Аргат өвгөн

Урьд нэг хаан нэгэн өргөмөл хүүтэй, нэг өөрийн хүүтэй юм байжээ. Хааны хүү, тэр өргөмөл хүүг “Далайгаас загас авчирч өг” гэж явуулжээ. Нэг загас далайгаас барьж автал далайн зах дээр нэг муу хар гэр байж гэнэ. Тэгээд загасныхаа махыг болгож хаан хүүд аваачиж өгөх юм болж, тэр гэрт орж загасныхаа махыг галд нь болгоод сууж байтал тэр айлд нэг сайхан хүүхэн байсанд түүнийг харсаар суутал загасны нь мах түлэгдчихжээ...
“Чамайг харж суусаар хааны хүүд болгож аваачиж өгөх гэсэн загасныхаа махыг түлчихлээ. Одоо яадаг билээ?” гэсэнд хүүхэн “Би чамд нэг юм өгье. Түүнийг аваачиж өг” гэжээ. Тэгээд чихэр гурил хоёроор загас хийж өгчээ. Өнөөх чихэр гурил хоёроор хийсэн загасны махыг хааны хүүд аваачиж өгчээ. Хааны хүү түүнийг идэж “Сайхан юм байна шүү” гээд маргааш нь дахин явуулжээ. Өнөө хүүг явуулсанд маргааш нь ёстой загасны мах болгоод аваачиж өгчээ. Хааны хүү идээд “Өчигдөр чи тийм сайхан амттай мах авчирч өгөөд өнөөдөр яагаад ийм өөр амттай мах авчирч өгсөн бэ?” гэжээ. Тэгэхэд хүү хэлэв: “Би өчигдөр нэг загасны махыг далайн зах дээр байгаа хар гэрт орж галд хийгаад тэр хар гэрийн нэг сайхан хүүхнийг харж байтал түлэгдсэн билээ. Гэтэл тэр гэрийн сайхан хүүхэн гурил чихэр хоёроор загас хийж өгсөн юм. Өнөөдөр ёстой загасны мах авчирч өгөв” гэжээ.
Хааны хүү “Тэр сайхан хүүхэн юм уу?” гэж асуужээ. Өргөмөл хүү “Тэр үнэхээр сайхан хүүхэн” гэжээ. Хааны хүү “Тэгвэл би тэр сайхан хүүхэнд чинь очьё” гэжээ. За тэгээд тэр хүүхэнд очиж хүүхний өвөрт ороод хэвтэж байжээ. Тэр үед хүүхний эцэг аргат өвгөн эзгүй байжээ. Аргат өвгөн ирээд хүүхэнтэйгээ хэвтэж байсан хааны хүүг танилгүй цохиод алжээ. Аргат өвгөний хүүхэн “Хааны хүү юмсан яах билээ?” гэжээ. Шөнө аргат өвгөн хааны хүүг үүрч юм өгдөггүй баян айлд очоод гэрт нь ороод баяны эхнэрийг чангааж гэнэ. Гэтэл гэрийн эзэн “Миний эхнэрийг ямар хүн чангаадаг вэ?” гээд сүхээ бариад гарах зуур үхсэн хүнийг хаалганы дэргэд суулгажээ. Баян хүн түүнийг сүхээр цохиод унагажээ. “Энэ ямар хүн бэ?” гээд үзэхэд хааны хүү байжээ. Аргат өвгөн цаана нь очоод чагнаад зогсож байжээ. Өнөө баян хүн чинь гэгээ гэрэл барьж үзээд “Хааны хүү байна. Аргат өвгөнд очихоос өөр аргагүй. Дөрвөн хошуу малыг тасдаж өгч аргат өвгөнийг залж энэ хүүг аргалуулъя” гэхийг сонсоод давхиж хариад байтал баян айлаас түүнийг залж авчирахаар хүн иржээ.
Бас шөнө болгоод хааны хүүг үүрч авчраад хааны хүүгийн гэрт ороод хааны хүүтэй адил дуугаар “Эхнээр, надад мах тавьсан уу?” гэжээ. Хааны хүүгийн эхнэр “Усны сахиулд хэн мах тавьдаг юм бэ?” гэжээ. “Тэгээд чи нээрэн мах тавиагүй юу?”гэхэд эхнэр “Тавиагүй” гэжээ. Тэгэхээр нь “Би боож үхнэ шүү” гэжээ. “Үх үх” гэжээ. Тэгэхээр нь хааны хүүгийн хүүрийг чагтаганаас нь дүүжлээд орхижээ.
Хаан үзээд “Миний хүү юуны шалтгаанаас үхсэн бэ?” гээд хааны шүтдэг их мэргэн удганыг зална гэхийг сонсоод “Намайг залахгүй юм байжээ” гээд өвгөн харьжээ. Хариад байж байтал удганыг залах болжээ. Олон амьтныг цуглуулж удганыг онгируулан цовхчуулж байжээ. Олон их шон татаж олон морь уяж орхиод удган бууж байтал аргат өвгөн биеэ нууж ирээд гадаа морин дотор хувин бариад аль догшин адууг эрж олоод догшин адууны сүүлнээс хувингаа уяад чирүүлчихэж гэнэ.
Тэгэхэд бууж байсан удганаас бусад нь гарчээ. Өвгөн орж удганыг бууж байхад нь аятайхан барьж аваад хөхүүртэй айраг руу хийжээ. Удган ногоон эрээн шаахайтай байжээ. Тэгээд гараад явжээ. Өнөө улс орж ирээд “Удган хилэгнээд явчихжээ” гэж хэлэлцэж байтал айраг уухыг хүссэн хүн айраг хийж уух гэсэн нь дотор нь юм тулахыг үзээд өнгийж харвал удганы цоохор шаахай цухуйж байжээ. “Удганы таван хүүхэд эхийгээ нэхэж ирнэ. Одоо аргат өвгөнийг залж аргалуулъя” гэхийг өвгөн гаднаас сонсоод буцаж хариад байж байтал хааныхаас залахаар хүн очжээ. Хүн очихоор өвгөн “Юу вэ?” гэхэд “Манай хааны хүү боож үхсэн билээ. Тэр хүүгийн үхсэн шалтгааныг асуухаар удганыг залж ирээд буулгаж байтал хөхүүрт унаж үхсэн. Одоо удганы таван хүүхэд эхээ нэхэх болно. Тэгээд танаар аргалуулах гэнэ” гэжээ.
Аргат өвгөн хааныд очиж нэг хонь алуулж олгойд нь цус хийж бас нэг олгойд нь шар тос хийж дүнхүүтэй боов хийлгэж аваад очиход удганы таван хүү нохойтойгоо угтаад ирэхэд дүнхүүтэй боовоо цувуулан асгажээ. Удганы таван хүүхэд нохойтойгоо боов дээр хоцорчээ. Өвгөн морио булгиулсан болоод унаж олгойтой цусаа хагалж цус нь дор нь тунаж өвгөн олгойтой шар тосоо сугандаа хавчуулан удганыг тэврээд хэвтэж байжээ. Гэтэл удганы таван хүүхэд боовоо түүгээд ирж өвгөний үхсэнийг үзээд “Манай эх ч яахав, харин хааныхаас манай эхийг хүргэж ирээд үхсэн энэ хүнийг нэхэх тул гурван сарын газар нүүе” гээд нүүсний хойно гурав хоног хэвтээд ирж “За аргаллаа” гээд аргат өвгөн дөрвөн хошуу малыг бүрэн хэрэглэлтэй гэрийн хамтаар тасдаж авч хариад амар сайхан жаргажээ.


Цааш нь...

Иван баатрын тухай үлгэр(Орос) - Эхний хэсэг

Эртээ урьд цагт энхжин тогтсон нэгэн улсад өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байжээ. Хүүхэдгүй юмсанжээ. Өвгөн эмгэн хоёр хүүхдийн хүсэл болж уйтгарлан хичнээн зовсон ч хүүхэд гардаггүй ажээ. Эмгэн нэг удаа гүн ойн дундах дөлгөөн нууранд байдаг алтан хайрст загасыг идвэл хүүтэй болно гэж зүүдэлжээ. Эмгэн сэрээд өвгөнөө яаруулан,
- Тийм нэгэн газар орших тэр нуурыг олж очоод алтан хайрст загасыг бариад ирээч! Загасны шинэ шөл уумаар байна! гэжээ.... Өвгөн юмаа төхөөрч тороо аваад замд хөдөлжээ. Харанхуй их ойд эрсээр яваад нуурыг олж гэнэ. Тороо анх удаа шидтэл хоосон гарч иржээ. Хоёр дахь удаагаа хаяхад нь бас хоосон гэнэ. Гурав дахь удаагаа хаятал алтан хайрст загас баригджээ. Өвгөн тороо эвхэж, олзоо аваад харьжээ,
- За сайхан шөл хий гэж өвгөнийг хэлэхэд эмгэн амттай сайхан шөл хийж хоёюул ууцгаав. Ёстой дээд уруулд хүргэшгүй дэргэдэх хүнд өгөшгүй амттай шөл байна! гэлцжээ.
Удалгүй Иван гэдэг хүүтэй болжээ. Өвгөн өглөөнөөс үдэш болтол тариан талбайдаа ажиллаж, эмгэн гэрээ сахиж хүүгээ асрана. Хүү нь өдрөөр биш цагаар өсөж, энэ бие нь сунаж эр чадал суужээ. Гурван настайдаа айл хөршийн хүүхдүүдтэй тоглодог болов. Харин айл хөршийнхөн нь,
- Хүүгээ гадаа бүү тоглуулаач! Тоглохдоо тооноос хэтэрч, эрхлэхдээ эрхээсээ даварч хүүхдийн гараас нь барихлаараа гарыг нь, хөлөөс нь барихлаараа хөлийг нь хугалаад байх юм. Хүүхдүүд гэмтэж эрэмдэг зэрэмдэг болох нь байна! гэж гомдол хэлцгээх боллоо. Эмгэн өвгөн хоёр санаа нь зовж «Энэ хүүхдийг яах вэ?» гэж бодол болцгоов. Өвгөн,
- Би тариан талбай руу дагуулаад явж байя. Тэнд тоглож байг гэв. Дараа өдөр нь өвгөн газар хагалахдаа хүүгээ дагуулаад явжээ. Өвгөн анжсаа автал хүү нь,
- Би газар хагалъя! гэж гуйв, - Юу гэсэн үг вэ, хүү минь. Чи бага балчир байна! Том болоод ханатлаа хагалаарай! Одоо зүгээр л тогло, гүйж харай, харин хол битгий яваарай гэхэд хүү нь салахгүй гуйгаад байв. - Би газар хагалж үзье! - За за, үз гэхэд хүү анжсаа дартал газар гүнзгий шигдээд морь татаж дийлэхгүй байв,
- Хүү минь, чи их гүнзгий шигтгээд байна! Морь татаж дийлэхгүй анжсаа эвдэнэ гэж эцэг нь сургамжлав, Иван анжсаа өргөж моринд хөнгөлөн түлхэж өгөхөд анжис сайн хагалж эхлэв. Өвгөний нэг өдөр барахгүй их газрыг Иван үдийн зуур хагалжээ. - Хүү минь, зогс, морио амраая! Морь хөөсөртлөө хөлөрч усан хулгана боллоо гэж байж өвгөн хүүгээ болиулжээ. Тэгээд морио нугад бэлчээж өөрсдөө цай ундаа уув. Ундаа уучихаад өвгөн,
- Хүү минь, морио бариад ир. Хоёулаа ажилдаа гаръя гэв. Хүү нуга руу очтол морь нь алга. Ийш тийш харваас бутны цаана нэг чоно суугаад ам хамраа долоож байв. Мориноос арьс яс хоёр үлджээ. Чоно Иваныг хараад түүн рүү дайрав,
- Морийг чинь идсэн одоо чамайг иднэ дээ!
- Бардах цаг болоогүй байна!
Ингэж хэлээд Иван чонын хөлөөс шүүрч аван хүчтэйгээр газар савахад чимхийн чинээ чийг үлдэв. Газар доргиж аянга буусан мэт их дуу чимээ гарав. Эргэж ирээд эцэгтээ,
- Морийг минь чоно идчихжээ гэхэд,
- Ээ, ямар гай вэ! Чонын нүдэнд өртөөгүй чинь сайн байна. Бид хоёрыг идчихнэ шүү, бушуухан явъя! гэж өвгөн хэлэв.
Тэр цагаас хойш олон жил өнгөрч Иван насанд хүрэв. Иван үлгэрт хэлшгүй үзгээр бичишгүй ханхар сайхан эр болжээ.
Тэр үед хааны гурван охин алга болжээ. Хорт Ясан хэдрэгийн Тохойн чинээ сахалт, Хумсын чинээ биет гэдэг хочтой зээ хүү нь тэр гурвыг хулгайлсан юм гэнээ. Уулыг урвуулж усыг зогсоох нь холгүй эрсэн боловч олдсонгүй гэнэ. Тайж ноёд эрэлд яваад хэн нь ч эргэж ирдэггүй алга болдог байжээ. Хаан хот тосгон, хошуу бүрд "Охидыг олж чадсан азтай эрд амьд ахуйдаа хаант улсынхаа хагасыг өгч гурван гүнжийн аль нэгтэй нь суулгана" гэсэн зар тараав. Иван аав ээж хоёроосоо,
- Хааны охидын эрэлд явах ивээл ерөөлөө хайрлаач! гэж гуйж гэнэ. Эцэг эх хоёр нь,
- Мэдэхгуй газар хаашаагаа чи явах нь вэ? Алс замд амь насаа ч алдаж мэднэ! Хүний газар тэнэж явахаар нутаг уснаасаа гэрлэж орон гэрээ толгойлбол дээр биш үү! гэж аргадав. Харин хүү нь санаснаараа зүтгэж,
- Өнгөт орчлонг үзьө, өөрийн чадлыг соръё. Хүний газар гээд миний ухаан хорогдохгүй гэж гуйна. Ингээд алс замд төхөөрөв. Эхлээд дарханд очиж,
- Гурван зуун жин төмөр шийдэм давтаж өгөөч. Хүгарч нугарахгүй, хотойж хавтайхгүй болтол нь давтаад өгөөч гэжээ.
- Давтах ч яахав, давтах л биз. Харин гурван зуун жингийн төмрийг бид яаж өргөх вэ?
- За, та нар төмрийг нь ширгээчих өргөхийг нь би өргөж эргүүлж тойруулж өгье!
Ингээд шийдэм хийж эхэлжээ. Хоёр өдөр өдөржин давтав. Иван төмрийг эргүүлж тойруулж, зуух руу зөөж өгнө. Гурав дахь өдрөө шийдэм бэлэн болов.
- За туршаад үз. Болох нь үү, үгүй юу? Иван шийдмийг өвдөглөн таттал нахийгаад ирэв.
- Энэ шийдэм биш байна! Өөрийг давтаж өгөөч!
Гурван өдрийн дараа сайн ширээсэн өөр шийдэм давтан хийв. Тахийлгах гэтэл тахийсангүй, харин чулуун дээр цохивол хуга үсрэв.
- Энэ ч бас тохирохгүй нь!
- Гурав дахь шийдэм хийв. Тахийсан ч үгүй, чулуун дээр цохиход хугарсан ч үгүй. Иван шийдмээ дээш шидвэл нүдэнд харагдахгүй алга болоод гурван цагийн дараа исгэрэн шуугин эргэж унав. Чулуун дээр унаж тэр чулуу нь хоёр алд гүнзгий газарт шигдэв гэнэ. Надад яг тохирсон шийдэм давтаж өглөө, гялайлаа! гэж Иван талархав.
Маргааш нь Иван өглөө эртлэн босож аав ээж хоёртоо үнсүүлээд алсын замд гарчээ.
- Санаа сэтгэлээ зовоогоод хэрэггүй, аав ээж хоёр минь! Гүнж нарыг олоод та нартаа эргэн ирнээ гэж хэлээд гурван бялуу өвөртлөн шийдмээ бариад явжээ. Ээж аав хоёр нь хүүгээ тосгоныхоо зах хүртэл даган үдэв. Өглөөнөөс орой болтол ургахын улаан нарнаас жаргахын шар нартай уралдан явав. Ан амьтан үзэгдэхгүй, жигүүртэн шувуу ч жиргэхгүй, хэнтэй ч юутай ч дайралдсангүй. Дараа өдөр нь нэг хүнтэй дайралдав. Тэр эр хоёр гартаа нэг нэг царс бариад нэгийг нь нөгөөгөөр нь цохиж байх юм гэнэ.
- Амар сайн уу, Царс баатар минь!
- Би ямар баатар байх вэ! Энэ хорвоод Иван гэдэг нэг баатар байдаг гэнэ лээ. Иван гуравтайдаа хөх чоныг алсан юм гэдэг. Газар дэлхий доргиж байсан гэнэ билээ. Тэр эр ёстой баатар! Үгүй энэ чинь, чи Иван баатар биш биз?
- Миний нэр Иван. Хөх чоныг би алсан нь үнэн. Харин одоо болтол хэнтэй ч хүч чадлаа үзэлцээгүй билээ. Царс баатар,
- Намайг аваад яваач! гэж гуйжээ. Иван ч,
- Тэгье, хамт явъя гэв.
Өндөр уулыг өвөрлөн намхан газрыг нарлан явсаар Иван, Царс баатар хоёул хоёр том ууланд тулаад иржээ. Хоёр уулын хооронд нэг эр зогсчихсон хоёр уулыг харшилдуулж байна гэнэ. Их цуурай гарч байх юм гэнэ.
- Уул баатар минь, амар сайн уу?
- Би баатар гэж үү! Оросод Иван гэдэг баатар байдаг гэж сонссон. Хүүхэд байхдаа хөх чоныг нүцгэн гараараа алсан гэдэг. Газар доргиж уулс нурсан гэдэг. Тэр л ёстой баатар гэхэд Царс баатар Иваныг заан,
- Хөх чоныг алсан баатар энэ байна гэхэд Уул баатар ёслоод,
- Иван баатар, намайг аваад яваач! гэж гуйв.
- Тэгье, хамт явъя.
Ингээд гурвуул болов. Өглөөнөөс орой болтол ургахын улаан нарнаас жаргахын шар нартай уралдан явцгаав. Ан амьтан, жигүүртэн шувуу юу ч дайралдсангүй. Дараа өдөр нь гурвуул нэгэн өргөн гол дээр ирцгээв. Эрэг дээр нэг эр хэвтээд сахал дээгүүрээ хүмүүсийг гол гатлуулж байх юм гэнэ.
- Сахал баатар, амар байна уу?
- Амар байна аа, амар байна уу? Эрчүүд минь! Та нар намайг баатар гэнэ. Оросод Иван гэдэг жинхэнэ баатар байдаг гэнэ билээ. Тэр баатар балчир хүүхэд байхдаа хөх чоныг алсан гэдэг. Газар дэлхий доргиж, ус эргээсээ халин хичнээн газраар үер болов доо! Тэр Иван л ёстой баатар гэхэд Царс баатар Уул баатар хоёр Иваныг заан:
- Иван баатар энэ байна гэхэд Сахал баатар,
- Ах дүү нар минь, намайг аваад яваач дээ! гэжээ.
- Тэгье, хамт явъя.
Ингээд дөрвүүлээ цааш явжээ. Үлгэрт хэлэхэд амархан ч үйлс бүтэх нь хэцүү, эрэлхэг сайн эрчүүд эцэж цуцахгүй явсан гэдэг... (Үргэлжлэл)


Цааш нь...

Өвгөн ба алтан өндөг(Англи)

Эрт цагт том цагаан галуутай нэгэн өвгөн амьдарч байжээ. Галуу нь шөнө бүр байшингийнх нь хажууд өндөглөдөг байв. Нэг өглөө өвгөн өндгөө авахаар галуун дээр очтол алтан өндөг гаргасан байв. Өвгөн баярласандаа уулга алдан,
- Өө, хайрт галуу минь, чи надад алтан өндөг гаргаж өглөө шүү дээ! Би үүгээр эхнэртээ гоёмсог хувцас, бяцхан охин Аннадаа хөөрхөн хүүхэлдэй авч өгнө гэлээ. Маргааш өглөө нь өвгөн гэрээсээ гүйн гарч галуугаа хартал дахин алтан өндөг гаргасан байв. ... Өдөр, хоног, сар харвасан сум шиг өнгөрөхөд өвгөн маш олон алтан өндөгтэй болов. Гэтэл өвгөн сүүлдээ ганц өндөг авахын тулд бүтэн хоног хүлээж тэвчсэнгүй. Шуналдаа хөтлөгдсөн өвгөн эхнэртээ,
- Хайрт эхнэр минь, энэ галуу бидэнд алтан өндөг гаргаж өгдөг юм чинь доторх нь бас алт байж таарна. Чи түүний ямар болохыг харж байгаа биз дээ. Хоёулаа үүнийг төхөөрөөд доторх алтыг нь авъя гэж ятгав. Эхнэр нь,
- Амьдрал минь ийм сайхан болж байгаад чи ханахгүй байна уу? Тэнэг өвгөн минь, бид хоёрт дээд тэнгэрээс заяасан үнэт баялгийг чамлаж болохгүй гээд учирлах загнахыг хослуулан өвгөнөө хориод дийлсэнгүй гэнэ. Шуналдаа автсан өвгөн галуугаа төхөөрч орхив. Гэвч галууны дотроос том алт байтугай алтны өчүүхэн хэсэг ч гарч ирсэнгүй гэнэ ээ.


Цааш нь...

Тэнэг Жак(Англи)

Эрт урьдын цагт Жак гэдэг хүү ээжийнхээ хамт амьдран суудаг байжээ. Тэднийх хурааж хуримтлуулсан хөрөнгө гэх юмгүй ядуу айл аж. Ээж нь бусдын уранхай цоорхойг нөхөн оёж өдрийнхөө хоолны мөнгийг арай ядан олдог байв. Харин Жак жаахан тэнэгээс гадна зун нь халуун нарны илчинд нозоорон унтаж, өвөл нь дулаан зуухны хажууд хэвтэж, идэж уухаас өөр юу ч хийдэггүй аж. Тиймээс хүмүүс түүнийг залхуу Жак гэдэг байв. Ээж нь Жакаар ажил хийлгэх гээд хичнээн ятгаж гуйгаад ч чадаагүй гэнэ. Эцэс сүүлд ээж нь Жакийг ажил олж хийхгүй бол гэрээсээ хөөнө гэжээ. ... Ингээд Жакад ажил хийхээс өөр арга зам үлдсэнгүй. Маргааш нь Жак гэрээсээ холгүйхэн нэг фермд нэг пеннигийн хөлстэй ажилд оров. Орой нь ажлаа тараад гэр рүүгээ харих замдаа барьж явсан мөнгөө гээчихжээ. Ээж нь,
- Чи чинь ямар ухаангүй хүүхэд вэ? Үүнээс хойш мөнгө олдвол халаасандаа хийж яв гэж захив. Жак,
- За, ээж ээ! Би дараагийн удаа таны хэлснээр хийнэ гэж амлав. Дараа өдөр нь Жак бас нэг эзнийд хонь хариулж өгч, ажлынхаа хөлсөнд хавтгай савтай сүү авчээ. Тэгээд савтай сүүгээ халаасандаа хийх гэж байгаад асгачихаж. Ээж нь энэ тухай сонсоод дуу алдаж,
- Чи чинь ямар тэнэг хүүхэд вэ? Савтай сүүгээ толгой дээрээ авч ирэх байсан юм шүү дээ! хэмээн уурлажээ. Жак,
- Таны хэлснийг тогтоож авлаа. Цаашид санаа зоволтгүй байж болно гэж хариулжээ. Маргааш нь Жак өөр нэг фермд бүтэн өдөр ажиллаад, ажлын хөлсөндөө том зөөлөн бяслаг авч, толгой дээрээ тавиад гэр рүүгээ буцав. Замд нь бяслаг нь хайлаад хамаг биеийг нь завааруулсан байж. Гэртээ харихад ээж нь:
- Чи чинь өдий болтол юу ч сураагүй юм уу? Миний хүү цаашдаа яаж амьдрана даа. Тэр бяслагаа болгоомжтойхон шиг тэвэрч ирэх байсан юм гэж загнав. Жак мөн л,
- Би таны хэлснийг ойлголоо. Ахиад юм олдвол тэврээд ирнээ хэмээв. Марыгааш нь Жак бялууны газар хар бор ажил хийж бүтэн өдөр болоод хөлсөнд нь нэг том муур авав. Жак гэр рүүгээ харихдаа муураа дээр өргөөд явтал, муур нь түүнтэй цуг явахыг хүсээгүй бололтой үсрээд буужээ. Жак ч барих гэж араас нь хөөгөөд чадсангүй алдчихав. Ээж нь бас л уурлан, - Тэнэг хүү минь дээ! Чи тэр муураа оосорлоод дагуулж авчрах байсан юм гэлээ. Маргааш нь бас махны дэлгүүрт бүтэн өдөржин ажиллаад, ажлын хөлсөнд нь хонины гуя авчээ. Ээжийнхээ хэлснээр уяагаар хонины гуяа оосорлоод чирээд авч явав. Зам зуур дайралдсан хүмүүс түүний энэ хачирхалтай үйлдлийг хараад шоолон хөхрөлдөж гэнэ. Тэр мөн л огт тоосонгүй гэртээ иртэл, мах нь идэхийг аргагүй бохирдчихсон байв. Түүний энэ үйлдэлд ээж нь байж ядталаа уурлан,
- Наад мах чинь, чи бид хоёрт хэд хоногийн хоол болох байсан юм. Одоо ямар ч хэрэгцээгүй болж. Махыг ингэж авчрах биш үүрээд ирэх байсан гэж загнажээ. Маргаашнаас нь эхлэн нэг хоньчныд долоо хоногийн хугацаатай ажиллахаар болов. Хөлсөндөө илжиг авсан бөгөөд илжгээ үүрээд гэр рүүгээ алхаж гарчээ. Түүний явах замд нэг баян хүний байшин дайралдаж гэнэ. Баяных нэг үзэсгэлэнтэй охинтой бөгөөд тэр нь нялхаасаа том болтлоо инээх битгий хэл ганц ч үг хэлж үзээгүй юмсанж. Нутаг орных нь нэртэй эмч нар тэр охиныг инээхээсээ нааш ярихгүй гэжээ. Тиймээс баян охиныг нь инээлгэсэн хэнд ч хамаагүй түүнийг гэргий болгон өгөхөөр шийдсэн байжээ. Жакыг илжгээ үүрээд тэр байшингийн үүдээр өнгөрөхөд баяны охин цонхоороо түүнийг олоод харчихав. Жак том илжиг мөрөн дээрээ тавьчихсан арай ядан сажилж байлаа. Тэр жигтэй хүн охинд тун их инээдтэй харагдсан учир хойноос нь харсаар байжээ. Гэтэл илжиг нь Жакийн нүүр рүү тангарч унагаад зугтав. Жак араас нь нэлээд гүйж байж бариад авав гэнэ. Энэ явдал охинд их л хөгжилтэй харагдсан тул гэнэт инээж гарчээ. Аав нь охиныхоо хөгжилтэй инээж байхыг сонсоод гайхан баярлаж Жакийг охинтойгоо суулгахаар шийджээ. Ингээд тэнэг Жак баян айлын үзэсгэлэнтэй охинтой гэрлэж аз жаргалтай, урт удаан аж төрөн суусан юм гэдэг.


Цааш нь...

Үйлчин, үйлчлүүлэгч хоёр(Армян)

Нэг удаа үйлчлүүлэгч эр үйлчинд хонины арьс авчирч өгөөд: - Энэ арьсаар надад малгай оёод өгөөч? гэхэд,
- Тэгье ээ гэж үйлчин зөвшөөрчээ. Үйлчлүүлэгч тэндээс гарснаа “Том арьс юмсан. Хоёр малгай хүрдэггүй юм болов уу?” хэмээн бодлоо. Тэгээд үйлчин рүү буцаж очоод,
- Үйлчин минь, энэ арьсаар хоёр малгай хийж хүрэх үү? гэж асуув.
- Яагаад болохгүй гэж? Хүрэлгүй яахав гэж үйлчин хэлэв.
– Тэгвэл хоёр малгай хийчихээрэй гэж үйлчлүүлэгч хэлээд явж гэнэ. Жаахан явж байснаа ахин буцаж ирээд: ...
- Арьс маань гурван малгайд хүрэх болов уу? гэж асуухад,
- Яагаад болохгүй гэж. Гурвыг оёсон ч болно шүү. Үйлчлүүлгэч их л баярлаад,
- Дөрвөн малгай оёж болох уу? гэж асуулаа.
– Дөрвийг ч болно.
– Тэгвэл тав?
– Тавыг ч болно.
– За, тэгвэл таван малгай хийчихээрэй гээд үйлчлүүлэгч гарснаа бас л ахин эргэж ирэв.
– Үйлчин минь, зургаан малгай оёж болох юм биш биз?
– Зургаа ч болно.
– Долоог болох уу? Бүр найм ч байсан болно?
– Яагаад болохгүй гэж? Наймыг ч оёж болно.
– Тэгвэл надад найман малгай оёж өгөөрэй!
– За тэгье. Наймыг оёж өгье. Долоо хоногийн дараа ирж аваарай гэв. Үйлчлүүлэгч долоо хоногийн дараа хүрч ирээд,
- Малгайнууд маань бэлэн болсон уу? гэж асуув.
– Бэлээн гэж үйлчин хэлснээ, шавиа дуудаад,
- Энэ хүнд малгайнуудыг нь авчирч өг гэлээ. Шавь нь тэр даруйдаа толгойд углах байтугай алиманд л таармаар найман жижигхэн малгай авчирч өглөө. Үйлчлүүлэгч тэрхүү малгайнуудыг гайхан харснаа,
- Энэ чинь одоо юу вэ? гэж асуув.
– Захиалсан малгайнууд чинь.
– Хүүе, үйлчээн! Яагаад ийм жижигхэн малгайнууд хийсэн юм бэ? гэхэд үйлчин,
– Та өөрөө бодоод үз дээ! гэж үйлчин хэллээ. Үнэхээр яагаад ийм жижигхэн малгай хийснийг та нар ч гэсэн бодоорой.


Цааш нь...

Тариачин бурханыг залилсан нь(Албани)

Ндүэ гэдэг тариачин өндөр уулын оройд амьдардаг байжээ. Хавар болоход Ндүэ өөрийн тахиа, шар хоёроо худалдахаар хот руу явжээ. Хотод очиход голын олмоор гардаг бөгөөд энэ гол борооо ховортойд ус багатай, хэрэв бороо ихтэй бол үерлэж олмоор гарах байтугай сэлээд гарахад хэцүү болдог ажгуу. Тариачиныг хот руу явахад их бороо орж байв. Голын эрэгт ирэхэд нь аль хэдийн үерлэсэн ус нь хөөсрөн шуугиж байх нь сүртэй. Тахиа, шар хоёроо заавал худалдах хэрэгтэй учраас Ндүэ буцахыг бодсонгүй. ...Тэгээд бурханд мөргөвөл ус татарч магад гэж бодоод өвдөг сөгдөн мөргөж, хүслээ олонтоо шивнэсэн боловч ус татарсангүй. Гэнэт Ндүэ бурхан гэрэлд дуртайг санаж,
- Бурхан багш минь үерийг намдааж олмоор гарахад минь туслаач? Би хотод шар, тахиа хоёроо зараад, шараа худалдсан мөнгөөр бүдүүнээс бүдүүн лаа авч танд барья. Тахиагаа худалдаад авах мөнгө маань надад болно гэж дахин мөргөжээ. Энэ мөргөлийн үг бурханд таалагдсан бололтой. Тахиа зөвхөн гурван мөнгөний үнэтэй байхад, шар зургаан зуун мөнгөн зоосны үнэтэй шүү дээ. Мөргөлийн дараа удсан ч үгүй голын ус татарч давалгаа намдахад, Ндүэ олмоор гол гатлан хот орж, зах дээр ирээд,
- Сайн санаат хүмүүсээ! Шар гурван мөнгөөр, тахиа зургаан зуун мөнгөөр худалдана. Авцгаагаарай! гэж хашгирахад хүмүүс гайхацгааж,
- Чи лав тоглож байгаа биз? гэж асуухад Ндүэ,
- Үгүй үгүй. Би тоглоогүй. Шараа гурван мөнгөөр, тахиагаа зургаан зуун мөнгөөр худалдана гэж хариулжээ. Ямар хүн шарыг гурван мөнгөөр авахаас татгалзах билээ дээ. Удалгүй хүмүүс гүйлдэн ирж,
- Шарыг чинь гурван мөнгөөр авья гэж бие биенээсээ өрсөн хашгиралдав. Тэгэхэд Ндүэ,
- Байзаарай нөхөд минь, миний шар, тахиа хоёр хамт өсөж, үргэлж хамт байсан юм. Хамтад нь худалдана гэхэд хүмүүс уурлацгаан тал тал тийшээ таржээ. Гэтэл нэг ухаантай хүн “Яагаад тахиаг авч болдоггүй юм? Хүмүүс шарыг долоон зуун мөнгөн зоосоор гуйгаад авна. Тэгэхэд би шарыг тахиатай хамт зургаан зуун гурван мөнгөөр авах нь байна” гэж бодоод шар, тахиа хоёрыг худалдан авч гэнэ. Ндүэ худалдаа хийсэндээ баярлаж гэртээ буцлаа. Дараа өдөр нь Ндүэ сүмд очиж гурван мөнгөөр лаа авч бурханы өмнө тавиад сөгдөн,
- Бурхан багш минь, би амласнаа биелүүлэхээр ирээд байна. Шараа худалдаж олсон мөнгөөрөө лаа авч танд барилаа гэж мөргөжээ. Ингэж Ндүэ тариачин бурханыг залилсан гэдэг.


Цааш нь...

Тоть гургуулыг хуурсан нь(Австрали)

Эрт цагт гургуулын цээжин хэсэг нь маш гоёмсог улаан өдтэй, биеийн бусад хэсэг нь сайхан ногоон өдтэй байсан гэдэг. Тоть түүний хурц улаан өнгөтэй өдөнд нь тун их дурладаг байв. Тоть өөрөө хэн ч үл анзаарах хүрэн өнгийн өдтэй байжээ. Тэгээд нэг удаа гургуултай уулзаад,...
- Чи ч мөн тэнэг юм даа. Наад улаан цээжээ нууж яваач! гэж их л санаа нь зовсон маяг гаргахад, гургуул,
- Яалаа гэж би улаан цээжээ нуух билээ? Бүгд л улаан өнгөнд дуртай шүү дээ гэв.
– Өө, хөөрхий тэнэгхэн минь, яана даа чамайг. Биднийг бурхан Тане л лав энэ улаан өнгийн өднөөс өөр сайхан бэлэг өгч чадах байсан даа. Бидний эх газар дэлхий ч гэсэн хүрэн өнгөтэй шүү дээ. Тийм болохоор намайг өт хорхойнууд газрын өнгөнөөс ялгаж харж чаддаггүй юм.
– Гэхдээ Тане өөрөө газар эхийг ногоон өнгөөр хучсан шүү дээ. Оройн нар жаргах үед тэнгэрийн хаяа улаан өнгөтэй болдог. Тане өөрөө улаан, ногоон өнгөнд дуртай биз дээ?
– Үүнд чинь гайхах юу байгаа юм бэ. Хэрвээ Тане чамайг хайрласан бол энэ утгагүй улаан өнгийн өмсгөлийг өгөхгүй л байсан даа. Гургуул өөрийн улаан цээжийг ичингүйрэн хараад, түүнийгээ далавчаараа халхалахыг оролдов.
– Би тэгээд энэ улаан өднөөсөө яаж салах билээ?
– Ганцхан л арга байна. Чи энэ улаан өднүүдээ надад өгчих? Би түүнийг чинь өөрийнхөө далавчин доор хэн ч олж харахааргүй нуучихъя гэж тоть хэлэв. Гургуул улаан өднүүдээ авч тотинд өгөв. Тоть өднүүдийг авч бэхлээд, далавчаа дэлгэн баяртайгаар хашгирч гэнэ. Шингэх нарны туяанд улааран гэрэлтэх тотины ямар гоё болсныг хараад гургуул сая л түүнд ямар муухай хууртсанаа мэдэв. Ингээд гургуул өөрийн өднүүдээ буцаан авах гэж тотийг аргадан гуйж өдий хүрчээ. Гэвч тэр буцаан өгөх нь битгий хэл гургуулаас зугтсаар яваад өөрийн болгосон түүхтэй гэдэг шүү.


Цааш нь...

Хоёр залхуу (Австри)

Ханс гэгч маш залхуу хүн байжээ. Ажлаасаа гэртээ ирэх бүртээ л хүндээр санаа алдана. Түүний ажил нь гэвэл ердөө л ямаагаа нугад бэлчээх байлаа. Хавраас намар орой болтол ямаа хариулна гэдэг хүнд, ядаргаатай ажил! Хэрэв жаахан хэвтэж унтаж болдог байсан бол ч бас яахав. Тийм арга байхгүй. Дөнгөж ургаж байгаа мод тасдчих вий, хэн нэгнийх нь цэцэрлэгт орчих вий, гүйгээд алга болчих вий гэж үргэлж нүд салгалгүй харж байх нь үнэхээр ядаргаатай. Ийм ажилтай хүн тайван, баяр баясгалантай амьдарч болно гэж үү гээд тэр үргэлж үглэдэг ажгуу. ...“Энэ ядаргаатай ажлаас яаж салдаг юм билээ” гэж тэр бодох болж, арга олохгүй тун удаж гэнэ. Гэтэл нэг удаа түүний толгойд “Тринатай суудаг хэрэг. Тэр бас ямаатай. Тэр ямаагаа нийлүүлж хариулна биз. Ингэвэл миний зовлон дуусах нь тэр” гэсэн бодол төржээ. Ханс Тринагийн ээж аав дээр очиж нямбай, даруу зантай охиноо эхнэр болгон өгөхийг гуйжээ. Эцэг эх нь удаан бодсонгүй шууд л зөвшөөрчээ. Ханс Тринатай сууж, Трина бүх ямаагаа хариулах болов. Хансын хувьд сайхан өдрүүд ирж, тэр залхуурч суусандаа ядраад унтаж идэхээс өөр юу ч хийхгүй болж гэнэ. Гэтэл Трина нь Ханстай адил залхуу юм байжээ.
– Хайрт Ханс минь, бид амьдралаа дэмий үрж, залуу насаа сүйдэлж суух хэрэг юу байнаа? Ямаануудаа хөршдөө өгчхье. Хөрш бидэнд зөгийний үүрээ өгнө биз. Ямаа тайван суулгахгүй байх юм. Өглөө бүр амттайхан нойрноос дандаа сэрээнэ. Харин зөгийний үүрийг байшингийнхаа ард наранд тавьчихад л санаа зовох юмгүй болно. Зөгийний үс, ноосыг нь хяргах, бэлчээрт гаргах ямар ч хэрэггүй. Тэд гэртээ харих замаа өөрсдөө мэднэ. Балаа өөрсдөө хураачихна. Бид хуруугаа ч хөдөлгөх хэрэггүй гэж ярилаа.
– Чи аргагүй л гүн ухаантан шиг ярьж байна шүү. Чиний хэлснээр больё. Зөгийн бал ямааны сүүнээс идэнгэтэй, бас удаан хадгалж болно гэж хариу өчлөө.
Тэр хоёр хөршийндөө очиж хэлэхэд, хөрш нь зөгийнийхөө нэг үүрийг хоёр ямаанаас дуртай нь аргагүй солив. Зөгийнүүд зунжингаа үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол цуцалтгүй нисэж, намар болоход үүр нь сайхан амттай балаар дүүрсэн байлаа. Ханс ваараар дүүрэн бал авав. Ваараа унтлагын өрөөний тавиур дээр тавьсан боловч балыг хулгайч авчих вий, хулгана идчих вий гэж айх ажгуу. Трина урилгагүй зочныг орноосоо босолгүй нүдэж хөөх гэж орныхоо хажууд бүдүүн мод тавьжээ. Нэгэн удаа аль хэдийнээ гэгээн цагаан өдөр болчихоод байхад Ханс хэт их унтсандаа ядраад, хөнжилдөө хэвтэж байхдаа эхнэртээ:
- Бүх эмэгтэйчүүд амттай юм идэх дуртайг би мэднэ. Чи балнаас бага багаар амталж идээд байх юм. Балаа дэгдээхэйтэй галуунаас сольдог юм билүү, тэгэхгүй бол чи балаа цөмийг идээд дуусгачих байх аа гэж би бодож байна гэв.
– За яахав, би зөвшөөрч байна. Гэхдээ үүнийг чинь хүүгээ том болохоор л хийе. Хүү маань тэднийг хариулна биз. Би дэгдээхэйтэй ноцолдож, эрүүл мэндээ муутгаж чадахгүй гэж Трина дургуйцэв.
- Тийм гэж үү? Хүү маань галуу хариулах болж байна уу? Одооны хүүхдүүд ямар болсныг чи мэдэж байна уу? Тэд чинь бидэнд ер баригдахаа больж. Эцэг эхээсээ илүү ухаантай болсон гэж боддог бололтой. Ажлыг өөрийнхөөрөө хийхийг хүсдэг хэмээн хариулах нь тэр.
– Тэр хэрэв миний үгэнд орохгүй бол ч сайнаа үзэхгүй дээ. Хүүг би үүгээр нүдээд өгнөө! гэж Трина хашгираад өөрийн бэлдсэн модыг авч далайнгуутай ваартай балаа цохичихов. Ваар нь доош унаад бут үсрэв. Сайхан амттай бал шалаар нэг урслаа.
– Галуу, нугас ингээд өнгөрлөө. Ваар миний толгой дээр уначихаагүй нь аз боллоо. Бүх юм эсэн мэнд өнгөрсөнд бид баярлах ёстой гэж Ханс хэлэв. Ваарны хагархайд жаахан бал байхыг тэрээр хараад:
- Амтлах юм бага ч гэсэн үлдсэн байна шүү! Ийм аймшигтай юмны дараа амрах ч бас сайхан. Өдөр гэдэг дэндүү урт юм чинь бид жаахан оройхон босоход юу нь болохгүй байхав гэжээ. Тэнэгийн дотор уужуу гэж мөн ч үнэн үг юм даа!


Цааш нь...