ?
– Үнээг би мориныхоо оронд авсан юм.
– Юун морь сон билээ?
– Тэр морийг би толгойн чинээ цул алтаар сольж авсан юм.
– Юун алт сан билээ?
– Тэр алтыг би долоон жилийнхээ хөдөлмөрийн хөлсөнд авсан юм гэхэд билүүчин,
– Чи бол эгзэгтэй мөчид юу хийхээ мэддэг ухаантай хүү байна. Одоо чи нэг зүйл хийх юм бол өглөө босох бүрийд халаасанд чинь мөнгөн зоос хангинан орж байхыг мэдрэх болно. Жинхэнэ аз жаргалын эзэн болох мөч танд ойрхон байна хэмээн билүүчин хэллээ.
– Тэгэхийн тул яах хэрэгтэй вэ?
– Чи ерөөсөө л над шиг билүүчин болчих. Тэгэхийн тулд нэг сайн, дугуй билүү чулуутай болох хэрэгтэй. Бусад нь аяндаа л болоод явчихна. Надад бараг нэг бүтэн шахуу, яльгүй жаахан гэмтэлтэй билүү байгаа. Чи надад энэ галуугаа өгчихөд л болно. Өөр юм нэмж өгөх хэрэггүй. Тэгэх үү? гэхэд Ханс,
- Ямар яриа байхав? Тэгснээр би энэ ертөнцийн хамгийн аз жаргалтай хүн болох болно. Халаасаа тэмтрэх болгонд мөнгө тэмтрэгдэж байх болно, өөр юу хэрэгтэй юм. Ийнхүү галуугаа билүүчинд өгөөд дугуй билүүг авлаа.
– За, үүнийг бас ав, сайн хямгадаж байдаг юм шүү, хуучин муруй хадаасаа дээр нь тавин цохиж тэгшилж бай гээд билүүчин эр жирийн нэг хар чулууг хажуунаасаа авч өглөө. Чулуунуудыг хоёр мөрөн дээрээ нэг нэгээр нь тавиад сэтгэл өндөр цааш алхалаа. Түүний нүд баяр хөөр дүүрэн ажээ. – Би гэдэг хүн аз жаргалын одонд төрсөн байхаа, юу л хүснэ дорхноо бүтчихнэ. Ёстой аз нь шовойсон хүн гэж намайг хэлэх байхаа хэмээн өөрөө өөртэйгээ ярьж явав гэнэ. Өглөөнөөс аваад борви бохисхийлгүй гэлдэрч яваа Ханс хүү ядарч эхлэв. Бас ходоод нь хоржигнон хоол нэхэж эхлэв гэнэ. Үнээ худалдаж авсандаа баярлаад байдаг мөнгөөрөө тансаглачихсан Ханс хүү арай ядан цааш гэлдэрч, алхам тутамд амармаар болж байлаа. Ядахдаа хоёр хүнд чулуу хоёр мөрийг нь хайр найргүй өвтгөж байв. Энэ гайтай хоёр чулууг тээхгүй болж амарвал мөн сайхнаа гэсэн бодол толгойд нь эргэлдэж эхэллээ. Ханс хүү эмгэн хумс шиг хөдөлж ядсаар хээрийн нэгэн худаг дээр ирж гэнэ. Жаахан сууж амсхийнгээ худгийн хүйтэн ус ууж цангаагаа тайлахыг бодлоо. Тэгээд чулуунуудаа эмтэлж хэмхлэхгүй санаатай худгийн амсар дээр болгоомжтой тавьж гэнэ. Тэгээд худгийн амсар дээр суун, ус руу тонгойхдоо санамсаргүй нөгөө хоёр чулуугаа гараараа түлхэж орхисонд, хоёулаа усанд цүл пал хийн унаж орхижээ. Хоёр чулуу усанд унаад харагдахгүй болоход Ханс хүү бөөн баяр болон дороо дэвхэрч цовхчилоо.

Бөөн баяр хөөр болсон тэрээр энэ тээртэй хүнд хоёр чулуунаас харамсах юмгүй салгаж амраав хэмээн тэнгэр бурхандаа талархан мөргөж гэнэ.
– Гэрэлт орчлонд надаас жаргалтай хүн алга хэмээн тэр баярлан чарлав гэнэ. Үүрч, тээх юмгүй болж сэтгэл амарсан Ханс хүү цааш алхан гэртээ ирж хайрт ээжтэйгээ уулзан золгож, амар сайхандаа жаргаж гэнэ ээ.


Цааш нь...

Хааны эзгүйд

Урьд гурван хатантай нэг хаан байжээ. Тэр хаан алс хол юманд явах болж гурван хатнаас ингэж асуужээ,
- Намайг алс хол газар яваад ирэхэд та гурав юу хийж тавьцгаах вэ? гэжээ. Их хатан нь,
- Оёдол зүйдэлгүй хар булигаар гутал хийж тавья гэж гэнэ. Дунд хатан нь,
- Бөөрний хальсаар бөс цамц хийж тавья гэж гэнэ. Бага хатан нь, ...
- Алтан цээжтэй мөнгөн бөгстэй хүү гаргаад байя гэж гэнэ.
Хаан ч яваад хэдэн сар болж хатан бүгд тус тусынхаа хэлсэн үгийг гүйцэтгээд байжээ. Бага хатнаас алтан цээжтэй мөнгөн бөстэй ер бишийн хөөрхөн хүү төржээ. Нөгөө хоёр хатан нь атаархах сэтгэл төрж “Энэ хүүхдийг үгүй хийе” гэж ярилцжээ. Нэг өдөр их хатан бага хатныг “Цай уу” гэж урьжээ. Бага хатныг цай уух хооронд дунд хатан хүүг сэмжинд ороогоод Асар Басар нохойдоо өгч гэнэ. Нохой нь үнэртэж үзээд идсэнгүй гэнэ. Тэгэхлээр нь өлөн өвсөнд ороогоод идэмхий хүрэгч үнээндээ өгч гэнэ. Хүрэгч үнээ нь аваад идэж орхиж гэнэ.
Удалгүй хаан ч ирж, их хатан гутлаа өгч, дунд хатан бөс цамцаа өгч бага хатан нь уйлсаар юу ч үгүй хоосон орж ирж гэнэ. Хаан ихэд уурлаж бага хатны нэг нүдийг сохлож нэг гарыг нь огтлож нэг хөлийг нь хугалаад хүрэгч үнээний сүүлнээс уяад хөөчихжээ. Ингээд бага хатан идэмхий хүрэгч үнээний сүүлнээс чирэгдэж өдөр шөнөгүй зовж явах болжээ.
Нэг өдөр хээр явж байтал нэг сохор тогоруу газар ухаж байгаад нэгэн үндэс олж идээд нүдтэй болж гэнэ. Бага хатан үүнийг үзээд тэр газар нь очиж үзвэл нэг үндэс гаргаад хаячихсан байж гэнэ. Аваад идсэн нь нүд нь зүгээр болж гэнэ. Бас нэг өдөр урд хөлгүй үнэг газар малтаж байж нэг юм идээд хөл нь зүгээр болоод явчихжээ. Тэнд очоод гаргасан үндэснээс нь идсэнд гар нь бүтэн болж гэнэ. Өөр нэг өдөр хазгар туулай газраас үндэс ухаж идээд хөлтэй болжээ. Мөн түүнээс нь олж идсэнд хөл нь зүгээр болжээ. Бага хатан бүрэн бүтэн болсондоо их баяртай явж байтал хүрэгч үнээ нь тугаллах гээд байна гэнэ. Хүрэгч үнээгээ тогтоож сууж байсан чинь алтан цээжтэй мөнгөн бөгстэй өөрийнх нь хүү гараад ирж гэнэ. Бага хатан цээж дүүрэн баяртай болж дуу аялсаар явж байжээ. Гэтэл өнөөх хоёр хатан үүнийг мэдээд “Одоо ямар нэг аргаар энэ хүүг устгалгүй болохгүй. Том болоод биднийг чадна шүү” гэж ярилцжээ. Нэг өдөр их хатан хүнд өвчин туссан хүн болж орь дуу тавин хэвтэж гэнэ. Хаан их сандарч,
- Яав? Ямар өвчин тусав? Яавал зүгээр болох вэ? гэж асууж гэнэ. Хатан,
- Надад сэхэхгүй хүнд өвчин тохиолдлоо. Алтан цээжтэй мөнгөн бөгстэй хүүхдийн зүрх идвэл сэхэх учиртай юм. Тийм юм хаанаас олдох вэ? Үхэх болжээ гэж уйлаад хэвтэж гэнэ. Хаан зүг зүгт элч явуулж тийм хүүхдийг хайлгаж гэнэ. Хааны элч өнөөх бага хатны хүүг барьж авах гэтэл өнгө бүрийн солонго татуулаад тэнгэрт гараад явчихаж гэнэ. Элч нар энэ учрыг хаанд хэлбэл дахин заавал олж ир гэнэ байх гэж нохой алаад зүрхий нь аваачиж өгч гэнэ. Хатан өнөө зүрхийг идмэгц “Зүгээр боллоо” гээд босоод ирж гэнэ. Энэ үед бага хатан нэг айлд зарцлагдаж байжээ. Нэг өдөр аяганд хусам хийгээд тавьсан даруй алга болчихож гэнэ. Гайхаад гараад харсан чинь хүү нь ирчихээд хусмыг идэж байна гэнэ. Ингээд хүүтэйгээ хоёулаа байж байтал нэг өдөр хүү нь “Хааныд очьё” гээд гуйгаад болдоггүй гэнэ. Гуйгаад тун болохгүй болохоор цээжийг нь даавуу бөсөөр ороогоод явуулжээ. Хүү хааныд очоод,
- Би танд нэг үлгэр ярьж өгөх үү? гэж хүү асууж гэнэ. Хаан ч зөвшөөрчээ. “Урьд нэг хаан байжээ. Тэр хаан гурван хатантай юм гэнэ....” гэж эхлээд л яг л хааны гурван хатны байдлыг үлгэр болгон ярьж гарчээ. Хаан үүнийг ойлгоод хорт хоёр хатнаа хөөж явуулаад бага хатнаа авчирч амар сайхан жаргажээ.


Цааш нь...

Ойн гурван одой

Хаан төр нь элбэрэлтэй, харц ард нь журамтай эрт дээр цагт энэ явдал болж гэнэ. Тэр цагт хөрш зэргэлдээ хоёр айлын нэгнийх нь эхнэр, нөгөөгийнх нь нөхөр нас барчихжээ. Ингээд бэлэвсрэн хоцорсон эр, эм хоёр нэг нэг охинтой л үлдсэн юмсанж. Цаг хугацаа өнгөрсөөр л байлаа. Тэдний охид ч өсөж том ... болоод бие биесийн гэр орноор орж гарцгаадаг болж гэнэ. Нэгэн удаа бэлэвсэн эхнэр хөршийнхөө охинд,
- Намайг ханилан суухыг хүсч байна гэж эцэгтээ очиж хэл. Хэрэв эцэг чинь надтай гэрлэвэл чи өдөр бүхэн сүүнд умбаж, сүү уух болно. Харин миний охин усанд умбаж, ус ууж байх болно гэж хэлж гэнэ. Охин гэртээ ирээд энэ бүхнийг аавдаа ярьжээ. Аав нь,
- Би гэдэг хүн үүрийн гэгээнээр гараад үдшийн бүрийгээр ирэх юм. Охинд минь түшиг болж, олсон хураасныг минь арчлах хүн хэрэгтэй байлгүй яахав. Ааш зан нь ямар юм бэ? Аав нь үнэхээр мэдэхгүй юм даа гэж гэнэ. Ингээд эцэг нь нэлээд эргэлзэн бодож сууснаа гутлаа тайлж охиндоо өгөөд,
- Ул нь цоорхой гутал шүү. Усаар дүүргээд хадааснаас өлгөчих. Дусал ч ус гоожихгүй бол дахиад аав нь гэрлэе. Хэрвээ ус гоожвол хэзээ ч би гэрлэхгүй гэжээ. Охин бүгдийг аавынхаа хэлснээр хийжээ. Гэтэл хуучин муу гутлынх нь онгорхой цоорхой аньж бөглөрөөд дусал ч ус гоожсонгүй гэнэ. Энэ тухай охин эцэгтээ хэлжээ. Үнэн худлыг нүдээр үзэж итгэсэн эцэг нь бэлэвсэн эхнэртэй сууж хурим найр хийж гэнэ. Маргааш өглөө нь охид орноосоо өндийхөд эцгийн охины өмнө угаалгад зориулсан сүү, уухад зориулсан сүү, эхийн охины өмнө угаалгад зориулсан ус, уухад зориулсан ус тавиастай байж гэнэ. Хоёр дахь өдрийн өглөө босоход нь эцгийн охины өмнө ч эхийн охины өмнө ч угаалгад зориулсан ус, уухад зориулсан ус тавиастай байх юм гэнэ. Харин гурав дахь өдрийн өглөө нь эцгийн охины өмнө угаалгад зориулсан ус, уухад зориулсан ус, эхийн охины өмнө угаалгад зориулсан сүү, уухад зориулсан сүү тавиастай байна гэнэ шүү. Тэр өдрөөс хойш энэ байдал огт өөрчлөгдсөнгүй гэнэ. Харин ч хойт эх нь нөхрийнхөө охиныг яавал энэ гэрээс зайлуулах вэ гэхдээ элдвээр гоочлон зовоох болжээ. Ядахад төрсөн охин нь зан ааш, царай зүс муутай. Нөхрийнх нь охин үзэсгэлэнтэй хөөрхнөөс гадна өгөөмөр сайхан сэтгэлтэй юмсанжээ. Жавар тачигнаж, цасаар шуурсан өлвийн нэгэн өдөр хойт эх цаасан дээл оёж шидээд нөхрийнхөө охиныг дууджээ. Тэгээд,
- Цаасан дээлийг өмс. Сагс аваад ой руу яв. Саваараа дүүрэн гүзээлзгэнэ түүж ирж гэжээ.
– Тэнгэр минь. Хөхөө өвлийн хүйтэнд хөр цасны дор гүзээлзгэнэ яаж байх вэ? Цаасан дээл өмсчихөөд цасан шуурга сөрөөд хаа хүрч чадах билээ. Хүйтэн салхи дээлийг минь хүү татчих байлгүй гэж охин учирлавал,
- Юу юу гэнээ чи одоо бүр үгэнд минь орохгүй олон юм ярьдаг болох нь уу. Хурдан яв сагс дүүрэн гүзээлзгэнэгүй бол нүдэнд бүү үзэгд гэж хойт эх нь зандарч гэнэ. Тэгээд хатсан талхны хэлтэрхий чулуудан,
- Өдрийн чинь хүнс шүү гэжээ. Харин эх дотроо “Хүйтэн жаварт хайруулаад хөлдөж үхэхгүй хаачихав чи” гэж зүхэж байжээ. Охин арга буюу цаасан дээл өмсөж хоосон сагсаа бариад гарчээ. Нэлийсэн их цасанд хучигдсан цэлийсэн тал охиныг угтав гэнэ. Охин жаварт хайруулан алхсаар ойд иртэл жижигхээн байшин байх юм гэнэ. Цонхоор нь гурван одой эр охиныг нүд салгалгүй ширтэж байжээ. Охин тэдэнтэй толгой дохин мэндлээд хаалгыг нь тогшжээ. “Ороо ор” гэж тэднийг хашгирахад ороод пийшингийн дэргэдэх сандал дээр сууж гэнэ. Овоо бүлээцэж эрүү ам нь эвлээд ирэхээр юм идмээр болж талхныхаа буланг гаргаж иржээ. Гэтэл тэд “Бидэнд жаахныг өгөөч” гэж. Охин “Тэгэлгүй яах вэ?” гээд гурван одой хүнтэй талхаа хувааж идэж гэнэ. Тэд охинд талархаад,
- Хахир хүйтэн өвлөөр цаасан дээл өмсчихөөд хаачиж яваа юм бэ гэж асууж гэнэ.
– Намайг сагс дүүрэн гүзээлзгэнэ түүгээд ир гэж хойт эх минь явуулсан юм гэж охин хэлжээ. Үмх талхаа идсэнийх нь дараа одой хүмүүс түүнд шүүр бариулаад “Байшингийн арын хаалганы цасыг арилга” гээд явуулж гэнэ. Охиныг гарсан хойно бяцхан хүмүүс хоорондоо,
- Хэрчим талхаа ч хуваалцсан ийм сайхан сэтгэлтэй, найрсаг охинд чинь юугаа бэлэглэдэг билээ хэмээн ярилцаж гэнэ. Нэг нь,
- Би өдрөөс өдөрт улам үзэсгэлэнтэй болох увдис бэлэглэнэ гэжээ. Хоёр дахь нь,
- Үг хэлэх болгонд амнаас нь алтан зоос унадаг болог гэж гэнэ. Гурав дахь нь,
- Өгөөмөр сэтгэлт охинд хааны хатан болох хувь заяа бэлэглэе гэж гэнэ. Энэ үед охин байшингийн арын цас цэвэрлэж байгаад юу олж харсан гэж та нар санана? Цасан дороос боловсорч гүйцсэн улаан хүрэн гүзээлзгэнүүд булцайж бумбайгаад л гараад ирж гэнэ. Баярлаж хөөрсөн охин удаж төдөлгүй сагс дүүрэн гүзээлзгэнэ түүжээ. Тэгээд охин сайхан сэтгэлт бяцхан хүмүүст талархалаа илэрхийлж сайны ерөөл дэвшүүлээд гэр лүүгээ буцаж гэнэ. Гэртээ орж ирээд “Өдрийн амгаланг айлтгая” гэтэл амнаас нь гурван алтан зоос жингэнэн унажээ. Бүгд л мэл гайхан яав ийв гэцгээж гэнэ. Охин тэдэнд ойд болсон явдлыг нэгд нэгэнгүй ярьж өгчээ. Түүнийг ярихад амнаас нь алтан зоос хангир жингэр унасаар л байв гэнэ. Хойт эхийн атаархуу охины тэвчээр нь барагдаж “Энэ онгироо амьтныг хараач. Мөнгө зоос хамаагүй хаялаад л” гэж хашгиран дэвхцэж гэнэ. Харин дотроо бол бушуухан одой хүмүүс дээр очж шидэт бэлэг авахыг л яарч байжээ. Тэгээд ээжээсээ “Би явж ойгоос гүзээлзгэнэ түүж ирье” гэж гуйжээ. Эх нь харин “Хөхөө өвлийн хүйтэнд хөлдөж үхэх гээ юу? Гээд зөвшөөрсөнгүй гэнэ. Гэвч охин нь уйлж унжин гуйсаар байжээ. Эцэст нь эрх дураараа охиныхоо хүслийг биелүүлэхээс өөр аргагүй болж гэнэ. Хойт эх охиндоо сахлаг үстэй нэхий дээл өмсгөж, цөцгийтэй тал, амтат боов, бялуу тэргүүтнээр замын хүнсийг нь бэлтгэн өгч гэнэ. Охин дулаан хувцсандаа түүртэн алхсаар ойн дундах бяцхан байшингийн гадаа иржээ. Гурван бяцхан эр түүний ирэхийг бас л харж байсан юмсанжээ. Охин үүд хаалгыг нь ч тогшилгүй гэрт нь шууд л яваад орчихож гэнэ. Өнөөх одой хүмүүстэй тоож ч мэндэлсэнгүй гэнэ. Тэгээд пийшингийх нь хажууд суугаад л замын хүнсээ дэлгэн идэж гарчээ. Бяцхан хүмүүс түүнээс,
- Амтат бялуунаасаа бидэнд амсуулаач гэж асуухад,
- Аманд ч үгүй хамарт ч үгүй жаахан хүнсээ арай ч та нарт өгөхгүй шүү гээд ширэв татав гэнэ. Охиныг хахаж цацталаа чихэж авсан хойно нь одой хүмүүс,
- Шүүр аваад байшингийн арын хаалганы цасыг цэвэрлэ гэжээ.
– Та нар намайг зарцаа гэж бодоо юу? Өөрсдөө шүүрдэхгүй юү гээд охин огт хөдөлсөнгүй гэнэ. Тэгээд сууж сууж бяцхан хүмүүс бэлэг өгөх шинжгүй болохоор нь охин харихаар явжээ. Түүнийг явсны дараа,
- Амьтан хүний алга тэнийлгэхгүй харамч, адайр муухай зантай энэ охинд чинь юугаа бэлэглэдэг хэрэг вэ гэж бяцхан хүмүүс хооронхдоо ярилцжээ. Нэг дэх нь,
- Өдрөөс өдөрт үзэмжгүй муухай болох болтугай гэхэд хоёр дахь нь,
- Ам ангайх тоолонд нь бах мэлхий унаж байг гэжээ. Гурав дахь нь,
- Зан аашаа засахгүй бол золгүй явдалтай учрах болно гэжээ. Охин хариад ойд болсон явдлыг эхдээ ярих гээд амаа ангайтал амнаас нь бах мэлхий палхийн унаж гэнэ. Ингээд л үг хэлэх тоолонд амнаас нь мэлхий цуваад байдаг болжээ. Залхуу охинд нь тохиолдсон золгүй явдал хойт эхийг бүр ч хилэгнүүлж нөхрийнхөө охины амар заяаг нэг ч өдөр үзүүлэхээ больж гэнэ. Харин охин өдрөөс өдөрт улам л үзэсгэлэнтэй болоод байх юм гэнэ. Нэгэн өдөр хойт эх гал дээр тогоо тавьж нэхмэлийн утас буцалгажээ. Тэгээд буцалгасан утсаа охины мөрөнд тохоод, нэг сүх өгч "Гол дээр очоод мөс цоол. Тэр цооногтоо утсаа угаа” гээд явуулж гэнэ. Энэ үед нэгэн ханхүү голын хөвөөгөөр сүйх тэрэгтэй морилж яваад хосгүй үзэсгэлэнт охин мөс цоолон ядаж байхыг олж харжээ. Ханхүү охинд сэтгэл алдран догдлохдоо арай л сүйх тэрэгнийхээ явуут дунд буун харайчихсангүй гэнэ. Ханхүү сүйхнээсээ бууж охины дэргэд ирээд,
- Үзэсгэлэнт охин минь чи хэний хэн гэгч вэ? гэж асууж гэнэ.
– Би ядуу түлээчний охин, утас угаагаад сууж байна гэж охин хариулжээ. Ханхүү харах тусам охины үзэсгэлэнг биширч,
- Чи бол утас угааж гол дээр суух учиргүй. Харин ханхүү миний хатан болж хааны өргөөнд гэрэлтэн суух тавилантай охин байна. Сүйх тэргэнд минь суугаад хамт яваач гэж гуйжээ. Харгис хойт эх, түүний охин хоёртой дахиад уулзахгүйдээ баярласан охин дуртайяа зөвшөөрч гэнэ. Удалгүй ханхүү эцгээсээ хаан ширээг нь залгамжлан авч үзэсгэлэнт охин маань хатан суудалд заларчээ. Энэ бол ойн гурван бяцхан эрийн бэлэг байсан юмсанжээ. Жилийн дараа тэд хүүтэй болж гэнэ. Нялх хун тайжийн үзэсгэлэнт эх бол утас угаахаар яваад эргэж ирээгүй дагавар охин нь мөн гэдгийг хойт эх нь мэдчихжээ. Тэгээд хойт эх охинтойгоо хааны оронд очиж гэнэ. Энэ үед хаан эзгүй байсан юмсанжээ. Тэд ордонд нууцаар ороод хатныг барьж аваад хөл толгойноос нь дамжлан цонхоор гаргаад чулуудчихжээ. Аз болоход хатан хэрмийн ёроолоор урсдаг голын усан унажээ. Дараа нь эх царай муутай охиноо хатны орон дээр хэвтүүлээд хөнжлөөр толгойг нь бүтээж гэнэ. Харин өөрөө асрагч эмгэний дүрд хувилжээ. Хаан аян замаас эргэж ирээд хатантайгаа ярилцах гэтэл,
- Чишшш.... чимээгүй. Хатан халуураад бие нь муу байна. Хөнжлийг нь битгий сөхөөрэй гэж эмгэн хэлжээ. Хар сэжиг аваагүй хаан маргааш өглөө нь ирж хатантайгаа ярилцвал амнаас нь аравгар мэлхий цувж байна гэнэ. Айх гайхах зэрэгцэн учрыг нь асуувал,
- Урьд шөнө халуурсных, удахгүй зүгээр болно гэж эмгэн хэлжээ. Ийнхүү хааныг мэхэлсээр хэдэн хоногийг өнгөрөөж гэнэ. Нэгэн шөнө ордны ус урсдаг сувгаар мөнгөлөг цагаан нугас хөвж ирээд,
- Амар байна уу хаантан минь амьдрал ямар байна хэмээн мэндэлтэл хаан хөөрхий нугасны үгийг хайхарч ер сонссонгүй гэнээ. Харин түүний үгийг тогооч хүү сонсоод нугасны өмнө ирж хүндэтгэн мэндэлж гэнэ. Тэгтэл нугас,
- Миний зочид юу хийж байна? Мэнд амар сууна уу тэд? гэж асууж гэнэ. Тогооч хүү түүнд,
- Ирсэн тэр зочид чинь хагарталаан идэж, илжиртэлээн унтаж байгаа гэж хэлж гэнэ. Нугас тогооч хүүд мэхийн талархаад,
- Төрсөн үр минь сайн уу? гэжээ. Хүү,
- Өдөржин, шөнөжин өлгийдөө үнэгчлэн нойрсож байгаа. Үе үе сэрэхдээ өмөлзөж уйлаад өөрийнхөө уруулыг хөхөж байгаа гэж гэнэ. Тэгтэл нугас хатан болж хувиран хааны ордонд гүйж ороод өлгийтэй хүүгээ тэврэн хөхүүлжээ. Тэгээд дахин нугас болоод хөвөөд явчихаж гэнэ. Цонхоор шидүүлсэн үзэсгэлэнт охин ийнхүү эсэн мэнд үлдээд, нугасны дүрд хувирсан нь өнөөх одой хүмүүсийн л ид шид, ач тус билээ. Саяын явдал хоёр шөнө давтагдажээ. Гурав дахь шөнө нь нугас тогооч хүүд,
- Хаанд очиж хэлээрэй. Үүр шөнийн заагаар үүдэнд чинь нэгэн нугас очно. Хатан болд сэлмээрээ тэр нугасны толгой руу гурван удаа дохиорой гэжээ. Болсон явдал, хэлсэн үгийг нь тогооч хүү хаандаа айлтгаж гэнэ. Хаан бүгдийг нугасны хүссэнээр хийж сэлмээрээ түүний толгой руу гурвантаа дохижээ. Тэгтэл нугас хааны үзэсгэлэнт залуу хатан болон хувирч гэнэ. Хаан ийнхүү үзэсгэлэнт хатантайгаа баяр хөөртэй учирч, хойт эхийнх нь хорлонт явдлыг ч мэдэж авчээ. Тэгээд хүүдээ нэр хайрлах ёслолын өдөр хүртэл хатнаа нууц өрөөнд байлгаж гэнэ. Харин хойт эх, охин хоёр хааныг мэхэлж чадсан гэдэгтээ итгэсээр л байжээ. Ингээд хааны хүүд нэр хайрлах ёслол болж гэнэ. Хаан баяр ёслол өндөрлөсний хойно эмгэнээс,
- Хэн нэг хүнийг хөнжлөөс нь суга татаж гаргаад хүйтэн усанд хаясан хүнийг яаж шийтгэвэл зөв бэ? гэж асуужээ. - Харгис муухай тэр амьтныг хадаас шивсэн хоосон торхонд хийгээд уулан дээрээс өнхрүүлж орхих хэрэгтэй гэж эмгэн хэлж гэнэ. Тэгэхэд нь хаан үзэсгэлэнт хатнаа хажуудаа урин суулгаад албат иргэддээ хандаж,
- Хорон санаат энэ эмгэн хийсэн муу үйлийнхээ ял шийтгэлийг өөрөө өөртөө оноолоо. Өөрийнх нь хэлснээр хадаас шивсэн хоосон торхонд охиных нь хамт суулгаад уулын оройгоос өнхрүүл хэмээн зарлиг буулгажээ. Хамаг муу муухай нь илэрснийг мэдээд хойт эх, охин хоёр зугтах гэсэн боловч хааны цэргүүдийн хараанаас мултарсангүй гэнэ дээ. Ингээд үзэсгэлэнт залуу хатан маань түнэр их ойгоос түлээчин аавыгаа олж аваад, халуун бүлийнхээ түшиг болж, хаан төрийн чимэг болж аливаа муу хорлолгүй, амар сайхан жаргаж гэнэ.


Цааш нь...

Гаргүй охин

Эрт урьд цагт нэгэн тээрэмчин эр байжээ. Тэр эр ядууран ядуурсаар эцэстээ ганц тээрэмтэй үлдэж гэнээ. Тээрмийнх нь ард нэг алимны мод байдаг байж л дээ. Ядуу тээрэмчин нэгэн өдөр түлээ түүхээр ойд очвол урьд хожид уулзаж байгаагүй нэгэн хижээлдүү эр дайралдаад,
- Түлээ түүж зовлогоо зовоож явах хэрэг юу байна? Хэрэв чи тээрмийнхээ ард байгаа юмыг надад өгнө гэж амлавал би чамайг энэ мөчөөс эхлэн баян болгож өгье гэв гэнэ. Миний тээрмийн ард нөгөө алимны модноос өөр юу л байв гэж хэмээн бодоод “ Тэгье” хэмээн тээрэмчин эр танихгүй эрд амлав гэнэ. ...Харин нөгөө эр зэвүүн хөндий хоосноор инээгээд,
- Гурван жилийн дараа би ирээд тохирсон ёсоор юмаа аваачих болно гээд алга болжээ. Тээрэмчинийг гэртээ ирэхэд эхнэр нь угтан уулзаад,
- Манайх гэдэг айл гэнэт ингэж баяжих нь юу сан билээ? Бүх авдар сав эд юмсаар дүүрч орхилоо. Хэрхэн бий болсныг би мэдэхгүй юм гэлээ. Тээрэмчин эр хариуд нь,
- Энэ бүхэн бол намайг ойд явахад ирж уулзсан нэгэн хижээлдүү эрийн бэлэг юм л даа. Тэр хүн надад энэ бүхнийг өгнө гэж амласан юм. Хариуд нь тээрмийн чинь ард байгаа юмыг авна гэсэн юм. Алимны том модноос өөр юу байх билээ гэв. Эхнэр нь цочисхийн,
- Ишш, чи юу ярина вэ? Тэр чинь чөтгөр байсан байна. Алимны модонд огтхон ч санаархаагүй хэрэг. Харин охиныг маань хэлсэн байна. Охин тээрмийн ард хашааны хог шүүрдэж байсан юм гэжээ. Тээрэмчний охин үзэсгэлэнтэй хөөрхөн, бас тэгээд тэнгэр бурханд шүтлэгтэй нэгэн байлаа. Хөөрхий охин бурхан номондоо итгэн, нүгэл үйлдэлгүй гурван жил болжээ. Товлосон хугацаа болж, нөгөө муухай чөтгөр охиныг авахаар ирж гэнэ. Охин нэгэн цэрд авч өөрийгөө тойруулан цагираг зурчихаад дотор нь орон нүүр гараа угаан суужээ. Чөтгөр охинд ойртон очиж чадахгүй дэмий л тойрон байжээ. Тэр чөтгөр тээрэмичнд хандан омогтойгоор,
- Түүний дэргэдээс бүх усыг холдуул, хэрэв тэр үргэлж угаал үйлдээд цэвэрхэн байвал би түүнийг авч явж чадахгүй нь гэв. Айж сандарсан тээрэмчин хэлсэн болгоныг нь хийжээ. Дараа өдөр нь чөтгөр бас ирэв гэнэ. Охин уйлж алгандаа нулимсаа дуслуулан угаахад гар нь улам цэвэрхэн болсонд нөгөө чөтгөр бас л ойртож эс чадав гэнэ. Чөтгөр охиныг тойрон, хүрч ядан байснаа тээрэмчинд хандан заналтайгаар,
- Энэ охины хоёр гарыг цавчиж хая эс тэгвэл би ахиад л түүнийг авч явж чадахгүй нь гэв. Тээрэмчин айж цочирдон,
- Хэрхэн би охиныхоо хоёр гарыг цавчиж төвдөхсөн билээ? хэмээн хариулахад хар санаат чөтгөр ууртайгаар,
- Хэрэв чи охиныхоо гарыг цавчиж чаддаггүй юм бол чи өөрөө миний боол болох болно доо. Би өөрөө чамайг аваачина хэмээн сүрдүүлэв. Тээрэмчин эр айж сандран юу тушаасан бүхнийг тань үг дуугүй биелүүлнэ хэмээн андгай тангараг өргөжээ. Тэгээд охиндоо очиж,
- Охин минь, хэрэв би чиний хоёр гарыг цавчиж таслахгүй юм бол хар муу санаат чөтгөр намайг аваачна гэсэн. Айснаасаа болоод амлаж орхисон юм. Миний аргагүй байдлыг ойлгож үз. Чамд муу юм хийх гэж байгааг өршөөж үз охин минь гэжээ. Охин хариуд нь,
- Аав минь, би таны хайртай охин билээ. Та юу хүссэнээ хийгтүн! Ингэж хэлээд хоёр гараа зэрэгцүүлэн тавьж өгөөд цавчуулж гэнэ. Чөтгөр гурав дахь удаагаа ирэхэд охин оймсон дээрээ нуур далай болтол уйлаад бас л цэв цэвэрхэн байсан тул чөтгөр хүрч чадахгүй хий дэмий тойрч гүйж байгаад арга буюу охиныг орхин явжээ. Тээрэмчин охиндоо хандан,
- Би чиний буянаар ийм их юмтай болсон. Тэгэхлээр энэ яваа насандаа чамайг юугаар ч дутаахгүй байх болно гэжээ. Харин охин нь,
- Үгүй дээ, би энд байж чадашгүй нь. Таны нүдэнд өртөхгүй газар хол явж одно. Намайг өрөвдөж туслах хүмүүс зөндөө л таарч таараа гэв. Тэгээд мухар хоёр гараа ар нуруундаа хүлүүлээд ургахын улаан нарнаар угтах замыг даган явж одов. Охин өдөржин алхжээ. Тэгээд харуй бүрий болоход нэгэн цэцэрлэгт ойртон ирэв гэнэ. Тэр бол нэгэн хааны цэцэрлэг байлаа. Сарны гэрэлд мод бүхэн мөчир дүүрэн амтат жимсээ сагсалзуулан найган ганхаж байв. Гэвч охин жимсэнд хүрэх аргагүй байлаа. Цэцэрлэг эргэн тойрон усаар хүрээлэгдсэн байв. Охин өдөржин явган явсан, бас хэлэн дээрээ огтхон ч юм тавиагүй тул хачин их өлсөж байлаа. Охин дотроо залбиран,
- Намайг тэр цэцэрлэг дотор хүргээд өгдөг ч болоосой. Тэгвэл би тэр жимснээс идэхгүй юү. Тэгээд охин сөхрөн суугаад бурханд сүсэглэн сэтгэлдээ залбирч гэнэ. Гэтэл сахиусан тэнгэр хүрч ирэн голын усыг татруулсанд охин шууд явж цэцэрлэгт хүрчээ. Сахиусан тэнгэр ч охинтой цуг тэнд очив гэнэ. Охин нэгэн саглагар жимстэй модыг харжээ. Жимс бүрийг нэгд нэгэнгүй тоолчихсон байж. Охин өл залгах санаатай нэг жимсийг амаараа таслан авлаа. Цэцэрлэгч үүнийг харсан боловч сахиусан тэнгэр хажууд нь байсан тул охиныг хий үзэгдэл байж магадгүй хэмээн эмээж хашгирч ч чадсангүй. Охин ганц лийрээ идээд л цаджээ. Тэгээд бутанд нуугдчихаж гэнэ. Хаан өглөө эртлэн босоод цэцэрлэгтээ ирж жимсээ тоолтол нэг лийр дутжээ. Цэцэрлэгч,
- Өнгөрсөн шөнө нэг хий үзэгдэл ирсэн билээ. Тэр хоёр гаргүй байсан. Тэгээд амаараа нэг жимс авч идсэн гэжээ. Хаан,
- Тэр хий үзэгдэл чинь яаж усаар гарч ирсэн юм бэ? Тэгээд жимсээ идчихээд хаашаа явсан хэрэг вэ? гэж асууж гэнэ. Цэцэрлэгч,
- Хэн нэгэн цасан цагаан нөмрөгтэй эмэгтэй тэнгэрээс бууж ирээд цэцэрлэг тойрсон усыг хааж хуурай болгон тэр хий үзэгдэлд цэцэрлэгт орох боломж олгосон билээ. Тэр лавтайяа сахиусан тэнгэр байсан тул би юм асууж, бас дуудаж зүрхэлсэнгүй билээ. Хий үзэгдэл жимсийг идчихээд буцаад алга болсон гэжээ.
– Энэ болсон явдлыг чи хэнд ч хэлж болохгүй. Өнөө шөнө би чамтай цуг манаанд гарах болно гэв. Харанхуй болоход хаан цэцэрлэгтээ нэгэн лам дагуулсаар иржээ. Тэр ламаар сүнстэй яриулах юм гэнэ. Гурвуулаа модон доор суугаад нэгд нэггүй аужиглан байв. Шөнө дундын хирд охин бутан доороос мөлхөн гарч ирээд модноос нэг лийр амаараа авч идэв гэнэ. Охины дэргэд сахиусан тэнгэр цагаан хувцастай зогсч байжээ. Уншлагын лам урагш алхан очоод,
- Чи ингэхэд дээд тэнгэрээс ирэв үү? Дэлхий ертөнцөөс ирэв үү? Чи хий үзэгдэл үү? Эсвэл хүн үү? хэмээн асуужээ. Охин хариуд нь,
- Би хий үзэгдэл биш ээ, нэгэн ядуу хүн байна. Хайртай бүхэн минь намайг орхисон. Харин ганцхан бурхан л орхиогүй байна гэжээ. Хаан би чамайг орхихгүй гээд түүнийг урьж ордондоо оруулав гэнэ. Охин үзэсгэлэнтэй бөгөөд үнэхээр сайхан сэтгэлтэй байсан тул хаанд маш их таалагдажээ. Тэгээд мөнгөн гар хийлгэж өгөөд хатнаа болгон авч гэнэ. Нэг жилийн дараа хаан алс хол явах болж гэнэ. Тэгээд хатан ээждээ захин,
- Хатныг төрөх болбол сайн арчилж, тойлж байгаарай гэжээ. Хатан нэгэн сайхан хүү төрүүлж гэнэ. Хөгшин ээж нь “Хатан нэгэн сайхан хүү төрүүлэв” гэсэн захиа бичиж баяртай мэдээг хаанд түргэн дуулгахаар элч илгээжээ. Захиаг авч явсан элч алсын замд ядарч нэгэн голын захад амран унтжээ. Сайхан сэтгэлт охиныг хатнаа болгож чадаагүйдээ атаархан яаж шиг хорлох вэ хэмээн бодолхийлж явсан чөтгөр түүнтэй дайралдаад захидлыг өөр нэг захидлаар сольж орхив гэнэ. Тэр захидалд “ Хатан нэгэн муухай үзэшгүй , хүн адгуус хоёрын хоорондох амьтан төрүүллээ” хэмээн өгүүлсэн байлаа. Хаан захиаг авч үзээд ихэд айж, санаагаар унасан хэдий ч намайг очтол хатныг сайн асарч бай хэмээн хариу бичив гэнэ. Элч захиаг авч яваад мөн л нөгөө газраа амран унтаж гэнэ. Энэ хооронд нөгөөх чөтгөр ирээд захиаг авч оронд “Хатныг хүүхэдтэй нь хамт ал” хэмээсэн үгтэй захиа хийж орхижээ. Хөгшин эх нь хаан хүүгийнхээ захидлыг хүлээн авч уншаад ихэд цочирдон бичсэн зүйлд нь итгэж ядан хаанд ахин нэг захиа бичсэн боловч ижил хариу авчээ. Сүүлчийн захидалдаа хатныг алсны баталгаа болгож хэл, нүд хоёрыг хадгалж бай хэмээн бичсэн байлаа. Хөгшин эх нь ямарч буруугүй амьтны амийг таслах болсондоо уйлан хайлан гунив гэнэ. Тэгээд нэгэн согоо авчран төхөөрүүлж, хэл нүд хоёрыг авчруулан хадгалаад залуу хатанд хандан,
- Хаан нөхрийн тань тушаасанчлан би чамайг цааш харуулж дөнгөхгүй нь. Гэхдээ чи энд удаан байж болохгүй. Хүүгээ аваад алсын алс яв гэжээ. Залуу хатан уйлан хайлан одов гэнэ. Явсаар нэгэн аглаг ойд очин өвдөг дээрээ сөхрөн бурханд наманчлав гэнэ. Сахиусан тэнгэр гарч ирэн тэр эмэгтэйг аваачин нэгэн бяцхан байшинд оруулав. Байшингаас нэгэн цасан цагаан хувцастай бүсгүй гарч ирээд,
- Хатантан, тавтай морилогтун хэмээн эелдгээр урилаа. Тэгээд ядуу эмэгтэй,
- Намайг хатан байсан гэдгийг та яаж мэдэв хэмээн асуулаа. Цагаан хувцастай залуу бүсгүй хариуд нь,
- Би бол сахиусан тэнгэр, хүү та хоёрт үйлчлүүлэхээр намайг явуулсан билээ гэв. Эмэгтэй хүүгийнхээ хамт бүтэн долоон жил болоход сайхан сэтгэлийнхээ ачаар тайруулсан хоёр гар нь ч ахин ургаж гэнэ. Энэ хооронд хаан алсын аянаас эргэж ирж гэнэ. Гэтэл хатан эх нь тосон уйлж, хэлсэн нь,
- Чи өөдгүй муу эр, гэмгүй хоёр амьтны голыг тасал хэмээн захиа ирүүлсэн. Чөтгөрийн бичсэн хоёр захиаг түүнд үзүүлэн, би чиний тушаалыг гүйцэтгэсэн гээд баталгаа болгож хэл, нүд хоёрыг түүнд үзүүллээ. Хаан хөөрхий эхнэр, хүү хоёроо өрөвдөн енгэнэтэл уйлж гэнэ. Ээж нь хүүгээ өрөвдөн,
- Тайвширч үз хүү минь, тэр хоёр амьд байгаа гэжээ. Хаан долоон жилийн турш хатан хүү хоёроо хайн эрэн тэнэж гэнэ. Яван явсаар өтгөн ойн дунд нэгэн байшинд хүрч ирж гэнэ. Байшингаас цагаан хувцастай эмэгтэй гарч ирэн түүний гараас хөтлөн гэрт оруулаад,
- Хаантан та, тавтай морилогтун гээд хааны хэт нутаг, хэрэг зоригийг асуув гэнэ. Хаан хариу өгүүлрүүн,
- Би нэгэн алс газрын хаан билээ. Бараг долоон жилийн өмнө хатан хүү хоёроо эрэн гарсан билээ. Тэгээд олдоггүй ээ. Сахиусан тэнгэр түүнд хоол цай өгсөн боловч хаан идээ унданд ам хүрсэнгүй, харин жаахан амсхийхийг хүсчээ. Тэгээд нүүрэн дээрээ нэг алчуур тавин унтахаар хэвтлээ. Сахиусан тэнгэр хатан, Зовлонт хүү хоёрын байсан өрөөнд орон хатанд,
- Хүүгээ аваад гар, хаан нөхөр тань ирсэн гэв. Тэгээд хааны хэвтэж байсан өрөөнд орвол алчуур нь нүүрнээс нь хийсэн унав гэнэ. Хатан,
– Зовлонт хүү аавынхаа алчуурыг аваад нүүрийг нь бүтээж өг гэв. Хүү алчуурыг аван аавынхаа нүүрийг нь ахин бүтээв. Зүүрмэглэх зуураа энэ үгийг сонссон хаан аав нь алчуурыг ахин дуртайяа унагав гэнэ. Бяцхан хүүгийн тэвчээр барагдан,
- Хайрт ээж минь дээ, би яаж аавынхаа нүүрийг бүтээхсэн билээ. Би чинь ертөнцөд аавгүй хүн шүү дээ гэв. Бид чинь тэнгэр минь хэмээн залбирдаг биз дээ. Та чинь миний эцгийг тэнгэрт бий, тэнгэр бурхан л эцэг чинь гэдэг биз дээ? Ийм зэрлэг үс сахалдаа баригдсан хүнийг би хэрхэн таних болж байна? Энэ бол миний эцэг биш гэв. Хаан энэ үгийг сонсоод өндийн босч,
- Энэ эмэгтэй хэн бэ? гэв. Эмэгтэй хариуд нь,
- Би бол таны эхнэр, харин энэ хүү бол таны Зовлонт нэртэй хүү билээ гэв. Энэ хооронд хаан түүний жинхэнэ гарыг хараад,
- Миний эхнэр мөнгөн гартай билээ гэв. Эхнэр нь хариу өчин,
- Өршөөлт бурхан надад жинхэнэ гарыг минь ургуулж хайрласан юм л даа гэв. Тэнгэрийн элч энэ хооронд байшинд орон хоёр мөнгөн гарыг авчирч хаанд үзүүллээ. Хаан сая нэг итгэж, хайртай хатан хүү хоёроо тэврэн авч, үнсэн таалаад баяр хөөртэйгээр ингэж хэллээ,
- Ёох, хэнхдэг цээжийг минь дарж байсан том хар чулууг сая нэг аваад хаях шиг боллоо. Улмаар тэд сахиусан тэнгэртэй цуг хооллоод гэртээ харихаар явлаа. Хаан хатан хоёр ахин уулзсаны баяр хийж, амар сайхандаа жаргав гэнэ.


Цааш нь...

Мэргэн шүүгч

Эрт урьд цагт их баян мөртлөө, маш харамч нэг хүн байжээ. Тэр нэгэн өдөр 100 янчаантай мөнгөнийхөө түрийвчийг гээчихжээ. Гэтэл түүнийг нь хоёр ядуу хүн зам дээрээс олоод хошуу нутгийнхаа хууль цаазын түшмэлд тушаан өгчээ. Өнөө баян хүн мөнгөө хаяснаа мэдмэгц түүндээ ихэд харамсан, хоол ундаа ч идэж уулгүй, даруй явж хууль цаазын тшүмэлд мэдүүлэхээр ортол,... түрийвч нь түүний дэргэд байхыг үзээд баярласандаа аргагүй шүүрэн авчээ. Тэгтэл түшмэл,
- Та юунд энэ түрийвчийг дур мэдэн авав? гэсэнд нөгөө баян,
– Би энэ түрийвчийг гээгдүүлсэн билээ. Харин түшмэл таны хажууд байхаар нь авсан юм, гэжээ.
– Үнэхээр таны түрийвч мөн юм бол олсон хүнд нь шан харамийг нь өгөх хэрэгтэй. Гэхдээ үүнийг чухам хэдэн янчаантай хаясан юм бэ? гэж түшмэлийг лавлан асуухад, баяны царай гэнэт барсхийн хувирч “Энэ чинь миний янчаанаас бас хороох нь байна шүү” гэсэн харамсах сэтгэл эгшин зуур төрж,
- Би түрийвчээ 200 янчаантай гээгдүүлсэн юм. Харин 100 нь энд байна. Бусдыг нь олсон хүн авсан юм байлгүй дээ. Түүний нь шагнал болгоё, гэжээ. Хууль цаазын түшмэл,
- Түрийвчтэй мөнгө олсон хүнд 100 янчаанаар шагнана гэж байгаа юм шив дээ? гэж нотлон асуувал, харамч баян сандран,
- Манайхан хэдэн үедээ хэзээний буян хишигтэй явсан улс. Арван цагаан буяны минь хадгалж явсан энэ түрийвчийг олсон хүнд 100 янчаанаа өгөлгүй яахав дээ гэж ажиггүйхэн өгүүлжээ. Гэтэл түшмэл,
- Энэ түрийвч таных биш байх нээ. Яагаад гэвэл үүнд 200 янчаан байгаагүй, харин 100 янчаан байсан юм. Үүнийг бас нэг хүн ч олоогүй хоёр хүн олсон зэрэг гэрч баримт бий. Иймд түрийвчтэй мөнгийг танд өгөх үндэсгүй юм байна. Харин та түрийвчээ шамдан эрвэл, олох ч юуны магад гэжээ. Үүнийг сонссон харамч баян учиргүй сандарч,
- Эрхэм түшмэлд үнэнийг өчихөд, энэ түрийвчтэй мөнгө минийх лавтай мөн билээ. Харин олсон хүнд нь мөнгө өгөхгүй гэж ов мэх хэрэглэх гэснээс ийнхүү ташаа болов хэмээн үнэн байдлаа учирлан хэлж өршөөл уучлалт гуйжээ. Тэгэхээр нь түшмэл,
- За тэгвэл та амласан ёсоор түрийвч олсон энэ хүмүүст 100 янчааныг шагнал болгон олгох нь зүйтэй бус уу гэсэнд баян хэлсэндээ хүрэхээс аргагүй болж хоосон түрийвчээ өвөрлөн харьжээ. Үүнээс хойш тэр түшмэлийг төрийн мэргэн шүүгч хэмээн нэрлэсэн ажээ.


Цааш нь...

Алиа Педро (Испани)

Нэгэн эцэг хоёр хүүтэй юмсанжээ. Ах нь даруу зөөлөн зантай бол дүү нь хөгжилтэй, алиа сэргэлэн зантай гэнэ. Хүмүүс түүнийг алиа Педро гэнэ. Нэг удаа аав нь хоёр хүүгээ дуудаад,
- Хүүхдүүд минь, та хоёрын нэг нь айлд ажил хийх хэрэгтэй боллоо. Бид их ядуу байна шүү дээ гэжээ. Ингэж хэлээд аав нь ууган хүүгээ баян хүнд үйлчлүүлэхээр явуулжээ. Баян эр эхнэртэйгээ нэг том байшинд сууна. Эхний өдөр түүнийг үүр цайхаас эхлээд үдэш болтол ажиллуулжээ. ... Өглөөний цайнд ганц зүсэм талх л өгч гэнэ. Харин баяных өөрсдөө гахайн мах, хиам гээд элдэв сайхан хоол зоогложээ. Өдрийн хоолонд бас л зүсэм талх өгөв. Орой ч бас адил. “Хараал идмэр! Өлсөж зовох юм байна. Хоолны оронд зүсэм талх л өгөх юм. Би тэсэхгүй нь ээ” гэж ядуу хүү боджээ. Хэдэн өдөр ийнхүү тэссэнээ буцаад гэртээ ирэв. Ямаршуу байсныг нь асуухад хүү баян эр хэрхэн тохуурхаж байсныг ярьжээ. Отгон хүү алиа Педро хүрч ирээд,
- Ах та дэмий хэрэг хийжээ. Намайг тийш нь явуулчих. Тэгээд зөвхөн зүсэм талхаар намайг яаж хооллохыг нь харъя гэж хэлэв.
– Тэг дээ, яв гэж аав нь хэлжээ. Ингээд Педро баян эрд зарцлагдахаар явлаа. Эхний өдөр өглөөний цайнд бас л зүсэм тал өгчээ. Баян эр том авдраа нээгээд гахайн мах, хиам зэрэг сайхан зоог гарган зооглов. Педро зүсэм талхаа идчихээд нөгөө авдар дээр суужээ. Баян эр түүнд морины тоног сэлбүүлэхээр өгөв. Педро авдар дээр суугаад л ажиллана. Үдийн хоолны цаг боллоо. Баян эр,
- Нааш ир, Педро. Талхаа ид гэв. Харин Педро,
- Үгүй ээ, эзэнтэн минь, би хаашаа ч явахгүй. Би ажил хийж буй газраа л идэж сурсан юм гэлээ. Тэгээд авдар дээрээс хөдөлсөнгүй. Одоо яах билээ? Баян эр, эхнэр хоёр бодож бодож, ямар ч арга олсонгүй. Тэгээд авдраас юу ч авч чадсангүй хоолгүй хоцорчээ. Орой нь баян эр Педрод хандан,
- Одоо чи гал зуух руу очиж болно. Тэнд чамд хоол бэлдсэн гэв.
– Үгүй ээ, эзэнтэн минь, би ажил хийж буй газраа л хооллодог юм. Зүсэм талхаа та нар ид гэлээ. Педро авдар дээр сууж байсан болохоор гэрийн эзэн яаж ч чадсангүй. Хоол хүнсээ авдраас гаргаж болох хэдий ч зарцтайгаа хуваалцах хэрэг гарна. Тэд өлсөөд тамирдаж унах дөхжээ. Эцэст нь баян эр арга олж,
- За залуу минь, ажиллаж гүйцлээ. Унтах цах болжээ. Ор чинь тэр байна гэв.
– Үгүй ээ, эзэнтэн минь, би ажллаж буй газраа л унтаж сурсан юм гэж Педро татгалзлаа. Эзэд өлөн хэвээр хэвтлээ. Авдарт хичнээн сайхан хоол байгааг Педрод харуулахыг тэд хүссэнгүй. Гэвч улам өлсөн тарчилж байлаа. Педрод мэдэгдэлгүй авдраасаа яаж юм авъя даа гэж л бооцгоож байв. Педро авдар дээр унтсан учраас тэд юм авч идэж чадсангүй. Үүрээр гэрийн эзэд бослоо. Эхнэр нь нөхөртөө,
- Дээвэр дээрх вааранд жаахан вандуй үлдээснээ саналаа гэжээ. Тэгээд вандуйтай ваарыг авчран чанахаар тавьж гэнэ. Харин Педро тохиромжтой агшинг ашиглан вааранд үнс хийчихлээ. Эзэгтэй вандуйгаа хутгахаар ирээд үнс дүүрчихсаэн байхыг хармагцаа угаадас руу асгажээ. Тэгээд үүнийгээ нөхөртөө хэлэв.
- Юм идмээр байдаг. Зүсэм талх ч байдаг болоосой гэж эхнэр нь яншина. Хүлээж бай. Би одоо үүнийг явуулаад цадталаа идэцгээе гэж баян хэлэв. Тэгээд Педрод хандан: Педро минь, өглөө болчихжээ. Малаа гаргах хэрэгтэй гэв. – Юун өглөө вэ? Би оройн хоол идээгүй. Тэгэхээр шөнө болоогүй гэсэн үг. Шөнө болоогүй болохоор өглөө болоогүй гэсэн үг. Өглөө болоогүй юм чинь жаахан унтаж бололгүй дээ гэж Педро хэлээд авдар дээрээ хэвтэн хурхирч гарлаа. Харамч эр эхнэрээ, эхнэр нь нөхрөө хараад санаа алдлаа.
– Энэ тэнэмэл амьтан өлөн унтаад сурчихжээ. Бид чадахгүй биз дээ? гэж эхнэр нь хэлэв.
– Педро, босоорой. Хоолоо идчихээд ажлаа хий гэж баян эр ууртайгаар зарцаа түлхэж сэрээлээ.
– Орой болчихоо юу? Оройн хоол уу? гэж Педро асуув.
– Өө, оройн хоол, өглөөний цай бүгд л байна. Харин чи биднийг тамлалгүй авдраас буу гэж баян эр хөмхий зуун хэллээ.
– Тэгэлгүй яахав. Аль эрт ингэж байсан юм. Оройн хоолонд гахайн мах, өглөөний цайнд хиам өг дөө гэж Педро хэлжээ. Ингэж ухаант хүү Педро баян эрийг чадсан юм гэдэг.


Цааш нь...

Хэн нь хэнээсээ айсан юм бол (Албани)

Ач охин, азарган тахиа, хулганатайгаа цуг амьдардаг нэг эмгэн байжээ. Эмгэн юу л хийнэ, тэр гурав үргэлж дуурайдаг байжээ.
– Манайх усгүй болчихож, би усанд яваад ирье гэж эмээ нь ач охиндоо хэлээд гол руу явав. Эмээ нь усанд яваад удаагүй байтал, ач охин нь бас жижиг хувин аваад эмээгийнхээ ... араас дагав. Хашаанд байгаа азарган тахиа бас усанд явахаар болж, нэг жижигхэн хувин авч эмээ, ач охин хоёрын араас явжээ. Энэ үед тэднийд амьдрагч хулгана нүхнээсээ толгойгоо цухуйлган бас л усанд явахаар хуруувчин чинээ хувингаа бариад гол руу гүйлээ. Тэд ийнхүү гол дээр цуглажээ. Усаа аваад гэр рүүгээ явцгаалаа. Эмээ түрүүлээд, ач охин дараалаад, азарган тахиа удаалаад, бяцхан хулгана сүүлд нь ороод явав. Замын хажууд нэг алимны мод ургасан нь харагдана. Тэр модны доор нэг бор туулай унтаж байв. Салхи хөдөлж, алимны модны орой ганхахад, нэг алим туулайн яг духан дээр нь уначихаж гэнэ. Туулай цочиж босон харайхдаа эмгэний хөлийг мөргөжээ. Эмгэн цочиж айхдаа бүдэрч унаад усаа асгачихав. Туулайны зүрх түргэн түргэн цохилон айж сандран цааш дэгдэхдээ ач охиныг дайрч унагаад усыг нь бас асгуулчихжээ. Туулай хүчтэй мөргөлдсөнөөсөө болоод түрүү түрүүчийнхээсээ ч илүү айж, азарган тахиаг чиглэн тоос манарган дэгдэв. Цаадах нь айсандаа болоод хувинтай усаа чулуудчихаад газар хэвтээд өгөх нь тэр. Харин бяцхан хулгана туулайг дэгдэн дэгдэн айсуйг хараад үл танин хуруувчин чинээн хувинтай усаа чулуудчихаад айхдаа бутанд шурган орлоо. Их л хөгтэй юм болж гэнэ. Эмгэн дараа нь тайвширсан хойноо,
- Аа-яа-яа, ямар азаар байвгайд бариулчихсангүй мэнд гарав аа! гэж үглэхэд, ач охин,
- Пээ, ямар азаар би чононд бариулсангүй вэ? гэж хашгирчээ. Азарган тахиа хэсэг бодож байснаа,
- Би ямар азаар үнэгэнд бариулсангүй вэ? гэлээ. Хулгана цухуйхаасаа айж бутан дотор чичрэн суусан хэвээрээ "Аа-яа-яа, би ямар азаар тэр аймшигт мууранд бариулсангүй вэ” хэмээн бодож байв. Энэ үед өнөөх туулай зогсохгүй л дэгдээд байв. Дэгдэж дэгдэж ойд ороод бөөн навчин дунд шургаж хэвтээд, жаахан тайвширсан хойноо “Ёох, ёох, ядарсан гэж жигтэйхэн. Намайг барих гэж их санаархсан шүү. Араас өрөөлж хөөхдөө янз бүрийн юмаар шидэж айлгасан боловч оногдоогүй нь миний авхаалжтайнх” гэж бодож хэвтсэн гэдэг.


Цааш нь...

Хэрээ

Хэрээ эрт цагт шувуудын түшмэд байсан юм санжээ. Тэгтэл тэр ховдог сэтгэлээсээ болж хүний ялгадас тоншоод эрх ямба буух болох дээрээ байхгүй юм л хэцүү, байгаа юм бол баас ч болов сайхан “гаага гаага” гэж хашхирч байсан гэнэ. Хэрээ одоо хэр нь хөлөө алцагануулж явдаг нь урьдын ноён ямбаараа явж байгаа нь тэр гэнэ. Хэрээ их урт настай цөөхөн өндөглөдөг шувуу юм гэнэ билээ.


Цааш нь...

Могойн толгой сүүл хоёр

Нэг могой өдөр бүр голын захад ирэн өвсний өндөр, усны тунгалагт нь тоглон нааддаг байжээ. Нэгэн өдөр гэнэт ширүүн бороо цутгаж, догшин салхи дэгдэхэд могойн толгой сандарч сүүлээ чирэн амь тэмцэн нүхнийхээ зүг сандран мөлхөж гэнэ. Яарч сандран мөлхсөөр байгаад сүүл нь модны хожуулд хатгагдан олон газар шарх сорив олжээ. Сүүл үүнд их дургүйцэж, ...
- Би өөрийн замаар явсан дээр бололтой! гээд бүр хөдлөхөө байчихжээ. Энэ үед толгой санаа ихэд зовниж,
- Бид хэдийгээр зовлонг амсч байвч энэ биеийнхээ төлөө тэвчих хэрэгтэй шүү дээ. Чи сүүлд мөлхөн зовлон амсч байхад би чиний өмнө зам нээж чамайг чирж мөлхөнө. Чиний явж байгаа зам бол миний туулж өнгөрсөн зам тул гагч чи ганцаар шарх олоогүй бөлгөө. Харин хоёулаа хамт энэ бүхнийг даван туулах юм бол чухам жаргалан гэгч тэр билээ. Хэрвээ тус тусдаа салахад хүрвэл хэн хэн маань зовлонд учирна гэж учирласан боловч сүүл харин толгойныхоо үгийг үл тоомсорлон өөрийнхөөрөө зүтгэсээр байгаад салж одов. Толгой нь сүүлээсээ салж зовон зүдэж яваад сая нэг нүхэндээ хүрсэн ажээ. Харин сүүл толгойноосоо салаад зүг чигээ олохгүй энүүгээр тэнүүгээр хамаагүй үсэрсээр явж нэгэн хадны завсарт тарчлан үхэж гэнэ.


Цааш нь...

Үг хайх шинэ холбоос

Хүүхдүүд та бүхний мэдлэгт нэмэр болог хэмээн мэдэхгүй үгээ хайж утгыг нь ойлгож авах шинэ холбоосийг нүүр хуудасны баруун хэсэг дэх 'Хэрэгтэй холбоосууд' буланд байрлууллаа.


Цааш нь...

Өвөл зун яагаад ээлжилдэг вэ?

Сүн далайг шалбааг байхад, сүмбэр уулыг дов байхад хүйтний өвгөн, дулааны өвгөн хоёр хүч чадлаа үзэлцэх гэжээ. Хүйтний өвгөн,
- Би есөн хоногт энэ дэлхийг хөлдөөе! Чи хайлуулж чадах уу? гэхэд дулааны өвгөн,
- Би тэгвэл найман өдөрт л цас мөсийг нь хайлуулж усан далай тогтоочихно. Чи миний халууныг халхалж чадахгүй шүү дээ! гэжээ. Тэгээд тэр хоёр мөрийгээ авсан нь нөгөөгөө мэдэлдээ авна гэж тохиролцжээ. ... Хүйтний өвгөн, есөн хоногийн турш цасан шуурга тавьж, ер бусийн хүйтнээр дэлхийг цэвдэг болтол хөлдөөгөөд, аварга том бух бүтээж авран хамгаалагч болгон тавьж гэнэ. Дулааны өвгөн найман өдөр нар бүтээж дэлхийг найман зүгээс нь шарж найман өдөрт усан их далайтай болгожээ.
– Хаана мөс үлдэж вэ? гэж шалгахад аварга бухны битүү дөрвөн туурай дор нь мөс үлдсэн байжээ. Урьд хоёр туурай доор нь урд мөсөн туйл болон тогтсон юмсанжээ. Дулааны өвгөн уурлахдаа тэр бухны битүү дөрвөн туурайг хага цавччихсан гэнэ. Тэгснээс үхэр салаа туурайтай болжээ. Гэвч хоёр өвгөний хүч нь тэнцэж жилийг жигдхэн хувааж, зун өвлөө ээлжлүүлдэг болсон юмсанжээ.


Цааш нь...

Хараацай хэдгэнэ хоёр

Эрт урьд цагт жигүүртний хаан Хангарьд газар дээр ямар амьтны мах хамгийн сайхан амттайг мэдэх гэж хараацай, хэдгэнэ хоёрыг дуудан ирүүлээд хэлэв,
– Та хоёр энэ дэлхийг эргэн тойрон нисээд ямар амьтны мах илүү сайхан амттайг мэдэж ир гэжээ. Хараацай, хэдгэнэ хоёр зарлиг ёсоор нисэн оджээ. Тэр өдрийн тэнгэр цэлмэг, нар дуртмал, найртай дулаан байсан тулд хараацай шувуу хаан эзнийхээ зарлигийг мартаад хөх тэнгэрт ...хөөрөн нисч, хөгжилтэйгээр жиргэн дуулж, дуртмал наранд ээж, дураа ханатал цэнгэж явав. Хорт муу санаат хэдгэнэ л харин харгуй замд дайралдсан хамаг амьтныг хатгаж, халуун цусыг амталж явав. Тэгж байтал нар шингэж, тэр хоёр ч буцах болов. Тэмдэгт газраа хоёулаа уулзаад буцах замдаа хараацай шувуу хэдгэнээс асуув.
- Ямар амьтны мах хамгаас амттай гэж мэдэв чи? гэсэнд хэдгэнэ,
- Хүний мах л хамгийн амттай юм гэж мэдлээ. Хүндэт хаан маань одоо хүний махаар л хооллох болно гэв. Хараацай шувуу харамсан гашуудаж “Хөөрхий хүн төрөлхтөнг хөнөөлөөс яаж аврах билээ” гэж гайхаш нь барагдаад,
- Амьд хүний цусыг амсаж яаж үзээ вэ чи? гэсэнд хэдгэнэ,
- Аа тэр юухан байхав. Хатгуураараа хатгаад хэлээрээ амталж үзлээ гэсэнд хараацай,
- Тэр сүрхий амталдаг хэл чинь аль вэ? гэсэнд хэдгэнэ,
- Энэ гэж амаа ангайн хэлээ үзүүлсэнд хараацай хэлийг нь суга татчихжээ. Тэр цагаас хойш хэдгэнэ урьдын адил донгодож чадахаа байгаад зүгээр дүнгэнэдэг болчихсон гэнэ. Тэгээд шувууны хаанд очиж хэдгэнэ хойно урд бөртөгнөн гомдол зарга мэдүүлэн, байдаг чадлаараа дүнгэнэсэн боловч нэгэнт хэлгүй болсон болохоор юу ч хэлж чадсангүй.
– Юу гэж дүнгэнээд байгаа юм бэ? Юу ч ойлгохгүй байна гэж шувууны хаан унтууцан хилэгнэж,
- Хараацай чи хэл хэний мах илүү амттай вэ? гэсэнд,
- Хамгийн амттай нь могойн мах гэжээ. Шувууны хаан хараацайн үгийг үнэмшээд могой барьж иддэг болов гэнэ. Одоо хангарьдын удмаас ганц элээ үлдэж хоцорсон бөгөөд хааныхаа нэг адил могой идэх дуртай болсон нь тэр гэнээ.


Цааш нь...

Тарвага яагаад дөрвөн хуруутай болов

Урьд балар цагт нэгэн хаан ганц хүүтэй, түүнээ хүнээс нуугаад ердөө үзүүлдэггүй байжээ. Харин нутгийн албатын хүүхдүүдийг ээлж дараагаар дуудан аваачиж хүүгээ харуулдаг боловч тэд гэртээ буцаж очдоггүй юмсанжээ. Энэ жигтэй явдлыг хүн бүхэн дуулж, ихэд гайхдаг байв. Тэр нутагт ганц охинтой нэг хүүхэн байж гэнэ.... Гэтэл тэр хүүхний охин, хааны хүүг харах ээлж болжээ. Эх нь охиноо хааныд хүргэж өгөхдөө,
- Хааны хүүг харж байхдаа идээрэй гэж өөрийнхөө хөхний сүүгээ хийсэн ааруул өгчээ. Охин хааны хүүг өдөр, шөнөгүй бөөцийлөн суухдаа ихэд айсан боловч өлсөхийн эрхэнд ээжийнхээ өгсөн ааруулыг идэж гэнэ. Тэгтэл хааны хүү баахан харж байгаад,
– Чи юу идээ вэ? Надад өгөөч гэхэд охин ааруулаасаа өгчээ. Хүү ааруулын амтыг үзээд ийм сайхан амттай юм хаана байна? Надад олж өгөөч! гэж гэнэ.
– Манай ээж хийдэг юм гэхэд,
- Чи олж авчирч аль! Харин намайг битгий хүнд хэлээрэй. Аргагүй хэлэх болбол тарваганы нүхэнд бархираарай гэж гуйж гэнэ. Охин гэртээ харьжээ. Нутгийн хүмүүс тэр охиныг хүрээд ирсэнд ихэд гайхаж, түүнээс элдвээр шалгаасан боловч юу ч олж дуулсангүй. Гэсэн ч охин томоогүйтэж хээр гараад тарваганы нүхэнд,
- Хааны хүү их муухай, үхэр шиг эвэртэй, зэрлэг гайхай шиг шүдтэй юм гэж хашгирахад замаар явсан хүмүүс дуулчихжээ. Түүнээс хойш хааны албат нар хүүхдээ явуулж хааны хүүг харуулахаа больжээ. Хаан уурлаж тэр үгийг хэн хэлснийг мөшгөхөд, талын тарвага хэлсэн болж таарчээ. Хаан тэр тарвагыг амьдаар нь авчруулаад, таван хурууных нь нэгийг тас цавчуулжээ. Түүнээс хойш тарвага дөрвөн хуруутай болсон юм гэдэг.


Цааш нь...

Алтан гадас, долоон бурхан хоёр

Эрт дээр цагт нэг хаан гүнжээ 25 нас хүртэл гадаа гаргахгүй ордон дотроо байлгаж байжээ. Тэр гүнж 25 нас хүрээд ааваасаа би нэг удаа цэцэрлэгт гаръя гэж гуйж гэнэ. Хаан зөвшөөрч гүнж цэцэрлэгт гарч явтал, хангарьд шувуу шүүрээд явчихаж. Хаан хотол хошуу даяарх мэргэн шар зурхайчдаа цуглуулж гүнжийг олж... ирэх овтой мэхтэй хүн хаана байна хэлж аль гэж айлдаж гэнэ. Зурхайч нар таны гүнжийг олж ирж чадах хүн албат нарын чинь дотор найман хүүхэдтэй нэгэн өвгөн байна. Тэр тус болох юм байна гэж мэргэлцгээжээ. Тэгээд тэр найман хүүхэдтэй өвгөнийг эрж олуулаад дуудуулсан байна. Тэр өвгөн найман хүүгээ дагуулаад хаанд бараалхан ирж, хааны зарлигийг сонсож аваад,
- За миний хүүхдүүд хааны гүнж алга болсон гэнэ. Түүнийг олж ирж чадах уу? гэсэнд,
- Чадна гэцгээж байна гэнэ. Өвгөн, хаанд миний хүүхдүүд гүнжийг олж ирж чадах юм байна гэсэнд хаан гүнжийг танай найман хүүхэд олж ирвэл хамгийн ахмадаар нь хаан болгож хаан ширээнд суулгаж бусад долоог нь түшмэл болгоно гэж зарлиг буулгаж гэнэ. Тэгээд хаан өвгөний найман хүүгийн эрдэм увдисыг асуусанд,
ЕЕЕМэргэн харвадаг
___Хурдан гүйдэг
___Холыг хардаг
___Үгүй юмны үнэр шиншлээд мэддэг
___Салхи сордог
___Нуур далай балгадаг
___Нар сар тогтоодог
___Отгон дүү нь огт бараагүй юмыг шүүрч авдаг ийм ийм эрдэмтэй гэжээ. За тэгээд хаан гүнжийг ол гэж зарлиг болгосонд тэр хүүхдүүд гүнжийн зугаалж явсан цэцэрлэгт очоод эхлээд үнэрч хүүхэд үнэрлэж үзээд, хангарьд шувуу аваад явж гэж хэлж, холыг хардаг нь харж тэнд явж байна гэж хэлж өгч, харвадаг нь харваж, унахаас өмнө сордог нь сорж авч байхад нар орой болоход нарыг тогтоож саатуулж байж шүүрдэг нь шүүрч, ингээд хааны гүнжийг авч хаанд аваачиж өгчээ. Хаан их баярлаж, найр хурим хийгээд ахмад хүүг хаан ширээнд суулгана гэхэд тэр хүү ааваасаа асууж ирнэ гээд явжээ. Аавдаа очоод,

- Би хаан болохгүй. Аав та алтан сумаа бидний хэнд өгөх вэ гэсэнд, 
- Хэнд ч өгч чадахгүй, харин би тэнгэр өөд харвана. Уралдаж очоод алт түрүүлж хүрсэн нь ав гээд харважээ. Тэгтэл отгон дүү нь тэнгэрт гарч алтан сумыг гүйцэж аваад тэндээ алтан гадас од болжээ. Долоон ах нь хойноос нь явж огторгуйн долоон бурхан од болсон гэнэ. Долоон бурхан алтан гадсыг тойрч байдаг нь ах дүү долоон хүүхэд дүүгээ эргэж байгаа учиртай гэнэ.


Цааш нь...

Мэлхийнээс аврагдсан нь (Абориген)

Эрт нэгэн цагт аймшигт ган гачиг болжээ. Хамаг гол мөрөн ширгэж, тэнгэрт нэг ч үүл үгүй болов. Хүн амьтан цөмөөрөө шатам халуунаар төөнөх нарыг ширтэн түгшиж суух боллоо. Гэтэл бүх голын усыг урьд хожид үзэгдэж байгаагүй нэгэн аймшигт том мэлхий бүгдийг уучихсан юмсанж. Араатан жигүүртэн бүгд цугларч хэлэлцээд: “Энэ аварга мэлхийг инээлгэж чадвал балгасан тэр их усыг буцаан гаргана. ... Өөр арга байхгүй” гэж тогтжээ. Ингээд түүний өмнө тогоруу бүжиглэж, имж инээдтэйгээр үсэрч харайж, яаж ч оролдоод мэлхийг инээлгэж чадсангүй. Мэлхий амаа чанга гэгч нь жимийчихээд огтхон ч инээсэнгүй гэнээ. Харин тэгтэл хамгийн жижигхэн өт өнөөх мэлхийн том гэдсэн дээр гараад сүүлээрээ түүнийг гижигдэж гарчээ. Том муухай мэлхий эхлээд ихэд тэвчсэн авч удалгүй тэсвэр алдаад инээж гарав. Түүнийг инээмэгц залгисан бүх ус нь хүрхрээ болон асгарч, ангаж цангасан амьтан, хүмүүс аврагдаж амар сайхандаа жаргажээ.


Цааш нь...

Баавгай

Эрт урьд цагт нэг их эр чадалтай анчин хүн байжээ. Тэр юунд ч дийлэгдэхгүй их хүчтэй хүн болохоор бурхан түүний эрхий хурууг авчихсан чинь хүч нь жаахан буураад баавгай гэдэг амьтан болсон гэнэ. Баавгай уг нь хүн байсан болохоор хүн шиг хойд хөл дээрээ явдаг, ер нь тэгээд хүний хэл мэддэг, агнахад аргатай амьтан гэж анчид ярьдаг юм. Баавгайн хээлийг эл гэдэг. ... Анчин хүн элтэй баавгай агнадаггүй. Элтэй баавгай дайралдвал анчид баавгайн ичээн дээр нь очоод сэрээ шороор хатгаж:
- Элтэй бол элээ гарга
- Элгүй бол өөрөө гар гэж хашхирахад, баавгай хүний хэлээр элтэй баавгай элээ гаргаж орхиод гарч ирдэг юм гэж ярьдаг. Ер нь баавгай их амархан төрдөг амьтан юм байх. Баавгай амархан төрдөг болохоор эм баавгайн саврыг хүн төрөхөд тус болно гэж анчид авдаг байна. Анчин хүн баавгай агнах гээд цахиур буу цэнэглэж амжихгүй болохоор:
- Баатар бэлдэж бай, эрийн зэмсэг бэлдэж дуусаагүй байна гээд дэлэхэд, мөн баавгай хариу дэлж дэвэх маяг үзүүлдэг гэнэ. Тэр хооронд анчин хүн буугаа цэнэглэж авдаг гэж ярьдаг юм. Мөн эм баавгай агнаад, залуу хүнийг шууд очуулдаггүй, залуу хүнээр арьсы нь өвчүүлдэггүй ёстой ажээ.


Цааш нь...

Шоргоолж, царцаа хоёр (Англи)

Зуны нэг сайхан өглөө царцаа цайгаа уучихаад, шоргоолжнуудынг харахаар дээр дээр үсрэн дэгдсээр очив. Тэнд саяхан танилцсан найз шоргоолж нь байх аж. Шоргоолжнууд амрах завгүй ажиллана. Найз шоргоолж, түүний аав, ээж, ах эгч, дүү болон бусад нөхөд нь өвлийнхөө хүнсийг базаах гэж эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа нь тэр байлаа. ...
– Та нар юуны төлөө биеээ зовоон, амрах завгүй ажиллаж байгаа юм бэ? гэж царцаа сонирхон асуугаад,
- Түүний оронд нааш ирээд надтай тоглооч. Бид цэнгэн зугаацаж болно шүү дээ гэлээ.
– Чи бишгүй л зугаацан тоглолоо. Дуусаагүй гэж үү?! Одоо ажлаа хийсэн нь дээр дээ. Удалгүй зун дуусаж өвөл болно. Өвс хатаж, цэцэгс хагдарна. Ус хөлдөж навчис унан хоол олдохоо болино. Одоо л хөдлөхгүй бол тэр үед хоол олохын тулд юу ч хийгээд нэмэргүй гэж шоргоолж тайлбарлав.
– Би дуучин болохоос ажилчин биш. Зугаацсан нь надад дээр. Хоол хүнс зөндөө л байна хэмээн царцаа мэдэмхийрэн хэлж гэнэ.
– Өвөл гэж ямар аюул байдгийг мэдэхгүй гэнэхнээрээ байгаа аргагүй л балчир залуу байна даа хэмээн шоргоолж харамсангуй хэлжээ. Царцаа зуны турш тоглон наадахад, шоргоолж болон түүний нөхөд амрах завгүй ажиллацгаасан ажээ. Царцаа цагийг зугаатай өнгөрөөн тун аз жаргалтай байв. Гэвч удалгүй өдрөөс өдөрт хүйтэрсээр аюулын харанга дэлдэж эхлэв. Эцэстээ царцаанд ямар ч хоол олдохоо больжээ. Хоног өнгөрөх тутам тэрээр турж цонхийсоор царай зүс гэж авах юмгүй болов. Харин шоргоолжнууд үүрнийхээ гүн рүү орцгоов. Тэдэнд өвлийн турш идэх хоол байхад юунаас айх вэ? Улмаар өлссөн царцаа,
– Ноён шоргоолж минь, надад хоолноосоо жаахныг өгөөч? гэж гуйв. Амьдрал өдрөөс өдөрт хүндэрч амьдрахад хүнд болж байна. Би алдаагаа ухаарч ойлголоо хэмээн царцаа уйлагнав. Гэвч царцаа түүнтэй ахиад хэзээ ч уулзахгүй, мөн үгээ хэзээ ч хэлж чадахгүй шүү дээ. Эцэст нь хөөрхий царцааны үхэл нь иржээ. Чухам яагаад ийм гунигт явдал болов гэдгийг хайрт дүү нар минь тунгааж бодоорой!


Цааш нь...

Ховдог санаа бие барна

Эрт урьд цагт гэнэ. Нэг хоньчин залуу унах морио хулгайд алдаад, хэдэн хонио бас чилээгээд “Энэ ертөнцөд ингэж амьдрахаар үхээд өгсү би” гэж заяандаа гомдон нэг ууланд тэнүүчлэн явтал нэг Хангарьд шувуу нисэж ирээд:
- Гоо залуу битгий гут. Та хамаагүй ингэж болохгүй ээ,
_____Залуу хүний замын хүзүү урт
_____Зандан модны залгаа үе олон гэдэг шүү дээ. Намайг унаад яв!... гээд далавчин дээрээ суулгаж аваад өдөржин, шөнөжин нисээд үүр цайхын алдад алтаар бүтсэн ууланд хүрч буужээ. Ядуу залуу өврөө дүүртэл алт түүж аваад дахин Хангарьд дээр суутал тэр нь харжигнан, хүржигнэн ниссээр нутагт нь ирж буулгачаад явж оджээ. Тэр залуу нутагтаа ирж алтаараа мал худалдан аваад баяжжээ. Түүнийг ийм түргэн баяжсанд тэр нутгийн нэгэн хомхой шуналтай баян үзээд сэжиг төрж, атаархаад нэг өдөр нөгөө залуугаас яаж баяжсаныг асуужээ. Хар бор санаагүй залуу хэрхэн баяжсанаа хэлж өгсөнд улам баяжих сэтгэлдээ хөтлөгдсөн нөгөө баян уранхай салбархай хуучин муу хувцас олж өмсөөд ядуу залуугийн зогсож байсан тэр ууланд хүрээд, худлаар гомдон уйлсан дүр гаргаад зогсож байтал Хангарьд ирээд түүнийг аван нисэж үүр цайх үеэр алтан ууланд хүргэдэг юм байж. Ховдог баян өөрийн өвөр, өмдөө дүүртэл алт түүж авсанаа, авч явсан даалиндаа хийж байтал Хангарьд,
- Одоо болно оо, удахгүй нар гарна. Түүнээс өмнө явахгүй бол шатаж үхнэ шүү! гэсэнд нөгөө баян огт чихгүй юм шиг алт түүгээд байж. Хангарьд явъя гэж гурван удаа хэлсэн боловч улам ховдоглоод алт түүгээд босохгүй болохоор нь Хангарьд аргагүй “үйлээрээ бол” гэчихээд нисээд явчихжээ. Хэзээ хойно нь баян даалингаа дүүргээд өргөөд явах гэтэл бараг даагдахгүй, өвөр, өмдөөрөө дүүртэл хийсэн болохоор өөрөө ч бас хөдөлж чадахгүй шахам болоод аргаа барахдаа улмаар мөлхөх аядаж байтал ургахын улаан нар улалзан мандаж, ухаан муут ховдог баян, умалзтал шатаж үхсэн гэнэ.


Цааш нь...

Тарнитай айл (Казак)

Энэ явдал их эрт болсон аж. Тосгонд Дурсан маахай гэдэг хочтой нэг эр амьдардаг байлаа. Тэр их ядуу. Түүнд сохор зоос ч байсангүй. Нэгэн удаа тэр ан хийхээр ой руу яваад төөрчихөж гэнэ. Өмнө нь түүнд ийм гай хэзээ ч тохиолдож байгаагүй аж. Тэр хаашаа ч явсан ойн зах харагдахгүй байв. Гурван хоног тэнүүчлэв. Түүний бүх хоол хүнс бас дарь нь ч гэсэн дууслаа. Харин тэр замаа олж чадахгүй л байв. Дөрөв дэх өдрийн орой тэр нэг ...ууланд хүрч ирлээ. Дурсан маахай их ядарсан тул уулын хажууд хэвтээд унтчихав. Тэр хир удаан унтсаныг бүү мэд, сэрээд нүдээ нухлан түүний өмнө харагдах ууланд өргөн хаалгатай агуй байх аж. Дурсан маахай “Энд хэн нэгэн амьд хүн байгаа ч юм билүү?” гэж бодлоо. Түүнийг агуйд ороод хартал тэнд бөөн торхнууд байна гэнэ.
Дурсан маахай торхнуудын хооронд алхлан эзнийг нь дуудлаа. Гэвч хэн ч хариу дуугарсангүй хэн ч байхгүй байлаа. Тэгээд тэр захын торхыг нээж үзээд байрандаа хөшчихөв. Учир нь торх алтаар дүүрэн байлаа. Өөр нэг торхон дээр очлоо. Тэнд ч бас алт байлаа. Тэр гурав дахь, дөрөв дэх торхон дээр очлоо. Хаа сайгүй алт байв! Дурсан маахай “Энэ алтнаас аваад явья. Өлсөж үхчихгүй нэг юм ойгоос гарна байх. Тэгээд мөнгөтэй болоод эргээд очих юм байна” гэж бодлоо.
Тэгээд тэр алтыг хүрмэндээ, өмдөндөө, шуудайндаа болон халааснууддаа чихэж гарчээ. Гэтэл түүний мөрнөөс хэн нэг нь барьж аваад зогс гэв.
- Хөгшөөн. Чи яах гэж ийм их алт авч байгаа юм бэ? гэхэд Дурсан маахай чичирлээ. Толгойгоо өргөөд хартал, түүний өмнө газар шүргэсэн цагаан сахалтай буурал өвгөн зогсож байв. Чи надаас битгий ай гэж өвгөн хэллээ. Би чамд ямар нэгэн муу зүйл хийхгүй.
- Чи тэгвэл хэн юм бэ? гэж Дурсан маахай гайхан асуув. Энэ торхнуудын харуул юм уу? Харин өвгөн хариуд нь ингэж хэлж гэнэ:
- Би Стенька Разин байнаа. Би энэ алтыг ядуус та нарын төлөө хадгалж байдаг юм. Чи өөртөө хэрэгтэйгээ хэмжээгээрээ л ав. Харин үлдсэнийг нь буцаагаад торхонд хийчих. Ганцхан чамд хэрэгтэй байдаг юм биш ээ! Дурсан маахай өөртөө зөвхөн хоёр атга алт аваад үлдсэнийг нь торхонд хийж дараа нь Стенькад мэхийн хэлэв,
- Чамд баярлалаа. Стенька. Гэхдээ намайг шагнасан юм чинь бас замыг минь заагаад өгөөч гэхэд "Чи тэр зүгт яв" гэж Стенька хэллээ.
- Шууд зам дээр гарах болно гээд өөрөө санаж яв, бусаддаа ч гэсэн хэл. Гай зовлон амсаагүй, ядуураагүй, хөнгөхөн алтанд санаархсан хэн нэгэнд ийшээ ирэх зам байхгүй гэхэд Дурсан маахай түүнд дахин мэхийгээд Стенькагийн заасан замаар явлаа.
Тэр хоёр хоног ойгоор явсаар танил газартаа хүрчээ. Удалгүй гэртээ ч харьж гэнэ. Тэгээд тэр үеэс хойш тэр хангалуун амьдрах болов. Харин баян эрчүүд гайхаж эхлэв. Дурсан маахай хаанаас ийм их алттай болдог байнаа? Гээд. Тэр энэ бүхэн яаж бий болсныг тэдэнд ярьжээ. Тэгэхэд эрчүүд түүнийг шоолон хэлж гэнэ.
– Чи ч тэнэг юм аа! Алт торх торхоор байхад чи зөвхөн хоёр атгыг авч байдаг. Нэг өвгөнөөс айгаад шүү!
Тэгээд хүмүүс тэр агуй руу явцгааж бүх алтыг нь авахаар шийджээ. Зоригтонууд цугларцгааж Стенькагийн алтны араас явлаа. Тэд явж явж харахад үнэхээр уул байна гэнэ. Харин ууланд өргөн хаалгатай агуй байна гэнэ. Тэгээд бүх юм Дурсан маахайн хэлж байснаар эргэн тойронд нь тоолохын аргагүй олон торхнууд байв. Тэд агуйд орцгоолоо. Харин агуйд харанхуй, аалзны өтгөн шүлс толгойноос хөл хүртэл нь битүү ороож явах ч боломж өгөхгүй байв. Зоригтнууд арай гэж нэг юм тав алхлаа. Эхний торхонд хүрмэгц, хаанаас ч юм бүү мэд эргэн тойрноос баахан могой гарч ирэн, исгэрч торхнуудыг ороов. Зоригтнууд айгаад хөдлөхгүй зогсов. Могойнууд хажуугаар нь явж өнгөрлөө. Дахиад чимээгүй боллоо. Дахиад л эрчүүд торхноос барьж авлаа. Тэднийг торхыг өргөж ч амжаагүй байхад цэргүүд эгнэн жагсаад ирж байв. Буунууд нь мод шиг гозойж байлаа. Эрчүүд торхнуудаас холдлоо. Нуугдаад юу болохыг хүлээв. Харин цэргүүд яваад л, яваад л байлаа, төгсгөл нь харагдахгүй байв.
Тэдний хажуугаар тоолж барамгүй олон хүн явж өнгөрлөө. Сонирхогчид хулгайн ажилдаа дахин орлоо. Тэднийг дөнгөж тагыг нь нээтэл аянга дахин дахин ниргэв. Газрыг хорин удаа аянгын чимээ доргиолоо. Энэ үед зоригтонууд эргэж ч харалгүй зугтаав. Тэд бүр тосгон хүртэл гүйцгээжээ. Тэр үеэс хойш энэ алтыг хэн ч харж байгаагүй аж. Стенька тэдгээрийг өөр газарт хүмүүсийн шуналт нүднээс холхон нуусан бололтой.


Цааш нь...

Туулай, арслан хоёр

Эрт урьд цагт нэг их мөрний эрэг дээр маш сайхан ургасан алимны мод, тэр модны дор сахлаг өвсөн дотор нэгэн туулай хэвтэж байжээ. Гэтэл тэр алимны үр боловсорч унах дөхөөд байтал ширүүн салхи гарч салхины хүчээр алим усанд унахад цал гэсэн дуу гарахад тэр дууг туулай сонсож айгаад ухаан жолоогүй ойн зүг зугтажээ. Зугтаж явахад ... нь ижил туулайнууд нь сандарч явахыг үнэг хараад асуужээ,
- Чи яагаав? гэхэд,
- Аймаар муухай амьтан дуугарч байна гэж гэнэ. Түүнийг сонсоод бүгд дүрвэж ойн гүн рүү зугтав. Ойн амьтад цөм хошууран зугтаж гүйлдэв. Араатны хаан хүчит арслантай тааралдав. Арслан учрыг асууж, очиж үзэхээр явлаа. Арсланг үзвэл юу ч үзэгдсэнгүй боловсруулсан жимс усанд унаж шал гэх чимээ гарав. Арслан туулайг дагуулж авчраад жимсийг үзүүлж унаад шал гэх чимээг нь сонсгож харуулаад туулайд сургамжлан:
- Алив юмны цаад учрыг нягтлан мэдэлгүй шал гэх жаахан чимээнээс их юм болгон дэвэргэж, айсны уршгаар ойн олон амьтныг айлгаж цочоож хэртхийлгэн айлгаж зугтааж дүрвүүлсэн шуугиан дэгдээсэн бурууг нь ойлгуулан хэлж өгөөд юмны цаад учрыг олж ул суурь буурьтай хандаж байхыг сургамжлан сануулжээ.


Цааш нь...

Уран бэрийн нүүдэл

Эртээ урьдын цагт урагшгүй хаантай нэгэн улс байжээ. Мөн тэр улсад шатар тоглохдоо хэнд ч хожигддоггүй нэгэн мангас байдаг байж. Тэр мангас хаантай сар бүр тус улсын нэг хүнтэй шатар тоглох тохироог хүчээр тулган хийсэн юм гэнэ. Тохироо ёсоор хожсон нь... хожигдсонийхоо толгойг авах учиртай юм байж. Олон жилийн турш ийнхүү тоглоход мангасыг хожих хүн гараагүй аж. Улсын хүн ам ч ихэд хорогдож. Ингэсээр нэгэн өдөр шатар тоглох ээлж Арилдий өвгөнд тохиожээ. Арилдий өвгөн ажилсаг, уран, цэцэн нь дэндсэн нэг бэртэй юм гэнэ.
Мангас ч ирж сэлмээ гарган хажуудаа тавин тоглож эхэлж гэнэ. Өвгөн цагаанаар тоглож гэнэ. Хэдэн нүүдлийн дараа Арилдий өвгөн мад болох буюу бүх юмаа алдах байдалд орж гэнэ. Үүнийг ажигласан бэр нь,
- Агаар тэнгэр муу, салхи шуурга болох гэж байхад аав та ажиг ч үгүй тоглож наадаад байвал би уяатай морийг чинь сул тавьж хөөгөөд, хасаг тэргийг чинь хэмхчиж түлээд, харагч ингэндээ хоёр хүүхдээ тэгнээд явчихна шүү гээд хаалга саван гарч одож.Энэ үгийг сонссон Арилдий өвгөн бэрийнхээ цэцэн ухаантайг мэдэх тул энэ лав нэг утга бий гэж бодож үзвэл мориороо бэрсийн хөлийг хааж сул өгөөд, дараа нь тэргээрээ сул шалж идүүлээд, тэмээний дугийг нээвэл түүний хэлсэн үгийн утгатай нийлж тэмээнд хоёр хүүхэд тэгнэсэнтэй адилхан маягтай мад болохоор байжээ. Өвгөн бэрийн хэлсэнээр нүүн мангасыг хожиж толгойг нь авч гэнэ. Ийнхүү ухаант бэрийн ачаар Арилдий өвгөн амь хэлтрээд зогсохгүй хаант улсын амьтан хүн айх аюулгүй амар тайван амьдрах болжээ.


Цааш нь...